www.automarket.mn

Агуулга

Хайлт

Загрузка...

Стандарт авто төв

Phone:
(976)-99115453
(976)-55158080
(976)-99013026


e-mail:
d,jamts@yahoo.com
automarket_mn@yahoo.com

Цаг агаар

“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны Чандмань онол

Бид "Ардчилал"-ын хэмээх 20 жилийг ардаа үдэж тэр үед дөнгөж төрж байсан хүүхдүүд одоо аль хэдийн насанд хүрсэн хүмүүс болжээ. Харин монголчууд бидний ардчилалаас хүлээж байсан зүйлс энэ хугацаанд амьдралд хэрхэн хэрэгжсэн бэ? гэсэн асуултыг өөрсдөдөө тавьбал хангалттай хэмээн хариулахад дэндүү учир дутагдалтай байгааг хүн бүр л ам уралдан хэлэх байх. Гэвч яг чухам юунаас болоод санасан үр дүнд хүрэхгүй байна гэдгийг онолын үндэстэй тайлбарлаж чадах хүн ховор байна. Бидний мэдэх янз бүрийн улс төр эдийн засаг, нийгмийн харилцааны онол, үзэл баримтлал, эх сурвалжуудад бичигдсэн зүйлс хоорондоо зөрчилтэй амьдралд шууд аваад хэрэглэчих зүйлс хомс болж эхэллээ. Бусад улс орнуудын амжилт гаргаж байсан сайн зүйлсийг хэрэгжүүлж саар мууг нь тойрч товчилмоор байдаг. Тэгэхээр сайн судлах хэрэгтэй болж байгаа биз?! Тиймээс миний бие үүнийг судалж эхэлсэн юм. Тэгтэл судлах тусам бидний өөрсдийгөө сайн мэддэг гэж үздэг олон зүйлс огт өөр зүйл болж ирдэг байна шүү! Жишээ нь: "Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй" гэж бид маш сайн мэднэ. Бас түүнийг иргэн хүний улс төрийн эрх гэж боддог, Үндсэн хуулиндаа ч тэгээд заачихсан. Судалгааны үр дүнд энэ бол улс төрийн эрх биш харин нийгмийн харилцааны тулгуур эрхийн нэг нь болох нь тогтоогдсон юм. Тэрбайтугай улс төрийн эрх, нийгмийн харилцааны эрх хоёрын хоорондын ялгаа нь юу болох нь ч ил болж ирсэн дээ. Улс төрийн эрх нь шууд хэрэгжүүлэхийг шаарддаг харин нийгмийн харилцааны эрх нь зөвшилцлийн үндсэн дээр хэрэгждэг шинж чанартай юм байна лээ. Бид зөвшилцөж хэрэгждэг нийгмийн харилцааны эрхүүдээ нэгдүгээрт тавиад шууд хэрэгжүүлэхээр хуульчлах ёстой улс төрийн эрхүүдээ хоёр дугаарт тавьсанаас юм болгон дээр нэгдсэн ойлголт байхгүй, аливаа асуудлыг шийдэх гэж хоорондоо маргалдсаар хамаг цагаа авч байна. Дахиад нэг жишээ авъя: "Иргэн хүн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй" гээд заачихсан. Энэ улс төрийн эрх үү? нийгмийн харилцааны эрх үү? гэсэн асуултанд одоо миний боловсруулахаар хичээн ажиллаж байгаа Чандмань онолын үүднээс авч үзвэл Улс төрийн эрх болох нь тодорхой. Яагаад гэвэл энэ асуудлыг хувь хүн хэнээс ч асуухгүйгээр өөрөө шийдвэр гаргах дархан эрхтэй, түүнийг нь төрийн болон улсын байгууллагууд хэрэгжүүлж өгөх үүрэгтэй болохоор л тэр юм. Харь оронд ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын төрөөр хамгаалуулах эрхтэй юу? Мэдээж заавал хамгаалуулж байх ёстой тэгвэл улс төрийн эрх байх нь. Гэтэл бид үүнийг хоорондоо ярилцан зөвшилцөж байж хэрэгжүүлэх ёстой юу? Үгүй. Бид хууль гарахад нь нэг удаа зөвшилцөөд хууль батлагдсаны дараа түүнийг биелүүлэхийг шаардах ёстой. Гадаад оронд монгол хүний эрх зөрчигдөх тохиолдол болгонд бид цаг алдаад хэлэлцэж суух ёсгүй, харин хариуцсан төрийн байгуулга нь шууд ажлаа хийж асуудлыг нь шийдэх ёстой гэсэн санаа.
Өөр нэг жишээ авъя. "Монгол улсын иргэн бүр хэвлэн нийтлэх эрхтэй". Тэгвэл энэ нь улс төрийн эрх юм бол шууд хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллагад өгөөд төсөв мөнгө хуваарилаад үзъе л дээ. Нэг иргэн хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэн маш сайн нэг эмийг хүн бүр хэрэглээрэй гэж сурталчлахын тулд төрийн дэмжлэг авахаар хандлаа гэж төсөөлье, төр туслах үүрэгтэй юу? Хүн бүр л өөр өөрөөр хариулах байх. Хэлэлцэж байж шийдвэр гаргахаас өөр замгүй байгаа биз дээ? Тэгэхээр нийгмийн харилцааны эрх байж таарах гээд байгаа юм даа. Иргэн хүний эдийн засгийн эрх ч хэлэлцэж байж шийдвэр гаргадаг шинж чанартай. Учир нь эдийн засагтай холбоотой эрх нь хөрөнгө мөнгөний бололцооноос шалтгаалан хэрэгжих боломжгүй тохиолдол түгээмэл. "Иргэн хүн орон байраар хангагдах эрхтэй", төр үүнийг шууд хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний бололцоогоо заавал тооцож байж шийдэхээс өөр замгүй биз дээ?
Доор үндсэн хуулинд заавал тусгагдаж байж хэрэгжих ёстой эрх, түүнийг хэрэгжүүлэх арга замыг бүтэцтэй нь товч тоймоллоо.

/Схемийг томруулан үзэхийн тулд дээр нь дар/

Улс төрийн харилцааны Чандмань онол буюу төлөөлөлийн ардчилалын эрх:
  1. Улс, улсын байгууллагууд. Улсын байгууллагын Чандмань онол нь Стратегич, Тактикч, Хууль мөрдөгч чанар юм. Улсын байгуулагуудад хуулиар зөвшөөрөөгүй бүх эрхийг хориглоно. Гүйцэтгэх, Хууль санаачлах, Шүүх эрх мэдлийн байгууллагууд нь энэ бүтцэд хамаарагдана. Улсын Их Хурал нь Хуулийн ба Төлөөлөгчдийн хоёр танхимтай байх ба Улсын Их Хурлын Хуулийн танхим нь улсын байгууллагад хамаарагдаж, хууль боловсруулах, санаачлах ажлыг гүйцэтгэнэ. Энэ танхим нь салбарынхаа байгуулагуудаар дамжин ажиллаж туршлагажсан эрдэмтэн мэргэд, мэрэгжилтнүүдээс шигшигдэн бүрдсэн 60 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Улсын Их Хурлын Хуулийн танхимыг Дэд Ерөнхийлөгч тэргүүлж Улсын Их Хурлын Төлөөлөгчдийн танхимд улирал бүр ажлаа тайлагнана. Улсын Их Хурлын Хуулийн танхимын гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг тухайн салбарын Мэрэгжлийн холбоонууд тодорхойлж салбарын яам дэмжин Улсын Их Хурлын Төлөөлөгчдийн танхим батална. Гүйцэтгэх засаглалын байгуулага болох Монгол улсын Засгийн газрыг Ерөнхий сайд 4 жилийн хугацаатай удирдаж Улсын Их Хурлын Төлөөлөгчдийн танхимд улирал бүр ажлаа тайлагнана.
    Байхгүй бүтэц гарч ирэхээр бүү балмагдан гайхаарай энэ бидний бий болгож хийх ёстой зүйлс гэж ойлго.
  2. Өрх ба өрх гэр бүлээс төр үүсэхүй. Монгол өрх гэр бүлийн Чандмань онол нь: Хайр, Чадавхи, Өмч. Өрх нь монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны үндэс мөн. Өрхийн гишүүдийн болон бусад өрхийн эрхийг зөрчөөгүй бол бүх зүйл чөлөөтэй. Арван өрх нийлж "Аравт"-г, зуун өрх нийлж "Баг"-г, мянган өрхөөс дээш "Сум эсвэл хороо"-г арван мянган өрхөөс дээш аймаг буюу хотыг бий болгоно. Зуун мянган өрхөөс дээш бол "Бүс" байгуулагдана. Багийн тэргүүн нараас Улсын Их Хурлын Төлөөлөгчдийн танхим бүрдэнэ. Багаас Улсын Их Хурлын Төлөөлөгчдийн Танхим хүртэлх бүтцийг "Төрийн байгуулагууд" гэж нэрлэнэ. Хууль тогтоох, албан тушаалтныг томилох, эргүүлэн татах эрх эдлэнэ. Сум, хорооноос дээшх шат шатны төрийн албан хаагч нь сонгуулийн хугацаанд улсын байгууллагад давхар алба хаших эрхгүй. Улсын Их Хурлын Төлөөлөгчдийн Танхимыг уг танхимаас сонгогдсон Монгол улсын Ерөнхийлөгч тэргүүлнэ. Прокурор, Аудит, Арбитрийн байгууллагууд төрийн бүтцийн байгууллагад хамаарагдана. Өрх гэр бүл хүн төрөлхтөн бий болохтой зэрэг шахуу үүссэн байлгүй, мэдээж намаас түрүүнд... Хүн төрөлхтөний амьдралын жам ёсны дагуу үүссэн нийгмийн харилцааны анхдагч бүтцийг улс төрөөс холдуулснаараа өнөөдрийн болохгүй байгаа бүх зүйлсийн эхийг тавьсан гэдгийг монголчууд бид түрүүлж дуугаръяа. Улс ба нийтийн ноёрхолын дэглэмтэй төр хоёрыг ч тус тусад нь ойлгож жам ёсны харилцаанд нь шилжүүлье.
  3. Иргэн-Хуулиар хориглоогүй бүх эрхийг эдлэнэ. Иргэн хүний Чандмань үнэт чанар нь чадвар, төлөвшил, эрүүл мэнд гурваас бүрдэнэ.
Иргэд өрхийг, өрхүүд улсыг бүрдүүлнэ. Төлөөлөлийн ардчилалын зарчмын дагуу иргэн нь өөрийгөө болон өөрийгөө төлөөлөх хүнийг өрх дотроосоо сонгох эрхтэй.
Одоо бол иргэд "Нам"-ыг, нам улсыг бүрдүүлнэ. Намгүй иргэн, ард түмний хөрөнгөөс хумслаагүй өрх гэр бүл хэн ч юу ч биш гэсэн схемээр л явж байна... Өрх гэр бүлүүд л бидний тэр хүсээд байгаа лидер удирдагч нарыг тодруулан гаргаж ирж зөв замдаа улс орон орно, хөгжил дэвшил хурдацтай явна гэж би ойлгож байгаа юм. Нэг өрх гэр бүлд хамт амьдарч байгаа хүмүүс л хэн маань хэн билээ гэдгийгээ намуудаас илүү сайн мэдэх байлгүй дээ. Намууд хэн ч биш нэг "банди"-ийг заавал сонго гэж шахдаг өнөөдрийн сонгуулийн систем мажоритараар ч сайн юм өгөхгүй, пропорционалаар ч урагш хол алхах нь юу л бол!!! Угтаа бол Африкийн улс орнуудыг хаашаа ч гарах гарцгүй болгосон тэр л дарлал мөлжлөгийн зам юм шүү дээ!!!


Эдийн засгийн харилцааны Чандмань онол буюу өмч:

  1. Улсын өмч
  2. Хувийн өмч
  3. Нийтийн буюу төрийн өмч
Улсын өмч гэж-нийтийн буюу төрийн өмчөөс тасалж улсад өмчлүүлэхээр хуулиар зөвшөөрөгдсөн өмчийг хэлнэ.

Хувийн өмч гэдэг нь-бусдын өмчлөх эрхийг зөрчилгүйгээр олж авсан өмчийг хэлнэ.

Нийтийн буюу төр түмний өмчид дараахь зүйлс хамаарагдана. Үүнд:
  1. Иргэн хүний чадвар, төлөвшил, эрүүл мэнд
  2. Газар /хувьчлагдсан газар үл хамаарна./
  3. Газрын хэвлийн баялаг буюу ашигт малтмал
  4. Агаар
  5. Ус
  6. Ургамал
  7. Амьтан
  8. Түүх, соёл, урлаг
  9. Оюуны өмч/Хувь хүний оюуны өмч үл хамаарна./
  10. Нийтийн буюу төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгж, тэдний бий болгосон бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ
Нийтийн буюу төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурлын Төлөөлөгчдийн танхимаас "Ард түмний корпорац"-д олгоно. Корпорац нь жил бүр нийтийн буюу төрийн өмчийн байгууллагуудын төсвийг төлөвлөж, батлуулан, мөрдөж, тайлагнана. Өмчийг арвижуулсан тохиолдолд шагнах хэмжээг тодорхой байлгана. Хот, аймгийн нийтийн өмчийг захиран зарцуулах эрхийг тухайн аймаг, хотын өрхийн төлөөлөгчдийн хурлаас уг аймаг хотын нийтийн өмчийн корпорацд олгоно. "Нийтийн буюу төрийн өмчийн тухай хууль"-иар улсын, нийтийн буюу төрийн, хувийн өмчийн байгууллагуудын харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлно.
Нийтийн буюу төрийн өмч гэдэг зүйл амьдралд бодитой байсаар байгааг мэдсээр байж улсын өмчөөс тусдаа байж үйл ажиллагаа явуулан хөгжих эрх зүйн орчинг нь хийж өгөөгүйгээс барууны хөгжилтэй орнууд ч гэсэн том алджээ. Төрөөс нь ард түмнийхээ амьжиргааг сайжруулахаар гаргасан хөрөнгө болгон нь хувийн өмчийн хэсэг бүлэглэлийн шийдвэр гаргах түвшинд байршсан авилгал хээл хахууль, үйлдвэрлэл, үйлчилгээгээр дамжин цөөнхийн өмч болон хувирч ерийн ард түмэнд өмчөөрөө дамжин эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг алдагдуулж улс орон нийтээрээ дампуурах хорт муу үр дагавартай болдог байна. Буруу юм байна гэдгийг нь харсаар байж бид тэдний замаар явах албатай юм уу? Улсын, Нийтийн, Хувийн өмч дээр суурилсан Гурван тулгуурт хэвшилтэй эдийн засаг байвал сая зөв болох юм байна гэдгийг амьдрал хэлж өгөөд байхад бид хоёр хөлтэй сандал шиг өөрийгөө авч явах чадваргүй улсын ба хувийн гэсэн хэвшилтэй тэр нь авилгалгүйгээр нэг ч алхам алхах боломжгүй болсон нийтийн удирдлага, хяналтгүй эдийн засгийг хүчээр цогцлоох гэж оролдох нь цаг алдаж, байгаа бүхнээ бусдын хоол болгох нигуурыг үүсгэж байна. Тэгээд ч Бизнесийг улс төрөөс салгах хамгийн сайн арга энэ буюу... Ингэж байж л бид авилгалгүй эдийн засгийг авч явж чадна. Улсын хэвшлийн байгууллагууд нь хувь хүнийг чадваржуулан төлөвшүүлэх, аюулгүй байдал, халамж, эрүүл мэндийг нь хамгаалах ажлыг хариуцан нийтийн өмчийн байгууллагууд нь хувь хүн болон гэр бүлийн гарааны эдийн засгийн боломжийг олгож байхад хөгжиж чаддаггүй гэр бүл хувь хүн гэж нэг ч байхгүй шүү дээ... Тийм биз дээ. Тэгэхээр ийм аргыг л нийтээр зөвшилцөн хэрэглэж монгол гэр бүлүүд, монгол компаниудаа хүчирхэгжүүлэн дэлхийд өрсөлдөнө, дэлхийн эдийн засгаас өөрийн өмч баялгийг бүрдүүлж эргээд хувийн болон улс орноо, нийтийн өмчөө аривжуулан хойч үедээ сайхан эх орныг хүлээлгэж өгч чадна. Өөр зам үнэхээр байхгүй.

Нийгмийн харилцааны Чандмань онол буюу харилцан хүндэтгэж амьдрахуй:
  1. Эвлэлдэн нэгдэх
  2. Хэвлэн нийтлэх
  3. Үзэл бодлоо илэрхийлэх
Эдгээр эрхүүдийн үндсэн дээр байгуулагдах байгууллагуудыг Мэрэгжлийн ба Нийгмийн харилцааны байгууллагууд гэж хоёр ангилна. Эдгээр иргэн хүний нийгмийн харилцааны тулгуур үндсүүд дээр суурилсан байгуулагуудын үйл ажиллагаа нь Монгол улсын улс төр, эдийн засаг, иргэн хүний эрхийн үндсүүдийг зөрчөөгүй байх ёстой.

Өнөөдрийн бидний сайн мэдэх "Улс төрийн намууд" хэмээх байгууллагууд нь энэхүү онолын үндсэн дээрээс авч үзвэл Нийгмийн харилцааны л байгуулагууд юм. Өнгөрсөн үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны зөрчлүүдийн үндсэн дээр зохиомлоор үүссэн "нам" хэмээх бүтэц нь Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны үндэс болж байгаа одоогийн буруу системийг өөрчилж Монгол өрх гэр бүлийг Монгол улсын төрийн үндэс болговол ард түмний маань язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт эргэлзэх шалтгаан байхгүй. Энэ нь намууд хэмээх бүлэг хүмүүсийн бусдынхаа бүх эрхийг бүдүүлгээр зөрчиж, хяналтгүй эрх эдэлснийхээ үр дүнд муу аргаар хөрөнгө хуримтлуулан ард түмнээ бусдын эдийн засгийн хараат байдалд оруулж байгаа одоогийн үйл ажиллагааг онолын үндэстэй танин мэдэж хөгжил дэвшилдээ гай болохгүй байлгах боломжийг бидэнд олгоно. Үүнийг уншаад намыг устгах гэж байна гэж буруу ойлгосны хэрэггүй. Харин зохих байранд нь л байрлуулж байгаа хэрэг юм.

Түүнчлэн миний бие НОЁРХОЛЫН чандмань ойлголтыг анх удаа гаргаж ирэх гэж хичээсэн билээ. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл замнан ирэхдээ ноёрхолын цэгцтэй ойлголтгүй явж иржээ гэж би дүгнэж буй. Тэгвэл ноёрхол нь дараах 3 дэглэмд хуваагдана:


  1. Хувь хүний ноёрхол эсвэл гэр бүлийн ноёрхолын дэглэм
Хаант засаглал ба дарангуйлагчийн цэргийн дэглэм нь үүнд хамаарагдана.
  1. Бүлгийн ноёрхолын дэглэм
Нам төвтэй дэглэмүүдийн ноёрхол юм. Бидний мэдэх социализм, капитализм нь чухам энэ ноёрхолын дэглэмд хамаарагдана.
  1. Нийтийн ноёрхолын дэглэм
Үүнийг хүн төрөлхтөн хичнээн хүсэж байсан боловч хэрхэн яаж цогцлоох арга замаа одоог хүртэл олоогүй явна. Ардчилал өндөр хөгжсөн хэмээгдэх барууны орнууд ч чухамдаа үүнийг үндсэн хуулиндаа тусгах оролдлого хийж нилээд хөгжүүлж чадсан боловч зөвхөн улс төрийн харилцаандаа хэрэгжүүлэх зарим алхамуудыг хийж хэрхэн эдийн засаг, нийгмийн харилцаагаараа баталгаажуулах аргаа олсонгүй. Хүн төрөлхтөний түүхэнд гарч ирсэн социализмын дэглэм нь улс төрийн харилцаанд бүлгийн ноёрхолыг тогтоож анхлан тунхаглаж байсан нийтийн дэглэм тогтоох зорилгоо умартсан байдаг. Түүгээр ч зогсохгүй эдийн засгийн харилцаанд хувийн өмчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж хувийн өмчийн хөгжимтгий давуу харилцааг боомилон хааснаараа техник, технолог, менежментийн хоцрогдолд орж капитализмдаа гүйцэгдэн ялагдсаныг бид мэднэ.
21-р зууныг хүртэл хөгжиж ирсэн капитализм нь өрсөлдөөн чөлөөт зах зээлийг хэт шүтээд улсын өмч нийтийн өмч хоёрыг нэг зүйл болгон ойлгож байснаар авилгалыг газар авахуулан хяналтаасаа алджээ. Энэ нь үндэстэн дамнасан корпорацууд хэмээх эдийн засгаар дагнасан мэт харагдах мөн чанартаа бол улс төр, эдийн засаг, мөнгө санхүү, тэрбайтугай нийгмийн оюун санааг ч атгандаа оруулсан, глобалчлагдсан бүлэглэлүүдийн эдийн засгийн ноёрхолыг бий болгон баялгийн хуваарилалтыг хэт туйлшруулж улс орнууд үүндээ тив тивээрээ дийлэгдэж эхэллээ. Байнгын эдийн засгийн хямралын шалтгаан чухам үүнд оршиж байдаг. Өөрөөр хэлбэл одоог хүртэл нийтийн өмчийн цэгцтэй ойлголтыг бий болгож түүний хувийн ба улсын өмчтэй харилцах харилцааг хуульчлан зохицуулаагүйгээс "түрүүлэн амжиж идэх" гэдэг ойлголт гарч ирсэн байдаг. Энэ нь араасаа дайн түрэмгийлэлээс авахуулаад бүх муу муухайг дагуулдагийг бид бүгдээрээ мэднэ.
Үүнийг эдийн засгийн харилцаанд засаж өмчийн хэлбэрүүдийг тэнцүү хөгжүүлэх арга нь нийтийн өмчийн корпорацын ойлголтыг онол, эрх зүй, менежментийн төвшинд гаргаж ирж түүнийг эдийн засгийн харилцаанд оруулах явдал юм. Чухам үүнээс баялгийн хуваарилалтын тэгш боломж олгох бололцоо гарч ирнэ. Ихэнх салбарууд нь хувьчлагдсан улс орнуудад энэ нь тун ч хүнд зорилт бөгөөд нэгэнт хувьд шилжсэн баялгийг эргүүлэн нийтийн өмчид шилжүүлэх нь захиргааны аргаар л лав хийж болохгүй зүйл! Ингэж хялбарчлан хүчээр хийх гэж оролдвол дайн самууныг өдөөж хувийн хэвшлээ нураадаг. Гэвч энэ хорвоод болохгүй зүйл гэж байдаггүй учраас эдийн засгийн олон арга замаар зохицуулах бүрэн боломжтой/татвар, хувь тогтоох, шинээр хамтарсан өмчийн байгууллага байгуулах, худалдаж авах гэх мэт... /. /нэмж бичигдэнэ/.

Байгууллагын Чандмань онол:

  1. Дотоод журам
  2. Ажлын байрны тодорхойлолт
  3. Хөдөлмөрийн гэрээ
/нэмж бичигдэнэ/.


Монгол улсын Үндсэн хуулийг яг энэ онолыг засваргүйгээр баримтлан бүх зарчмуудыг нь ягштал биелүүлэн боловсруулж чадвал бид улс орноо өөд татах боломж байна. Үүнийг өөрийн орны болон бусад улс орнуудын түүхэн сургамжуудыг задлан ялгаж, нэгтгэн дүгнэж гаргаж ирсэн судалгаанд тулгуурлан тоймолсон бөлгөө.
Бидний үеийнхэн заавал хийх ёстой үйл хэрэг. Энэ нь эх орноо харийн дайснаас хамгаалан тэмцэж байгаа буу барьсан цэрэг хүний ариун үйлээс ямарч ялгаа байхгүй. Тэр үед буу барьж хамгаалж байсан бол өнөөдөр бид хууль боловсруулж ард түмний оюун бодол үзэл санааны цул нэгдлээрээ хамгаалах цаг нь тулж иржээ. Энэ бидний ирэх 10 жилд цогцоор нь заавал хийх ажил. Хийж чадахгүй бол бид эх орноо алдах болно.

Түмний минь мэлмий тунгалаг байх болтугай!

Шархай овогт Дашийн Жамц. 2012.1.30. 01.30





____________________________________________________________________

Монгол улс унтсаар байна

http://1010.mn/2011/09/sleeping-mongol
Улс орны бүрэн бүтэн, аюулгүй байдал гэдэг бол эдийн засгийн хүчин чадалтай салшгүй холбогдсон байдаг. Тэгвэл энэ эдийн засгийг яаж босгодог вэ гэвэл дотоодынхоо үйлдвэрлэгчдийн амжилттай үйл ажиллагааг дэмжиж бий болгоно. Хүмүүсийн амьдрах орчинг хамгийн байхан бүрдүүлсэн хамгийн жаргалтай орнуудаар тогтмол шалгарч байдаг Скандинавийн хойгийн орнууд /Дани, Голланд, Финланд/ болон Их Британий Нэгдсэн Вант улс, зэрэг улсууд нь нүүрсээр л одоогийн амьдралын хөрс сууриа бэлтгэсэн. Тэд нүүрсээ эрчим хүч болгоод, бусдад зараад баяжчихсан. Ази тивдээ хамгийн мундаг улсуудын нэг Японыг Өрнөдийнхөн 15-р зуунд анх олж очсон. Тэгээд хамаг байдаг алтыг нь цөлмөөд явчихсан. Японд наалдаж үлдсэн юм байсангүй. Тиймээс хаалттай орны бодлого баримталж аж үйлдвэржилтээ хөгжүүлсэн. 15-р зууны үед Африк тивд 10 давхар байшин барьж байсан байна. Тэр үед Европт жорлонгоо ч яаж хийхээ шийдэж амжаагүй байсан.

Гэтэл орчин үед хөгжилтэй болгоныг өрнөдийн жишгээр харж, сайхан болгон нь тэнд төвлөрсөн мэт болгож чаджээ. Энэ нь нөгөө хэн бүхний мэддэг аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойш гарсан өрнөдийн үсрэнгүй хөгжлийн үр шим. Тэд мөнгөтэй болсон учраас бусад асуудлыг амархан шийдчихсэн. Евроцентризм үүнээс үүдэлтэй. Тэгвэл Ази тивд Япон, Солонгос, Тайвань зэрэг улс орнууд Зүүн өмнөд Азийн гайхамшиг болон эдийн засгийн санаанд оромгүй өсөлтийг дэлхий дахинаа гайхуулан гарч ирсэн. Тэр буухиаг БНХАУ залган авч одоо дэлхийд ноёрхолоо тогтоохоор нэгэнт замдаа гараад 20-иод жил боллоо.

Энэ хугацаанд Монгол улс унтсаар байна. Ойрх дорнодын улс орнуудын эдийн засаг нефьтийнхээ ач тусаар гайхамшиг болон хөгжлөө. Тэд түүхий нефт гаргадаггүй, түүнийгээ боловсруулах үйлдвэртэй байдаг учраас бензин гаргаж баяжиж байна. Африк тивийн орнууд, Япон улс, Неомарксист томъёоллоор хязгаар нутгуудын эдийн засаг хэзээ ч өсдөггүй юм байна. Япон улс алтаа зүгээр л гаргачихдаг байхдаа хоосроод л үлдэж байсан. Хаалттай орны бодлогоор нэгдэж, хөгжиж чадсан. Сламын орнуудынхан түүхий нефт гаргаад байдаг байсан бол тэгээ л дуусаа. Аягүй л бол Хар алтны хувь гэж тараагаад л ядуу төр улс үлдэх байсан. Гэтэл тэд үйлдвэржилт явуулсан нь гайхамшиг. Энэтхэг улсын эдийн засаг бас хөгжлийн замдаа орсон. Тэд компютерийн программ хангамж, техник, тенологийн салбараараа хүчтэй дайралтыг эртнээс хийсэн. Лектор Ганбаатар энэ тухай сайхан тайлбарлаж чадна. Хөгжлөөрөө хоцорч байгаа гээд байдаг Хойд Солонгос улс зэвсэглэлээрээ дэлхийг айлгаж байна. Бид юу ч үгүй шахам байж юундаа тэднийг шоолдог юм? Чадаж байгаа зүйлд арга алга.

За тэгээд бодоод үзэцгээе. Дэлхийн хамгийн том нутагтай Ази тивийн улс орнууд тодорхой тодорхой салбаруудаараа тэргүүлэхдээ тэргүүлээд, удаалахдаа удаалаад эдийн засаг болон бусад талбарт амжилт гаргаад ирлээ. Гэтэл нилээд том газар нутагтайдаа орох Монгол улс унтсаар байна.

Ази тивийн улс орнууд яагаад ингэж хурдан хөгжих болов оо? Энд хамгийн амархан тайлбар нь Хожуу хөгжихийн давуу тал байсан. Тэдэнд заавал аж үйлдвэржилтийн хувьсгал хийх шаардлага байсангүй. Тэд тоног төхөөрөмжийг ахин дахин шинэчилж, цаг, мөнгө гарздах шаардлага байсангүй. Шинэ тоног төхөөрөмж бодож олох гэж толгойгоо гашилгах хэрэг байгаагүй. Тэдгээр нь нэгэнт бий болчихсон байсан. Тиймээс л их амархан амжилтанд хүрдэг юм байна. Унтаж байгаа Монгол улс тэгвэл хэзээ сэрэх юм бэ? …

Үргэлжлэлийг дараагийн нийтлэлд… /2009. 7 сар/

С. Отгонбаатар

Унтаж буй Монгол улсыг сэрээх сэрүүлэгнүүд энд тэндгүй дугарах болов. Газар сайгүй шүү. Гадаад дотоодгүй. Жишээ санацгаая. Ашигт малтмалын орд газруудаа ашиглах талын олон янзын гэрээ, хууль, хөрөгнө оруулах санал санаачлага,.. Бусад улс орнуудад сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаа иргэдийн үйл байдал,.. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн шаардлага, шахалт гээд л,.. гэтэл байдаггүй ээ,.. гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хөгжил алга. Хөөрлөөр л дүүрлээ. Хэсэг хэсгээрээ сэрээд, сэрсэн хэсэг нь бусаддаа бүүвэйн дуу аялж өгч байжээ. Зарим нь мэдээж сэрээх гэж хичээсэн л дээ.

Оюу толгойн тухай товчхон. Орчин үеийн тоног төхөөрөмжийн хөгжлийн энэ шатанд хүрсэн үед магадгүй 30 жил нэг компанийг татвараас чөлөөлөөд уурхай ажиллуулах юм гэнэ л дээ. Тэр нь тэгээд гадаадын байгууллага. Монголын баялагийг ашиглахдаа нэг үйлдвэр барьж өгөөд л хариуд нь 30 жил татвар төлөхгүй. Тэгснээ саяхан хэсэг гишүүд л бидний мэдэж төсөөлж байснаас өөр гэрээ байгуулчихсан байна. 30 жилийн дараа өөрчлөнө гэж бодтол өөрчлөх тухай ярина гэчихлээ гэх болов… Яахав, аз таарч тэр баялаг нь Монголд байгаа учраас 34 хувь нь эндээ наалдах юм байна. Ил хэсгийн 34 хувь гэж ойлгоод байгаа юм. Унтаахай барам толгойтонгуудыг сэрээхгүйн тулд бүүвэй аялж байгаад тэр хэвээр нь батлуулах гэнэ л дээ. Унтаахайнууд тэр үед сэрцгээх нь яасан юм бол. За яахав гарцаагүй Монголын ашигт малтмал юм чинь олон улс төрчид, судлаачид тооцоолж үзэж байгаад л ашигтайгаар л баталсан гэж итгэе. Монгол хүн байна даа. Ашиг нь орж ирж л байвал болоо.

Би одоо бас нэг шүүмжийн санаатай юм бичих гээд байна л даа. Миний эрхэм багш болоод бидний инээлдэн ярьдаг нэг жишээ байдаг юм. “Монгол улсын үндсэн хуулинд Мал аж ахуйгаа Монгол улсын эдийн засгийн суурь гэх бөгөөд Малыг төрийн хамгаалалтанд байлгана гээд заачихсан. Хүнээ төрийн хамгаалалтанд байлгана гэж хэсэг байдаг билүү, сайн мэдэхгүй юм” гэж инээлддэг. Хэзээ баталсан үндсэн хуулиа гэнэт дагаж эхлээд ямаанууддаа мөнгө өгдөг болчихвоо. Хонь, адуу, тэмээ, сарлаг, үхэр гээд л бусад нь муухай атаархаж байгаа байх даа. Тэдэнд НИЙГМИЙН халамж үйлчилгээ байхгүй учраас л тэр. Гэтэл дэлхийн олон улс оронд хөдөө аж ахуй бол хөгжлийн хөдөлгүүр бишээ гээд баталчихсан. Мэдээж Монгол улсад мал аж ахуй зайлшгүй, гэхдээ л хавсарга маягаар байлгаж, эсвэл мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байж эдийн засагтаа нэмэр болгоно. Тэгэхгүй бол далайцтай ач холбогдолтой байх нь юу л бол… Би яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл А. Хамелтон гэж Америкийн аж үйлдвэржилтийн хөрс суурийг тавьсан хүн хэлэхдээ “Эдийн засгийг хүчирхэгжүүлэх нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад амин чухал үүрэгтэй. Аж ахуйн салбар нь ач холбогдол багатай, аж үйлдвэржилт нь чухал” гэж үзсэн. Германы эдийн засагч Ф. Лист гэж хүн бүүр ноцтойгоор “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр худалдаа хийдэг улс нэг гаргүй хүнтэй адил” хэмээсэн байдаг. Та биднийг, нөгөөх үнийн тогтолцоог гартаа атгачихаад байгаа ченжүүдийн талаар хэлээд байна аа даа? Гэтэл үгүй ээ найзуудаа. Тэд чинь өөрсдийнхөө өрөөсөн гаран дээр бидэнд оногдсон өрөөсөн гарыг мулталж аваад хөлжиж хөөрцгөөж байна. Бид яав? Гаргүй буюу бүтээх чадваргүй хэрэглэгчид.

Ердөө би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл орчин үеийн хөгжлийн өндөр төвшинд хүрсэн улс орнууд ердөө л аж үйлдвэржилтээ дэмжсэн. Төрийн эрхэнд гарсан хэд нь бодож л дээ: “Дотооддоо баялаг бүтээснээр улс орны эдийн засаг хүчирхэгжинэ” ч юм уу, аль эсвэл “гадаадуудаас л худалдаж аваад байх юм бол хэрэг алга” ухааны юм сэтгэсэн бололтой. Тэгээд л юутай ч ямар нэг хөрөнгө оруулалт татаж байгаад л, эсвэл ямар нэг том улсын нөлөөн дор аж үйлдвэржилт явуулж. Тэгэхдээ ингэж баялагаа найр тавьж байсан эсэхийг нь нэг их сайн мэдэхгүй л юм. Ямар ч байсан ашигт малтмалаа найр тавиад, алдарт Скандинавийн хойгийн орнууд шиг болох уу, Африк тивийн зарим нэг улс орнууд шиг болох уу гэсэн уулзвар дээр ирчихсэн бололтой. Сайн мэдэхгүй учраас нэгэнт батлагдсан гэрээ хэлцлийг шүүмжлээд яахав дээ. Монголчууд төрийн өндөр дээд эрх мэдэл, оюун ухааныхаа цараагаар ямар нэг юм хийсээр байгаад түүнийг баталсан. Монголчууд л батлалцаж байгаа учир Монголд ашигтай тал байж л таараа. Итгэж байна. Харин муу зүйл байхыг удаан тэвчиж болохгүй шүү! Чухал салбарыг хөдөлгөж, эргэлдүүлж байгаа нь Үр ашигтай байдалд чиглэх ёстой. Энэ нь дээр хэлсэнчлэн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд амин чухал үүрэг гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Бас түүнийг дагаж гарах дэд бүтцийн асуудал, тухайн үйлдвэрийн хэрэгцээ болоод дагаж хөгжих, тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ бий болох нь зайлшгүй. Тэгэхээр үүнийг ашиглаад сэхээтэй хэд нь баяжаад аваасай даа. Иргэн баян бол улс баян шүү дээ. Гол нь урдаас хэдэн юм оруулж ирээд шахаад байхдаа биш, зүгээр л өөрсдөө л хийе. Хониныхоо ноосоор утас ээрээд, утсаараа ядаж маск хийгээд уурхайд нийлүүлье л дээ тээ. Баяжиж болж байна шт. Эсвэл нөгөө түүхий нефтээ боловсруулаад уурхайнхаа хэрэгцээнд ашиглая. Тэр уурхай маань нефт боловсруулах үйлдвэр хангалттай барьчих хэмжээний ашиг өгчихсөн сураг дуулдана лээ.

С. Отгонбаатар


Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу эсвэл эх орныхоо эрдсийн баялгийг боловсруулж шинэ хямд унагаар өөрсдийгөө болоод бусдыг хангаж элбэг хангалуун амьдрах нь сонирхолтой юу?..
Нээрээ Монголчууд бидэнд бусдын хэрэглээд дуусгачихсан машин хэрэгтэй юу эсвэл ашигт малтмалыг ард түмэнд ашигтай болтол нь зохицуулсан хууль хэрэгтэй байна уу гэж үе үехэн боддог юм шүү. Гадаадын хөгжилтэй улс орнууд биднээс юугаараа илүү болоод амьдрал нь тийм элбэг хангалуун ард түмэнтэй болчихсон юм бэ гэдэг асуулт танд ч гэсэн байнга төрж л байдаг байлгүй. Чухам энэ лугаа бодол л жирийн техникийн хүн намайг шинэ ашигт малтмалын хууль хийхэд хүргэсэн бүлгээ. Ингээд зургаан сар бараг гэрээс гаралгүй сууж байж бүтээсэн хуулийн төслөө уншигч танд хүрнэ гэдэгт эргэлзэлгүй өргөн баримуй. Бултаар хэлэлцэн шүүгээд таалагдаж хэмээхүй хэвлэн нийтэлж түмний хүртээл, төрийн хууль болгож дагаж мөрдвөл миний эх орондоо иргэн нь болсны хувь бүтэж сэтгэлийн цэнгэл эдлэхээр байна. Болгоон толилоод бодол саналаа энэхүү цахим хуудаст буюу d.jamts@yahoo.com шууданд, эс бөгөөс (976)-99013026 утсанд илгээн ажил хэрэг болгохын төлөө нэг ба нилээд хэдэн алхамыг хамтдаа алхая гэж уриалья!



Хуулийн төсөл



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ



АШИГТ МАЛТМАЛ БА ТҮҮНИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУХАЙ


1. дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн Хуулинд газар ба түүний дээрх болон доорх баялаг нь Монголын ард түмний өмч байна гэж заасан заалтыг хэрэгжүүлж ашигт малтмалыг хөрс, ус, агаар, ургамал, ан амьтан, түүх археологийн ба бусад баялагт халгүй техник, технологиор олзворлон гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд борлуулаад хуримтлуулсан хөрөнгийг тус улсын иргэдэд тэгш хуваарилах, улмаар түүнийг хөгжлийн түлхүүр болгон хувиргаж ард түмний эрх ашигт үйлчлүүлэхэд оршино. Энэ өргөн далайцтай бизнесийн үйл ажиллагааг Монголын ард түмнийг төлөөлөн байнга хариуцан гүйцэтгэж байх зорилготой “Эрдэнэс Монгол”, “Баянмонгол” Ард түмний өмчит хувьцаат корпорациуд /цаашид “Корпорац” гэх/-ыг үүсгэн байгуулах, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, ашигт малтмалын орд газрыг эзэмших замаар хайгуул хийх, ашиглах, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлтийг явуулах, эцсийн болон бренд бүтээгдэхүүнүүдийг дотоодын ба гадаадын зах зээлд гаргах, хөрөнгө төвлөрүүлэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийг чанартай хийх, уг корпорациудын үйл ажиллагааг бусдаас хараат бусаар гагцхүү монголын ард түмэн өмчлөн эзэмшиж удирдан зохион байгуулах, тогтвортой ашигтай ажиллуулах, хянах, монгол улсын төр, засгаас тэдгээрийг бодлого, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаагаараа дэмжихтэй холбоотой цогц харилцаануудыг зохицуулахад оршино.

2. дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3. дугаар зүйл. Корпораци, түүний зорилго

3.1. Корпораци нь Монгол улсын иргэн бүрт алтан хувьцаа эзэмшүүлэн тэдний өмнө хариуцлага хүлээж, иргэдийн хяналт дор өндөр мэрэгжлийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээд мөн.

3.2. Корпорац нь арилжааны хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө нийт хөрөнгийнхөө 49 хүртэлх хувьд хариуцлага хүлээнэ.


3.3. Нийт хөрөнгийн хэмжээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хуулийн этгээдээр хагас жил бүр үнэлүүлнэ.

3.4. Корпорацийн зорилго нь үндэсний болон олон улсын хэмжээнд ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт, уул уурхай, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг явуулж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж, хувьцаа эзэмшигч бүрт ногдол ашгийг хүртээхэд оршино.

3.5. Корпораци нь дотоод болон гадаадын зах зээлд хувьцаа гаргах, салбар болон хамтарсан компани байгуулах замаар ашигт малтмалын уул уурхай, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн алтан болон арилжааны хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдол бүхий бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийж Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулна.

4. дүгээр зүйл. Корпорацийн үйл ажиллагааны үндсэн зарчим

4.1. Корпораци нь дотооддоо төр, засаг, намууд, шашин болон нийгмийн аливаа бүлэглэлээс, гадаадад бусад улс, үндэстэн дамнасан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улс төр, бизнес, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас хараат бус, бие даасан бизнесийн үйл ажиллагаа явуулах, алтан болон арилжааны хувьцаа эзэмшигчдийг үнэн зөв мэдээлэлээр хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн тэгш эрх, бизнесийн ашиг сонирхолыг хангах, ногдол ашгийг шударгаар хуваарилах, иргэний эрхийг хүндэтгэх үндсэн зарчмыг баримтална.

4.2. Корпорацаас хэрэгжүүлж буй төмөр, зэс, цайр, хөнгөн цагаан, алт, мөнгө зэрэг хар ба өнгөт металлын болон шил, газрын тос, хуванцар, нүүрс, байгалийн хий, уран, жонш зэрэг бүх газрын баялгийг гүн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, түүний дэд бүтцийг барьж байгуулах ажилд хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмж, багаж, материалын худалдааны болон бусад татварын хөнгөлөлтийг Корпорацийн гаргасан албан хүсэлтэд дурьдсан жагсаалтын дагуу УИХ, Засгийн газар шийдвэрлэнэ.

4.3. Корпорацийг болон түүний хэрэгжүүлж буй тухайн төсөл, хөтөлбөр, түүнд заагдсан ашигт малтмалын ордыг хувьчлахгүй, төр, засгийн мэдэлд авахгүй зөвхөн монголын ард түмний алтан хувьцаа эзэмшигчдийн өмч байна..

4.4. Ашигт малтмалд газрын тос, байгалийн хий, газрын ховор элементүүдийг хамруулан ойлгоно.

4.5. Нар, салхи, ус, цөмийн болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл, хөтөлбөрүүд нь энэхүү хуулийн зохицуулалтаар хэрэгжинэ.

4.6. Корпорацийн зээл, хувьцаа, бондоор төвлөрүүлсэн хөрөнгө нь ашигт малтмалын ордын тогтоогдсон нөөцийг оролцуулан хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан нийт хөрөнгийн 49%-иас ихгүй байна.

4.7. Тухайн төсөлд хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Засгийн газар зээлийн баталгааг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны шийдвэрээр баталгаажсан Корпорацийн хүсэлтээр хугацаатай гаргаж болно.

4.8. Корпорациас хэрэгжүүлэх Тухайн төслийг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны шийдвэрээр Корпорациас гаргасан хүсэлтээр Монгол Улсын УИХ, Засгийн газар хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулах ажлыг хамтран зохион байгуулах эрх нь нээлттэй.

4.9. Корпорац газар, ус, дэд бүтэц, байгалийн баялаг ашигласны төлбөрийг төсөл, хөтөлбөр бүр дээр тус бүрд нь тооцож төлнө.

4.10. Корпорац нь ашигт малтмалын орд бүр дээр нөөц, стратегийн болон эдийн засгийн ач холбогдолын үнэлгээ, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, бүтээгдхүүний борлуулалтын төслийг боловсруулан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас болон Улсын Их хурлаас дэмжсэн шийдвэр гаргуулснаар орд газрыг эзэмшин ашиглах зөвшөөрлийг авна.

4.11. Корпораци нь эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийг түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнээр хангах үүрэг хүлээнэ.

4.12. Корпораци нь байгаль орчинд халгүй техник, технологи хэрэглэж монгол орны байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байх, хамгаалах, сайжруулах үүрэгтэй. Үүний тулд Корпорациас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр бүр дээр “Байгаль орчны үнэлгээ”-г урьдчилан хийлгүүлж, хайгуул ашиглалтын явцад гарах бүх төрлийн нөлөөлөлийг урьдчилан сэргийлж, байгаль хамгаалалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг “Байгаль орчны үнэлгээ, үйл ажиллагааны явцад гарах үр сөрөг дагавар, түүнийг арилган нөхөн сэргээж, сайжруулах төлөвлөгөө”-г түүнд зарцуулах хөрөнгийн хамт төлөвлөн уг хөрөнгийг АЖБОЯ-ны Байгалийн нөхөн сэргээлтийн тусгай санд байршуулан гүйцэтгэх засаглалын харъяалах байгууллагаар хянуулан баталгаажуулж мөрдөх ба нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар гурвалсан гэрээний үндсэн дээр хийлгэхийг зөвшөөрнө. Байгаль орчны нөхөн сэргээлтийн Гэрээний биелэлтийг Корпорац гүйцэтгэх засаглалын харъяалах байгууллагад хариуцан тайлагнана..Байгалийн нөхөн сэргээлтийн эцсийн хариуцлагыг БОАЖЯ Улсын Их Хуралд хүлээж тайлагнан зөрчил гарсан тохиолдол бүрт шүүхийн журмаар шийдвэрлүүлж ажиллана..

4.13. Корпораци нь ашигт малтмал, эрдэс баялагийг олзворлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад түүх, археологийн ховор дурсгал, олдворыг хамгаалах зорилгоор археологийн урьдчилсан хайгуул, судалгааг Гүйцэтгэх засаглалын харъяалах байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулна. Корпорацийн тухайн орчинд хэрэгжүүлэх төслийн түүх, археологийн холбогдолтой дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг Корпорацийн хөрөнгөөр мэрэгжлийн байгууллага гэрээгээр хийх бөгөөд эцсийн хариуцлагыг Гүйцэтгэх засаглалын харъяалах байгууллага Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана.

4.14. Корпорациас зөвхөн өндөр технологиор эцсийн боловсруулалт хийгдэж олон улсын стандартын шаардлага хангасан бэлэн бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох зөвшөөрлийг Улсын Их хурлаас өгнө. Экспортод гарсан бүтээгдэхүүний тайланг бүтээгдэхүүн тус бүрээр Гаалийн байгууллага ба Корпорац тусдаа гаргаж Алтан хувьцаа эзэмшигчдийн холбоо, УИХ-д тайлагнана.

4.15. Корпорациас гадаад ба дотоодын зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнийг төрөл тус бүр дээр нь Татварын байгууллага ба Корпорац тус бүрдээ гаргаж хөндлөнгийн аудитаар баталгаажуулан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбоо, УИХ-д тайлагнана.

4.16. Корпорац бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын ордын ашиглалтаас олсон орлого, ашиг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тухайн улсын татварын байгууллагаар гаргуулж хөндлөнгийн аудитаар баталгаажуулан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбоо, УИХ-д тайлагнана.

4.17. Корпорацийн техник, тоног төхөөрөмж, технологийн материалын импортын зардлын хөнгөлөлт, экспортыг дэмжих, борлуулалтын дотоод зах зээлийг хамгаалах зорилгоор татварын уян хатан системийг авч хэрэгжүүлэх эрхийг Улсын Их Хурал эдэлнэ.

4.18. Монгол улсын төр, засаг, намуудаас төр, засаг, гадаадын болон хувийн байгууллагуудын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тусгайлсан хууль, эрх зүйн акт гаргаж Корпорацийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах, боловсон хүчнийг сонгох, томилох, халах ажиллагаанд оролцохыг хориглоно.


4.19. Корпорацийг зөвхөн Улсын Их Хурлаас алтан хувьцаа гаргах зөвшөөрөл авсан корпорацид нэгтгэх, худалдах шийдвэрийг уг корпорацийн Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурал гаргах эрхтэй.

4.20. Корпорацийн хөдөлмөрийн осол, аюулгүйн ажиллагааны шаардлагыг төсөл, хөтөлбөр бүр дээр Гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, батлуулан мөрдөж тайлагнах ба эцсийн хариуцлагыг хамтран хүлээнэ.

4.21. Корпорацийн мөнгөн хөрөнгийг байршуулах банк, хөрөнгийн бирж, хэмжээ, хугацаа, хэлбэрийг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооноос тогтоож өгнө.

4.22. Корпорацийн бүх эд хөрөнгө, үйл ажиллагаа, боловсон хүчин даатгал ба давхар даатгалд хамрагдсан байна.



5. дугаар зүйл. Корпорацийн эрхлэх үйл ажиллагаа

5.1. Корпораци дараах үйл ажиллагаа явуулна:

5.1.1. Корпорац Монголын ард түмний төлөөлөл болох Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооноос олгосон эрх, УИХ-ын шийдвэрийн үндсэн дээр Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын хайгуул, ашигт малтмалын ордын ашиглалтын лицензүүдийг эзэмших, Монголын ард түмнийг төлөөлөн бизнес гэрээ байгуулах, хэрэгжүүлэх онцгой эрхийг эзэмшинэ.

5.1.2. Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалтын төсөл, санал боловсруулах, ашигт малтмалын хайгуул хийх, ордын нөөц тогтоох, ашиглалтын технологийг боловсруулах, эдийн засгийн үр ашгийг тооцоолох, байгалийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг бие дааж болон бусадтай хамтран гүйцэтгэх;


5.1.3. Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших уул уурхайн олзворлох үйлвэрлэл эрхлэн явуулж баяжмал ба түүнтэй адилтгах бүтээгдэхүүн гарган авах; уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, гэрээний төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхлэнэ

5.1.4. Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших уул уурхайн баяжмал ба түүнтэй адилтгах бүтээгдэхүүнийг гүн боловсруулж хүнд ба хөнгөн, дунд, жижиг үйлдвэрлэлийн анхдагч түүхий эдийг гаргах үйлдвэрлэл эрхлэх буюу эрхлэх боломжийг бусдад гэрээгээр олгоно. Корпорац ашигт малтмалын ордыг ашиглах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах зориулалттай мэрэгжлийн төрөлжсөн охин компаниудаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа дамжуулан явуулна. Уг компаниуд Корпорациас төсөвлөсөн хөрөнгөөр зөвхөн гэрээгээр мэрэгжлийн ажил гүйцэтгэх, бусдаар гүйцэтгүүлэх эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Энэ гэрээг “Ашигт малтмалын ажил гүйцэтгэх ба гүйцэтгүүлэх тогтвортой байдлын гэрээ” хэмээн нэрийдэх бөгөөд гэрээнд төсөл хөтөлбөр, түүний судалгаа, эдийн засгийн үр ашгийн тооцоо, технологийн баримт бичгүүд, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтийн хөтөлбөр хавсаргагдан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурал, УИХ-аар батлагдсаны дараа хууль, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болно. Охин компаниуд ба гэрээгээр ажил гүйцэтгэгч байгууллагууд ашигт малтмалын ордыг эзэмших лицензийг эзэмшихгүй, тухайн төсөл хөтөлбөрт заагдсан ажлыг гүйцэтгэх хүрээнд бие даасан бизнесийн үйл ажиллагааг явуулахгүй, хөрөнгө төвлөрүүлэхгүй, борлуулалт хийхгүй. Төсөл, хөтөлбөрт заагдаагүй бизнес үйл ажиллагааг гэрээгээр ажил гүйцэтгэгч бие дааж чөлөөтэй эрхэлж болох боловч түүнээс гарах үр дагаварыг Корпорац хариуцахгүй. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэнд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүргийг хүлээнэ.

5.1.5. Монгол улсад бүртгэлтэй хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийг өөрийн орны эрдэс баялгийн түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнээр хангана.

5.1.6. Уул уурхайн ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын, боловсруулах үйлдвэрлэлийн болон байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж ашиглалт ба боловсруулалтын батлагдсан технологийн мөрдөлт, хугацаа, төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, Монгол улс, монголын ард түмний эдийн засгийн ашиг, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтэд гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, ноцтой зөрчигдсөн тохиолдолд гэрээ цуцлах, энэ хууль гарахаас өмнө олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг хураах, хүчингүй болгох саналыг боловсруулан Алтан хувьцаа эзэмшигчдийн хурал, УИХ-аар оруулан шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулна.

5.1.7. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, бүтээгдэхүүний гүн боловсруулалт, жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах, түүний хувьчлал, мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэгт хөндлөнгийн хяналт тавих ажилд тухайн чиглэлээр мэрэгжсэн төрийн бус байгууллагуудыг шалгарсан төсөл, хөтөлбөртэйгөөр гэрээний үндсэн дээр өргөнөөр татан оролцуулж Корпорацийн жилийн нийт ашгийн 1%-иар санхүүжүүлнэ. Энэ ажлыг Хяналтын зөвлөл зохион байгуулж Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд тайлагнана.

5.1.8. Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын ордыг ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор дотоодын ба гадаадын санхүү, хөрөнгийн зах зээл, гадаад улс, олон улсын байгууллагуудаас хөрөнгийг татан төвлөрүүлэх, хөрөнгө оруулах үйл ажиллагааг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр эрхлэх;

5.1.9. Дотоод болон гадаад худалдааг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар батлагдсан төсвийн хүрээнд эрхэлж сар бүр тайлан гарган аудитаар баталгаажуулж ажиллана.

5.1.10. Хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхэлнэ.

5.2. Корпораци дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

5.2.1. Улс төр, шашны үйл ажиллагаа явуулах;

5.2.2. Улс төрийн нам эвсэл, хөдөлгөөн, шашны байгууллагад хандив өгөх;

5.2.3. Байгаль орчныг бүрэн хэмжээгээр нөхөн сэргээх боломжгүй технологи ашиглах;

5.2.4. Согтууруулах, мансууруулах бодисын үйлдвэрлэлийг явуулах, дэмжих.

6. дугаар зүйл. Корпорацитай харилцах төр, засаг, гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын харилцаа

6.1. Корпорацийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг эхлэн явуулахад нь төр, засгаас гадаад ба дотоод харилцаа, санхүү, эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ.

6.2. Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг тогтоож хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн Корпорацид олгоно.

6.3. Монгол улсын төр, засгаас ижил үйл ажиллагаа явуулах Корпорацийг олноор байгуулж хүч тарамдуулахгүй. Мөн ганцхан Корпорац байгуулж эрсдлийг дангаар нь үүрүүлэхгүй.

6.4. Монгол улсын төр, засгаас гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хамтарсан Корпорац байгуулахгүй, байгуулах зөвшөөрөл өгөхгүй..

6.5. Монгол улсын төр, засгаас хувийн өмчийн Корпорац байгуулахыг дэмжихгүй, зөвшөөрөхгүй.

6.6. Монгол Улсын Төр, Засгийн газар Корпорацийн үйл ажиллагааг дэмжиж стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг түшиглэн Корпорацийн байгуулсан уурхай, үйлдвэр бүрийг анх байгуулах үед нь тогтвортой байдлын гэрээг байгуулж татварын тодорхой хөнгөлөлтийг үзүүлнэ.

6.7. Монгол Улсын Засгийн газар Корпорацийн арилжааны хувьцааг худалдан авах, зарж борлуулах, барьцаалах зэргээр аж ахуй, бизнесийн үйл ажиллагааг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны зөвшөөрлөөр Корпорацтай байгуулсан гэрээний үндсэн дээр явуулж болно.

6.8. Корпорац төрд монгол улсын бусад аж ахуйн нэгжүүдийн адил татвар төлнө.

6.9. Монгол улсын төр, засаг нь корпорацийн үйл ажиллагааг дотоодын болон олон улсын харилцаагаараа байнга дэмжиж, сурталчилна. Бэлэн бүтээгдэхүүн борлуулах ажилд Засгийн газар Корпорацтай урьдчилан тохиролцсон нөхцөлтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж Монголын ард түмний эрх ашигт яв цав нийцсэн, бизнесийн ашигтай үйл ажиллагаа явуулж болно. Уг бизнес гэрээ нь Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр баталгаажсан тохиолдолд заагдсан хүрээнд бизнес үйл ажиллагаа явагдах харилцаа зөвшөөрөгдөж, хэрэгжиж эхэлнэ. Гэрээний биелэлтийг хянах үйл ажиллагааг Хяналтын зөвлөл хэрэгжүүлж Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд гэрээнд заагдсан хугацаанд тайлагнана.

6.10. Төр, засгаас бодлого, техник, технологийн оролцоогоор корпорацитай харьцана. Төр, засгаас гаргасан шийдвэр, бодлого нь Корпорацийн үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байвал Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр хүлээж авахгүй байх эрх эдэлнэ.

6.11. Монгол улсын болон бусад улс орнуудын төр, засаг Корпорацтай явуулах харилцаагаа хамтарсан баримт бичиг гаргаж, гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ. Гэрээ нь дотоодод УИХ-аар, гадаадад тухайн улсын парламентаар хэлэлцэгдэн батлагдсан байна. Уг гэрээ Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар батлагдсаны дараа Корпорацийн үйл ажиллагаанд хэрэгжих хүчин төгөлдөр баримт бичиг болж мөрдөгдөнө. Энэ зарчим олон улсын байгууллагатай харилцах харилцаанд ижил мөрдөгдөнө.

6.12. Корпорац нь газар өмчлөх эрхгүй. Зөвхөн тодорхой хугацаагаар үйл ажиллагаа явуулахад шаардлагатай газрыг Алтан хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрээр хугацаатай эзэмших эрх эдэлнэ.

6.13. Корпорац нь ашигт малтмалын ордыг ашиглалтгүйгээр шууд худалдах эрх эдлэхгүй. Зөвхөн ашигт малтмалын ашиглалт ба гүн боловсруулах үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор тухайн ордуудын нөөцийг тодорхой хугацаатайгаар барьцаалах эрхийг Алтан хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрээр олж авна..

6.14. Төр, засгаас ашигт малтмалыг эрэх хайх, ашиглах, гүн боловсруулах үйл ажиллагааг зөвхөн Корпорациар дамжуулан хэрэгжүүлнэ.

6.15. Монгол улсын ба бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын хайгуул, ордын мэдээлэлийн санг Монгол улсын төр, засаг болон Корпорац хамтран байгуулж ижил эрхтэйгээр ашиглана..

6.16. Төр, засгаас өндөр цалинтай ажлын байрыг олноор бий болгох зорилтыг корпорацид байнга тавьж байх бөгөөд монгол улсын иргэдийг удирдах, инженер техникийн болон технолог, худалдаа, шинжилгээ судалгааны ажилд түлхүү оролцуулах бодлогыг корпорац хэрэгжүүлнэ. Өндөр мэрэгжлийн удирдах болон инженер техникийн ажилтан, ажилчид бэлтгэхэд төр ба корпорац хамтран ажиллана.

6.17. Корпорацийн жилийн нийт ашгийн 5%-ийг шинжлэх ухааны нээлт, бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулах ажилд төсөвлөн зарцуулахдаа шалгарсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зарчмаар хэрэгжүүлнэ.

6.18. Монгол улсын урлагийн салбарын хөгжилд Корпорацийн жил бүрийн нийт ашгийн 1%-ийг зарцуулж Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд тайлагнана.

6.19. Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө Корпорацийн бүтээн цогцлоосон дэд бүтцийн болон нийгэм, соёлын зориулалттай барилга, байгууламж, зарцуулсан хөрөнгийг төрд төлөх татварт оролцуулан тооцуулах тухай хүсэлтийг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас жил бүр гаргаж Улсын Их Хурлаар шийдвэрлүүлнэ.

6.20. Корпорац нь энэ хуулинд тусгайлан зааснаас бусад бүх төрлийн харилцаанд монгол улсын бусад аж ахуйн нэгжийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

7. дугаар зүйл. Мэдээллийн нээлттэй байдал

7.1. Корпорацийн үйл ажиллагаа, санхүү, удирдлагатай холбоотой мэдээлэл олон нийтэд нээлттэй байна. Мэдээлэлийн цахим ба бичиг баримтын сан нь ашигт малтмалын ордуудын, төсөл хөтөлбөрийн судалгаа, хэрэгжилтийн, Корпорацийн үйл ажиллагааны, Алтан ба арилжааны хувьцаа эзэмшигчдийн гэсэн үндсэн хэсгүүдэд хуваагдаж байнга шинэчлэгдэн баяжигдаж байх ажлыг Удирдах зөвлөл Гүйцэтгэх захиралтай хамтран хэрэгжүүлж Хяналтын зөвлөл хянаж ажиллан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд тус бүрдээ тайлагнана. Мэдээлэлийн сангийн нууц байх шаардлагатай тухайн мэдээлэлийн ба баримт бичгийн нууцлах болсон шалтгаан, нууцлалын зэрэглэл, нууц байх шаардлагатай хугацааг Корпорацийн Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн хүсэлтээр Хяналтын зөвлөл тогтоож Алтан хувьцаа эзэмшигчдын холбооны хурлаар баталгаажуулан мөрдөнө. Архивыг Удирдах зөвлөл бүрдүүлж Хяналтын зөвлөл хариуцан ажиллана.

7.2. Корпораци нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, Корпорацийн удирдах байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол шийдвэр, тушаал болон бусад бичиг баримттай танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчдэд олгоно.

7.3. Корпорац нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн шаардлагыг хангасан санхүүгийн тайланг сар тутам нийтэд хэвлэлээр нээлттэй мэдээлэх үүрэгтэй. Хэрэгжилтийн хяналтыг Хяналтын зөвлөл хариуцан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд тайлагнана. Санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаж нээлттэй тайлагнаагүй тохиолдолд Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөл шууд огцорсноор тооцож Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас томилогдсон ажлын хэсэг хөндлөнгийн аудитын шалгалтыг Корпорацд оруулж, дүгнэлтийг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд танилцуулан дараагийн шийдвэрийг гаргуулна.

7.4. Арилжааны хувьцааны томоохон багцыг эзэмшигчдэд Корпорацын талаар хангалттай мэдээлэл агуулсан гарын авлага, шинэ төсөл хөтөлбөрийн танилцуулгыг илгээх ажлыг Удирдах зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ. Интернетэд веб хуудсыг байнгын ажиллагаатай, мэдээлэл нь сар бүр шинэчлэгддэг, эргэх холбоотой, хувьцаа эзэмшигчдэд зориулсан хуудас нь түлхүүр үгээр нээгддэг байдлаар байрлуулж ажиллуула.

8. дугаар зүйл. Санхүүгийн тайлан

8.1. Корпорацийн санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого, зарлагын болон мөнгөн хөрөнгийн хөдлөлийн тайлан, тайлбар, тодруулгаас бүрдэнэ.

8.2. Корпорацийн санхүүгийн тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

8.2.1. Тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн ҮТА-аас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байх;

8.2.2. Санхүүгийн тайланг энэ хэсгийн 1-д заасны дагуу үнэн зөв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн огноог тэмдэглэж, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

8.2.3. Санхүүгийн тайланг улирал бүр олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байх.

9. дүгээр зүйл. Корпорацийн хувь нийлүүлсэн хөрөнгө

9.1.Корпорацийн балансанд тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн нийт дүнгээс арилжааны хувьцааны хөрөнгө болон өр төлбөрийг хасаж үлдсэн хэсгийг Корпорацийн өөрийн хөрөнгө буюу алтан хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө гэнэ.

9.2.Корпорацийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар тухай бүр шийдвэрлэнэ.

9.3.Корпорацийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51-ээс дээш хувийг Монгол Улсын иргэн бүрт ижил хэмжээтэйгээр алтан хувьцаагаар дамжуулан өмчлүүлнэ.

10. дугаар зүйл. Корпорацийн алтан хувьцаа ба арилжааны хувьцаа

10.1. Корпорацийн хөрөнгөөр баталгаажсан хувьцаа нь алтан ба арилжааны гэсэн хоёр төрөл байна. Корпорацийн алтан хувьцаа нь уг корпорац дахь Монгол улсын иргэний хөрөнгийг баталгаажуулсан, санал өгөх болон ногдол ашиг авах эрхийг гэрчилсэн нэрийн үнэт цаас болно. Нийт алтан хувьцаанд оногдох корпорацийн хөрөнгө нь корпорацийн бүх хөрөнгийн 51%-иас дээш байна. Корпорацийн нийт хөрөнгөнд эзэмшиж буй ордын нөөцийн хөндлөнгийн этгээдээр баталгаажуулсан зах зээлийн үнэлгээ орно.

10.2. Корпорацийн алтан хувьцааг зөвхөн Монгол улсын иргэн эзэмших эрхтэй. Корпорац бүрд монгол улсын иргэн алтан хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна.

10.3. Корпорацийн алтан хувьцааг Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин суугч, Монгол улсын бүх иргэнд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ.

10.4. Шинээр төрсөн Монгол улсын иргэнд нэмж алтан хувьцаа гарган олгоно. Алтан хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд түүний хувьцаа тухайн өдрөөр хүчингүй болж уг алтан хувьцаанд ноогдох үлдэгдлийг гэрээслэлд заасан хуулийн этгээдэд, гэрээслэл хийгдээгүй тохиолдолд хууль ёсны өв залгамжлагчид олгоно.

10.5. Корпорацийн алтан хувьцаа нь худалдах, арилжих, өв залгамжлуулах, барьцаалах зэрэг өмчийн харилцаанд орохгүй. Зөвхөн ноогдол ашиг авах, корпорацийн үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэгдэнэ.

10.6. Ашигт малтмалын ордуудыг ашиглах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд борлуулахад шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэхэд зориулж арилжааны хувьцааг гарган дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр арилжина. Монгол улстай хамтран ажиллаж, Монголын ард түмний өмчлөлийн ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бизнес үйл ажиллагаанаас ашиг олохыг сонирхсон гадаад улс орнууд, бүх төрлийн өмчлөлийн хуулийн этгээдүүд энэхүү хувьцаагаар дамжуулан хөрөнгөө оруулж ашгаа хүртэнэ. Корпорациас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зарцуулах өөрийн хөрөнгө хангалттай байгаа тохиолдолд арилжааны хувьцааг нэмж гарган алтан хувьцаанд ноогдох ашгийг бууруулахыг хориглоно. Корпорац гаргасан хувьцаагаа аль болох буцаан худалдаж авч арилжааны хувьцааны ханшийг өсгөх, арилжааны хувьцаа эзэмшигчдээс эдийн засгийн хараат байдлаа бууруулах арга хэмжээг жил бүр төлөвлөн Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар шийдвэрлүүлэн хэрэгжүүлнэ.

10.7. Корпорацийн арилжааны хувьцаанд ноогдох хөрөнгийн хэмжээ Корпорацийн нийт хөрөнгийн 49%-иас ихгүй байна.

10.8. Корпорацийн арилжааны хувьцаагаар төвлөрүүлсэн хөрөнгийг зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээрх ашигт малтмалын ордуудыг ашиглах, гүн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, түүнд шаардлагатай дэд бүтцийг байгуулах, бүтээн цогцлооход Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр дэмжигдэн батлагдсан төсвийн дагуу зарцуулж, нээлттэй тайлагнана.

10.9. Корпорацийн алтан ба арилжааны хувьцааны харьцах эквивалентийг санхүүгийн тайланг үндэслэн Алтан хувьцаа эзэмшигчидийн холбоо сар бүр нээлттэй зарлана.

10.10. Алтан хувьцааныхаа 10 хүртэлх жилийн ноогдол ашгийг барьцаалан алтан хувьцаа эзэмшигчид нь дангаараа ба хоршиж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах, ажлын байр бий болгохыг зөвшөөрнө. Уг зээлийн баталгааг Корпорац Засгийн газартай хамтран байгуулсан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тусгай сангийн хөрөнгийн хэмжээнд гаргана. Уг зээлийг бэлэн мөнгөөр гаргахгүй, “Түлхүүр хүлээж авах” зарчмаар тохиролцон Корпорац, Засгийн газар, алтан хувьцаа эзэмшин бизнес эрхлэгчийн эрх тэгш хамтран байгуулсан төслийн гурвалсан гэрээг хэрэгжүүлэх явцад бүтээн байгуулсан жижиг, дунд үйлдвэрлэлийн барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг барьцаалах аргаар олгоно. Энэхүү зээл бизнесийн даатгал ба давхар даатгалд хамрагдсан байна.

10.11. Корпорацийн илүүдэл хөрөнгөөр байгуулагдсан дээрх тусгай сангаас Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар дэмжигдсэн тусгай төсөл, хөтөлбөрүүдийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний газруудыг барьж байгуулан уг хөрөнгөөр баталгаажсан жижиг хувьцаат компаниудыг үүсгэн байгуулж алтан хувьцаа эзэмшигчдэд менежментийн хувьчлалаар эзэмшүүлэн, цаашид тэдэнд хувьчлах ажлыг Корпорац УИХ, Засгийн газартай жил бүр хамтран хэрэгжүүлнэ.

11. дүгээр зүйл. Алтан хувьцаа эзэмшигчдийн бүртгэл

11.1. Монгол улсын иргэн алтан хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, алтан хувьцааны гэрчилгээг гардан авснаар алтан хувьцаа эзэмшигч болно.

11.2. Алтан хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлийг Удирдах зөвлөл өрх айл бүрээр хаягийн хамт данслан хөтөлж явуулна. Хувь хүний бүртгэлийн нууцлалыг хангах зорилгоор веб хуудсанд тавигдсан уг бүртгэлийн мэдээлэлийн санд алтан хувьцаа эзэмшигчид өөрсдийн мэдээлэлийг хэрхэн бүртгэгдэн байршсан байдлыг хувийн нууц үг ашиглан нэвтэрч нээлттэй үзэж болохоор хийгдсэн байх шаардлагатай.

11.3. Алтан хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлийг сар бүр шинэчилж тооцоо, судалгааг бүх нийтэд ил байлгана.

11.4. Энэ хуулийн 10.3-д заасан монгол улсын иргэн дараахь баримтыг бүрдүүлж алтан хувьцаа эзэмшигчийн бүртгэлд бүртгүүлнэ. Үүнд:

11.4.1. Иргэний үнэмлэх/хүүхдийн төрсний гэрчилгээ/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

11.4.2. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн буюу түүнтэй адилтгах баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

11.4.3. Тухайн сум, хороонд оршин суугааг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

11.4.4. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.

11.4.5. Хүүхэд асран хүмүүжүүлэх улсын болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг асрамжийн байгууллагад хүмүүжиж байгаа бүтэн өнчин эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тогтоогдоогүй хүүхдийг тухайн байгууллагын тодорхойлолт.

12. дугаар зүйл. Алтан хувьцаа эзэмшигчдийн эрх, үүрэг

12.1. Алтан хувьцаа эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ. Үүнд:

12.1.1. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар санал өгөх;

12.1.2. Алтан хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчөөр сонгогдох;

12.1.3. Ногдол ашиг авах;

12.1.4. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах.

12.1.5. Алтан хувьцаа эзэмшигчид нь хувьцааны тооноос үл хамааран саналын нэг эрхтэй байна.

12.1.6. Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн эрхийг түүний өмнөөс Иргэний хуулийн дагуу хууль ёсны төлөөлөгч хэрэгжүүлнэ.

12.1.7. Алтан хувьцааныхаа ноогдол ашгаар арилжааны хувьцаа худалдан авч ашиг орлогоо нэмэгдүүлэх;

12.1.8. Алтан хувьцааны 5-10 жилийн орлогоо барьцаалан бизнес инкубаторын төсөл хөтөлбөрт дангаар болон хоршиж хамрагдан лизингээр үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын байр, тоног төхөөрөмж авч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

12.2. Алтан хувьцаа эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:

12.2.1. Өөрийгөө болон өөрийнхөө хууль ёсны хариуцлагад хамрагдах монгол улсын иргэний бичиг баримтыг бүрдүүлж алтан хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд бүртгүүлнэ.

12.2.2. Өөрийн болон өөрийнхөө хууль ёсны хариуцлагад харъяалагдах монгол улсын иргэний мэдээлэл мэдээлэлийн нэгдсэн санд орсон эсэхийг нягтлана.

12.2.3. Ноогдол ашгийн хуваарилалтад хяналт тавина.

12.2.4. Эх орны байгалийн унаган төрх алдагдахаас сэргийлэх, ашигт малтмалын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, хямгатай зөв ашиглах, гарсан зөрчил дутагдлыг арилгахад санаачилгатай оролцох үүрэгтэй.

12.2.5. Энэхүү хууль болон Корпорацийн дүрэм, тэдгээрийг дагалдан гарах эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтэнд хяналт тавин гарсан зөрчил дутагдлыг арилгахад өөрөө болон төлөөлөлөөрөө дамжуулан ажиллах үүрэгтэй.

12.2.6. Энэ хууль хэрэгжсэнээр Алтан хувьцаа эзэмшигч болох Монгол улсын иргэн танд олгогдох эдийн засгийн өргөн эрх чөлөөгөө улам батжуулахын тулд жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг өрхийн болон бусадтай хорших хэлбэрээр байгуулан импортыг орлох, экспортод тэнцэн олон улсын хэмжээнд төвөггүй борлогдох нэмүү өртөгийг бий болгодог бизнес эрхэлж амьжиргаагаа бусдын гар харалгүй бие дааж авч явах, элбэг хангалуун амьдрах, хойч үеэ сургаж хүмүүжүүлэн эрүүл чийрэг, эрдэм, дадлага төгс иргэдийг бэлтгэхэд Монгол улсын төр, засаг, Корпорацтай сэтгэл шулуудан, гар нийлж шударгаар хамтран ажиллаж, хөгжих үүрэгтэй.

13. дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах

13.1. Ногдол ашгийг жил бүр хуваарилна.

13.2. Ногдол ашиг хуваарилах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана. Удирдах зөвлөл нь ногдол ашиг хуваарилахдаа хувьцаа бүрт ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах, бүртгэлийн өдөр болон ногдол ашиг төлөх өдрийг тогтоож энэ тухай хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчдийн хуралд мэдэгдэнэ.

13.3. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигч бүрийн нэр дээр нээсэн нэрийн дансаар дамжуулан ижил хэмжээний ногдол ашиг бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилна.

13.3.1. Ногдол ашиг хуваарилах хугацаанд эрүүгийн ял эдэлж буй иргэдийн алтан ба арилжааны хувьцааны ногдол ашгийг түүний бусдад учруулсан хохиролыг төлөхөд зарцуулах шийдвэрийг шүүх гаргаж Шүүхийн шийдвэр биелүүлэх газар хэрэгжүүлнэ. Арилжааны хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулж болохгүй. Хохиролыг төлөөд үлдсэн хөрөнгийг тусгай дансанд хуримтлуулж суллагдсаны дараа олгоно

13.3.2. Тухайн жилийн 8 сараас илүү хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаагүй /гадаадад их дээд, дунд мэргэжлийн сургуульд суралцагсад болон тэдгээрийн гэр бүл, дипломат болон төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүл, шинээр төрсөн хүүхдэд үл хамаарна/ хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй..

13.4. Корпораци ногдол ашиг хуваарилах шийдвэрт ашгийг хуваарилах хугацааг тодорхойлох бөгөөд ногдол ашгийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Ногдол ашгаа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Алтан хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлээр корпорац алданги нэмж төлөх бөгөөд үүнээс шалтгаалан корпорацид учирсан хохирлыг Корпорацийн Гүйцэтгэх удирдлага хариуцна.

13.5. Корпораци дор дурдсан тохиолдолд ногдол ашиг хуваарилна. Үүнд:

13.5.1. Ногдол ашиг төлсний дараа Корпорац нь хэвийн үйл ажиллагаа явуулах санхүү, төлбөрийн чадвартай байх;

13.5.2. Ногдол ашиг хуваарилж төлсний дараа Корпорацийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 9.1-д заасан хэмжээнээс багагүй байх.

14. дүгээр зүйл. Корпорацийн удирдлага, зохион байгуулалт

14.1. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбоо

14.1.1. Корпорацийн нийт алтан хувьцаа эзэмшигчид алтан хувьцаа эзэмшигчдийн холбоогоор дамжуулан корпорацийн удирдлагад оролцож, хяналтыг хэрэгжүүлнэ.

14.1.2. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны удирдах байгууллага нь Холбооны Төлөөлөгчдийн Хурал байна.

14.1.3. Сум, дүүрэг бүрт алтан хувьцаа эзэмшигчдийн салбар холбоодыг байгуулна. Аймаг, хотын холбооны хурлын гишүүдийг тухайн сум, дүүргийн харъяа баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас тус бүр нэг гишүүн сонгож бүрдүүлнэ. Сум, дүүргийн холбооны гишүүд дундаасаа Холбооны төлөөлөгчдийн хурлын гишүүдийг ил санал хураалтын зарчмаар сонгоно. Сум, дүүргийн нийт хувьцаа эзэмшигчдийн тооноос хамаарч сонгох төлөөлөгчдийн тоо харилцан адилгүй байх бөгөөд тавин мянган хүн тутамд нэг төлөөлөгч байхаар тооцно.

14.1.4. Баг, хорооны иргэдийн нийтийн хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу явагдана.

14.1.5. Тухайн баг, хорооны хэд хэдэн иргэд нэгдэн Баг, хорооны иргэдийн нийтийн хуралд Корпорацитай холбоотой асуудлаар өөрсдийн өмнөөс санал өгөх эрхтэй төлөөлөгчийг томилон оролцуулж болно. Баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар Корпорацитай холбоотой асуудал хуралд оролцогч бүр өөрийн болон хууль ёсны төлөөлүүлэгч, итгэмжлэгдсэн төлөөлүүлэгчдийн эзэмшиж буй хувьцааны тоогоор саналын эрхтэй оролцоно.

14.1.6. Аймаг, хотын салбар холбоодын хурлыг тухайн аймаг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж хуралдуулна. Хурлаар салбар холбоодын тэргүүлэгчдийг сонгоно. Холбооны хурлыг хурлын тэргүүлэгчид зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн хурлын тэргүүлэгчдийн санаачилгаар ээлжит бус хурлыг хуралдуулж болно.

14.1.7. Аймаг, хотын салбар холбоодын хуралдаанд гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

14.1.8. Аймаг, хотын салбар холбоодын хуралдаан дараахь асуудлыг шийдвэрлэх эрхтэй:

14.1.9. Холбооны төлөөлөгчдийг сонгох;

14.1.10. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар өөрийн саналыг боловсруулж Холбооны төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх;

14.1.11. Холбооны төлөөлөгчдийн хурлаас салбар холбоодоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг хэлэлцэж санал явуулах.

14.1.12. Холбооны төлөөлөгчдийн анхдугаар хурлыг Монгол Улсын Их Хурал зохион байгуулж явуулах бөгөөд цаашид Корпорацийн Удирдах зөвлөл зохион байгуулна.

14.1.13. Корпорацийн Удирдах зөвлөл Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлыг хугацаанд нь хуралдуулаагүй тохиолдолд уг зөвлөлийг шууд татан буугдсанаар тооцож дараагийн хурлыг холбооны төлөөлөгчид 7 хоногийн дотор зарлан хуралдуулж шинэ Удирдах зөвлөлийг сонгон ажиллуулна.

14.1.14. Корпорацийн гүйцэтгэх захиралын санаачлагаар шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

14.1.15. Холбооны төлөөлөгчдийн хуралдаан жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Холбооны төлөөлөгчдийн хурал дараах асуудлыг шийдвэрлэнэ:

14.1.15.1. Холбооны дараагийн хурлын хугацаа, хэлэлцэх асуудлыг тогтооно

14.1.15.2. Удирдах зөвлөлийн зарим гишүүдийн хийх ажил, гүйцэтгэх үүргийг тогтоох

14.1.15.3. Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг томилох, чөлөөлөх

14.1.15.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох;

14.1.15.5. Корпорацийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэн санал өгөх;

14.1.15.6. Корпорацийн жилийн тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх;

14.1.15.7. Корпорацийн удирдлагын бүтэц, дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах;

14.1.15.8. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлууд.

14.1.15.9. Корпораци нь шаардлагатай тохиолдолд Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр Компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн байгуулагдаж, татан буугдана.
14.1.15.10. Корпорацийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан төр, засаг, олон улсын болон бусад зүтгэлтэн иргэдийг шагнаж урамшуулах


14.2. Удирдах зөвлөл

14.2.1. Корпорацийн байнгын удирдлагыг хэрэгжүүлэх байгууллага нь Удирдах зөвлөл байна.

14.2.2. Удирдах зөвлөл 27 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүнийг Хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас сонгоно. Удирдах зөвлөлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг, хариуцах ажлыг хугацаатайгаар төлөвлөж Хяналтын зөвлөлөөр зөвшөөрүүлсний үндсэн дээр Корпорацийн алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар хүн нэг бүр дээр хэлэлцүүлж батлан ажиллуулна.

14.2.3. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

14.2.4. Удирдах зөвлөлийн бvрэлдэхvvнд улс төрийн болон төрийн жинхэнэ албаны ажилтан, нам, хөдөлгөөний удирдах албан тушаалтнууд орж vл болно.

14.2.5. Удирдах зөвлөлийн даргыг гишүүд дундаасаа нууц санал хураалт явуулах замаар гишvvдийн олонхийн саналаар сонгоно.

14.2.6. Удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:

14.2.6.1. Тухайн ажлыг хариуцах мэрэгжил, боловсрол, ажлын дадлага туршлагатай байна

14.2.6.2. Татварын болон бусад хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөргүй байх;

14.2.6.3. Ял шийтгэлгүй байх;

14.2.6.4. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь корпорацийг удирдахад харшлахгүй байх.

14.2.7. Удирдах зөвлөлийн дарга, гишvvн нас барах, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох, өөр ажилд томилогдох, хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчих болон бусад тохиолдолд Хяналтын зөвлөлийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө эгvvлэн татах саналыг холбооны хуралд гаргаж ажлын 14 хоногт шийдвэрлүүлнэ.

14.2.8. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.8.1. Хувьцаа эзэмшигчдийн холбооны болон холбооны төлөөлөгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

14.2.8.2. Хувьцаа эзэмшигчдийн холбооны төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй гишүүдийг тодорхойлох бүртгэлийн өдөр болон холбооны төлөөлөгчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;

14.2.8.3. Шинээр хувьцаа гаргах, хувьцааг энэ хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох;

14.2.8.4. Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;

14.2.8.5. Корпорацийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл тэдгээрт олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;

14.2.8.6. Корпорацийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах;

14.2.8.7. Ногдол ашгийн хэмжээ болон түүнийг төлөх журмыг тодорхойлох;

14.2.8.8. Дотоод хяналтын алба байгуулах

14.2.8.9. Удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах;

14.2.8.10. Корпорацийн салбар болон төлөөлөгчийн газрыг байгуулах

14.2.8.11. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөн явуулах;

14.2.8.12. Компанийн тухай хуулийн 11, 12 дугаар бүлэгт тодорхойлсон их хэмжээний хэлцэл болон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;

14.2.8.13. Энэ хууль болон корпорацийн дүрмээр тогтоосон бусад асуудлууд.

15. Гүйцэтгэх удирдлага

15.1. Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг багаар эсвэл дангаар хэрэгжүүлнэ.

15.2. Гүйцэтгэх захирал, түүний багийг Удирдах зөвлөлөөс олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах замаар тодруулж хяналтын зөвлөлийн зөвшөөрөлийг авсны үндсэн дээр холбооны хурлаар хэлэлцүүлж томилно. Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас боловсруулсан төслөөр нийт алтан хувьцаа эзэмшигчид хэлэлцэн саналаа ирүүлсний үндсэн дээр уг холбооны хурлаар хэлэлцэн баталж мөрдөнө

15.3. Гүйцэтгэх Захирал Удирдах зөвлөлтэй гэрээ байгуулж ажиллана. Гэрээний төсөл нь Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар дэмжигдсэний үндсэн дээр Удирдах зөвлөлд Гүйцэтгэх захирал, түүний багтай гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдоно. Гэрээний төсөл дэмжигдээгүй тохиолдолд дараагийн Гүйцэтгэх захиралыг сонгон шалгаруулах уралдааныг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна. Дахин сонгон шалгаруулалтаар тодорсон Гүйцэтгэх захирал, түүний багийн гэрээний төсөл Алтан хувьцаа эзэмшигчдийн хурлаар дэмжигдсэн тохиолдолд өмнөх Удирдах зөвлөл татан буугдаж шинэ Удирдах зөвлөлийг сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж явуулсан ажлын хэсгээс томилон ажиллуулна.

15.4. Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг Гүйцэтгэх удирдлага хангуулна.

15.5. Гүйцэтгэх удирдлага дор дурьдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

15.5.1. Удирдах зөвлөлтэй байгуулсан, тухайн жилд корпорацийн үр ашгийн талаар төлөвлөсөн үзүүлэлтийг ханган биелүүлнэ;

15.5.2. Улсын Их Хурал, Засгийн газар, бусад улс, Олон улсын болон бизнесийн байгууллагуудтай Монгол улсын ба бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын хайгуул, ордыг дангаар ба хамтран ашиглах төсөл, хөтөлбөрүүдийн судалгаа, тооцоо, ТЭЗҮ, хууль эрх зүйн орчны болон удирдлага, хөрөнгө оруулалт, менежмент, маркетингийн төлөвлөгөө, боловсруулалтыг хийх, хэрэгжүүлэх, хугацаанд нь зарцуулсан хөрөнгийн хамт тайлагнах

15.5.3. Стратегийн ач холбогдолтой орд газруудын хайгуул, судалгаа, ашиглалт, нөөц тогтоолт хийх, хийлгэх талаар Улсын Их Хурлаас зөвшөөрөл авах

15.5.4. Ашигт малтмалын ордоор барьцаалан арилжааны хувьцаа гаргах зөвшөөрөлийг Улсын Их Хурлаас авах

15.5.5. Корпорацийн ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, ажил, амьдралд нь туслах хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна;

15.5.6. Ажлын явц, хэтийн төлөв, бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаар санал боловсруулж Удирдах зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэх;

15.5.7. Ноогдол ашиг хуваарилах санал боловсруулах

15.5.8. Энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана;

15.5.9. Төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;

15.5.10. Тогтоосон журмын дагуу Корпорацийн нэр дээр банкинд харилцах данс нээх;

15.5.11. Корпорацийг төлөөлж бусад байгууллагатай харилцах, хэлцэл хийх, гэрээ байгуулах;

15.5.12. Корпорацийн цалингийн сан, зардлын төсвийг үндэслэн мэргэжилтэн, удирдах ажилтны тооны харьцааг баримтлан, албан тушаалтны цалинг тогтоож батлах;




16. дугаар зүйл. Үйл ажиллагааны хяналт

16.1. Корпорацийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг Хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ. Хяналтын зөвлөлийн гишүүдийг Холбооны төлөөлөгчдийн хурал томилно. Хяналтын зөвлөл Холбооны төлөөлөгчдийн хуралд ажлаа тайлагнана.

16.2. Хяналтын зөвлөл 9 гишүүнтэй байна. Гишүүнийг 6 жилийн хугацаагаар Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас томилно.

16.3. Хяналтын зөвлөлийн эрх үүрэг, үйл ажиллагаа явуулах журмыг Корпорацийн дүрмээр тогтооно.

16.4. Корпорацийн санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийх зорилгоор гэрээний үндсэн дээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитыг жил бүр Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр хийлгэнэ.

16.5. Дотоод аудиторыг Хяналтын зөвлөл сонгож, түүнтэй гэрээ байгуулан ажиллуулна. Хөндлөнгийн аудитын шалгалтаар корпорацийн үйл ажиллагаанд гарсан зөрчлийг дотоод аудит хийсэн байгууллага давхар хариуцан гарсан хохиролын 20%-ыг төлнө.

17. дугаар зүйл. Корпорацийн дүрэм

17.1. Корпорацийн дүрмийг Хувьцаа эзэмшигчдийн холбооны төлөөлөгчдийн хурал батална.

17.2. Дүрэмд дараахь зүйлийг тусгасан байна. Үүнд:

17.2.1. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны төлөөлөгчдийн хурал, Удирдах зөвлөлийн хуралдааны дэг, шийдвэр хүчин төгөлдөр болох нөхцөл;

17.2.2. Ногдол ашиг хуваарилах нөхцөл, хугацаа;

17.2.3. Корпорацийн зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хэлтэс, албадуудын чиг үүрэг, охин компаниуд тэдгээрийн мэрэгшил, ажлын хуваарь, төсөл хөтөлбөр ба тэдгээрийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам

17.2.4. Хяналтын зөвлөлийн эрх, үүрэг, үйл ажиллагааны журам;

17.2.5. Дотоод хяналтын бүтэц зохион байгуулалт;

17.2.6. Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргүүлэх асуудал;

17.2.7. Тайлан гаргах хэлбэр, хугацаа, давтамж;

17.2.8. Корпорац, түүний ажилтны нэр хүндийг хамгаалах, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон асуудал, ажилтныг сонгон шалгаруулах ажилд томилох, халах журам.


18. дугаар зүйл. Корпорацийг улсын бүртгэлд бүртгүүлэх нь

18.1. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, тэрхүү зөвлөлийн анхны хуралдааны шийдвэрээр 30 хоногийн дотор Удирдах зөвлөлийн дарга хариуцан Корпорацийг Монгол улсын Компанийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

19. дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох нөхцөлүүд

19.1. Энэхүү хуулийг Монгол улсын Улсын Их Хурлын 2009 оны ....дугаар сарын ....-ний өдрийн хуралдаанаар баталж хүчин төгөлдөр болгов.

19.2. Энэ хуулийг 2009 оны ... дугаар сарын ... -ны өдрийн Улаанбаатарын цагаар ...цагаас эхлэн нийтээр дагаж мөрдөнө.

19.3. Олон улсын болон дотоодын бүх харилцаанд энэ хуулийн монгол хэл дээрх эхийг хууль, бусад хэл дээрх орчуулгыг хуулбар хэмээн хэрэглэхээр тогтоов.

19.4. Энэ хууль батлагдан гарсантай холбогдуулан 2006 оны...дугаар сарын ...-ний өдөр батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийг 2008 оны ....дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай

19.5. Энэ хууль батлагдан гарсантай холбогдуулан 2008 оны...дугаар сарын ...-ний өдөр батлагдсан “Гэнэтийн ашгийн татварын тухай” хуулийг 2008 оны ....дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.





МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ




ИНГЭЖ ТӨСӨӨЛЖ, ТӨЛӨВЛӨЖ ХИЙСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ МААНЬ ДАРААХЬ БАЙДАЛТАЙ БОЛООД БАТЛАГДАН ГАРЧ ИРЖЭЭ.
НӨГӨӨ ШОРООГООР НЬ ЗӨӨГӨӨД БАЙГАА ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭХЭД ХЭРЭГТЭЙ ХӨРӨНГӨӨ БОСГОХ, ЭРДЭСИЙН ТҮҮХИЙ ЭДЭЭ БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ТУССАН ЗҮЙЛ БАЙНА УУ? ТУССАН БОЛ ХЭРХЭН ТУССАН ТАЛААР ТА БҮХЭН ӨӨРСДӨӨ ТУНГААНА УУ?



ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1_5_sayyaaaa
1.1.Энэ хуулийн зорилт нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор хүний хөгжил сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомж

2.1.Хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай , Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай , Засгийн газрын тусгай сангийн тухай , Төрийн болон орон нутгийн өмчийн тухай , Компанийн тухай , Үнэт цаасны зах зээлийн тухай хууль , энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ХӨГЖИЛ САН, ТҮҮНИЙГ БҮРДҮҮЛЭХ, АРВИЖУУЛАХ

3 дугаар зүйл. Хүний хөгжил сан, түүнийг бүрдүүлэх эх үүсвэр

3.1.Энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээр бүрдсэн хөрөнгийг Хүний хөгжил сан /цаашид “cан” гэх/ гэнэ.
3.2.Сангийн орлого нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
3.2.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого;
3.2.2.ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг;
3.2.3.энэ хуулийн 5.1-д заасан хөрөнгө оруулалтаас орох цэвэр ашиг;
3.2.4.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл.
3.3.Сангийн хөрөнгийг Монголбанк дахь тусгай дансанд байршуулна.
4 дүгээр зүйл. Санд хөрөнгө төвлөрүүлэх
4.1.Энэ хуулийн 3.2.1, 3.2.2, 3.2.4-т заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг ажлын гурван өдөрт багтаан мөн хуулийн 3.3-т заасан сангийн дансанд шилжүүлнэ.
5 дугаар зүйл. Сангийн хөрөнгийг арвижуулах
5.1.Сангийн хөрөнгийг арвижуулах зорилгоор дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр дараахь санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна:
5.1.1.үнэт цаас, өрийн бичиг;
5.1.2.хадгаламж.

6 дугаар зүйл. Сангийн хөрөнгө оруулалтын жишиг багц

6.1.Энэ хуулийн 5.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд оруулах хөрөнгийн тухайн жилийн жишиг багцыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өргөн мэдүүлснээр Засгийн газар санхүүгийн хэрэгсэл, бүс нутаг, валютын төрөл тус бүрээр тогтооно.

7 дугаар зүйл. Эрсдэлийн нөөц

7.1.Сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтын эрсдэлээс сэргийлэх зорилгоор нөөцөлж болох бөгөөд уг эрсдэлийн нөөцийг Монголбанканд тусгай данс нээж байршуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

8 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлага

8.1.Сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
8.2.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлнэ.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
8.4.Энэ хуулийн 15.1-д заасан иргэн компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хувьцааны ногдол ашиг буюу хишиг, хувь хүртэнэ.
8.5.Компанийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүйгээр энэ хуулийн 15.1-д заасан иргэнд эзэмшүүлэх бөгөөд хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлуулахыг хориглоно.
9 дүгээр зүйл. Компанийн үйл ажиллагааны үндсэн зарчим

9.1.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээд үйл ажиллагаандаа бие даасан, олон нийтэд ил тод байх, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашигт хөтлөгдөхгүй байх үндсэн зарчмыг баримтална.

10 дугаар зүйл. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

10.1.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээд төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.
10.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүр 1 хүний, Засгийн газар 6 хүний нэрийг тус тус дэвшүүлж, Засгийн газар томилно.

10.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилно.

10.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

10.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн эдийн засаг, банк, санхүү, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй иргэн байна.
10.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

10.6.1.төрийн улс төрийн албан хаагч;
10.6.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;
10.6.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор.

10.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнд дараахь шаардлага тавина:

10.7.1.татварын болон бусад хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
10.7.2.ял шийтгэл хүлээж байгаагүй;
10.7.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.

10.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ.
10.9.Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
11 дүгээр зүйл. Хяналтын зөвлөл
11.1.Компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ.

11.2.Хяналтын зөвлөл 5 гишүүнтэй байх бөгөөд хяналтын зөвлөлийн гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн, Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо тус бүр 1 хүний, Төсвийн байнгын хороо 2 хүний нэр дэвшүүлж, тэдгээрийг Улсын Их Хурал томилно.

11.3.Хяналтын зөвлөл үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
11.4.Хяналтын зөвлөлийн эрх, үүрэг, үйл ажиллагаа явуулах журмыг компанийн дүрмээр зохицуулна.
12 дугаар зүйл. Мэдээллийн нээлттэй байдал
12.1.Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ, компанийн удирдлагатай холбоотой мэдээллийг өдөр тутмын хэвлэлээр хагас жил тутам нийтэд хүртээмжтэй хэлбэрээр мэдээлнэ.
13 дугаар зүйл. Компанийн хөрөнгийн удирдах эрхийг шилжүүлэх
13.1.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн чиг үүргийг дараахь шаардлагыг хангасан олон улсын санхүүгийн байгууллагад сонгон шалгаруулалтын үндсэн дээр менежментийн гэрээгээр хэсэгчлэн шилжүүлж болно:
13.1.1.олон улсын санхүүгийн зах зээл дээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
13.1.2.зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас ААА-аас доошгүй үнэлгээг 5-аас доошгүй удаа авсан.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан сонгон шалгаруулалтын журам болон менежментийн гэрээг Засгийн газар батална.

13.3.Сонгон шалгаруулалтыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан үнэлгээний баг явуулна.

13.4.Менежментийн гэрээнд Засгийн газрын зөвшөөрснөөр Монгол Улсыг төлөөлж санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурна.

14 дүгээр зүйл. Сангийн эрсдэлийн удирдлага
14.1.Сангийн хөрөнгийн эрсдэлийн удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
САНГААС ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭЭХ

15 дугаар зүйл. Сангаас хишиг, хувь хүртээх
15.1.Сангаас хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээнэ.
15.2.Энэ хуулийн 15.1-д зааснаар сангаас хишиг, хувь хүртээх хөрөнгийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
15.3.Сангаас хөрөнгө зарцуулах журмыг Засгийн газар батална.
16 дугаар зүйл. Сангаас хишиг, хувь хүртэх эрх дуусгавар болох

16.1.Дараахь тохиолдолд сангаас хишиг, хувь хүртэх иргэний эрх дуусгавар болно:

16.1.1.иргэн нас барсан;
16.1.2.иргэн Монгол Улсын харьяатаас гарсан.

16.2.Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв залгамжлагчид нь олгож болно.

17 дугаар зүйл. Хишиг, хувь хүртэх хэлбэр, зарчим

17.1.Монгол Улсын иргэн дараахь хэлбэрээс сонгон сангаас хишиг, хувь хүртэнэ:

17.1.1.тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр;

17.1.2.орон сууц худалдаж авсны төлбөр;
17.1.3.бэлэн мөнгө;
17.1.4.эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр.

17.2.Иргэн энэ хуулийн 17.1-д заасан хишиг, хувийг тухайн жилдээ багтаан авч чадаагүй бол түүний хишиг, хувь дараагийн жилүүдэд хадгалагдан үлдэх бөгөөд хадгалагдсан хугацаанд хүү тооцохгүй.

17.3.Иргэнд сангаас хишиг, хувь хүртээхдээ хүртээмжтэй, тэгш, шударга, үр ашигтай, олон нийтэд ил тод байх зарчим баримтална.

17.4.Энэ хуулийн 17.1-д заасан хэлбэрийн дагуу хишиг, хувь хүртэх журмыг Засгийн газар батална.


ТАВДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН
МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ, ТАЙЛАГНАХ

18 дугаар зүйл.Сангийн төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх

18.1.Засгийн газар энэ хуулийн 3.2, 15.2-т заасныг үндэслэн сангийн төсвийн төслийг боловсруулж тухайн жилийн улсын төсвийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
19 дүгээр зүйл. Сангийн төсвийн төслийг батлах
19.1.Улсын Их Хурал сангийн төсвийг дараахь үзүүлэлтээр батална:
19.1.1.санд төвлөрүүлэх орлогыг хуульд заасан эх үүсвэрийнх нь төрлөөр;
19.1.2.сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд заасан зориулалтаар;
19.1.3.эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ.
19.2.Улсын Их Хурлын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь дэмжсэнээр Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

20 дугаар зүйл. Сангийн үйл ажиллагааны тайлан, түүнийг Улсын Их Хуралд тайлагнах

20.1.Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгаж, Улсын Их Хуралд тайлагнана.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан тайланд дараахь зүйлийг заавал тусгана:

20.2.1.сангийн хөрөнгө оруулалтын жишиг багц, түүний хэрэгжилтийн тухай;

20.2.2.сангийн хөрөнгийг менежментийн гэрээний дагуу удирдаж байгаа олон улсын санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй танилцуулга;

20.2.3.сангийн хөрөнгийн эрсдэлийн удирдлагын тухай;
20.2.4.сангийн санхүүгийн байдлын тухай;
20.2.5.сангийн хөрөнгийн зарцуулалтын тухай.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
САНГИЙН ХӨРӨНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТ

21 дүгээр зүйл. Аудит

21.1.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд Үндэсний аудитын газар жил бүр аудит хийж, дүгнэлт гаргана.

21.2.Үндэсний аудитын газар нь энэ хуулийн 21.1-д заасан дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулна.

22 дугаар зүйл. Хөндлөнгийн аудит

22.1.Засгийн газар сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд жилд нэгээс доошгүй удаа олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулна.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан аудитын үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

23 дугаар зүйл. Сангийн тайланг нийтэд мэдээлэх

23.1.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, энэ хуулийн 21, 22 дугаар зүйлд заасан аудитын тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

24 дүгээр зүйл. Хориглох зүйл

24.1.Сангийн хөрөнгийг энэ хуулийн 5 дугаар зүйл, 15.1-д зааснаас өөр зориулалтаар удирдах, захиран зарцуулахыг хориглоно.

25 дугаар зүйл. Хариуцлага

25.1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн этгээдтэй байгуулсан менежментийн гэрээг цуцална.

25.2.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан бодит хохирлыг нөхөн төлүүлж, дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
25.2.1.энэ хуулийн 4.1-д заасныг зөрчсөн этгээдийг 25000 - 50000 хүртэл төгрөгөөр торгох;
25.2.2.энэ хуулийн 23.1-д заасныг зөрчсөн бол 150000 - 250000 хүртэл төгрөгөөр торгох.
26 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
26.1.Энэ хуулийг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.



Намууд Монгол орныхоо хөрсөн дор байгаа алт эрдэнэс ашигт малтмалыг ард түмнийхээ сайхан амьдралын төлөө зөв зүйтэй ашиглаж ажил хийх чадваргүй гэдгээ цаасан дээр баталж гаргалаа. Д.Жамц/доорхи нийтлэлийг уншина уу/
http://www.enkhbat.mn/-ээс
МАН, АН: “Бид дахиж мөнгө амлахгүй … ”
Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн намууд доорх Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Сонгуулиар бэлэн мөнгөний амлалт хийдэг буруу “зуршлаа” орхино гэж амлахыг МАН,АН-аас бид шаардсаар ирснийг тэд энэ удаад хүлээн авлаа. Магадгүй тэд удаа дараа худал амлалт өгч нийгмийг аль хэдийн хашраачихсан гэдгээ мэдэрч энэ Санамж бичигтэй бичиггүй 2012 сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй байдалд орчихсон байгаа байх л даа.

Энэ Санамж бичгийн бас нэг чухал онцлог бол ҮШН, УНН, БНН-ууд Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэсэн байрь суурьнаасаа татгалзсан явдал юм.

Жич: МАН, АН-ын дарга нарын дэвшүүлж буй хоёр танхимтай Парламентийн талаарх саналыг бид дэмжихгүй.



____________________________________________________________


Миний хийсэн хуулийн төслийн "мини" хувилбар нь яг энэ "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн төсөл юм. Бодит амьдрал дээр яг иймэрхүү байдалтайгаар хэрэгжинэ. Бусад орнуудын уул уурхайн туршлагуудыг судалж байхад энд хүн ойлгож мэдээд шийдвэр гаргахад хэцүү зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн хүсэх, хүсэхгүй байх, тэрбайтугай эсэргүүцэх гэсэн хувилбарууд л байдаг юм байна лээ. Эсэргүүцсэн тохиолдол болгонд ард нь дотоодын шийдвэр гаргагч бүлэглэл, хувь хүний болон гадныхны эрх ашиг нуугдаж байдаг. Эрдэнэтчүүддээ энэ төслөө заавал бүтээгээрэй гэж хүсье. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл монголчууд уул уурхайн баялагаа захиран зарцуулж хийж бүтээх анхны төслөө амжилттай хэрэгжүүллээ гэж үзэж болноо.


http://zes-erdeniin-huvi.mn/interviews/

2011-05-18. 19:16:57

БИДНИЙ ТУХАЙ
2011-05-08 12:17:43

Эрхэм зорилго: Орхон аймгийнхаа эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон “Эрдэнэтийн-Овоо” ордын ашиглагдаагүй 32 жил болсон, исэлдсэн хүдрийн овоолгыг түшиглэн, цэвэр зэсийн үйлдвэр байгуулж, улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд бодитой хувь нэмрээ оруулах явдал юм.

“Зэс эрдэнийн хувь” ХХК Орхон аймгийн 17 мянган өрхийн 68 мянган иргэний дэмжлэгтэйгээр 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн 9011237149, регистрийн 5388082 дугаар бүхий 000007621 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2010 оны 8 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл явагдсан “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн “Хувь Нийлүүлэгчдийн Хурал”-аас сонгогдсон Орхон аймгийн баг бүрийн төлөөлөл 22 гишүүн, Менежментийн багийн 5 гишүүн бүхий нийт 27 гишүүнтэй Төлөөлөн Удирдах Зөвлөл \ТУЗ\ компанийг удирдаж, Компанийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд “Хувь Нийлүүлэгчдийн Хурал”-аас сонгогдсон 3 гишүүнтэй Хяналтын Зөвлөл болон ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороо хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захиралаар удирдуулж буй ажлын алба Орхон аймгийн Баян-Өндөр сум Номин телевизийн байр болон Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, “Старс центр”-ийн 27 тоотод байрлан тус тус өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлж байна.

2011 оны 3 дугаар сарын байдлаар Орхон аймгийн 24174 иргэн МУ-ын хуулийн дагуу “Зэс эрдэнийн хувь” ХХК-д хувь хөрөнгөө нийлүүлэн, иргэн тус бүр 10 ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаас, насанд хүрсэн 16 036 иргэн, арван наймаас доош насны 8138 иргэн байна. Энэ нь Орхон аймгийн нийт иргэдийн 30 орчим хувь юм.“Зэс Эрдэнийн Хувь” ХХК 2011 оны байдлаар нийт 34 173 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна.


Бидний Зорилго

2010.06.14 Өнөөдөр сонин

“Эрдэнэт”-ийн зэсээс иргэд хувь хүртэх ёстой

Г.Гараг “Зэс эрдэнийн хувь” төслийг санаачлагч, иргэн Д.Алтанхуягтай ярилцлаа.

- “Зэс эрдэнийн хувь” төслийг яагаад санаачлах болов?

- Орхон аймагт 25мянган өрхийн 100 гаруй мянган хүн амьдарч байгаа. Өнгөрсөн оны статистик мэдээгээр тус аймгийн хөдөлмөрийн чадвартай 60 гаруй мянган иргэний 30 хувь нь ажил эрхлээгүй, ядуу амьдарч байна. Ерөнхийд нь авч үзвэл, 100 мйнган иргэний 30 хувь нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой байгаа юм. Жил бүр иргэдийн амьдралыг дээшлүүлэх чиглэлээр төр засаг болон орон нутгийн түвшинд арга хэмжээ авч ирсэн боловч өнөөг хүртэл дорвитой үр дүн гарсангүй. Тус аймгийн иргэд Эрдэнэтийн овоо ордоос хишиг хүртэж, аж амьдралаа дээшлүүлэх юмсан гэж өнө удаан жил хүлээж ирсэн. Бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж одоогийн хүнд байдлаас гарах зорилгоор энэ санаачлагыг гаргаж байна.

- Нутгийн иргэд хувиа хэрхэн хүртэх юм бэ?

- Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 32 жилийн хугацаанд 600 сая тонн хүдэр олборлож зэс, молибдений баяжмал үйлдвэрлэсэн. Үүний 3,3 хувь нь Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй исэлдсэн хүдэр байдаг. Исэлдсэн хүдэр нь Эрдэнэтийн овоо ордын өнгөн хэсэгт байрладаг учраас үүнийг зайлуулж байж өөрийн технологид таарах сульфидийн хүдрээ гаргаж авдаг юм. Дээрх хугацаанд олборлосон исэлдсэн хүдрийн 8 том овоолгын дөрвийг нь Америкийн хөрөнгө оруулалттай “Эрдмин” компани ашиглаж байна. Одоо 9 сая тонн хүдэртэй дөрвөн овоолго бий. Үүнийг 0,69 хувийн агуулгаар тооцож үзвэл, 62100 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гарсан. Дэлхийн зах зээлийн одоогийн ханшаар энэ нь 400 сая гаруй доллартай тэнцэнэ. Нэгэнт ашиглагдахгүй байгаа энэ хүдрийг ядуу амьдарч буй хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхэд зориулах ёстой гэж үзэж байна. Бидний хийсэн судалгаагаар жилд 5000 тонн зэс боловсруулах үйлдвэр байгуулж түүхийгээр нь худалдавал 25000 өрх бүрт жилд 1 сая орчим төгрөг, наад захын энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл 2 сая төгрөг , компьютер, телевизор, автомашинд хэрэглэх зэс ялтас үйлдвэрлэвэл 3 сая төгрөг олгох боломж байгаа юм. Иргэд тодорхой зохион байгуулалтанд орон, нөөц бололцоогоо ашиглаж улсаас нэг ч төгрөг нэхэхгүйгээр зөвхөн энэ хүдрийг ашиглах зөвшөөрлийг Засгийн газарт тавьж байгаа юм. Тэгэхээр Засгийн газраас зөвшөөрөл авсан тохиолдолд үйлдвэр босгох хөрөнгийг олох бүрэн боломжтой гэж тооцсон.

-Эрдэнэт үйлдвэр Зэс хайлуулах үйлдвэр барих гэж байгаа. Нэгэнт энэ нь тодорхой болчихсон байхад бас нэг үйлдвэр байгуулах хэрэгтэй гэж үү?

- Нэгдүгээрт, уусгалтын технологи бол байгальд хамгийн хор нөлөөгүй. Хоёрдугаарт, хамгийн бага өртгөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үр өгөөжтэй. Дэлхийд жилд 16 сая тонн орчим зэс үйлдвэрлэдгийн 60 орчим хувьд уусгалтын технологи ашиглаж байна. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологи бол хамгийн хоцрогдсон технологи юм. Гэхдээ тус үйлдвэр баяжмалаа хайлуулж цэвэр зэс үйлдвэрлэх гэж байгаатай манай төсөл ямар ч холбоогүй. Эрдэнэтийн үйл ажиллагаанд ямар ч саадгүй юм. Тус үйлдвэрийн ашиглахгүй хаягдмал хүдрээс уусгалтын технологиор цэвэр зэс гаргаж авъя гэсэн санаа байгаа. Исэлдсэн хүдрээс зэс гаргаж болдог гэдгийг “Эрдмин” үйлдвэрийн 13 жилийн туршлага харуулж байна. Одоо жилд 3000 тонн зэс үйлдвэрлэж байгаа. Америкийн компани зөвшөөрөл аваад ажиллаж байгаа юм чинь Монголынхоо ард түмэнд зөвшөөрөл өгч болохгүй гэж үү. Нөөц баялгийг хэн нэгэн эрх мэдэлтэй хүн, эсвэл гадаадынхан, зальтай этгээдүүд дангаараа ашигладгаа болъё, нийтээрээ ашиглая гэсэн санаа байгаа юм.





2010.06.14 Үндэсний шуудан сонин

“Эрдэнэт”-ийн хаягдлыг ашиглахад жилд 25 сая доллар олох боломжтой

Д.Лхагва-очир Орхон аймгийн “Хамтын хөдөлмөрийг хөгжүүлэх сан”-гийн гүйцэтгэх захирал “Зэс эрдэнийн хувь” төслийг санаачлагч Д.Алтанхуягтай ярилцлаа.

- Орхон аймгийн иргэд нэгдэн “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал ашиглан зэс боловсруулах үйлдвэр байгуулах төсөл санаачилж байгаа гэсэн?

- Энэ төслийг иргэд дэмжиж, холбогдох хүмүүст, албан тушаалтнуудад хандаад байгаа. Ямар ч байсан хэрэгжих боломж олдох байх гэдэгт найдаж, итгэж байна. Орхон аймагт 2009 оны байдлаар 100 гаруй мянган иргэн амьдардаг гэсэн тоо бий. Энэ бүгд нийт 25000 өрхд хамаарагддаг. Иргэдийн 60 гаруй мянга нь хөдөлмөрийн чадвартайгаас өнөөдрийн байдлаар 30 гаруй мянга нь ажилгүйчүүдийн эгнээнд байна. Мөн 30 гаруй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой иргэд байгаа. Төрөөс ядуурлыг бууруулах зорилгоор жил бүр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл олигтой үр дүн гарсангүй. Тиймээс Орхон аймгийн иргэд санаачилга гарган “Зэс эрдэнийн хувь” төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр Орхон аймгийн 100 мянган иргэн бүхий 25 мянган өрх нэгдэж, зохион байгуулалтад ороод “Эрдэнэт” үйлдвэрийн 32 жилийн хугацаанд олборлоод ашиглаагүй байгаа 19 сая тонн исэлдсэн хүдрийг ашиглая гэсэн юм.

- Ашиглаагүй исэлдсэн хүдэр гэж юу юм бэ?

“Эрдэнэт” үйлдвэр 32 жил үйл ажиллагаа явуулах хугацаандаа 600 сая гаруй тонн хүдэр олборлосон байдаг юм. Түүний 4 хувь буюу 30 сая гаруй тонн нь “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах технологид таардаггүй, ашиглах боломжгүй тул овоолго болгон орхидог. Үүнийг ашигладаггүй мөртлөө яагаад олборлодог гэхээр түүнийг олборлолт хийн зайлуулж байж, өөрийн технологид таарах хүдрээ авдаг. Ийнхүү олборлосон балансын бус найман том овоолго бий болоод байна.

- Нэгэнт “Эрдэнэт” үйлдвэр ашигладаггүй юм бол та нар ашиглах боломж бий гэж үү?

- Байлгүй яахав. Биднийг энэ санаачлагыг гаргах гээд зүүрмэглэж байх хойгуур найман том овоолгоос 10 сая тонн зэсийн исэлдүүлсэн хүдэр бүхий 4 том овоолгыг нь Америкийн хөрөнгө оруулалттай “Эрдмин” компани ашиглан жилд 3000 тонн зэс олборлож байна. Энэ компани 13 жил үйл ажиллагаа явуулсан гэхээр хичнээн тонн зэс гаргасан нь ойлгомжтой байгаа биз дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн технологид таардаггүй зэсийн исэлдсэн хүдрийг гедрометролургийн аргаар боловсруулж, жилд 3000 тонн зэс гарган авч байгаа гэсэн үг. Дээрх зэсийн ханшийг төнгөн дүнгээр тооцвол жилд 21 сая доллар буюу 30 тэрбум төгрөг болдог. Энэ асар их төнгө биз дээ. Гэтэл Америкийн хөрөнгө оруулалттай компани ашиглаж байгаа учраас энэ их мөнгө шууд гадагшаа гарч байна. Нутгийн иргэдэд ганц доллар ч үлдэхгүй байна гэсэн үг л дээ. “Эрдмин” компани дээрх исэлдсэн хүдрийг эдийн засгийн үр ашигтайгаар ашиглаж болно гэдгийг бидэнд мэдүүлснээрээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр дээрх исэлдсэн хүдрийг өөрөө ашиглахгүйгээр бусдад ашиглуулах юм байна гэдгийг харуулсан. Тиймээс баялгийн эзэн нь болсон Монголчууд ялангуяа Орхон аймгийн иргэд нэгдээд зохион байгуулалтад орж зохих байгууллагуудад хүсэлт гарган олборлох эрх авч болно хэмээн үзсэн юм.

- Та бүхэнд, орон нутгийн иргэдэд ашиглаж болно хэмээн зөвшөөрөл олголоо гэхэд зэс, шороо хоёрыг ялгахад ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдах болно. Хэрхэн хөрөнгө босгох юм бэ?

- Ашигла гээд зөвшөөрлийг нь олговол ямар ч хувилбараар хөрөнгө босгож болж байна. Өнөөдөр ганц банкаа шүтдэг, тэтгэврээ аваад түүнээс цааш юм байхгүй гэж боддог социалист лагериас гараад арай дэвшилттэй шинэ нийгэмд бид амьдарч байна. Гадаад болон дотоодын банкнаас зээл авч болж байна. Үүнээс гадна гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж болох шүү дээ. Учир нь, 9 сая тонн зэсийн хүдэрт тонн тутамдаа 0,69 хувийн агууламжтай нийтдээ 62 мянган тонн зэс байгааг нь судалгаагаар тогтоосон. Урьдчилсан судалгаагаар 5000 мянган тонн зэс боловсруулах үйлдвэр байгуулахын тулд 16 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ.

- Хөрөнгө оруулалт олдлоо гэхэд ажиллах хүчний асуудлыг бас шийдэх хэрэгтэй шүү дээ?

- Үйлдвэр байгуулахад 100 гаруй ажлын байр шаардлагатай. Манай улсад энэ чиглэлээр мэргэжил эзэмшин жилд 200 гаруй оюутан төгсдөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Бид тэднийг ашиглана. Мөн “Эрдэнэт” болон “Эрдмин” үйлдвэрт ажиллаж байсан олон хүн өнөөдөр ажилгүй байна. Ажиллах боловсон хүчний хувьд бол хангалттай. Үүнээс гадна Орхон аймагт 30 гаруй мянган хүн ажилгүй байна шүү дээ.

- Хаягдаж байгаа зэсийн исэлдсэн хүдрийг ашиглах гэж байгаа технологид байгаль орчинд хэр хортой вэ? Түүнээс гадна уг ашиглах технологийг манай улсад хүлээн зөвшөөрдөг гэж үү?

-Уг боловсруулах технологийг манай улс хүлээн зөвшөөрсний үндсэн дээрээс “Эрдмин” компани үйл ажиллагаа явуулж байгаа байх. Түүнээс гадна үүнийг ашиглаж, ашиг олж болно гэдгийг хөрөнгө оруулагчид харсан. Мөн гедрометаллурги буюу уусгалтын технологиор дэлхийн хэмжээнд жилд үйлдвэрлэж байгаа нийт 16 сая тонн зэсний 80 орчим хувийг дээрх технологиор боловсруулж байгааг хэлэх хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл маш түгээмэл технологи гэж хэлсэн ч болно. Тиймээс бид дээрх технологийг ашиглаад хаягдаж байгаа баялгаа ашиглаж яагаад болохгүй гэж вэ. Энэхүү 9сая тонн хүдэрт байгаа 62 мянган тонн зэсийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл өнөөдрийн ханшаар 400 гаруй сая доллар болох юм. Жилдээ 5000 гаруй тонн зэс олборлолоо гэхэд 10 гаруй жил ашиглах боломж байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн одоогийн ашиглаж байгаа ил уурхай жилд 1 сая тонн зэсийн исэлдсэн хүдрийг овоолго болгож байдаг. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр цаашдаа 50 жил үйл ажиллагаа явуулна гэж үзвэл 50 сая тонн исэлдсэн хүдэр бий болно гэсэн тооцоо хийж болно. Гэтэл “Эрдмин” үйлдвэр 10 сая тонн исэлдсэн хүдэр дээр 13 жил ажиллаж байна гээд бодвол одоо ил байгаа 9 сая тонн хүдэр дээр 50 сая тонн хүдэр нэмэхэд бидний байгуулах үйлдвэр 100 гаруй жил ажиллах боломжтой гэсэн үг. Тэгэхээр 100 гаруй жил Орхон аймгийн нийт иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хишиг тарааж, амьдрал ахуйг нь өөд татах боломж бий болно.

- Танай энэ төслийг Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа цаашилбал, “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс дэмжих ямар үндэслэл байна вэ?

- Үнэхээр орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилтыг хэрэгжүүлье гэвэл дэмжих үндэслэл олон бий. Дээрх баялгийг нутгийн иргэд ашиглах гэж байгаа нь орон нутгийг хөгжүүлэх Засгийн газрын бодлого болон Орхон аймгийг хөгжүүлэх цогц бодлоготой уялдаж байгаа. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан ”Аливаа асуудлыг дээрээс нь төлөвлөж, доод шатандаа хэрэгжүүлэх гэж цаг хугацаа алдаж байхаар иргэдээсээ санаачлаад төр, засаг нь дэмжээд ажил болгодог болъё ” гэсэн уриалгатай ч нийцэж байгаа. Та бодоод үз. Жилд 5000 тонн зэс олборлоод түүхийгээр нь борлуулах юм бол жилд 25 сая ам доллар буюу нэг өрхөд 1 сая төгрөг ноогдоно. Хэрэв зэс утас буюу ямар нэгэн байдлаар боловсруулалт хийгээд гадагш гаргавал нэг өрхөд 2 сая, бүр нарийн боловсруулалт хийх аваас өрх бүрт 3 сая төгрөг ногдох боломжтой.

- Одоогийн байдлаар хичнээн иргэд, өрх дэмжээд байна вэ?

- Орхон аймгийн иргэд ихэд дэмжиж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ төслийг 2600 гаруй өрхийн 10 мянга гаруй хүн дэмжиж, бүртгүүлээд байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай.







2010.06.16 Орхон аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн “Шинэ мэдээ” сонин

Эрдэнийн хувийг Эрдэнэтийнхэнд

Сүүлийн үед эрх зүйч Д.Алтанхуягийн “Зэс эрдэнийн хувь” төсөл Эрдэнэтчүүдийн анхаарлыг татаад байна. 35 жилийн түүхтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашгийг Эрдэнэтийнхэн ч бас хүртэх ёстой. Ийм ч учраас энэ хөдөлгөөнийг өрнүүлж иргэдийн саналыг авч Засгийн газарт өргөхөөр зэхэж байгаа юм. Одоогоор 30 мянган хүний санал авсан байгаа. Орхон аймгийн Засаг дарга, багийн засаг дарга нарт ажлаа танилцуулж тэд бүгд дэмжжээ. Эрдэнэтчүүд ядуу амьдрах ёсгүй. Учир нь энэ том үйлдвэрийнхээ ашгаас зүй ёсоор хүртэх ёстой гэдэг үүднээс энэ хөдөлгөөн өрнөж байна.





2010.09.29 Орхон аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн “Шинэ мэдээ” сонин

Я.Баасай Эрдэнэтчүүд хишиг хүртэх боломж байна

Эрдэнэтийн овооны орд газрын исэлдсэн хүдэр буюу ашиглагдахгүй байгаа шороон овоолгоос цэвэр зэс гарган түүнээс олсон ашгийг Эрдэнэтчүүдэд тэгш хуваарилах санаачлага гараад байгаа. Үүнийг хэрэгжүүлж буй “Зэс эрдэнийн хувь” төслийг манай аймгийн олон иргэд дэмжиж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ард түмэн санаачлага гаргавал би дэмжихэд бэлэн байна” гэж байсан бол одоо л ард иргэдээсээ гарсан энэ санаачлагыг дэмжих цаг нь боллоо. Хэрэв энэ төсөл хэрэгжиж, биеллээ олвол “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад төдийгүй эрдэнэт хотын иргэд бид ч ашиг хүртэж эхлэх нь.





2010.06.21-06.27 Орхон аймаг ТВ Зууч

“Бидний цусанд гайхамшигт өвөг дээдсийн ген нойрсож байгаа. Тэр нойрсож байгаа генийг сэрээцгээе”

- Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу?

- Би одоо 32 настай. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Одоогоор Япон Монголын хамтарсан хамтын хөдөлмөрийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захиралын ажлыг хийж байна. 25-р суваг телевизээр зургаан жил шахам хугацаанд сүмо бөх тайлбарлаж байлаа. Зарим хүмүүс намайг сүмо тайлбарлагч гэдгээр нь мэдэх байх.

- Хүн болгон янз бүр байдаг. Таны хувьд амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

- Өсье л гэвэл унш гэдэг зарчмыг баримталдаг. Би үнэхээр өсмөөр байна. Миний хобби бол ном унших. Ялангуяа эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэл, хөгжлийн тухай ном унших дуртай. Хамгийн сүүлд Конрайд Зайц Герман хүний бичсэн “Хятад дэлхийн гүрэн эргэн ирж байна” гэдэг ном, түүний өмнө Америкийн зохиолч Франсис Фүкүаяатагийн “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” гэсэн маш гоё номыг уншсан. Ихэвчлэн ”Нууц товчоо”-г уншдаг. Үнэхээр л нууцыг агуулсан товчоо. Маш гайхалтай. Түүнээс би маш олон санаа авдаг. Миний шүтээн бол Чингис хаан. Чингис хааныг ойлгохыг, түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч хичээж байна. Тэр агуу хүний шавхагдашгүй ур ухааны өчүүхэн хэсэг нь “Нууц товчоо”-нд багтсан байдаг. Түүнийг л тайлж ойлгохыг зорьдог. Цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлж Америкт сурахыг төлөвлөж байна. Гэхдээ юуны түрүүнд Орхон аймагт санаачлан эхлүүлсэн энэ ажлаа ажил болгохын тулд цаг хугацаа, зүрх сэтгэлээ хөрөнгө мөнгө юу байдаг бүхнээ зориулна гэж бодож байгаа.

- Энэ төслийг санаачлах болсон шалтгаанаа тайлбарлаач гэвэл та юу гэхсэн бол?

- Хамгийн эхний сэдэл нь нөөц баялгийг ганц нэг хүн, эсвэл аль нэг хэсэг бүлэг хүмүүс эзэмшдэг байдлыг өөрчлөе гэсэн санаа. Хоёрдугаарт олон хүн Эрдэнэтийн овоо ордоосоо хишиг хүртэх юмсан гэдгийг сонсож байлаа. Эрдэнэт үйлдвэрээсээ, төр засгаасаа зүгээр л юм гуйгаад суух биш, баялаг бүтээх, ажил хийх тэр “боломж”-ийг л олж авах хэрэгтэй. Түүнээс биш бэлэн юм гуйж аваад яах юм бэ? Харин тэр боломжоо олж аваад юу хийж чаддагаа харуулъя л даа. Би хүчтэй, би юм сурсан шүү дээ, би чадна шүү дээ гэдгээ би ард түмэндээ, найз нөхөддөө, харуулмаар өөрийнхөө хүчийг сорьмоор санагдаад. Хэнээс ч нэг ч төгрөг гуйлгүйгээр өөрийнхөө оюун ухаан хүч чадлаараа мөнгө босгож асар олон хүнд баялгийг зөв хувиарлах гэсэн санааг л анх гаргасан юм. Өнөөгийн улс төрчид үнэхээр ард түмэндээ өгье гэвэл маргалдаж цаг алдаад байх шаардлагагүй юм шиг санагддаг. Тэд хоорондоо чи идэх үү, би идэх үү гэдгээсээ болоод л сунжраад, маргаад байх шиг. Тийм учраас жирийн иргэн хүн баялгаас хүртэх ёстойгоо хүртэж чадахгүй байгаа. Энэ үүднээс л энэ төслийг санаачилсан.

- “Зэс эрдэнийн хувь” төсөл дээрээ ямар хүмүүстэй хамтран ажиллаж байна вэ?

- Уул уурхайн талаас ТИС-ийн багш эрдэмтэн докторууд, хууль эрх зүйн талаас ТУИС-ийн багш нартай хамтран ажиллаж байна. Эдийн засгийн тооцоо судалгааг би өөрөө бие даан гаргасан. Энэ төсөл нь хэрэгжих бүрэн боломжтой. 1950-иад оноос эхэлсэн “Эрдэнэтийн овоо” ордын нөөц, хүдэр дэх зэсийн агуулгын талаарх судалгаа, дэлхийн зах зээл дээрх металлийн өнөөдрийн ханшид тулгуурлан тооцоогоо гаргасан. Мөн Орхон аймгийн хүн амын статистик дүн мэдээг ашигласан. Тэгээд ч Эрдэнэт үйлдвэрээс жил бүр нийтэд зориулж тохимол гардаг шүү дээ. Эрдэмтдийн судалгаа шинжилгээ, ТИС-ийн сургалтанд ашиглагддаг материалууд гээд би бүтэн 3 жил тасралтгүй ажилласан гэж болно. Үүний дүнд “Зэс эрдэнийн хувь” төслийг боловсруулсан юм.

- Төслийн хувь хүртэгчид нь зөвхөн Эрдэнэтчүүд байх уу?

- Төслийн гол санаа нь Эрдэнэт үйлдвэрийн шороон овоолгын буюу хаягдал хүдрийг ашиглах явдал юм. Энэ нь өөрөө үндэсний хэмжээний стратегийн орд, их хэмжээний нөөц биш учраас зөвхөн Орхон аймгийн иргэд орон нутгийн давуу эрхээрээ ашиглах боломжтой. Харин бусад аймгуудын хувьд энэ менежментийг үлгэр болгон ашиглаж болох юм.

- Таныг зарим нэг хүмүүс энэ юун залуу хаанаас гараад ирэв, яг юу хийх гээд байна? Эсвэл 2012 оны сонгуульд үзэхээр өөрийгөө таниулах ажлаа эхлүүлчихээд явж байна уу гэх таамаг гаргаж байгаа хүмүүс ганц нэг байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Нийгэм өөрөө маш олон амлалт, худал хуурмагаар дүүрэн байгаа учраас хүмүүс аливаа зүйлд итгэхээ байчихаж. Магадгүй бүх зүйл тийм хар бараан биш. Түүн дотор байгаа жижиг цагаан цэгийг ч харж чадахгүй тал бий. Гэхдээ би өөрийгөө цав цагаан гэж байгаа биш. Цаг хугацаа харуулна гэж хэлмээр байна. Ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол үүний ард байхгүй гэдэг нь миний гаргасан эдийн засгийн тооцоо судалгаан дээрээс үзэхэд тов тодорхой мэдэгдэнэ. Орхон аймгийн иргэдийг би энэ аймгийн иргэн гэж л харахаас бусдаар хэн нь аль намынх вэ гэж харах шаардлага ч байхгүй тэгэх юм бол би энэ ажлыг хийхийн ч хэрэггүй. Орхон аймагт төсөл хэрэгжүүлэхэд ногдол ашиг авахыг хүсч байгаа гэдгээ илэрхийлж 18 мянга орчим өрхийн 60 мянга гаруй иргэн гарын үсэг зурж бүртгэлд хамрагдаад байна.

- Бэрхшээлтэй зүйл байна уу?

- Хүндрэл бэрхшээл гээд байх зүйл одоохондоо алга. Ямар ч ажлыг хийхэд ямар нэгэн санааг хэрэгжүүлэхэд зайлшгүй хөрөнгө мөнгөний асуудал урган гарч ирнэ. Хүмүүс намайг дэмжиж байгаа ч ”Май” гээд өгчих мөнгөгүй байна. Энэ нь ард иргэд асар ядуу амьдарч байгааг харуулж байгаа юм. Хүний өөрийн санаа гэдэг бол хүүхэд шиг нь л гэсэн үг. Тиймээс энэ санаагаа өсгөж бодит ажил хэрэг болгохын тулд өөрөөс шалтгаалах бүхнээ л хийж байна, хийх ч болно. Хүмүүс ч их дэмжиж ойлгож байгаад их урамшиж, хүч орж, олон хүний итгэлийг дааж биелүүлэх юмсан даа гээд л зүтгэж байгаа.

- Хүмүүст төслөө таниулж, ойлгуулахын тулд олон л зүйл хийж байгаа ажиглагдсан?

- Нийтийн арга хэмжээнүүд зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдтэй хамтран ажиллаж байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагууд нь их болгоомжтой хандаж байна л даа. Цаана нь ямар ашиг сонирхол байна, хэн нэг хүн, улс төрийн хүчин ард талд нь байна уу гэхчлэн хардах хүн ч байна. Энд харин танай телевизийн захирал Хишигбаатарт маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Би энэ залууг огт танихгүй ч миний хийх гэж зорьж тэмүүлсэн ажилд сэтгэл гарган тусалж байгаад талархаж байна. Юу чаддагаа харуулъя л даа.

- Төслийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

- Тов тодорхой харагдаж байна. Арга нь өөрөө хэрэгжихээс ч өөр замгүй. Найдвартай хэрэгжинэ. Бодитойгоор харуулсан үед асар олон хүний хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ аймгийн 100 мянган хүн ам бүгдээрээ бүтээхийг хүсэж байгаа. Засаг төрийн бодлоготой ч нийцэж байгаа учраас эргэлзэх зүйлгүй.

- Уучлаарай. Энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе. Таньд уншигчдад маань хандан хэлэх үг байна уу?

- Уг нь Монголчууд бид ядуу амьдрах боломжгүй баян ард түмэн шүү дээ. Монголчууд бид асар их баялаг түүхтэй. Агуу их түүхт өвөг дээдсийн гайхамшигтай ген бидний цусанд нойрсож байна. Энэ нойрсож байгаа агуу генийг бүгдээрээ сэрээцгээе гэж хэлмээр байна.





2010.10.10 Өнөөгийн Эрдэнэт

“Эрдэнэт” үйлдвэрээс хүдэр ашиглах зөвшөөрөл авах нь чухал байна

- Би Налайхад төрсөн. Одоо 33 настай. Налайхад 10-р анги дүүргээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд орж суралцан хуульч-эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Дандаа хувийн хэвшилд ажилласан. Аав маань уурхайчин хүн байлаа.

Эхнэр, хоёр хүүхэдтэй. Одоо Улаанбаатар хотноо амьдарч байгаа. Ойрын хугацаанд Эрдэнэтэд ирж суурьшина. Эрдэнэт хотноо “Зэс эрдэнийн хувь” ХХК байгуулаад олон мянган хүнийг гишүүнээр элсүүлэн, тэдний дэмжлэгийг аваад явж байгаа. Энэ ажлынхаа эцсийн үр дүнг үзэхийн төлөө зүтгэнэ хэмээн ярьж буй энэ залууг Дашзэвэгийн АЛТАНХУЯГ гэдэг.

Энэ оны 6-р сарын эхээр Эрдэнэт хотноо ирж “Уурхайчин” соёлын ордонд “Иргэн хүний санаачлага болгон баялаг мөн” гэсэн илтгэл тавьснаас хойш олон түмнийг араасаа хошууруулан, дэмжигч гишүүдээ 25 мянгад хүргэж амжсан энэ залуу Эрдэнэтэд цэвэр зэсийн үйлдвэр байгуулж түүний ашгаас жил бүр гишүүддээ “Зэс эрдэнийн хувь” хүртээх санал дэвшүүлж байна. Энэ санаагаараа бүр “Зэс эрдэнийн хувь” төсөл боловсруулан, улмаар “Зэс эрдэнийн хувь” ХХК байгуулжээ. Энэ компани Чандмань төвийн 2-р давхарт байр түрээслэн энэ оны 7-р сарын 1-нээс 9-р сарын 30 хүртэл гишүүдээ бүртгэлээ. Энэ хугацаанд нийт 25 000 иргэн тус компаний хувь нийлүүлэгчээр бүртгүүлж гишүүн болжээ. Нэсэнд хүрэгчид 2% зураг, 1500 төгрөг, хүүхэд тус бүр 1000 төгрөг хураалгаад анкет бөглөснөөр тус компаний гишүүн болж, хожим тус компанийн ашгаас хувь хүртэх эрх эдлэх ажээ. Ингэж бүртгэхдээ насанд хүрэгч тус бүрээс иргэний үнэмлэх хуулбарласны 100 төгрөг бас авч харагдана. Тус компани зөвхөн энэ үйл ажиллагаагаар өнгөрсөн 2 сард Эрдэнэтийн иргэдээс 30-аад сая төгрөг хуримтлуулсан нь тодорхой болж байна.

Эгээ л суурь нь тавигдаад баригдаад эхэлчихсэн зэсийн үйлдвэрийн хувь нийлүүлэгч болж байгаа юм шиг сэтгэн хүмүүс гэр бүл, үр хүүхэдтэйгээ шууран ирж бүртгүүлж байгаа нь тун хачирхалтай санагдав. Энэ оны 9-р сарын эхээр Орхон аймгийн Засаг даргын нэгэн шуурхай зөвлөлгөөн дээр аймгийн Засаг дарга Д.Оюунбат Эрдэнэтийн иргэдэд “Зэс эрдэнийн хувь” олгоно гэж уриалан хэсэг хүмүүс иргэдээс мөнгө хураагаад байна. Иргэд хожим хохирсноо ухааран орон нутгийн төр, захиргааны байгууллага хамгаалсангүй энэ тэр гэсэн яриа гарах вий. Аймгийн Цагдаагийн байгууллага үүнд анхаарлаа хандуул гэсэн үүрэг өгч байсан. Зэсийн үйлдвэр байгуулах нь битгий хэл төсөл нь тодорхойгүй байгаа энэ үйлдэл рүү хүмүүс ийнхүү хошуураад байгаагийн учрыг тодруулахаар саяхан “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг зорилоо.

“Чандмань” төвийн 2-р давхарын нэг өрөөний хананд Д.Алтанхуягийн хөрөг зураг бүхий том анос хадсан нь нүднээ содон тусав. Түүн дээр:

“Эрдэнэт” үйлдвэрийн технологид таардаггүй, Эрдэнэтийн овоо ордын ашиглагдаагүй байгаа исэлдсэн хүдрийн овоолгыг боловсруулан, жилд 5-10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд борлуулснаар олсон ашгаа Орхон аймгийн иргэн бүрт, жил бүр НОГДОЛ АШИГ БОЛГОН ХҮРТЭЭЖ, Орхон аймгийн иргэн бүрийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК гэж бичсэн байлаа.

Эрдэнэтийн иргэд энэ сайхан сул орлогоос хоцорчих вий гэсэн шиг үнэхээр идэвхитэй ирж, анкетийг нь нухацтай бөглөж байв. Харамсалтай нь зарим хүн бичиг баримтаа баталгаажуулан бүртгэлд орсны дараа “Хэзээ тэгээд ногдол ашгаа авах юм бэ?” хэмээн асуух нь дэндүү гэнэн. Монголчууд их бага нь хамаагүй, төрөөс дэл сул мөнгө авсаар байгаад түүндээ дасчихсан бололтой. Хэн нэгэн барьж бүтээгээгүй байгаа зүйлээс хувь хүртээнэ гэхээр хүртэл итгээд гүйж ирснээ халаасаа баруун, зүүнгүй тэмтрэн хэдэн бор төгрөгөө тоолж өгөөд том компанийн хувь нийлүүлэгч болсон мэт санаа нь амраад гараад алхана. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйл ажиллагааг Эрдэнэтийн иргэдийн нэг хэсэг нь ийнхүү дэмжиж байхад нөгөө хэсэг нь “Улаанбаатарын залуу Эрдэнэтийн иргэдээс юун дураараа мөнгө хураагаад байна вэ” гэсэн эргэлзээ дүүрэн энэ үйл явдлыг ажигласаар 3 сар гаруй хугацаа өнгөрлөө. Д.Алтанхуяг Эрдэнэтийн зарим иргэдийн эргэлзээ, эсэргүүцэлд хариу өгөн зурагтаар хэдэнтээ “чанга дуугарч” харагдсан.

Ж.Оюун “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Д.Алтанхуягтай уулзаж зарим зүйлийг тодруулснаа уншигч танаа хүргэе.

- “Эрдэнэтийн иргэн болгонд Зэс эрдэнийн хувь олгоно” гэсэн таны сурталчилгаанд хүмүүс их татагдаж байна. Байгуулаагүй үйлдвэрээс ашиг хүртээнэ гэж та их итгэл үнэмшилтэй яриад байгаагийн учир юу вэ?

- Орхон аймгийн иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаас тодорхой хувь хүртэх ёстой гэсэн санаа бодлоо олон жилийн өмнөөс илэрхийлсээр ирсэн шүү дээ. Энэ хүсэл сонирхолд тулгуурлаад бид Эрдэнэтийн иргэдэд “Зэс эрдэнийн хувь” олгох ажлыг санаачилсан юм.

Энэ оны 6-р сарын 4-нд би “Уурхайчин” соёлын ордонд “Иргэн хүний санаачлага болгон баялаг мөн” гэсэн илтгэл тавихад 500-аад хүн оролцсон. Тэд Эрдэнэтийн иргэдэд “Зэс эрдэнийн хувь” хүртээх саналыг маань шууд дэмжээд гарын үсгээ зурж эхэлсэн. Энэ өдрөөс хойш яг нэг сарын дотор 17 000 өрхийн 68 000 иргэн гарын үсгээ зурж миний санал санаачлагыг дэмжсэн. Яг энэ үйл явцад үндэслээд 6-р сарын 21-нд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Би энэ компанийг үүсгэн байгуулсан хэдий ч одоо бол “Зэс эрдэнийн хувь” компани Орхон аймгийн иргэдийн компани болсон. Манай компанид одоо 25 000 гаруй иргэн бүртгүүлээд “Зэс эрдэнийн хувь” хүртэх эрхтэй болоод байна. Олон түмэн ингэж дэмжиж байгаа учраас энэ үйлдвэр гарцаагүй байгуулагдана.

- Танай төслөөр барьж байгуулах зэсийн үйлдвэрийн хөрөнгийг хэрхэн олох вэ? Үйлдвэр хэзээ ашиглалтанд орох вэ? Энэ олон мянган хүн хэзээ “Зэс эрдэнийн хувь” хүртэж эхлэх вэ? гээд мөн ч олон асуулт хөврөхөөр байна даа?

- “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглаагүй байгаа овоолго нь зэсийн өндөр агуулгатай хүдэр юм. “Эрдэнэт” үйлдвэр сульфидийн хүдрээ өөрөө ашиглаад харин исэлдсэн хүдрээ ашигладаггүй. Яагаад гэвэл энэ исэлдсэн хүдэр нь тус үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирдоггүй. Тиймээс энэ овоолго жил бүр улам нэмэгдсээр байгаа. Яагаад гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн технологид таарах хүдэр нь энэ хэрэггүй хүдрийнх нь доор байдаг. Тиймээс хэрэгтэй хүдрээ авахын тулд хэрэггүй хүдрээ гаргаж ирж овоолго болгон асгадаг. Энэ исэлдсэн хүдрийн 1 тонн тутамд 6-10 кг зэс байгаа. Энэ нь бүр 60-аад оны суурь судалгаагаар нотлогдсон байдаг. Энэ исэлдсэн хүдрийг ашиглаад амжилтанд хүрнэ гэдэг нь ”Эрдмин” үйлдвэрийн 10 гаруй жилийн үр дүнтэй үйл ажиллагаагаар нотлогдож байгаа. Одоо “Эрдэнэт” үйлдвэрт ашиглагдаагүй 10 гаруй сая тонн исэлдсэн хүдэр байна. Энэ их хүдэрт 60-100 мянган тонн зэс байгаа нь тус үйлдвэрийн өөрийнх нь хийсэн судалгаанаас харагддаг. Энэ хүдрийг ашиглахын тулд бид зэсийн үйлдвэр байгуулах ёстой. Үүний тулд эхлээд “Эрдэнэт” үйлдвэрээс зөвшөөрөл авах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрээс зөвшөөрөл авахын тулд бид сайн төсөлтэй байх ёстой. Нөгөө талаар тэр төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт нь тодорхой байх, энэ төслийн үр шимийг хэн хүртэх нь бас тодорхой байх ёстой. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэх субъектыг бид өнөөдөр бий болгож байна. Өөрөөр хэлбэл, энэ төслийг хэрэгжүүлэгч нь “Зэс эрдэнийн хувь” ХХК, түүний эзэд нь Орхон аймгийн иргэд юм. Хийсэн ажлынхаа үр шимийг эзэд амсах нь зүйн хэрэг биз дээ. Дашзэвэгийн Алтанхуяг ухаантайдаа, ид шидтэй болоод мөнгө босгох гээд байгаа юм биш. Энэ овоолсон шороо өөрөө мөнгө юм. Бид компаниа байгуулж дуусаад “Эрдэнэт” үйлдвэрт төслөө танилцуулна. Ингээд тус үйлдвэрээс хүдэр ашиглах зөвшөөрөл авах нь л чухал байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх овоолсон хүдэрт зэс байгаа нь ойлгомжтой. Тиймээс түүнийг ашиглах зөвшөөрөл олдсон тохиолдолд түүн дээр үндэслээд бид үйлдвэр барьж байгуулахын тулд зээл авсан ч болно, гадаад дотоод зах зээлээс хөрөнгө оруулалт хийлгэсэн ч болно. Дэлхийн уул уурхайн компаниуд ийм л зарчмаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Зэсийн үйлдвэр барьж байгуулах төслөө бид байж болох хамгийн сайн хувилбараар хийгээд оруулна. “Эрдэнэт” үйлдвэртэй харилцан ашигтай байхын тулд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ашгийн тодорхой хувийг тус үйлдвэрт эзэмшүүлнэ. Тэгж байж бид цаашид “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажиллана гэсэн үг.

- Зэсийн үйлдвэр барьж байгуулна гэдэг тийм ч санаан зоргоор хийчих ажил биш. Танай хийсэн төслөөр бол шинэ зэсийн үйлдвэр ямар өртгөөр босох вэ?

- Бид төслөө хийсэн, одоо улам сайжруулах ажил явагдаж байна. Бидний хийсэн төслөөр бол жилд 5200 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихад эхлээд 18 сая долларийнхөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Дээр түүхий эд, химийн бодис, бензин, тос авах, цалин хөлс олгох гэх мэт үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөнд 8 сая доллар хэрэгтэй. Нийт 26 сая доллар олдсон нөхцөлд дээрх хүчин чадалтай үйлдвэр байгуулаад гацах юмгүй сайхан ажиллаад эхлэнэ. Энэ 26 сая доллар өнөөдрийн ханшаар 40 тэрбум орчим төгрөг шүү дээ. Тийм ч их мөнгө биш.

- Ийм үйлдвэр байгууллаа гэж бодоход хэдэн хүн ажлын байраар хангагдаж, хэдий хэмжээний цалин авах бол?

- Нийт 135 хүн ажиллана, хамгийн доод цалин 500 доллар байхаар тооцоо гаргасан.

- Танай төслийг ямар байгууллага хүмүүс хийсэн хийсэн бэ?

- Эхлээд би өөрөө маш их материал цуглуулсан. Хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн шаардлага, техник технологи, хөрөнгө оруулалт талаас нь маш олон мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан. Ялангуяа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар, ШУТИС-ийн Уулын үйлдвэрийн инженерийн сургуулийн багш нараас түлхүү зөвлөгөө авсан. Ийнхүү тал бүрийн мэдээлэл цуглуулж байж төслөө бэлэн болгосон. Гэхдээ бүх мэдээлэл өнөөгийн нийгэмд нээлттэй биш учраас энэ төсөлд сул тал байхыг үгүйсгэхгүй. Шаардлагатай бусад мэдээллийг нөхөж олоод төслөө өөгүй болгоно гэж бодож байгаа.

- “Зэс эрдэнийн хувь” төслөө “Эрдэнэт” үйлдвэрт танилцуулсан уу? Хүдэр ашиглах зөвшөөрөл хүссэн үү?

- “Зэс эрдэнийн хувь” төслийг дэмжигчдийн зөвлөл энэ оны 7-р сарын 5-нд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хүсэлтээ албан тоотоор хүргүүлсэн. “Эрдэнэ” үйлдвэр “Исэлдсэн хүдэр ашиглах технологи Монголд нутагшаад 10 гаруй жил болж байна. Энэ технологийг Монголд амжилттай ашиглаж байгаа. Та бүхэн төслөө оруулаад ирвэл ярилцахад боломжтой” гэсэн хариу өгсөн. Тиймээс бид компанийхаа зохион байгуулалтыг хийж дуусгаад, төслөө нягталж боловсруулаад “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулна.

/ ”Эрдэнэт” үйлдвэр ХХК “Зэс эрдэнийн хувь” төслийг санаачлагчдын зөвлөлийн тэргүүлэгчдэд 2010 оны 8-р сарын 30-нд илгээсэн хариу бичигтээ “Танай ирүүлсэн тоотод “Зэс эрдэнийн хувь” төслийн техник технологийн болон эдийн засгийн үзүүлэлтийн талаар дурьдагдаагүй тул уг төслийг дэмжих эсэх талаар санал өгөх боломжгүй байна. Иймд манай холбогдох мэргэжилтнүүд уг төслийг албан ёсоор авсан тохиолдолд түүний техник технологийн шийдэл, эдийн засгийн үзүүлэлтүүд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл зэргийг судалж, дүгнэлт гаргасны дараа уг асуудлыг хэрхэн шийгдэх талаар ярилцах боломжтой болох юм” / гэжээ.

- “Зэс эрдэнийн хувь” төслөөс хувь хүртэх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн гэр бүлээрээ ирж бүртгүүлсэн 25 000 иргэн хохирох вий гэсэн болгоомжлол зарим хүнд байна. Шинэ үйлдвэр байгуулагдлаа гэхэд эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл нилээн хугацаа хэрэгтэй. Тэгэхээр энэ төслөөр үйлдвэр байгуулагдсанаас хойш хэдийн хугацааны дараа гишүүддээ хувь хүртээж эхлэх бол?

- Үйлдвэр байгуулсан хөрөнгийг мэдээж тодорхой хугацааны дараа төлнө. Гэхдээ үйлдвэр ашиглалтанд ороод анхны бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн тэр үеэс гишүүддээ ногдол ашиг хуваарилахаар тооцоо хийсэн байгаа. Энэ төслөөр бол анхны хөрөнгө оруулалтаа 4 жилийн дотор төлж дуусгах юм. Яагаад гэвэл гидрометаллургийн аргаар зэс гарган авах үйлдвэрлэл маш бага зардлаар их ашиг олдог бизнес.

- “Эрдэнэт” үйлдвэр хүдэр ашиглуулах зөвшөөрөл өгөхгүй бол яах вэ гэж бодож үзсэн үү? Ингэсэн тохиолдолд танайд гишүүнээр бүртгүүлсэн энэ олон мянган хүний итгэлийг алдахгүй гэх ямар баталгаа байна вэ?

- Ер нь энэ орчлонд бүтэхгүй байхын аргагүй юм гэж бас байдаг. Энэ ажлыг үнэхээр сайн тооцоолсон гэрцаагүй бүтнэ гэж тооцсон учраас бид ийм их хүчин зүтгэл гарган ажилласаар байгаа юм. Энэ ажил гарцаагүй бүтнэ. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр Америкийн хөрөнгө оруулалттай “Эрдмин” үйлдвэрт 20-иод сая тонн хүдэр өгсөн байна. Саяхан ч бас нэмээд өглөө. Энэ чинь уг хүдрийг өөрсдөө ашиглахгүй, тараанаа л гэсэн үг биз дээ. Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсанаас хойшхи 32 жилд исэлдсэн хүдрээ өөрсдөө ашигласангүй. Цаашид ч ашиглахгүй нь тодорхой байна. Эрдэнэтэд Зэсийн үйлдвэр барьж байгуулах тухай бидний энэ санал жижиг дунд үйлдвэр хөгжүүлье, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлье, шинэ технологи оруулж ирье, хөрөнгө оруулалт татъя гэсэн Засгийн газрын бодлоготой яв цав нийцэж байгаа юм. Мөн Орхон аймгийг хөгжүүлэх цогц бодлогод “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн металл боловсруулах, металл хайлах зэргээр жижиг дунд үйлдвэр хөгжүүлж байж сая ажлын байр нэмэгдүүлнэ гээд тусгачихсан байгаа энэ бодлоготой бидний үйл ажиллагаа бас нийцэж байгаа юм.





Эрдэс баялгийн ашиглалтад оюунлаг толгой үгүйлэгдэж байна

http://www.altangadas.mn/news/id/4807


“Miner” зочноороо Монголын Ашигт малтмал баяжуулагчдынхолбооны хүндэт Ерөнхийлөгч, доктор М.Дамдинсүрэнг урилаа. Тэрбээр “Зэс, молибдений хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар зэсийн хоёрдогч сульфидыг анхдагч сульфидээс хэрхэн салгаж, зэсийн супер баяжмал гаргах шинжилгээ технологи” гэсэн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан
мэргэжилтэн юм.

Уул уурхайн мэргэжлийг хэрхэн сонгосон дурсамжаас тань яриагаа эхэлье?

Тухайн үед уул уурхайн мэргэжил сонгохдоо тодорхой ойлголт, зорилготой байсангүй. Одоо бодоход их зөв сонголт хийсэн байгаа юм. Монгол маань ихээхэн баялагтай орон. Уул уурхай дотроо олон нарийн мэргэжилтэй. Миний хувьд эрдэс боловсруулалтын хэсэгт хамаарна. Баяжуулалт бол боловсруулалтын хамгийн анхан шатны дамжлага нь. Би Москвагийн Уул уурхайн дээд сургуульд ашигт малтмал, металургийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм. Ажил амьдралынхаа гарааг Налайхын их уурхайгаас слесарь, ээлжийн мастераар эхэлж байлаа. Биднийг үйлдвэрийн хамгийн доод дамжлагаас эхлэн практик дээр бүхнийг сургана. Одоо л үгүй болчихоод байгаагаас биш энэ нь их зөв, сайн арга байсан юм. Их сургуулиас онолын мэдлэг авдаг бол амьдралын дадлага гэдэг өөрөө бас нэг том их сургууль. Улс орны маань өнөөгийн хөгжилд уул уурхай, геологийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн хэрэгцээ шаардлага асар их болж байна. Залуучууд ч энэ чиглэлээр суралцах, мэргэжил эзэмших зорилготой болж байна. Ийм хүсэл эрмэлзэл харагдаж байна. Энэ нь цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдсан зөв эрмэлзэл тэмүүлэл юм.

Салбарын эрдэмтний хувьд уул уурхайн өнөөгийн хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ?

Уул уурхайн үйлдвэрлэлийн салбарыг би залуухан гэж хэлэхгүй. Намайг сургуулиа төгсөөд ирэхэд Налайхын уурхай 40 жилийн ойгоо тэмдэглэж байлаа. Өнөөдөр манай уул уурхайн салбар хөгжлийн нэгэн шинэ үе шатандаа ирээд байна. Өнгөт металургийн чиглэлээр “Эрдэнэт” үйлдвэр, Төмөртийн овооны цайрын үйлдвэрүүд ажиллаж байна. Зургадугаар сарын 11-нд Ухаахудагт дэлхийн түвшний технологи бүхий Нүүрс баяжуулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо. Манай хуучин үйлдвэрүүд гравитаци, флотаци гэсэн хоёр технологийн аль нэгийг түлхүү ашиглаж ирсэн юм. Харин Ухаахудаг дахь шинэ үйлдвэр гравитаци-флотаци хосолсон технологийг нэвтрүүллээ. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж байгааг Ухаахудагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн жишээ харуулж байна.

Монгол улс стратегийн бүх ордоо ашиглах нь хэр зөв бэ?

Ашигт малтмалын стратегийн орд гэдгийг би буруу томьёолол гэж боддог. Стратегийн түүхий эд гэхээс биш стратегийн орд гэсэн ангилал дэлхийд байхгүй. Нэгдүгээр дайны үеэс л стратегийн түүхий эд гэсэн ойлголт гарсан юм. Дайны үед шаардлагатай түүхий эдийг ихээр хуримтлуулан цуглуулдаг байснаас үүдсэн хэрэг. Стратегийн түүхий эдийн хуримтлалтай ордыг стратегийн орд гэж нэрлэж болох юм. УИХ-ын баталснаар манайд стратегийн 15 ордыг нэр төрөл, нөөцөөр нь жагсаасан. Батлагдаад нэлээд хэдэн жил болчихлоо. Гэтэл Бороо зэрэг зарим ордын нөөц дуусчихаад байхад стратегийн орд гэсэн жагсаалтад бичээстэй хэвээр байх юм. Стратегийн ордууд хасагдаж, нэмэгдэх зэргээр байнга өөрчлөгдөж байх хэрэгтэй. Огт хөдөлшгүйгээр хэдэн ордын нэрийг он удаан хадгалаад байх нь буруу. Стратегийн 15 ордоо хэрхэн ашиглах талаар баримтлах бодлого чиглэл ч алга. Засгийн газраас гаргасан санал ч байхгүй байна.
Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд стратегийн 15 орд газарт багтдаг. 200 гаруй сая тонн фосфоритын нөөцтэй. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд л Бүрэнхааны фосфоритын бассейны хэмжээний орд байхгүй. Хятад улсад мөн адил. Бид энэ чиглэлээр нэлээд судалгаа хийж явж үзсэн. Хуучин ЗХУ-д Каратаугийн фосфоритын бассейн гэж байсан. Тэр нь ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч бие даасан улс болсон Казахстаны газар нутагт оршдог юм. Тэгэхээр манай хойд, урд хоёр хөрш улс фосфоритын түүхий эдийн нөөцөөр гачигдаж байгаа нь ойлгомжтой. Оросын хувьд Хятад шиг илэрхийгээр манай фосфоритын нөөцийг сонирхоод байгаа юм алга. Харин хятадууд нэлээд санаачилгатай байгаа нь мэдрэгддэг.

Улаан буудай, үр тариа, малын тэжээлийн ургамал ургуулахад фосфорит гол бордоо болдог. Фосфоритыг азоттой нэгтгэхэд давхар нийлмэл бордоо болно. Ийм л чухал түүхий эд. Бүрэнхааны фосфоритын ордыг шууд ухаад эхэлье гэсэн юм байхгүй шүү дээ. “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээс үүдсэн буруу ойлголт хүмүүст байдаг юм. Фосфорит усыг бохирдуулдаг, хордуулдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Энэ нь ямар ч ойлголтгүйг харуулж байгаа хэрэг. Хөвсгөл далайн ёроол нь өөрөө фосфорит дээр байдаг юм шүү дээ. Бохирдуулдаг бол аль хэдийнэ бохирдсон баймаар. Гэтэл Хөвсгөлийн ус яг л Байгаль далай шиг тунгалаг цэвэр хэвээр байгаа. Бүрэнхааны фосфоритын орд Хөвсгөл далайгаас 100 гаруй километр зайтай баруун урд зүгт оршдог.
Хэрвээ энэ ордыг ашиглан баяжуулах үйлдвэр байгуулж, баяжмалыг нь Эрдэнэт юм уу Чойр руу тээвэрлэн, зэс хайлуулах үйлдвэрийн металургийн хийн саармагжуулалтаас гарах хүхрийн хүчлээр боловсруулах юм бол фосфор азотын бордоо үйлдвэрлэж, хөрсний шавхагдаж байгаа үр шимийг сэлбэн сэргээгээд зогсохгүй уул уурхайн металург, химийн үр ашигтай том цогцолбор бүтээн байгуулалт болох юм.
Стратегийн 15 ордод багтсан Бүрэнхааны ийм боломжит ордыг ямар ч бодлогогүйгээр хадгалж байгаа нь төрийн алдаа. Бусад стратегийн орд ч ийм л байдалтай байгаа.
Баян-Өлгийн Асгатын мөнгөний орд байна. “Монголросцветмет”-д лиценз нь байдаг. ОХУ-тай хамтран ашиглах талаар яригдсан ч нэг хэсэгтээ шуугиж байгаад л таг боллоо. Уг нь чиглэл нь их зөв байсан юм. Бороогийн орд гэхэд л нөөц нь дуусаад байна. Бороогийн алтны үндсэн орд дээр технологийн өндөр түвшний үйлдвэрлэл явагдаж, цианит натрийг байгальд хор хөнөөлгүйгээр алтны үндсэн ордын хүдрийн баяжуулалтад хэрхэн хэрэглэж болдгийг практик дээр харууллаа шүү дээ. Ордын нөөц дууссаны дараа алтны энэ үйлдвэрлэлийг ямар ордод шилжүүлэх, үйлдвэрийг цааш нь хэрхэн өргөжүүлэн ашиглах талаар төр засгийн бодлого алга...


Ярилцсан Э.Оджаргал



Аливаа гэрээ, хэлцэлд Монгол түмний эрх ашиг орхигдох учиргүй

http://bbaterdene.wordpress.com

Монголын Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсөн 1911 онд Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуунд малчин ард Дамдины гэрт нэгэн хүү мэндэлсэн нь хожим олны дунд Хөдөөгийн хэмээн алдарсан манай нэрт эрдэмтэн Д.Пэрлээ байсан гэдэг. Тэрээр Монголын түүх болон археологи судлалд хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан гавьяатан билээ.

Түүний оролцсон Монгол Зөвлөлтийн археологийн анги Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой, Манлай сумын Төхөм гэдэг газар МЭӨ 4-3 мянган жилийн тэртээ заг түлж зэсийн хүдэр хайлуулж байсан зуухыг малтан шинжилсэн байдаг. Чулуугаар барьсан зуухан дотроос зэсийн хайлш шаар, загийн шатсан нүүрс, үнс олджээ.

baterdene_sjireeХолч ухаант өвөг дээдэс эх дэлхий, байгаль орчиндоо эз-ний сэтгэлээр хандаж, бусдаас дутахгүй боловсруулах технологитой байсныг гэрчлэх алт, төмөр, үнэт чулуу, дагалдах металлын нэрээр тэмдэглэг дэн үлдсэн газар монгол нутагт тун ч элбэг.

Эдгээрээс хамт орших үнэт чулууныхаа нэрээр гадаад дотоодод танигдсан Оюутолгойн зэс-алтны орд бол үе үеийн Монголын ард түмний татварын хөрөнгөөр хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүн хэмээн хэлэх эрх бидэнд бий. Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1957 онд Оросын геологич Петрович Оюутолгойд очиж судлаад, зэсийн илрэл байна гэж тэмдэглэснээр ма най геологичид судалгаа шинжилгээ хийж эхэлсэн байдаг.

1980 онд Оюутолгой орчмын талбайд Монгол Оросын хамтарсан региональ геохимийн судалгаа явагдаж Төв Оюугийн хэмжээнд зэсийн эрдэсжилт, хувиралт, молибденийн гажилт тогтоож байжээ.

1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар Монголын төр хайгуулын тусгай зөвшөөрлийг хэнд, ямар нөхцөл шаардлагаар шилжүүлэх эрхээ алдсаны уршгаар Оюутолгойн хайгуулын лиценз хэд хэдэн удаа дамжин зарагдсаар ВНР компани мэдэлд очжээ. ВНР компанийн геологичидтой хувийн харилцаатай байсан Айвенхоу Майнз компани тавиад жилийн геологи хайгуулын их бага судалгаатай тус ордын хайгуулын лицензийг сонирхож, уул уурхайн “жуниор” компани хэдий боловч 2000 онд лицензийг өөрийн нэр дээр шилжүүлж авснаар өнөөдрийн Хөрөнгө оруулалтын гэх гэрээний луйвар амилсан түүхтэй.

“2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 29-ийн 4-т зааснаар Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 сая америк доллароос дээш бол Улсын Их Хурал тус тус хэлэлцэнэ” гэсэн бүрэн эрхийн дагуу Улсын Их Хурал 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Гэрээ байгуулах удирдамжийг Засгийн газарт үүрэг болгосноор Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хоёр тал харилцан тохиролцох эрх зүйн орчин бүрдсэн билээ.

“Гэрээ” гэдэг бол хоёр талд харилцан ашигтай байх хэлцэл юм. Хоёр талын эрх ашиг жингийн тэнцвэрийг хадгалж байж сая гэрээ гэж нэрлэгддэг. Айвенхоу Майнзын зүгээс жингийн нэг талд урт хугацаанд бага татвар төлөх нөхцөл тавьсан. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гол зорилго нь ердөө энэ юм. Бага татвар төлнө гэдэг бол монгол улсад л бага мөнгө орж ирнэ гэсэн үг. Ялангуяа Оюутолгой шиг агууламж ихтэй ордын хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь Монголын талд ашиггүй хувилбар гэж олон улсын шинжээчид хэлдэг. Иймээс жинг тэнцүүлэх зорилгоор УИХ-аас 2008 онд 40,2009 онд 57 дугаар тогтоолуудыг гаргасан юм. УИХ нь ард түмний төлөөллийн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ монголын талд ашигтай байх хувилбарыг хуульчилсан хэрэг.

Монгол Улсын Засгийн газар 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулагч талуудтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

Энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед Компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн нэртэй бөгөөд гэрээний эхний хуудсан дахь дараахь хэдэн мөрд таны анхаарлыг хандуулъя.

Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 29 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тог-тоол, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 308 дугаар тогтоолыг тус тус үндэслэн:


…Хөрөнгө оруулалтын гэрээг…

Улсын Их Хурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор энэхүү Гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон бөгөөд уг Гэрээнд гарын үсэг зурсан Талууд түүгээр тодорхойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, дараахь нөхцөлтэйгөөр харилцан тохиролцов.” хэмээжээ.

Хэрэв та гэрээг цааш үргэлжлүүлэн уншвал эл Хөрөнгө оруулалтын гэрээ үндэслэсэн УИХ-ын 40 дүгээр тогтоол, гэрээ байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон УИХ-ын 57 дугаар тогтоолын агуулгыг олж уншихгүй. Иймээс дээрх УИХ-ын тогтоол ёсоор Засгийн газар ямар зарчим, удирдамжийг биелүүлэх үүрэгтэй байсныг тус гэрээнд орхигдуулсныг товч сануулъя.

УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол нь “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” гэсэн гарчигтай дор дурдсан агуулгатай акт юм

Нэг. Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай.

Хоёр. Оюутолгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тог-тоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг харгалзан байгуулахыг Зас-гийн газарт зевшөөрсүгэй.

Гурав. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай.


Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдсон Хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамжид нийцсэн ганц тохиолдолд Засгийн газарт гэрээ байгуулахыг УИХ-ын 57 дугаар тогтоолын хоёр дугаар заалтаар зөвшөөрсөн нь маш тодорхой байна. Цааш тодруулах үүднээс 40 дүгээр тогтоолоор баталсан зарчим, удирдамжийгдор сийрүүлье:

Гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх,
Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах,
Орд түшиглэн байгуулагдах Компанийн хувьцааны Монголын талын хувийг шууд эзэмших,
Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох гэх мэт 9 удирдамжийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээнд:

“1,6, Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх ба энэхүү Гэрээний хугацааг энэхүү Гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү

Сунгаснаас хойш 1 жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан

тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй” хэмээн тусгасан байна. Гэрээний 15.11 -д заасны дагуу гэдгийг тодруулбал…

“15.11. Энэхүү Гэрээний эхний 30 жилийн хугацаа дуусгавар болохоос 12-оос доошгүй сарын өмнө Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт мэдэгдэл өгснөөр энэхүү Гэрээг 20 жилийн хугацаагаар сунгах..”. гэсэн нь засгийн газар эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохирол-цон шийдвэрлэх үүрэг өгснийг биелүүлээгүй орхисон юм.

Мөн Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох гэсэн үүргээс ухарч, 125 сая ам. долларыг Айвенхоу Майнзаас Засгийн газар өндөр хүүтэй зээлж (дараа нь нэмж 250 сая ам. доллар болгосон) авсныг бид мэднэ.

Хөрөнгө оруулагч тал Оюу-толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хийх гол зорилгодоо дараахь байдлаар хүрсэн байдаг.

Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.24.1 .-д “Энэхүү Гэрээний 2.24.2-т зааснаас бусад тохиолдолд, Ашигт малт-малын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагууг Гэрээний заалтууд нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмын заалтуудаас үл хамааран энэхүү Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд хүчинтэй байна,” гэсэн энэ заалт нь Монгол улсын хууль тогтоомж энэ гэрээнд үйлчлэхгүй гэдэг утгыг шууд илэрхийлж байна.

УИХ-ын 2008 оны наймдугаар сарын 25-ны ээлжит бус хуралдаан дээр Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль буюу 68 хувийн татварыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга энэ хуулийг орлох хуулийн Төслийг яаралтай танилцуулахыг даалгаж, мөн протоколоор Засгийн газарт үүрэг өгсөн байдаг.

Гэтэл гэрээ байгуулахаас бүтэн нэг жилийн өмнө УИХ-аас үүрэг өгсөн байхад 2 жилийн хойно гэрээ байгуулсны дараа 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47.4-т “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн тухай” нэмэлт өөрчлөлтийг нэмсэн.

Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулган дээр хариуц-сан сайдууд хариулахдаа “Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан байгаа гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамруулах боломж-гүй” гэж хэлсэн нь тухайн үеийн миний тэмдэглэлд байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хүчингүй болгон зогсоож, орлох хууль батлах ажлыг зориудаар гацааж, зохиомлоор хууль зүйн хийдэл үүсгэснийг хэлэхгүй өнгөрөх аргагүй.

Анхнаасаа Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн үед энэ төслийн өртөг гэнэт хоёрхон дахин нэмэгдсэн бөгөөд Монгол улсаас үндэслэлгүй нэмсэн төслийн өртгийн 34 хувийг нэхэж, энэ 34 хувьд оногдох 2.7 тэрбум долларыг хүүтэй тооцон орд ашиглалтад орсны дараа суутган авахаар тохиролцжээ. Уг хөрөнгө оруулалтын гэрээнд Улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулах олон заалт бий бөгөөд зөвхөн нэг заалтыг дурдахад хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т: Бүтээгдэхүүний экспорт борлуулалтын солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулж болно. Энэ нь эх орны минь алт эрдэнэс ухаж ачигдаад төлбөр нь буцаж ирэхгүй гэсэн үг.

УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны төвөөс дээрх 34 хувьд оногдох төлбөр, хүүг тооцож судлаад, Оюутолгой ордыг ашиглах төслийн энэ хувилбар Монгол улсад ямар ч ашиггүй гэсэн тооцоо хийсэн байдаг.

УИХ-ын бүтцийн байгууллага болох Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад гаргасан санал дүгнэлт түүнчлэн Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны 2010 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн албан тоотоор УИХ-ын 40, 57 дугаар тогтоолуудад заасан удирдамжид Хөрөнгө оруулалтын гэрээг нийцүүлэхийг удаа дараа шаардсан боловч Засгийн газар сайжруулах талаар бодиттой ажил хийлгүй Монгол улсын эрх ашгийн дээгүүр бусдын ашиг сонирхлыг эрэмбэлж, УИХ-ын тогтоолд нийцүүлэх талаар санаачилга гаргалгүй аргалсаар өдий хүргэж байна.

УИХ-ын 57 дугаар тогтоолоор энэхүү Гэрээг байгуулах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон боловч хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалз-сан Засгийн бодлогыг хэрхэн дүгнэх вэ?

УИХ-ын нэр бүхий гишүүд бид 2011 оны есдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, энэ оны аравдугаар сарын 1-ний өмнө УИХ-ын 40,57 дугаар тогтоолуудад заасан удирдамжид Хөрөнгө оруулалтын гэрээг нийцүүлэн, сайжруулахыг албан ёсоор шаардсан шаардлагыг гардуулсан. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд энэ асуудлаар намрын чуулган дээр танилцуулга хийнэ гэж хэлсэн.

Харин бид урьдын адил засдаг гурван сайдаа наашаа түлхэж, УИХ-ын чуулганд мэдээлэл, танилцуулга хийх нэрээр аргалж өнгөрөөх биш, эх орон улс үндэстний язгуур эрх ашгийн үүднээс хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрт орж, гэрээг өөрчлөх нь Засгийн газрын үүрэг, тийм боломж бүрэн бий, Монгол Улсын үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, терийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна гэсэн үндсэн үүргийн сануулж хэлснээр уулзалт өндөрлөсөн.

Улсын Их Хурлын 2011 оны Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Д .Дэмбэрэл хэлсэн үгэндээ “Оюутолгой ордын талаар Улсын Их Хурлаас гаргасан тогтоолын хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хэмжээг 50 хувьд хүргэх зарчмын заалт, байгалийн баялаг ашигласны төлбөрийг өсөн нэмэгдүүлэхээр тогтоосныг стратегийн ордуудын гэрээнд тусгах ёстой гэж үзэж байна. Энэ нь бүхэлдээ Монгол орны эрх ашигтай холбоотой асуудал” гэснээс үзэхэд Оюу-толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, харилцан ашигтай болгох шаардлага тов тодорхой байна.

Өнөөдөр монголчууд бид бүтэн зууны өмнө Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, 1921 оны Ардын хувьсгалаар шинэ Монгол Улсаа байгуулсан хэдий ч 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх хүртэл тусгаар тогтнолоо гадаад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх гэж царайчилж байсан үеэ их гүрнүүдийн төрийн дээд удирдлагууд шил шилээ дарсан айлчлалын тоосонд мартах эрхгүй. Аливаа гэрээ, хэлцэлд монгол түмний эрх ашиг орхигдох учиргүй.



Элгээрээ хэвтсэн Бугат, Монголчуудыг сорж өндийлөө
http://www.shuud.mn/?p=17137

Хятадын ердийн загварын барилга төв хэсгийг нь голлож, зах хэсгээрээ шавар тагз, нүүдэлчин Монголчуудын хэв маягийг хадгалан үлдсэн өвөрлөгч гэр хороолол гээд үзэж харах зүйл багатай нанхиад үндэстэн голлон суурьшсан суурин газар бол Өвөрмонголын хамгийн том хот болох Бугат хот байв.

27,768 км кв газар нутгийг эзэлсэн энэ хот 7 дүүрэг, 2 тойрог, 1 хошуунаас бүрддэг ба Манж Чин гүрний үед буюу 1809 онд бий болсон байна. Шар мөрний хөндийг газар тариаланд ашиглах зорилгоор сонгосон нь өдгөөгийн Бугат хот болсон гэдэг.

1925 онд Цинхай, Ганьсу мужуудаас ноос ачсан сал, завинууд Шар мөрнийг уруудан Ланьжоугаас Бугатад ирж, эндээсээ вагонд ачигдан дорныг зорьдог байжээ. Харин буцаж Ланьжоу ороход тэмээн жин ашиглахаас өөр аргагүй байсан төдийгүй Бугатаас Ордос, Алшаа хүртэл жингийн замтай байсан аж.

Үүнийхээ дараа шат ахиж Бээжин хүртэл төмөр замтай болов. Тун удалгүй 1934 онд Герман-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтаар Бугатын нисэх онгоцны буудал ашиглалтад орж, Нинься, Ланжоу мужууд руу тогтмол нислэг хийгдэх болжээ.

Тухайн үед худалдаачдаар дүүрсэн 2 гудамж, ноорхой пингээр дүүрсэн хот 1980 онд худалдаачны гудамжаа арай боловсронгуй болгож хэд хэдэн худалдааны төв болгосон ч ноорхой пингүүдээсээ салж чадаагүй байв.

1978 оноос хотын орон сууцыг Засгийн газраас үнэ төлбөргүй хуваарилж,1996 оноос орон сууцын хөгжлийн зорилго нь зөвхөн амьдралын үндсэн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн боловч мөн оны тавдугаар сарын гуравны өдөр болсон 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт шинээр баригдсан барилгуудыг нурааж, шавар пингүүдийг газрын хөрснөөс арчжээ.

Нэг үгээр хэлбэл хотоо төлөвлөж айл өрхүүдээ шавар пингээс нь салгаж орон сууцжуулж эхлээд байхад нь байгалийн гамшиг тохиосон нь Бугат хотыг элгээр нь мөлхүүлсэн юм.

Харин 1990 он гарснаар энэ хот хөл дээрээ босож, хөгжлийн замдаа шуудран оржээ. Энэ нь Хятад Монголын хилийн боомтууд нээгдэж худалдаа хийдэг болсонтой холбоотой. Түүнчлэн Монголчууд урд хөршөөс хэрэглээнийхээ бүх барааг татдаг болсон төдийгүй текник, тоног төхөөрөмж, машины сэлбэг зэргийг Хятадаас авдаг нь Бугат хотын хөгжлийн түлхүүр болж 2002 оны 10-р сард “ХҮН ТӨРӨЛХТӨН ОРШИН СУУХАД ХАМГИЙН ТААТАЙ ХОТ” гэсэн өргөмжлөлөөр шагнагджээ.

Өнөөдөр автомашины сэлбэг зардаг бүх дэлгүүрүүд ОРИГ буюу ХУЛХИ гэсэн хоёр төрлийн сэлбэг зардаг. ХУЛХИ сэлбэг нь дотроо хэд хэд ангилагддаг. Сайн, гайгүй, муу гэсэн гурван төрөл. Хулхи сэлбэгүүд нь төрөл төрлөөрөө урд хөршөөс орж ирдэг ч үүнд тавьдаг хяналт гэж үгүй. Хэдхэн хоногийн настай сэлбэгийг худалдаж аваад л дахиад л солих ажил гардаг. Гэвч орлого багатай бас хэнэггүй Монголчууд хямд учраас гэсэн шалтгаанаар дахин дахин сольж хулхи барааны боруулалтыг өсгөдөг байна.

Тэгвэл Монгол жолооч нарын энэхүү ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-аар Хятадын Вэньжөү хотын авто машины эд анги үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгжүүд хамтран мөнөөх элгээрээ хэвтсэн Бугат хотын Чиншань дүүрэгт байрлах тоног төхөөрөмж, машины сэлбэг үйлдвэрлэлийн паркад Хятадын баруун бүс нутгийн хамгийн том үйлдвэрлэлийн хотыг байгуулжээ. Өөрөөр хэлбэл элгээрээ хэвтсэн Бугат хот Хятадын баруун бүс нутагтаа хамгийн том аж үйлдвэрийн бүхэл бүтэн хот болж байна гэсэн үг.

Энэ үйлдвэр нь Монголчуудын халаасыг тэмтэрч хөлжих, хөл дээрээ босох хулхи сэлбэгүүдийг янз янзаар нь үйлдвэрлэдэг байна. Вэньжөү хот нь Хятадын авто машины эд анги үйлдвэрлэх бааз бөгөөд том жижиг эд анги үйлдвэрлэдэг. Жижиг аж ахуйн 2000 гаруй нэгжүүдтэй. Эдгээр нэгжүүд нь бүх Хятадын эд анги үйлдвэрлэх үйлдвэрүүдийн 60 хувийг эзэлдэг байна. Харин нэг жилд үйлдвэрлэж буй хулхи бүтээгдэхүүний хэмжээ нь 100 гаруй тэрбум юаньд хүрдэг.

Энэ оны эхний гурван улирлын байдлаар Бугатын гаалийн татвар 72.1 сая юаньд хүрч үүргээ урьдчилан биелүүлжээ. Бугатын эдийн засаг хийгээд Хятадын эдийн засагт чухал нөлөө үзүүлэгч нь Монголчууд.

Хаана хямд төсөр машин байна тэр Монголд л орж ирдэг. Бас үйлдвэрлэсэн он хамаагүй. Зарагдаж л байвал болоо гэсэн байр сууринаас хандаж өдгөө Улаанбаатар хот дэлхийн улс орнуудын ХАЯГДАЛ болсон машинуудын цуглуулгыг аль хэдийнээ хийчихсэн. Явдагаа явж эдэлгээ нь нэгэнт гүйцчихсэн машинуудыг Монголчууд л янзалж чадна. Зарагдахгүй байгаа машинаа сэлбэг элбэг одоог, бас хямд хэмээн зад панаалдаж байгаад л зарчихна. Энэ нь мөнөөх л Бугатын үйлдвэрүүдэд хийх Монголчууд бидний ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ. Цаашид ч энэ хөрөнгө оруулалтаа хийсээр, үргэлжүүлсээр байх биз ээ.

Харин одоо машины тоног төхөөрөмж, сэлбэгийн хамгийн том аж үйлдвэрийн цогцолбор болсон эл хотын иргэд хамгийн доод тал нь 100 квадрат метр талбайгаас дээш талбай бүхий орон сууцанд амьдарч байна. Харин Бугатийн хулхи барааны гол худалдан авагч, борлуулагч,эдийн засгаар дэмжигч Монголчууд бидний хэд нь хэдэн квадрат метр талбайтай байранд суудаг билээ дээ.

Ж.Хулан

Миний тайлбар:
  1. Зохиогчийн дурдсанчлан тэдний хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг бид худалдан авч борлуулалтанд нь тусалж байгаа
  2. Зохиогчийн олж харж чадаагүй өөр нэгэн ноцтой зүйл бол бид төмрийн хүдэр бараг үнэгүй шахам нийлүүлж түүхий эдээр хангаж байна. 2010 онд -3сая, 2011 онд-4сая тн
Канадад ашигт малтмалын нөөц бүхий газрын 81 хувийг улс эзэмшдэг


www.shuud.mn/2011/11/25

Канад улсын татварын талаар товч танилцуулахаас өмнө улсын тухай мэдээллийг хүргэе. Нийслэл Оттава, Албан ёсны хэл: Англи хэл, Франц хэл, Засаглал нь: Парламентын засаглалтай ардчилал ба Үндсэн Хуульт Хаант улс- Хатан хаан II Элизабет, газар нутаг: 9,984,670 км/кв газар нутагтай гэдгээрээ дэлхийн хамгийн томоохон улсын 2-т бичигддэг. Нийт газар нутгийн 9,093,507 км/кв нь эх газар харин 891,163 км/кв нь уснаас тогтдог. Хүн ам: 2010 оны тооцоо 34,1 сая, Хүн амын нягтрал: 3.41/км², 1 хүнд ногдох ДНБ: 38.0 мянган USD, Канад Холбооны Улс 10 муж, 3 бие даасан нутаг дэвсгэр, Бие даасан мужууд: Баруун бүс:Бритиш Коламбиа, Альберта, Саскачеван, Манитоба , Төвийн бүс:Кэбэк, Онтарио, Атлантын бүс:Нью-Брансвих, Принс Эдвардын арал, Нова Скотиа, Ньюфаундленд, Лабрадор , Бие даасан нутаг: Юкон, Баруун Хойд Нутаг дэвсгэр, Нунавут Канад Улсын давуу тал нь батлагдсан байгалийн нөөцөөрөө дэлхийд 2 дугаарт, байгаль хамгаалах бодлого сайн, дээд зэргийн техник, технолги, өндөр чадвартай ажиллах хүчин зэрэг болно. Орлогын татварын хувь хэмжээ: улсын 16,5 %, Нова Скотиа мужийн 16%, Альберта мужийн 10%, Онтарио мужийн 11,75% үйл ажиллагаа эрхлэж байгаа муждаа татварын тоцоогоо хийдэг байна.

Алберта мужид ашигт малтмалын үйлдвэрлэл, элсний тос, төмөрлөг, нүүрс, газрын тосны асуудлыг Эрчим хүчний алба (the Department of Energy) хариуцан ажиллаж байна. Энэ алба 600 орчим ажилтантайгаас 85 хувь нь элснээс гаргадаг газрын тос, 15 хувь нь бусад ашигт малтмалын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд хяналт тавих, рояалтийн тайланг хүлээн авах зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг. Харин рояалтийн төлбөр нь Санхүүгийн алба (the Department of Finance)-д ордог байна. Уул уурхайн компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалалт зэргийг харгалзан үзэж зөвшөөрөл олгодог байна. Ашигт малтмал бүхий газрыг компаниудад нээлттэй тендер шиг зарлаад хамгийн өндөр үнээр худалдан авах санал болгосон болон үйл ажиллагаа эрхлэх чадварыг харгалзан олгодог байна. Бритиш Коламбиа мужийн Эрчим хүч, уул уурхайн яам (Ministry of Energy and Minis) нь уул уурхайтай холбоотой байгаль орчин, татвар, лиценз зөвшөөрөл гээд бүхий л асуудлыг цогцоор нь хариуцан ажилладаг байна. Ашигт малтмалын татварын хууль (the Mineral tax act)-аар эрх зүйн зохицуулалт явагддаг. Уул уурхайн компанид хяналт тавихдаа уурхай болон оффис дээр нь тус бүр 1 долоо хоног ажиллаж мэдээлэл цуглуулдаг байна. Олон улсын татвар, цалингийн татвар, бараа, үйлчилгээний татвар, нөөцийн, санхүүгийн үйлчилгээний зэрэг мэргэшсэн хяналт шалгалтын баг ажилдаг. Мөн том татвар төлөгчийн (250.0 сая USD-оос дээш орлоготой) татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгадаг хяналт шалгалтын бага бий. Татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлох тогтолцоотой ба татварын хөөн хэлэлцэх хугацаа нь 6 жил байдаг байна.

Татвар төлөгч хяналт шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол Маргаан таслах зөвлөлд хандана. Тус зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Канад Улсын Татварын Шүүхэд гомдол гаргана. Хуралдааны шийдвэрийг зөвшөөрөхгүй бол Канад Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй юм байна. Уул уурхайн салбарт дараахь 2 эрсдэл байдаг гэж үзсэн. Үүнд: Хайгуулийн зардал, Борлуулалтын үнэ Ашигт малтмалын нөөц бүхий газрын 81 хувийг улс эзэмшдэг байна. Роялти ногдуулах загварууд: 1/.Нийт бүтээгдэхүүний хэмжээнд суурилсан Роялти татвар=t S*Q Үйлдвэрлэлийг дэмждэггүй загвар гэж үздэг. 2/.Нийт орлогын хэмжээнд суурилсан Роялти татвар=t P*P*Q Үнийн эрсдлийг харгазан ногдуулж байгаа тул инхэнхи орон ашигладаг. Алберта бол Канад Улсын нүүрс олборлогч гол муж юм. Бритиш Коламбиад 1-ээс бусад нь далд уурхай байдаг бол Албертад ил уурхай их байдаг байна. 1961 онд Бритиш Коламбиа мужийн Ванкувер хотод “Prinee Rupert” боомтыг Азид нүүрс экспортлох зорилгоор Засгийн газар барьж байгуулсан байна. Нүүрсний уурхай тус бүр дээр Ring fencing буюу уурхай тус бүрийнхээ орлого, зардалыг тус тусад нь бүртгэхийг шаарддаг байна. Уул уурхайн салбарт алдагдалыг ургаш, хойш шилжүүлдэггүй.

Харин нөхөн сэргээлтийн зардлыг өмнөх жил рүү шилжүүлдэг байна. Тухайн уурхай ямар технологи хэрэглэснээс хамаарч нөхөн сэргээх арга, зардал нь өөрөөр байна. Канад Улс нь ашигт малтмалийн үнийг Дэлхийн худалдааны байгууллага, Хөрөнгийн бирж, гуравдагч талын үнийг үндэслэн тодорхойлдог байна. Нүүрс нь дотроо олон төрөл байдаг тул энэ нь үнийг үнэн зөв эсэхийг шалгахад хүндрэлтэй байдлыг бий болгодог. Канад Улсын газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлд ихэнхи хөрөнгө оруулалтыг БНХАУ, Япон Улс, БНСУ, Энэтхэг Улсаас оруулсан байдаг. Хөрөнгө оруулахдаа салбар, корпораци, хамтарсан компани байгуулдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээг ихэнхи орнуудад хэрэглэгддэг боловч АНУ, Канад Улсуудад хэрэглэдэггүй. Ердийн ашгаас илүү гарсан ашиг буюу гэнэтийн ашгийг зөвхөн уул уурхайн салбар олдог. Эдийн засгийн түрээс (Economic rents) = Орлого (Revenue)-Үйл ажиллагааны зардал (Current cost)-Капиталын зардал (Capital cost) Уул уурхайн компанийн нийт орлогоос бүх зардлыг хассан дүнг эдийн засгийн түрээс гэнэ. Капиталын зардалд хайгуулын зардал, бүтээн байгуулалтын зардал хамаарна.



2 хоногийн дараа үр дүн нь гараад...

http://baatarscc.blogspot.com/search/label/my#!/2011/02/2.html

Швейцар улсын ардчиллын тогтолцоо их таалагдлаа. Тэндээс ирсэн ах маань хэллээ л дээ: Ямар хамаагүй жирийн иргэн бодсон саналаа засгийн газартаа илгээнэ тэгээд төд удалгүй засгийн газар заавал нэг эсрэг ч юм уу эсвэл ойролцоо ч юм уу , нөгөө тавьсан саналыг нь арай боломжит байдлаар бас нэг хувилбар дэвшүүлнэ. Тэгээд хагас бүтэн сайн өдрөөр нь тэр асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулаад 2 хоногийн дараа үр дүн нь гараад л хууль боллоо л хэрэгждэг гэж байгаа.

Ард иргэд нь ч гэсэн ийм ажилдаа маш идэвхтэй оролцдог гэсэн. Мөн тэр санал хураах, авах зэрэг ажлыг нь ард иргэд нь сайн дураараа ирээд ажилласан цагийн мөнгөө аваад л хийчихдэг гэж байгаа. Ийм ажил дээр заавал орон тоо гаргаж тогтмол цалинтай ажилчин гэж байхгүй гэсэн. Ард иргэдийн дэвшүүлсэн асуудал гүй ээ мөн хурдан хэрэгждэг гэж байгаа. Засгийн газар нь иргэдтэйгээ маш нягт ажилладаг нь энэ бөлгөө. Бас Швейцар хүмүүс наслалт их өндөр, учир нь тэр спортын цогцолбор байгууламжийг бүгдийг нь төрөөс нь бариад өгчихдөг тэгээд тэндээ очоод хичээллэхэд үнэгүй. Зүгээр нэг захын жижгэвтэр хотод 8 хөл бөмбөгийн стандарт талбай байх. Их дайны үед ч Швейцар улс руу хэн ч довтолж байгаагүй дайны дараа ч утаа үнэрлээгүй газар юм байхаа. Германчууд хүртэл дайраагүй, учир нь тэдний хамаг мөнгө нь Швейцарын банканд хадгалагдаж байсантай холбоотой юм билээ. Барилга цайз нь дандаа л 300- 1000 жилийн өмнө баригдсан байх. Хөгшин европоор нэг явахгүй бол горьгүй нээ.

Ийм байхад улс орон хөгжилгүй яахав дээ. Тэдний хөгжлийн нууц энэ юм биш үү?!!!
Манай төр засаг хэлээд анхааруулаад байхад л ард түмнийхээ дуу хоолойг нохой хуцсан чинээ ч сонсдоггүй билээ. /гүн санаа алдав.../
Өөдрөг сайхан мэдээлэл өгсөнд Эрдэнэбаатартаа баярлалаа. Энэ линкээр http://baatarscc.blogspot.com/search/label/my#!/2011/02/2.html
орж түүний блогоор зочлоорой. Д.Жамц 2012.1.20 03:10



20 жил яриад ч...

auto Standart center

auto Standart center
phone: (976)-99093333, (976)-99990709, (976)-55158080, (976)-99013026

Архив

Миний тухай

Моя фотография
Jamts Dash
Ulaanbaatar, BGD-18. 4 khoroolol. 976-99013026, Mongolia
Эрдэнэсээр арвин эх орондоо автомашины үйлдвэр байгуулах талаар бидний үеийнхэн санаа тавихгүй бол өөр хэн хийж өгөх билээ дээ..?
Весь профиль

Чатлах уу?

Их үзсэн

www.biznetwork.mn profile

www.biznetwork.mn-д түгээх

Түгээх

Face book

twitter.com

Follow us on Twitter

Тоолуур. 22/10/2011

free counters