- Агуулгын шошго

Нүүрсээр мөнгө хийж байгаа бүлэглэлийнхэн Засгийн газарт ч нөлөөлж эхлэв үү гэсэн таамаг төрүүлэх болов. Энэ нь хий хоосон хардалт биш, бодиттой зүйл байж мэдэх магадлал өндөр юм.
Засгийн газрын танхимын гишүүн, С.Батболдын багт ажиллаж байгаа сайд энэ талаар үг унагалаа. Хариуцлагатай алба хашдаг төрийн сайд хүн тийм ноцтой зүйлийг ярилцлага өгч байхдаа ам нь халаад санаандгүй бураагүй нь мэдээж.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Ухаа худагийн уурхайтай хийсэн гэрээг нь дуурайгаад “Эрдэнэс Монгол” компани бас 70 ам.доллараар гэрээ хийчихэж байгаа юм. Өнөөдөр зах зээл дээр хүрэн нүүрс 110 ам.доллар, коксжсон нүүрс бол 300-350 ам.долларын үнэтэй байна. 40 доллар хаачив? Энэ бол хулгай. “Ард түмний өмчөөс” хумсалж, хулгайлж байгааг л би шүүмжилсэн. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаан дээр дэмжлэг авсангүй. Ухаа худагийн 70 ам.долларын үнэ чинь хуурамч үнэ. Хилийн цаана өөр үнэтэй, давхар гэрээ хийгээд 40-50 долларын зөрүүг Монголын татварын албанд бүртгэлгүй дансаар авдаг. Монгол Улсдаа бол 70 ам.доллараар борлуулсан гэдэг хуурамч гэрээгээ үзүүлээд, тэр үнээрээ татвар төлдөг. 2010 онд Монголын компаниуд 15 сая тонн нүүрс Хятад руу борлуулснаас ердөө 200 сая ам.долларын татвар авсан гэж байгаа. Энэ бол Европын хөлбөмбөгийн клубын нэг тамирчны л үнэ ш дээ. Уул уурхайд нүүрс голлох салбар болсон гээд байдаг, гэтэл иймхэн мөнгө төсөвт орж байна. Тэрнийг нь төр засаг нь хараагүй юм шиг дүр эсгээд сууж байж болохгүй” гэжээ.

Энэ талаар сурвалжилж, тоо баримтыг шүүрдэж үзлээ. Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн магнат гэгддэг “Чайнолько” группын төлөөлөл нэгэн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Энэ гэрээг байгуулснаар “Чайнолько” групп Монголын Таван толгойн нүүрсний орд газраас гурван жилийн турш нүүрс авна. 15 сая тонн нүүрс авахаар гэрээлжээ. Үүнийхээ хариуд Монголын Засгийн газарт 250 сая ам.долларыг урьдчилж төлөх болзолтой. Гэрээний дагуу нүүрсийг өдөр шөнөгүй зөөж эхэлсэн байна.

Энэ групп нь Монголоос авах нүүрснийхээ 30 хувийг нь Японы “Иточу”, “Мицуй” групп, Солонгосын төрийн өмчийн “ Кореа гесурс” корпорацид худалдана. Дараагийн таван жилээс нь зах зээлийн үнээр худалдаж авна шүү гэж гэрээлсэн гэнэ.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гарын үсэг зурах ёслолын үеэр “Засгийн газар хөрш орон болох Орос, Хятадад ашигт малтмалаа хүргэх биш гуравдагч орны зах зээлд худалдахыг зорьж байгаа юм. Энэ хүсэлтийг маань Чайнолькогийнхан биелүүллээ. Япон, Солонгосын зах зээлд буюу эцсийн хэрэглэгч компанид “Эрдэнэс -Тавантолгой”-н нүүрсийг борлуулж өгч байгаад бид баяртай байна” гэж хэлсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Гайхамшигтай, гуравдагч зах зээлд гаргах мөрөөдлийг биелүүллээ гээд байгаа энэхүү гэрээ нь манай улсад тийм ашигтай гэж үү. 100-гийн дотор тоо боддог хэн бугай ч нэмж хасаад л хэр ашигтайг нь торохгүй тооцоод гаргаад ирнэ.

Монголтой хил залгаа Өвөрмонголын зах зээлд л гэхэд өчигдрийн байдлаар нэг тонн хүрэн нүүрс 108 ам.доллар, харин Монгол Улсын нүүрсний экспортын үнэ 118 ам.доллар байх юм. Тонн тутамаас л 38-48 ам.долларын алдагдалтай байна. Энэ нь зөвхөн хүрэн нүүсний хувьд ч шүү дээ. Гэтэл Таван толгойн ордын Зүүн Цанхиас олборлох нэг тонн коксжсон нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд хүргэхэд л 300-400 ам.доллар ханштай байна. “Чайнолько” групп манайхаас хямд үнээр авчихаад Япон, Солонгосын зах зээл дээр хэд нугалж зарах нь ойлгомжтой.

Тэд Монголын төрийн сэтгэлгүй, урагшгүй, амин хувийнхаа эрх ашгаа дээгүүрт тавьдаг түшмэдүүдийн буянаар шаггүй ашигтай бизнес хийчихэж байгаадаа баярлаж суугаа биз.

Улсынхаа төсөвт ахиухан хэдэн төгрөг оруулчих юмсан, түүгээрээ дэд бүтцийнхээ асуудлыг ч шийдчихье гэсэн сэтгэлтэй байсан бол адаглаад л “Та нар Япон, Солонгосын зах зээлд хүргэж нэг тонн коксжсон нүүрсийг 300 ам.доллараар зарах юм бол түүнийхээ тэдэн хувийг манайд өг” гээд гэрээнд нэмэлт заалт тусгана гэсэн санал тавьж болно оо доо. Гэтэл тиймэрхүү болзол тулгах байтугай хэлсэн болгоныг нь алга ташин хүлээж авчээ. Энэ нь санаатай үйлдэл үү, санамсаргүй алдаа юу.

Хятадад гурван жилийн өмнөөс коксжсон нүүрсний хэрэгцээ огцом нэмэгдэж байгаа. Энэ жил гэхэд л 40 сая тонныг импортлох шаардлагатай гэж мэдэгдсэн. Оросууд ч бас АНУ-аас коксжсон нүүрс худалдаж авах болсон. Хөрш зэргэлдээ Монголд өндөр чанарын коксжсон нүүрсний нөөцтэй том орд илэрчихээд байна. АНУ-аас авдаг ханшаар нь коксжсон нүүрсээ яагаад ав гэж хэлж болдоггүй юм. АНУ-аас зөөснөөс Монголоос авах нь тээвэрлэлтийн зардлын хувьд тийм их зөрүү гарахгүй л болов уу. Харин хямд ч тусч мэднэ.

Дэлхий дахинд коксжсон нүүрс ховор бараа болчихоод байхад Засгийн газар үүнийг мэдэрч тоглох ёстой атлаа 250 сая ам.доллар л урьдчилж авах гэж Хятадын төрийн өмчийн компанид май гээд үнэгүй шахам тавиад туучихаар шийджээ. Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд л сонгуулийн амлалтаа биелүүлсэн сайн нэр зүүж байвал алдагдалтай наймаа хийх нь огт падлийгүй байх нь.

Ухаа худагт олборлолт явуулж байгаа “Энержи ресурс” компани ОХУ-ын төмөр замаар дамжуулан Герман, Японы зах зээлд нүүрсээ гаргаж байна. Тэд ч бас 70 ам.доллараар гэрээлсэн гэсэн, хувийн хэвшлийнхэн сайн л тооцсон байгаа шүү дээ гэж ТӨХ, Эрдэнэс-МГЛ компанийн удирдлагууд арьсаа хамгаалдаг. Гэвч үнэндээ үүний цаана ямар луйвар явагддагийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд олонд дэлгэчихлээ. 70 ам.доллараар гэрээ хийсэн гэж Монголд татвар төлчихөөд тусгай дансаар тонн тутмын зөрүүнээс унах 40-50 орчим ам.долларыг ямарч татваргүйгээр халаасалдгийг нь илчиллээ шүү дээ. Тэгэхээр гурвын гурван жилийн турш Чайнолькод хямд үнэтэй нүүрс олж өгч байгаа Монголын түшмэд арай авлига авсан юм биш биз дээ.
.
“Чайналько” буюу Хятадын далд бодлого

Манайхтай ийм ашигтай гэрээ байгуулж чадсан Хятадын Чайнолько групп нь зэс, ховор метал, нүүрсний салбарт хүч түрэн орж ирж байгаа том тоглогч. Сүүлийн нэг жилийн хугацаанд хүрээгээ тэлэхээр эрчимтэй довтолж байгаа. Төр засгаас нь ч бодлоготойгоор дэмждэг гэдэг. Хятадын төрийн өмчийн оролцтоотой компани юм гэнэ лээ. Дэлхийд гуравдугаарт ордог, Австрали-Их Британийн уул уурхайн “Рио Тинто” группын багц хувьцааг “Чайналько” групп 19.5 тэрбум ам.доллараар худалдан авч буйгаа зарлаж байсан. Гэвч “Рио Тинто”-гийн нөлөө бүхий албан тушаалтан авлига өгч, Хятадын эдийн засагт хохирол учруулах гэж байсан хэргээр баривчлагдаж, австраличууд ч Хятадад “Рио тинто” компанийн хувьцааг зарж болохгүй гэж шүүмжилж, эсэргүүцэн бөөн шуугиан дэгдээж байсан юм. Тиймээс ч “Рио Тинто” групп “Чайналько”-той байгуулах гэрээнээсээ татгалзаж, “ВНР Вilliton-д 15.2 тэрбум ам. доллараар худалдаж байсан түүхтэй. Хятадын төрийн өмчийн оролцоотой энэ групп одоогоор “Рио Тинто” компанийн хувьцааны 9.3 хувийг эзэмшиж байгаа гэдэг юм билээ. Эрчим хүч хэмнэлтийн салбарт тэргүүлж цойлохын зэрэгцээ нүүрсний бизнест хүч хаяж байгаа аж.

Нүүрснээс экспортын татвар авахаас бултууллаа

Саяхан Засгийн газар дахиад л сэжиг төрүүлэх шийдвэр гаргалаа. 2012 оны төсвийн төслийг боловсруулаад дагалдуулан Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Тодруулж хэлбэл, нүүрсэнд 5 хувийн татвар ногдуулахаар төсөл боловсруулсан байсан гэсэн үг. Гэтэл Нүүрсний ассоциаци, МҮХАҮТ-аас албан тоот ирүүлсэн нэрийдлээр энэ төслөө буцаагаад татчихлаа. Нүүрс олборлож байгаа компаниуд нь дөнгөн данган хөл дээрээ босох гэж байхад татвараар дарлаж сөхрүүлэх гэсэн алдаагаа ухаарсан юм гэнэ. Өнгөцхөн харахад төрийн бус байгууллагуудын шаардлагыг хүлээж авчээ гэж ойлгогдохоор байгаа биз.

Гэвч үнэндээ жижиг Таван толгойгоос өдөр шөнөгүй тоос манарган нүүрс зөөвөрлөж хагартлаа баяжиж байгаа Ажнайн Д. Бат-Эрдэнэ, “Энержи ресурс”-ын эзэд болох MSC-ын ТУЗ-ын дарга Ж.Оджаргал, “Петровис”-ын босс Ж.Оюунгэрэл, Моннисийн цаад эзэн гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, “Шунхлай” группын нууц ноёнтон УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Австралийн Айвенхоу майнзын охин компани болох Саусгобийн хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд, “Чин хуа Мак-Нарийн сухайт” гэсэн хамтарсан компани байгуулж нүүрсээр хөлжиж Монголын толгой баян болсон Б. Нямтайшир гэсэн ил, далд эзэд, боссуудын эрх ашгийг л хамгаалсан юм биш үү.

Хөрөнгөө багтааж шингээхгүй болтлоо хөлжиж байгаа нүүрсний компанийн эзэд хэдэн зуун саяар нь морь худалдаж авч, байлж, усан онгоц сая авч зугаагаа гаргаж буй. Зарим нь ч хэвлэлийг атгах гэж үзэж тарж байна.

Нүүрсний ордын эздийн хүүхдүүд мөнгөөр зодоод сонгуульд гарна гээд ханхалзаж байна. Ёстой л нам болгоныг гомдоохгүй гэсэн шиг тэрбум тэрбумаар хандивлаж байгаа гэсэн сураг бий.

Эднийг хорь, гучин ажилтантай, ашигтай ажиллах гэж хөлс хүчээ урсгаж байгаа оёдолын цехийн эзэнтэй харьцуулахын аргагүй. Үнэхээр л нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулаад унаж босчих гээд дэгэнцэж догонцож байхад нь татвар нэмээд сөхрүүлэх гээд байгаа бол ёстой шулж байна, хувийн хэвшлийг боомиллоо гээд Засгийн газрыг шүүмжлэхсэн.
Гэтэл газар ухаж ард түмний баялгийг тонн тонноор зөөж хөлжиж байгаа нөхдүүдээс татвар авч адаглаад там болтол тамтагласан газарт нь авто зам барьж, тоосонд булуулж, уушиггүй болж байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд үнэгүй хамруулья л даа. Хөрсийг нь сэндийчиж, энд тэндгүй зам гаргаж байгалийг сүйтгэж байхад татвар авч яагаад нөхөн сэргээлтэд нь зарцуулж болохгүй гэж.
Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 орчим хувьд хүрчээ. Цаашид стартегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үе шат дуусч олборлолтын үйл ажиллагаа эхлэснээр ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортын 98 хүртэл хувийг эзлэх нь.

Уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг хэр оновчтой бүрдүүлснээс байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээж, богино хугацаанд хөгжлийн хүссэн түвшиндээ хүрэх эсэх нь шалтгаалдаг. Цөөн хэдэн хүнийг л баяжихыг дэмжээд нийт олноо бодохгүй бол Африкийн баялаг ихтэй ч ядуурсан орнуудын араас л орж, гашуун түүхийг нь давтана.
Байгалийн баялгаас төсөвт орох орлогын хэмжээг өсгөж, түүгээрээ нэмүү өртөг бүтээх салбарыг дэмжиж, эдийн засгаа хурдацтай хөгжүүлэхийг зорьж байгаа орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь эрдэс бүтээгдэхүүний экспортод ногдуулж буй татвар юм.
Дэлхийн худалдааны байгууллагын 2010 оны тайлангаас үзэхэд Аргентин, Мали, Шри Ланк, Замби, Доминикан, Гвиней, БНХАУ, Өмнөд Африк, Кени, Вьетнам, гэх мэт олон улс ашигт малтмалын бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулж байна.
Олон улсын туршлагаас харахад экспортын татварыг ашигт малтмалын нэр төрлөөс хамааруулан дунджаар 2-30 хувь байхаар ялгавартайгаар тогтоожээ.
Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ жилийн эхний есөн сарын байдлаар 8.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 92 хувиар өсчээ. Тэр дундаа экспортын хэмжээ цойлжээ. Яагаад ингэж огцом өсөв гэхээр өмнөд хөршрүү гаргах нүүрсний экспорт суга өссөнтэй холбоотой. Нэг үе “Эрдэнэт” үйлдвэрээс гарах зэсийн баяжмал монголчуудыг тэжээж, төсвийг бүрдүүлдэг “саалийн үнээ” байлаа.
Харин өнгөрсөн жилээс энэ байдал өөрчлөгдөж эхэлсэн. Нийт экспортын 41.8 хувь нь нүүрс, 22.3 хувь нь зэсийн баяжмал, 9 хувь нь төмрийн хүдэр зэрэг л эзэлж байна. Нүүрсний экспортыг өмнөх онтой харьцуулахад 129 хувиар өслөө. Энэ нь зэсээс илүү нүүрс “чулуу” болж байгааг харуулж байна. Цаашид ч нүүрсний экспорт талийж өгнө. “Чин хуа Мак” ХХК 2012 онд 1.5 сая тонн нүүрс экспортлохоор зэхжээ гээд л бод доо. Үүнд дээр жижиг, том Тавантолгойгоос гээд нэмэхээр толгой эргэсэн тоо гарна.
Энэ байдлыг тооцож үзээд С.Батболдын Засгийн газар нүүрснээс таван хувийн татвар авахаар төсөл оруулж ирснийг авууштай, оройтсон ч гэлээ овоо ш дээ гэж үнэлж байв. Гэтэл эрх ашгийн өөр сонирхол дундуур нь гүйчихэв бололтой.
Таван хувийн татвар ногдуулахад уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад сүртэй нөлөө үзүүлэхгүй гэдгийг ч эдийн засагчид тайлбарлаж байгаа. Хэрэв энэ татварыг тогтоосон бол 2012 онд улсын төсөвт экспортын гаалийн албан татварын орлогоор нийт 270 орчим тэрбум төгрөг төвлөрөх байлаа.

Өмнө нь манай улс чинь ямар ч татвар авдаггүй хилээр гаргадаг байсан юм уу гэж уншигчид сонирхож байгаа байх. Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 болон 26.2 дахь заалтыг үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортод гарч буй биет хэмжээнээс хамааруулан гаалийн үйчилгээний хураамж л авдаг юм. Үүнийг л төсөвт төвлөрүүлдэг.

Экспортод гарч буй нүүрс, төмрийн хүдрээс жилд улсын төсөвт хураамж хэлбэрээр 30 орчим тэрбум оруулдаг юм билээ. 30, 270 тэрбум гэсэн хоёр тоо асар их зөрүүтэй.

Тэгэхээр экспортын татвар авдаггүй юм чинь нүүрсний ордтой эзэд асар богино хугацаанд баяжих нь аргагүй юм.
Монгол Улс энэ жилийн эхний есөн сарын байдлаар л гэхэд нүүрсийг Австралиас илүү их хэмжээгээр Хятад руу экспортолсон байна. Гэтэл төсөвт орсон орлогын хэмжээг харвал газар, тэнгэр шиг зөрүүтэй.

Австралийн төсөвт нүүрснээс хоёр тэрбум гаруй доллар орчихоод байхад түүнээс ихийг борлуулсан Монгол Улсын төсөвт орсон мөнгө таван хувьд нь ч хүрэхгүй байх жишээний. Энэ юуг хэлээд байна гэхээр татвараас бултуулах нь дэндсэн, мөн экспортын татваргүйн гавьяа. Манай улсын Засгийн газар нүүрсэнд экспортын татвар тогтоохоо болилоо, дэмий зүйл хийж гээд буцаагаад татаж байх агшинд Австралийн Засгийн газар нэг тонн нүүрсэнд 23 австрали долларын татвар ногдуулахаар шийдвэрлэж байлаа.

Европын улсууд дотроос хамгийн өндөр татвар тогтоосон орон болсон. Яагаад гэвэл Европын орнуудаас хамгийн их нүүрсний нөөцтэй, бас их хэмжээгээр экспортлодог. Яагаад ингэж татвараа өсгөв гэхээр байгалийн баялаг шавхагддаг, бас байгаль орчныг сүйтгэж байгаа, харьцангуй цөөн хүн амтай ч нүүрс ихээр ашигладаг боллоо. Нэг хүнд ногдох хорт утаа ялгаруулдаг үйлдвэр байгууламжийн тоогоороо тэргүүлж байна. Тиймээс татварыг нэмж үүнээс олох орлогыг байгаль орчны нөхөн сэргээлт, иргэдийн эрүүл мэндийн асуудалд түлхүү зарцуулахаар болсон байна.

Д.Доржпагма

www.times.mn



Х.Баттулга: Бид улам нягтарч, эвлэлдэх цаг ирлээ

2008 оны 12-р сарын 10, Лхагва гариг Өдрийн сонин


http://www.vip76.mn/battulgaxg/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/2778-xbattulga-bid-ulam-nyagtarch-evleldex-cag-irlee.html

Жил бүр Хүний эрхийн өдөртэй давхцдаг Ардчилсан Холбооны ойн өдрийг тэмдэглэж байгаадаа би баяртай, бас гунигтай байна. Баярлахын учрыг асуух юун. "Инээснийг бүү асуу, уйлсныг асуу" гэсэн өвгөдийн үгийг баримтлан энэ өдрийг би илүү их ухаарал, эргэцүүллийн өдөр байгаасай хэмээн хүсэж байна.

19 жилийн өмнө та бидний анхлан эхлүүлсэн Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах хүсэл бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байсаар өдий хүрснийг "Ардчилал эрийн цээнд хүрлээ" хэмээн бидний бодож, итгэж байсан маань төөрөгдөл байсныг 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал нотлон харуулсан билээ. Энэ хар өдөр хүний эрхийг хэрхэн уландаа гишгэж, хэрхэн үрэн таран хийж, ардчилал, эрх чөлөөг яаж боомилж чаддагийг бид харлаа.
Тэгвэл Монголчууд нийтлэг эрх ашгийнхаа төлөө, нийтийн баяр, бахдалынхаа төлөө хэрхэн эвлэлдэн нэгдэж, нягтарч чадахыг наймдугаар сарын 14-ний өдөр Бээжингийн олимпоос төрсөн анхны аварга Түвшинбаярынхаа амжилтыг тэмдэглэхээр Сүхбаатарын талбайд хуран цуглагсад бас харуулсан билээ Ардчиллын арван найман жилийн өнгө, үр дүнг тодорхойлох энэ хоёр үйл явдлаас бид дүгнэлт хийх ёстой. Би өнгөрсөн онд Ардчилсан Холбооны18 жилийн ойн үеэр дурдаж байсан. "Ардчилал, хүний эрх, эрх чөлөө баттай болсон гэж баярлах эрт байна. Монголын ардчилал "эргэлзээтэй" гэсэн зэрэглэлд хамаарч байна" гэж. Тэгвэл долдугаар сарын 1 үүнийг баталлаа. Монголын ардчилал бат бус, эмзэг хэврэг байна. Хэн нэгэн албан тушаалтны үзэгний үзүүр, үгийн далимаар жирийн иргэдийн амь нас, амьдрал хохирох, орвонгоороо эргэх нөхцөл хадгалагдсаар байна. Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор таван сайхан залуугийн амь үрэгдэж, нийт 255 хүн яллагдаад байна. Тэд бол цэвэр улс төрийн золиосууд, хэлмэгдэгсэд юм.

Эрх чөлөө эрс хумигдаж, ардчилал, хүний эрхийг баталгажуулах гол тулгуур болсон бизнес эрхлэгчдийн эрх чөлөө ч хумигдаж ухарсныг олон улсын байгууллагууд тодорхойлжээ. Дэлхийн банкнаас 181 оронд хийсэн судалгааны үнэлгээгээр Монгол Улс өнгөрсөн оны 45 дугаар байрнаас 13-аар ухарч 58 дугаарт бичигджээ. Энэ бол монголд худалдаа наймаа эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийхэд хууль эрх зүй, зохицуулалт болон бусад орчин таагүй байгааг илтгэж байгаа дохио мөн.

Ийм нөхцөлд ардчилал, хүний эрх эрх чөлөөг тунхаглаж, зорилгоо болгосон гэх Монголын Ардчилсан Холбоо, түүнтэй ижил зорилго эрмэлзэлтэй иргэний нийгмийн байгууллагууд нэгэн тэнгэрийн дор цугларч эв хүчээ нэгтгэж, зорилгынхоо төлөө нягтрахын чухлыг дээрх үйл явдлууд тод сануулж байна. Монголын Ардчилсан Холбоо бий болсон цагаасаа л аливаа дарангуйлал хүчирхийллийг эсэргүүцэж, асуудлыг цус урсгалгүй, ойлголцол, хамтран ажиллах зарчмаар шийдвэрлэхийг зорьж ирсэн бөгөөд энэ байр суурин дээрээ хатуу зогссоор байгаа.

Нэгдэн нягтарсны эерэг тал нь өөр хоорондын хагаралдаан, сөргөлдөөнөөс хавгүй их үр дүн авчирна гэдэгт би итгэлтэй байна. Иймд ирэх жилийг ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө нэгдэн нягтрах, хамтран ажиллах жил болоосой хэмээн хүсэж, уриалж байна. Биднийг өөр хоорондынхоо сөргөлдөөн, тэмцэлд хүч тамираа барж байх зуур дэлхийн эдийн засгийн хямрал хэмээх мангас өрх бүрийн гадаа ирчхээд уухилж сууна.

19 жилийн өмнө олж авсан эрх чөлөө ардчиллаа эдийн засгийн ололтоор баталгаажуулах үүний тулд нэгдэн нягтрахыг амьдрал та биднээс шаардсаар байна.
Иймд эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд нь татах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөө НЭГДЭН НЯГТАРЦГААЯ!

Эрх чөлөө тусгаар тогтнолоо эдийн засгийн чадавхаар баталгаажуулцгаая ! Амжуулбал хамтдаа хожих, алдвал хамтдаа уруудах цаг түүхийн торгон шалгуурын өмнө бид ирээд байгааг ухаарцгаая!

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ДАРГА
Х.БАТТУЛГА



”Эрдэнэс Тавантолгой” IPO-г хэзээ гаргах вэ?
http://economy.news.mn/content/99830.shtml
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид гурван тэрбум ам.долларын IPO гаргах хэлэлцээг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулсан талаар Bлумберг мэдээлжээ. Энэ мэдээлэл аль эртнээс л гадаадын хэвлэлүүдэд цацагдаж байгаа боловч Монголын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компаниас ямар нэгэн тайлбар хийгээгүй л байна. Засгийн газраас энэ оны эхээр бүр хойшиллоо гэхэд сонгуулиас өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г Лондон, Хонконгийн биржээр дамжуулан арилжаална гэсэн шийдвэр гаргасан боловч олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаарх мэдээлэл хомсхон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх эрх аваад бүтэн жилийн нүүрийг үзэж буй Германы Дойче, АНУ-ын “Голдман сакс” банкуудын зүгээс ч мэдээлэл хийхгүй байгаа юм. Магадгүй холбогдох байгууллагууд мэдээлэл хийх шаардлагагүй гэж үзэж байж болох ч ямар учраас “Эрдэнэс Тавантолгой”-н IPO намар болтол хойшлогдож болзошгүй байгааг олон нийтэд тайлбарлах нь зөв болов уу. Энэ мэдээлэл үнэн эсэх нь иргэдэд хамгийн сонирхолтой байгаа. Учир нь тэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг эзэмшихээр болсон шүү дээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн IPO-г Хонконг, Лондонгийн хөрөнгийн биржид нэгэн зэрэг гаргах бодолтой байгаагаа дурдаад “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал хууль эрхзүйн саадтай тулгарсан. Тиймээс IPO гаргахад юуны түрүүнд хэдэн хувийг нь арилжаалах боломжтойг бид судлах хэрэгтэй” хэмээн ярьсныг Блумберг онцолжээ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд хувьцаагаа дотоодын зах зээлд гаргахаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлд давхар борлуулах Depositary Receipt /DR/ буюу Хадгаламжийн сертификат гаргахаар төлөвлөж байгаа гэсэн. Гэхдээ энэ бүхэн бодит ажил болж чадаагүй л байгаа.

Монголын талаас ямар ч байсан эхлээд иргэдэд амалсан хувьцаагаа тараах, хэрвээ иргэн хувьцаа биш сая төгрөг авна гэвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарахад нь төр менежерийн үүрэг гүйцэтгэхээр болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг оюутнууд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд авахгүй гэдэг шийдвэрийг ч Монголын төр хэдийн гаргачихсан бий.

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх тендерийг Монголын Засгийн 2010 онд зарлаж,мөн оныхоо арваннэгдүгээр сард Голдман Сакс банк, Дойче банк, “BNP Парибас “ болон “Маквайер групп” шалгаруулсан. Дээрх банкуудтай холбоотой сөрөг мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдаж байсан боловч Монголын Засгийн газар үүнд ач холбогдол өгөөгүй. Тиймээс ч олон нийтэд эргэлзээ төрүүлсэн тэр асуудал өнөөдөрч иргэдийн дунд байсаар байгаа. Тэд яг ямар ажил хийгээд байна вэ гэдэгт иргэд хариулт авахыг хүсч буй нь худлаа биш. Тухайлбал, Германы “Дойче” банк Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн индексийн ханшийг зориуд унаган улмаар өөрсдөдөө ихээхэн ашиг олсон хууль бус ажиллагаа явуулсан гэдгээр олон сая вонныг торгуульд унасан удаатай. Тус банк Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж дээр асар их хэмжээний арилжааны зохиомол байршлуудыг бий болгон улмаар ханшийг унагаж 45 орчим тэрбум вонын ашиг олсон гэдгээр буруутгагдсан. Тэгвэл АНУ-ын Голдман сакс санхүүгийн зах зээлийг уналтад оруулсан хамгийн гол буруутнаар тодорч, шүүхэд дуудагдаж байсан билээ.

Ямар ч байсан Монголын хамгийн баян, коксжих нүүрснийхээ зэрэглэлээр дэлхийд нэгдүгээр жагсч байгаа Тавантолгой ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудал гадаадынхны анхаарлыг татсан хэвээр л байна. Харин Монголд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл таг чиг болчихоод байгаа билээ. Учир нь Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээж байсан ажлын хэсэг хэдийн задраад алга болсон. Ерөнхийдөө энэ талаар ч гадаадынхан Тавантолгойн хэлэлцээр зогсонги байдалд орлоо хэмээн бичиж байна. Ерөнхий сайдын японд хийх айлчлалын үеэр энэ асуудал яригдах байх гэсэн таамаглал ч бий. Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах хэлэлцээр хэдийнээ унтаа байдалд орчихсон бий. Түүнчлэн Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсийг худалдан авч байгаа Хятадын “Чайланко” компани Монголын Засгийн газартай хийсэн гэрээгээ буцаахаар албан бичиг ирүүлсэн гэх мэдээлэл ч байгаа. Тэгэхээр энэ бүгдээс харахад ихээхэн хэмжээний нөөцтэй нүүрсний томоохон орд дээр суугаад тоглолт хийхээр зорьсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн асуудал ерөнхийдөө хүнд байгаа бололтой. Эцсийн эцэст нэг зүйлийг нэмээд хэлэхэд нэрлэсэн үнийг нь өнөөг хүртэл тогтоогоогүй байгааг мартуузай. Эцэст нь Б.Энэбиш даргаас асуухад Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал саадтай байгаа, IPO гаргах асуудал намар болтол хойшлогдсон гэдэг үнэн үү гэж асуумаар байна.

Ж.ЭРХЭС
Д.Жамц:Монголын ард түмний нийтийн өмчийн корпорацийн хэлбэрээр "Эрдэнэс-Тавантолгой"ХК-г байгуулсан бол монголчууд бид энэ юм хийдэггүй Энэбишийн багийг уг компаний удирдлагаас авч хаяхад амархан байх байлаа. Оронд нь очоод нүүрсний уурхай IPO хийгээд ажиллуулчих залуучууд ёстой шил шилээ дараад хүлээж байхад "бухын доодохыг харж...."ингэж ч удаж цаг алдаж байх гэж дээ... Энэ засагт үүнээс өөр хүн байхгүй л юм байх даа... Хоёрын хооронд ингэж байхаар ард түмнийхээ мэдэлд өгөөч ээ!



Бат-Эрдэнэ нэртэй хүн бүр адилгүй чанартай

http://www.umnugovi.mn/?p=4497                                                   Төрөл:Нийтлэл

Энэ цаг үед улстөрд “Ноён нуруу” хэрхэн гаргадгийг УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ харуулж байгаа гэлтэй. Тэгвэл яг эсрэгээрээ улстөрийг наймааны зах болгож, мөн чанараар нь бус мөнгөний үнэ цэнээр улстөр хийж байгаа нэгэн бол Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ.


Энэ хоёр хүний нэр адилхан ч бусад бүх зүйл нь Африк, Антрактидууд шиг эрс тэс. Нам гэдэг пайзыг хойш тавиад наад захын шинжүүдийг нь энд харьцуулж үзье. Нэгийг нь магтаж, нөгөөг нь муулахыг зорилгүй бодит үнэнээр нь хүргэж байна.


Юуны өмнө Оюутолгойн гэрээг өөрчлөх тухай УИХ-ын санал хураалтанд эрхэм гишүүд хэрхэн санал өгсөнийг сануулах нь зүйтэй. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ уг гэрээг шинэчлэн өөрчлөх, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ тус гэрээг хэвээр үлдээхээр кноп дарсан. Оюутолгойн гэрээний Монголын эзэмших хувь ихэснэ гэдэг бол монголчуудад ашигтай гэх энгийн ойлголт. Харин гэрээг өөрчлөхийн тулд эхнээс нь одоог хүртэл гүйж, гуйж, шаардаж байгаа хүн нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэгвэл Оюутолгойг Тавантолгой гэж төсөөлөөд үзье. Энэ тохиолдолд “Ажнайн”-н Д.Бат-Эрдэнэ өөрт ногдох хувьцаагаа нэмэгдүүлэхийг хичээх болов уу, хэвээр нь үлдээхийг хүсэх болов уу? Өнгөрсөн замналаас нь харвал “Ажнайн”-н Д.Бат-Эрдэнэ нь Тавантолгой дахь өөрт ногдох хувьцаагаа цаг ямагт өсгөсөөр иржээ. Тэр ч бүү хэл ихээхэн хэмжээний хувьцаа бусдаас луйвардсан ч гэх баримт сэлт байдаг. Энэ бол нэр нэгт Бат-Эрдэнүүдийн эхний ялгаа. Тодруулж хэлбэл Дархан аварга нийтийн төлөө гүйдэг бол Ажнай харин зөвхөн өөрийнхөө төлөө хөдөлдөг гэх ялгаа.


Бас нэг онцлох ёстой зүйл бол яах аргагүй нэр хүнд. Эрхэм хоёр гишүүн хоёулаа олонд танигдсан, хэн ч асуусан хэлээд өгөхөөр алдартнууд. Гэвч нэр хүнд нь мөн л хоёр туйл хэлбэрээр хүмүүст хүрдэг. Хэрэв Дархан аварга Б.Бат-Эрдэнэээс энэ талаар асуувал тэрээр магадгүй бүхэл бүтэн амьдралаа ярьж байж нэр хүндийг хэрхэн олж авсанаа сая тайлбарлаж болох байх. Хоёр сая долоон зуун мянган хүн түүнийг нэгэн сэтгэлээр хүндэтгэн хайрладаг гэвэл хэн ч маргахгүй. Түүний нэр хүнд бол насан туршийнх нь ил тод, шударга хөдөлмөрийн үр дүн. Харин Ажнайн хэмээх эрхэмийн олны танил болсон түүхэн замнал дээрхээс өөр. Үүнийг энд дахин нурших хэрэг байхгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх.


Өөр нэгэн ялгаа гэвэл албан тушаалаа ашиглах зориулалтынх нь ялгаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд биш ч сайдын хэртэй ажиллаж, улс орныхоо аюулгүй байдалд санаа зовинож буйг олон жишээ харуулна. Харин “Ажнайн”-н Д.Бат-Эрдэнэ тус яамных нь сайд болсон ч тусгаар орныхоо аюулгүй байдалд анхаарал хандуулах нь ашиг сонирхолтой нь зөрчилдөж буй. Газар нутгаа сэндийчилж уул усныхаа бүрэн бүтэн байдалд сайд өөрөө халддаг гэж хэлж ч болно. Энэ эрхэмийн хувьд сайдын суудал бол илүү их ашиг олохын гараа нь гэхэд хилсдэхгүй болов уу. Хятадуудаар дүүрсэн Өмнөговь аймгаас сонгогдсон эрхэм гишүүн “Ажнайн”-н Д.Бат-Эрдэнийг салбарынх нь тулгамдсан ажлууд хүлээж байхад хувийн наймаагаа эхлүүлж томоохон обектуудыг үнэ цохин худалдан авч эхлээд байгаа.


Хүн өөрт тохирсон ажлаа хийх нь илүү амжилтанд хүргэдэг гэдгийг  “Ажнайн”-н Д.Бат-Эрдэнэ өөрийн биеэр харуулж байгаа хүний хувьд Засгийн газраас өөртөө зориулан Худалдаа наймаа хариуцсан яам гэж байгуулаад сайдаар нь суусан бол Монголд ашигтай байх байсан болов уу. Магадгүй эсэргээрээ ч байхыг үгүйсгэхгүй. Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэгчээр дуудах нэр нь адилхан ч дуурсгах гавъяа хийгээд гай барцад нь яалт ч үгүй өөр болох нь энэ ээ.
 О.Сондор
2012.09.20
 


 Юун сонгууль, цаана чинь Монголоо тавиад туучихлаа...

http://jargalsaikhan.niitlelch.mn/content/3971.shtml
2012 оны 4 сарын 11
 “...Саус Гобигийн төлөөлөгч Монголын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн, тэд дэмжиж байгаа”

“Finаncial Times” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 02-ны дугаарт

Өнгөрсөн долоо хоногт гарсан “Саус Гоби” (SGS) компанийн мэдээлэл тэвчээрийн аягыг дүүргэв. Монгол Улсын байгалийн баялгийг олборлоход гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм ч учраас Монгол Улсын төр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн билээ.

Өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтаас үүдэлтэй олон асуудал үүсэж байсныг их, бага хэмжээгээр урт, богино хугацаанд ший дэж ирсэн ч ганц өдөр ч хойшлуулж болшгүй нэгэн зүйлийг энд өгүүлье.

Энэ бол манай улсын газрын тос болон уул уурхайн орд газруудын эзэмшилд гадаадын засгийн газрын компаниуд да вамгайлж эхэлж байгаа тухай юм. Гадаадын засгийн газрын эзэмшилтэй компани өөрийнх нь эдийн засгийн аль нэг салбарт их жин дарахаас улс бүр болгоомжилдгийн гол шалтгаан нь улс төрийн дарамт гэхээсээ илүү монополь үнэ тогтоохоос сэргийлж буйтай холбоотой.

Монгол Улс ардчилсан, зах зээлийн эдийн засагтай орны хувьд монополь үнээс өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Дэлхийн бусад бүх орон, бизнесийн байгууллага үү нийг бү рэн ойлгож, дэмждэг юм. Монополь үнэ нь их ч бай, маш бага ч бай, зах зээлийн оршин тогтнох үндсийг тасалдаг үр дагавартай.

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛЫН НҮҮРСЭНД
МОНОПОЛЬ ҮНЭ ТОГТООХ БОЛОМЖТОЙ

Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр “Айвенхоу Майнз”-ийн эзэмшил SGS ком пани хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар Хятадын төрийн өмчийн “Chalco” компанид зарах болсноо мэдэгдэв. Хуурдаг өд рийн тохироогүй тохуурхал гэж эхлээд бодмоор байгаа биз.

Гэтэл маргааш нь “Financial Times” сонинд “Саус Гоби” компанийн төлөөлөгч Монголын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн бөгөөд Засгийн газар нь дэмжиж байгаа, ер нь энэ наймааг хийхэд Монголоос зөвшөөрөл авах шаардлагагүй, учир нь энэ солилцоо Канадад болно гэжээ.

Харин нөгөөдөр нь “Саус Гоби” компанийн гүйцэтгэх захирал А.Молинекс гэгч “Энэ бол ямар ч асуудалгүй, зохи цуулах газрын зөвшөөрөл гараад л болно” гэсэн байна. Гэхдээ тэр Монголын Засгийн газрыг биш, Английн Виржиниа арлын хуулиар аль нэг хувьцаат компанийн дийлэнх хувьцааг авах гэж байгаа бол бүх хувьцаа эзэмшигчээс адилхан харьцаатай авах санал тавих шаардлагыг л хэлжээ. Энэ худалдааг зарласнаас хойш 35 хоногийн дотор бүх хувьцаа эзэмшигчээс саналыг нь авдаг сайхан хуультай нэг арал тэнд байна.

Монголын Засгийн газарт албан бусаар хэлсэн, тэд дэмжсэн гээд л болчихдог гэнэ. Монгол Улсын Засгийн газартай албан бусаар харьцаж, түүний өмнөөс зөвшөөрч байдаг хэн гээч, юун компани гараад ирэв ээ? Ямар этгээдүүд монголчуудыг Засгийн газартай нь цуг даажигнан тохуурхаж байна вэ?

Аав, хүү Фридландууд болон бусад эзэд, захирал нар нь Монгол Улсын Засгийн газрын хэнд, хэзээ, албан бусаар хэлээд зөвшөөрөл авснаа хэлэх ёстой. Үгүй бол “Financial Times” хэн нь тэгсэнийг зарлах учиртай. Ямар ч тохиолдолд Монголын төр засгийг басамжилсны төлөө “Саус Гоби” хариуцлага хүлээх ёстой.
“Саус Гоби” гэдэг компани Монгол Улсын 500 сая тоннын нөөцтэй нүүрсний сав газрыг гадаад улсын төрийн компанид 540 сая ам.доллараар зарж халааслаад, дээрээс нь биднийг доромжлоод явах гэж байна.

Өөр улсын засгийн газрын компаниуд орж ирээд аль нэг салбарт ноёлох бодлогыг дэлхийн бусад улс, түүний дотор ардчилал, чөлөөт зах зээлийн өлгий нутаг АНУ-д ч зөвшөөрдөггүй. АНУ-д гадаадын хэнтэй ч хийсэн ямар ч худалдаа, хөрөнгө оруулалтыг 30 хоногийн дотор судалж зөвшөөрөх эсэхээ шийддэг хуультай. (U.S. Foreign Investment and National Security Act of 2007 FINSA). АНУ-ын “Unocal” гэдэг газрын тосны компанийг Хятадын Засгийн газар 71 хувийг нь эзэмшдэг CNOOC (China National Offshore Oil Corporation) 2008 онд худалдаж авахыг Конгресс хэлэлцээд зөвшөөрөөгүйг дэлхий нийт санаж байгаа.

Гэтэл Монголын Өмнөговь аймгийн нүүрс олборлож байгаа бүх компанийг Хятад улсын төрийн өмчийн компаниуд шууд болон шууд бусаар худалдан авч эхэллээ.

Монголын нүүрсийг нийл үүлэгч нь, бас худалдан авагч нь Хятад улсын төрийн өмчит компаниуд болж байна. Үнэ цэнийн хэлхээ буюу ашигт малтмалыг олборлох, тээвэрлэх, боловсруулах, эц сийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэх мэт шил дараалсан холбооны бүх гинжийг гартаа төвлөрүүлэх замаар тухайн түүхий эдийн үнийг нь тогтоох эрх мэдлийг атгадаг. Яг ийм үйл ажиллагааг Хятадын төр засаг Африк, Латин Америкийн олон оронд явуулж түүхий эдийн үнийг хямдруулан нутагтаа авчраад өөрсдийн үйлдвэрлэгчдэдээ давуу тал бий болгож байгааг нь олон улс даяар шүүмжлэн эсэргүүцсээр байна.

Яг энэ бодлогоо Монголын нүүрсний нийлүүлэлтэд хэрэгж үүлж буйг “Саус Гоби”-гийн энэ жишээ баталж байгаа юм. Энэ бодлого хэрэгжих үндэс Монголын бараг бүх нүүрсний ордод тавигджээ. Өмнөговьд нүүрсний гурван том сав газрыг таван компани эзэмшдэг. Компани бүрийг Хятадын төрийн компаниуд авах бодлого аажмаар хэрэгжиж байна.

1.Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саус Гоби” компанийн 57.6 хувийг “Айвенхоу Майнз”, 14 хувийг “China Investment Corporation” (100 хувь Хятадын төрийн өмчит компани), 28.3 хувийг нь олон нийт эзэмшдэг. Өмнөговь аймгийн найман сумын нутгийг хамруулан 29 лиценз эзэмшдэг энэ компанийн гол эзэн болох “Айвенхоу Майнз”- ын бүх хувьцааг Хятадын бас нэг төрийн өмчит “Chalco” авчихбал Хятад улсын Засгийн газар нийт 70 хувийг нь эзэмшин, холбогдох бүх шийдвэрийг дангаараа гаргах эрхтэй болно.

2.Өнгөрсөн намар дэлхийн хоёр дахь том хөнгөн ца гаан үйлдвэрлэгч энэхүү “Chalco” компанид Монголын хам тарсан Засгийн газар нийтдээ зургаан тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн орд газрын зүүн хэсэгт (Зүүн Цанхид) таван жилийн турш олборлолт явуулж, чадлынхаа хэрээр нүүрс авах монополь эрхийг тэртэй тэргүй өгчихсөн юм. Тонныг нь 70-аар тооцоод 250 сая ам.долларыг түрүүлж аваад иргэдэд тараагаад дуус чихлаа. Энэ бол хоёр намын амлалтын болон хэдхэн хүмүүс улс төрд дахин сонгогдох төлбөр. Яг нөгөө талд нь “Энержи Ресурс” Ухаахудагаас тонныг нь 114 доллараар борлуулж байгааг бодоход хямдхан л тууж дээ. Жижиг “Тавантолгой” бүр хямдхан борлуулж байгаа.

3.Ухаахудагийн дэргэд байр шилтай, 200 орчим сая тонн нөөцтэй Баруун Нарангийн нүүрсний орд газрыг QGX гэдэг Канадын компани эзэмшдэг. Түүнийг Хятадын төрийн өмчийн “Шиньхуа” компани худалдаж авахаар хэлэлцээр хийж байгааг эх сурвалж мэдээлж байна.

4.МАК компанийн эзэмшлийн нүүрсний нийт нөөц 250 сая тонн бөгөөд түүнийг Хятадын “Qinhua” компанитай хамтран ашиглаж буй. Энэ компани Өвөрмонголын хувийн компани ч гэсэн хэрэв Хятадын төрийн компани шахвал хувиа зарахгүй гэх баталгааг хэн ч өгөхгүй.

5.Монголд орж ирээд буй дэлхийн хамгийн том, нүүрсний, хувийн компани болох Америкийн “Peabody” хүртэл Хятадын тээврийн “Winsway” компанитай хамтран Тавантолгойн тендерт орж ялсан. Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын төрийн, дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч “Шиньхуа” энэхүү “Winsway” компанийн хувийг худалдан авах санал тавиад байна. Тохирохгүй наймаа гэж байдаггүй, тохирохгүй үнэ л гэж байдаг. Гэх мэтээр Монголын нүүрсний ихэнх том орд газрын дийлэнхийг Хятадын төрийн өмчит компаниуд эзэмшиж эхэлсэн нь тун удалгүй Монголын нүүрс ний бодлогыг Бээжин дефакто явуулах боломж ойр хон болсныг харуулж байна. Улаанбаатар тэдний шийдвэрийг деюре болгож тамга дараад л гүйцээ.

Бид газрын тосны “Soko International” гэдэг компанийг гуравдагч хөрш Америкийн компани гээд л Монгол Улсын төр засаг, бүх дарга нар нь дээр доргүй сүжрээд байсан чинь нэг өглөө Хятадын тө- рийн компанид хувьцаагаа зарчихаад явчихсан шүү дээ.

Энэ бүхнийг Монголын төр засаг анзаарахгүй, анзаарсан ч юу ч хийхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Аюулгүйн зөвлөл гэж байдаггүй бил үү?

ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийн том орнуудад хууль ёсоор бүртгэлтэй жижиг компаниуд (Junior), адал явдал хайгчид дүүрэн байдаг бөгөөд манайх шиг хууль журам нь зөөлөн улс оронд түрүүлж орж ирээд лиценз авч, бага зэргийн хөрөнгө гаргаж хайгуулын ажил хийж орцыг нь эхэлж тогтоодог. Хөрөнгийн зах зээлд гарч их мөнгө босгоод удалгүй том компаниудад (major) зарчихаад яваад өгдөг.

Роберт Фридланд тэдний л нэг, харин их азтай эр. Оюутолгойг удалгүй “Рио Тинто”-д гүйцээгээд өндөр үнэ хүргээд л зарчихна. Юу ч гэсэн “Саус Гоби”-г зарчихлаа гээд баярлаж суугаа. Бас зарсан мөнгөө Оюутолгойд оруулна гэж тэр хэлж амжсан байгаа юм.

Энэ нь зах зээлийн журмаар зохицуулагддаг, нэг нь авч, нөгөө нь зардаг энгийн үйл ажиллагаа боловч эзэн орны хамгийн их анхаарах зүйл бол хувьцааны худалдан авалтад оролцогч талуудын аль нэг улсын төрийн компани, ялангуяа хөрш орны чинь төрийн компани байхаас болгоомжлох хэрэгтэй. Хэрэв маргаан үүсвэл Засгийн газрууд хоорондоо шууд ярилцах шаардлага гарахад үр дагавар нь ноцтой байдаг. Харин хувийн компаниуд муудалцвал эзэн орны шүүхээр, эсвэл тохирсон өөр орны арбитрын шүүхээр шийдээд л боллоо.

Эдүгээ монголчуудын өм нө ганцхан арга л үлдсэн. Маш яаралтай, энэ сардаа багтаан Монгол Улсын аливаа нэ гэн орд газрын эзэмшилд гадаадын төр засгийн шууд болон шууд бусаар 25-аас дээш хувийг нь эзэмшдэг ямар ч компани шууд ба шууд бусаар хорин хувиас илүү хувьцаа эзэмшихийг хориглох хууль гаргах шаардлагатай байна.

Үүний ганцхан шалтгаан нь Хятадын улсдаа биш, зүгээр л манай нүүрсийг нийлүүлэгч болон худалдан авагч нь нэг субьект болчихвол үнээ өөртөө тохируулан хямдхан тогтоож Монгол Улсын байгалийн баялгийн үнэ цэнийг үлэмж унагах боломжийг манай өнөө гийн хууль зүйн орчин өгч байгааг түргэн зогсоох шаардлага гарч байгаад оршиж байгаа юм. Монголын иргэд энэ хуулийг яаралтай гаргахыг УИХ-аас шаардаж байна.
Манай орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг тал хээр, эмзэг эко системтэй говь нутаг эзэлдэг бөгөөд энэ бүсэд жилд 100 орчим мм тунадас унадаг. Усны нийт нөөцийн 20 хүрэхгүй хувь ногддог говь нутагт байгалийн чийгшил нэн дутмаг, хуурай уур амьсгал зонхилдог юм. Иймээс говь нутгийн хүн ам, бэлчээрийн аж ахуй, орон нутгийн жижиг үйлдвэрүүдийн ус хангамжийг үндсэндээ газар доорх усаар хангасаар ирсэн билээ.
Гэтэл өнөөдөр зэс молибден, алт, мөнгө, өндөр чанартай нүүрсний асар их нөөц бүхий Оюутолгой, Тавантолгойн орд газрууд нээгдэж, тэнд зам, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аж, үйлдвэр орон сууц, нийтийн аж ахуйн олон арван салбар цогцолбор баригдах гэж байна. Усны хэрэглээ асар өндөртэй эдгээр салбарын усан хангамжийг газрын гүний усаар хангана гэсэн урьдчилсан тооцоо гараад буй. Өмнөд говийн бүс нутгийн усан хангамжийн талаар Усны газрын Усны мониторингийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн М.Чойсүрэнтэй ярилцлаа.

-Монголын өмнөд говийн бүс нутагт стратегийн томоохон орд газрууд нээгдэж үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болоод байна. Түүнийг ашиглахад усны хэрэгцээ зайлшгүй гарна. Тэр их усны хэрэгцээг хангах нөөц говьд бий юу?
-Өмнөд говийн бүс нутаг гадаргын ус байхгүй. Зөвхөн гүний усаар асуудлыг шийднэ. Говийн бүс маань газрын гүний усаар ховорд тооцогддог. Томоохон ордуудаас усны асуудал хамгийн хурцаар тавигдах нь Тавантолгойн орд. Оюутолгой өөрийнхөө хүч хөрөнгөөр Гүний хоолойн ордыг нээсэн. Тэр орд нь 870 л/сек ашиглалтын нөөцтэй. Энэ нь өдөртөө 105 мянган тонн хүдэр боловсруулахад хүрнэ гэж үзэж байгаа. Дахиад 115 мянган тонн хүдэр боловсруулахад нэмэлт усны хэрэгцээ гарна. Уг нэмэлт хэрэгцээг Галбын говиос авах боломжтой гэсэн тооцоог Оюутолгой төслийнхөн гаргаад байгаа.

Гэтэл Тавантолгойн хэсэг усны ихээхэн дутагдалтай байна. Энержи Ресурс компани Цогтцэций сумаас 20 километрийн зайтай газар 117 л/сек усны нөөцтэй Наймантын ордыг илрүүлж ашиглалтын нөөцийг батлуулсан. Ухаа худаг уурхайн эхний ээлжийн усан хангамжийг Наймантын хөндийгөөс хангаж болохоор байна гэж үзэж байгаа.

Тэгвэл шинээр ашиглалтад орох “жижиг” Тавантолгойн ордыг ашиглахад усан хангамж шаардлагатай болно. Хамгийн эхэнд судлагдсан, ойр байгаа усны орд бол Балгасын улаан нуур. Мөн хэд хэдэн жижиг усны орд илрүүлсэн.

-Балгасын улаан нуурын ус маш цэнгэг. Угаас ус ховор говийн ийм цэнгэг усыг үйлдвэрлэлд ашиглах нь хэт тансагласан хэрэг болох байх?
-Говийн бүс нутаг цэнгэг ус ховортой. Балгасын улаан нуур нь нэлээд залуу буюу дөрөвдөгчийн галавын хурдсанд хуримтлагдсан, идэвхтэй солилцоо сайтай, Туул голын хөвөөнөөс уудаг ус шиг тийм гоё цэнгэг устай орд юм. Ийм цэнгэг усыг зөвхөн нүүрс угаахад ашиглачихвал даанч харамсалтай. Тавантолгойн ордыг түшиглэсэн томоохон хот суурин босох нь одоо хийгдэж эхлээд байгаа бүтээн байгуулалтаас тодорхой харагдаж байна. Олон хүнтэй том хот суурин босоход ундны усны асуудал тулгарна. Тэрхүү ундны усыг Балгасын улаан нуураас хангая. Үйлдвэрлэлд харин говийн хатуу, эрдэс ихтэй усыг хэрэглэе гэж төлөвлөж байна. Сүүлийн үед хүнсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу говийн бүсийн цэнгэг усны ордуудыг тусгай хамгаалалтад авах тухай яригдаж байна. Үүн дотор Балгасын улаан нуур орсон.

Эдгээр ордыг хамгаалах хүсэлтээ УИХ-д өргөн барихаар баримт бичгээ бүрдүүлээд байна. Тэгэхээр Балгасын улаан нуурыг ашиглах уу, үгүй юү гэдгийг УИХ шийдэх нь.

-Гүний усыг ашиглахаар газрын гадарга дээрх ургамал хатаж, булаг шанд ширгэх вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа. Энэ болгоомжлол хэр үндэслэлтэй вэ?
-Говийн нөхцөлд идэвхтэй солилцооны бүсэд байдаг, агаарын хур тундсаар шууд тэжээгддэг, өөрөө ууршиж газрын гадаргууд байгаа ургамалд шууд нөлөөлдөг уст үе 100 хүртэл метрийн гүнд байгаа. Тийм уст үеийг авч ашиглавал мэдээж дээдэх хөрс ургамалдаа нөлөөлнө. Харин түүнийг нь ургамал, хөрсөнд нөлөөлөхгүйгээр тохируулж ашиглах хэрэгтэй. Нэгэнт газрын гүний уснаас өөр нөөц говьд байхгүй болохоор байгаа юмаа зүй зохистой ашиглах шаардлагатай.

-Газрын гүний уснаас өөр эх үүсвэр байхгүй гээд гүний усаа хайр гамгүй ашиглаад байж болохгүй байх. Говийн хур тунадасыг хуримтлуулах далан, цөөрөм барих төлөвлөгөө бий юу?
-Сүүлийн үед агаарын хур тунадас үерийн усыг тодорхой хэмжээнд хуримтлуулах зорилгоор хөв цөөрөм барих газруудыг сонгон судалгаа хийж байгаа. Энэ нь томоохон усан хангамжид ашиглах боломжгүй бага хэмжээтэй. Харин мал аж ахуй, бэлчээрийн хэрэгцээнд ашиглаж болно.

-Орхон говь төсөл нэг хэсэг эрчимтэй яригдаад сүүлийн үед сураг тасарч байх шиг?
-Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Орхон гол дээр урсацын тохируулга хийгээд говь руу ус татах “Орхон говь” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа явж байна. Энэ төсөл бүтвэл Тавантолгойн орд хүртэл далд шугамаар ус татна. Манайхан гадаргын усыг татах туршлага байхгүй болохоор бүгдээрээ бие биенийгээ хардаад байна л даа. Орхон гол дээр нэг юм баривал Орхон тэр чигээрээ алга болчих юм шиг санаад байгаа. Ингэж бодох нь буруу. Тэртэй тэргүй гадагшаа урсаад явчихаж байгаа голыг өөрсөддөө ашигтайгаар хэрэглэх хэрэгтэй. Үүнийг ашиглах талаар олон улсын гэрээ конвенц, эрх нь бидэнд байна. Ус багатай газрууд руу татаж болно. Далан барьж болно.

Ер нь манай орон гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Манай орон ус ашиглалтын зохисгүй хэрэглээтэй байгаа. Нийт хэрэгцээнийхээ 80 хувийг газрын гүний усаар, 20 хувийг гадаргын усаар хангадаг. Гэтэл газрын гүний ус эргэж нөхөгдөхдөө асар олон жилийг зарцуулдаг. Гадны улсуудыг харахад гадаргын ба газрын гүний усны хэрэглээ нь тэнцүү, эсвэл гадаргын ус ашиглалт нь илүү байдаг. Манайх харин эсрэгээрээ байна.

-Оюутолгой компанийн илрүүлсэн Гүний хоолойн ус нь хэдэн жилийн нөөцтэй вэ?
-Өдөрт 105 мянган тонн хүдэр боловсруулахад 40 жил ашиглах усны нөөц Гүний хоолойд бий гэсэн тооцоо гарсан. Гэхдээ ашиглалтын явцад газрын доорх усны хяналт шинжилгээг тогтмол ажиллуулж, хэрэглээний явцад тооцоолсон хэмжээнээс хэр зэрэг зөрөх вэ гэдгийг хянаж тохируулна. 870л/секундээр ашиглаж байтал тооцоолсон хэмжээнээс илүү гарч, газар доорх нөөц багасвал бид усны хэрэглээг зогсоох боломжтой.

-Үйлдвэрлэлийн явцад усны хэрэглээний горимд хэрхэн хяналт тавих вэ?
-Ашиглалт явагдаж байгаа газрууд дээр орчин үеийн техникээр тоноглогдсон тусгай мониторингийн цооногууд байна. Цооногууд нь газрын доорх усны түвшин, чанарыг хэмждэг. Галбын говь болон Гүний хоолойд гүний ус хэмждэг, бүх мэдээллийг тооцдог мониторингийн 134 цооног ажиллаж байна. Тэдгээр цооногоос ирсэн мэдээллээр хэрэглээний түвшинг тодорхойлж болно.

-Замын-Үүд сум эдийн засгийн чөлөөт бүс болно гэж ярьсаар нэлээд хугацаа өнгөрч байна. Монголын хамгийн том хилийн боомт хотод усны асуудал нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Уух усаа бараг л Хятадаас авах нь холгүй байдаг. Замын-Үүдийн усны асуудлыг яаж шийдэх вэ?
-Замын-Үүдийг өргөжүүлэн тэлэхэд усны асуудал зайлшгүй тавигдана. Усны асуудлыг нь шийдэх хоёр арга байна. Нэг нь мэдээж газрын гүний ус. Судалгаагаар тогтоосон газрын гүний усны орд Замын-Үүдээс нэлээд хол байгаа. Хоёр дахь арга нь одоогоор зогсчихоод байгаа өнөөх алдарт “Хэрлэн говь” төсөл. Уг төслийг эргэж хараад, боломжтой бол шийдээд өгөх хэрэгтэй байна.

-Усны газраас нэмэлт судалгаа, хайгуул хийж байгаа юу?
-1990-ээд оны сүүлээс 2004 он хүртэл газрын доорх усны судалгаа бараг хийгдэж байгаагүй. 2004 онд Усны газар байгуулагдсанаас хойш унд ахуйн хэрэгцээнд зориулж усны судалгаа нэлээд хийлгэж байгаа. Төв суурин газрын усны нөөцийн ашиглалтын хугацаа дуусч байгаа. Үүнтэй холбоотой нэмэлт, дахин үнэлгээний судалгаа хийгдэж эхэлсэн. Мөн бусад усан хангамжаар гачигдсан сумдад судалгаа хийгдэж байгаа.

Одоогоор илрүүлээд байгаа газрын гүний усны судалгааг жагсаавал:
• Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 30 газрын доорх усны орд илрүүлсэн. Гурвантэс сумын нутагт орших Нарийн-Сухайт нүүрсний уурхай орчмын газар доорх усны нийт нөөц 8514 м3/хоног.
• Даланзадгад, Цогтцэций сумын ойр орчим, Тавантолгой нүүрсний ордын ойролцоох усны нийт нөөц 17611.32 м3/хоног.
• Баян-Овоо, Ханбогд сумын ойр орчим, Оюутолгой зэсийн ордын ойролцоох усны нийт нөөц 107135м3/хоног байна.
• Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 12 газрын доорх усны орд илрүүлсэн. Цагаан суварга зэсийн орд газрын орчмын усны нийт нөөц 25920 м3/хоног.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ойролцоох усны нийт нөөц 92000 м3/хоног байгаа юм.

О.Хосцэцэг

Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ?



www.biznetwork.mn-ээс
 
Хариуцлагатай бай

Та хариуцаж авсан ажлаа цагт нь хийж байгаагаа харуулж, боссдоо та хэр үнэ цэнэтэй вэ гэдгээ харуулахын тулд үргэлж илүүг хийдэг бай.

Өмнөө зорилго тавьж, хаана байхыг хүсч байгаагаа мэддэг бай

Та 7 хоног, сар эсвэл жилийн хугацаанд биелүүлэхийг хүсч байгаа зорилгуудаа бич. Энэ нь та албан тушаалдаа хаана байхыг хүсч байна, тэр газраа хүрэхэд тань тусална.

Ажил дээр юу хийж байгаагаа мэдрүүлдэг бай

Ажил олгогч тань хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсийг хийж, нэмэлт үүрэг хариуцлага хүлээ. Ажлаа янз бүрээр эсвэл янз бүрийн аргаар хий. Харилцагчидтайгаа илүү их ажилла.

Ур чадвараа нэмэгдүүл

Цөөн тооны хичээлүүд судалж, сургалт семинарт хамрагдаж, өөрийнхөө албан тушаал, ажил мэргэжилтэй холбоотой ном унш. Өөрийн салбартаа мэдлэг боловсролоо тасралтгүй нэмэгдүүлж чадвал топ ажилтан болох болно.

Эргэн тойрноосоо суралц

Заримдаа таны эргэн тойронд байгаа “од” хамтран ажиллагсад, босс, менежерүүд гэх мэт хүмүүсээс суралцахаас өөр илүү сайн арга байдаггүйг санах хэрэгтэй. Даган дуурайхыг хүсдэг хэн нэгнийг хайж ол. Тэднээс асуухаас бүү ай.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэг бай

Менежерүүд ажлын байран дээрх ачааллыг хэрхэн зохицуулж, үүсч байгаа асуудлуудад хэрхэн дасан зохицох талаар мэддэг хүмүүсийг үргэлж анзаардаг. Нам гүм тайван байх нь чухал ч хурдан хөдлөх нь чухал шүү. Ажлаа сайн хийх нь таныг шилдэг ажилтан болгоод зогсохгүй  таныг албан тушаал ахихад тусалж, ажил хайхад тань хялбар болох болно.



 __________________________________________________________________________

Jargalkhand's blog: Хуульч мэргэжилийн ёс суртахуун: Шударга ёс ноёлсон тайван, эмх цэгцтэй, хүн бүр амар жимэр амьдрах тийм л нийгмийг цогцлооход хуульч хүн тэргүүн эгнээнд байх учиртай. Ху...

Ulaanbaatar time

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP