- Агуулгын шошго

http://sonin.mn/news/politics-economy/57622
 Тийм ээ, бид бол ялагдагсад. Өөрөөр хэлбэл бид ялагдсан, тэрхүү ялагдлынхаа гашуун үр дагаврыг амсаж, эдэлж яваа ард түмэн.
Ингэхэд бид Хаана, Хэнд, Хэзээ, Хэрхэн, Яагаад ялагдчихав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Зэр зэвсэг улалзуулаад, хил хязгаар даваад шууд эзлэн түрэмгийлдэг дайн өнөөдөр бидний нүдэн дээр Африк, Араб хийгээд Дундад Азийн зарим орнуудад өрнөж байна. Харин түүнээс илүү өргөн цар хүрээтэй дайн бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, үзэл суртлын хүрээнд болж буй дайн юм. Энэ дайн гал мэс хэрэглэдэг халуун дайнаасаа ч илүү өршөөлгүй хийгээд хатуу ширүүн байна. Энэ дайныг хүйтэн дайн гэдэг. Үзэл санааны хүрээнд маш хүчтэй өрнөж буй, дэлхий даяныг хамарсан, өнөөдөр хоёрдахь шатлалдаа буюу оргил чинээндээ хүрээд буй энэ дайнд бид ялагдчихсан юм.
Нэг тийм үг байдаг. "Нэгийг хулгайлахад гар хэрэгтэй, нэлээдийг хулгайлахад бүлэглэл хэрэгтэй. Бүр ихийг хулгайлахад хууль хэрэгтэй. Харин хуу хамахад үзэл суртал хэрэгтэй".

Үзэл суртал бол хамгийн хүчирхэг зэвсэг, нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй атлаа бие хүнийг ч, бүхэл бүтэн нийгмийг ч задлан сөнөөж, улс үндэстнийг нэг л мэдэхэд нийтээрээ ялагдал, боолчлолоо үг дуугүй, ямар ч эсэргүүцэлгүйгээр, бүр аялдан дагаж хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүртэл нэг мөсөн ялж чаддаг зэвсэг юм.
Юун ялагдал вэ, харин ч Монгол оронд ардчилал ялж, бид хөгжлийнхөө зөв шударга зам дээр гарч ирсэн биш билүү? Гагцхүү энэ замдаа л будилж төөрөөд байна. Тэр түр зуурын бэрхшээл. Түүнээс биш бид соц нийгэмтэйгээ байх ёстой биш, бид ардчиллаас ухрахгүй, бид ардчиллаа улам төгөлдөржүүлэн хөгжүүлэх ёстой юм биш үү?
Хэрвээ ялагдсан гэвэл ялагдлыг бид ямар шинж, мөн чанараар үнэлэх вэ? Яагаад бид ялагдсан гэж?
гэх мэт олон асуултууд дагалдан босож, үүнд хариулах хэрэгтэй болно.
Энд юуны өмнө нарийн ялгаатай зүйлсийг хольж хутган нь асуудлыг мөн чанараас нь гажуудуулж, ойлголтыг өөр гольрил руу явуулж орхих аюултай байдгийг сануулах хэрэгтэй юм.
1990 онд хүн төрөлхтнийг хоёр хуваасан үзэл суртлын хүйтэн дайн төгсгөл болж, энэ дайнд ялагдсан соц лагер, соц систем сүйрэн унасан юм. Бид тэр сүйрэн унасан лагерт харьяалагдаж байлаа. Тэр систем бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, захиргаадалт давамгайлсан, нэг нам, нэг үзэл суртал үнэмлэхүй ноёрхсон, хувь хүний эрх, эрх чөлөө тодорхой хүрээнд хязгаарлагдсан тийм тогтолцоо байсан. Уян хатан зохицох чадваргүй эдийн засаг, оюун санааны эрх чөлөөг тодорхой түвшинд хязгаарлаж байсан нь энэ лагерийг хүйтэн дайнд ялагдахад хүргэсэн гол шалтгаан байсан. Дэлхий нийтийг хамарсан энэ түүхэн их үйл явцын нөлөө, хомрогоос бид зайлан бултах ямар ч аргагүй, бид өөрчлөгдөх нь гарцаагүй зүйл байв. Бидний эхний “ялагдал” энэ байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл байсан. Учир нь энэ “ялагдлын” дараа бидэнд гурван сонголт байсан.
Эхнийх нь, Хойт Солонгос лугаа адил хамаг хил хязгаараа хаагаад, үзэл суртлаа улам гааруулж, үл тэвчсэнийг нь үл тэвчиж, жинхнээсээ туйлшран дангаарших. Энэ бол бидний хувьд хэрхэвч хүсэх зам биш байлаа. Хүссэн ч хоёр том хөрш, уламжлалт прагматик сэтгэлгээ, улс төр, эдийн засгийн гадаад, дотоод нөхцлөөс шалтгаалан тэр замд орох ямар ч боломжгүй байв.
Удаах нь, Хятад, Вьетнамын адил шинэчлэлт өөрчлөлтийг зөвхөн Эдийн засгийн хүрээнд хийж, ЭЗ-аа либералчлаад, оюун санааны хүрээг ялимгүй тавьж, харин улс төрийн системээ хэвээр нь хадгалж хөгжих. Улс орон, үндэстнийхээ онцлогт тохирсон систем, хөгжлийн бодлого гарган хэрэгжүүлэх явдал байв.
Гурав дахь нь, бид эдийн засаг төдийгүй улс төр, оюун санааны ертөнцийг бүхлээр нь бүрэн өөрчилж, бүрэн либеральчлан, хяналт жолоогүй сул тавих явдал байлаа.
Бид энэ гурав дахь замыг сонгосон. Ямар ч эргэлзээгүйгээр. Гэвч харамсалтай нь тогтолцооныхоо хувьд биднийг эхнийхээ ялагдлаа улам баталгаажуулж, туйлд нь хүргэх тийм мухар зам байсныг сая нэг эргэн анзаарч, 25 жил буюу хүний бүхэл бүтэн нэгэн үе өнгөрсөн хойно “Юу болчихов оо?” хэмээн гайхан эргэлзэж эхэлж байна.
Бид шинэчлэл өөрчлөлтийг хийхдээ хамаг бүхнээ зад татаж, өнгөрсөн бүхнээ нурааж, өмнөх үеэ нулимчихаад, тэр үнс нурман дээр хэдэн зууны өмнөх бусдын гашуун туршлагыг давтсан. Энэ бүхэн гэхдээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, хувийн өмч гэх мэт маш сайхан хорхой хүргэм олон уриа лоозонтой.
Энэ далбаан дор “Хэн чаддаг нь амьдар, баяж, оршин тогтно, ямар арга замаар нь тийм чухал биш” гэсэн маш хачин прадокс зарчмийг нийгэмд, ард түмэндээ шууд тулган хүлээлгэсэн. Өөр ямар ч үзэл санаагүйгээр, нэгдмэл бодлого, үндэснийхээ сэтгэлгээ, үнэт зүйл, уламжлал, улс орныхоо гадаад дотоод улс төр, эдийн засгийн нөхцөл, хүчин зүйлүүдийг шингээсэн өөрийн гэсэн хөгжлийн үзэл баримтлалгүй зөвхөн “Ардчилал мандтугай” болоод л орж явчихсан. Хамгийн хачирхалтай нь тэр бүхнээ гадаадынхан, бүр өнөөх хүйтэн дайнд ялсан талынхны шууд дэмжлэг, туслалцаа, маш идэвхтэй заавар зөвлөгөөн дор хийсэн билээ. Үр дүнд нь нийгэм хяналтгүйгээр задралын ангалд унаж, үндэстнийхээ хувьд ч, оюун сэтгэлгээнийхээ хувьд ч бид гүн хямрал орон, Хоёрдугаар шатны хүйтэн дайнд давхар том ялагдал, ноцтой хохирол амсахад хүрсэн юм.
Бидний ялагдсаныг батлах шинж тэмдгүүд нэн олон.
- Бид өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдхүүнээрээ урд хөршөөс 86 хувь хараат, бензин, нефт зэрэг стратегийн бүтээгдхүүнээрээ хойт хөршөөсөө 96 хувь хараат, мөнгө санхүүгийн организм маань доллараас 100 хувь хараат, улс төр маань барууны бүлэглэл болон хөрөнгө санхүүгээс шууд хараат болж хувирсан нь жинхэнэ утгаар нь тусгаар тогтносон улс гэж үзэхэд нэн эргэлзээтэй түвшинд хүрсэн. Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа боловсруулах үйлдвэрлэл нэн сул хөгжсөн, экспортынх нь бараг 90 хувь нь түүхий эд, эсрэгээрээ импортынх нь 90 гаруй хувь эцсийн бүтээгдэхүүн болж, бусад орны эдийн засгийн хавсарга буюу өөрийгөө шавхаж бусдыг тэжээдэг маш эмзэг колонийн шахуу эдийн засагтай болж хувирсан.

- Эдийн засгийн хөгжлийн нэн тодорхой зорилт хөтөлбөр байгаа эсэх нь мэдэгддэггүй, аль ялсан Улс төрийн нам нь 4-хөн жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлдэг, тэр нь алс хэтийн зорилтыг хангах, нэг шат, алхам гэхээс илүүгээр тухайн намын популист амлалтыг хагас дутуу биелүүлэхэд чиглэсэн, энэ нь эдийн засагт нэмэр тустай, алс хэтийн хараатай бус, харин ч хор хохирол нь их талдаа байдаг тул “Хөгжлийн хөтөлбөр” гэж нэрлэхээс “Хорлох хөтөлбөр” гэвээс зохино.
- Эдийн засаг уул уурхайгаас 90 хувийн хамааралтай болж, дэлхийд энэ үзүүлэлтээрээ Африкийн Замбийг ардаа орхин түрүүлсэн. Харин Уул уурхай нь гадаадын хөрөнгө оруулагчдаас 83 хувийн хамааралтай. Дамаа манай төр гадаадын хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг илэрхийлдэг, тэдний өмнө байдгаа дэлгэн хэвтэх янхан эм шиг аашилдаг боллоо.
- Нэг мэдэхэд энэ эмзэгхэн эдийн засагтаа ахадсан 21 тэрбум ам.долларын өртэй болчихсон. Хамгийн ноцтой нь энэхүү тулгамдсан өрөө ойрын жилүүдэд хэрхэн яаж, ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхойгүй. Өнөө төсвөө бүрдүүлж чадахгүй атлаа ирэх жилээс бид төсвийнхөө 30 гарсан хувийг өрд өгөх болно. Сангийн сайд “Өрийг өрөөр л төлөхөөс өөр гарц байхгүй” гэж мэдэгдсэн. Энэ нь бага хүүтэй өрийг их хүүтэй өрөөр төлнө гэсэн үг.
- Нийгмийн уналтыг хяналтгүй болгохын тулд эрх чөлөө нэрийн дор хувиа бодох үзэл, нийтлэг эрх ашгийг үл хэрэгсэх хандлагыг маш хүчтэй дэлгэрүүлж, нийгэм өөрийгөө хянадаг, засдаг бүх тогтолцоог хамгийн түрүүнд устган, төрийн үүргийг бүхий л утгаар нь үгүйсгэн сулруулсан юм.
- Өнөөдөр Монголын нийгэмд хэзээ ч бутран унахад бэлэн болчихсон гүн гүн ангалууд нэгэнтээ бий болсон. Чүдэнз зурах төдийд түймэр асан дүрэлзэх үл тэвчих үзэл, бухимдал гаарсан.
- Ахуй амьдралын хүрээнд ард түмэн маань өдрийн хоолоо хэрхэн яаж олох вэ гэдгээс цааш юуг ч бодож сэтгэх боломжгүй болтлоо туйлдаж ядарсан олонх хийгээд тив дамнан өвөлжиж зусдаг, хэрэглээгээрээ өрсөлддөг нэн цөөн санхүүгийн элит хэсэг хэмээх хоёр үндсэн эрс тэс ангид зааглагдан ялгарсан. Ядарсан хэсгийн дотор өөрсдийнх нь энэ хүнд хэцүү амьдрал энэ дээдэс, олигархи, хөрөнгөтнүүдийн буруу удирдлага, ханаж цаддаггүй шуналаас боллоо гэж үздэг нь олонх байж, тэднийгээ үзэн ядах сэтгэлзүй нэгэнт бий болсон бол нөгөө талд доодсоо хүн гэж үздэггүй, мал, нохойноос өөрцгүй гэж харж, ад үздэг үзэл дэлгэрсэн. Өөр хоорондоо үл ойлголцох, зөвшилцөх боломжгүй шахам болсон АНГИТ, АНТАГОНИСТ НИЙГЭМ нэгэнт үүсчихсэн. Хамгийн хачирхалтай нь энэ байдлыг төр бодлогын түвшинд хэлэлцэж, засаж залруулах талаар ер анзаардаггүй, байх ёстой зүйл мэт үзэж, бүр тэгэж сурталчилдаг, ойлгодог, тэр ч бүү хэл санаатай, санамсаргүйгээр дэвэргэдэг хэсэг бий болсон.
- Нийт хүн амын 34 орчим хувь нь Арилжааны банкинд хадгаламжтай ч тэдний 95 хувь нь нийт халгаламжийнхаа 5-хан хувийг эзэмшдэг. Төрөөс тэрбумтан төрдөгт бид гайхаж шогшрохоо больж, жам ёсны зүй тогтол мэт хүлээж авдаг болсон. Шударга хөдөлмөрөөрөө хөрөнгө чинээтэй болж буй хүмүүс бий ч тэд цөөхөн төдийгүй “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог”-ийн үлгэрээр шударга бусаар хөрөнгөжсан бусад олонхийнхоо хомрогод орж, ад үзэгдэх болсон.
- Улс төрийн хүрээнд улс төржилт байж болох чичирхийллийн түвшингээсээ хэдэн зуун хувиар хэтэрч, аюулын харанга дэлдэх болсон. Намчирхал юуны түрүүнд Төрийн албыг хорт хавдар мэт нэрвэсэн. Нам даган хийрхэгч фанатууд, эсвэл цөөврүүдээр бүрдүүлснээс төрийн алба хүнд суртал, хээл хахуулийн орд уурхай болж хувирсан. Намчирхал бүр даамжраад нэг жалга довынхныг ч хагалаад зогсохгүй нийгмийн суурь болсон гэр бүлд хүртэл нэвтэрч, гэр бүлийг хагалах хэмжээнд хүрч байгаа. Намаас болж бие биеэ хэзээ ч хүлээн зөвшөөрөх чадваргүй болсон нийгмийн анги бүлгүүд бий болсон. Намуудад сонгогчдын талцуулан, улайруулж байх нь улам илүү ашигтай болж, тэр байдалд тос нэмэн уухайлах атлаа, өөрсдөө тайзны араар, нударган дотроо сэм тохиролцдог болсон.
- Нам нэртэй дээрмийн шахуу бүлэглэлүүд төрийн дээр эрээ цээргүйгээр сандайлан гарсан. Бид соц үеийн нэг намын дарангуйллаас гарч чадсан ч эргээд олон намын дарангуйлалд орсон нь зүйрлэвээс чонын амнаас гараад барын аманд орсон мэт, олон толгойтой могойн нажид зовлонг эдлэх мэт болов. Үр дүнд нь намын далбаан дор элдэв бусармаг үйлдлийг өмгөөлөн хаацайлдаг, хэн дуртай, эрээгүй нь завшдаг, хуулийн дээгүүр дураар гишгэлдэг хөл толгойгүй байдал гаарч, бүр байтлаа Нам нэрийн дор бүлэглэн хууль гарган хулгайлдаг, луйварддаг Төрийн тогтолцоотой болж хувирав.
- Оюун санааны хүрээнд асар олон талцал нэгэнт бий болжээ. Хуучин шинээрээ, хөгшин залуугаараа, либераль, социалистаараа, Галдан Бошигт хааныг дэмждэг, эсвэл Занабазар гэгээнтнийг дэмжидгээрээ хүртэл талцан, нэгнээ үзэн ядацгааж байна. Бүр байтлаа түүхээ хүртэл улс төржүүлж, АН-ын болон МАН-ын эрх ашигт тус тусад нь нийцсэн Монгол үндэстний, Монгол төрийн түүх хүртэл зохиогдох болсон.
- Итгэл бишрэлийн хүрээнд ч бие биеэ үл тэвчдэг шашны маш олон урсгалууд нэгэнт бий болжээ. Монгол орны хэмжээгээр янз бүрийн шашны сүм хийдүүд зуугаар биш мянгаар тоологдох болов. Монголын түүхэн дэх шашны хэт халалтын үед ч сүм хийдийн тоо өнөөгийнх шиг 1000 хүрч байгаагүй юм. Тэр бүү хэл хөгжингүй орнуудад хориотой байдаг шашны сект хүртэл орж ирсэн. Бөө нь шарын шашнаа үгүйсгэнэ, шарын шашин нь загалмайтнаа, загалмайтан нь лалаа, лал нь тэнгэр шүтлэгтнээ үгүйсгэнэ. Тэгээд зогсохгүй дотор зууртаа тэмцэлдэнэ.
- Жалгархах, нутгархах үзэл ч газар авав. Монголчууд хот хөдөөгөөрөө, баруун зүүнээрээ, халх ойрдоороо ялгарах хандлага ч ил тод ажиглагдах болов.
- Өөрсдийн алс хэтийн бодлогогүй, ойр зуурын ашигт шунадгаасаа болж гадныхны ацаг шалаанд орчихоод, эцэст нь тэднийгээ, ялангуяа цөөхөн гадаадын хөрөнгө оруулагчдаа үзэн ядах эрүүл бус хандлага ч байна.
- Бид олон ургалч үзэл гэгчийн үр дүнд юу дуртайгаа чөлөөтэй ярих, хэрэлдэх, үзэн ядалцахаас өөрөөр ямар ч оюунлаг хандлага, чадваргүй болж хоцорсон. Үзэл бодлоо нээлттэй хэлэлцэж, баримт нотолгоо гарган эрүүл саруулаар мэтгэлцэхийн оронд зүгээр л адгийн хараал ширээлээр нэгнээ булж, үгүйсгэх гутаахыгаа олон ургалчилж байна гэж ойлгох болсон.
- Хэвлэлийн эрх чөлөө ч маш эргэлзээтэй. Үзэхэд эрх чөлөөтэй мэт боловч манай үндсэн гол хүчирхэг мэдээллийн суваг, ТВ, сонин хэвлэлүүд бүгдээр тодорхой санхүүгийн бүлэглэл, намын эрх ашгийг илэрхийлэгч болж, ард түмний талцлыг улам гааруулдаг болсон. Хэдийгээр 100 орчим ТВ суваг, 10 гаруй өдөр тутмын сонин, нийтдээ 150 гаруй мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа ч энэхүү мэдээллийн цунами дотроос иргэд бодит үнэнийг олж мэдэх боломж хомс болж, оюун сэтгэлгээ нь элдвийн хов жив, хэрүүл уруул, ойр зуурын ахуйн хэрэглээ, шоу зугаа цэнгээний сэдэв дотор эргэлдсээр, “Сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэрээр Хэвлэлийн эрх чөлөөтэй болоод сэтгэлгээний түвшин маань улам уруудах төлөвтэй болсон.
- Нийгмийн хөгжлийн суурь салбар болох Боловсролын салбарт олон улсын стандарт нэрийн дор харийнхны бодлого илэрхий хэрэгжиж, үндэсний шинж чанартай, үр өгөөжтэй, системтэй бодлого үгүйлэгдэх болсон. Тэр ч бүү хэл боловсрол бизнесийн өршөөлгүй саварт базуулж, ойр ойрхон сурах бичиг, хөтөлбөр шинэчилдэг болж, үүнийг дагасан олон зуун тэрбумын бизнес цэцэглэсэн. Үр дүнд нь бидний хэд хэдэн үеийн хүүхэд багачуудын оюун сэтгэлгээ золиос боллоо.
- Биднийг хэт дураар байх эрх чөлөөнд бялууруулан мансууруулж, мунхаг болгож байна. Тийм атлаа үнэн хэрэг дээрээ бидний үнэмлэхүй олонхи нь ядуурлаас болж санхүүгийн ямар ч эрх чөлөөг эдлэх, хамгийн наад захын хүн ёсны хандлага, эрүүл мэндийн үйлчилгээг ч авах боломжгүй хүн сүрэг болон хувирч байна.
- Эх оронч үзэл, хүнлэг ёс ярихад инээж дооглодог бүхэл бүтэн давхарга, нам бүлэглэл, залуу үе хүртэл гарч ирсэн.
- “Монголчууд чадахгүй”, “Монголчууд эв нэгдэлгүй”, “Монголчууд соёлгүй бүдүүлэг” гэсэн үзэл хандлага хүчээ авч, бид үндэстнийхээ хувьд өөрсөддөө итгэж, урамших дархлааны маань код үзэмжхэн эвдэрсэн.
- Монгол хүн Монгол хүндээ үнэ цэнэгүй болж, бид нэгнээ хайрлаж, хүндэтгэх нь бүү хэл дорд үзэх, үл хүндлэх, гутаан доромжлохдоо сурамгай болж хувирсан.
- Монгол төр нь үндэсний шинжгүй болж, үнэ цэнээ алдан улам бүр доройтож байна. “Төрийн минь сүлд өршөөг” хэмээн залбирдаг гайхам сайхан уламжлалт өвтэй ард түмэн маань өнөөдөр төрөө элдвээр харааж, зүхэх нь давамгай болов.
- Энэ бүхний үр дүнд үндэстнийг нэгтгэж, нэг цул болгодог нэгдмэл үнэт зүйл алга болж байна. Хөгжлийн нэгдмэл үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа үжрэн ганддагийн үлгэрийг бид тодоос тод харж байна.
- Үндэстний үнэт зүйл зөвхөн эд материалын хэрэглээ төдийгөөр хязгаарлагддаг болтлоо шалдаа бууж, үндэстэн өөрийгөө таньж мэдрэхээ байх түвшинд хүрэхэд ойрхон болсон. Хэрэглээг шүтсэн хэрэглэгч нийгэм эцсийн эцэст өөрийгөө л боомлиж дуусдаг гашуун түүх бийг мэдсээр атлаа тийм тас нүдээ аниад улайран зүтгэцгээж байна. Оюун санаа, ёс суртхууны намаг балчигт нийгмийн үнэмлэхүй хэсэг нь таг зоогдон гацсан.
- Энэ бүх талын талцал, хагарлын үр дүнд манай нийгэм бие биеэ түлхдэг, эв нэгдэлгүй, юу юугүй задран унахад бэлэн байдалтай байгаа эсрэг тэсрэг атомуудын хэврэгхэн нэгдэл болон хувирсан.
- Товчхондоо бид далд колончлолын торонд орчихсон. Бид ялагдчихаж... Манжийн “Хувааж захир”, Хятадын “Өөр зуурт нь хэмлэлдүүл, тэгээд эзэл” гэсэн бодлого өнөөдөр өөр сувгаас, өөр зүгээс ороод иржээ.
Энэ мэтчилэн манай нийгмийн оюун санаа, ахуйн бүхий л хүрээнд ялагдлын шинж тэмдгүүд нэн тод харагдах болов.
Тиймээ, бид Хүйтэн дайнд удаа дараа ялагджээ. Ялсан тал нь хундага тулган, Хүйтэн дайны ялалтын одонгоор бие биесээ шагнацгааж байхад бид ялагдлаа улам баталгаажуулж, тэднийг даган баясаж байлаа. /Бидэнд Халх голд Японыг ялсны дурсгалын медаль “Бид ялав” байдаг шиг барууны ертөнцөд “Хүйтэн дайнд ялсны дурсгалын одон” гэж байдаг/ Өрөвдмөөр... Одоо ч нүдэн балай баясан дагацгаасаар байна. Хачирхалтай хийгээд эмгэнэлтэй нь бидний олонхи энэ гашуун ялагдлаа огтхон ч ойлгодоггүй, бүр ойлгохыг ч хүсдэггүй, өнөө буйгаа болж буй гэж үздэг, замнаж буй замаа хамгийн сайхан арга зам гэж ойлгодог. Нөхцөл байдлыг шүүмжилж, хэлэхээр “Ардчиллын дайсан” хэмээн бархиран дайрцгаадаг.
Энэ байдлаа зүй ёсны хөгжлийн үе шат гэж ямар ч эргэлзээгүйгээр бат хатуу итгэдэг. Бидэнд тэгэж итгүүлсэн байна. Бүр өөрөөр байх ямар ч боломжгүй гэж тархи угаасан байна. Энэ бүхэн бол бидний ялагдлын, гашуунаар ялагдсаны үр дүн, баталгаа нотолгоо болно.
Харин чухам энэ ялагдал маань түр зуурынх уу, өнө мөнхийн ялагдал уу? гэдэгт л асуудлын мөн чанар нь байгаа. Бид өнөөдөр хараахан цагаан тугаа бариад, хэлээ унжуулаад бүрэн бууж өгчихөөгүй байна. Хөгжлийн гарц эрж хайж, өөр зуураа хэлцэж, хэмлэлдэж буй маань бид гашуун ялагдлаасаа босож ирэх боломж эрж буйн, ялагдалтайгаа нэгмөсөн эвлэрчихээгүйн шинж.
Бид нийгмийнхээ суурь тогтолцоог эргэж харахгүйгээр, түүнийг шинэтгэн өөрчлөхгүйгээр энэ гашуун гацаанаас гарах, ялагдлын гүн шокноосоо өндийж ирэх боломжгүй юм. Гэхдээ энэ нь хатуу тоталитор дэглэмийг сэргээн тогтоох, буцаад социализм, коммунизмдаа орох тухай асуудал огтхон ч бус, дангааршин зожигрох бүр ч биш болно.
Үндэстнийхээ үнэт зүйл дээр тулгуурласан хөгжлийн нэн тодорхой үзэл санаа, түүндээ таарсан төр, нийгмийн суурь тогтолцоог бүтээх, тэрхүү хөгжлийн үзэл санаагаа хэрэгжүүлэх урт болон ойрын стратеги бүхий зорилтот хөтөлбөрийг гаргах явдал юм. Чухам бидний энэ зун хийх улс төрийн сонголтын гол утга учир нь ийм үндсэн өөрчлөлтийг хийх чадвартай хүчин, хэсэг бүлэг, хүмүүсийг гаргаж ирэх болно. Түүнээс биш бид хуучин намыг өөр намаар өөрчилснөөр, худрагагүй хэдийг шударгадуу хэдээр сольсноор энэ суурь асуудлыг өөрчлөх боломжгүй.
Харин бидний хөгжлийн үзэл санаа, суурь тогтолцоо ямар байх хийгээд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тусдаа асуудал энд түр орхие...
.
Эцэст нь хэлэхэд БИД ЯЛАГДСАН АРД ТҮМЭН. Гэхдээ бид энэ ялагдалтайгаа эвлэрч, цагаан туг өргөхийг хүсэхгүй байна. Хүсэхгүйгээр барахгүй бид хөгжиж, сэргэн мандахыг хүсэж байна. Тиймээс л эргэцүүлэн шүүж байгаа болно. Товчдоо бид оршин байна.

Б.Номинчимэд



С.Нарангэрэл, Ж.Гомбожав нарын ахмад сэхээтнүүд "Жудагт Монгол" хөдөлгөөн байгуулж, хурлаа хийлээ /Фото сурвалжлага/
http://sonin.mn/news/politics-economy/57324
2016-02-15 15:56:00






























 

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP