- Агуулгын шошго



 “Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал.

Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө
оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг түмэнд болоод түшмэдэд сануулахуй дор


1-р хувилбар. “Цөлмөх” хувилбар буюу 1997 оны уул уурхайн ашигт малтмалын ба татварын хуулиудын үүсгэсэн эдийн засгийн орчны хувилбар:
Татвар эхний 5 жилд авахгүй, дараагийн 5 жилд 50% хөнгөлнө гм. заалтуудтай гадаадынханд супер топ орчинг бүрдүүлсэн одоог хүртэл үйлчилж байгаа /тогтвортой байдлын гэрээ уг хуулийн хүчинтэй байх үед хийгдсэн орд болгон дээр шинэ хууль үйлчлэхгүй тул/ уг хууль татварын багц хуультайгаа хамт гадаадын хөрөнгө оруулалтыг маш их үнээр татаж чадсан боловч монголын ард түмэн, монгол улсад хүсэж байсан үр дүнг авчирсангүй. Түүний амьдралд хэрэгжсэн хар жишээнүүд нь:
Бороо гоулдын монголд өгөөжгүй 40 гаран тонн алт, Таван толгой, Нарийн сухайттай холбоотой түшмэдийн хэл ам, Айвенхоу Майнзынхны Оюу толгойн ордыг хурдхан шиг монголчуудаас салгахаар тогтвортой байдлын гэрээ хийх гэж дээд түшмэдтэй хуйвалдан шахаж байгаа чармайлт, Төмөртэйн төмрийн ордын лицензийг төлбөрийг нь хийлгүй дарж байгаад хятадуудад өгч монголчуудад ашигтай байх ёстой орд маань монгол хүнийг мөлжих хэрэгсэл болж эхэлж байхад нь иргэний хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар арай хийж буцсан, Асгатын мөнгөний ордын лицензийг мөн л Монросцветметийнхэн төлбөрийг нь төлөлгүй буцаачихаад Моннист өгөхийг сонирхож байгаа, Хөтөлийн цементийн үйлдвэрийн түүхий эдийн ордын лицензийг Эрэлд өгсөн, МУУҮА-ын удирдлагууд, тэднийг тойрсон бүлэг хүмүүсийн бүх түвшинд ажлаа мэдэж байгаа мэргэжлийн хүмүүсийн дүр эсгээд мэргэжлээ өөр чиглэлд ашигласан, монголчуудаа боддоггүй хачин сэтгэлгээ, хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр явуулсан удаа дараагийн сурталчилгаа, ярилцлагууд зэрэг нь үнэхээр байж болшгүй, Монголын газрын хэвлийн баялгийг цөлмөх зорилготой зориудын, эсрэг бодлоготой хувилбар гэдэгт эргэлзээ алга. Энэ замаар явсан Африк, Латин Америкийн газрын баялаг ихтэй орнууд одоо үгээ хэлж, үнсээ самран донор орнуудын хараат байдлаасаа салж чадахгүй үргэлжийн хэрүүл тэмцэлтэй үгээгүй ядуу амьдарцгааж байна. Дээр нь байгаль орчны сүйтгэл, хөрөнгө оруулалтыг гадаад дотоодоор нь ялгаварласан байдал, “нинжа” хэмээн нэрлэгдсэн иргэдийг хооронд нь болоод төрийн албан хаагчид, гадаадын хөрөнгө оруулагчидтай уралцуулсан гаж харилцаа, гэмт хэрэг, лиценз тойрсон далд хар наймаа гэх мэтчилэн тоочвол Монгол улсад сайн үр дүн өгөх ирээдүй огт харагдахгүй байна. Шууд хэлэхэд уг салбарын мэргэжлийн удирдах байгууллагууд болох МУУҮА, ГТАМХЭГ, Үйлдвэр худалдааны яам, Сангийн яам, Монголын төр өнгөрсөн хугацаанд ажлаа олон улсын түвшинд ард иргэд, хөрөнгө оруулагчдадаа тэнцүүхэн ашигтай байхаар сайн хийгээгүйгээс Монгол улсын тэргүүлэх салбар болон торниж эдийн засгийн “Бух тэрэг” болох ёстой уул уурхайн салбарыг авилгал, хэрүүлийн бай, улс төрийн тэмцлийн талбар болгочихлоо. Иймэрхүү улс төр, хууль, эрх зүйн орчин нь хэзээ ч хамаагүй аль нэг бодлогогүй улс төрчийн урьдчилан таах аргагүй алхмаар гэнэт хувирч байдаг оронд гадаадын хөрөнгө оруулагч тогтвортой байдлын гэрээ хийхгүйгээр ажиллах нь их хөрөнгөөр огцом дампуурах нигууртай тул тогтвортой байдлын гэрээ тэдний тэргүүн зорилтын нэг байдаг. Нөгөөтэйгүүр өөрсдөд нь ашигтай эдийн засгийн хэт давуу байдлыг гарцаагүй байдлаар хурдхан баттайд нь хийхгүй бол орчин дорхноо өөрчлөгдөнө гэдэг гадныханд тов тодорхой нэн ойлгомжтой байгаа. Нэгэнт тогтвортой байдлын гэрээ хийгдсэн бол тухайн орныхоо хэмжээнд байтугай олон улсын түвшинд ч заргалдаад нэмэргүй гэдгийг тэд бүр ч сайн мэднэ. Гол зорилго, зорилт нь энэ л дээ. Соёлтой, том, гарах гарцгүй луйвар. Заргалдваас тэмээн дээр ямааны гарз л нэмж гарахаас цаашгүй. Надад итгэхгүй байвал Бороо гоулдын тогтвортой байдлын гэрээг хэлэлцээний аргаар ширээний ард суугаад буцаачих аавын хүүг энэ дэлхийгээс олооч. Олдлоо гэхэд ямар хөлс нэхэхийг нь сонсоод үзээч. Ерөөс олдох ч үгүй. Тэнэгээ дахиад л харуулна. Хүчээр хөөж гаргавал дахиад гадаадын хөрөнгө оруулалтын талаар санах тухай ямарч яриа байхгүй болж, олон улсын улс төр, эдийн засгийн харилцаандаа үргэлжийн шахалт хавчилтанд орох шалтгааныг нөхцөлдүүлнэ. Том орнууд иргэддээ тэгж их анхаарал тавьж хамгаалдаг юм шүү. Уг хувилбарын Монголын ард түмэнд өгсөн үр дүн онц муу болох нь нэгэнт нотлогджээ. Харин бид дөнгөж одоо л ухаарч эхэлж байна. Энэ хувилбарыг таньж мэдэхэд тийм хэцүү биш. Үүнд:
  1. Газар дор байгаа эрдэс баялгийн өмчийг нь тухайн ард түмэн, засгийн газарт хэзээ ч бодитойгоор үнэлэхгүйгээр харьцна. Үнэхээр үнэлэхгүй, үнэлэгддэгггүй зүйл юм уу гэвэл үгүй шүү. Хөрөнгө босгож байгаа бирж дээр нь аль хэдийн олон улсын мэрэгжлийн байгууллагуудаар мөнгө төлж байгаад үнэлүүлсэн цааснууд очсон байх болно. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагчид итгэхгүй тул аргагүй шүү дээ.
  2. Өндөр технологиор боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах зорилт тавихгүй. Яагаад гэвэл тухайн ард түмэн ямар хэмжээний баялгийн эзэн болохоо мэдчихдэг. Баяжмал байдлаар л гаргах оролдлого хийдэг. Жирийн ард иргэд үүнийг ямар хэмжээтэй ямар үнэтэй баялаг хаашаа гарч байгааг мэдэх боломжгүй. Үндсэн эрдэсээс гадна дагалдах эрдэс үнэлэгдэхгүй. Хамгийн сайн барометр нь тухайн ордын баяжмал гарч эхэлмэгц түүхий эдийн бирж дээр хэрхэн нөлөөлж байгааг л мэдрэхэд хангалттай.
  3. Хилийн цаана хурдан гаргах бүх л аргыг хийдэг. Хилийн цаана гарсан үед өмчлөл нь тухайн ард түмэнд хамаагүй болж эхэлдэг.
  4. Борлуулалтыг тухайн орны ард түмэн гардаж хийх, аль зах зээлд ямар үнээр борлуулах нь хамааралгүй болчихсон байдаг.
  5. Зөвхөн олзворлож, баяжуулах, тээвэрлэхэд л хэрэгтэй дэд бүтцийг хийнэ. Тухайн ард түмэнд баялагтай нь харьцуулахад өчүүхэн төдий хөрөнгийг тухайн орд оршиж байгаа иргэд орон нутгийн засаг захиргааныханд өгнө. Түүнийгээ маш их реклам сурталчилгаатай хэрэгжүүлж буянтны дүр эсгэдэг. Хот тосгон, том үйлдвэр хэзээ ч бий болохгүй.
  6. Тухайн орд жижиг луйварчны гарт орсон бол үндэстэн дамнасан корпорацуудад худалдах ажил хувьцаа байдлаар хийгдэж луйварчин тоглоомноос гарна. Үүнийг дагалдаж гарч болох өөр нэг муу үр дагавар нь их хэмжээний өр тавиад түүнийг хамт худалдчихдаг явдал юм. Ордоо буцааж авах нь бараг боломжгүй.
  7. Улсын компани тухайн орд дээр орж ирсэн бол улс төрийн асуудал заавал гарна.
  8. Тогтвортой байдлын гэрээг хийх ажил эхнээсээ л явагдана.
  9. Улс төрийн дэмжлэг авах ажил авилгал хээл хахуультай хамтран хийгдэнэ.
  10. Учир нь олдохгүй олон жижиг охин компаниуд гарч ирж ямар нэг ноцтой асуудал гарч ирэхэд асуудал шийдэгдэхгүй удна, эсвэл нэг жижиг компанийг золигт гаргаад "акул"-ууд нь сугарч үлдэнэ.
  11. Тухайн орны төсөвт том ордын хөрөнгө оруулалт, татвар маш их нөлөө, савалгаа үзүүлдэг учраас хянах, эсэргүүцэх боломж жижиг эдийн засагтай оронд бараг байхгүй.

2-р хувилбар. “Татвар төлсөн бол ордын өмчлөгч болох” хувилбар
МУУҮА, Оюу толгой төслийнхний 1-р хувилбараар болохгүй бол одоо яая гэхэв хувь процентыг нь аль болох бага тавиулах юм шүү хэмээн чармайж, , УИХ-ын гишүүн Одхүүгийн ахалсан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхний оруулж 2006 оны 7-р сарын 10-нд буюу наадмын өмнөх өдөр УИХ-аар батлагдсан одоо мөрдөж буй “Ашигт малтмалын хууль”-ийн хувилбар:
Энэ хувилбараар явахад гадныханд татварын, ашигт малтмалын зэрэг хуулиудаар тогтоосон татварууд, ус, цахилгаан, байгаль орчны нөхөн сэргээлт, орд ашигласны төлбөр, ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг татвар, төлбөрүүдийг төлөөд бусдыг авч гарах боломж олгоно. Тэгвэл:
1.Дотоодын татвар, төлбөр, шимтгэл өндөр байна. Цаашид багасгах шаардлагатай гэж нам бүр сонгуулийн амлалтдаа амалж байдаг бодлогын үүднээс авч үзвэл хэр оновчтой хувилбар вэ? Манай дотоод зах зээл сайн төлөвшөөгүй энэ үед бид эдийн засагтаа татвараараа дамжуулж нөлөөлж байхын тулд багасгах хандлагатайгаар ойр ойрхон гар хүрч байх шалтгаан амьдралаар урган гарах тул тэр болгонд Монголд ордог нь улам л багасах бус уу?! Эсвэл дахиад л уул уурхайгаа, гадныхныг ялгаварласан хууль, заалтаар дотоодын орлогоо нэмэгдүүлэх гэж оролдох уу? Хөрөнгө оруулагчид хүлээж авах уу? Эдийн засгийн тогтвортой бодлоготой төр гэж гадна талдаа үнэлэгдэж чадах уу?
Түүнчлэн хууль санаачлагчид үндсэн хуулийн газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэдэг заалтыг хангахын тулд ашигт малтмалын ордын нөөц ашигласны төлбөр дээр үхлүүт тоо, хувь процентыг олигтой судлаагүй байж ганц далайлтаар тавиад түүнийгээ мэрэгжлийн биш түшмэдээр нойрмог үед нь батлуулчихаад бүх орд дээр таарах сайн хууль хийчихлээ гэж зүүдлэх гээд байгаа бололтой. Энэ нь төр алдсан болгондоо тоо багаджээ гэж ард түмэндээ шүүмжлүүлэх, төрийн олсон болгонд нь хөрөнгө оруулагчид гонсгор байх үргэлжийн хэрүүл тэмцлийг араасаа дагуулах урхагтай алхам байгаа биз дээ? Монголын хөгжлийг дэмжих ёстой хөрөнгийг босгож ирэхийн тулд орд болгон дээр нь эдийн засгийн мэргэжлийн судалгааг нарийвчлан хийж, түүнийхээ үндсэн дээр хөрөнгө оруулагчид тус бүртэй ширээний ард алтан дундажаа ард түмний хяналт дор тогтоодог уян хатан амьдрах чадвартай бүтцийг бий болгохгүйгээр асуудлыг муйхраар шийдээд байгаа юм биш үү? Ганц хувь нь л өчнөөн иргэний хоолой дээр тулсан тоолохын аргагүй олон асуудлыг шийдчихэж чадах аварга мөнгөний талаар яригдаж байгаа гэдгийг мэдэж байна уу?
2.Түүнчлэн хураасан татварын орлого, эдийн засгийн өсөлт нь байнга нэмэгдээд хүн амын тоо нь өсөж шалихгүй байгаа ч монголчууд нийтээрээ ядуураад байгаа урвуу пропорциональ хачин харилцаатай авилгалтай төр, хүнд сурталт түшмэдээр дамжаад хураасан татвар нь ард түмний амьжиргаанд нэмэр болно гэхэд даан ч хол сонсогдоод байгаа юм даа!
Авилгалтай төр, засаг гэж хэлэхээр ард түмнийхээ үгийг сонсохдоо хойрго болсон эрх баригчдад жаахан улс төржсөн мэт сонсогдож байгаа боловч ОУ-ын байгууллагуудын судалгаа, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Бушийн болоод өөрсдийнх нь хэлсэн үг, авилгалаа шийднэ гэж авсан гадны зээлүүдээр давхар нотлогдох тул шийдээсэй дээ л гэж хүсэх үлдлээ. Чадахгүй дээ чадахгүй! Иймэрхүү зорилгогүй төртэй улс орнуудад төр нь авилгалаа шийдэж байсан дэлхийн түүх байхгүй. Улам л доройтсон байдаг. Энэ хувилбар нам багтай төрийн авилгачин түшмэдэд л хэрэгтэй. Монголын ард түмэн арчаатай байж шийдэхгүй бол галт тэрэг буруу зүгт аль хэдийн хөдөлжээ.
3.Товч томъёолоход авдартай алтных нь цоожийг онгойлгоход төлсөн хаашаа орж байгаа нь үл мэдэгдэх, хэмжээ нь, хэнд ашигтай нь ойлгомжгүй татвар хэмээх жаахан хөрөнгөөр түрээ барин гадныхан уг алтыг нь бүгдийг гадагш гаргаж өөрсдийнх болгох хувилбар. 1-р хувилбараас ялгаатай нь жаахан ч гэсэн татвар төлнө. Гэвч ургаж өсдөггүй эргэж нөхөгддөггүй үндсэн хуулиар ард түмний өмч гэдэг нь баталгаажсан ашигт малтмал хэмээх энэ хөрөнгийг тэд талх барьж, машин засаж, хивс үйлдвэрлэж байгаа энгийн үйлдвэрлэгчидтэй бараг адилхан хувиар татвар төлчихөөд эзэн сууж бүгдийг нь авч гарахаар болжээ.
Түүнийг Үйлдвэр Худалдааны Яамны сайд, УИХ-ын гишүүн Жаргалсайхан , МУУҮА-ын ерөнхийлөгч До.Ганболд, , УИХ-ын Ашигт малтмалын хуулийн төсөл боловсруулагчид төрийн танхим, телевизийн нээлттэй ярилцлагаар минчийтлээ хамгаалж мэтгэлцэн хэрэлдсээр батлуулж амжсан нь хэний ямар эрх ашигт үйлчлэх гээд байгаа хэрэг вэ? Манай оронд жаахан татвар авахаас илүү ашигтай зүйлийн тухай л яригдвал гадныхан гараад явчихна гэж айлгах юм. Эргээд социализмдаа ор ч гэх шиг. Үндсэн хуулийн газар болоод түүний хэвлийн баялаг ард түмний өмч байна гэсэн заалт яагаад тэгж түшмэдийн уурыг хүргээд байна аа. Үлгэрлэвэл өндгөө өгөхгүй бол үүрээ зассан модыг чинь хөрөөднө гэдэг үнэгний үлгэр мэт аашилцгааж байна. Үүндээ шороон ордтой зууралдаж байгаа дотоодын алтны компаниудыг турхиран нэгтгэж хуулийг энэ хувилбараар гаргуулах гэж улайрсаар дийлжээ. Айвенхоу Майнзын тогтвортой байдлын гэрээ хийх гэж санаархаж байгаа Оюу толгойн орд манайхны олзворлож байгаа алтны шороон ордуудын хажууд зарчмын ялгаатай, жишиж авч үзвэл бөмбөгний хажууд шар будаа үзэгддэггүйтэй адил зүйл. Үүнийг Бороогийн ордтой адил жаахан татвар авсан нэртэй гаргаад явуулчихвал бид юугаараа ирээдүйдээ хөрөнгө оруулна гэж мөрөөдөх юм бэ? Эрдэнэтээс том хот барьж, түүнээс хавьгүй илүүтэйгээр улсдаа өгөөжөө өгөх ёстой орд шүү дээ түшмэдээ! Түүгээр зогсохгүй энэ ордыг Эрдэнэттэй хамт эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд улсынхаа нэрийн өмнөөс хөдөлгөж чадвал дэлхийн зах зээлд зэсийн ханшийг тогтоолцдог орон болж хувирах боломжийг байгаль эх бий болгож өвөг дээдэс өвлүүлэн үлдээжээ. Таван толгойн орд дээр бол бүүр ч ноцтой байна. Цаашид үүнээс том хичнээн ч ордууд нээгдэх юм билээ?! Тэр болгонд жаахан мөнгө л өгчихвөл бид ордуудаа өөрсдөө өмчлөх, ашиглах талаар ямар ч дуугарах эрх алга. Жишээ нь: Бид ирээдүйд зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийж хэрэглэхийн тулд Айвенхоу Майнзын хэлсэн үнээс өөр үнээр зэсээ авч чадахгүй, бас бидэнд ерөөс өгөхгүй гэвэл бид авч чадахгүй болгочихсон хуулийг бидний итгэсэн түшмэд батлаад гаргачихлаа.
Хуулийн ач холбогдол, одоогийн батлагдчихаад мөрдөгдөж байгаа хувилбар, асуудлын асар том нь одоо ойлгогдож байна уу?! Нөөц нь урьдчилсан байдлаар харьцангуй сайн судлагдаж тогтоогдчихоод байгаа Оюу толгойн ордоороо л жишээлж авч ярихад дэлхийн зэсийн үнийг Монголчууд мэдэлцэх боломжоо алдах уу авах уу гэсэн үг! Зэсгүйгээр хөдөлдөг ямарч төрлийн техник, багаж төхөөрөмж дэлхий дээр алга. Тэр бүхний үнэ ханшинд бид нөлөөлөх боломжоо алдаж байна гэсэн үг. Одоо их хэмжээтэй олзворлож байгаа орнуудын нөөц тийм ч сайнгүйдээ оржээ. Шууд хэлэхэд амьдралд олигтой нөлөө үзүүлэхгүй бол ашиглаагүй үлдсэн нь ч хожиж магадгүй зүйл.
. Үр дүн нь орд дуусаж монгол улс жаахан татвар аваад үлдэнэ. Уг татвар олж болох байсан боломжийнхоо хаана ч хүрэхгүй гэдэг надад ойлгомжтой байна. Танд ойлгомжтой байна уу?!

3-р хувилбар. “Шууд худалдах” хувилбар ба лиценз хэмээх “цаасанд” төрийн баримтлавал зохих зарчмын бодлого.
Уг нь газрын хэвлийн ашигт малтмалын нөөцийг хайгуулаар бүрэн тогтоож баталгаажуулсны дараа дуудлага худалдаагаар худалдах хувилбар. Энд зөвхөн нөөц худалдах тухай яриа яригдаж байгаа бөгөөд газрыг хамт худалдах тухай яригдаагүй шүү!
Бөөнөөр хөрөнгө орж ирдэг боловч нөөцийнхөө хэмжээнд хүрч худалдагдаж байсан тохиолдол эгнэгт байсангүй. Манайд бодит байдал дээрээ лиценз наймаалалцах, ашиглаж байсан ордоо цааш ашиглах хөрөнгийн боломжгүй болоод худалдах, нөхөн сэргээлт хийлгүй бултахын тулд зарах гэх мэт олон хэлбэртэйгээр “ченжүүдийн” хийдэг сонгодог ажил болчихсон. Тэрбайтугай лицензээ худалдаж болохгүй болохоор нь эзэмшигч компанийг нь худалддаг аргыг ч бодож олжээ. Энэ хувилбарын одоогийн төрхийн учрыг огцом мөнгөний хэрэг гарсан үед ломбарданд үнэтэй зүйлээ тавиад эргүүлж авалгүй орхидог залуус илүү сайн тайлбарлачихаж чадна. Жижиг, том нь судлагдаж ч амжаагүй ордууд дээр лицензийн наймаа хэлбэрээр маш хүчтэй далд явагдаж байгаа нь бүр ч ноцтой.
”Ченжүүд” жинхэнэ соёлтой, авах өгөхөө мэддэг гадаадын аварга хөрөнгө оруулагчид орж ирэх явдлыг жинхэнэ утгаар нь хааж байна. Гаднаас нь харахад талбай, ордыг авчихсан мэт харагдах боловч тэд хятадын жижигчүүд, олон улс дамнасан луйварчдад зарахаас өөрөөр юу ч хийхгүй нь ойлгомжтой боллоо. Иймээс төр хайгуулын лицензийг байгаль орчин нь ямар нэг орд олдсон тохиолдолд ашиглалт явуулахад боломжтой нэгж талбай дээр хэдийг ч давхардуулан чөлөөтэй өгөхөд болохгүй зүйл алга. Чөлөөтэй өгч байгаа зүйлд “ченжийн” наймаа орших ямарч боломж байхгүй. Хөөрхөн тохирсон үнэтэй л байна биз. Ажил хийхгүй хүн мөнгө төлж лиценз эзэмших ямарч хэрэг гарахгүй. Зөвхөн хайгуулын ажил хийхийг сонирхсон мэргэжлийнхэн л авах болно. Тэгээд ч геологийн хайгуулын ажил гэдэг маань асар их цаг, мөнгө, мэдлэг туршлага, техник, технологи шаарддаг өндөр эрсдэлтэй ажил. Энэ ажилд хичнээн л их хөрөнгө орж байвал судалгаа төчнөөн сайн хийгдэнэ. Нэгж талбайд олон хайгуулын лиценз эзэмшигч хоорондоо өрсөлдөн ажиллаж байвал тухайн талбай эрдэс баялгийнхаа төрөл төрлөөр бүрэн судлагдана гэсэн үг. Хичнээн сайн судлагдвал төчнөөн үнэд орно. Хайгуулын лицензээр ордын нөөц тогтоож дуусах хүртэлх бүх судалгааны ажлыг хийж болдог байх хэрэгтэй. Хайгуулын лицензэд олгогдсон тухайн талбай эрдэс баялагийн ашигтай ордтой нь судалгаагаар хангалттай тогтоогдсон бол хайгуулд хөрөнгө оруулагчид заавал ашиглах сонирхолтой байх нь мэдээжийн зүйл. Яг энэ үед л ашиглалтын лицензийн асуудал гарч ирэх бөгөөд ашиглалтын лицензэд нөөцөөс нь хамааран тухайн ордыг ашиглахад төрөөс баримтлах эдийн засгийн хувилбар, ашиглалтын төслийг тусгасан тогтвортой байдлын гэрээний төсөл, хайгуулын лиценз эзэмшигчдийн хийсэн бүх ажлын тайлангууд, нөөц тогтоолт, тэдгээрийн зардал, ашгийн хөндлөнгийн аудитийн үнэлгээ, байгаль хамгаалал, түүх дурсгалын үнэт зүйлсийн хамгаалал, байгал орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр зэргийг тусгасан баримт бичгүүдийг хавсарган багц болгож нээлттэй дуудлага худалдаагаар шалгарч авч байх нь зөв юм. Жинхэнэ орд эзэмшигч түүнийг худалдаж аваад төртэй гэрээгээ байгуулаад ажлаа итгэл төгс эхэлнэ. Тендерийг хяналт сайтай зөв явуулбал хэнд нь ч гомдох зүйл алга. Мөн ашиглалтын лицензийг дуудлага худалдаагаар худалдан авагч нь хамгийн сайн хайгуулын тайланг сонгож аваад тухайн хайгуулын ажлыг хийсэн зардлыг ашгийнх нь хамт дуудлага худалдааны үнэнд оруулан төлнө. Сайн хайгуулын ажил хийсэн хайгуулын лиценз эзэмшигч орд эзэмшигчийн сонголтоор зардлаа ашгийн хамт эргүүлж олж авна гэсэн үг. Зарим нь ашиглахын тулд судалж байхад зарим нь судалгааныхаа ажлын үр дүнг зарахын тулд судална. Хийсэн ажлын эцсийн үр дүн дуудлага худалдаагаар шийдэгдэнэ. Улсад орох ашиг ч нэмэгдэнэ. Шударга байгаа биз. Шударга төдийгүй геолог хайгуулын ажлыг дэмжсэн төрийн бодлого явагдана. Энэ бүхэн л чухал! Даанч шинэ хуулинд ингэж туссангүй.
Энд дурьдагдсан зарчмын бодлогын үүднээс авч үзвэл Айвенхоу Майнз хайгуулын лицензийн түвшнийхээ ажлыг л хийж дуусах дөхөж байгаа бөгөөд Оюу толгойн ордын шинэ эзэмшигч дуудлага худалдаагаар тодорч Айвенхоу Майнз ялж чадаагүй бол Айвенхоу Майнзд хайгуулын ажлын зардлыг нь ашгийн хамт төлнө. Тэр ч байтугай Оюу толгойн ордыг олон хайгуулын лиценз эзэмшигч өрсөлдөн судалж хамгийн бага зардлаар хамгийн чанар сайтай судалгаа хийсэн нь тайлангаа зарж орд эзэмшигчээс зардлаа ашигтайгаа олж авах ёстой гэсэн үг. Ганц Айвенхоу Майнз ердөөсөө биш. Чаддаг л бол хэзээ ч хэнд ч хүрд эргүүлэх боломж нээлттэй байна гэж ойлгогдож байгаа биз.
Одоо Оюу толгойн орд дээр олон улсын нээлттэй тендер явагдаж, Монголчууд Монголын ард түмэнд хамгийн ашигтайг сонголтоороо тодруулж, “юмны эзэн сумны занги” гэдгээ мэдрүүлэх ажил хаяанд тулж ирж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг л төрөөс баримтлах бодлого гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр өчнөөн удаж байхад ашигт малтмалын талаар баримтлах “хар хайрцагны бодлогын” саарал дүр зураг ч үгүй байгаа нь ард бидний буруу юу?
Шууд л хайгуулын лицензийг нь ашиглалтын лицензтэй нь өгч тогтвортой байдлын гэрээг нь баталдаг, батлах гэж дайрдаг энэ төрийн түшээд юу юм бэ? Юу мэдэж байгаа юм бэ? Лицензийн хар наймааг далд явуулж, түшмэд хөдөлмөр хийлгүй хэтэвчээ дүүргэхээс өөр ямар бодлого тэнд явагдах юм бэ?
Нээлттэй тендер явуулахад Айвенхоу Майнз тодрох уу өөр хүчтэй өрсөлдөгчид тодрох уу гэдгийг хэн хэлж мэдэж байгаа юм бэ?! Өөр өрсөлдөгч гарч ирвэл Айвенхоуг л хохироохгүй байвал барав. Тэд Монголын телевизээр Монголын ашигт малтмалын хуулинд санаагаа шургуулж улс төр хийдэг хэн юм бэ?
Бизнесийн байгууллага уу? Улс төрийн нам уу?
Жич: Түшээдийн иддэг эрхийг хязгаарлаж, газрын хэвлийн баялагийн талаар зөв бодлого шийдвэр гаргадаг “Юмны эзэн сумны занги” эрхтэй, хариуцлагатай бүтцийг ард түмний хяналт дор хэрхэн ажиллуулах талаар дараагийн “Түмний зорилт-Төрийн менежмент” цувралд дурьдах болно.

4-р хувилбар.Эрдэнэтийн үйлдвэрт хэрэгжсэн, УИХ-ын гишүүн асан О.Энхсайханы “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнийхөнтэй хамтран УИХ-д шинээр өргөн барьсан хувилбар.
Амьдрах чадвартайгаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн жишээн дээр харуулсан хувилбар. Харамсалтай нь тус үйлдвэрээс гарсан болгоныг нь баяжмал байдлаар ОХУ руу олон жил зөөжээ. Эцсийн бүтээгдэхүүн болгох талаар “Эрдмин” үйлдвэрийг эс тооцвол одоог хүртэл төр засаг харж үзсэнгүй. Энэ хувилбарын зарчим нь бүх төрлийн татвар, шимтгэл, төлбөр, зардлаа төлөөд ашгаа харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр хуваадаг эрүүл систем үйлчилдэг аль аль талдаа ашигтай хувилбар.
Гэвч энэ системийг хамгийн сайн хэмээн ойлгоход дараахь зүйлс үгүй гэж хэлж байна. Үүнд:
-Байгаль эх өөр өөр төрлийн ашигт малтмалын ордуудыг өөр өөр геолог, ашиглалтын нөхцөлтэйгөөр, өөр өөр газарт, өөр өөр нөөцтэйгөөр бий болгожээ. Эрдэнэт дээр болж байвч жижиг орд дээр зардлаа ч дарж хүрэхгүй байж мэднэ. Гэтэл бид татварууд дээрээ нэмж бүтээгдэхүүн хуваана гэж айлгаад байгаа!
Ашигт малтмалын хууль аль алинд нь зөв үйлчилдэг байх ёстой. Шинэ хуульд нөөц ашигласны төлбөр гээд хэдэн үхмэл тоо заачихсан. Жижиг ордууд дээр хөрөнгө оруулагчдад аманд ч үгүй хамарт ч үгүй жаахан ашиг авчрах тул тэдний сонирхлыг татахгүй, том орд болгон дээр Монгол улсын эрх ашиг хохирч байхаар харалган шийдвэр болжээ. Уг нь тухайн ордынхоо нөөц, уул геологийн ажлын нөхцөл, дэд бүтэц, усны хангалт, орон нутгийн оролцоо, боловсон хүчний хангалт, гарах бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, хэмжээ, үнэ, борлуулах зах зээл зэргийг харгалзан төсөл боловсруулж, гэрээгээр зохицуулахаар зааж байвал зохилтой нарийн мэрэгжил шаардсан ажил. Түүнийг хийж байх бүтцийн талаар ч төсөөлөн харж шийдэж чадсангүй.
-Татвар өндөр байна. Олон байна. Гадаадынхан ч яахав орж ирэхээ больчихоод өөр газар ажиллачихна. Харин Монгол уурхайчин татварын ачаалал дор удаан тарчилбал хэзээ өсөж томорч Австраль, Канад, Америкийн аваргууд шиг дэлхий дамнаж ажиллах вэ? Ард түмний эрх ашиг нь тэднийг хурдан томруулж үйл ажилд нь саад болохгүй тохирсон хэмжээгээр томхон юм байнга авч түүгээрээ шинэ ажлын байранд хөрөнгө оруулмаар байна шүү! Тэгэхээр:
-Жижиг ордууд дээр гадаад дотоод гэж ялгалгүй татваруудаа төлүүлээд бүтээгдэхүүн хуваах гэрээ хийлгүй ажиллуулбал зөв байх байлаа.
- Том ордууд дээр эдийн засгийн тооцооны үндсэн дээр дотоод гадаадын гэж ялгалгүй бүтээгдэхүүн хуваах гэрээг заавал хийх ёстой.
Үндсэн хуулинд чухам үүнийг л газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж заасан шүү дээ. Шинэ ашигт малтмалын хуульд бүтээгдэхүүн хуваах тухай заалт ороогүйгээс “ашиггүй малтмалын хууль” болж бид үүрд авдар нь хоосон гуйлгачингийн гунигт түүх бичих болчихоод байна!
Дотоодын хөрөнгө оруулагчид томоохон ордууд дээр бие дааж ороогүй, томхон ордод хамтарч хөрөнгө оруулаад оруулсан хэмжээ, гаргасан хөдөлмөрөөрөө ашгаа хувааж сураагүй, хөрөнгийн чадавхи сул, олон улсын зах зээлээс хөрөнгө босгож сураагүй, сайн техник, технологи худалдаж авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөрсдөө олон улсын зах зээлд борлуулахын амт шимтийг авч чадахгүй, шороон орд мэтийн эрсдэл өндөр ашиг бага зүйлээр оролдож, гарсан жаахан юмаа ойр зуурын дамжуулан борлуулагчдын хэлсэн үнээр өгч байсан тул татварынхаа дарамт, банкныхаа зээлийн дороос босож чадахгүй нөлөө нь сул хэвээр өдийг хүрчээ.
Мэргэжлийн ур чадвар, туршлага, хөрөнгийн бололцоогоороо бяд суугаад ирэх үед дотоодын хөрөнгө оруулагчид маань том ордууд дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхгүй гэж гөжүүдлэх нь тодорхой тул одооноос эрх зүйн орчныг нь бэлдэж дасгаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гадаад дотоод гэж ялгахгүй бүтээгдэхүүн хуваах ёстой шүү!
Энэ хувилбараар явахад сул тал нь:
-Овилгогүй, бодлогогүй төр хэзээ ч гэсэн ямар нэгэн гох дэгээг хэдхэн хормын төдийд гаргаж байгаа бөгөөд олон олноор гаргах магадлал даанч өндөр байна. Ард түмэнд яавал ашиггүй байлгах вэ? гэж ажил хийдэг нам, төртэй улсад эрсдэлтэй л байна.
Бодит байдалд гадаадынхан байтугай дотоодын уурхайчид маань тогтвортой байдлын гэрээ хийхгүйгээр урагш алхахад хэцүү болжээ.
-Ямар ордыг том, ямарыг жижиг гэж тооцох нь дахиад л түшмэдийн гараар орохоор хийгдсэн!
-Том ордууд дээр оруулах хөрөнгийн хэмжээ, түшмэдүүдийн түрүүлж авчихсан лицензээс шалтгаалан жинхэнэ монгол уурхайчин, геологууд хүрд эргүүлэх боломж гарахгүй байна.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээг бас л нөгөө сайн эрс ховор түшээд хийнэ!
-Хуваагдаад монголын төрийн мэдэлд ирсэн хөрөнгийг баялаг үйлдвэрлэдэггүй монгол түшмэд дахин хуваарилна. Тэд хаашаа хуваарилахаа харин мэднэ шүү.
Хуулийн төсөл хийгчид дурьдагдсан мессежүүдийг бодож чадсангүй? Нюансыг нь гаргасан хууль хийж барсангүй, бодлогын хувьд Богд хаант Монгол улсын үеийн “Концесс”-ын хуулиас дээрдчих юм алга. Бидэнд 21-р зууны олон улсын хөрөнгө оруулагчидтай эрх тэгш хамтран ажиллах хууль л хэрэгтэй байна. Монголчуудаа дэмжихээр байсан бол бүр ч онц байх байлаа даа.
Үр дүн нь: Ийм дутуу төрчихсөн хүүхэд шиг төрийн ийм их оролцоо байгаа юм чинь энэ үед л лав дотоодын хөрөнгө оруулагчид, уурхайчид, ард түмэн гэж нэрлэгддэг тэр хэсгүүд тоглоомд байнга хожигддог ёсоороо л хожигдох нь ээ.

5-р хувилбар.Миний санал болгож буй эхний буюу “хүлхэх” хувилбар.
-Тендерээр өөр өрсөлдөгч гарч ирэхгүй бол Айвенхоу Майнзаас татвар авна, нөөцийн төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхгүй гэдэг нөхцөлтэйгөөр Оюу толгойн орд газрыг шууд өгчихье. Бороогийн алтны үндсэн ордыг зүгээр шахуу өөрсдөө гуйж, хуйвалдаж гадныханд өгчихөөд идэхийн сэтгэл ханалгүй Оюу толгойн ордыг бас л тэгэх санаатай муу үйл ажлаа гүйцэлдүүлж байгаад иргэдийн тэмцэл хөдөлгөөнөөр түр азнаад байгаа эрх баригчдийн таалалд энэ шийдвэр лав бүрэн нийцнэ.
-Айвенхоу Майнз татвар төлөөд нөөцийн төлбөр төлөхгүй, бүтээгдэхүүн хуваахгүйгээр орд ашиглах тул оруулсан хөрөнгө нь эргэж гарахгүй, хувьцаа эзэмшигчид нь ч хөрөнгөө эргүүлж татахгүй. МУУҮА-ын айдас болгоомжлол ч намжиж инээхтэйгээ болоод “мэргэжлийн” ажлаа хийнэ биз.
-Харин жирийн ард иргэдэд ямар боломжийг олгох ёстой вэ? Ажлын байр! Монгол хүнд хангалттай цалинтай олон тооны ажлын байр бий болгоход энэ хувилбарын мөн чанар оршино!. Хангалттай гэж тооцоод уурхайд ажиллагсад 2000 ам.доллароос доошгүй, уурхайн хөрөнгө оруулалтаар бий болгосон экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад үйлдвэрүүд, дэд бүтэц, засаг захиргааны нэгжид ажиллагсад 1000 ам.доллараас доошгүй цалинтай байна гээд гэрээндээ заачихъя. Мөн хичнээн хүнийг ямар хугацаанд ажилтай байлгахыг нөөцийнх нь хэмжээнд ахдахгүй байхаар бодож жил жилээр нь хатуу заагаад тохиръё. Уурхайн ашиглалт ид хүчээ аваад ирэх үед баттай 300000-гаас дээш байх болно гэж тохирох биз?! Ашигт малтмалын дэлхийд данслагдах том ордоо хямд ажиллах хүчтэйгээ хамт нөөцийн төлбөр төлүүлэхгүй, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийхгүй өгөөд байхад үгүй гэдэг тэнэг бизнесмэн арай ч байхгүй байлгүй дээ.
Мөн хөрөнгө оруулагчаа зөвхөн уурхайн ашгаараа олон хүнийг дэмий тэжээж алдагдалд оруулахгүйн тулд ямар экспортын бас дахин хэлэхэд зөвхөн экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгодог хичнээн үйлдвэрүүдийг байгуулахыг, ямар ямар нийгэм, соёл, ахуйн болон дэд бүтцийн байгууламж бий болгохыг жил жилээр нь хатуу тохиръё.
Түүнчлэн уг үйлдвэр, байгууллагууд хөрөнгө оруулалтын зардлаа хөрөнгө оруулагчдаа төлж дууссаны дараа монголын хөрөнгийн биржийн хувьцаагаар дамжин монгол иргэд, ажиллагсдад өмчлөгдөх ёстойг ч заачихъя.
Ажиллагсад тохилог орон сууцаар хангагдаж түүнийгээ ипотекийн нөхцөлөөр худалдаж авцгаах тухай ч оруулчихъя. Ийм заалтуудыг зөвшөөрсөн тохиолдолд тогтвортой байдлын гэрээг байгуулахад юу нь муу гэж? Нам болгоны сонгуулиар амалдаг ажлын байр, жижиг, дунд, том үйлдвэр, өндөр цалин орлого, орон сууц, ашигт малтмалын ордын өгөөж, иргэдээ өмчтэй болгох, эдийн засгийн чөлөөт бүс, боловсролтой мэргэжлийн ажилтан, ажиллагсад, экспортын брэнд бүтээгдэхүүнүүд бүгд л зүй зохисоороо үүсэх бус уу. Энэ хувилбарын эдийн засгийн нууц нь гадаадаас орж ирээд эх орны ашигт малтмалын баялаг, гадаадын ба монгол ажиллагсдын хөдөлмөрөөр үржиж томорсон хөрөнгийг хүүгүйгээр аль болох удаан хугацаанд өргөн хүрээнд “хүлхүүлэн” эргэлдүүлж, бий болсон нэмүү өртгийг хангалттай олон тооны иргэдийнхээ аж амьдралд аль болох ахиухан цалин, ажлын байр, өмч хэлбэрээр шингээж авч үлдэхэд оршино. Ямар идчихэж байгаа биш “Сайн хүлхчихээд” уул уурхайд орж өссөн тоо хэмжээгээр нь буцаагаад өгч байхад гадаадын хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид дургүйцэхгүй байлгүй дээ. Хичнээн удаан хугацаанд зорилготойгоор хүүгүй шимүүлэн “хүлхүүлж” чадвал иргэд төчнөөн тэвээрэг авах ажгуу. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг алсдаа энэ хувилбарт оруулбал ард иргэдэд нялзах өгөөж, улсад өгөх ашиг нь нэмэгднүү гэхээс биш хорогдоно гэж байхгүй. Тэгээд ч Монголчууд алийн болгон харийн нутагт ид сайхан залуу насаа боолын хөдөлмөр эрхэлж өнгөрөөж байх вэ дээ. Эх орныхоо баялгийг “хүлхэж” төлбөрийн чадвартай иргэн олноор бий болбол аштай юу даа.
Үр дүн нь эдийн засгийн чөлөөт бүс, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон үйлдвэрүүд, орлого сайтай олон тооны мэргэжлийн ажилтан, ажиллагсад, өмчтэй болсон олон тооны иргэд, сайн дэд бүтэц, орчин үеийн албан байгууллагуудтай үйлдвэрийн том хот, төрийн оролцоо, ачаалалыг багасгасан амжилт, гадаадын хөрөнгө оруулагчдаа татаж чадсан шилдэг жишээ байх ёстой.
Гэвч мөнгө хөрөнгөгүй гадны гар харж байгаа болохоор хангалттай сул тал бий. Үүнд:
-Оюу толгойн орд биднийх биш болно. Хэрэглээд дуусчихна.
-Тэр хот бүхлээрээ эдийн засгийн хувьд авснаа төлж дуустал гадныхны
дохиогоор хөдөлж байх болно.
-Гадны хөрөнгийг эх орныхоо баялаг, өөрсдийнхөө хөдөлмөрөөр өсгөж өгнө.
Анхаарах ёстой нэгэн зүйл. Гадаадын ажиллагсдыг монгол хүн хараахан хийж чадахгүй байгаа өндөр мэргэжлүүд дээр цөөн тоогоор оруулж ажиллуулах ёстойг байнга санах хэрэгтэй. Хар хятадууд шавчихвал үхлээ л гэсэн үг!
Анхаарах ёстой нэгэн зүйл. Гадаадын хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийн хэмжээ нь өсөх тусам монгол улсын төртэй харилцах харилцаа нь улс төрийн хэлбэршил олж авилгал өгөх, мөнгөөр зодох, хүч түрэх, иргэдийг дээрэлхэх, элдэв зүйлд турхирах хандлага гаргах нь ойлгомжтой болох тул эдийн засгийн хязгаартай харилцаанаас бусад эрхийг эхнээс нь бүү өгөг. Бизнес бизнесээрээ л байг.
Анхаарах ёстой нэгэн зүйл. Айвенхоу Майнз заавал Бороо гоулдын замаар явна гэж татвартай ба татваргүй “цөлмөх” хувилбарыг сонгон зөрүүдлэвэл миний хувьд хөөж гаргах шийдвэрийг татгалзах шалтгаанаа олж харахгүй байна. Гадаадын цөлмөгчийг хөөж гаргаснаараа буруудсан орон гэж сонсоогүй харин хөөж гаргалгүй өөгшүүлэн даврааснаараа буруудсан орнуудын олон жишээг мэдэх юм байна. Таны бодол ямар байна вэ?

6-р хувилбар.Миний санал болгож буй дэд буюу “Татваргүйгээр бэлэн бүтээгдэхүүнийг шууд хуваах” хувилбар.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай олон зүйл дээр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй нялцганан гуйвж, шийдэж чадахгүй мөртлөө их мэдэгчийн дүр эсгэгчдийн төлөвлөсөн гадныханд байтугай дотоодынхондоо ойлгомжгүй, хэзээ ч яаж ч хувирч болзошгүй татвар, шимтгэлийн орчин ард түмэн, хөрөнгө оруулагчдыг залхааж байна. Том ордууд дээр татварын орчныг үйлчлүүлэхгүйгээр шууд бэлэн бүтээгдэхүүн хуваах тохироо хийгээд тогтвортой байдлын гэрээ байгуулчихаж байвал эргэж буцах аргагүй аль алиндаа амар. Тооцоогоо хийхдээ л татвараар орох ёстой орлогоо тооцоод тохироогоо хийнэ биз. Ард иргэд бид ч ямар хэмжээний хөрөнгө хэзээ орж ирэх ёстой ба хэд нь ирснийг тухай бүрд хянаж байхад тустай. Энэ хувилбарын дутагдал нь бэлэн бүтээгдэхүүн хуваах тохироо, бүтээгдэхүүний гарц хоёр дээр түшмэд авилгалын нүдээр харж хуйвалдаж болох цоорхойтой. Их мөнгөн дээр ганц хувь дээшлүүлж доошлуулахад гарах үр дүн нь та бидний зүүдэндээ ч олж харахгүй их хөрөнгийг манай талд уу тэдний талд уу гэдгийг шийдэхийг тулгадаг ноцтой зүйл. Гадныхан нэг тохирсон бол ёогүй улс. Учир нь тэд бизнесийн нэр хүндээ нэгдүгээрт тавихыг багаасаа сурчээ. Харин манай түшмэд л 0-ийг харьцах нь 100-гаар хуваана гэж гадны талд 100% ашигтай тохирчихоод таныг яаж байгаа юм бэ гэж асуувал “тэг” чинь тоо мөн шүү дээ. Та хэддүгээр анги төгссөн бэ? гэж тан руу мугуйдлаж байхаасаа сийхгүй. Эсвэл техник алдаа гарсан байна лээ. Одоо засах арга байхгүй. Та хүсвэл английн юм уу, канадын шүүхэд өргөдөл өг гэх буй. Сар руу нис гэсэнтэй утга ойролцоо байгаа биз? Хариуцлага хүлээнэ ч гэж ёстой гонж доо.Хувьдаа л хэдийг цохиж байвал Монгол улсын эрх ашиг хоёрдугаарт. Энэ дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа түшмэл телевизийн халз ярилцлагад надтай орж түшмэд цэвэр ариун гэдгийг нотлохыг оролдоорой. Би ч нотломз. Уг нь зөв хэрэглэж чадвал энэ хувилбар түс тас шулуухан хийчихдэг энгийн наймааны арга л даа.
Үр дүн нь монголд ноогдох хөрөнгө бэлнээр шууд орж ирнэ. Дотоодын авилгалын сүлжээ л будилуулж буруудуулчихгүй бол хангалттай сайн байх боломжтой.

7-р хувилбар. “Төрийн өмчийн уурхай” хувилбар
Гол зарчим нь: Улс дотоод, гадаадын зах зээлээс хөрөнгө босгож уул уурхайн олзворлох, баяжуулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад зах зээлд борлуулах цогц үйл ажиллагаа.
Монголчууд геолог, уул уурхайгаа зах зээлд шилжүүлнэ гэдгийг энэ төрлийн бүх ажлыг хувийн өмчийн юм уу гадаадын байгууллагууд хийнэ гэж ойлгосон бололтой.
Геолог, уул уурхайн төрийн өмчийн байгууллага байгуулна гэхээр бүр ч социализмаа санагалзлаа, бас л нэг улсын татаастай уул уурхайн уурхай биш мөнгө хийгчдийн “шахааны уурхай” байгуулах нь гэж шүүмжлэх байх.
Асуудлын гол нь Монгол улсад авилгал хээл хахууль төрийн бүх төрлийн бүх шатны байгууллагад оршиж байгаадаа байгаа болохоос биш хувийн, төрийн өмчлөлдөө байгаа зүйл биш ээ. Харин ч хувийн өмчийн уул уурхайн байгууллагууд төрийн өндөр албан тушаалтнуудаар асуудлаа шийдүүлэхийн тулд авилгал өгөх, төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаа ашиглан лиценз, орд эзэмшигчид болж хувирч байгаа байдал тун сондгойгоор харагдаж байгаа шүү. Аль ч зах зээлийн харилцаа өндөр хөгжсөн оронд төрийн өмчийн байгууллага үлгэр жишээ ажиллаж байгаа баримт олон.
Үндсэн хуулинд ч өмчийн бүх хэлбэрийг дэмий нэг зөвшөөрчихсөн юм биш гэдгийг мартаагүй байгаа байх. Уг нь бүх шатны түшмэд зарчим яриад байдаг шигээ байж чаддаг байсан бол төрийн өмчийн байгууллага нь менежмент, гүйцэтгэлийн чадвар, цалин хангамжаасаа өгсүүлээд бүх талаар хувийн өмчийн байгууллагадаа үлгэр дууриалал үзүүлэхээр байх ёстой шүү дээ!
Гудамжинд шахуу хаягдчихаад байгаа мэргэжлийн геологч, уул уурхайн мэрэгжлийн олон мянган ажилтан, ажилчдаа, “Нинжа” нарыг хэн ажлаар хангах санаачлагыг түрүүлж гаргах ёстой вэ? Аль ч “Нинжа” 1000 “ногооны” цалин өгье энэ баталгаа муутай эрүүл мэндэд хортой ажлаа сольж улсын уурхайд ажилла гэхэд 100 % зөвшөөрнө шүү. Юу хийж яаж амьдралаа эхлэхээ мэдэхгүй байгаа дээд боловсролтой залуучууд ч дуртайяа ажиллана. Мэддэг чаддагаараа тэгш өрсөлдөөд, ажиллаад, амьдраад, гүнзгийрүүлж сураад яваг л дээ. Ийм арга замаар иргэнийхээ хөдөлмөрлөх, ажлаар хангагдах, өсөж дэвжих эрхийг хангахад улсын өмчлөлтэй уурхай байгуулж ажиллуулах шийдвэр байж болохгүй юу? Болно биз дээ. Бид төрийн өмчлөлтэй байгууллагууд ашиггүй ажилладаг гэж ярьдаг нь нийтийн өмчийг захиран зарцуулах эрхийг "сонгуулиар" дамжуулан олж авсан нам дамжсан олигархиудын хийж байгаа ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Төрөө авилгалгүй, жинхэнэ ард түмний төр/ Чандмань онол буюу Хөгжлийн онол- хөгжлийн загварыг эндээс үзнэ үү/ болгож чадвал төрийн өмчийн байгууллага нь ард түмний нийтийн өмчийн байгууллага болж хөгжих бүрэн боломжтой.
Ордын өмчлөлөө улс мэдэж, хөрөнгөө гадаад, дотоодын зах зээлээс улс өөрөө босгоод гэрээний үндсэн дээр ашиглалт, олборлолт, боловсруулалтынхаа ажлыг гадаад, дотоодын хувийн ба төрийн өмчлөлийн бүтцээр хийлгэж болохгүй нь юу байгаа юм. Хийсэнд нь тохируулаад хангалттай өгч л байвал болоо биз дээ. Уг нь Үндсэн хуулийнхаа заалттай харьцуулан бодвол бидний уул уурхайн салбарт баримтлах зарчмын зорилт- алтан гадас од нь энэ л байх ёстой.
Монгол улс одоог хүртэл өөрийн өмчийн том уурхайг бие даан байгуулж ашигтай ажиллуулж сураагүй байдаг юутай холбоотой вэ? гэж асуувал түүнийг ажиллуулж байгаа захиргааны бүтэцтэй холбоотой гэж ард түмэн бид шууд хариулж чадахаар боллоо.
Заримдаа Эрдэнэтийн уурхайг Монгол улс дангаараа ажиллуулаад гүн боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнээ шууд олон улсын түвшинд металлын бирж дээр зарж байвал сайхнаа гэж бодогддог шүү! Ордгүй орнууд хөрөнгө босгоод өөр орны ордоос ашиг олох гэж улайран зүтгэж дайн хүртэл хийдэг байхад өчнөөн ордтой мөртлөө ядуу амьдардаг цөөхөн монголчуудыг юу гэж ч ойлгомоор юм дээ гэж танд заримдаа бодогддог уу. Надад бодогддог.
Израил Палестин хоёр ордгүй жаахан газрын төлөө яаж байлдацгааж амьдралын төлөө тэмцэж байгаагаас бид сурах зүйл алга уу. Биднийг орондоо унтах боломжгүй болтол гадны хүч дайн хийж зовоогоогүй байна. Дотоод авилгалаа бие биенийхээ бөөрийг гаргалгүй шийдчихвэл хангалттай мөнгө хөрөнгөөр туслахад бэлэн гэдгээ олон орны олон төр засгийн тэргүүнүүд удаа дараа амалсан. Үүнээс өөр юу хэрэгтэй юм бэ. Авилгачдыг ард түмэн нь шийддэг замаар шийдчихээд ажлаа сайн хийж сайхан амьдарцгаах хэрэгтэй байна шүү дээ. Монголчууд яагаад ч сурч чадахгүй нарийн технологи, техникийн асуудлуудаас болоод уул уурхай хөгжиж чадахгүй байна гэж уул уурхайн салбарынхан хэлж байхыг би сонсоогүй. Ганц хоёр том ордыг хэрэлдэж цаг алдалгүй олон улсын түвшинд хөрөнгө босгоод үлгэр жишээ ажиллуулаад ашигтай байлгачих мэдлэг чадварын хангалттай түвшин манай салбарын мэргэжилтнүүдэд байгаа шүү дээ. Гадаад дотоодын хувьцаа эзэмшигчид монголын уул уурхайн салбарт хөрөнгөө оруулахад найдвартай өсдөг гээд уралдаж оруулдаг байвал янзтай байгаа биз дээ. Үүнд түшмэлүүдийн санаачлагагүй байдал, авилгал хоёр л саад болж байна. Түүнчлэн материал баялагийг бий болгогчдынхоо цалин хангамжийг нь хангалттай байлгах боломжийг нь хаасан төрийн тэнэг бодлого, “гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг үгийг санагдуулдаг лиценз зөвшөөрлөөр дамжсан түшмэдийн гайтай оролцоо, түүний наймаа, авилгалын сүлжээ, татварын дарамт, банкны мөнгө хүүлэх бодлого байнга гай болж байгаад л асуудлын гогцоо байгаа.
Сүүлийн үед уул уурхай гэдэг үгийн сургаар гадны хөрөнгө оруулалт, гадныханд өгөх, гадныхан гараад явчихна гэдэг хэллэгүүд холбоо үг шиг хэлэгддэг болж бүр түүгээрээ айлгах янзтай. Нөөц гайгүй орд болгон түшмэл юм уу гадны эзэнтэй ч болж байх шиг. Хатуу сануулахад уул уурхайд гадныхантай хамтарсан тохиолдол болгонд бид байж болох эдийн засгийн боломжоосоо алхам ухарч байгаа гэдгийг өглөө болгон бодож босож байх хэрэгтэй Иймээс түшмэлүүдийн ам, гар хоёрыг бүү хар. Монголчууд шороон орд мэтийн цаг барж хөрөнгө тарамдуулсан зүйлтэй ноцолдож байгалаа сүйтгэж байх хооронд чинь түшмэд аль их нөөцтэй ордуудыг гадныханд найр тавиад уралдан гүйж байна.
Мэргэжлийн геологичид, уурхайчид минь ээ! Томхон, ашиг сайтай, хэцүүгээс нь барьж аваад олигтойхон ажилласан шиг ажиллая гэж хичээгээч дээ.
Мэргэжлийн үгээ хэлээч, Хамтраач, Нэгдээч, Бие биенийхээ дутууг нөхөөч, Суралцаач, Ард түмнийхээ дэмжлэгийг аваач! Та бүгд л зоригловол бусад нь бүгд боломжтой шүү дээ. Ямар баялаг нь байхгүй гэх биш. Төсөл хөтөлбөрөө хийгээд гадаад дотоодод хувьцаа, бонд гаргаач. Ордоороо барьцаалаад гаднаас зээл аваач. Тэд дэмжихэд бэлэн л байгаа шүү дээ. Ажил хийе гэсэн хүнд арга олдоно биз дээ. Дэлхийн түвшинд сэтгээд эхнийхээ эргэлтийг амжилттайхан хийгээд гадаад зах зээлд өөрсдөө зараад үзчих. Мэдээж амттай байх болно. Нийтийн өмч, хөдөлмөр, чармайлтыг нэг хоёрхон түшмэл албан тушаалаараа далимдуулан өмчилдөгийг болиулах талаар ард бид ч арга ухаанаа гарган тэмцье!
. Монголчуудын байгуулсан төрөл бүрийн үйлдвэрүүдийг судалж байхад хөрөнгийн боломж нь л байвал хамгийн чанартай, хамгийн сүүлийн үеийн техник, технологитой байгаль орчиндоо хоргүйг сонгож чадаж байгаа нь үнэхээр бидний бахархал. Бусад салбарынхан гадны гар харахгүй чадаж л байгаа шүү дээ. Тэр лугаа монголын геологичид, инженерүүд, уурхайчид орчин үеийн сайн уурхайнуудыг байгуулж, ашигтай ажиллуулж өөрсдөдөө төдийгүй ард түмэндээ ажлын байр, гайгүй цалин өгөх хөрөнгө боломжийг гаргаж чадна гэдэгт би ерөөс эргэлздэггүй. Тэгэх ч ёстой. Эхний том эргэлтээ л зоригтойхон эхэл. Нүүрс олборлож ямар үзээгүй гэх биш Таван толгойн ордыг төр засгаас аваад экспортын бүтээгдэхүүн гаргадаг төрийн өмчийн аварга уурхай байгуулаад үзэж тараач дээ. Гадныхан хамт орно гэвэл өөрсдийгөө болон ард түмнээ хохироочихооргүйгээр хуваадаг л юм байгаа биз. Ажиллагсдаа л өндөр цалинжуулж байвал өндөр татвараар дарамтлахгүй байсан ч буруудах зүйл алга. Ажил хийж арчаатай байсных нь төлөө өндөр татвар авдаг буруу системд өөрчлөлт гаргая.Том савны үлдэгдэл бусад салбарын хөрөнгө оруулалтанд хангалттай. Эдийн засгийн бодлого нь “Ажил хийвэл ахиухан ам тосдоно”. Нийгмийн бодлого нь “ажилтайн халаасаар ажилгүйг тэжээхгүй, тэд ар гэрээ тэжээг ”. Та нарт өгүүлэх талаар ард түмэн ч тэмцэж таараа. Уул уурхай л түрүүлж сэхэхгүй бол өөр ямар салбарыг түрүүлж сэхээд бусдыгаа чир гэх юм бэ? Танд чирчихээр өөр том салбар, том хүч харагдана уу уурхайчид минь ээ? Бид одоо л хийж эхлэхгүй бол хэн хэзээ хийж биднийг сайхан амьдруулж үр хүүхэд нь гадаадад боловсрол эзэмших юм бэ?
Бид хийх ёстой зүйл нь:
1.Бодлого, эрх зүйн орчин, төлөвлөлт
2.Эх орныхоо төлөө, өөрсдийнхөө төлөө гэсэн чин эрмэлзэл
3.Техник, технологи, сургалт
4.Хөрөнгө босголт
5.Зорилготой тууштай хөдөлмөр
6.Эцсийн боловсруулалттай бэлэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах
7.Ашгийн зөв хуваарилалт
8.Хяналт
Ашигт малтмалын хуулийн үндсэн бодлого нь дараах томьёололтой байх шаардлагатай. Үүнд:
 Ашигт малтмалын ордын өмчлөгч нь монголын ард түмэн байна.
 Ашиглагчийг дотоод, гадаадын гэж ялгаварлахгүй. Ашиглагч нь нээлттэй сонгон шалгаруулалтаар ашиглах эрх олж авна. Ашиглагч нь оруулсан хөрөнгө, гаргасан зардлаа нэг нугалж авах эрхтэй. Ордыг Монгол Улсын төртэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, ашиглалтын лицензийн үндсэн дээр ашиглаж ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулна. Олборлосон ашигт малтмалыг цаашид гүн боловсруулах, худалдан борлуулах ажлыг Монголын төрийн захиргааны мэрэгжлийн байгууллагатай хамтран явуулна. Ашиглагч нь орд оршин байгаа газар, ордын нөөц, түүнээс олборлож байгаа ашигт малтмалыг өмчлөх эрхгүй. Байгалийн нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийг ашиглалтын зардалд оруулан тооцно. Ашиглагч олборлолтын үйл ажиллагаа явуулж олсон ашгаасаа Монгол улсын төрд татвар төлнө. Монгол Улсын төрөөс ашиглалтын үйл ажиллагаанд технологийн, байгаль орчны, хөрөнгө санхүүгийн хяналт тавина.
 Ашиглалтын лицензийг дараах нөхцлүүдийг хангасан үед олгоно. Үүнд:
А.Нөөц судалгаагаар бүрэн тогтоогдсон байх
Б.Байгаль орчинд халгүй байх
В.Ашиглалтад зарцуулсан хөрөнгийг дөрөв нугалах хэмжээнээс давсан ашиг монголын ард түмэнд оногдохоор байх
Г.Олборлосон ашигт малтмалыг гүн боловсруулах бүх нөхцөл бүрдүүлж зөвхөн гүн боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортонд гаргадаг байх
Д.Дотоодын хэрэгцээг хангаад илүү гарсныг гадаадад экспортлох
 Монголын төрд ашиг хуваарилахгүй. Зөвхөн ард түмний олж байгаа ашгаас хуулиар тогтоосон хэмжээгээр татвар авах эрхтэй.
Монгол хүн огт хийж чадахгүй зүйл энд байхгүй. Ихэнх нь зохион байгуулалтын ажлууд л байгаа нь бидэнд харагдаж байна. Энэ хувилбарыг би дүгнэхгүй. Амьдралд хэрэгжүүлж амжилтаараа дүгнэцгээе.
“Хүлхэх” хувилбартай хамтруулан үйлдвэрлэлтэйгээ зэрэгцүүлэн явуулж чадвал ажил, амжилт ар араасаа л бидний гарт орно!
Мэргэжлийнхэн ирээдүйтэй зөв чигт тэмцэлтэй ажилла! гэж уриалья.


D.Jamts

mobile: (976)-99013026
e-mail: d.jamts@yahoo.com


Энэхүү нийтлэлийг 1998 оноос эхлэн судалгаа хийж бичиж эхэлсээр 2006 онд дуусгасан боловч амьдрал баян тул улам л цааш чамбайруулан нэмж бичсээр 
"Ашигт малтмалын хууль"-ийн шинэ төсөл хийхэд хүрсэн бөлгөө. Хуулийн төслийг хийж гаргасан санаачилга маань хэрхэн "21 000 төгрөгийн төсөл" болж дүрс агуулгаараа 180 градус эргэснийг энд дарж үзнэ үү



-----------------------------------------------------------------------------------------------------------------------
ОЮУТОЛГОЙ ГЭЖ ЮУ ВЭ? Геологич Хөдөлмөрийн баатар Ч.Хурц




------------------------------------------------------------------------------------------------------------------------

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын сэтгүүлч Мөнхбаясгалантай ярилцсан ярилцлагыг хүлээн авч үзээрэй

28,530 views
Jun 6, 2021








---------------------------------------------------------------------

П.АЛТАНГЭРЭЛ: Оюутолгойг хав дараад яах юм, галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн

Даваа, 2010 Тавдугаар сар 03 11:09

Хятадын эдийн засаг хямралыг үл ажран өнгөрсөн онд 8.7 хувиар өсчээ. Энэхүү өсөлт энэ оны эхний саруудад ч үргэлжилсэн байна. Засгийн газраас дэмжлэгийн багц гаргаж төсвөө тэлэх бодлого явуулсан нь хямралын үед эдийн засгийн өсөлтийг хөдөлгөгч хүч болсон байна. Дээрх дүгнэлтийг Дэлхийн банкны эдийн засагчид өгсөн байна. Тодруулбал, хямралын эхний үе болох 2008 онд тус улсын экспортын чиглэлээр ажилладаг компаниуд хаалгаа барьж, орон нутгаас ирсэн ажилчид ажилгүйчүүдийн эг­нээнд нэгдэж байжээ. Засгийн газраас гаргасан дэмжлэгийн багц тэдэнд ажлын байрыг эргүүлэн олгосноор иргэд нь өрхийн хэрэглээгөө бууруулахгүй барьж чадсан байна.
Хэдийгээр дэлхийн зах зээл дэх Хятадын эзлэх хувь ихэс­сэн ч, экспорт өнгөрсөн оны турш унажээ. Импортын хэм­жээ хэт нэмэгдсэнээр, гадаад худалдааны цэвэр эргэлт өн­гөр­­сөн оны өсөлтийг тодорхой хэмжээгээр хойш татаж, гадаад мөнгөн хөрөн­гийн илүүдэл ашиг огцом буур­сан байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнэ хэт өссөн тул хөрөнгийн үнийг тодорхой түвшинд барихын тулд нийлүүлэлтийг нэмэг­дүүлэх болон дамын наймаанд хяналт тавих бодлогын арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна. Харин одоо экспортын хэмжээ хямралын өмнөх үеийн түвшинд хүрчээ. Тиймээс гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн салбарын орлого нэмэгдсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөнө гэж Дэлхийн банкныхан таамаглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засаг сайжрах тусам экспорт нь эргэн сэргэх хандлагатай.
Энэ онд 12 дахь таван жилийн төлөвлөгөөгөө боловс­руулж байгаа Хятад улс инф­ляцийг нэг оронтой тоонд барих зорилт тавьжээ. Мөн макро эдийн засгийн бодлого өнгөр­сөн оныхоос хатуу байх аж. Гэхдээ АНУ-ын мөнгөний бодлогоос хараат бус, бие даах эрмэлзэлтэй байна. Макро эдийн засгийн байдалд хоёр эрсдэл байгаа нь тус улсын эдийн засагчдыг болгоомж­лоход хүргэж байна. Эхнийх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжлэхээр байгаа аж. Үүнээс болж эдийн засаг хэт халж, үнийн хөөсрөл бий болох эрсдэл гарчээ. Нөгөө нь орон нутгийн төсвийн эрсдэл юм. Өнгөрсөн онд хямралыг давахын тулд дэмжлэгийн багц гаргаж орон нутагт зам, барилга барих зэргээр дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн. Харин энэ онд дэмжлэгийн багцын хэмжээ багасна. Тэгэхлээр дээрх салбарт ажиллаж байсан компаниуд зээлээ төлж дийлэхгүй байдал үүснэ гэж үзэж байна.
Дэлхийн Банкны мэдээлс­нээр, энэ оны төсөв нь өргөн хүрээний төвийг сахисан (саармаг) санхүүгийн байр суурийг санал болгож байна. Дэлхийн эдийн засгийн дүр зураг тодорхой бус байгаа энэ үед хэрэгжүүлэхэд уян хатан бодлого нэн чухал аж. Мөн инфляцийг мөнгөний хатуу бодлого болон хүчтэй валютын ханшны бодлогоор зохицуулж болох гэнэ. Мөнгөний хатуу бодлого нь хөрөнгийн үнийн инфляцийн эрсдэлүүдийг зохи­цуулахад мөн чухал үүрэгтэй. Мөнгөний бодлогод зээлийн хүү чухал нөлөөтэй. Хэрэв бодлого тодорхойлогчид хөрөн­гийн мэдрэмжтэй урсгалын хүүд санаа зовж байгаа бол валютын ханшны уян хатан бодлого тэдэнд тустай юм.
Хятадын эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэ­хийн тулд манай улс аж үйлд­вэрийн бүтээгдэхүүний түүхий эд экспортлогч орон болох нь ашигтай аж. Гэхдээ байнга их хэмжээгээр нийлүүлэх боломж­гүй. Өөр нэг орлого олох боломж нь аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх гэж тус банкны эдийн засагчид зөвлөж байна. Мөн ашигт малтмалын үнэ тогтвортой байж, цаашид эрэлт нэмэгдэх төлөв гарчээ. Цаашид манай улс Хятад руу нүүрс биш эрчим хүч экспортлох хэрэгтэй аж. Учир нь жил ирэх тусам тус улсын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх судалгаа байна. Тиймээс одоогоор эрчим хүч үйлдвэрлэх бэлтгэл ажлаа эхлэхийг зөвлөлөө.

"Нийгмийн толь" сониноос

______________________________________

Төмөр замын тээвэр ачааллаа даахгүйд хүрч байна 


Төмөр замын тээвэр ачааллаа даахгүйд хүрч байна



Зам, барилга, уул уурхайн бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэнтэй холбоотойгоор урд хөршөөс орж ирж байгаа ачааны хэмжээ сүүлийн үед эрс нэмэгдсэн байна.

Энэ нь Улаанбаатар төмөр замын өнөөгийн хүчин чадлаас давахад хүрээд байгаа гэдгийг албаны хүмүүс хэллээ. Тиймээс төмөр замын зүтгүүрийн паркыг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа гэнэ.

Импортоор оруулж ирж байгаа барилгын материалаас гадна уул уурхайн компаниудын экспортолж буй төмрийн хүдэр болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүний хэмжээ ч эрс өсчээ.

Төмрийн хүдэр экспортолдог жирийн компани л гэхэд жилд 8-15 сая тонн ачаа тээвэрлүүлэх саналаа Улаанбаатар төмөр замынханд тавиад байгаа гэнэ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан ЗТБХБ-ын сайдын тушаалаар төмөр замын ачаа тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг судлан боловсруулах ажлын хэсэг байгуулжээ.

Түүнчлэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая доллараар нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-ын талтай ярьж эхэлжээ.

Г.Хэрлэн

gogo.mn-ээс

ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНАА? ТӨМРИЙН ХҮДРЭЭ ШОРООГООР НЬ САЯ САЯ ТОННООР НЬ ЗӨӨГӨӨД ДУУСГАЧИХВАЛ БИД ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ БОЛЖ БАЙНАА? НӨГӨӨ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЖ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ ГЭЖ АМЛАН СОНГОГДОЖ ГАРСАН ЭРХМҮҮДИЙН АМ АЖИЛ ХОЁР ЯВ ЦАВ НИЙЛЖ БАЙНА ГЭЖ БИ Л ҮЗЭХГҮЙ БАЙНА. ТА ХЭРХЭН ОЙЛГОЖ БАЙНА ДАА? ӨМНӨД АМЕРИК, АФРИКИЙН ДАМПУУРСАН ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛСОН УЛС ОРНУУД ЯГ ЭНЭ ЗАМААР ЯВСАН! ОДОО БИДНИЙ ЭЭЛЖ ИРЖ БАЙГАА НЬ ЭНЭ ҮҮ?!!!
Д.Жамц

___________________________________________________________________________

Хөрөнгийн зах зээлийн дүрэмд нэвтэрсэн 
тоглогч хэрэгтэй байна


2011.11.12.   17:11 www.shuud.mn-ээс

“Хэрвээ хүн төрөлхтөн үнэт цаасыг мэдэхгүй байсан бол Төмөр зам, Уул уурхай зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж чадахгүй байсан бизээ” гэж Карл Маркс нэгэнтээ хэлсэн. Үнэхээр дэлхийн улс орнууд 300-400 жил хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож, бизнесийнхээ өдөр тутмын хэрэглээгээ хангаж байна.
2009-2010 онд дэлхий нийтийг хамарсан хямралтай холбоотойгоор IPO хийх ажиллагаа хийгдээгүй бөгөөд харин 2011 онд эдийн засаг сэргэж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгийн зах зээл болон бизнесийн орчны шинэтгэлд ихээхэн анхаарал тавих болсон, ашигт малтмал болон дэд бүтэц дээр түшиглэсэн үндэсний томоохон компаниуд төрж байгаа зэрэг нь Хөрөнгийн зах зээл хөгжихөд болон цаашдаа Монгол Улсын эдийн засаг хөгжихөд ихээхэн найдлага төрүүлээд байна.

Ойрын жилүүдэд Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ болон хөрш Хятад улсын эрчим хүчний болон ашигт малтмалын хэрэгцээ хурдацтай өсөж байгаа нь Монгол Улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх боломжийг нээж, бид өөрчлөгдөн хөгжих шинэ шатанд гарахад бэлэн болоод байна.
Хэдийгээр Анод, Зоос зэрэг банкны дампуурал, Монголын хөрөнгийн биржийн харилцагчдынхаа 1,1 тэрбум төгрөгийг алдсан, арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг хөрөнгийн зах зээл рүү хандуулахад саад болж байгаа боловч компаниуд 2005–2010 онуудад 67 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн IPO хийж татаж чадсан байна.
Мөн компаниуд хамгийн багадаа 1,1 тэрбумаас хамгийн ихдээ 20 тэрбум төгрөг босгож чадсан нь уул уурхайн компаниудын хувьд багаас дунд зэргийн хэмжээний орд газрын хайгуул судалгаа, нөөц тогтоох, тодорхойлох, ТЭЗҮ боловсруулах, хөгжүүлэх, үйлдвэрлэл явуулах зэрэгт ба үүн дээрээ үндэслээд гадаадын биржүүд дээр гарах боломж байгааг харуулж байна.
Хэдий бид арвин их нөөц баялагтай боловч зах зээлийн эдийн засаг хэмээх шинэ тоглоомын дүрмийг сайн ойлгож, сайн тоглогч болж амжаагүй байна. Аль дээр үед зах зээл, капиталист нийгэмд орчихсон туршлагатай тоглогчидтой зарим орнууд манай орны баялаг дээр түшиглэн гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босгоод, түүгээрээ манай орны баялгийг өөрсдөөр маань олборлуулж, гадагш нь зөөлгөж орлого олчихоод, түүнээсээ жаахан хэсгийг нь татвар энэ тэрд өгчихөөд, үлдснийг нь гадаадад амьдрах хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж, үлдсэн хэсгийг нь өөрсдөдөө авч байна. Тэгэхээр монголчууд энэ тоглоомын дүрмийг судалж өөрсдөө бие даан тоглож сурах хэрэгтэй болж байна.


Уул уурхайн компаниудын хөрөнгө босгох аргууд
Дэлхий дахинд уул уурхайн төслийг 3 үндсэн үед хувааж шат тус бүрийг ямар аргаар санхүүжүүлж байна. Хайгуулын шатанд эхлэлтийн санхүүжилт босгохын тулд IPO гаргах,
-Компаниуд төслийн үнэ цэнээ нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд IPO-ийн өмнөх санхүүжилтийг хийх шаардлагатай. IPO гаргавал таны хувьцааны үнэ маш бага байна. Дараа нь таны бизнес амжилттай явагдаж хувьцааны үнэ өссөн тохиолдолд энэ нь нэлээн таагүй зүйл байх болно. Гэхдээ энэ аргыг олон компаниуд хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй бөгөөд ихэнхдээ Австрали, Торонто, Лондон зэрэг биржүүдийн өсөлтийн буюу хоёрдогч зах зээл дээрээс уул уурхайн салбарыг харьцангуй сайн мэддэг, ирээдүйг нь харж чаддаг хөрөнгө оруулагчид худалдаж авдаг байна. Дараагийнх нь банкны зээл.
-Мэдээж банкнаас зээл авч болно. Ингэхийн тулд та ашигт малтмалын орд газраа барьцаална. Банкныхан эрсдэл өндөр байгааг харгалзан үзэж нэг бол танд өндөр хүүтэй мөнгө зээлнэ эсвэл бүр огт зээлэхгүй. Мөнгө зээлсэн тохиолдолд та мэдээж буцааж төлөх хэрэгтэй болно хайгуулаас олборлолт хүртэл нэлээдгүй урт хугацаа ордгийг анхаарах нь зүйтэй. Бонд гаргах нь тийм ч оновчтой шийдэл биш. Зах зээл дээр танигдаж үйл ажиллагаа нь тогтворжсон, зээлийн сайн түүхтэй, эрсдэл багатай гэж тооцогддог газрууд гаргадаг. Хувийн хөрөнгө оруулалт богино хугацааны мөнгөн урсгал шаардахгүй. Компанийн санхүүгийн найдвартай байдлыг дээшлүүлнэ. Мөн бүтээгдэхүүн худалдан авагчид хөрөнгө оруулагчидтай бол найдвартай байдлыг дээшлүүлнэ, борлуулалтыг баталгаажуулна, ихэнх тохиолдолд 10-20 хувь хувьцааны хөрөнгө оруулагчид байна. Стратегийн буюу аж үйлдвэрийн хөрөнгө оруулагчид дийлэнх тохиолдолд үйл ажиллагаа явуулж буй уурхай, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байна. Компанийн хувьцааг зарахдаа бага хэмжээний хувьцааг хаалттай хэлбэрээр хөрөнгө оруулагчид зарж чадсанаар эхлэлтийн хөрөнгөө босгох боломжтой. Дэлхийн уул уурхайн жишиг хандлага ийм байна. Гэтэл манай улсад эсрэгээрээ үйлчилж байна. Тодруулбал, бизнес эрхлэгчид шаардлагатай хөрөнгө оруулалтынхаа 90 шахам хувийг арилжааны банкны зээлээс бүрдүүлж хөрөнгийн зах зээлээс орж ирэх хөрөнгө оруулалт 4-5 хувийг л бүрдүүлж ирсэн.
Гадаадын хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй боловч хаана ямар зарчмаар, ямар нөхцөлтэйгөөр оруулахаа тусгай боловсруулсан стратегийн үндсэн дээр бодлоготойгоор хийж хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн үр дүнтэй. Солонгос Япон зэрэг азийн орнуудын туршлагаас харахад дотоодын Самсунг, LG, Sony, Toyota зэрэг томоохон компаниудыг бодлогтойгоор дэмжиж дэлхийн хэмжээнд гаргаж чадсан нь одоо тухайн улсынхаа эдийн засагт томоохон үүргийг гүйцэтгэж байна.
Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүйгээс Дотоодын ААН-үүдэд санхүүжилт авах ганц арга зам нь банкнаас өндөр хүүтэй зээл авах болж байгаа ба дотоод гадаадын хөрөнгийн биржүүд дээрээс хямд өртөгтөй санхүүжилт авах хэрэгцээ их байгаа боловч Монголчуудын хувьцаагаар хөрөнгө босгох хямд, өргөн цар хүрээтэй эх үүсвэрийн талаарх мэдлэг, туршлага, мэдээлэл дутмаг байна. Өнгөрсөн онд Торонто, Лондон, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдэд Монгол Улсын уул уурхайн ордтой хамааралтай 20 гаруй компанийн хувьцаа арилжаалагдаж байгаа. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited” компани нийт 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27,0 тэрбум Хонконг долларын санхүүжилтийг бий болгосон бол Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Айвенхоу майнз компани Оюутолгой ордоор барьцаа хийж 424,9 сая ширхэг хувьцаа гаргаж 5,6 тэрбум канад долларын эх үүсвэрийг босгож чадсан.
Тиймээс бид Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж өөрсдийн баялгаас хөрөнгө босгож сурахын тулд дэлхийн хөрөнгийн зах зээлийн тоглогч болох шаардлагатай болоод байна.
Гадны хөрөнгийн биржүүд нь тухайн орныхоо ард иргэдийн мөнгөө арвижуулах газар нь болохоос гадна тухайн улсын компаниудын санхүүжилт босгох санхүүгийн төв нь болж байдгаас засгийн газраас нь онцгой анхаарал хандуулдаг байна. Манай улсын хөрөнгийн биржийн хувьд хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний тал дээр болон асуудлыг энэ зах зээлд оролцож байгаа бүх талуудтай нь хамааруулж цогцоор шийдэх хэрэгтэй байна.
Юуны өмнө гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдын эрсдэлийг багасгах үүднээс МХБ-тэй гэрээтэй ажилладаг хариуцлага тооцдог мэргэжлийн ес зүйтэй, тухайн төслийг толгойгоороо хариуцдаг үнэнч шударга, сайн мэрэгшсэн хуульч, аудитор, бизнесийн үнэлгээчин, геологич зэрэг хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт хийдэг мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй байна.
Уул уурхайн төслүүдийг үнэт цаасаар санхүүжүүлэх судалгааны ажлын хүрээнд дээрх санхүүжилт босгох үндсэн аргуудаас IPO гаргах буюу олон нийтэд анхлан санал болгох гэсэн аргыг судлахад уул уурхайн компаниуд төслийн янз бүрийн шатандаа тохирсон санхүүжилтийн хэлбэрийг сонгож авах нь хамгийн зөв шийдвэр болох нь харагдаж байна. Иймээс бидэнд Эх орныхоо баялгийн эзэн шиг сэтгэж, их мөнгийг босгож чадна гэдгийг харуулсан монгол компанийн замаар улам олон компаниуд замнаж Монголын орны хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах цаг ойрхон байна.
СЭЗДС Магистрант Д.Эрдэнэбилэг
 ______________________________________________________________________________




Уул уурхайг хөгжлийн шидэт дохиур болгосон 
Австралийн туршлагаас

2012 оны 8 сарын 6
http://www.assa.mn. Манай сурвалжлагч Австралиас бичлээ



Дэлхийн таван тивээс ганцхан Австралид л байдаг кенгуру буюу имж бол австраличуудын бэлгэ тэмдэг, бараг л шүтээн шахуу болсон амьтан. Энэ нь кенгуру зөвхөн Австралид л байдагтай холбоотой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Кенгуру хойшоо ухарч явдаггүй амьтан. Түүн шиг австраличууд ч хөгжил дэвшлээс хоцрогдож, хойшоо ухрахыг хүсэхгүй. Кенгуру шиг үргэлж урагшаа явж, өөдөлж тэмүүлж байхыг бэлгэдэж үндэснийхээ бэлгэдэл дээр хүртэл сийлж, шүтэж хайрладаг.
Үнэхээр ч Австралийн түүхэнд хойшоо ухарч явсан үе байхгүй, үргэлжид л их ажил, үйлдвэрлэл,  бүтээн байгуулалт нүргэлсээр өнөөдөртэй золгожээ. Хөгжлийн энэ өрнүүн түүхийг бичилцэж, дэлхийн хамгийн хөрөнгөтэй орнуудын нэг болтол нь хөгжүүлж чадсан салбарын тухай одоо онцлох гэж байна. Тэр бол уул уурхай гэдгийг уншигчид хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.
Австрали газар доорх баялгаа олж нээхээс өмнө түүнийхээ үр шимийг хүртэн амьдардаг газар тариалан, мал аж ахуйн орон байлаа. Гэхдээ “MOG” хэмээх шидэт үг гарч ирснээр Австралийн эдийн засаг, хүн амынх нь амьдралын хэв маяг, амьжиргаанд огцом эргэлт авчирсан гэдэг.  
MOG гэдэг нь Mineral буюу эрдэс баялаг, Oil буюу газрын тос, Gas буюу байгалийн хий гэсэн гурван үгний нийлбэр юм.  Чухамдаа энэ гурван баялаг нь Австралийг шидэт саваагаар дохьсон мэт өнөөгийн хөгжлийн өндөрлөгт хүргэсэн учраас MOG бол шидэг үг гэж австраличууд итгэхээс өөр аргагүй. Үнэхээр ч австраличууд хайсан бүхнийг нь агуулж байдаг арвин их баялагтай газар шорооны эзэн болсон азтай хувь тавилантай хүмүүс ажээ.

Тэдний газар доорх баялгаа олж нээсэн түүх нь их сонин. Энэ их баялгаа олж мэдэхийн өмнө бараг бурхны сорилт гэхэд буруудахааргүй байгалийн том шалгуурыг австраличууд давсан байдаг. 1840-өөд оны үед Виктория мужид таван жил дараалан ган болж хонины сүүл нь бараг л амьдаараа хайлж урсахаар их халуун болсон гэдэг. Хүн малгүй зовсон их ган гачгийн дараа хоёр жил дараалан бороо орж, үер болж бүхнийг угаасан мэт болгож орхижээ. Долоон жил дараалсан байгалийн энэ гамшгийн дараа Австралийн хөрсөн дор нуугдсан алт эрдэнэс өөрөө нүдний өмнө ил гарч ирсэн нь “gold rush”  буюу алтны халуурлыг эхлүүлсэн түүхтэй.  Хоёр жил үргэлжилсэн их бороо газар доорх алтыг угааж, Викториягийн хөрс шороо алтны үр цацсан мэт энд тэндгүй гялтганаж байх болжээ. Тэр үед алтны эрэлд гарсан хятадууд эх газраасаа Австралийг явганаар зорьж байсан түүх ч бий. Алтны халуурлыг эхлүүлсэн тэр газар Мельбурн хотоос цаг шахам явах зайд бий бөгөөд одоо ч хүмүүс тэнд очиж бусдын олж хараагүй, үлдээчихсэн байж магад алтны эрэлд гарах нь бий. Алтны халуурлын үед ихэнх баялгийг нь түүчихсэн хэдий ч зарим хүний аз нь шовойж, цэцэрлэгийнхээ хашаанаас их хэмжээний алт оллоо гэсэн мэдээ хааяа нэг телевизээр гарах нь бий.
Ердөө арван жил /1851-1861/ үргэлжилсэн алтны халуурлын үед Виктория муж дангаараа алтны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон байв. Ингэж уул уурхайн амтанд орсон австраличууд бусад эрдэнэсийн эрэлд ч гарсан бөгөөд хамгийн азтай нь тэдний хайсан бүхэн хөрсөн доор нь ямагт байж байдаг байлаа. Ямар сайндаа л австраличуудыг “Хайсан бүхнээ олдог” хэмээн ярьдаг байх вэ. Алт, зэс, хөнгөн цагаан, алмааз, опал, төрөл бүрийн эрдэнийн чулуу,  нүүрс, цайр, мөнгө, уран, дэлхийд ганцхан ягаан алмааз гээд хайсан эрдэс баялаг бүхэн газар дор нь байж байдаг чухам л геологичдын жаргалын орон болсон газар ажээ.


Өрсөлдөгчөөсөө  суралцах нь:

Уул уурхайн 150 жилийн түүхтэй Австрали орноос суралцах зүйл их. Тэдний туулсан зам бидний хувьд аль нь зөв бэ гэдгийг ялгаж харах том сургамж болно. Уул уурхайн аварга том компаниуд төрөн гарсан, арвин туршлагатай энэ орон нөгөө талаар бидний өрсөлдөгч. Монголын сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан Австралийн аль ч төвшний төлөөлөгч, албан тушаалтан, уул уурхайн мэргэжилтэн, судлаач ер нь хэн ч манай улсыг өөрийнхөө өрсөлдөгч хэмээн харж байна. Тэд манай уул уурхайн салбарын тоо баримтыг бараг биднээс илүү судалж мэдсэн байна.  Хятад хэмээх нэг л том зах зээлд нүүрс, түүхий эдээ борлуулж буй учраас дэлхийн уул уурхайн тавцанд хүч түрэн гарч ирж буй  Монгол хэмээх шинэхэн бөгөөд туршлага багатай тоглогч ч тэдний хувьд анхаарч харж байх өрсөлдөгч нь ажээ. Тэд биднийг ингэж харж ажиглаж байхад  бид ч бас өрсөлдөгчөө судалж мэдэж байхгүй бол болохгүй. Австралийн уул уурхай, хэвлэл мэдээллийн салбарын туршлагаас багахан хугацаанд суралцаад ирсэн сэтгүүлчийн хувьд дараахь хэдэн зүйлийг онцлон сонирхуулмаар байна.


Голланд өвчнөөс сэргийлэх вакцин буюу эдийн засгаа төрөлжүүлэх нь

Уул уурхай хэдий том салбар ч хөгжингүй орнууд дундаа эдийн засгийн өсөлтөөрөө /4,3%/ тэргүүлэгч Австралийн ДНБ-ний 11,4 хувийг л эзэлж байна. Энэ бол австраличууд дан ганц уул уурхайдаа найддаггүйн хамгийн том жишээ. Тэд уул уурхай харж, бусад салбараа хаяагүй бөгөөд  алтны ид халуурлын үед ч хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлээ давхар авч явсан нь өнөөдөр баялгийн хараал гэх ашигт малтмал арвинтай газар орнуудын ганц айж явдаг өвчнөөс хамгаалах урьдчилсан тарилга нь болж өгчээ.  1850-1945 он хүртэл Австралийн эдийн засгийн хөгжлийг WWMMM хэмээх үгс тодорхойлж байв. 
1.Wool буюу ноос,
2.Wheat буюу улаан буудай,
3.Meat буюу махны үйлдвэрлэл,
4.Mineral буюу эрдэс баялаг,
5.Manufacturing буюу аж үйлдвэрлэл
Үндсэндээ 100 жилийн хугацаанд Австралийн эдийн засгийг авч явсан таван гол тулгуур багана нь эдгээр салбар бөгөөд уул уурхай ердөө тэдний нэг нь байв. Тэд алт, зэс, төмөр, мөнгө, цайраа олборлохын хажуугаар ноосоо Британийн үйлдвэрүүдэд тушааж, улаан буудайгаа тариалж, махаа экспортолж, төрөл бүрийн үйлдвэрлэл эрхэлж байжээ. Үүний хүчинд 1900 он гэхэд Австрали нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийд тэргүүлэгч болж чаджээ. Ингээд өнгөрсөн зууны дунд үед усан тээвэр, төмөр зам, авто зам, барилга гээд дэд бүтэцдээ асар их хөрөнгө хаяж, автомашин, нисэх онгоц, цахилгаан барааны үйлдвэрлэлээ ч дэмжиж эхэлжээ. Үүний зэрэгцээ Мельбурн, Сидней зэрэг томоохон хотуудынхаа дэд бүтцийг сайжруулж, аялал жуулчлалын зорилгоор үйлчилгээний салбараа хөгжүүлж эхэлсэн байна. Хэрэв 1945-2010 оны хоорондох Австралийн хөгжлийн түүхийг харвал дээрх  WWMMM хэмээх товчлол дээр S /Service/ буюу үйлчилгээний салбар хүч түрэн нэмэгдсэн байдаг. Одоо ч Австралийн эдийн засгийн голлох хэсгийн нэгийг үйлчилгээний салбар эзэлсээр байгаа юм. Эдийн засгаа ингэж төрөлжүүлэх нь эцсийн эцэст баялгаас үүдэж болох сөрөг үр дагаварын л эсрэг арга хэмжээ. Голланд өвчин, баялгийн хараал гэх нэр томъёо гарч ирэхээс ч өмнө австраличууд ингэж өөрсдийгөө дархлаажуулсан байна. Гэсэн хэдий ч баялгийн хараалаас сэргийлэх сонор сэрэмжээ одоо ч алдаагүй, уул уурхайн хөгжил зөв яваад байна уу, үгүй юу гэдгээ байнга л ярилцаж, хэлэлцэж байх юм. Энэ ч бас учиртай. Юу гэвэл, сүүлийн 30-40 жилийн хугацаанд эдийн засагт нь уул уурхайн эзлэх хэмжээ нэмэгдсээр байгаа нь эдийн засагчдын санааг зовоож байгаа аж.
Жишээлбэл, 1979 онд аж үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх   хэмжээ 31 хувь байсан бол 2010 он гэхэд  15 хувь болж буураад байна. Гэтэл уул уурхайн эзлэх хувь эсрэгээр 18 хувь байснаас өнөөдөр 50 хувь болж өсчээ. Энэ нь уул уурхайгаас хэтэрхий хараат болох вий гэсэн болгоомжлолыг австраличуудад төрүүлж байгаа ч үйлчилгээний салбар нь харьцангуй сайн буюу эдийн засгийнхаа 20 хувийг эзэлж байгаа аж. Ерөнхийдөө тус улсын эдийн засгийг 100 хувь гээд тоймлож үзвэл  уул уурхай 50, хөдөө аж ахуй 15, үйлдвэрлэл 15, үйлчилгээний салбар 15 хувийг тус тус бүрдүүлж байна. Эдгээр салбарт гарсан өөрчлөлтийг дагаад ажил эрхлэлт, хөдөлмөрлөх хүчний хуваарилалт ч өөрчлөгдсөн байна. Тухайлбал, 2005-2011 оны хооронд аж үйлдвэрийн салбар дахь ажлын байр 59 мянгаар хорогдсон бол үйлчилгээний салбарт огцом өсөлт гарч, 1,5 сая хүнийг ажлын байраар хангасан байна. Харин уул уурхайн хувьд зургаан жилийн хооронд 100 мянган хүнийг ажилтай болгожээ.  Австралийн ажилтай иргэдийн тоо 11 саяар яригдана. Үүний 217 мянга нь л уул уурхайн салбарт харьяалагддаг. Энэ нь хэзээ нэгэн цагт уурхай  хаагдахад хамаг хүмүүс нь ажилгүй болж хоцрохгүй гэсэн бодлогын үр дүн. Ер нь, австраличууд уурхайдаа хамаг найдлагаа тавьдаггүй ажээ. Гэвч энэ том салбар далайцаараа экспортын 52 хувийг эзэлж, 2010-2011 онд гэхэд 154 тэрбум ам.долларын ашигт малтмал, түүхий эд гадагш гаргажээ. Ойрын жилүүдэд ч уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн хэвээр байж, 95 тэрбум ам.доллар оруулж ирнэ гэсэн тооцоо байна.


Төр уул уурхайн компанийн хувь эзэмшигч байх нь зөв үү

Баялагтай орон бүрт нэг ижил зовлон бий. Баялгаа яаж гадаадынхны хоол болгочихолгүй, өөрсдөдөө шингээж үлдээх вэ гэж. Энэ толгой гашилгасан асуулт уул уурхайн хэдэн зуун жилийн түүхтэй оронд ч, манайх шиг шинэ тутам хөгжиж байгаа оронд ч адилхан тулгардаг аж. Гэхдээ ялгаатай нь үүний эсрэг авах хариу арга хэмжээ нь өөр өөр байх юм. Жишээлбэл, манайд бол томоохон орд газраасаа ахиухан хувь эзэмшихийг хамгийн найдвартай арга гэж үзэж, Оюу толгойн гэрээгээ мөн ч олон сар жил ярьж хэлэлцсэн дээ. Тэгвэл Австралийн уул уурхайн судлаач, хөрөнгө оруулагч, эдийн засагчдын үзэж буйгаар төр өөрөө уул уурхайд хувь эзэмших нь тийм ч сайн арга биш гэнэ.  Учир нь, төр хувь эзэмшээд эхэлбэл хүссэн хүсээгүй  өөрийн ашиг сонирхлыг төлөөлж, байр сууриа хамгаалах гээд эхлэх учраас тухайн бизнесийн цааш явах, хөгжиж томрох замд нь саад болдог байна. Гэвч төр өөрөө оролцохгүй гэвэл баялгаа яаж хамгаалах юм бэ? Мэдээж ийм асуулт гарч ирнэ. Хариулт нь тун энгийн. Татвар.
Баялгаа ашиглуулсны татварыг хангалттай сайн ав. Үүн дээр бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэх мэтийн шалтаг зааж өндөр татвар тогтоохоос зайлсхийх хандлага хүчтэй байдаг. Тэгвэл уул уурхайг маш амжилттай хөгжүүлсэн орнуудын хамгийн сайн жишээнд байнга дурдагддаг Норвеги гэхэд гадаадын компаниудаас бараг хамаг ашгийг сорох хэмжээний татвар авч байж, өнөөгийн хөгжилдөө хүрсэн байдаг.

Тус улс газрын тос, шатахууны компаниудаас гэхэд 50 хувийн татвар авах жишээтэй. Норвегийн энэ жишээнээс суралцсан Австралийн эрх баригчид уул уурхайн компаниудад 40 хувийн татвар тогтоох гэж оролдоод Ерөнхий сайд Кевин Радд суудлаасаа огцорч байсныг уншигчид санаж буй биз ээ. Улс төрийн хүчнүүд, уул уурхайн томоохон компаниудын хооронд асар том маргаан мэтгэлцээн өрнүүлсэн татварын тухай яриа хэлэлцээр хоёр жил гаруй үргэлжилж, Кевин Раддын залгамжлагч одоогийн Ерөнхий сайд Жулия Гиллардын үед 30 хувь болж батлагдсан юм. Төмрийн хүдэр, нүүрс олборлогч компаниудад тогтоосон энэ татварын хууль өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд 10,6 тэрбум ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо бий. Хэдийгээр хууль батлахын өмнө хөрөнгө оруулагчид, компаниудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч энэ өндөр татварын дүнд цугларах асар их мөнгөн орлогоос зургаан тэрбумыг нь дэд бүтцээ сайжруулахад, иргэдийн тэтгэврийн хадгаламжийг нэмэгдүүлэхэд цөөнгүй хувийг зориулна хэмээн амласнаар олон нийтийн дэмжлэг хүлээж, батлагджээ.

Энэ мэтчилэн Австралийн уул уурхайн туршлагаас судалж суралцах, санаа авах зүйл бишгүй олон. Нинжа нартай харилцах арга барил, бие даасан хөрөнгийн сан, уул уурхайн салбар дахь ажиллах хүчний бодлого гээд тэднээс суралцах зүйл их байна.  Тэр бүхнийг бид “Mining Daily” хавсралтынхаа дараа, дараагийн дугаараараа цуврал болгон хүргэх болно.

“Энержи Ресурс” яагаад дампуурч байгаа вэ
Medee.mn  2015-07-06 08:28:38
“ММС” компанийн охин компани болох “Энержи Ресурс” гэдэг компани Тавантолгойн ордын нэг хэсэг болох Ухаа худгийн ордыг авсан. Энэ хэсэг бол хамгийн сайн судлагдсан 400 сая тонн нүүрсний нөөцтэй орд.
Энэ ордыг ашиглан Хонгконгийн хөрөнгийн биржд хувьцаагаа гаргалаа гээд бөөн шуугиан тарьж байсан. Ж. Оджаргал гэдэг мундаг менежер байна, Монголын төр муу менежер гээд л … Гэтэл тэр хүн өр үйлдвэрлэж байжээ. Одоо “Энержи Ресурс” компани өөрийн толгой компани “ММС”-ийн 1 тэрбум 170 сая долларын өрөнд компанийн бүх эд хөрөнгө, орлого, хувьцаагаа тавиад дампуурч байна. Яагаад ийм байдалд оров ?
 Ганцхан жишээг дурдья.  “Kerry Mining” компани 2008 онд Өмнөговь аймагт байдаг Баруун наран нэртэй нүүрсний ордыг эзэмшигч Канадын “QGX” компанийг 259 сая доллараар худалдаж авчээ. Харин 2011 онд энэ ордоо өөрийн хувьцаа эзэмшдэг “ММС” компанидаа 464 сая доллараар зарсан байна. “ММС” нь бонд гаргасан мөнгөнөөсөө 464 сая доллараар энэ ордыг худалдаж аваад одоо болтол ашиглаж чадаагүй байна.
Гэтэл “ММС” компанийн гол хувьцаа эзэмшигч нь Хонконгийн “Kerry Group” гэдэг компани байдаг. Энэ компанийн охин компани болон “Kerry Mining” компани Монголд байдаг. “Kerry Mining” компанийн 90 хувийг “Kerrry Group”,  10 хувийг Монгол улсын иргэн Ж. Оджаргал эзэмшиж байна. “Kerry Mining” болон Ж. Оджаргалын ашиг  нь 205 сая доллар. Харин компани нь алдагдал хүлээв.
Энэ хугацаанд Баруун нарангийн ордын үнэ цэнэ 190 сая доллар болж унажээ. Компани дахин алдагдал хүлээв.  Өөрөөр хэлбэл, “MMС”-ийн 464 саяар авсан ордын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 190 сая доллар болжээ. Kerry Group болон  Ж. Оджаргал нар хожиж, “Энержи Ресурс” компани өрөнд унаж, барьцаанд орлоо.
Одоо энэ их өрнөөс гарахын тулд “Энержи Ресурс” компани төрийн өмчийн Тавантолгой ордыг авах гэнэ... Яагаад дампуурч байгаа компанийн өрийг Монголын төр өөрийн өмчөөрөө төлөх гэж..?
- Mongolian Mining Corporation 2014 Annual Report, page 45, 113, 147, http://www.mmc.mn/upload/2015-04-21_EW101.pdf

-------------------------------------------------------------------------------------------------
Б.Болд -Рио тинто Зэсийн группын захирал.
 "Монголчууддаа өр биш өв үлдээнэ"
“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр

Зорилт: Энэ хөтөлбөрийг “Монголчууд мөнгө олж сурах” хөтөлбөр гэж нэрлэе.
• Үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого гэж юу вэ?
Чирж байх ёстой юу? Чирэгдэж байх ёстой юу? Саад хийж
“шавар” болж байна уу? Эсвэл бүр гадныхны талд үйлчилж байна уу?

-Уул, уурхай хүнд үйлдвэрийн чиглэлээр төр, засгийн одоо байгаа байдлыг харвал эцсийн бүтээгдэхүүнийг монгол улс, монголчууд ойрын үед л лав экспортод гаргахгүй нь ээ. Баяжмал, цувимал, “Yellow cake” буюу “Шар бялуу” хэмээх ураны баяжмал зэрэг улстөр бизнесийн хүрээнийхний хушуураад байгаа “бүтээгдэхүүнүүд” нь бүгд л дараагийн өндөр боловсруулалт хийгээд ашиг олоход бэлэн болгосон хямд амтат бялуунууд гэдгийг энд онцлон дурьдъя.
-Монгол иргэдээ ажилтай байлгах бодлогын эсрэг зүйлийг багц багцаар нь бодож олдог болжээ. Төрөл бүрийн ажлын байр олныг бий болгодог эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс нь өмнө түүхий эдээ гадагш нь гаргачихаж байхад ажлын байр монголд олноор нэмэгдэх үү? Уул уурхайн бүтээгдэхүүнийг олзворлодог техникүүд өндөр хүчин чадалтай болсон учраас цөөхөн ажлын байр гардаг болчихсон эрин үед бид амьдарч байна. Тэгэхээр уул уурхайн олзворлолтын шатанд бид олон мянган ажлын байр үүсч тогтвортой олон жил ажиллана гэж сэрүүн зүүд зүүдлээд юүхэв. Тэгэж цалин өндөртэй сайн ажлын байрууд олноор үүсч улс орныг амжиргааг нь өөд татдаг байсан бол африк хамгийн баян иргэдтэй тив байх байлаа. Даанч ашиг хөөсөн уул уурхайн “аваргууд” тэгүүлэхгүй л дээ.
- Монгол иргэдээ олноор нь өмчтэй болгох бодлого алга. Монгол хүн өмчтэй болоход л хэрэг болохгүй юм бол гол усаа ширгээн газрын доорхи баялгаа ухсаны ач холбогдол юу байгаа юм бэ? Нөхөн сэргээлт ч хийж хүрэхгүй мөнгө татварт хагас дутуу авсан болоод тэднийг баяжуулж байх нь монгол төрийн бодлого мөн үү?
-Манайхан том бизнесийн санхүүжилтын гуравхан л аргыг мэддэг.
• Гадаадын хөрөнгө оруулах
• Зээл авах
• Буцалтгүй тусламж нэрээр гуйлга гуйх
Энд гадаадын “хөрөнгө оруулалт” гэж нэрлээд байгаа зүйл нь эрдсийн баялгийг ухаж гадагш гаргахад л хэрэгтэй зүйлсээ гадаадынхан өөрсдөө оруулж ирээд нутаг дээр нь эзэн сууж ашиг олох зэвсгээ бэлтгэж буй хэрэг. Эзэнтэйгээ орж ирсэн мөнгө, хөрөнгө оруулалт эзнийхээ эрх ашигт л үйлчилдэг гэдгийг бид зах зухаас нь амьдралаараа мэддэг болж байна. Нарийндаа гадаадын мөнгө гэж нэрлээд байгаа мөнгө нь гадаадын хөрөнгийн биржүүд дээр монголын ордууд, лиценз, тогтвортой байдлын гэрээгээр барьцаалж босгосон хувьцаа эзэмшигчдийн мөнгө байдаг. Тэд жаахан татвар л төлөх байх. Өөр юутай үлдэх вэ бид?
Зээлээр хөрөнгө босгоно гэвэл улс удаан хугацаанд түүнийг төлөх гэж махийна гэдгийг бид мэднэ. Улс ч гэж дээ татвар төлөгч нэртэй ард түмний маань халааснаас л гарна, гардаг. Тэгэхээр санхүүжилтийн өөр олон арга байхад бид заавал хамгийн өөрсдөдөө халтай аргыг сонгох нь ямар хэрэгтэй юм бэ? Энэ монгол төрийн бодлого уу?
-Ухаж гаргасан хүдэр, баяжмалыг бид өөрсдөө мэдэж борлуулалт хийх тухай бодоод ч гарз болох нь одоо мөрдөж байгаа ашигт малтмалын хуулиас харагдаж байна.
-Хайгуулын лиценз дээр ард түмэнд ашигтай ямар бодлого баримтлах тухай үсэг ч алга л байна...
-Ашиглалтын лиценз дээр ямар бодлого баримтлах тухай төр засгийн удирдагчид гэж нэрлэгдэж буй эрхмүүдээс гаргачихсан сайн баримт бичиг мөн л олж үзсэнгүй. Дарга нар үүнийг зөв шийдэж чадах чадваргүй, тэрбайтугай бүр хүсдэггүй гэдгээ хангалттай харууллаа.
-Сүүлийн үед хятадын үйлдвэрүүдийг, үйлдвэрлэгчдийг л төмрийн хүдэр, зэс, цайрын баяжмал, нефт, жонш, нүүрс, кокс, уран бүр дутуу бүхнээр нь хэрхэн хангах талаар ярьж, бичиж байна. Хятадууд ч төмөр зам тавьж, том өртөө байгуулаад хилийн цаана хүлээж байдаг болж. Энэ юу болж байнаа? Монголд үйлдвэрлэл хөгжчих вий гэж болгоомжлох мэт эсрэг бодлого яваад байгааг ард түмэн юу гэж ойлгох болж байна? Монголчууд өөрсдөө үйлдвэр байгуулах, эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах ажил бүтэх хувь заяа эгнэгт байхгүй хэрэг үү? Далай давуулж холоос тээвэрлэж байхаар хажууд чинь байгаа боломжийг ашигла гэж хятадуудад зөвлөөд, туслаад байгаа юм биш үү. Стратегийн гэж нэрлэгдсэн томоос авахуулаад бүр жижигхэн шар шаврын ордуудын ч хүртэл нөөц, байршил, лиценз нь бусад улсын иргэдэд тов тодорхой олж авахад ч амархан, монгол хүнд тэнгэрийн амьтан мэт хол хөндий сонсогддог болж эхлэв.
-Уг нь ямар түүхий эд, эрдэсийн баялгаа ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаад илүүг нь гадагш гарган дэлхийн зах зээлийн харилцаанд эн тэнцүү оролцож ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх вэ гэж бодох ёстой биш билүү?
- Ард түмний өмч давамгайлсан корпорацийг байгуулж, ашигт малтмалын ордуудыг эзэмших, ашиглах эрхийг нь ард түмэндээ өгөх талаар юу ч хийхгүй байгаа нь эрх баригчид үндсэн хуулийн заалтыг олон жил биелүүлэхгүй доромжилж байгаа хэрэг мөн биз дээ?
Тэгэхээр Монголын төр, засаг ард түмнийхээ бизнест туслах биш “услах” ажил хийж “шавар” болж байгаа байх нь ээ.
• Судалгаа, төслөөр ажил эхэлнэ:
А.Зорилго тодорхойлох:
-Зах зээлийн судалгаа/дотоод, гадаад/
-Түүхий эд, дагалдах материалын судалгаа
-Тоног төхөөрөмжийн судалгаа
-Тээвэрлэлтийн судалгаа
-Боловсон хүчний хангалтын судалгаа
-Хууль эрх зүйн орчны судалгаа
-Байгаль орчин, цаг уурын судалгаа
-Хүрээлэн буй орчинд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа
-Болзошгүй эрсдэлийн судалгаа
-Байрны хангалт
-Дэд бүтцийн шийдлийн судалгаа
-Маркетинг, борлуулалтын судалгаа
-Цалингийн систем, фонд, ажиллах бүрэлдэхүүний оновчтой харьцааны судалгаа, сонголт
-Татварын орчин
-Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хэтийн төлөв/гадаад, дотоод/
-Өрсөлдөөний судалгаа
-Хөрөнгө оруулалтын судалгаа, арга, хэлбэрүүд
Зорилго нь: Эдгээр судалгааг үндэслэн аль ч үйлдвэрлэгч бэлэн томьёонд орлуулан өөрийнхөө үйлдвэрлэн борлуулах бүтээгдэхүүнийг хаана ямар үнэтэй хэрхэн борлуулж ямар ашиг гарахыг шууд л мэддэг байх ёстой. Мөн юу юуг бэлтгэх, анхаарах, ямар арга хэрэглэхээ тов тодорхой төлөвлөж эрсдэлгүй бизнес хийх боломжоо урьдчилан харах зам энд засагдана. Үнэхээр боломжтой гэж үзсэн тохиолдолд төслөө боловсруулж эхэлдэг.
Б.Төсөл боловсруулалт:
-Гаргах бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эх загвар, 3D зураг, түүнийг хийхэд хэрэглэгдэх технологи, патент, лиценз, ноу хау
-Харилцан хамааралтай ажиллах гадаад, дотоодын байгууллагуудын гүйцэтгэх ажил, үүрэг, үнэлгээ
-"Үүлэн-Cloud" технолог/дизайн, зураг, төсөл, төсөв, үйлдвэрлэл, борлуулалт, ашиг хуваарилалтын цогцолбор-"Үүл" үүсгэж хөгжүүлэх/Нэмж бичигдэнэ. Арьс ширний, металын, оёдлын, IT программчлалын, хүнсний, хөдөө аж ахуйн г.м/   
-Эдийн засгийн тооцоо
-Санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт, хөрөнгө босголт
-Тоног төхөөрөмжийн жагсаалт, сонголт, үнэ, хангалт, сэлбэг
-Түүхий эдийн хангалт, үнэ
-Дэд бүтцийн шийдэл
-Байр, газрын шийдэл
-Байгаль орчны үнэлгээ
-Ажиллагсдын бүрэлдэхүүн, цалин
-Маркетинг, борлуулалтын шийдэл
-Гэрээ, эрх зүйн баримт бичиг
-Гадаад харилцааны шийдэл / шаардлагатай бол /
-Тээвэрлэлт
-Гарч болох эрсдэл, даатгалын тогтолцооны шийдэл
• Үйлдвэрлэл тоног төхөөрөмжгүйгээр үлгэр болно:
Монгол дархчууд багажаа гаднаас авч байсан түүх байхгүй. Хийх зүйлдээ тохируулаад өөрсдөө үйлдвэрлэдэг байв. Өөрсдийн багажаа амь шигээ хайрладаг уламжлалтай улс. Одоогийн монгол шиг бусад орноос хутга, хайчаа хүртэл авдаг орныг энэ тал дээр ахиц гаргахад өөрсдөө л хичээхгүй бол дэлхийн бүх шашин ч нийлээд тусалж чадахгүй. Хэн багаж, тоног төхөөрөмжөө хийж чадахгүй байвал тэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, чанар хийцийг нь байнга сайжруулж чадахгүй. Дэлхийд гайхагдсан бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүтээгдэхүүнээсээ хэд дахин илүү технологи, техник хэрэгтэй. Худалдаж аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох хэдий боловч шинжлэх ухаан үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжлийн үед хоцрогдохгүйгээр хир удаан тэсч чадах вэ? Багаж, тоног төхөөрөмжөөрөө хараат байгаа бол түүний сэлбэгээр бас л хараат байдаг. Хараат болгонд мөнгө төлж л амьдарна. Юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа гэж найдна. Тоног төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр явбал бид төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын тулд технологи, тоног төхөөрөмжийг заавал гаднаас худалдаж авах шаардлага гарах бөгөөд бөөн өр тавьж аваад түүнийгээ төлөх гэж янцаглаж байх хооронд технологи нь хоцрогдчихдог байна. Дотоодын том зах зээлтэй орнуудад татвар, гаалийн бодлогоороо хүчээр ашигтай байлгаж болдог. Жш нь: Оросын автомашины үйлдвэрүүд хоцрогдсон бүтээгдэхүүнүүдээ ард түмэндээ одоог хүртэл засагтайгаа нийлэн шахаж байгаа шиг. Гэтэл оросын автомашиныг хэрэглэдэг өөр орон гэж үнэндээ алга болжээ. Жижиг зах зээлтэй орнууд энэ аргыг хэрэглээд сайнаа үзэхгүй. Харин түүний оронд түрүүлж сэтгээд илүү боловсронгуй тоног төхөөрөмж бүтээж бусдыг технологийн дарамтад оруулж чадаж байвал илүү амттай байх нь зайлшгүй. Бүхнийг өөрсдөө хийнэ гэвэл бас л үл гүйцэлдэх санаа болно. Жижиг орон цөөн нэр төрлөөр томхон зах зээлийг бүтээгдэхүүн, түүнийг үйлдвэрлэдэг багаж, тоног төхөөрөмжийнх нь үйлдвэрлэлтэй эзэлж авчихаад түүнийгээ гол бамбай мөнгө олох хэрэгсэл болгоод бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологи, тоног төхөөрөмжийг бусдаас шилж худалдаж аван үйлдвэрлэлээ явуулж хурдан шинэчилж байх бодлого барьдаг аж. Түүнчлэн түүхий эд, эрдсийн баялагийн үндсэн боловсруулалтыг хийдэг техник, технологи харьцангуй удаан бараг шинжлэх ухааны том нээлт хийж байж өөрчлөгддөг байхад эцсийн бүтээгдэхүүний бусад бүтээгдэхүүнээс ялгагдах онцлог болсон нарийн боловсруулалтыг хийдэг тоног төхөөрөмж тун хурдан хугацаанд хоцрогддог байна. Жш нь: Ган гаргаж авахад хэрэглэдэг домен ба мартен зуухны үндсэн процесс явуулдаг тоног төхөөрөмжүүд удаан хугацаанд бараг өөрчлөгдөөгүй байхад автомашины кузовын төмөр эд ангиудыг хийдэг багаж тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн шугамууд хэдэн мянган удаа өөрчлөгдсөн байх жишээтэй. Тиймээс эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй тоног төхөөрөмжүүдээр эцсийн бүтээгдэхүүнийг аривхан хэмжээгээр хурдан хугацаанд хийж өргөн зах зээлд борлуулж анхдагчийн ашиг буюу пионер ашгийг гаргаж авчихаад хурдан шинэчилж байх бодлого барьж байх хэрэгтэй. Тэрч байтугай зарим тоног төхөөрөмжийн ерөнхий процессоо дагасан хэсэг өөрчлөгдөхгүй загвар талаа дагасан хэсгүүд нь байнга өөрчлөгдөж байдгийг хуванцрын машины хайлуулах, шахах хэсэг нь бараг өөрчлөгдөхгүй хэв нь байнга өөрчлөгдөж байдгаас харж болно. Өөрөөр хэлбэл хуванцарын машиныг байн байн өөрчлөгдөнө гэж айлгүй худалдаж авч хуучиртал нь хэрэглэж болох бөгөөд харин олон төрлийн хэвний эрэлд байнга мөнгөө үрж байх хэрэг гарна гэдгийг ойлгож хөрөнгө оруулалтаа хийх шаардлага гарах нь ээ. Тиймээс хэвний үйлдвэрлэл гэдэг маш том салбар металл болоод металл бус эд ангийн үйлдвэрлэлийн эхний үе шатанд загвар дизайны боловсруулалтын дараа онцгой эрхтэй байршсан байдаг юм.
• Бид юу юуг боловсруулж сурах ёстой вэ?
А.Хар төмөрлөг, ган
Б.Өнгөт төмөрлөг /нэн тэргүүн зэс, хөнгөн цагаан түүний хайлш/
В.Шил
Г.Хуванцар
Д.Резин
Е.Бусад нефтийн бүтээгдэхүүнүүд
Ё.Мод, цаас
Ж.Барилгын материалууд
З.Мал аж ахуйн түүхий эд
И.Газар тариалангийн бүтээгдэхүүнүүд
К.Химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд
Эдгээрийг боловсруулж сурахын төлөө цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулсан орнууд хэзээ ч алдсангүй. Харин дуртай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зараад хөрөнгөтэй болцгоожээ. Бид энэ замыг тойрох гээд юм уу монгол хүн үүнийг хийж чадахгүй гэж хулчийн бодоод бусдын бэлэн бүтээгдэхүүний боол нь болж таарахгүй.
• Хөрөнгө оруулалт санхүүгийн бодлого
А.Бирж нь хөрөнгө оруулагч үйлдвэрлэгч хоёрын уулзах цэг:
Улс орнуудын хөгжлийн түүхийг судалж байхад хөрөнгөтэй болсон улсууд, том үйлдвэрлэгч нарт эхний үедээ үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй зүйлс нь бүгд бэлэн байж байсан удаа нэг ч алга. Харин хийж бүтээх зориг эрмэлзэл л хангалттай байсан аж. Энэ зориг эрмэлзэл гээд байгаа зүйл маань ямар нэг зүйл муйхраар эхлэхийн нэр биш харин бодитой хийхийн тулд холыг харсан судалгаа шинжилгээ, бүхнийг тооцсон нарийн бодлоготой хөдөлмөр байжээ гэдгийг явж ирсэн замнал нь харуулдаг. Шантарвал шантрахаар нөхцөлд сэтгэл гарган алсыг харсан бодлоготойгоор уйгагүй ажиллаж байж оргилд гараад дараагийн оргил руугаа мацаж эхэлдэг байна. Олон бэрхшээлийн дундаас тухайн төсөл хөтөлбөрөөр дамжин хэрэгжих үйлдвэрлэл үйлчилгээг барьж байгуулахад хэрэгтэй хөрөнгийг босгох ажил дугаар хоёрт дандаа гарч ирж байжээ. Мэдээж дугаар нэг нь тухайн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг бодож олж төлөвлөх ажил нь байдаг тул шаардлагатай хөрөнгийг босгох явдал ямар их ач холбогдолтой болох нь одоо харагдаж байна. Алдартай үйлдвэрлэгч нарт хэзээ ч шаардлагатай мөнгө нь байсан удаагүй. Алтан санаагаа ажил хэрэг болгоход бирж гэдэг буянтай байгууллагыг байгуулах санаа хүнээс л гарсан юм шүү. Биржийн бас нэг ашигтай тал нь банк шиг бариу хугацаа, өндөр хүүгээр үйлдвэрлэгчидийг шахаж сандарган ажлыг нь хийлгэхгүй дарамтанд оруулдаггүйд оршдог. Төлөвлөсөн ажлаа хугацаанд нь яв цав хийж тайлагнаж л байвал нэгэнт түүнийг хүлээн зөвшөөрөөд хөрөнгөө оруулсан эрхэмүүд ашиг гарна гэдэгт итгэн цаг хугацааны боломж олгосоор байдаг юмаа. Буянтай гэж нэрлэж байгаагийн нөгөө нэг учир нь мөнгөтэй хүнд түүнийгээ хоногийн 24 цагт тасралтгүй өсгөх боломжийг чухамхүү бирж олгодог. Хэний төсөл, хөтөлбөр бодитойгоор мөнгийг нь найдвартай өсгөх вэ гэдэг сонголтыг хийж хөрөнгөө оруулж болдогт биржийн бас нэг гүйцэтгэх үүрэг оршиж байна. Оруулсан хөрөнгөө буцааж татах, өөр салбар, үйлдвэрлэлд оруулах боломж ч нээлттэй. Биржийн гол үүргийн бас нэг нь хяналтыг бодитойгоор тавих ажлыг хөрөнгө оруулагчидад олгодогт оршино. Түүнчлэн бага хөрөнгөтэй талууд нийлж том хөрөнгө оруулалт хийгээд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр дуу хоолойгоо дуугаргах боломж биржээр дамжиж гарч ирдэг. Тэрч байтугай хөрөнгөө өсгөсөөр тухайн үйлдвэр, үйлчилгээнийхээ эзэн нь болох боломжийг гагцхүү бирж олгодог. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эрх чөлөө, мэдлэг хоёроо түмний үзүүлэлтээр бодитойгоор нь харна гэсэн үг. Монголын хөрөнгийн бирж юун дээр урагш ахихгүй байна вэ? Үүнд:
1.Мэдээлэл, сурталчилгаа
2.Хөрөнгө оруулагчдын хөрөнгийг өсгөх ажил мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй байгаагаас хүмүүс хөрөнгөө бирж рүү оруулахгүй банк, хадгаламж зээлийн хоршоо зэрэгт оруулж буруудаж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэггүй, төлөөлөн удирдах зөвлөлөө хувийн багаасаа бүрдүүлдэг зэрэг гаж зүйлс эргээд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах үүд хаалгыг нь хааж байна. Цоорхой хууль, авилгалаар асуудлаа шийдэж чадаж байна гэж ойлгодог монгол компаниуд гадаад зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээгээр олигтой амжилт олохгүй байгаа нь бидний бүх зүйлийг хуурч хулхидаж давж болно гэж ойлгодогоос үүдэлтэй. Олон үе дамжин зах зээлийн суурин амьдралаар хөгжиж ирсэн бусад улс орнуудыг бид хуураад амжилт олчихно гэж ер бодохын ч хэрэггүй. Сайн үйлдвэрлэл, үйлчилгээг шударгаар эрхэлж байж л хүн харах хөрөнгөтэй, түүнийгээ өсгөх аргатай болж төлөвшинө. Тэхдээ бүр гадагш чиглэсэн хандлагатай байхыг эрхэмлэх хэрэгтэй.
3.Хяналт алга. Бусдын хувьцааг өөрийнхөө нэрээр оруулж ашиг тоншиж байгаа брокерийн ажилтантай бирж энэ дэлхийд манайхаас өөр газарт байдаг уу? Бас компаниуд нь өөрийн дотоодын жинхэнэ тайлан, татварт үзүүлдэг тайлан, хувьцаа эзэмшигчдэд үзүүлдэг тайлан , банкинд үзүүлдэг тайлан гэх зэрэг эрүүл бус зүйлийг бодож олсон нь эргээд эрүүл эдийн засаг, эрүүл бирж хөлөө олон зах зээлийн жамаараа хөгжихөд гай болж байна. Олон тайлан, дансыг төрүүлдэг татварын шатлал, нэмүү өртөгийн татварын монгол загвартай буруу үйлчлэл биржийг ч хөл дээр нь босгохгүй зовоож байна.
4.Монголын үйлдвэрлэгчдийг гадны хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоход туслалцаа үзүүлж чадахгүй байна. Бид үйлдвэрлэл хөгжүүлэхэд мөнгө, хөрөнгө дутагдаж байна гэж ярьдаг. Гэтэл манайд зээл, тусламж үзүүлдэг орнууд бүгд л хөгжилдөө хөрөнгө оруулах урт богино хугацаатай бондыг гадаадын том биржүүд дээр арилжиж хөрөнгө босгож байна. Мөнгөтэй мөртлөө бусдын мөнгийг өөрийн хөгжилдөө байнга ашиглаж байдаг гэсэн үг. Та “Bloomberg”-ийн телевизийн сувгийг юм уу www.bloomberg.com хаягаар интернетэд ороод нэг анхааралтай үзээрэй. Тасралтгүй хөдөлгөөнд орших тоонуудыг тогтож нэг хараарай. Аваргуудын тоглоомын талбар нь энэ юм шүү дээ. Нөгөө бренд үйлдвэрлэгчид чинь чухам энд л хөрөнгөө босгож, дэлхийн зах зээлд чадвар, чансаагаа хором бүрд үнэлж, үнэлүүлж байдаг. Хөрөнгийн зах зээлд хөлөө олохгүй амьдрах арга хүн төрөлхтөнд хомс. Барьцаалах хөрөнгө бидэнд хангалттай бий. Монголын ард түмний өмч болох ашигт малтмалын ордуудаар барьцаалж гадаадын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгож байгаа гадныхны биднээс ялгаатай тал нь юунаас ашиг олж болохыг олж харж чаддаг мэргэжлийн өндөр мэдлэг, туршлага, идэвхтэй үйл ажиллагаа л юм. Бид үүнийг л хийж сурчихвал өөрсдөө газрынхаа баялаг, малын ашиг шим, түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гарах мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Зөв зам яг энд л бий! Гадны хөрөнгийг өөрийнхөө зорилгод төвлөрүүлж, тэднийг монгол нутаг дээр эзэн суулгахгүйгээр асуудлыг шийдэх арга нь чухам энэ. Үүнийг хийхэд бид ямар хөрөнгөтэй болох, ямар зүйл хийх гэж байгаа, ямар чадвартай болохоо олон улсын санхүүгийн үнэлгээний нэр хүндтэй байгууллагуудаар үнэлүүлж байж эхэлнэ. Үүний эхлэлийг “Хас”, “Худалдаа хөгжлийн банкууд” тавьж Moody-гээр амжилттай үнэлүүлж гараагаа сайн эхэлж байгааг бүгдээрээ сайшаая. Монголын бусад том компаниуд ч энэ жишгээр дэлхийд хөлөө нийлүүлэхийн төлөө зориосой гэж уриалж байгаа юм. Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн бирж ч идэвх санаачлага гарган анхны алхамуудаа дотоодын зах зээлд хийж зөв чигт хөдөлгөөнд орж байгаа нь ард иргэд, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Түүнчлэн ашигт малтмалын ордуудаа барьцаалж гадаадын хөрөнгийн биржүүдээс улсынхаа хөгжилд хөрөнгө оруулалтын журмаар ашиглах хөрөнгийг босгоход олон улсын стагдартад тохирсон аргачлал, аргуудаар нөөцөө хөдөлбөргүй тогтоосны дараа барьцаалах эрхтэй болох юм. Тухайн ордыг барьцаалж хөрөнгө босгогч хуулийн этгээд нь дотоодын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй байсан тохиолдолд гадаадын биржүүдээр үнэт цаасаа арилжаалах боломжтой болдогийг энд дурьдах нь илүүц болохгүй бизээ.
5.Монголын хөрөнгө оруулагчдыг гадаадын хөрөнгийн зах зээлд гарч хөрөнгөө өсгөн өөрийн чанар чансаа, билэг авъяасыг бусдын үнэлэмжээр харахад нь тус болох ажил эхлүүлж, эрхэлсэнгүй.
6.Харилцагчдаа сургах, боловсруулах, бололцоогоо олж харахад нь туслах ажил хийж чадсангүй. Энэ нь тэд өөрсдөө дээд зэрэг сурч боловсорч чадаагүй байгаагийн илрэл үү? Эсвэл мэдэхгүй байна уу? Хүсэхгүй байна уу? Бүр бололцоогүй зүйл яриад байна уу?
Ийм олон зүйлийг хийхгүй байгаагаас үйлдвэрлэгч хөрөнгө оруулагч хоёрыг жинхэнэ уулзуулж бужигнуулж байх ёстой газрынхаа үүргийг биелүүлж чадахгүй өлгийдөө өтөлж байна даа.
Б.Барьцаагүй хүн зээл авч үйлдвэрлэгч болж болох хувь заяагүй юу?
Миний бодож олсон Нийлмэл синтезийн буюу Бизнес-санхүүгийн өргөтгөсөн циклийн арга энэ асуултад хариулна.



В.Бизнесийг санхүүжүүлэх хэлбэрүүд:
- Улсын төсвөөс шууд хөрөнгө оруулалтаар.
-Хувийн хөрөнгө оруулалтаар
-Гадны хөрөнгө оруулалтаар
-Гадаад нээлттэй хувьцаа гаргах аргаар
-Хоршоо байгуулах аргаар
-Хамтарсан үйлдвэр, үйлчилгээ нээх аргаар
-Зээлээр
-Дотоод буюу хаалттай хувьцаа гаргах аргаар
-Тусламж, хандиваар
-Бонд-өрийн бичиг гаргах аргаар
-Нийлмэл синтезийн буюу Бизнес-санхүүгийн өргөтгөсөн циклийн аргаар
• Даатгалын оролцоо:
Бизнесийн даатгалаас айж байна уу, мэдэхгүй гайхаж байна уу?
Даатгал гэж аливаа эрсдэлтэй зүйлийг даатгахыг хэлнэ гэж хэлэхээр танд дэндүү энгийн мэддэг зүйлийг тань хэлж байгаа мэт санагдах байх. Гэвч монголчууд бид жинхэнэ утгаар нь ер нь даатгаж, даатгуулж чадаж байгаа юу? Бөмбөгөрт бараагаа шатаалгасан САПУ-гийн хохирогчид, хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хулхидуулсан иргэд, тэднийг хулхидсан хоршоонууд даатгалтай байсан уу? Одоо лангуу түрээслүүлж байгаа газрууд, бөөний худалдаа эрхлэгчид, захууд үүнээс сургамж авч даатгагдсан уу? Дахиад л хохирсон хойноо талбай дээрээ гарч жагсах уу? Бид энэ тал дээр бусдаас дэндүү хоцрогдсон ойлголттой байна. Гал, усны гамшиг гарсан тохиолдол болгонд даатгалын байгуулгын үйлчилгээ хүрээгүй, хохирогчид нь хүмүүнлэгийн байгууллагууд, иргэдээсээ, дарга нараасаа тусламж гуйсан өрөвдөлтэй байдалд орсон дүр зураг байнга давтагдаж байна. Нүүдэлчин монголчууд бид шинэ газар нүүж буугаад эхлээд гэрээ барьж уяныхаа шонг хатгадаг. Суурин иргэншлээр амьдардаг орнууд түрүүлж газар, түүнийхээ баталгаа, даатгалын төлөө санаагаа зовоодог. Ялгаатай байгаа биз?! Хотын иргэд болохын тулд хотын соёл, амьдралд дасах хэрэгтэй. Хөдөө морь унахдаа өндөр өсгийтэй туфль өмссөн байх нь хэрэглээ талаа бодсон ч, бусдын өмнө яаж харагдах талаа бодсон ч зохисгүй гэдэгт хэн ч санал нэг байх. Түүнтэй адилхан бизнес эрхлэх, зах зээлийн нийгэмд амьдрах, ажиллахад даатгалгүй нэг ч алхам урагшлах арга байдаггүй гэдэгт та итгээрэй. Бас даатгалын байгууллагууд ч даатгалын шинэ шинэ бүтээгдэхүүнүүдийг монголчууддаа санал болгоорой. Бусад улс орнуудад байдаг байтугай байдаггүй ч үйлчилгээг гаргаж ирж болно шүү дээ. Ганцхан л гол зарчим байгаа тэр нь хамгийн эхэнд дурьдсан эрсдэлийг урьдчилан олж харах, болзошгүй эрсдэлийн талаар даатгуулагчиддаа мэдлэг олгох, даатгах, осол гамшгаас хэрэглэгчтэйгээ хамтран урьдчилан сэргийлэх, яалт ч үгүй гарсан тохиолдолд хохиролыг нөхөн барагдуулах. Өөрийн чадвар хангалттай хүрэхгүй гэж үзсэн тохиолдолд давхар даатгал буюу reinsurance гэдэг аргыг хэрэглэдэг. Бизнесийн даатгал баруунд олон хэлбэрээр дэлгэрсэн байдаг. Бүр комплекс даатгалууд ч байдаг. Бид нүдээ жаахан том нээвэл шууд хуулбарлахад бэлэн зүйлс ч их бий. Даатгалын байгууллагуудтай хамтрах буюу дэмжлэг дор нь ажлыг нь гэрээгээр гүйцэтгэдэг байгууллагууд ч байдаг. Санаачилга дутаж байна. Социализмын үеийн автын үзлэгийн үеэр гарч ирдэг хулхи даатгал даатгал биш ээ. Тэд мөнгөө л авсан бол сүүлд нь хэрэгтэй үед олдохгүй, олдсон ч луу унжина, бөөн чирэгдэл болно. Түүний орыг залгаж хөрөнгийг өвлөсөнөөр гарч ирсэн дээ эрэмшээд олигтой ажиллахгүй байгаа даатгал ч даатгал биш. Өндөр хөгжилтэй оронд даатгалын байгууллага хэрэглэгчийнхээ дандаа дэргэд нь байж тусалж байдаг болохоор тэдэндээ даатгуулагчид нь бүрэн итгэж тэр чанараараа эрсдлийг урьдчилан сэргийлж даатгалын байгууллагууд нь улам хөрөнгө мөнгөтэй болж томрон үйлчилгээнийх нь цар хүрээ, эрсдлийн сан нь нэмэгдэж байдаг байна. Хүнд хүрсэн хэрэглэгчтэйгээ хамтарч ажилладаг даатгал л зах зээлд хэрэгтэй байна. Хэвлэл мэдээлэлээр ч гэсэн архи сурталчилж байхаар даатгал сурталчилж байвал алсдаа хэрэгтэйсэн.
• Сургалт, мэрэгжлийн боловсон хүчний хангалтын бодлого:
Юуг хөгжүүлэхээс юунд сургах нь тодорхой болно. Түлхүүр үйлголт нь ердөө энэ. Ямар зүйл хийж, юугаар дэлхийд өрсөлдөхөө тодорхойлж чадсан бол хэнийг хэн болтол сургах нь дагаад аяндаа бүтэх зүйл. Үүнийгээ тов тодорхой болгож, хийхгүйгээр хүнээ сургах ажлаа эхэлсэн бол ажилгүй сэхээтэн, дипломтой ТҮЦ-ний худалдагч, сауны “массаж”-чинтай л болно. Үр дүн нь ийм л байгаа. Хэрэв үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэлхийд өрсөлдөхөөр болгоё гэж зориг шулуудах л юм бол түүнийг авч явах бизнесменүүд, менежерүүд, инженер, техникийн ажилтан, мэрэгшсэн ажилчинаа сургаж, хүмүүжилтэй болгох шаардлага заавал тулгарна. Мөн хэдий боловсрол, мэрэгжилтэй боловч өөртөө, гэр бүлдээ, эх орондоо хайртай, зорилготой болж төлөвшөөгүй, хүмүүжээгүй, бэрхшээлийг давж гарах хатуужилтай болоогүй бол бас л хэрэг нь гарахгүй. Нутаг усаараа тал талаас нь хүмүүжүүлж, сургаж байгаад хүүхдээр хүн хийж чаддаг байсан ард түмэн шүү бид чинь. Хуулиар шийдэх гээд барахгүй байгаа одоогийн олон зүйлийг ёс суртахууны хэм хэмжээгээр, зүйр цэцэн үгээрээ, уламжлалаараа, өтгөс буурлуудаа хүндэтгэн үг сонсох нийтийн хүндэтгэл нэгдмэл ойлголт, итгэл үнэмшлээрээ шийдэж чадаж байлаа. Зөв хүмүүжилтэй залхуу биш хүнийг мэрэгжилтэй болгон сургах нь тийм ч хэцүү зүйл биш.
• Түүхий эд, материалын хангалтын бодлого
Түүхий эд, эрдсийн баялаг хэрхэн гүн боловсруулж юу үйлдвэрлэснээсээ хамааран 2,5-аас 60 дахин нугардаг. Дэлхийн жишгээр нэг жип машин үйлдвэрлэхэд 600-950 кг төмөр ордог байна. 1 тонн төмрийг экспортлоход 1000 орчим “ногоон” олно. Олборлолтын болон тээврийн зардал зэрэгт 350 орчим нь гарчихдаг гэвэл 650 орчим доллар олж болох нь л дээ. Жип үйлдвэрлээд гаргавал 35000-150000 доллароор зарж болно. Бүх зардал, бусад материалын өртөг, эрсдэлийг 75% гэж тооцдог дэлхийн жишгээр үзвэл нэг машинаас 8750- 37500 долларын ашиг олж болох нь. Гэтэл 230 сая тонн төмрийн өндөр агуулгатай хүдрийн нөөцтэй Төмөртэйн ордын ашиглалтын лицензийг хятадуудад өгчихөөд хэрүүл тэмцэл болж байгаа төрийг Монголын ард түмний эрх ашигт таарсан ажил явуулж байна гэж үзэх үү эсвэл хорлон сүйтгэх ажил хийж байна гэж үзэх үү. Төмрөө хямдхан гаргаж явуулчихаад төмрөөр хийдэг машиныг гадаадаас өндөр үнээр авч унадаг энэ буруу сэтгэлгээг яах вэ? Гадаадын машин үйлдвэрлэгчидтэй хамтран монголд машин үйлдвэрлээд цадаж ханахаа мэдэхгүй их зах зээлтэй хоёр хөрш рүүгээ экспортолж чадвал бид хямд шинэ машин унах хувь байгаа л юмсан. Ард иргэддээ үнэгүйгээр өгөх ч эдийн засгийн боломж байгаа шүү. Машинаа болилоо гэхэд хумсны хутга мэтийг үйлдвэрлээд зарахад яагаад ашиг олж чадахгүй байх билээ. Тийм өндөр технологи түүнд орох уу? Дээр дурьдсанаар жишээлэн цааш яривал дэлхийн хумсны хутганы зах зээлийг тийм их хүдрийн нөөцтэй орд өчүүхэн жаахан хэсгээрээ л хангаж чадах нь ойлгомжтой байна. Дэлхийн хумсны хутганы зах зээлд эргэлдэж байгаа мөнгийг нэгтгэвэл манай улсын төсвийн дэргэд аварга тоо гарах байлгүй дээ. Өмнөд хөрш өөд уруугүй чанартай чанаргүйг том жижиг гэж гололгүй үйлдвэрлэсээр мөнгөтэй болжээ. Одоо нэгэнт мөнгөтэй болсон тул хамгийн шилдэг технологийг шилж худалдаж аваад дэлхийг хятадгүйгээр төсөөлөхийн аргагүй болгож чадсан сайн туршлага байна. Хойд хөрш байгалийн баялгаа баячууд төрүүлэх хөшүүрэг болгож чадсанаар бас л дэлхийн толгой баячуудын тоог оросын иргэдээр зузаатгалаа. Бид л дэлхийн хоосорсон орнуудын хар туршлагыг монгол хөрсөн дээрээ турших оролдлогыг дээд түвшиндээ улайран уралдаж хийж байгааг ард түмэн шүүмжилсээр байхад сэрж ухаарахгүй аль л эх орны баялгийг хямд худалдсан нь машин байшин мэтхэнтэй болж тэрийг нь залуучууд сайхан амьдрлын жишиг гэж ойлгодог болж төлөвшиж байгаа нь нэн ч буруу гэж одоо л ойлгохгүй бол хождоно. Сүүлийн үед уул уурхайн түүхий эдийг үнэд орж байгаа дээр нь хурдхан гадагш гаргаж зараад сайхан амьдрах тухай ярьж ухуулж байна. Эрдсийн баялаг ялзарч муудаад ханш нь унадаг зүйл ч биш. Өнөө маргаашийн ханшны өөрчлөлтийн зөрүүг ашиглах гэж хэт улайрах нь наймаачин хүний л сэтгэлгээ болохоос үйлдвэрлэгч, бүтээгч хүний сэтгэлгээ биш юм. Тэрчлэн сайхан амьдрал гэж тэмцэл бэрхшээлийн дунд амжилтад хүрэхийг хэлэхээс биш импортын бараагаар өөрсдийгөө булхахыг хэлэхгүй ээ. Технолог, төхөөрөмжүүд олж цуглуулаад хүдрээ боловсруулаад төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх, зөвхөн хийх л хэрэгтэй биз дээ. Олон юм бодож эргэж буцах эрх бидэнд байна уу? Тэгэж том зорилт тавиад түүнийгээ бүтээхийн төлөө бүх арга замыг олж ард түмнээрээ хамтран зориглон хөдөлсөн орнууд дорхноо сэхэж дэлхийн бодлого тодорхойлдог орнуудын эн зэрэгт хүрдэг бус уу. Дотоодын түүхий эд, эрдсийн баялгаа хямгатай, үр дүнтэй зарцуулсан орон бурууджээ гэж би сонсоогүй харин цөлмүүлчихээд амаа хөдөлгөх үмх мах, атга будааны төлөө гуйлга гуйж яваа орнууд л модоо барьж байгааг харлаа. Монголд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн нөөц байгаа. Харин холч алсыг харах ухаан л алга. Нүхгүй махан толгой гарган дээр доргүй архи ууж, авилгал хөгжүүлж “хөгждөг” туршлага хаана байгаа юм бэ?!
• Татвараар дэмжих нь
А.Монголд сайн ажилласан нь их татвар төлдөг систем үйлчилж байгаа.
Уг нь муу ажилласан нь их, сайн ажилласан нь бага төлдөг бол зөв
байхсан.
Хэн сайн ажилласныгаа өндөр татвараар дарамталж аваад олигтой хийсэн юм ч байхгүй хэдэн дарга нэртнүүд сонгуулийн амлалтаа биелүүлж байгаа дүр үзүүлэн тарааж цацах, шаардуулан байж хийсэн өчүүхнээ өндөр үнэ хүргэн дамлах арга хэрэглэх нь хэнд хэрэгтэйг жирийн ард иргэд маш сайн ойлгодог болж. Сонгуулийн шоугаар хоногийн хоол хийж болдоггүйгээс хойш үндсээрээ буруу гэдгийг ухаарахад дээд тоо бодох хэрэг байхгүй. Мөн ар гэрийнхээ байгааг архинаас өгөөд уучихдаг “Сайн эрчүүдийг” ажил хийлгээд тэрнээс нь татвар авдаг байхад маш буруу үйл үү? Тэгэхээр татвар дээр шууд л зөв систем тогтоох нь алсдаа хэрэгтэй. Үүнийг түс тас л шийдэх эрхийг ард түмэн л өөрсдөө тэмцэж олж авахгүй бол дарга нар хуурна, хуурсаар ч байгаа. Ард түмний арчаа гэж чухам л зөв зүйлийг дарга нараараа тэдний хүслийг нь харгалзахгүйгээр шаардаж хийлгэж, хянахыг хэлдэгийг хөгжсөн орнуудын туршлага баталж байна. Хийхгүй байгааг нь авч хаяхгүй бол өөрийгөө тойруулаад хогийн ургамал ургуулан гай болдог нь хүн төрөлхтөний түүхэнд олон орны гашуун туршлагаар илэрхий болсон зүйл. Тэднийг “нам” ярьж хайрлаж хамгаалах нь амьдралд юу ч өгөхгүй байгааг харж байгаа биз дээ. Тэртэй тэргүй монголд элэг зүрхнээсээ хайрлаад нус нулимстайгаа холилдчихоор олигтойхон нам шиг нам ч байхгүй л дээ. Ёстой л “зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдэгийн” үлгэрээр архи мөнгө тараан байж сонгуульд ялахчаа аядах юм даа.
Б.Баарны эзэн, талх үйлдвэрлэгч хоёр ижил татвар төлөх нь ямар муу
үр дагавартай вэ?
Материал баялаг үйлдвэрлэх нь хүн согтоохоос бага ашигтай, яршиг төвөг ихтэй нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ тэр яршиг төвөг ихтэй хөлсөө урсгаж ухаанаа уралдуулдаг хэцүү зам нь л улс орныг хөгжүүлж хүн харахтай болгодог болохоор тэр зүгт л бүхнийг төвлөрүүлэх хэрэгтэй байна. Татварын орчныг үүнд л хүчтэй мэдрэгдэхээр онцгой ялгавартай үйлчлүүлэхгүй бол өөр юунд үйлчлүүлэх билээ. Товчхондоо улс орны амьдралд хэрэг болдоггүй олон төрлийн үйлчилгээ, үйлдвэрлэл бас байдаг юм байна гэдгийг бид амьдралаараа ойлгоцгоолоо. Архи үйлдвэрлэлийг татвараар дэмжвэл архичидыг төрүүлнэ, баар дэн буудлыг хяналтгүй дэмжвэл янхан олшроно, талхны үйлдвэрлэлийг дэмжвэл талхаар дутахгүй, малчнаа дэмжвэл мах, сүү, түүхий эдээр дутахгүй, хэрэгтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжвэл хэрэгтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө. Бодоход энгийн мөртлөө монголчуудын хийж чадахгүй л байгаа зүйл дээ.
В.Юуг хөгжүүлэхээс ямар татвар авах нь хамаардаг болгоё л доо!
Монголын дээд суудлын эрхмүүд татварын хуулийг төсөв бүрдүүлэх дан ганц сохор мөнгөний нүхээр харж хийх юм даа. Энэ нь татвар гэдэг “еэвэнгийн” зөвхөн нэг л тал нь. Нөгөө хамгийн хэрэгтэй тал нь улс орны өөдөлж дэвжих ирээдүйд хүрэх замыг засах ёстой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс ямар төрлийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд хэзээ, ямар хэмжээний татвар авахаа урьдчилаад зарлачихдаг байвал ямар үйлдвэрлэл, үйлчилгээг ямар хэмжээгээр эрхлэхээ хэн нь ч бусдаар нэг их заалгаад байхгүй байлгүй дээ. Жишээ нь: Дараагийн жил гадаадын импортын хүнсний ногооноос өндөр татвар авна, өөрсдөө таривал татвар авахгүй гээд зарлачихвал олон хүн ногоо тарьж ашиг олохыг бодох нь дамжиггүй, ашиг олохоор хэмжээнд тарьж чадахгүй нэг нь гэр орны хэрэгцээгээ хангахад зориулж хөрс, хүрз, үр, бордоо нийлүүлэх нь ойлгомжтой. Тэрний дараагийн жил консервлосон ногооны импортоос 100 хувийн татвар авна гээд зарлачихсан байвал бүх нийтээр ногоо консервлож сурах гээд бужигнацгаана даа. Татварыг ийм аргачлалаар боловсруулахад ямар том хөтөлбөр, судалгаа мэтийн юм хэрэгтэй байгаа юм бэ? Шууд л хийх ажил биз дээ?
• Гадаад харилцааны “Мөр гаргах, зам засч өгөх” дэмжлэг
А. Өөрийн улсын түүхий эдэд тохирсон шилдэг технологи, техникийн эрэл хайгуул, судалгаа: Албаны хүн явуулаар очоод хальт мөлт үзээд бүхнийг шийдэн үзэглэх нь дэндүү гоомой зүйл болно. Тэд төсвийн мөнгөөр зугаалж хий шагширч байгаад л ирдэг байдал социализмын үед ч байсан, одоо ч яг хэвээр! Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа үүнд татан оролцуулбал тухтай нь аргагүй судлаад түүнийгээ өөрсдөө аваад ирэх байх шүү. Хэрэгжүүлэх хүн нь технологитойгоо хамт бэлэн болж байна гэж ойлгоорой. Харин тэдэнд орж ирээд бизнес эрхлэх таатай орчныг л бид бүрдүүлсэн байх хэрэгтэй. Япончууд яг энэ аргыг хэрэглэж технологийн хулгай хийж эх орондоо нутагшуулсан. Тэд иргэддээ мөнгө өгөөд энэ ажлыг хийхийг дэмжсэн байдаг. Бид мөнгө ч өгөөгүй, эрх ашгийг нь гадаад харилцаагаараа хамгаалж дэмжээ ч үгүй байсаар байна. Харин ч нутагтаа ирээд үйлдвэрлэл эрхлэх гэхээр нь элдэв гох дэгээ тавьж, хуримтлуулсан жаахан мөнгийг нь хадгаламж зээлийн хоршоонд зохион байгуулалттайгаар оруулж дампууруулжээ. Тэд уг нь яг орчинд нь ажиллаж судалгааг яс махаараа хийгээд гадаадад мэргэжлийн сургалтанд яваад ирж байгаа юм шүү дээ. Оюутан залуучуудын маань хөдөлмөр, сурлага бас үүнд чиглэгдэх ёстой. Гадаад харилцааны салбарт төсвөөс цалинжаад ажиллаж байгаа бүтцийн хувьд цаг минут бүрд сэтгэл тавьж хийдэг ажил нь энэ байх ёстой. Эх орондоо ажиллаж амьдарч байгаа иргэд ч интернетээр ийм ажлыг хийж байхад хэзээ ч илүүдэхгүй. Ядаж л хэлний мэдлэг нь дээшилж л байх хэрэг шүү дээ.
Б. Технологи шилжүүлэн нутагшуулах гэрээ хэлцлүүд, ноу хау
В.Техник, тоног төхөөрөмжийн хангалт, нийлүүлэлтийн тохиролцоонууд
Г. Түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тохиролцоонуудыг жагсаалтаар зөвшилцөх
Д. Эцсийн боловсруулалттай бүтээгдэхүүнийг жагсаалтын дагуу нийлүүлэх тохиролцоонууд
Е. Татваргүй орчин-Эдийн засгийн чөлөөт бүсүүдийн тухай хэлцлүүд.. Үүнийг хоёр хөршийнхөө зах зээлд тэдний дургүйг хүргэхгүйгээр нэвтрэх гол гарц болгох хэрэгтэй. Тэд нэгнийх нь барааг нөгөөд нь реэкспортолж завсрын өндөр ашиг унагаахад нэн дургүй. Харин тэдний зөвшөөрөлтэйгөөр өөрсдийн үйлдвэрлэсэн цөөн нэр төрлийн жаахан барааг оруулж монголын эдийн засгийг дэмжээч гэсэн хүсэлтэд ер татгалзахгүй гэж боддог шүү. Тэдэнд, тэдний зах зээлд жаахан мэт санагдах зүйл жижигхэн монголын хувьд агуу их боломжийг авчирна. Чөлөөт бүс гэхээр юугаа ч хийхэд дур гэж ойлговол том эндүүрэл болно. Сахилга бат өндөртэйгөөр харилцан ашигтай хамтарч ажиллах үйл явц буцалж байдаг газар болгоё гэвэл л сая зөвшөөрөгдөнө. Өөрийнхөө түүхий эдээр өөрийнхөө эцсийн бүтээгдэхүүнийг боловсруулан экспортлох үйлдвэрүүдийг монголчууд өөрсдөө байгуулж ажиллуулж байж л тэдний дургүйг хүргэхгүй байж ид шид нь гарах юм шүү дээ.
Тэд бас манай нэрээр гадны сайн эрчүүд өөрсдийнх нь зах зээлд эцсийн бүтээгдэхүүний арвин экспорт нийлүүлэлт хийлгэхийг хэзээ ч хүсэхгүй. Тийм тохиолдол гарах болгонд тэд арга хэмжээ авч болиулах бөгөөд тэр болгонд монголын эрх ашиг хөсөр хаягдах болно. Үүнийг гадаад харилцааны ур дүй сайтай зам засч мөр гаргах уйгагүй хөдөлмөрөөр бий болгоно.
Ё. Түүхий эдээ хилийн цаана тосч аваад хөршүүдийнхээ нутаг дээр монголчууд өөрсдөө үйлдвэр байгуулан эцсийн бүтээгдэхүүн хийж зах зээлд нь нэвтрэх арга байна. Ийм үйлдвэрийн хувьцаанд гадныхан хөрөнгөө дуртайяа оруулна гэж ойлговол хөрөнгө оруулалтын мөнгө босгох зовлон ер гарахгүй. Монгол хүний овсгоо мэдэх хэрэг. Хөршүүдийнхээ нутаг дээр өөрсдийнхөө байгуулсан үйлдвэрт очиж ажиллаад мөнгөтэй болоод ирдэг байвал юутай зүйрлэлтэй вэ. Харин үүнийг хийхэд бид тэдний үйлдвэрүүдэд бас ижилхэн түүхий эдээсээ өгөх хэрэгтэй болно гэдэг сул тал зайлшгүй гарч ирнэ. Мэдэгдэхгүйгээр сэмхэн зөвхөн өөрийн үйлдвэртээ өгөөд байна гэж хальт ойлговол дэндүү гэнэн бөгөөд арайхийж гаргасан замаа ганц хормын дотор л нураана. Товчхондоо тоглоомын дүрмээ дээр дооргүй ижил бодлогоор ойлгож яс сахиж мөрдөхөд бид суралцах цаг нь болжээ гэсэн үг.
• Гадаад худалдааны “Таатай орчин” хөтөлбөр
Монголчуудыг өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодын зах зээлийг нь эзэлчихнэ гэж гадны өндөр хөгжилтэй улс орнууд ер айдаггүй бололтой. Цөөн монголчууд олигтой үйлдвэр, технолог байхгүйгээр бренд бүтээгдэхүүний хэрэглээнд дассан гадны хэрэглэгчидийг зах зээлд нь монополь болтлоо татахад олон жил орно. Ер нь тийм юм болох ч үгүй гэж ойлгодог байх. Европын Холбооны улсуудад бүтээгдэхүүн нийлүүлэх 7500 нэр төрлийн хөнгөлөлттэй эрхийг манай улс авч чадсан нь бас үүнтэй ямар нэг хэмжээгээр холбоотой ч байж магад. Манай бүтээгдэхүүнүүдээр тэр олон улс орон цангаад, гарцгүй болчихоод байгаагаас бидэнд боломж олгосон гэж туйлын утгаар нь ойлгох аргагүй юм. Ямар ч байсан авч чадсан нь нэн сайшаалтай. Цаашид энэ амжилтыг олон нэр төрлийн бүтээгдэхүүн дээр бататгах хэрэгтэй. Харин АНУ өгсөн зарим квотыг нь ашиглаад хятадын оёмол бүтээгдэхүүний монгол дахь үйлдвэрүүд борлуулалтаа хийж байгаад тун дурамжхан байдгийг бид мэддэггүй нь тун харамсалтай. Квотоо цуцалж хүртэл сануулга өгснийг мартах учиргүй. Хятад, Вьетнамын хямд бүтээгдэхүүн зах зээлийг нь эзэлж валютыг нь хоослоход хэн л дуртай байв гэж? АНУ, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд харилцан тэнцвэртэй үйлчлэлтэй худалдааны гэрээ хийж шанагаар эс гэхэд халбагаар хутгах эрх олж авч баталгаажуулахад төрийн холбогдох алба хашдаг хүн бүрийн зүтгэл хэрэгтэй байна. Өндөр ханштай том зах зээлээс жижиг халбагаар хутгахад манайдаа л пологтохоор том хоол болно гэдгийг хэн нь ч амархан ойлгох байх. ОХУ, БНХАУ манай экспортын бараанд бүр ч хатуу байр суурьтай байж 50-55% татвар тавьсан байдаг. Аргагүй л дээ. Бид ардчилалын эхний он жилүүдэд ганзагын наймаагаар нэгээс нь нөгөөд нь реэкспортолж жижиг наймаа хөөн уурыг нь хүргэсэн юм чинь. Дундаас нь ашиг унагаах нь улс хөгжихөд таарсан дээд зэргийн хөгжлийн бодлого байж чадахгүй гэдэг нь эндээс харагддаг. Тэгэхээр бид харилцан тохиролцсоны үндсэн дээр зах зээлд нь нөлөөлөхгүй хэмжээгээр өөрсдөө үйлдвэрлээд өөрсдөө гаргавал дургүйг нь хүргэхгүйгээр амьдраад байж болох юм байна гэдэг нь ойлгомжтой байна л даа. Харин бид боломжийг хэр ашиглаж байна вэ? Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, борлуулалтын сүлжээгээ тэлэх бодлого яагаад явагдахгүй байна вэ? Ядуурлаас гарах арга чухам энэ юм шүү дээ!
• Дэд бүтцийн дэмжлэг
Үйлдвэрлэл явуулахад байр, цахилгаан, ус, халаалт, тээвэр, харуул хамгаалалт г.м зардал дагуулсан олон асуудлыг цогц шийдэх ачаа үйлдвэрлэгчийн нуруун дээр буудаг. Дөнгөж эхэлж байгаа нялх үйлдвэрлэгчид үүнийг давж гарахад нь төрөөс тусалчихаад томорсон хойно нь татвараа олигтойхон авч чадвал бид сэхнэ. Бодлого үгүйлэгдэж байна.
• Борлуулалтын дэмжлэг Маркетинг, сурталчилгаа, баглаа боодол, савалгаа, борлуулалтын сүлжээний дэмжлэгийг улс бөөнөөр нь нэгдсэн байдлаар хямд хийж өгөх боломж байна. Эдгээрт аж ахуйн нэгж, компаниуд үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулах ёстой ихээхэн хөрөнгөө үргүй зарж байгааг хөнгөвчлөх хэрэгтэй. Зөвхөн интернетийн сурталчилгааг аваад үзэхэд л Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч орны хэрэглэгч зовлонгүй олж үзэх боломжийг би хязгаарлагдмал байна гэж дүгнэнэ. Учир нь: www.mongolia.com, www.mongolia.org, www.mongolia.net, www.mongolia.mn, yahoo: Mongolia, google:Mongolia гэх мэт нэрнээс линктэй хайлтын системээс монголын талаар бүхнийг англи, монгол хэлээр олж үзэж чаддаг байвал мөн ч олон хэрэглэгч тодорхой ойлголттой болж хялбар харилцаж болох боломж гарах юм сан.
• Дотоодын зах зээлээ хамгаалах бодлого: Цөөн, ядуу хэрэглэгчтэй, жижигхэн зах зээлийг акулуудад сул тавьж өгөх нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогод үндсээрээ харш зүйл. Гадныхан бусдыг хайрлаж хөгжөөгүй. Тэд өөрсдийнхнийгөө л хайрлаж, дэмжиж хөгжсөн. Цаашид ч тэгэж л хөгжинө ч. Бид үүнийг яс махандаа шингэтэл итгэл үнэмшил болгох хэрэгтэй. Дэлгүүрт ороод харахад бидний үйлдвэрлэдэг зүйл даанч цөөн, бусдынх ямар олон байнаа?! Дэлхийд хувьцаагаа зардаг монгол компаниудыг бид л хамгаалж байж бий болгоно. Монголчуудынхаа хийсэн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэж гадны бэлэн бүтээгдэхүүнд нүдээ ухаж өгөхөө шахдаг сэтгэлгээгээ хамжааргатай байлгая. Татварын, захиргааны, ухуулга сурталчилгааны г.м бүхий л аргыг хэрэглэж дотоодын зах зээлээ хамгаалдаг болохгүй бол бид буруу замаар яваад байна шүү.
• Экспортыг хөхүүлэн дэмжих бодлого: Экспортын эцсийн бүтээгдэхүүнээс татвар авахгүй буюу маш бага татвартай байвал бид энэ чиглэлд ахиц гаргахад том дэмжлэг болно. Учир нь:
А.”Бусдын хийж чадаагүйг хийж чадвал мөнгө эерэг урсана”. Бид мөнгөтэй болж бусдыг өөрсдийнхөө төлөө ажиллуулна. Чадалтай болсон орнууд эцсийн бүтээгдэхүүнд өөрсдийнхөө хамаг мэддэг чаддаг болгоноо шингээн гадаадын хэрэглэгчдэд худалдаж чадаад чадалтай болжээ. Жаахан л чадалтай болчихвол дараагийнхаа их чадлыг дор нь бий болгож чаддаг байна. Том нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг ихтэй, мал олонтой, цөөн хүн амтай, дайн дажны хөлөөс хол Монгол шиг залуучуудын оронд энэ нь хамгийн боломжтой зүйл төдийгүй геометрийн прогрессоор өсөх боломж байгаа. Боломжийг ашиглахгүй байгаа хүнийг тэнэг, арчаагүй гэдэг. Боломжийг ашиглахгүй байгаа Монголчуудаа тэнэг, арчаагүй гэмээргүй байна. Том зорилт тавьж цуцалтгүйгээр бие биенээ дэмжиж ажиллах л дутаж байна л даа. NOKIA-гаас илүү сайн гар утас үйлдвэрлэж байж л түүний зах зээлийг авна. Хэцүү гэхдээ маш амттай зүйл. 1000 “ногоон”-оос дээш цалинтай ажлын байр хэдэн зуун мянгаараа чухам үүнээс л төрдөг. Дээр дурьдагдсан боловсруулж сурах ёстой түүхий эд, эрдэс ашигт малтмал, материалуудыг боловсруулж бэлэн бүтээгдэхүүн хийж худалдаж чаддаг болох хэрэгтэй. Шинэ бүтээл, оновчтой санал гэж бидний ярьдаг тэр зүйлээс л бусдын хийж чадаагүйг хийж чадах, сайжруулж өөрийн болгох ажил эхэлдэг гэдгийг энд онцлон дурьдууштай.
Б.”Бусдын хийж чадсаныг хийж чадвал мөнгө хэмнэнэ”. Бид баяжихгүй бас хоосрохгүй. Эрх тэгш л байна. Энэ замаар явбал үндэстэн дамнасан том корпорацууд Монголоос хэзээ ч төрөхгүй. Товчхондоо “Хоёр идэхгүй хоосон хонохгүй”. Дороо л цогьсоор өдөр хоногийг өнгөрөөж байх болно. Гэхдээ нэгэнт энэ түвшинд хүрсэн улс орнууд болбол дараагийн бэлэн бүтээгдэхүүн экспортлогч болох түвшин рүү улайран дайрдаг аж. Аргагүй шүү дээ. Юм хийж сурсан үндэстэн юм хийж сураагүйдээ хийснээ худалдаж мөнгө олох юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байдаг юм чинь.
В.”Бусдын хийж чадсаныг хийж чадахгүй бол мөнгө эсрэг урсаж” бид
боолын хөдөлмөрийг үе дамжин хийх болно. Хоногийн хоолны мөнгөний сэтгэлгээнээс улс үндсээрээ гарч чадахгүй тарчилж зовцгоох болно. Муу бүхэн цэцэглэн хөгжинө. Бидний баян гэж хэлээд байгаа бүх зүйл /байгалийн баялаг, мал, амьтан, ургамал төдийгүй бид өөрсдөө хүртэл шүү!/ гадны үйлдвэрлэлийг дэмжих түүхий эдийн бааз болдог аж. Бидний эмээж, тойрч, болгоомжилж байх зүйл угтаа энэ. Гэвч бид яг одоо энэ зам дээр байж байна. Өглөө шүдээ угаахдаа хүртэл гадны оо хэрэглэж гадны үйлдвэрлэгчидийг дэмжиж байгаагаа сайн ухамсарлах хэрэгтэй л дээ. Гэтэл дандаа гадны бүтээгдэхүүн хэрэглэж гадны үйлдвэрлэгчдийг дэмжих хэмжээний мөнгөтэй, баян билүү бид?!
• Дарханд автомашины үйлдвэр байгуулах хэрэгтэй юу?
Дарханд автомашины үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтай /хамгийн боломжтой нь Япон, Солонгос/ хамтран байгуулах нь маш их ач холбогдолтой зүйл. Учир нь:
1.Дараахь материалуудыг боловсруулж сурна.
А.Хар төмөрлөг, ган
Б.Өнгөт төмөрлөг /нэн тэргүүн зэс, хөнгөн цагаан түүний хайлш/
В.Шил
Г.Хуванцар
Д.Резин
Е.Нефтийн бүтээгдэхүүнүүд
Ё.Химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2.Дэлхийд хамгийн хямд автомашиныг үйлдвэрлэх боломж Монголд л бий.
Учир нь түүхий эд, ажиллах хүч, дэд бүтэц манайд л хамгийн хямд байх
боломж байгаа юм. Чанартай, загвар сайтай л үйлдвэрлэж чадвал үнээр
өрсөлдөх боломж хангалттай бий. Ландкруйзер 80-ийн арал, ерөнхий хийц дээр микроавтобус, бага оврын ачааны машин хийхэд манайх шиг байгалын нөхцөл, замтай орнуудад зовлонгүй борлогдоно гэж бодож байна. Ерөөс монголчуудыг автомашин үйлдвэрлэж болохгүй гэж хэн ч хэлээд хориглоод байгаа зүйл байхгүй шүү дээ. Япончууд Дархан хотод төмөрлөгийн үйлдвэр барихдаа алсыг харсан шийдэл хийсэн гэдэгт би баттай итгэдэг. Харин бид л төмрийн хаягдлаа өмнөд хөрш рүү гаргаж дуусаад одоо Төмөртэйн орд руугаа орж байгааг Япончууд үнэхээр гайхаж байгаа нь лав. Жинхэнэ ширэн бүрээс бүхий суудалтай тансаг машин үйлдвэрлэхээс бид өөрсдөө л татгалзаад байгаа юм биш үү. Миний бодож олсноор бол 21-р зуунд автоиндивидуализм гэдэг чиглэл авто ертөнцийг үндсээр нь өөрчлөх болно. Энэ нь таны унадаг машин зөвхөн таныг л илэрхийлнэ гэсэн үг. Олноор нь адилхан хийчихээд хэрэглэгчдэд тулгадаг одоогийн хандлагаас залхацгааж эхэлж байна. Бид энэ чиглэлд түрүүлж хөдлөх боломж ч байгаа шүү. Япон, Солонгос бүх түүхий эдээ гадаадаас импортолж машин хийгээд ашиг олж хойд америк, хөгшин европын машин үйлдвэрлэгчдийн толгой дээр цахиур хагалдаг болохын тулд бодлоготойгоор алхам алхамаар урагшилжээ. Эхлээд ерөнхий боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж түүхий эдийг хүссэнээрээ боловсруулж сурах явцдаа бусдын хэдий хоцрогдсон ч гэсэн тухайн үедээ л боломжийн гэж тооцож байсан үйлдвэрийн шугамуудыг хямд оруулж дотоодын хэрэгцээгээ хангаад дараа нь загварыг нь жаахан өөрчлөөд өөрийн хаяг адрестай болгох замаар явжээ. Үүнийг хийх явцад хүнээ сургаж хамгийн гол нь бид чадна гэдэг итгэл үнэмшилтэй болгож чаджээ. Монголд энэ чиглэлээр ахиц гаргах эх оронч сэтгэлгээ, санаачилга аль хэдийн биелэлээ олж эхэлсэнийг Монголд үйлдвэрлэж угсарсан троллейбус нотолж байгаа. Хийлцсэнийхээ дараа хүнээ зөөгөөд хотын гудамжаар явж байхад нь харахад үнэхээр сайхан байдаг юм шүү.
3.Экспортод автомашин хэлбэрээр эцсийн бүтээгдэхүүн гаргана. Энэ нь түүхий эдээ гүн боловсруулж сурах эхлэл тавина. Түүхий эд эрдсийн баялаг хэмнэлттэй зарцуулагдаж эхэлнэ. Бид ямар баян оронд төрсөн юм бэ гэдэгтээ жинхэнэ утгаар нь бахархаж монголчуудын маань урам зориг сэргэж эхэлнэ. Орос, Хятадын арвин зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээр хөл тавих боломж олдоно. Тэд манайд үйлдвэрлэсэн машиныг экспортын татваргүйгээр авсан ч бидэнд ашигтай. Үүгээрээ дамжуулж Оросоос нефть бүтээгдэхүүнийг хямд импортлох боломж ч олдоно.
4.Гадаадаас автомашин импортлох нь багасч автомашин худалдаж авахад зарцуулдаг гадагш чиглэсэн хөрөнгийн их урсгал хэмнэгдэнэ.
5.Сэлбэгэнд зарцуулдаг хөрөнгийг тогтоон барих боломж нээгдэнэ. Тэрчлэн автомашинд ерөнхий хэрэглэгддэг аккумулятор, дугуй, хөдөлгүүрийн тос, бүх төрлийн шүүх элементүүд, эрэг боолт, ламп зэргийг худалдан авдаг хөрөнгөө бусад хөгжилдөө зарах боломж олно.
6.Үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж сурна.
7.Шинэ бүтээл гаргаж оюуны өмчөө үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бий болно.
8.Дэд бүтцийн ашиглалт сайжирна.
9.Хүн амын төвлөрөл саармагжина
10.Ажлын байр олноор бий болно
11.Мэргэжлийн боловсрол утгатай болж ирнэ
12.Монголчууд өөрсдийн үйлдвэрлэсэн шинэ автомашинаа унаж байгаль орчны бохирдолт багасна.
13.Шинэ машин хэрэглэснээр хөдөлгөөний аюулгүй байдал, эрс тэс цаг агаараас хамааран гардаг аюул осол, эрсдлийг бууруулна.
14.Монголчуудынхаа хуучин автомашин тордоход зориулдаг алтан цаг хугацааг хэмнэнэ.
15.Үндсэн үйлдвэрлэлийн дэвшилтэй холбоотойгоор дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээ олноор шинээр бий болно.
• Б.Үйлчилгээг экспортлох нь/нэмж бичигдэнэ/
• В.Уламжлалт боловсруулалтын технологиудыг бренд болтол нь хөгжүүлж ажиллая/нэмж бичигдэнэ/
• Г.Монголчууд ухаантай, олон дээд сургуультай л юм бол боловсролын экспортыг барьж аваач/нэмж бичигдэнэ/
• Үйлчилгээний салбарын хөгжлийн бодлого/нэмж бичигдэнэ/
• Цалингийн бодлого:
А.Хийснээр нь ялгавартай цалинжуулах. /нэмж бичигдэнэ/
Б. Олон улсын жишигт тохирсон цалинжуулалтын бодлого/нэмж бичигдэнэ/
• Гадаадын хөрөнгө оруулалтанд бодох зүйл их бий: /нэмж бичигдэнэ/
А.Цөлмөгчид
Б.Жижиг хачиг том хувалз болох зорилготой
В.Хамтран ажиллагч
Г.Бага чулуугаар их чулууг доргионо
• Программчлалын зах зээлд мөнгө олж сурцгаая/нэмж бичигдэнэ/
• Экспортын гутал, хувцас үйлдвэрлэл бидэнд ойрхон байна/нэмж бичигдэнэ/
• Монгол улс цахилгаан эрчим хүч экспортлогч болбол монголчууд үнэгүй цахилгаан хэрэглэгчид болж болно/нэмж бичигдэнэ/



______________________________________________________________________
Нийтлэлийн зохиогч Д.Жамц: "Түмний зорилт Төрийн менежмент" цуврал Бодлогын чанартай нийтлэлүүд 2004 оны 6 сараас судалгаа нь эхэлж, үндсэн ухагдахуунууд томъёологдож, бичигдэж эхэлсэн тул зарим  нэг тоо баримт, мэдээлэл тэр үеийнхээрээ байгаа гэдгийг болгооно уу. 2013.12.09.12.10

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP