- Агуулгын шошго

“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр

Зорилт: Энэ хөтөлбөрийг “Монголчууд мөнгө олж сурах” хөтөлбөр гэж нэрлэе.
• Үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого гэж юу вэ?
Чирж байх ёстой юу? Чирэгдэж байх ёстой юу? Саад хийж
“шавар” болж байна уу? Эсвэл бүр гадныхны талд үйлчилж байна уу?

-Уул, уурхай хүнд үйлдвэрийн чиглэлээр төр, засгийн одоо байгаа байдлыг харвал эцсийн бүтээгдэхүүнийг монгол улс, монголчууд ойрын үед л лав экспортод гаргахгүй нь ээ. Баяжмал, цувимал, “Yellow cake” буюу “Шар бялуу” хэмээх ураны баяжмал зэрэг улстөр бизнесийн хүрээнийхний хушуураад байгаа “бүтээгдэхүүнүүд” нь бүгд л дараагийн өндөр боловсруулалт хийгээд ашиг олоход бэлэн болгосон хямд амтат бялуунууд гэдгийг энд онцлон дурьдъя.
-Монгол иргэдээ ажилтай байлгах бодлогын эсрэг зүйлийг багц багцаар нь бодож олдог болжээ. Төрөл бүрийн ажлын байр олныг бий болгодог эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс нь өмнө түүхий эдээ гадагш нь гаргачихаж байхад ажлын байр монголд олноор нэмэгдэх үү? Уул уурхайн бүтээгдэхүүнийг олзворлодог техникүүд өндөр хүчин чадалтай болсон учраас цөөхөн ажлын байр гардаг болчихсон эрин үед бид амьдарч байна. Тэгэхээр уул уурхайн олзворлолтын шатанд бид олон мянган ажлын байр үүсч тогтвортой олон жил ажиллана гэж сэрүүн зүүд зүүдлээд юүхэв. Тэгэж цалин өндөртэй сайн ажлын байрууд олноор үүсч улс орныг амжиргааг нь өөд татдаг байсан бол африк хамгийн баян иргэдтэй тив байх байлаа. Даанч ашиг хөөсөн уул уурхайн “аваргууд” тэгүүлэхгүй л дээ.
- Монгол иргэдээ олноор нь өмчтэй болгох бодлого алга. Монгол хүн өмчтэй болоход л хэрэг болохгүй юм бол гол усаа ширгээн газрын доорхи баялгаа ухсаны ач холбогдол юу байгаа юм бэ? Нөхөн сэргээлт ч хийж хүрэхгүй мөнгө татварт хагас дутуу авсан болоод тэднийг баяжуулж байх нь монгол төрийн бодлого мөн үү?
-Манайхан том бизнесийн санхүүжилтын гуравхан л аргыг мэддэг.
• Гадаадын хөрөнгө оруулах
• Зээл авах
• Буцалтгүй тусламж нэрээр гуйлга гуйх
Энд гадаадын “хөрөнгө оруулалт” гэж нэрлээд байгаа зүйл нь эрдсийн баялгийг ухаж гадагш гаргахад л хэрэгтэй зүйлсээ гадаадынхан өөрсдөө оруулж ирээд нутаг дээр нь эзэн сууж ашиг олох зэвсгээ бэлтгэж буй хэрэг. Эзэнтэйгээ орж ирсэн мөнгө, хөрөнгө оруулалт эзнийхээ эрх ашигт л үйлчилдэг гэдгийг бид зах зухаас нь амьдралаараа мэддэг болж байна. Нарийндаа гадаадын мөнгө гэж нэрлээд байгаа мөнгө нь гадаадын хөрөнгийн биржүүд дээр монголын ордууд, лиценз, тогтвортой байдлын гэрээгээр барьцаалж босгосон хувьцаа эзэмшигчдийн мөнгө байдаг. Тэд жаахан татвар л төлөх байх. Өөр юутай үлдэх вэ бид?
Зээлээр хөрөнгө босгоно гэвэл улс удаан хугацаанд түүнийг төлөх гэж махийна гэдгийг бид мэднэ. Улс ч гэж дээ татвар төлөгч нэртэй ард түмний маань халааснаас л гарна, гардаг. Тэгэхээр санхүүжилтийн өөр олон арга байхад бид заавал хамгийн өөрсдөдөө халтай аргыг сонгох нь ямар хэрэгтэй юм бэ? Энэ монгол төрийн бодлого уу?
-Ухаж гаргасан хүдэр, баяжмалыг бид өөрсдөө мэдэж борлуулалт хийх тухай бодоод ч гарз болох нь одоо мөрдөж байгаа ашигт малтмалын хуулиас харагдаж байна.
-Хайгуулын лиценз дээр ард түмэнд ашигтай ямар бодлого баримтлах тухай үсэг ч алга л байна...
-Ашиглалтын лиценз дээр ямар бодлого баримтлах тухай төр засгийн удирдагчид гэж нэрлэгдэж буй эрхмүүдээс гаргачихсан сайн баримт бичиг мөн л олж үзсэнгүй. Дарга нар үүнийг зөв шийдэж чадах чадваргүй, тэрбайтугай бүр хүсдэггүй гэдгээ хангалттай харууллаа.
-Сүүлийн үед хятадын үйлдвэрүүдийг, үйлдвэрлэгчдийг л төмрийн хүдэр, зэс, цайрын баяжмал, нефт, жонш, нүүрс, кокс, уран бүр дутуу бүхнээр нь хэрхэн хангах талаар ярьж, бичиж байна. Хятадууд ч төмөр зам тавьж, том өртөө байгуулаад хилийн цаана хүлээж байдаг болж. Энэ юу болж байнаа? Монголд үйлдвэрлэл хөгжчих вий гэж болгоомжлох мэт эсрэг бодлого яваад байгааг ард түмэн юу гэж ойлгох болж байна? Монголчууд өөрсдөө үйлдвэр байгуулах, эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах ажил бүтэх хувь заяа эгнэгт байхгүй хэрэг үү? Далай давуулж холоос тээвэрлэж байхаар хажууд чинь байгаа боломжийг ашигла гэж хятадуудад зөвлөөд, туслаад байгаа юм биш үү. Стратегийн гэж нэрлэгдсэн томоос авахуулаад бүр жижигхэн шар шаврын ордуудын ч хүртэл нөөц, байршил, лиценз нь бусад улсын иргэдэд тов тодорхой олж авахад ч амархан, монгол хүнд тэнгэрийн амьтан мэт хол хөндий сонсогддог болж эхлэв.
-Уг нь ямар түүхий эд, эрдэсийн баялгаа ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаад илүүг нь гадагш гарган дэлхийн зах зээлийн харилцаанд эн тэнцүү оролцож ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх вэ гэж бодох ёстой биш билүү?
- Ард түмний өмч давамгайлсан корпорацийг байгуулж, ашигт малтмалын ордуудыг эзэмших, ашиглах эрхийг нь ард түмэндээ өгөх талаар юу ч хийхгүй байгаа нь эрх баригчид үндсэн хуулийн заалтыг олон жил биелүүлэхгүй доромжилж байгаа хэрэг мөн биз дээ?
Тэгэхээр Монголын төр, засаг ард түмнийхээ бизнест туслах биш “услах” ажил хийж “шавар” болж байгаа байх нь ээ.
• Судалгаа, төслөөр ажил эхэлнэ:
А.Зорилго тодорхойлох:
-Зах зээлийн судалгаа/дотоод, гадаад/
-Түүхий эд, дагалдах материалын судалгаа
-Тоног төхөөрөмжийн судалгаа
-Тээвэрлэлтийн судалгаа
-Боловсон хүчний хангалтын судалгаа
-Хууль эрх зүйн орчны судалгаа
-Байгаль орчин, цаг уурын судалгаа
-Хүрээлэн буй орчинд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа
-Болзошгүй эрсдэлийн судалгаа
-Байрны хангалт
-Дэд бүтцийн шийдлийн судалгаа
-Маркетинг, борлуулалтын судалгаа
-Цалингийн систем, фонд, ажиллах бүрэлдэхүүний оновчтой харьцааны судалгаа, сонголт
-Татварын орчин
-Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хэтийн төлөв/гадаад, дотоод/
-Өрсөлдөөний судалгаа
-Хөрөнгө оруулалтын судалгаа, арга, хэлбэрүүд
Зорилго нь: Эдгээр судалгааг үндэслэн аль ч үйлдвэрлэгч бэлэн томьёонд орлуулан өөрийнхөө үйлдвэрлэн борлуулах бүтээгдэхүүнийг хаана ямар үнэтэй хэрхэн борлуулж ямар ашиг гарахыг шууд л мэддэг байх ёстой. Мөн юу юуг бэлтгэх, анхаарах, ямар арга хэрэглэхээ тов тодорхой төлөвлөж эрсдэлгүй бизнес хийх боломжоо урьдчилан харах зам энд засагдана. Үнэхээр боломжтой гэж үзсэн тохиолдолд төслөө боловсруулж эхэлдэг.
Б.Төсөл боловсруулалт:
-Гаргах бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эх загвар, 3D зураг, түүнийг хийхэд хэрэглэгдэх технологи, патент, лиценз, ноу хау
-Харилцан хамааралтай ажиллах гадаад, дотоодын байгууллагуудын гүйцэтгэх ажил, үүрэг, үнэлгээ
-"Үүлэн-Cloud" технолог/дизайн, зураг, төсөл, төсөв, үйлдвэрлэл, борлуулалт, ашиг хуваарилалтын цогцолбор-"Үүл" үүсгэж хөгжүүлэх/Нэмж бичигдэнэ. Арьс ширний, металын, оёдлын, IT программчлалын, хүнсний, хөдөө аж ахуйн г.м/   
-Эдийн засгийн тооцоо
-Санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт, хөрөнгө босголт
-Тоног төхөөрөмжийн жагсаалт, сонголт, үнэ, хангалт, сэлбэг
-Түүхий эдийн хангалт, үнэ
-Дэд бүтцийн шийдэл
-Байр, газрын шийдэл
-Байгаль орчны үнэлгээ
-Ажиллагсдын бүрэлдэхүүн, цалин
-Маркетинг, борлуулалтын шийдэл
-Гэрээ, эрх зүйн баримт бичиг
-Гадаад харилцааны шийдэл / шаардлагатай бол /
-Тээвэрлэлт
-Гарч болох эрсдэл, даатгалын тогтолцооны шийдэл
• Үйлдвэрлэл тоног төхөөрөмжгүйгээр үлгэр болно:
Монгол дархчууд багажаа гаднаас авч байсан түүх байхгүй. Хийх зүйлдээ тохируулаад өөрсдөө үйлдвэрлэдэг байв. Өөрсдийн багажаа амь шигээ хайрладаг уламжлалтай улс. Одоогийн монгол шиг бусад орноос хутга, хайчаа хүртэл авдаг орныг энэ тал дээр ахиц гаргахад өөрсдөө л хичээхгүй бол дэлхийн бүх шашин ч нийлээд тусалж чадахгүй. Хэн багаж, тоног төхөөрөмжөө хийж чадахгүй байвал тэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, чанар хийцийг нь байнга сайжруулж чадахгүй. Дэлхийд гайхагдсан бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүтээгдэхүүнээсээ хэд дахин илүү технологи, техник хэрэгтэй. Худалдаж аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох хэдий боловч шинжлэх ухаан үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжлийн үед хоцрогдохгүйгээр хир удаан тэсч чадах вэ? Багаж, тоног төхөөрөмжөөрөө хараат байгаа бол түүний сэлбэгээр бас л хараат байдаг. Хараат болгонд мөнгө төлж л амьдарна. Юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа гэж найдна. Тоног төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр явбал бид төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын тулд технологи, тоног төхөөрөмжийг заавал гаднаас худалдаж авах шаардлага гарах бөгөөд бөөн өр тавьж аваад түүнийгээ төлөх гэж янцаглаж байх хооронд технологи нь хоцрогдчихдог байна. Дотоодын том зах зээлтэй орнуудад татвар, гаалийн бодлогоороо хүчээр ашигтай байлгаж болдог. Жш нь: Оросын автомашины үйлдвэрүүд хоцрогдсон бүтээгдэхүүнүүдээ ард түмэндээ одоог хүртэл засагтайгаа нийлэн шахаж байгаа шиг. Гэтэл оросын автомашиныг хэрэглэдэг өөр орон гэж үнэндээ алга болжээ. Жижиг зах зээлтэй орнууд энэ аргыг хэрэглээд сайнаа үзэхгүй. Харин түүний оронд түрүүлж сэтгээд илүү боловсронгуй тоног төхөөрөмж бүтээж бусдыг технологийн дарамтад оруулж чадаж байвал илүү амттай байх нь зайлшгүй. Бүхнийг өөрсдөө хийнэ гэвэл бас л үл гүйцэлдэх санаа болно. Жижиг орон цөөн нэр төрлөөр томхон зах зээлийг бүтээгдэхүүн, түүнийг үйлдвэрлэдэг багаж, тоног төхөөрөмжийнх нь үйлдвэрлэлтэй эзэлж авчихаад түүнийгээ гол бамбай мөнгө олох хэрэгсэл болгоод бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологи, тоног төхөөрөмжийг бусдаас шилж худалдаж аван үйлдвэрлэлээ явуулж хурдан шинэчилж байх бодлого барьдаг аж. Түүнчлэн түүхий эд, эрдсийн баялагийн үндсэн боловсруулалтыг хийдэг техник, технологи харьцангуй удаан бараг шинжлэх ухааны том нээлт хийж байж өөрчлөгддөг байхад эцсийн бүтээгдэхүүний бусад бүтээгдэхүүнээс ялгагдах онцлог болсон нарийн боловсруулалтыг хийдэг тоног төхөөрөмж тун хурдан хугацаанд хоцрогддог байна. Жш нь: Ган гаргаж авахад хэрэглэдэг домен ба мартен зуухны үндсэн процесс явуулдаг тоног төхөөрөмжүүд удаан хугацаанд бараг өөрчлөгдөөгүй байхад автомашины кузовын төмөр эд ангиудыг хийдэг багаж тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн шугамууд хэдэн мянган удаа өөрчлөгдсөн байх жишээтэй. Тиймээс эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй тоног төхөөрөмжүүдээр эцсийн бүтээгдэхүүнийг аривхан хэмжээгээр хурдан хугацаанд хийж өргөн зах зээлд борлуулж анхдагчийн ашиг буюу пионер ашгийг гаргаж авчихаад хурдан шинэчилж байх бодлого барьж байх хэрэгтэй. Тэрч байтугай зарим тоног төхөөрөмжийн ерөнхий процессоо дагасан хэсэг өөрчлөгдөхгүй загвар талаа дагасан хэсгүүд нь байнга өөрчлөгдөж байдгийг хуванцрын машины хайлуулах, шахах хэсэг нь бараг өөрчлөгдөхгүй хэв нь байнга өөрчлөгдөж байдгаас харж болно. Өөрөөр хэлбэл хуванцарын машиныг байн байн өөрчлөгдөнө гэж айлгүй худалдаж авч хуучиртал нь хэрэглэж болох бөгөөд харин олон төрлийн хэвний эрэлд байнга мөнгөө үрж байх хэрэг гарна гэдгийг ойлгож хөрөнгө оруулалтаа хийх шаардлага гарах нь ээ. Тиймээс хэвний үйлдвэрлэл гэдэг маш том салбар металл болоод металл бус эд ангийн үйлдвэрлэлийн эхний үе шатанд загвар дизайны боловсруулалтын дараа онцгой эрхтэй байршсан байдаг юм.
• Бид юу юуг боловсруулж сурах ёстой вэ?
А.Хар төмөрлөг, ган
Б.Өнгөт төмөрлөг /нэн тэргүүн зэс, хөнгөн цагаан түүний хайлш/
В.Шил
Г.Хуванцар
Д.Резин
Е.Бусад нефтийн бүтээгдэхүүнүүд
Ё.Мод, цаас
Ж.Барилгын материалууд
З.Мал аж ахуйн түүхий эд
И.Газар тариалангийн бүтээгдэхүүнүүд
К.Химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд
Эдгээрийг боловсруулж сурахын төлөө цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулсан орнууд хэзээ ч алдсангүй. Харин дуртай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зараад хөрөнгөтэй болцгоожээ. Бид энэ замыг тойрох гээд юм уу монгол хүн үүнийг хийж чадахгүй гэж хулчийн бодоод бусдын бэлэн бүтээгдэхүүний боол нь болж таарахгүй.
• Хөрөнгө оруулалт санхүүгийн бодлого
А.Бирж нь хөрөнгө оруулагч үйлдвэрлэгч хоёрын уулзах цэг:
Улс орнуудын хөгжлийн түүхийг судалж байхад хөрөнгөтэй болсон улсууд, том үйлдвэрлэгч нарт эхний үедээ үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй зүйлс нь бүгд бэлэн байж байсан удаа нэг ч алга. Харин хийж бүтээх зориг эрмэлзэл л хангалттай байсан аж. Энэ зориг эрмэлзэл гээд байгаа зүйл маань ямар нэг зүйл муйхраар эхлэхийн нэр биш харин бодитой хийхийн тулд холыг харсан судалгаа шинжилгээ, бүхнийг тооцсон нарийн бодлоготой хөдөлмөр байжээ гэдгийг явж ирсэн замнал нь харуулдаг. Шантарвал шантрахаар нөхцөлд сэтгэл гарган алсыг харсан бодлоготойгоор уйгагүй ажиллаж байж оргилд гараад дараагийн оргил руугаа мацаж эхэлдэг байна. Олон бэрхшээлийн дундаас тухайн төсөл хөтөлбөрөөр дамжин хэрэгжих үйлдвэрлэл үйлчилгээг барьж байгуулахад хэрэгтэй хөрөнгийг босгох ажил дугаар хоёрт дандаа гарч ирж байжээ. Мэдээж дугаар нэг нь тухайн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг бодож олж төлөвлөх ажил нь байдаг тул шаардлагатай хөрөнгийг босгох явдал ямар их ач холбогдолтой болох нь одоо харагдаж байна. Алдартай үйлдвэрлэгч нарт хэзээ ч шаардлагатай мөнгө нь байсан удаагүй. Алтан санаагаа ажил хэрэг болгоход бирж гэдэг буянтай байгууллагыг байгуулах санаа хүнээс л гарсан юм шүү. Биржийн бас нэг ашигтай тал нь банк шиг бариу хугацаа, өндөр хүүгээр үйлдвэрлэгчидийг шахаж сандарган ажлыг нь хийлгэхгүй дарамтанд оруулдаггүйд оршдог. Төлөвлөсөн ажлаа хугацаанд нь яв цав хийж тайлагнаж л байвал нэгэнт түүнийг хүлээн зөвшөөрөөд хөрөнгөө оруулсан эрхэмүүд ашиг гарна гэдэгт итгэн цаг хугацааны боломж олгосоор байдаг юмаа. Буянтай гэж нэрлэж байгаагийн нөгөө нэг учир нь мөнгөтэй хүнд түүнийгээ хоногийн 24 цагт тасралтгүй өсгөх боломжийг чухамхүү бирж олгодог. Хэний төсөл, хөтөлбөр бодитойгоор мөнгийг нь найдвартай өсгөх вэ гэдэг сонголтыг хийж хөрөнгөө оруулж болдогт биржийн бас нэг гүйцэтгэх үүрэг оршиж байна. Оруулсан хөрөнгөө буцааж татах, өөр салбар, үйлдвэрлэлд оруулах боломж ч нээлттэй. Биржийн гол үүргийн бас нэг нь хяналтыг бодитойгоор тавих ажлыг хөрөнгө оруулагчидад олгодогт оршино. Түүнчлэн бага хөрөнгөтэй талууд нийлж том хөрөнгө оруулалт хийгээд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр дуу хоолойгоо дуугаргах боломж биржээр дамжиж гарч ирдэг. Тэрч байтугай хөрөнгөө өсгөсөөр тухайн үйлдвэр, үйлчилгээнийхээ эзэн нь болох боломжийг гагцхүү бирж олгодог. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эрх чөлөө, мэдлэг хоёроо түмний үзүүлэлтээр бодитойгоор нь харна гэсэн үг. Монголын хөрөнгийн бирж юун дээр урагш ахихгүй байна вэ? Үүнд:
1.Мэдээлэл, сурталчилгаа
2.Хөрөнгө оруулагчдын хөрөнгийг өсгөх ажил мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй байгаагаас хүмүүс хөрөнгөө бирж рүү оруулахгүй банк, хадгаламж зээлийн хоршоо зэрэгт оруулж буруудаж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэггүй, төлөөлөн удирдах зөвлөлөө хувийн багаасаа бүрдүүлдэг зэрэг гаж зүйлс эргээд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах үүд хаалгыг нь хааж байна. Цоорхой хууль, авилгалаар асуудлаа шийдэж чадаж байна гэж ойлгодог монгол компаниуд гадаад зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээгээр олигтой амжилт олохгүй байгаа нь бидний бүх зүйлийг хуурч хулхидаж давж болно гэж ойлгодогоос үүдэлтэй. Олон үе дамжин зах зээлийн суурин амьдралаар хөгжиж ирсэн бусад улс орнуудыг бид хуураад амжилт олчихно гэж ер бодохын ч хэрэггүй. Сайн үйлдвэрлэл, үйлчилгээг шударгаар эрхэлж байж л хүн харах хөрөнгөтэй, түүнийгээ өсгөх аргатай болж төлөвшинө. Тэхдээ бүр гадагш чиглэсэн хандлагатай байхыг эрхэмлэх хэрэгтэй.
3.Хяналт алга. Бусдын хувьцааг өөрийнхөө нэрээр оруулж ашиг тоншиж байгаа брокерийн ажилтантай бирж энэ дэлхийд манайхаас өөр газарт байдаг уу? Бас компаниуд нь өөрийн дотоодын жинхэнэ тайлан, татварт үзүүлдэг тайлан, хувьцаа эзэмшигчдэд үзүүлдэг тайлан , банкинд үзүүлдэг тайлан гэх зэрэг эрүүл бус зүйлийг бодож олсон нь эргээд эрүүл эдийн засаг, эрүүл бирж хөлөө олон зах зээлийн жамаараа хөгжихөд гай болж байна. Олон тайлан, дансыг төрүүлдэг татварын шатлал, нэмүү өртөгийн татварын монгол загвартай буруу үйлчлэл биржийг ч хөл дээр нь босгохгүй зовоож байна.
4.Монголын үйлдвэрлэгчдийг гадны хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоход туслалцаа үзүүлж чадахгүй байна. Бид үйлдвэрлэл хөгжүүлэхэд мөнгө, хөрөнгө дутагдаж байна гэж ярьдаг. Гэтэл манайд зээл, тусламж үзүүлдэг орнууд бүгд л хөгжилдөө хөрөнгө оруулах урт богино хугацаатай бондыг гадаадын том биржүүд дээр арилжиж хөрөнгө босгож байна. Мөнгөтэй мөртлөө бусдын мөнгийг өөрийн хөгжилдөө байнга ашиглаж байдаг гэсэн үг. Та “Bloomberg”-ийн телевизийн сувгийг юм уу www.bloomberg.com хаягаар интернетэд ороод нэг анхааралтай үзээрэй. Тасралтгүй хөдөлгөөнд орших тоонуудыг тогтож нэг хараарай. Аваргуудын тоглоомын талбар нь энэ юм шүү дээ. Нөгөө бренд үйлдвэрлэгчид чинь чухам энд л хөрөнгөө босгож, дэлхийн зах зээлд чадвар, чансаагаа хором бүрд үнэлж, үнэлүүлж байдаг. Хөрөнгийн зах зээлд хөлөө олохгүй амьдрах арга хүн төрөлхтөнд хомс. Барьцаалах хөрөнгө бидэнд хангалттай бий. Монголын ард түмний өмч болох ашигт малтмалын ордуудаар барьцаалж гадаадын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгож байгаа гадныхны биднээс ялгаатай тал нь юунаас ашиг олж болохыг олж харж чаддаг мэргэжлийн өндөр мэдлэг, туршлага, идэвхтэй үйл ажиллагаа л юм. Бид үүнийг л хийж сурчихвал өөрсдөө газрынхаа баялаг, малын ашиг шим, түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гарах мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Зөв зам яг энд л бий! Гадны хөрөнгийг өөрийнхөө зорилгод төвлөрүүлж, тэднийг монгол нутаг дээр эзэн суулгахгүйгээр асуудлыг шийдэх арга нь чухам энэ. Үүнийг хийхэд бид ямар хөрөнгөтэй болох, ямар зүйл хийх гэж байгаа, ямар чадвартай болохоо олон улсын санхүүгийн үнэлгээний нэр хүндтэй байгууллагуудаар үнэлүүлж байж эхэлнэ. Үүний эхлэлийг “Хас”, “Худалдаа хөгжлийн банкууд” тавьж Moody-гээр амжилттай үнэлүүлж гараагаа сайн эхэлж байгааг бүгдээрээ сайшаая. Монголын бусад том компаниуд ч энэ жишгээр дэлхийд хөлөө нийлүүлэхийн төлөө зориосой гэж уриалж байгаа юм. Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн бирж ч идэвх санаачлага гарган анхны алхамуудаа дотоодын зах зээлд хийж зөв чигт хөдөлгөөнд орж байгаа нь ард иргэд, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Түүнчлэн ашигт малтмалын ордуудаа барьцаалж гадаадын хөрөнгийн биржүүдээс улсынхаа хөгжилд хөрөнгө оруулалтын журмаар ашиглах хөрөнгийг босгоход олон улсын стагдартад тохирсон аргачлал, аргуудаар нөөцөө хөдөлбөргүй тогтоосны дараа барьцаалах эрхтэй болох юм. Тухайн ордыг барьцаалж хөрөнгө босгогч хуулийн этгээд нь дотоодын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй байсан тохиолдолд гадаадын биржүүдээр үнэт цаасаа арилжаалах боломжтой болдогийг энд дурьдах нь илүүц болохгүй бизээ.
5.Монголын хөрөнгө оруулагчдыг гадаадын хөрөнгийн зах зээлд гарч хөрөнгөө өсгөн өөрийн чанар чансаа, билэг авъяасыг бусдын үнэлэмжээр харахад нь тус болох ажил эхлүүлж, эрхэлсэнгүй.
6.Харилцагчдаа сургах, боловсруулах, бололцоогоо олж харахад нь туслах ажил хийж чадсангүй. Энэ нь тэд өөрсдөө дээд зэрэг сурч боловсорч чадаагүй байгаагийн илрэл үү? Эсвэл мэдэхгүй байна уу? Хүсэхгүй байна уу? Бүр бололцоогүй зүйл яриад байна уу?
Ийм олон зүйлийг хийхгүй байгаагаас үйлдвэрлэгч хөрөнгө оруулагч хоёрыг жинхэнэ уулзуулж бужигнуулж байх ёстой газрынхаа үүргийг биелүүлж чадахгүй өлгийдөө өтөлж байна даа.
Б.Барьцаагүй хүн зээл авч үйлдвэрлэгч болж болох хувь заяагүй юу?
Миний бодож олсон Нийлмэл синтезийн буюу Бизнес-санхүүгийн өргөтгөсөн циклийн арга энэ асуултад хариулна.



В.Бизнесийг санхүүжүүлэх хэлбэрүүд:
- Улсын төсвөөс шууд хөрөнгө оруулалтаар.
-Хувийн хөрөнгө оруулалтаар
-Гадны хөрөнгө оруулалтаар
-Гадаад нээлттэй хувьцаа гаргах аргаар
-Хоршоо байгуулах аргаар
-Хамтарсан үйлдвэр, үйлчилгээ нээх аргаар
-Зээлээр
-Дотоод буюу хаалттай хувьцаа гаргах аргаар
-Тусламж, хандиваар
-Бонд-өрийн бичиг гаргах аргаар
-Нийлмэл синтезийн буюу Бизнес-санхүүгийн өргөтгөсөн циклийн аргаар
• Даатгалын оролцоо:
Бизнесийн даатгалаас айж байна уу, мэдэхгүй гайхаж байна уу?
Даатгал гэж аливаа эрсдэлтэй зүйлийг даатгахыг хэлнэ гэж хэлэхээр танд дэндүү энгийн мэддэг зүйлийг тань хэлж байгаа мэт санагдах байх. Гэвч монголчууд бид жинхэнэ утгаар нь ер нь даатгаж, даатгуулж чадаж байгаа юу? Бөмбөгөрт бараагаа шатаалгасан САПУ-гийн хохирогчид, хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хулхидуулсан иргэд, тэднийг хулхидсан хоршоонууд даатгалтай байсан уу? Одоо лангуу түрээслүүлж байгаа газрууд, бөөний худалдаа эрхлэгчид, захууд үүнээс сургамж авч даатгагдсан уу? Дахиад л хохирсон хойноо талбай дээрээ гарч жагсах уу? Бид энэ тал дээр бусдаас дэндүү хоцрогдсон ойлголттой байна. Гал, усны гамшиг гарсан тохиолдол болгонд даатгалын байгуулгын үйлчилгээ хүрээгүй, хохирогчид нь хүмүүнлэгийн байгууллагууд, иргэдээсээ, дарга нараасаа тусламж гуйсан өрөвдөлтэй байдалд орсон дүр зураг байнга давтагдаж байна. Нүүдэлчин монголчууд бид шинэ газар нүүж буугаад эхлээд гэрээ барьж уяныхаа шонг хатгадаг. Суурин иргэншлээр амьдардаг орнууд түрүүлж газар, түүнийхээ баталгаа, даатгалын төлөө санаагаа зовоодог. Ялгаатай байгаа биз?! Хотын иргэд болохын тулд хотын соёл, амьдралд дасах хэрэгтэй. Хөдөө морь унахдаа өндөр өсгийтэй туфль өмссөн байх нь хэрэглээ талаа бодсон ч, бусдын өмнө яаж харагдах талаа бодсон ч зохисгүй гэдэгт хэн ч санал нэг байх. Түүнтэй адилхан бизнес эрхлэх, зах зээлийн нийгэмд амьдрах, ажиллахад даатгалгүй нэг ч алхам урагшлах арга байдаггүй гэдэгт та итгээрэй. Бас даатгалын байгууллагууд ч даатгалын шинэ шинэ бүтээгдэхүүнүүдийг монголчууддаа санал болгоорой. Бусад улс орнуудад байдаг байтугай байдаггүй ч үйлчилгээг гаргаж ирж болно шүү дээ. Ганцхан л гол зарчим байгаа тэр нь хамгийн эхэнд дурьдсан эрсдэлийг урьдчилан олж харах, болзошгүй эрсдэлийн талаар даатгуулагчиддаа мэдлэг олгох, даатгах, осол гамшгаас хэрэглэгчтэйгээ хамтран урьдчилан сэргийлэх, яалт ч үгүй гарсан тохиолдолд хохиролыг нөхөн барагдуулах. Өөрийн чадвар хангалттай хүрэхгүй гэж үзсэн тохиолдолд давхар даатгал буюу reinsurance гэдэг аргыг хэрэглэдэг. Бизнесийн даатгал баруунд олон хэлбэрээр дэлгэрсэн байдаг. Бүр комплекс даатгалууд ч байдаг. Бид нүдээ жаахан том нээвэл шууд хуулбарлахад бэлэн зүйлс ч их бий. Даатгалын байгууллагуудтай хамтрах буюу дэмжлэг дор нь ажлыг нь гэрээгээр гүйцэтгэдэг байгууллагууд ч байдаг. Санаачилга дутаж байна. Социализмын үеийн автын үзлэгийн үеэр гарч ирдэг хулхи даатгал даатгал биш ээ. Тэд мөнгөө л авсан бол сүүлд нь хэрэгтэй үед олдохгүй, олдсон ч луу унжина, бөөн чирэгдэл болно. Түүний орыг залгаж хөрөнгийг өвлөсөнөөр гарч ирсэн дээ эрэмшээд олигтой ажиллахгүй байгаа даатгал ч даатгал биш. Өндөр хөгжилтэй оронд даатгалын байгууллага хэрэглэгчийнхээ дандаа дэргэд нь байж тусалж байдаг болохоор тэдэндээ даатгуулагчид нь бүрэн итгэж тэр чанараараа эрсдлийг урьдчилан сэргийлж даатгалын байгууллагууд нь улам хөрөнгө мөнгөтэй болж томрон үйлчилгээнийх нь цар хүрээ, эрсдлийн сан нь нэмэгдэж байдаг байна. Хүнд хүрсэн хэрэглэгчтэйгээ хамтарч ажилладаг даатгал л зах зээлд хэрэгтэй байна. Хэвлэл мэдээлэлээр ч гэсэн архи сурталчилж байхаар даатгал сурталчилж байвал алсдаа хэрэгтэйсэн.
• Сургалт, мэрэгжлийн боловсон хүчний хангалтын бодлого:
Юуг хөгжүүлэхээс юунд сургах нь тодорхой болно. Түлхүүр үйлголт нь ердөө энэ. Ямар зүйл хийж, юугаар дэлхийд өрсөлдөхөө тодорхойлж чадсан бол хэнийг хэн болтол сургах нь дагаад аяндаа бүтэх зүйл. Үүнийгээ тов тодорхой болгож, хийхгүйгээр хүнээ сургах ажлаа эхэлсэн бол ажилгүй сэхээтэн, дипломтой ТҮЦ-ний худалдагч, сауны “массаж”-чинтай л болно. Үр дүн нь ийм л байгаа. Хэрэв үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэлхийд өрсөлдөхөөр болгоё гэж зориг шулуудах л юм бол түүнийг авч явах бизнесменүүд, менежерүүд, инженер, техникийн ажилтан, мэрэгшсэн ажилчинаа сургаж, хүмүүжилтэй болгох шаардлага заавал тулгарна. Мөн хэдий боловсрол, мэрэгжилтэй боловч өөртөө, гэр бүлдээ, эх орондоо хайртай, зорилготой болж төлөвшөөгүй, хүмүүжээгүй, бэрхшээлийг давж гарах хатуужилтай болоогүй бол бас л хэрэг нь гарахгүй. Нутаг усаараа тал талаас нь хүмүүжүүлж, сургаж байгаад хүүхдээр хүн хийж чаддаг байсан ард түмэн шүү бид чинь. Хуулиар шийдэх гээд барахгүй байгаа одоогийн олон зүйлийг ёс суртахууны хэм хэмжээгээр, зүйр цэцэн үгээрээ, уламжлалаараа, өтгөс буурлуудаа хүндэтгэн үг сонсох нийтийн хүндэтгэл нэгдмэл ойлголт, итгэл үнэмшлээрээ шийдэж чадаж байлаа. Зөв хүмүүжилтэй залхуу биш хүнийг мэрэгжилтэй болгон сургах нь тийм ч хэцүү зүйл биш.
• Түүхий эд, материалын хангалтын бодлого
Түүхий эд, эрдсийн баялаг хэрхэн гүн боловсруулж юу үйлдвэрлэснээсээ хамааран 2,5-аас 60 дахин нугардаг. Дэлхийн жишгээр нэг жип машин үйлдвэрлэхэд 600-950 кг төмөр ордог байна. 1 тонн төмрийг экспортлоход 1000 орчим “ногоон” олно. Олборлолтын болон тээврийн зардал зэрэгт 350 орчим нь гарчихдаг гэвэл 650 орчим доллар олж болох нь л дээ. Жип үйлдвэрлээд гаргавал 35000-150000 доллароор зарж болно. Бүх зардал, бусад материалын өртөг, эрсдэлийг 75% гэж тооцдог дэлхийн жишгээр үзвэл нэг машинаас 8750- 37500 долларын ашиг олж болох нь. Гэтэл 230 сая тонн төмрийн өндөр агуулгатай хүдрийн нөөцтэй Төмөртэйн ордын ашиглалтын лицензийг хятадуудад өгчихөөд хэрүүл тэмцэл болж байгаа төрийг Монголын ард түмний эрх ашигт таарсан ажил явуулж байна гэж үзэх үү эсвэл хорлон сүйтгэх ажил хийж байна гэж үзэх үү. Төмрөө хямдхан гаргаж явуулчихаад төмрөөр хийдэг машиныг гадаадаас өндөр үнээр авч унадаг энэ буруу сэтгэлгээг яах вэ? Гадаадын машин үйлдвэрлэгчидтэй хамтран монголд машин үйлдвэрлээд цадаж ханахаа мэдэхгүй их зах зээлтэй хоёр хөрш рүүгээ экспортолж чадвал бид хямд шинэ машин унах хувь байгаа л юмсан. Ард иргэддээ үнэгүйгээр өгөх ч эдийн засгийн боломж байгаа шүү. Машинаа болилоо гэхэд хумсны хутга мэтийг үйлдвэрлээд зарахад яагаад ашиг олж чадахгүй байх билээ. Тийм өндөр технологи түүнд орох уу? Дээр дурьдсанаар жишээлэн цааш яривал дэлхийн хумсны хутганы зах зээлийг тийм их хүдрийн нөөцтэй орд өчүүхэн жаахан хэсгээрээ л хангаж чадах нь ойлгомжтой байна. Дэлхийн хумсны хутганы зах зээлд эргэлдэж байгаа мөнгийг нэгтгэвэл манай улсын төсвийн дэргэд аварга тоо гарах байлгүй дээ. Өмнөд хөрш өөд уруугүй чанартай чанаргүйг том жижиг гэж гололгүй үйлдвэрлэсээр мөнгөтэй болжээ. Одоо нэгэнт мөнгөтэй болсон тул хамгийн шилдэг технологийг шилж худалдаж аваад дэлхийг хятадгүйгээр төсөөлөхийн аргагүй болгож чадсан сайн туршлага байна. Хойд хөрш байгалийн баялгаа баячууд төрүүлэх хөшүүрэг болгож чадсанаар бас л дэлхийн толгой баячуудын тоог оросын иргэдээр зузаатгалаа. Бид л дэлхийн хоосорсон орнуудын хар туршлагыг монгол хөрсөн дээрээ турших оролдлогыг дээд түвшиндээ улайран уралдаж хийж байгааг ард түмэн шүүмжилсээр байхад сэрж ухаарахгүй аль л эх орны баялгийг хямд худалдсан нь машин байшин мэтхэнтэй болж тэрийг нь залуучууд сайхан амьдрлын жишиг гэж ойлгодог болж төлөвшиж байгаа нь нэн ч буруу гэж одоо л ойлгохгүй бол хождоно. Сүүлийн үед уул уурхайн түүхий эдийг үнэд орж байгаа дээр нь хурдхан гадагш гаргаж зараад сайхан амьдрах тухай ярьж ухуулж байна. Эрдсийн баялаг ялзарч муудаад ханш нь унадаг зүйл ч биш. Өнөө маргаашийн ханшны өөрчлөлтийн зөрүүг ашиглах гэж хэт улайрах нь наймаачин хүний л сэтгэлгээ болохоос үйлдвэрлэгч, бүтээгч хүний сэтгэлгээ биш юм. Тэрчлэн сайхан амьдрал гэж тэмцэл бэрхшээлийн дунд амжилтад хүрэхийг хэлэхээс биш импортын бараагаар өөрсдийгөө булхахыг хэлэхгүй ээ. Технолог, төхөөрөмжүүд олж цуглуулаад хүдрээ боловсруулаад төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх, зөвхөн хийх л хэрэгтэй биз дээ. Олон юм бодож эргэж буцах эрх бидэнд байна уу? Тэгэж том зорилт тавиад түүнийгээ бүтээхийн төлөө бүх арга замыг олж ард түмнээрээ хамтран зориглон хөдөлсөн орнууд дорхноо сэхэж дэлхийн бодлого тодорхойлдог орнуудын эн зэрэгт хүрдэг бус уу. Дотоодын түүхий эд, эрдсийн баялгаа хямгатай, үр дүнтэй зарцуулсан орон бурууджээ гэж би сонсоогүй харин цөлмүүлчихээд амаа хөдөлгөх үмх мах, атга будааны төлөө гуйлга гуйж яваа орнууд л модоо барьж байгааг харлаа. Монголд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн нөөц байгаа. Харин холч алсыг харах ухаан л алга. Нүхгүй махан толгой гарган дээр доргүй архи ууж, авилгал хөгжүүлж “хөгждөг” туршлага хаана байгаа юм бэ?!
• Татвараар дэмжих нь
А.Монголд сайн ажилласан нь их татвар төлдөг систем үйлчилж байгаа.
Уг нь муу ажилласан нь их, сайн ажилласан нь бага төлдөг бол зөв
байхсан.
Хэн сайн ажилласныгаа өндөр татвараар дарамталж аваад олигтой хийсэн юм ч байхгүй хэдэн дарга нэртнүүд сонгуулийн амлалтаа биелүүлж байгаа дүр үзүүлэн тарааж цацах, шаардуулан байж хийсэн өчүүхнээ өндөр үнэ хүргэн дамлах арга хэрэглэх нь хэнд хэрэгтэйг жирийн ард иргэд маш сайн ойлгодог болж. Сонгуулийн шоугаар хоногийн хоол хийж болдоггүйгээс хойш үндсээрээ буруу гэдгийг ухаарахад дээд тоо бодох хэрэг байхгүй. Мөн ар гэрийнхээ байгааг архинаас өгөөд уучихдаг “Сайн эрчүүдийг” ажил хийлгээд тэрнээс нь татвар авдаг байхад маш буруу үйл үү? Тэгэхээр татвар дээр шууд л зөв систем тогтоох нь алсдаа хэрэгтэй. Үүнийг түс тас л шийдэх эрхийг ард түмэн л өөрсдөө тэмцэж олж авахгүй бол дарга нар хуурна, хуурсаар ч байгаа. Ард түмний арчаа гэж чухам л зөв зүйлийг дарга нараараа тэдний хүслийг нь харгалзахгүйгээр шаардаж хийлгэж, хянахыг хэлдэгийг хөгжсөн орнуудын туршлага баталж байна. Хийхгүй байгааг нь авч хаяхгүй бол өөрийгөө тойруулаад хогийн ургамал ургуулан гай болдог нь хүн төрөлхтөний түүхэнд олон орны гашуун туршлагаар илэрхий болсон зүйл. Тэднийг “нам” ярьж хайрлаж хамгаалах нь амьдралд юу ч өгөхгүй байгааг харж байгаа биз дээ. Тэртэй тэргүй монголд элэг зүрхнээсээ хайрлаад нус нулимстайгаа холилдчихоор олигтойхон нам шиг нам ч байхгүй л дээ. Ёстой л “зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдэгийн” үлгэрээр архи мөнгө тараан байж сонгуульд ялахчаа аядах юм даа.
Б.Баарны эзэн, талх үйлдвэрлэгч хоёр ижил татвар төлөх нь ямар муу
үр дагавартай вэ?
Материал баялаг үйлдвэрлэх нь хүн согтоохоос бага ашигтай, яршиг төвөг ихтэй нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ тэр яршиг төвөг ихтэй хөлсөө урсгаж ухаанаа уралдуулдаг хэцүү зам нь л улс орныг хөгжүүлж хүн харахтай болгодог болохоор тэр зүгт л бүхнийг төвлөрүүлэх хэрэгтэй байна. Татварын орчныг үүнд л хүчтэй мэдрэгдэхээр онцгой ялгавартай үйлчлүүлэхгүй бол өөр юунд үйлчлүүлэх билээ. Товчхондоо улс орны амьдралд хэрэг болдоггүй олон төрлийн үйлчилгээ, үйлдвэрлэл бас байдаг юм байна гэдгийг бид амьдралаараа ойлгоцгоолоо. Архи үйлдвэрлэлийг татвараар дэмжвэл архичидыг төрүүлнэ, баар дэн буудлыг хяналтгүй дэмжвэл янхан олшроно, талхны үйлдвэрлэлийг дэмжвэл талхаар дутахгүй, малчнаа дэмжвэл мах, сүү, түүхий эдээр дутахгүй, хэрэгтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжвэл хэрэгтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө. Бодоход энгийн мөртлөө монголчуудын хийж чадахгүй л байгаа зүйл дээ.
В.Юуг хөгжүүлэхээс ямар татвар авах нь хамаардаг болгоё л доо!
Монголын дээд суудлын эрхмүүд татварын хуулийг төсөв бүрдүүлэх дан ганц сохор мөнгөний нүхээр харж хийх юм даа. Энэ нь татвар гэдэг “еэвэнгийн” зөвхөн нэг л тал нь. Нөгөө хамгийн хэрэгтэй тал нь улс орны өөдөлж дэвжих ирээдүйд хүрэх замыг засах ёстой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс ямар төрлийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд хэзээ, ямар хэмжээний татвар авахаа урьдчилаад зарлачихдаг байвал ямар үйлдвэрлэл, үйлчилгээг ямар хэмжээгээр эрхлэхээ хэн нь ч бусдаар нэг их заалгаад байхгүй байлгүй дээ. Жишээ нь: Дараагийн жил гадаадын импортын хүнсний ногооноос өндөр татвар авна, өөрсдөө таривал татвар авахгүй гээд зарлачихвал олон хүн ногоо тарьж ашиг олохыг бодох нь дамжиггүй, ашиг олохоор хэмжээнд тарьж чадахгүй нэг нь гэр орны хэрэгцээгээ хангахад зориулж хөрс, хүрз, үр, бордоо нийлүүлэх нь ойлгомжтой. Тэрний дараагийн жил консервлосон ногооны импортоос 100 хувийн татвар авна гээд зарлачихсан байвал бүх нийтээр ногоо консервлож сурах гээд бужигнацгаана даа. Татварыг ийм аргачлалаар боловсруулахад ямар том хөтөлбөр, судалгаа мэтийн юм хэрэгтэй байгаа юм бэ? Шууд л хийх ажил биз дээ?
• Гадаад харилцааны “Мөр гаргах, зам засч өгөх” дэмжлэг
А. Өөрийн улсын түүхий эдэд тохирсон шилдэг технологи, техникийн эрэл хайгуул, судалгаа: Албаны хүн явуулаар очоод хальт мөлт үзээд бүхнийг шийдэн үзэглэх нь дэндүү гоомой зүйл болно. Тэд төсвийн мөнгөөр зугаалж хий шагширч байгаад л ирдэг байдал социализмын үед ч байсан, одоо ч яг хэвээр! Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа үүнд татан оролцуулбал тухтай нь аргагүй судлаад түүнийгээ өөрсдөө аваад ирэх байх шүү. Хэрэгжүүлэх хүн нь технологитойгоо хамт бэлэн болж байна гэж ойлгоорой. Харин тэдэнд орж ирээд бизнес эрхлэх таатай орчныг л бид бүрдүүлсэн байх хэрэгтэй. Япончууд яг энэ аргыг хэрэглэж технологийн хулгай хийж эх орондоо нутагшуулсан. Тэд иргэддээ мөнгө өгөөд энэ ажлыг хийхийг дэмжсэн байдаг. Бид мөнгө ч өгөөгүй, эрх ашгийг нь гадаад харилцаагаараа хамгаалж дэмжээ ч үгүй байсаар байна. Харин ч нутагтаа ирээд үйлдвэрлэл эрхлэх гэхээр нь элдэв гох дэгээ тавьж, хуримтлуулсан жаахан мөнгийг нь хадгаламж зээлийн хоршоонд зохион байгуулалттайгаар оруулж дампууруулжээ. Тэд уг нь яг орчинд нь ажиллаж судалгааг яс махаараа хийгээд гадаадад мэргэжлийн сургалтанд яваад ирж байгаа юм шүү дээ. Оюутан залуучуудын маань хөдөлмөр, сурлага бас үүнд чиглэгдэх ёстой. Гадаад харилцааны салбарт төсвөөс цалинжаад ажиллаж байгаа бүтцийн хувьд цаг минут бүрд сэтгэл тавьж хийдэг ажил нь энэ байх ёстой. Эх орондоо ажиллаж амьдарч байгаа иргэд ч интернетээр ийм ажлыг хийж байхад хэзээ ч илүүдэхгүй. Ядаж л хэлний мэдлэг нь дээшилж л байх хэрэг шүү дээ.
Б. Технологи шилжүүлэн нутагшуулах гэрээ хэлцлүүд, ноу хау
В.Техник, тоног төхөөрөмжийн хангалт, нийлүүлэлтийн тохиролцоонууд
Г. Түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тохиролцоонуудыг жагсаалтаар зөвшилцөх
Д. Эцсийн боловсруулалттай бүтээгдэхүүнийг жагсаалтын дагуу нийлүүлэх тохиролцоонууд
Е. Татваргүй орчин-Эдийн засгийн чөлөөт бүсүүдийн тухай хэлцлүүд.. Үүнийг хоёр хөршийнхөө зах зээлд тэдний дургүйг хүргэхгүйгээр нэвтрэх гол гарц болгох хэрэгтэй. Тэд нэгнийх нь барааг нөгөөд нь реэкспортолж завсрын өндөр ашиг унагаахад нэн дургүй. Харин тэдний зөвшөөрөлтэйгөөр өөрсдийн үйлдвэрлэсэн цөөн нэр төрлийн жаахан барааг оруулж монголын эдийн засгийг дэмжээч гэсэн хүсэлтэд ер татгалзахгүй гэж боддог шүү. Тэдэнд, тэдний зах зээлд жаахан мэт санагдах зүйл жижигхэн монголын хувьд агуу их боломжийг авчирна. Чөлөөт бүс гэхээр юугаа ч хийхэд дур гэж ойлговол том эндүүрэл болно. Сахилга бат өндөртэйгөөр харилцан ашигтай хамтарч ажиллах үйл явц буцалж байдаг газар болгоё гэвэл л сая зөвшөөрөгдөнө. Өөрийнхөө түүхий эдээр өөрийнхөө эцсийн бүтээгдэхүүнийг боловсруулан экспортлох үйлдвэрүүдийг монголчууд өөрсдөө байгуулж ажиллуулж байж л тэдний дургүйг хүргэхгүй байж ид шид нь гарах юм шүү дээ.
Тэд бас манай нэрээр гадны сайн эрчүүд өөрсдийнх нь зах зээлд эцсийн бүтээгдэхүүний арвин экспорт нийлүүлэлт хийлгэхийг хэзээ ч хүсэхгүй. Тийм тохиолдол гарах болгонд тэд арга хэмжээ авч болиулах бөгөөд тэр болгонд монголын эрх ашиг хөсөр хаягдах болно. Үүнийг гадаад харилцааны ур дүй сайтай зам засч мөр гаргах уйгагүй хөдөлмөрөөр бий болгоно.
Ё. Түүхий эдээ хилийн цаана тосч аваад хөршүүдийнхээ нутаг дээр монголчууд өөрсдөө үйлдвэр байгуулан эцсийн бүтээгдэхүүн хийж зах зээлд нь нэвтрэх арга байна. Ийм үйлдвэрийн хувьцаанд гадныхан хөрөнгөө дуртайяа оруулна гэж ойлговол хөрөнгө оруулалтын мөнгө босгох зовлон ер гарахгүй. Монгол хүний овсгоо мэдэх хэрэг. Хөршүүдийнхээ нутаг дээр өөрсдийнхөө байгуулсан үйлдвэрт очиж ажиллаад мөнгөтэй болоод ирдэг байвал юутай зүйрлэлтэй вэ. Харин үүнийг хийхэд бид тэдний үйлдвэрүүдэд бас ижилхэн түүхий эдээсээ өгөх хэрэгтэй болно гэдэг сул тал зайлшгүй гарч ирнэ. Мэдэгдэхгүйгээр сэмхэн зөвхөн өөрийн үйлдвэртээ өгөөд байна гэж хальт ойлговол дэндүү гэнэн бөгөөд арайхийж гаргасан замаа ганц хормын дотор л нураана. Товчхондоо тоглоомын дүрмээ дээр дооргүй ижил бодлогоор ойлгож яс сахиж мөрдөхөд бид суралцах цаг нь болжээ гэсэн үг.
• Гадаад худалдааны “Таатай орчин” хөтөлбөр
Монголчуудыг өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодын зах зээлийг нь эзэлчихнэ гэж гадны өндөр хөгжилтэй улс орнууд ер айдаггүй бололтой. Цөөн монголчууд олигтой үйлдвэр, технолог байхгүйгээр бренд бүтээгдэхүүний хэрэглээнд дассан гадны хэрэглэгчидийг зах зээлд нь монополь болтлоо татахад олон жил орно. Ер нь тийм юм болох ч үгүй гэж ойлгодог байх. Европын Холбооны улсуудад бүтээгдэхүүн нийлүүлэх 7500 нэр төрлийн хөнгөлөлттэй эрхийг манай улс авч чадсан нь бас үүнтэй ямар нэг хэмжээгээр холбоотой ч байж магад. Манай бүтээгдэхүүнүүдээр тэр олон улс орон цангаад, гарцгүй болчихоод байгаагаас бидэнд боломж олгосон гэж туйлын утгаар нь ойлгох аргагүй юм. Ямар ч байсан авч чадсан нь нэн сайшаалтай. Цаашид энэ амжилтыг олон нэр төрлийн бүтээгдэхүүн дээр бататгах хэрэгтэй. Харин АНУ өгсөн зарим квотыг нь ашиглаад хятадын оёмол бүтээгдэхүүний монгол дахь үйлдвэрүүд борлуулалтаа хийж байгаад тун дурамжхан байдгийг бид мэддэггүй нь тун харамсалтай. Квотоо цуцалж хүртэл сануулга өгснийг мартах учиргүй. Хятад, Вьетнамын хямд бүтээгдэхүүн зах зээлийг нь эзэлж валютыг нь хоослоход хэн л дуртай байв гэж? АНУ, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд харилцан тэнцвэртэй үйлчлэлтэй худалдааны гэрээ хийж шанагаар эс гэхэд халбагаар хутгах эрх олж авч баталгаажуулахад төрийн холбогдох алба хашдаг хүн бүрийн зүтгэл хэрэгтэй байна. Өндөр ханштай том зах зээлээс жижиг халбагаар хутгахад манайдаа л пологтохоор том хоол болно гэдгийг хэн нь ч амархан ойлгох байх. ОХУ, БНХАУ манай экспортын бараанд бүр ч хатуу байр суурьтай байж 50-55% татвар тавьсан байдаг. Аргагүй л дээ. Бид ардчилалын эхний он жилүүдэд ганзагын наймаагаар нэгээс нь нөгөөд нь реэкспортолж жижиг наймаа хөөн уурыг нь хүргэсэн юм чинь. Дундаас нь ашиг унагаах нь улс хөгжихөд таарсан дээд зэргийн хөгжлийн бодлого байж чадахгүй гэдэг нь эндээс харагддаг. Тэгэхээр бид харилцан тохиролцсоны үндсэн дээр зах зээлд нь нөлөөлөхгүй хэмжээгээр өөрсдөө үйлдвэрлээд өөрсдөө гаргавал дургүйг нь хүргэхгүйгээр амьдраад байж болох юм байна гэдэг нь ойлгомжтой байна л даа. Харин бид боломжийг хэр ашиглаж байна вэ? Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, борлуулалтын сүлжээгээ тэлэх бодлого яагаад явагдахгүй байна вэ? Ядуурлаас гарах арга чухам энэ юм шүү дээ!
• Дэд бүтцийн дэмжлэг
Үйлдвэрлэл явуулахад байр, цахилгаан, ус, халаалт, тээвэр, харуул хамгаалалт г.м зардал дагуулсан олон асуудлыг цогц шийдэх ачаа үйлдвэрлэгчийн нуруун дээр буудаг. Дөнгөж эхэлж байгаа нялх үйлдвэрлэгчид үүнийг давж гарахад нь төрөөс тусалчихаад томорсон хойно нь татвараа олигтойхон авч чадвал бид сэхнэ. Бодлого үгүйлэгдэж байна.
• Борлуулалтын дэмжлэг Маркетинг, сурталчилгаа, баглаа боодол, савалгаа, борлуулалтын сүлжээний дэмжлэгийг улс бөөнөөр нь нэгдсэн байдлаар хямд хийж өгөх боломж байна. Эдгээрт аж ахуйн нэгж, компаниуд үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулах ёстой ихээхэн хөрөнгөө үргүй зарж байгааг хөнгөвчлөх хэрэгтэй. Зөвхөн интернетийн сурталчилгааг аваад үзэхэд л Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч орны хэрэглэгч зовлонгүй олж үзэх боломжийг би хязгаарлагдмал байна гэж дүгнэнэ. Учир нь: www.mongolia.com, www.mongolia.org, www.mongolia.net, www.mongolia.mn, yahoo: Mongolia, google:Mongolia гэх мэт нэрнээс линктэй хайлтын системээс монголын талаар бүхнийг англи, монгол хэлээр олж үзэж чаддаг байвал мөн ч олон хэрэглэгч тодорхой ойлголттой болж хялбар харилцаж болох боломж гарах юм сан.
• Дотоодын зах зээлээ хамгаалах бодлого: Цөөн, ядуу хэрэглэгчтэй, жижигхэн зах зээлийг акулуудад сул тавьж өгөх нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогод үндсээрээ харш зүйл. Гадныхан бусдыг хайрлаж хөгжөөгүй. Тэд өөрсдийнхнийгөө л хайрлаж, дэмжиж хөгжсөн. Цаашид ч тэгэж л хөгжинө ч. Бид үүнийг яс махандаа шингэтэл итгэл үнэмшил болгох хэрэгтэй. Дэлгүүрт ороод харахад бидний үйлдвэрлэдэг зүйл даанч цөөн, бусдынх ямар олон байнаа?! Дэлхийд хувьцаагаа зардаг монгол компаниудыг бид л хамгаалж байж бий болгоно. Монголчуудынхаа хийсэн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэж гадны бэлэн бүтээгдэхүүнд нүдээ ухаж өгөхөө шахдаг сэтгэлгээгээ хамжааргатай байлгая. Татварын, захиргааны, ухуулга сурталчилгааны г.м бүхий л аргыг хэрэглэж дотоодын зах зээлээ хамгаалдаг болохгүй бол бид буруу замаар яваад байна шүү.
• Экспортыг хөхүүлэн дэмжих бодлого: Экспортын эцсийн бүтээгдэхүүнээс татвар авахгүй буюу маш бага татвартай байвал бид энэ чиглэлд ахиц гаргахад том дэмжлэг болно. Учир нь:
А.”Бусдын хийж чадаагүйг хийж чадвал мөнгө эерэг урсана”. Бид мөнгөтэй болж бусдыг өөрсдийнхөө төлөө ажиллуулна. Чадалтай болсон орнууд эцсийн бүтээгдэхүүнд өөрсдийнхөө хамаг мэддэг чаддаг болгоноо шингээн гадаадын хэрэглэгчдэд худалдаж чадаад чадалтай болжээ. Жаахан л чадалтай болчихвол дараагийнхаа их чадлыг дор нь бий болгож чаддаг байна. Том нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг ихтэй, мал олонтой, цөөн хүн амтай, дайн дажны хөлөөс хол Монгол шиг залуучуудын оронд энэ нь хамгийн боломжтой зүйл төдийгүй геометрийн прогрессоор өсөх боломж байгаа. Боломжийг ашиглахгүй байгаа хүнийг тэнэг, арчаагүй гэдэг. Боломжийг ашиглахгүй байгаа Монголчуудаа тэнэг, арчаагүй гэмээргүй байна. Том зорилт тавьж цуцалтгүйгээр бие биенээ дэмжиж ажиллах л дутаж байна л даа. NOKIA-гаас илүү сайн гар утас үйлдвэрлэж байж л түүний зах зээлийг авна. Хэцүү гэхдээ маш амттай зүйл. 1000 “ногоон”-оос дээш цалинтай ажлын байр хэдэн зуун мянгаараа чухам үүнээс л төрдөг. Дээр дурьдагдсан боловсруулж сурах ёстой түүхий эд, эрдэс ашигт малтмал, материалуудыг боловсруулж бэлэн бүтээгдэхүүн хийж худалдаж чаддаг болох хэрэгтэй. Шинэ бүтээл, оновчтой санал гэж бидний ярьдаг тэр зүйлээс л бусдын хийж чадаагүйг хийж чадах, сайжруулж өөрийн болгох ажил эхэлдэг гэдгийг энд онцлон дурьдууштай.
Б.”Бусдын хийж чадсаныг хийж чадвал мөнгө хэмнэнэ”. Бид баяжихгүй бас хоосрохгүй. Эрх тэгш л байна. Энэ замаар явбал үндэстэн дамнасан том корпорацууд Монголоос хэзээ ч төрөхгүй. Товчхондоо “Хоёр идэхгүй хоосон хонохгүй”. Дороо л цогьсоор өдөр хоногийг өнгөрөөж байх болно. Гэхдээ нэгэнт энэ түвшинд хүрсэн улс орнууд болбол дараагийн бэлэн бүтээгдэхүүн экспортлогч болох түвшин рүү улайран дайрдаг аж. Аргагүй шүү дээ. Юм хийж сурсан үндэстэн юм хийж сураагүйдээ хийснээ худалдаж мөнгө олох юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байдаг юм чинь.
В.”Бусдын хийж чадсаныг хийж чадахгүй бол мөнгө эсрэг урсаж” бид
боолын хөдөлмөрийг үе дамжин хийх болно. Хоногийн хоолны мөнгөний сэтгэлгээнээс улс үндсээрээ гарч чадахгүй тарчилж зовцгоох болно. Муу бүхэн цэцэглэн хөгжинө. Бидний баян гэж хэлээд байгаа бүх зүйл /байгалийн баялаг, мал, амьтан, ургамал төдийгүй бид өөрсдөө хүртэл шүү!/ гадны үйлдвэрлэлийг дэмжих түүхий эдийн бааз болдог аж. Бидний эмээж, тойрч, болгоомжилж байх зүйл угтаа энэ. Гэвч бид яг одоо энэ зам дээр байж байна. Өглөө шүдээ угаахдаа хүртэл гадны оо хэрэглэж гадны үйлдвэрлэгчидийг дэмжиж байгаагаа сайн ухамсарлах хэрэгтэй л дээ. Гэтэл дандаа гадны бүтээгдэхүүн хэрэглэж гадны үйлдвэрлэгчдийг дэмжих хэмжээний мөнгөтэй, баян билүү бид?!
• Дарханд автомашины үйлдвэр байгуулах хэрэгтэй юу?
Дарханд автомашины үйлдвэрийг гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтай /хамгийн боломжтой нь Япон, Солонгос/ хамтран байгуулах нь маш их ач холбогдолтой зүйл. Учир нь:
1.Дараахь материалуудыг боловсруулж сурна.
А.Хар төмөрлөг, ган
Б.Өнгөт төмөрлөг /нэн тэргүүн зэс, хөнгөн цагаан түүний хайлш/
В.Шил
Г.Хуванцар
Д.Резин
Е.Нефтийн бүтээгдэхүүнүүд
Ё.Химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2.Дэлхийд хамгийн хямд автомашиныг үйлдвэрлэх боломж Монголд л бий.
Учир нь түүхий эд, ажиллах хүч, дэд бүтэц манайд л хамгийн хямд байх
боломж байгаа юм. Чанартай, загвар сайтай л үйлдвэрлэж чадвал үнээр
өрсөлдөх боломж хангалттай бий. Ландкруйзер 80-ийн арал, ерөнхий хийц дээр микроавтобус, бага оврын ачааны машин хийхэд манайх шиг байгалын нөхцөл, замтай орнуудад зовлонгүй борлогдоно гэж бодож байна. Ерөөс монголчуудыг автомашин үйлдвэрлэж болохгүй гэж хэн ч хэлээд хориглоод байгаа зүйл байхгүй шүү дээ. Япончууд Дархан хотод төмөрлөгийн үйлдвэр барихдаа алсыг харсан шийдэл хийсэн гэдэгт би баттай итгэдэг. Харин бид л төмрийн хаягдлаа өмнөд хөрш рүү гаргаж дуусаад одоо Төмөртэйн орд руугаа орж байгааг Япончууд үнэхээр гайхаж байгаа нь лав. Жинхэнэ ширэн бүрээс бүхий суудалтай тансаг машин үйлдвэрлэхээс бид өөрсдөө л татгалзаад байгаа юм биш үү. Миний бодож олсноор бол 21-р зуунд автоиндивидуализм гэдэг чиглэл авто ертөнцийг үндсээр нь өөрчлөх болно. Энэ нь таны унадаг машин зөвхөн таныг л илэрхийлнэ гэсэн үг. Олноор нь адилхан хийчихээд хэрэглэгчдэд тулгадаг одоогийн хандлагаас залхацгааж эхэлж байна. Бид энэ чиглэлд түрүүлж хөдлөх боломж ч байгаа шүү. Япон, Солонгос бүх түүхий эдээ гадаадаас импортолж машин хийгээд ашиг олж хойд америк, хөгшин европын машин үйлдвэрлэгчдийн толгой дээр цахиур хагалдаг болохын тулд бодлоготойгоор алхам алхамаар урагшилжээ. Эхлээд ерөнхий боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж түүхий эдийг хүссэнээрээ боловсруулж сурах явцдаа бусдын хэдий хоцрогдсон ч гэсэн тухайн үедээ л боломжийн гэж тооцож байсан үйлдвэрийн шугамуудыг хямд оруулж дотоодын хэрэгцээгээ хангаад дараа нь загварыг нь жаахан өөрчлөөд өөрийн хаяг адрестай болгох замаар явжээ. Үүнийг хийх явцад хүнээ сургаж хамгийн гол нь бид чадна гэдэг итгэл үнэмшилтэй болгож чаджээ. Монголд энэ чиглэлээр ахиц гаргах эх оронч сэтгэлгээ, санаачилга аль хэдийн биелэлээ олж эхэлсэнийг Монголд үйлдвэрлэж угсарсан троллейбус нотолж байгаа. Хийлцсэнийхээ дараа хүнээ зөөгөөд хотын гудамжаар явж байхад нь харахад үнэхээр сайхан байдаг юм шүү.
3.Экспортод автомашин хэлбэрээр эцсийн бүтээгдэхүүн гаргана. Энэ нь түүхий эдээ гүн боловсруулж сурах эхлэл тавина. Түүхий эд эрдсийн баялаг хэмнэлттэй зарцуулагдаж эхэлнэ. Бид ямар баян оронд төрсөн юм бэ гэдэгтээ жинхэнэ утгаар нь бахархаж монголчуудын маань урам зориг сэргэж эхэлнэ. Орос, Хятадын арвин зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээр хөл тавих боломж олдоно. Тэд манайд үйлдвэрлэсэн машиныг экспортын татваргүйгээр авсан ч бидэнд ашигтай. Үүгээрээ дамжуулж Оросоос нефть бүтээгдэхүүнийг хямд импортлох боломж ч олдоно.
4.Гадаадаас автомашин импортлох нь багасч автомашин худалдаж авахад зарцуулдаг гадагш чиглэсэн хөрөнгийн их урсгал хэмнэгдэнэ.
5.Сэлбэгэнд зарцуулдаг хөрөнгийг тогтоон барих боломж нээгдэнэ. Тэрчлэн автомашинд ерөнхий хэрэглэгддэг аккумулятор, дугуй, хөдөлгүүрийн тос, бүх төрлийн шүүх элементүүд, эрэг боолт, ламп зэргийг худалдан авдаг хөрөнгөө бусад хөгжилдөө зарах боломж олно.
6.Үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж сурна.
7.Шинэ бүтээл гаргаж оюуны өмчөө үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бий болно.
8.Дэд бүтцийн ашиглалт сайжирна.
9.Хүн амын төвлөрөл саармагжина
10.Ажлын байр олноор бий болно
11.Мэргэжлийн боловсрол утгатай болж ирнэ
12.Монголчууд өөрсдийн үйлдвэрлэсэн шинэ автомашинаа унаж байгаль орчны бохирдолт багасна.
13.Шинэ машин хэрэглэснээр хөдөлгөөний аюулгүй байдал, эрс тэс цаг агаараас хамааран гардаг аюул осол, эрсдлийг бууруулна.
14.Монголчуудынхаа хуучин автомашин тордоход зориулдаг алтан цаг хугацааг хэмнэнэ.
15.Үндсэн үйлдвэрлэлийн дэвшилтэй холбоотойгоор дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээ олноор шинээр бий болно.
• Б.Үйлчилгээг экспортлох нь/нэмж бичигдэнэ/
• В.Уламжлалт боловсруулалтын технологиудыг бренд болтол нь хөгжүүлж ажиллая/нэмж бичигдэнэ/
• Г.Монголчууд ухаантай, олон дээд сургуультай л юм бол боловсролын экспортыг барьж аваач/нэмж бичигдэнэ/
• Үйлчилгээний салбарын хөгжлийн бодлого/нэмж бичигдэнэ/
• Цалингийн бодлого:
А.Хийснээр нь ялгавартай цалинжуулах. /нэмж бичигдэнэ/
Б. Олон улсын жишигт тохирсон цалинжуулалтын бодлого/нэмж бичигдэнэ/
• Гадаадын хөрөнгө оруулалтанд бодох зүйл их бий: /нэмж бичигдэнэ/
А.Цөлмөгчид
Б.Жижиг хачиг том хувалз болох зорилготой
В.Хамтран ажиллагч
Г.Бага чулуугаар их чулууг доргионо
• Программчлалын зах зээлд мөнгө олж сурцгаая/нэмж бичигдэнэ/
• Экспортын гутал, хувцас үйлдвэрлэл бидэнд ойрхон байна/нэмж бичигдэнэ/
• Монгол улс цахилгаан эрчим хүч экспортлогч болбол монголчууд үнэгүй цахилгаан хэрэглэгчид болж болно/нэмж бичигдэнэ/



______________________________________________________________________
Нийтлэлийн зохиогч Д.Жамц: "Түмний зорилт Төрийн менежмент" цуврал Бодлогын чанартай нийтлэлүүд 2004 оны 6 сараас судалгаа нь эхэлж, үндсэн ухагдахуунууд томъёологдож, бичигдэж эхэлсэн тул зарим  нэг тоо баримт, мэдээлэл тэр үеийнхээрээ байгаа гэдгийг болгооно уу. 2013.12.09.12.10

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP