- Агуулгын шошго



Ер нь урлаг бол маш их зовлон туулдаг салбар.


Ардын зураач, урлагын гавьяат зүтгэлтэн Б.Чогсом:



- Таны сор болсон бүтээлүүд дандаа хэлмэгдэж явсан байдаг. Одоо тэр бүтээлүүдийн ихэнх нь Галерейд байдаг байх аа? Таныг Чингис хааныг зурсан хэргээр донгодуулж явсан гэж уран бүтээлийн андууд тань дурсан ярьдаг юм билээ?
- Тэр үед Намын төв хорооны үзэл сурталд таараагүй, намын бодлогыг эсэргүүцсэн гэж хэлмэгдэж адлагдаж явсан бүтээлүүд одоо Монголын уран зургийн галерейн сор болсон бүтээлүүд. Бүгдийг нь галерей худалдаж авсан юм. Гучаад зураг бий. 1966 онд миний “Хорго” бүтээл төрсөн. Зургаа зурж дуусгачихаад Г.Занабазарын музейд тавьчихлаа. Гэтэл гэнэт л хурал хуралдах юм болж хөдөө гадаанаас зураач, урчууд цуглаад их том хурал болох янзтай. Төв хорооны үзэл суртлын хэлтсээс ч хүмүүс ирж. Гадаад харилцаа хариуцсан референт байхдаа гадагшаа сургуульд явуулж урлаг судлаач мэргэжил эзэмшиж ирсэн Цэнджав гэдэг залуу миний “Хорго” бүтээлийг хөрөнгөтний урлаг сурталчилсан бүтээл. Ийм бүтээл манайхны сэтгэлийг урвуулж толгойг эргүүлнэ гэх ухааны юм ярьж шүүмжиллээ. Тэр хурлын үеэр Цэвэгжав багш миний хажууд сууж таарсан юм. Багшийг намайг өмөөрөх болов уу гэсэн дуу алга. Тэгтэл багш “Эхийн сэтгэл” бүтээлээрээ хэлмэгдчихээд байсан юм байж. “Азарганы ноцолдоон” гэдэг алдарт бүтээлийг зурсан хүн шүү дээ. Манай график дизайнер Нацагдорж гэдэг залуу тэр олон хүнээс ганцаараа намайг өмөөрч үг хэлж байсан юмдаг. Дараа нь галерей “Хорго” бүтээлийг минь худалдаж авсан. “Чулуучин” бүтээлээ хийгээд хувьсгалын том эсэргүү хүн болов. Барилгачин мэргэжилтэй залуу том чулуун дээр таван хошуу сийлж суугаагаар дүрслээд халуун өдөр учраас “Үнэн” сонингоор толгойгоо ороочихсон байгаагаар зурсан маань буруудаж намын төв хэвлэлээр хүний толгой ороосон хэрэгт унадаг юм. Бүтэн гурван жил хурлын бай болж байж арайхийн нэг юм намжсан. Энэ бүтээл галерейн сор болоод байж байгаа. “Говь” бүтээлээ хийгээд мөн л бангадуулсан. Ахмад уран бүтээлч Даваажав гуай “Хүү минь ирж зургаа ав. Бас л болсонгүй” гэхээр нь яваад ортол зургийг маань цааш нь харуулаад тавьчихсан байж байсан. Хүмүүст харуулахаас айж байсан учраас тэр байх л даа. Тийм л хэцүү үе байлаа. Дараахан нь даа. Залуу уран бүтээлчдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргачихлаа. Миний “Говь” ч тавигдсан юм. Үүнээс болж Төв хорооноос сайд нарын 1968 оны 68-р тогтоол гэдэг айхтар үзэл сурталжсан тогтоол гаргаж “Барууны урлагийг сурталчилсан бүтээл хийхгүй байх. Тогтоолын биелэлтийг шалгаж жил бүр тайланд тусгаж байх” болсон. Урлагийн бүхий л байгууллагуудаас гарч байгаа уран бүтээлийг яг энэ шалгуураар шалгадаг байлаа шүү дээ. 1968 оны 68-р тогтоол гэгч эд, бүхэл бүтэн 20 жил Монголын урлагийг боомилсон, урлагийн хөгжлийг хойш нь чангаасан. 1988 онд морь унасан, улаан дээлтэй цагаан сахалтай өвгөн зуртал түүнийг манай хэвлэл чимэглэлийн үйлдвэр шинэ жилд зориулсан календарь хийгээд хэвлээд гаргачихдаг юм. Гэтэл Чингис хааныг зурсан хэрэг босч Чүлтэм төв хороонд дуудагдаж хэвлэх үйлдвэрийг дарга нар албан тушаалаасаа халагдан бөөн асуудал өрнөлөө. Тэр улаан дээлтэй өвгөнд Чингэс хаантай адилхан юм юу ч байгаагүй. Харамсалтай нь Чингисийг зурсан хэргээр олон хүн хэлмэгдсэн. Үзэл суртлын энэ хэлмэгдүүлэлт уран бүтээлчдийн бүтээх туурвих эрч хүч, хүсэл эрмэлзлэлийг мохоож чадаагүй юм даа. Эргээд харахад тэдгээр бүтээлүүдэд хөрөнгөтний үзлийг сурталчилсан юм харагддаггүй, эгэл жирийн монгол ахуй үнэртсэн бүтээлүүд.
-Та яагаад бүтээлүүдээ гадагш нь худалддаггүй юм бэ? Таны туурвисан бүтээлүүдийг мөнгөн дүнгээр үнэлбэл толгой эргэм мөнгө яригдах байх?
- Үхтэлээ зарж идээд ч барж идэхгүй хөрөнгө бол миний бүтээлүүд. Гэхдээ би зарахгүй. Зураг бол миний хоол биш. Зурж үлдээх нь л чухал. Тийм учраас галерейд миний цөөнгүй зургууд хадгалагдаж байна. Би Францад суралцаж байхдаа тэдний урлагийн түүхийг багагүй судалсан. Миний бүтээлүүдэд шингэсэн зүйлүүд ч бий байх. Би Францад сурч байхдаа зургаа зурж л байсан. Сүүлд зураг зурах зав чөлөө хэрэгтэй байсан учраас гадаад харилцааны референтын ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж багшлах болсон. Би орос хэл дээр хэвлэгдсэн урлагийн түүхийн 8 боть номыг бүтэн дөрвөн жил нухаж байж орчуулснаа хэвлүүлж чадаагүй юм. Наад номыг чинь хэн ч уншихгүй хог болно. Монгол хэдэн зураачтай билээ гэж хэвлэхийнхэн дургүйцсэн учраас хэвлүүлж чадалгүй өөр дээрээ хадгалж байсан маань багшлахад их хэрэг болсэн. Номыг үзэж ногоотой шөлийг нь уусных, хүүхдүүд залуу уран бүтээлчдэд хэлж зааж сургах гэж чадлаараа л оролдсон. Энэ бол миний үүрэг шүү дээ. Багшийн сургуульд ажиллаж байхад Нина Борисовна гэдэг орос мэргэжилтэн урлагийн түүх заахаар ирсэн юм. Оюутнууд нь орос хэл, багш нь монгол хэл мэдэхгүй болохоор би нөгөө орчуулгаа бариад давхар хичээл заадаг байлаа.
- Та Францад гадаад харилцааны чиглэлээр сурч байсан байх аа? Таныг францчууд Францын “Ардын зураач” болгосон нь Монголд анхных. Монголын уран бүтээлч гадаад орны харъяат уран бүтээлчээр тодорч байсан тохиолдол урд нь гарч байсан уу?
- 2002 онд улс намайг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. 2003 онд Францын элчин сайд Олиген Маннь өөрийн хүмүүстэй ирж надад Францын “Ардын зураач” цол олгосон. Франц орон бол Европын соёлын цөм болсон газар Тэр улс орон миний бүтээлийг үнэлсэн юм байлгүй дээ. Би өвөг эцгийнхээ гар дээр өсч, 9 настайдаа үлгэр жишээ бага сургуульд сурахаар хотод амьдардаг ээж аав дээрээ ирж байсан хүн. Одоогийн СУИС-ийн буурин дээр байгуулагдсан Зураг урлалын дээд сургуулийн анхны элсэгч болж зургийн цагаан толгойг заалгаж байлаа. Сүүлд их сургуульд байхад яамнаас Б.Ширэндэв гуай дуудаж ”Гадаадад сургуульд сурах уу. Монголоос хэдэн хүүхэд гадаадад сургах юм. Бусдыг нь олчихсон, одоо хоёр хүн хэрэгтэй байна ” гэхэд учрыг нь ч ололгүй “Сурна” гээд л хэлчихлээ. Надтай хамт суралцах хүүхэд нь манай нэрт дипломатч Хашбат байсан юм. Сая бурхан болчихлоо хөөрхий. Ингэж л бид хоёр төрийнхөө даалгавраар дипломат ёсонд суралцсан хоёр. Францад ажиллаж амьдарч байсан маань миний уран бүтээлийн нүдийг цоо шинээр нээж өгсөн гэж би боддог юм.
-Нууц биш бол Францын “Ардын зураач” цолыг хэр хэмжээний мөнгөн шагнал дагалдаж ирсэн бэ? Хоёр улсын “Ардын зураач” цолтон Монголоос өөр орны иргэн байсан бол өдийд хувийн эдлэнтэй, урлантай, тэрбумаар тоологдох хөрөнгөтэй амьдрах хэмжээний өндөр нэр хүндтэй байх байсан байх. Танд төрөөс авдаг хөнгөлөлт, тусламж дэмжлэг бий юу?
- Францын “Ардын зураач” цолыг их сайхан өргөмжлөл дагалдаж ирсэн. Түүнээс биш мөнгө төгрөг дагаагүй. Хэрэв би биш гаднын нэг зураач өөр орны “Ардын зураач” болсон бол өөр л дөө. Би социализмын үед тэтгэвэрт гарсан хүн. Яахав, болж л байна. Монгол хүн амны билгээр гэдэг шүү дээ. Миний тэтгэвэр байрныхаа мөнгөнд л таарчихаад байдаг юм. Хэдэн сайхан хүүхэдтэйнх, сайн сайхан амьдарч байна. Дипломат албаны шугамаар Европын олон орноор явлаа. Харж байхад гадаадын уран бүтээлчид зургаа хувийн бизнес болгочихсон, нэр хүнд өндөртэй, өөрийн гэсэн тансаг сайхан урлантай байдаг юм билээ. Монголд бол өөр. Бид чинь зурсан зургаа ард түмэндээ үзүүлчих боломжгүй хаалттай нийгэмд амьдарч байлаа. Зурсан зургаа зарах юм бол дамын наймаа хийсэн хэрэгт унана. Энэ дарамттай бид чадлынхаа хэрээр тэмцсээр шинэ залуу уран бүтээлчдээ сайхан цаг үетэй золгуулсан. Ер нь урлаг бол маш их зовлон туулдаг салбар. Одоо бол уран бүтээлчид чадаж л байвал уран бүтээлээ гадаад зах зээл дээр гаргах, бүр гадагшаа гарч чадлаа сорих боломжтой сайхан цаг үе ирсэн. Бидний үеийн уран бүтээлчид төрдөө зарцлагдаад л өнгөрсөн улс. Тэнд тийм үзэсгэлэн гарна. Тийм зургаа өг гэсэн даалгавраар бүтээлээ гадаадын үзэсгэлэнд өгдөг байлаа. Монголын бүтээл Монголдоо хадгалагдаж үлдвэл үр хүүхэд, хойч үеийн минь нүдийг баясгах юм уу гэж би боддог хүн. Хийсэн бүтээл энд тэнд хадгалагдаж байна. Гэрт ч зөндөө бий. Үр хүүхэд, ач гуч нар өвөөгийн зурсан зураг гэж хадгалж явна биз.
С.Энхжин

___________________________________________________________________________________



Монголын автын салбарын бизнес хөтөч портал сайт

www.automarket.mn-ээс

"Зөрүүд монгол" нэвтрүүлгийг




Тун удахгүй мэндлүүлнэ.

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP