- Агуулгын шошго


БАГА ОВРЫН БОХИР УС АРИУТГАХ СИСТЕМ-FAST


Таны цагийг хэмнэх keyboard дээрх 

12 товч үйлдэл

Технологи
Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл
Судалгаагаар АНУ-н интернет хэрэглэгчдийн 90% нь компьютер дээрээс тодорхой нэг түлхүүр үгийг хэрхэн олохоо мэддэггүй байна. Хялбархан Ctrl+ F товчийг дарахад та хайсан үгээ олох болно.

12. Тодорхой нэг үгийг олох

  • Ctrl+ F (Windows)
  • Command+ F (Mac)

11. Хогийн саваар дамжихгүй шууд устгах

  • Shift+ Delete (Windows)
  • Command+ Delete, Command+ Shift + Delete (Mac)

Устгасан файлыг хогийн саванд оруулалгүй бүрмөсөн устгахыг хүсвэл энэ командыг хэрэглэнэ. Харин Mac-ын хувьд command+ delete хийснээр хогийн саванд оруулна. Command+ shift+ delete хийвэл хогийн савыг хоослоно.

10. Хаагдсан tab-ыг эргэн нээх

  • Ctrl+ Shift+ T (Windows)
  • Command+ Shift+ T (Mac)

“Үгүй ээ үгүй үгүй үгүй, эргээд ир л дээ. Намайг битгий орхиоч!” Интернэт ороод нээсэн browser tab-аа санаандгүй хаачих үедээ та ингэдэг байх. Гэхдээ санаа зоволтгүй. Та яаж эргэн нээхийг мэддэг боллоо. Яг одоо энэ хуудсыг хаагаад, эргэн нээж үзээрэй.

9. Компьютераа түгжих

  • Win+ L (Windows)
  • Ctrl+ Shift+ Eject [Power] (Mac)

Хийж байгаа зүйлээ хүнд харуулахыг хүсэхгүй байвал гараасаа маш хурдан цоожилж болохнээ.

8. Файлын нэрийг өөрчлөх

  • F2 (Windows)
  • Return (Mac)

Файлаа идэвхжүүлээд ганцхан товч дараад л нэрийг нь хүссэнээрээ солиорой.

7. Програм хооронд сэлгэж сонгох

  • Alt+ Tab (Windows)
  • Command+ Tab (Mac)

6. Хүснэгтээс мөр сонгох

  • Shift+ Space (Windows and Mac)

Хүснэгтээс аль нэг мөрийг онцлохын тулд ямар ч хамаагүй нэг хэсэг дээр дараад shift+ space дарна. Тухайн мөрийг өөр хэсэгт аваачихын тулд ctrl+ shift+ up юмуу down гээд дээш нь юмуу доош нь шилжүүлж болдог.

5. И-мэйл явуулах

  • Ctrl+ Enter (Windows)
  • Command+ Enter (Mac)

Та Gmail хэрэглэдэг үү? Одоо ихэнх нь л хэрэглэдэг болсон. Тэгвэл та и-мэйлээ бичингүүтээ гараасаа дээрх командыг өгөөд шууд мэйлээ явуулах боломжтой.

4. Текстийг хуулаад paste хийхдээ нэгэн жигд хэлбэрээр оруулах

  • Ctrl+ Shift+ V (Windows)
  • Command+ Shift+ V (Mac)

Мэдээж хүн бүр ctrl+v командыг мэднэ. Харин вэб хуудсан дээрээс хуулсан текстийг paste хийхэд үг, үсгийн формат өөр өөр гардаг. Тэгвэл одоо ctrl+shift+v командыг өгөхөд энгийн шивсэн текст хэлбэрээр хуулагдах болно. Туршаад үзээрэй.

3. Дэлгэцээ харах

  • Win+D (Windows)
  • (Fn+) F11 (Mac)

Заримдаа та юм хийж байхдаа зүгээр л компютерын дэлгэцээ харахыг хүсдэг. Тийм үед дээрх командыг өгөөрэй.

2. Вэб хаяг бичдэг мөрийг сонгох

  • Ctrl+ L (Windows)
  • Command+ L (Mac)

Та одоо манай сайтыг үзэж байна. Хэрвээ өөр сайтлуу орох болвол та яах вэ? Хулганаараа хаяг бичих мөрөн дээр дарахуу? Энэ арай л их цаг авах юм байна. Үүний оронд дээрх командыг өгөөрэй.

1. Шинэ хавтас нээх

  • Ctrl + Shift + N
  • Cmd + Shift + N



UNICAT


Custom hunting Mersedes Benz Zetros 6 x 6








MAN























___________________________________________________________________________

Coca Cola for cleaning toilet



___________________________________________________________________________

SLIDESHARE



Цувих, матах технологийн аргууд




ИНДУКЦИЙН ГҮЙДЛИЙГ МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ


Халаах, хатаахад хэрэглэх нь 





Хайлуулахад хэрэглэх нь





Гагнуурт хэрэглэх нь




Монгол Улсын машин үйлдвэрлэлийн анхны гэсэн тодотголт “Эрдү” ХХК-ийн үйлдвэрийн дарга Д.Дорждавгатай ярилцлаа.



-Хөрөнгө оруулалт, техник технологийн өндөр шалгууртай машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарт анхдагч танай компани хэзээ байгуулагдсан бэ?
-Монгол улсад өндөр технологи шингэсэн дан, хосомол, гуравмал тэжээлийн систем бүхий JEA-800 загварын троллейбус, дуобус, монбус үйлдвэрлэсэн мөн Монгол улсаас анх удаа машин экспортонд гаргасан “Цахилгаан тээвэр” компанийн хамт олны хийж бүтээж байгаа үйлс нь бидэнд маш их урам зориг өгч 2010 онд энэ салбарт хөрөнгө оруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Euro-3 хөдөлгүүртэй J-800N загварын дөрвөн автобус үйлдвэрлэснээс анхных нь нийслэлийн иргэдийн үйлчилгээнд гурав дахь жилдээ амжилтай явж байна.

-Монгол улсад шинэ технологи нутагшуулах иноваци бий болгох чиглэлээр төр засгаас олон хөтөлбөр гаргасан. Танайх ч тэдний нэгийг хэрэгжүүлэхээр зүтгэж буй.  Тэгэхээр төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг авч байгаа биз дээ?
-Монголчууд та бидний гадаад улс орноос худалдан авч буй импортын бүтээгдэхүүнийн үнийн дүнгийн бараг 70 хувь нь метал хийц, тоног төхөөрөмж, машин механизмын үнэ байдаг. Монголоос доллар гадагшлах үндсэн суваг нээлттэй байгаагийн улмаас Монгол төгрөг үнэгүйдэж, бидний амьдрал доошлох гол хүчин зүйл болж байна гэж инженер хүний хувьд үздэг. Манай үйл ажиллагаатай УИХ-ын дарга, сайд нар, хотын дарга гээд олон албан тушаалтан ирж танилцаад дэмжиж ажиллахаа илэрхийлдэг. Гэвч олон талын онцгой ач холбогдолтой машин үйлдвэрлэлийн шинэ салбарт бодит хууль эрх зүйн орчны дэмжлэг үгүйлэгдэж байна.
Инженерүүд бидний яриад байгаа хөгжлийн боломжийг ойлгодог дарга нар их л цөөхөн байна. Үндэсний машинт үйлдвэрлэл өсөн бойжихоор тэмүүлж байхад Монгол компаниудаа дэмжихийн оронд гадаад улс орнуудад үйлдвэрлэсэн автобусыг гааль, худалдааны татваргүй оруулж ирж байгаа нь Монгол инженерүүд8 бүтээлч иргэдээ зүгээр л дампуур гэж буйтай адил юм. Барилгын салбартай адилхан техник, технологи дээр суурилсан хөгжлийн шинэ салбарыг бий болгох нь Монголоо хайрласан хүн бүрийн үүрэг гэж бодож байна.

-Танай компанийн үйлдвэрлэл ямар шинэ техник технологиуд нэвтрүүлж байна вэ?
-Euro-3 хөдөлгүүртэй Volvo фирмийн лиценз бүхий БНХАУ-н Шанхай хотын “Sunwin” автобусны үйлдвэрийн шасси дээр J-800N загварын Монголын анхны автобусыг 2010 онд угсарч үйлдвэрлэн гурав  дахь жилдээ үйлчилгээнд ажиллуулж байна.
Мөн Cummins, Yuchai фирмийн хөдөлгүүр бүхий автобусны шассиг оруулж ирэн автобус үйлдвэрлэж байгаа бөгөөд АНУ-ын Калифорни мужид төвтэй дэлхийд алдартай Cummins хөдөлгүүрийн дистрибьютор “Mongolia Cummins” ХХК-тай цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байна. Үйлдвэрлэдэг хөдөлгүүрийн тоогоор дэлхийд 1-рт ордог БНХАУ-н “Yuснai” хөдөлгүүр үйлдвэрлэлийн дистрибьютор компани Монгол улсад байгуулагдаж байгаа нь бидний эхлүүлж буй ажлыг эрчимжүүлэхэд ихээхэн тустай болно.
Монгол улсад үндсэн дөрвөн  агрегат буюу мотор, хурдны хайрцаг, хойд тэнхлэг, жолооны системээс бусад компонент материал, сэлбэг эд анги үйлдвэрлэх жижиг дунд компаниуд биднийг дагаад босч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Монгол компаниудын үйлдвэрлэсэн троллейбус, дуобус, монбусыг өндөр үнэтэй, худалдан авч болохгүй шүү гэсэн мэдээлэл их гарч байх юм. Энэ талаар санал бодлоо хуваалцаач?
-Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, экологижуулах чиглэлээр Нийслэл хотын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын 2012-2016 онд хийх ажилд ч байдаг бөгөөд төр засгийн байгууллагуудын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Монгол хүн, Монгол компаниуд идэвхтэй оролцох ёстой гэж ойлгон экологийн өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн дизайн хийцтэй автобус үйлдвэрлэхээр ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн шугамаар автобус худалдан авах саналыг дэлхийн 10 улсын 12 компанид тавьснаас энэ ажилд оролцохоор саналаа өгсөн Монгол компанийн нэг нь манай компани юм.

Нэг зах зээл дээр хоёр ижил бүтээгдэхүүн хоёр өөр татварын орчинд байхаар яаж үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх вэ. Өнөөдрийн байдлаар энэ худалдан авалтанд оролцохоор Солонгос, Япон, Швед, Беларусь, Турк, Монгол гэсэн зургаан улсын компани үлдээд байна. Euro-3 хөдөлгүүрээс дээш экологийн шаардлага хангасан, нам болон хагас намхан шалтай автобусны худалдах үнийн санал 150,0 мянган доллараас эхэлж байгаа шүү дээ. Манай компанийн хувьд Euro-3 хөдөлгүүртэй хагас намхан шалтай автобусаа 110 мянган доллар гэж байгаа нь саналаа өгсөн компаниуд дотроос хамгийн бага нь. Хэрвээ элдэв хөнгөлөлт эдэлсэн бол 96 мянган доллараар ч санал болгох боломжтой. Зөвхөн нийтийн тээврийн салбараас жилд 10,0 тэрбум төгрөг буюу 6,0 сая орчим ам.доллар Солонгос улс руу сэлбэг материал, парк шинэчлэлтэд гардаг юм. Валютын энэ урсгалыг Монгол хүнд хэрэгтэй байхаар шийдэх нь ард түмний санал авсан дарга нарын үүрэг.
Монголчууд бид халбага сэрээ, хутга, шанага, тоног төхөөрөмж, машин механизмаа өөрсдөө аль эсвэл хамтрах хэлбэрээр Монгол улсдаа үйлдвэрлэж эдийн засгийн тусгаар тогтнолоо бөхлөж авах хэрэгтэй байна.

-Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангах  тухайд?
-Үр хөврөлийн шатанд яваа Монголын машин үйлдвэрлэлийг хөгжөөд 40-100 жил болсон улсын машин үйлдвэрлэгчидтэй харьцуулж мэдэмхийрэн хараар будагчид байна.

2006 онд үйлдвэрлэсэн JEA-800 маркын троллейбус өнөөдөр 8 дахь жилдээ иргэдэд үйлчилж байгаа нь монгол инженерүүд аюулгүй ажилллагааны шаардлага хангасан өндөр технологийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чадвартайг гэрчилж байна. Автобус үйлдвэрлэх Монгол Улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн манай автобуснууд техник хяналтын оношлогоонд ороод гурав дахь жилдээ иргэдэд үйлчлээд байна. Тээврийн хэрэгслийн техник ашиглалт аюулгүй ажиллагааг үндсэн таван систем дээр хийдэг.  Зам тээврийн яам, Хотын тээврийн газрын техник оношлогооны байгууллагаар орж баталгаажсан JEA-800 маркийн троллейбус, автобус, дуобус, монбуснууд иргэдэд олон жил үйлчилж байгааг олж харах хэрэгтэй.

Нэгдүгээрт тормозны систем, хоёрт жолооны систем, гуравт хийн систем, дөрөвт хөдөлгүүрийн систем, тавд цахилгаан тоноглол түүний ашиглалт гэсэн үндсэн оношлогоог дэлхий нийтээр хийдэг. Тэр л оношлогооны стандартаар Made in Mongolia машинын техникийн оношлогоо баталгаажуулалтыг хийлгэж байна.
Их Монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойн босгон дээр монголчууд анх удаа нийтийн тээврийн цахилгаан машин хийсэн шүү дээ. Жаргалсайхан инженерийн эхлүүлсэн аж үйлдвэржилтийн чухал алхмын ач холбогдлыг ойлгосон бидний инженерүүд одоогоор монголчууд эзэмшиж чадаагүй байгаа шинэ зах зээл дээр ажиллах бүрэн дүүрэн итгэлтэй байна.
Эх сурвалж: www.assa.mn

ОООООАООООО



                  
Баялаг бүтээж байж л баян улс орон болно


 “Экологбус” ХХК-ийн Ерөнхий инженер Д.Жамцтай ярилцлаа. -Монгол улсад машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбар хөгжүүлэх боломж байна уу?
-Төмөр хийц, тоног төхөөрөмж, сэлбэг эд анги машин механизм худалдан авахад Монгол улс жил бүр 2-3 тэрбум америк долларыг гадагшаа урсгаж байгаа бөгөөд энэ том мөнгөний урсгалыг саармагжуулах, зогсоох боломж нь зөвхөн өндөр технологийн металлург, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг бий болгосноор бүрдэнэ. Ажлын байр олноор бий болгох, Монгол хүнийг чадваржуулах, техник технологи санхүүгийн харилцан уялдаатай жижиг, дунд, том үйлдвэрүүд бий болгох зах зээлийн багтаамж Монгол улсад эдүгээ бий болоод байна. Энэ том боломжоо хир ашиглахаас Монголчуудын шинэ зууны хөгжлийн зам тодорхойлогдоно.
-Цахилгаан тээвэр, Эрдү, Экобус зэрэг компаниуд Монгол улсад хөгжлийн шинэ гарц нээхээр ажиллаж байгаа нь үнэхээр талархууштай. Та бүгдийг төр засаг, ард иргэд хир дэмжиж байна вэ?
-Хүнд аж үйлдвэр буюу улс орны эдийн засгийн суурь салбарыг хөгжүүлэх нь Монголчуудын эдийн засгийн тусгаар тогтнолыг хангахад онцгой чухал үүрэгтэй гэдгийг ухаарч ойлгосон төр засгийн удирдлагууд дэмжиж байна. Ард иргэдийн зүгээс алхам тутамд баяр хүргэж урам зориг өгч байгаа нь Монгол инженерүүдийг улам идэвхи зүтгэлтэй ажиллахад нөлөөлж байна.
Экобус, Эрдү, Цахилгаан тээвэр компаний автобус, троллейбусны үйлдвэрийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдавга, Хотын дарга Э.Бат-Үүл, Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, иргэдийн төлөөлөгчид гээд түмэн олныхоо төлөө зүтгэнэ гэж төрийн алба хашиж байгаа олон дарга сайд нар ирж баяр хүргэн шууд дэмжинэ гэсэн урам зоригийг өгөөд байгаа.
-Сүүлийн үед танай Экобус компаний автобусны үнийг өндөр байна гэж шүүмжлэх юм. Энэ ямар учиртай юм вэ?
-Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах маш олон ажил орсны нэгэнд нийтийн тээврийг экологижуулах заалт байдаг бөгөөд хотын удирдлагын бодлогыг дэмжиж Монгол улсад анх удаа Euro-4 хөдөлгүүртэй порталь тэнхлэгтэй ухаалаг автобусыг бид үйлдвэрлэсэн.  Нийслэлийн тээвэр хөгжүүлэх Сангаас автобус худалдан авах саналыг 9-н орны 10-аад үйлдвэрлэгч компанинд тавихад Euro-3 хөдөлгүүртэй энгийн хийц бүхий тэнхлэгтэй 10 м урттай автобусыг 150 мянган ам.долларт нийлүүлэх санал тавьсан. Эдгээр автобуснуудын гааль, худалдааны татварыг тэглэх замаар Монгол улсад оруулж ирэх гэж байгаа нь дөнгөж эхлэлийн шатандаа явж буй үндэсний машинт үйлдвэрлэлийн компаниудыг шууд дампууруулах зорилго барьж байгаа юм шиг. Уг нь бүр эсрэгээр нь Монголд үйлдвэрлэх автобус, троллейбусны сэлбэг эд ангийн гааль худалдааны татварыг чөлөөлж Монголчуудаа дэмжих ёстой л доо.
Эрдү компаний Euro-3 хөдөлгүүртэй автобус-110 мянган ам.доллар Экобус компаний Euro-4 хөдөлгүүртэй автобус 150 мянган ам.доллараар зарахаар үнийн санал хүргүүлсэн байгаа.
Хэрвээ үндэсний машинт үйлдвэрлэлийн компаниудын үйлдвэрлэлд шаардлагатай сэлбэг эд ангийн гааль худалдааны татварыг хөнгөлсөн бол үнэ 10-15 хувиар буурна.
Мөн Euro-3, Euro-4 хөдөлгүүр хоорондын технологийн шийдлийн үнэ 10-15 мянган долларт байдаг бөгөөд гадны үйлдвэрлэгч нар бидэнтэй адил Euro-4 хөдөлгүүртэй автобус нийлүүлэх бол хамгийн багадаа 170 мянган ам.доллар болох дэлхийн жишиг үнэ байдаг. Үүн дээр гааль худалдааны татвар нэмбэл 190 мянган ам.доллар болно шүү дээ. Харин үндэсний үйлдвэрлээ дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдвэл Улаанбаатарын иргэдийн уушиганд хэрэгтэй Euro-4 хөдөлгүүртэй автобусыг 135 мянган ам.долларт багтаан Монгол аавын хүүхдүүд хийгээд өгөхөд бэлэн байна.
-Хир баргын хүмүүс ойлгодоггүй техник технологийн том төсөл хэрэгжүүлэхээр зориглон зүтгэж байгаа танай хамт олныг төр засгийн зүгээс дэмжин гэдэгт итгэлтэй байгаа юу?
-Монголчууд техник технологийн өндөр шийдэлтэй машин үйлдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг бий болгож чадсан манай хамт олон Монголчуудад хэрэгтэй хөгжлийн шинэ замаас ухрахгүй. Бидний гаргаж буй шинэ замаар олон Монголчууд явна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Төр засгийн бүх дарга нар ирж дэмжихээ илэрхийлсэн. Хэлсэн үгэндээ хүрч Монголчуудад хэрэгтэй хөгжлийн нүүдлийг хамт хийнэ гэдэгт итгэж байна.
Зарим нэг дарга нар албан тушаалтнууд Солонгосчуудын төлөө Солонгос автобус авахын төлөө маш ихээр идэвхийлэн тэмцэж бидний инженерүүдийн хийж байгаа автобус троллейбуснуудыг "төмөр амбаар хийлээ" гэж доромжилж байгаад их гомдох юм.
Манай хамт олон техник технологийн шийдлээс хамаарч 60-150 мянган ам.долларт багтааж олон төрлийн автобус үйлдвэрлэх ажлыг эхэлүүлж байна. Мөн үйлдвэрлэгч-банк-хэрэглэгч гэсэн санхүүгийн лизингийн гэрээгээр Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах боломжийг судалж байна.
-Нийтийн тээврийн салбарт хөгжил авч ирэх Монгол автобуснуудыг дэмжих олон нийтийн санал асуулга явуулж болох уу?
-Ер нь бол болно. Хотын дарга шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асуудаг шинэ санаачлага гаргасан. Энхтайваны өргөн чөлөө дээр 18 метрийн урттай автобус худалдан авч явуулна гээд байна лээ. Автобусны ашиглалтын зардал троллейбуснаас 10 дахин үнэтэй байдаг бөгөөд Монгол инженерүүдийн санаачилсан 18 метр урттай орчин үеийн дизиан хийцтэй троллейбусыг төв зам дээр явуулбал ард түмэнд ээлтэй хямд үнэ тарифтай агаар орчин бохирдуулдаггүй цахилгаан тээвэр хөгжихөд ихээхэн тустай. Худалдаа хийвэл цөөхөн хэдэн хүн хожих байх харин үйлдвэрлэл хөгжвөл улс үндэстэн хөгжинө.
Бидний татварын мөнгөөр Монголчуудаа дэмжихгүй гадны улс орны аж үйлдвэрийн салбарыг дэмжвэл түүхийн өмнө том гэмт хэрэгтэн болно шүү гэдгийг хэлье. 

       "ӨДРИЙН СОНИН" 2014.5.28






МЕТАЛЛУРГ, МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ


Test drive: Bus #3

 



 
Test drive: Bus #10

Видеонууд:

  1. https://www.youtube.com/watch?v=VOga0Zl3jq4
  2. https://www.youtube.com/watch?v=ubvWLCG4dXM
  3. https://www.youtube.com/watch?v=2JKJrhC9eaM&feature=youtu.be
  4. https://www.youtube.com/watch?v=QqlKwFCWsVM

-Металллург, машин үйлдвэрлэл гэж чухам яг юуг хэлээд байгаа юм бэ? Монгол улс, монголчуудад ямар хэрэгтэй юм бэ?
Өвөг дээдэс маань орчин үеийн монголчуудад юу үлдээсэн бэ гэдэг асуултыг би өөртөө дандаа тавьдаг юм. Тэргүүний машин үйлдвэрэгчдийн нэг японы өвөг дээдэс японы арлуудыг япончуудад үлдээсэн. Монголын өвөг дээдэс бидэнд дэлгэсэн тэрлэг шиг газар нутгийг бүх баялагтай нь үлдээсэн. Тэгэхээр эцэг өвгөдөөс өвлөж авсан зүйлийн талаар бид бусад ард түмнээс илүү гарна уу гэхээс дутуу гэж гомдоллох шалтгаан алга. Орчин үеийн аж үйлдвэржилт, бренд бүтээгдэхүүний дэлхий дамнасан ноёрхлыг судалж үзвэл материал түүхий эд ба түүнийг боловсруулах технологи гэсэн хоёр хүчин зүйл шийдвэрлэх нөлөөтэй байгаа нь харагддаг. Өнгөт ба хар металлург, машин, багаж тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эд, эрдэс баялгийн төрөл зүйл, нөөцөөрөө бид ямар ч үйлдвэрлэлийн гарын аяыг даах хангалттай боломж байгаа. Тиймээс түүхий эд байхгүйгээс бид нар үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй байна гэж ярих эрх алга. Түүхий эд, эрдэс баялгийг боловсруулах технолог бид нарт байхгүй байгаагаас үйлдвэрлэл хөгжихгүй байна уу? Би бол үгүй гэж хэлнэ. Бүх технолог нь бэлэн байснаас хөгжсөн улс орон гэж байдаг уу? Үгүй. Технологи, техникийн хөгжлийг зорилготой хөдөлмөрлөсөн хүмүүс, ард түмнүүд бий болгодог болохоос хар аяндаа өөрөө хэзээ ч бий болохгүй. Тэгэхээр хамтын зорилготой болох түүндээ хүрэхийн тулд сэтгэл нийлж, зориг гаргах шаардлага тулгардаг аж. Ард түмэн хамтын зорилготой, тухайн нэг чиглэлд амжилт гаргахад төрийн зохион байгуулах ур чадвар түүнийг гүйцэлдүүлэх сэтгэл хэрэгтэй. Чухам үүний тулд л ард иргэд бид төр, түүний бүтцийг санхүүжүүлж байдаг билээ. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар би энд дүн тавих гэж оролдохгүй, харин металлург, машин үйлдвэрлэл хөгжсөн улс орнууд бусдын гар харахааргүй болтлоо “тасарсан” хөгжилтэй болдгийг онцлон дурдъя. Тэгвэл үүний нууц нь юу юм бэ? Энэ бол түүхий эд, эрдэс баялгийг боловсруулах багаж, тоног төхөөрөмж, технологийг үүсгэн бүтээх явцдаа түүнийг гардан хэрэгжүүлдэг зохион бүтээгчид, дизайнерууд, инженерүүд, технологчид, худалдан борлуулагчид, дагалдах техникийн үйлчилгээг эрхлэгчдийн бүхэл бүтэн нэг зорилготой, хоорондоо маш нарийн шүтэлцээтэй “арми”-ийг бий болгодог. Дэлхийн 2-р дайны дараа Герман, Япон, Солонгос зэрэг одоогийн өндөр хөгжилд хүрсэн автомашин үйлдвэрлэгч орнууд үнс нурам болтлоо эвдэрч сүйдсэн эдийн засагтай хоногийн хоолоо ч яаж аргацаахаа мэдэхгүй хэцүү байдалтай үлдсэн. Тэд яаж богино хугацаанд хөл дээрээ босч дахин дэлхийд тэргүүлэгч их гүрнүүд болсон нууц нь өмнө дурьдсан аж үйлдвэрлэлийг эрхлэх аргад боловсорсон армиа дахин бий болгож чадсанд л байгаа хэрэг юм. Эндээс эргэж бодвол ард түмэн нэгдсэн зорилготой болж нэгтгэгдэн зангидагдах нь төр засгийн бодлоготой маш их хамааралтай болох нь ойлгогдоно. Төрөөс зөв бодлогоор дэмжихэд ямарч орон маш богино хугацаанд хөгжлөөрөө тэргүүлэгчид болж болдгийг сүүлд хөгжсөн азийн баруудын арвин туршлага ч нотолж байгаа.
-Та төрийн дэмжлэг гэж ярилаа. Чухам яаж дэмжвэл оновчтой юм бэ?
Би шууд тоочъё.
  1. Нэгдсэн зорилтыг тоймолж үечлэлүүдийг тодорхойлох, хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ, ард түмэнтэйгээ хамтран зохион байгуулах, хэрэгжилтийг дүгнэх
  2.  Өмчлөлийн хэлбэрүүдийг үл харгалзан тэгш оролцох боломжтой орчин үүсгэхийн тулд хууль, эрх зүйн орчинг бий болгох
  3. Гаргах бүтээгдэхүүнүүдийн боловсруулалтын төвшин, хэрэглэх багаж, тоног төхөөрөмж, арга, технологийг тодорхойлж судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход нь туслах
  4. Боломжийн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө босгоход нь дэмжлэг үзүүлэх
  5. Бүтээгдэхүүний гадаад, дотоод борлуулалтад туслах, худалдан авалт хийх, гадаад, дотоод захиалга олж өгөх
  6. Татварыг зөв үйлчлүүлэх
  7. Мэрэгжилтэн бэлтгэхэд оролцох
  8. Гэнэтийн өөрчлөлтөөр эдийн засгаа татаж унагахгүй байх/Бодлого, хууль эрх зүй, татвар, ханшны өөрчлөлт, тендер, гааль, лиценз зөвшөөрөл, хяналт шалгалт гм./
Эндээс ажвал зам тавих, цахилгаан станц, үйлдвэр барих, компани байгуулах, нүүрс зөөх, барилга барих гэх мэтчилэн аж ахуй-бизнесийн үйл ажиллагаа явуулах талаар ер дурьдагдахгүй байгаа нь анзаарагдаж байгаа байх.
-Автомашин үйлдвэрлэл маш их хөрөнгө оруулалт шаарддаг салбар гэж бодож байна. Бидэнд хөрөнгө мөнгөний бололцоо байгаа юу?
Орчин үеийн авто үйлдвэрлэгчид дан өөрийн хөрөнгөөр үйлдвэрлэл явуулахад хэцүү. Угаас тэгэхээ ч больсон. Автомашин үйлдвэрлэгчид дэлхийн хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө босгож бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулж байна. Бүтцийн хувьд ч маш өвөрмөгц нийлмэл шинж чанартай болсон. Би ганцхан жишээ дурьдъя. Шведийн СААБ автомашины үйлдвэр 2010 оноос үйл ажиллагаа нь догол дож санхүүгийн хүндрэлд орж эхэлсэн. Уг үйлдвэрийг татаж босгоход 1 тэрбум хүрэхгүй долларын хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Харин бид нар түүний талаас илүү хөрөнгийг яг тэр үед “21000”, “70000” гэх мэтчилэнгийн нэрээр нэрлээд хуваагаад тараачихсан. Энэ хөрөнгөөр Европд ажиллаж байгаа уг үйлдвэрийг худалдаж авч болох байлаа. Монголд олзворлосон төмрийн хүдэр, зэс, цайр, коксждог нүүрсээ Европ руу аваачаад өөрийн худалдаж авсан үйлдвэрт боловсруулан машин хийж тэнд нь борлуулбал ямар их боломжийг бид бий болгож чадах билээ дээ. Монголчууд Европд автомашины үйлдвэр худалдаж авлаа гэдэг мэдээлэл аль ч хөрөнгийн бирж дээр “монголын” гэх хаягтай хувьцаануудыг суга өсгөж манай улсыг зорих хөрөнгө оруулагчдын бүхэл бүтэн цувааг эхлүүлэх үүд хаалгыг нээх байсан гэдэгт би эргэлздэггүй. Түүнчлэн бид дотоодын зах зээлээ хичнээн голдог боловч нарийн судлаад үзвэл маш их мөнгө эргэлдэж байдаг. “Эргэлдэж” гэж хэлэх нь буруу л даа. Шууд гадагшаа урсаж байдаг гэж хэлбэл зохино. Зөвхөн автобусны дотоодын зах зээлийн багтаамжийг авч үзэхэд:
          Нийт автобусны тоо – 17910
    МУ-ын автобусны нийт паркийн 3%-ийг шинэчлэхэд жил бүр 537 ширхэг шинэ автобус шаардлагатай
        12 жилийн насжилтаар хязгаарлагддаг нийтийн тээврийн 1980 автобусыг жил тутам 8,33% шинэчлэхэд  хамгийн багадаа 165 ширхэг шинэ автобус шаардлагатай
          Зах зээлийн багтаамж нь тэгэхээр:
      165-537 автобус буюу 24,8 – 80,6 сая ам. доллар болно. Зөвхөн төрөл бүрийн тормозны наклад худалдаж авахад жил бүр 3,2 сая долларын хөрөнгөө гадагш нь өгч гадаадын үйлдвэрлэгчид хөрөнгө оруулагчдыг дэмжиж байна. Бид амьдрал хэцүү байна, долларын ханш өслөө гэж гомдоллоцгоодог, төр засаг ч интервенц хийнэ гэж байгаа бэлэн доллараа зах зээлд гаргаж зардаг ганцхан аргатай. Хомсдолтой байгаа зүйлээ хичнээн гадагш нь зарвал улам л хомсдох бус уу? гэж асууя. Ер нь үйлдвэрлэл хөгжсөн орнуудад дотоодын мөнгөнийх нь ханш унахаас айдаггүй харин ч өсөхөөс нь л айдаг эсрэг тогтолцоо үйлчлээд байгаа юм уу даа гэмээр байдалтай байдаг. Энэ бол үйлдвэрлэлээ хөгжүүлсний ач.
-Танай салбарын үйлдвэрлэгчид татвар ямар байгаасай гэж хүсдэг вэ?
  1.  Бодлого зарчим нь ойлгомжтой, тогтвортой.
  2.  Түүхий эд, материал, багаж, тоног төхөөрөмжийн импортын татвар бага байх, бүр тэглэсэн ч харамсах зүйл үгүй. Түүхий эд, эрдсийн баяжмалын экспортын татвар маш өндөр байвал сайн.
  3.  Бэлэн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээ, хүнсний барааны импортын татвар байнга нэмэгдэнэ гэдгийг урьдчилан зарлаж байнга нэмж байх
  4.  Дотоодод үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүнийг татварыг нь бодлогоор багасгаж, тэглэж байгаад ашиг орлого нь сайжирсан үед нь хэвийн хэмжээнд нь оруулж татвар авдаг байх, экспортод гаргаж байгаа өндөр технологоор боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнд маш бага татвар авдаг байх хэрэгтэй. 
  5. Ажиллагсдадаа өгч байгаа цалингийн нэмэгдэлийг нь татвараас чөлөөлөх
-Бид үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын талаар нилээд ярилцлаа. Одоо Экобус J 800T загварын автобусныхаа онцлогийн талаар дурьдана уу.
Мэдээж дотоодод мөрдөгдөж байгаа бүх стандарт, шаардлагуудыг хангасан сайн бүтээгдэхүүн болж чадсан. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тэнхлэгүүд, арлыг гаднаас, кузовыг өөрсдөө хийж угсралтын бүх ажлыг дотооддоо гүйцэтгэж байна. Хөдөлгүүр нь коммон рейл электрон удирдлагатай, Евро IV стандартын шаардлага хангасан, агаарыг бохирдуулдаггүй технологтой, маш бага “иддэг”. Хийн нумтай болохоор явдал маш зөөлөн, жолоочийн хөдөлмөрийг хөнгөвчлөхөд зориулагдсан хаалгануудын болон ухрахын өнгөт дэлгэцтэй хяналтын камер, хүчлүүртэй жолооны механизм, нам шалтай тухлаг саруул салон, хүчтэй дулаацуулгын систем, даацын дугуй, LED гэрлэн урсдаг хаяг, хуурайшуулагчтай хийн систем, хавчдаг тормоз гээд маш олон давуу талууд байгаа. Бид нийтийн тээврийн салбараас төрсөн автомашин үйлдвэрлэгч учраас нийтийн тээврийн хэрэглээнд тохиромжтой амьдрал дээр шалгагдсан хамгийн сүүлийн үеийн сайн технологуудыг энэ загвартаа бодит зүйл болгон хэрэгжүүлсэн.
-Үнийн талаар асууя. Арай үнэтэй байна гэж яриад байх юм.
Ирэх ойрын хугацаанд нийтийн тээврийн автобусанд баримтлах техникийн дэвшлийн харьцангуй дээд түвшинг тогтоохын төлөө манай үйлдвэрийн хамт олон Экобус J 800T загвараа гаргасан. Евро IV хөдөлгүүртэй автобусыг түүнтэй ижил хөдөлгүүртэй автобустай харьцуулж үнийг нь судалж үзээрэй. Tөмөр нум хэрэглэдэг автобусны зөвхөн нум, стремень, нумны втулканы эвдрэл, түүнийг засахад зарцуулдаг цаг хугацаа, хөдөлмөрийг мөнгөөр илэрхийлээд харьцуулж үзээрэй. Бид жижиг зүйлийг ч анхаарлынхаа гадна орхихыг хүсээгүй. Тормоз хийн системүүдийг холбосон хоолойнууд гэхэд л хуванцар биш зэс хоолойнууд угсрагдсан байгаа. Тэр бүхнийг зах зээлийн хамгийн боломжит бага үнээр үнэлсэн. Үнэ бүрдэхэд сэлбэг, тоног төхөөрөмжийн гаалийн татвар 15,5 % нөлөөлдөг, түүнийг бид ширхэг боолт худалдаж авахад ч төлж байгаа. Гэтэл гадны үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бэлэн автобусыг оруулж ирэхэд татварын хөнгөлөлттэй байгаа. Технологийн хувьд доогуур үзүүлэлттэй, гааль чөлөөлөгдсөн бүтээгдэхүүнийг өндөр технологтой, гаалиас хөнгөлөлт эдлээгүй бүтээгдэхүүнтэй битгий харьцуулаачээ. Төрөөс үүнийг бодлогоор зохицуулах арга хэмжээ авна гэдэгт бид итгэдэг. Мөн 50,0-100,0 мянган ам. долларын үнэтэй хямд автобусыг ч бид нийтийн зорчигч тээврийнхэндээ санал болгохоор ажиллаж байна. 209,000 орчим ам.долларын үнэтэй угсраа автобус хийх зорилт ч ойрын үеийн төлөвлөгөөнд орсон.
-Таны ярилцлагаас үзэхэд металлурги, машин үйлдвэрлэл чинь уг нь уул уурхайгаас илүү хөгжлийн түлхүүр юм биш үү?
Тийм гэж зоригтой хэлж болно. Учир нь төмрөө, зэсээ, шилээ, нүүрсээ гэх мэт монголд байдаг түүхий эд, эрдсүүдийг гүн боловсруулж, бусад үйлдвэрлэлд хэрэгтэй хагас бэлэн боловсруулсан бэлдэц, материалуудыг энэ салбар л бий болгодог. Бас бахь, алх, хадааснаас эхлээд металлург, машинт үйлдвэрлэл оролцоогүй тийм бүтээгдэхүүн, салбарыг нэрлэх боломжгүй. Маш олон үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хүмүүс биднийг дэмжиж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өгч, угсарч байгаа зарим эд ангиудыг үйлдвэрлэх боломжийг судалж байна. Энэ сайн эхлэл.
-Танд баярлалаа. Танай хамт олонд улам сайхан бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж олон сайхан залуучуудыг сургаж ажил амьдралтай байлгахын ерөөл өргөе!
Баярлалаа. Хамт олондоо, залуучууддаа уламжилнаа.

“Экобус” автобусны үйлдвэрийн Ерөнхий инженер Дашийн Жамц

2014 оны 5 дугаар сар 14

 

 







 ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА (ДОӨБ)




УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА


I. Уралдаант шалгаруулалтын зорилго:

Техник, технологийн инноваци нь эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр хүч гэж өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн юм.  Шинэлэг технологи нь өдөр тутмын амьдралд бидний өмнө тулгарч байдаг техникийн бэрхшээлийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх боломжийг олгодог. Ийм технологийг “Appropriate Technology” (AT) буюу “Оновчтой технологи” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Технологийн инновацийг, түүнчлэн оновчтой технологийг бий болгоход патентийн баримт бичигт агуулагддаг мэдээллийг үндсэн эх сурвалж болгон ашигладаг. Шинэ технологийг боловсруулах боломжийг нэмэгдүүлэхийн тулд патентийн мэдээллийг системчилсэн байдлаар дүгнэн үзэж ашиглах хэрэгтэй байдаг.

 Энэхүү уралдаант шалгаруулалт нь өдөр тутмын амьдралд инновацийг бий болгохтой холбоотой нээлттэй өрсөлдөөн бөгөөд үндсэн зорилго нь бидний өмнө өдөр тутам тулгарч байдаг техникийн бэрхшээлтэй аливаа асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдлийг олохын тулд патентийн мэдээллийг ашиглаж сурахыг дэмжихэд оршино.

 Түүнчилэн олонтоо гарч байдаг техникийн бэрхшээлийг нэн ялангуяа манай орны нөхцөл байдалд тохируулан шийдвэрлэсэн инновациийн шийдлийг дэмжиж урамшуулна. Оролцогчид тодорхой нэг асуудлыг тодорхойлж оновчтой технологийг олох явцад патентийн мэдээллийг судлах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл шийдлийг бодож олохдоо патентийн мэдээллийг ашиглах нь энэ уралдааны үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм.

 Энэхүү уралдаант шалгаруулалтыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагч нь Монгол Улсын Оюуны өмчийн газар, дэмжигч байгууллага нь БНСУ-ын Оюуны өмчийн газар байна. Монгол Улсад зохион байгуулж байгаа уг уралдаанд Монгол Улсын иргэн болон байнгын оршин суугч оролцох эрхтэй юм.

II. Оролцогч байгууллагууд ба ажил үүргийн хуваарилалт:

Энэхүү уралдааныг дараах оролцогч байгууллагууд хамтран зохион байгуулна:

                     1) Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага
                         World Intellectual Property Organization (WIPO)
                         34, Chemin des Colombettes
                         P.O. Box 18
                         CH-1211 Geneva 20, Switzerland
                         www.wipo.int
                     2) Монгол Улсын Оюуны Өмчийн Газар (МУОӨГ)
                          Бага тойруу-49,
                          Улаанбаатар-46, Монгол Улс
                          www.ipom.mn                       

 МУОӨГ нь тус уралдааныг хамтран зохион байгуулах бөгөөд логистикийн ба техникийн дэмжлэгийг үзүүлнэ. Түүнчилэн, МУОӨГ нь хамтран зохион байгуулагчийн хувьд уралдаанд хамаарах шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд уралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авах, патентийн мэдээллийг ашиглах боломж олгох, уралдааны үеэр оролцогчдод туслалцаа үзүүлнэ.

                     3) БНСУ-ын Оюуны Өмчийн Газар (БНСУОӨГ)
                         The Korean Intellectual Property Office (KIPO)
                         Government Complex-Daejeon
                         139 Seonsa-ro
                         Seo-gu, Daejeon
                         Korea (302-701)
                         www.kipo.go.kr

 Уралдаан явуулах дүрэм, журмыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, МУ-ын Оюуны Өмчийн Газар, БНСУ-ын Оюуны Өмчийн Газраас боловсруулсан болно.

III. Уралдааны явц.

1. Уралдааны хуваарь.

2014 оны 4 сарын 1-25:  Олон нийтэд зар түгээх

2014 оны 5 сарын 15:  Оролцогчдод зориулсан “Патентийн мэдээллийг ашиглах” сэдэвт чиглүүлэх сургалт

2014 оны 9 сарын 15:  Уралдаанд оролцох материал хүлээн авах сүүлийн хугацаа

2014 оны 11 сарын 5-7:   Аман танилцуулга ба сургалт


2. Уралдаанд оролцоход тавигдах шаардлага.

Уралдаанд Монгол улсын иргэд болон байнгын оршин суугчид оролцох эрхтэй. Дараах хүмүүсийг уралдаанд оролцохыг уриалж байна:

          -оюутан

          -судлаач

          -зохион бүтээгч (оролцогчид уралдаанд дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой)

3. Чиглүүлэх сургалт.

Уралдаанд оролцох сонирхол бүхий хүмүүст зориулан бүтэн нэг өдрийн “Патентийн мэдээллийн чиглүүлэх сургалт” зохион байгуулж дэлгэрэнгүй удирдамж өгнө. Сургалтыг дараах сэдвээр явуулна:

          -патентийн мэдээлэл гэж юу вэ? (ил болгосон техникийн мэдээлэл, эрх зүйн мэдээлэл, бизнесийн мэдээлэл, ишлэл)

          -патентийн мэдээллийг хаанаас олж болох вэ? (үнэ төлбөргүй мэдээллийн сан)

          -тухайн техникийн талаарх мэдээллийг хэрхэн хайх вэ? (үндсэн зүйлийг тогтоох, түүнийг хайлтын асуулгад оруулах, хайлтын асуулгыг оновчтой тодорхойлох)

          -олж авсан патентийн мэдээллийг хэрхэн ашиглаж болох вэ?

          -патентийн баримт бичигт агуулсан техникийн мэдээллийг хэрхэн уншиж ойлгох вэ?

4. Уралдаанд оролцох материал ирүүлэх.

Оролцогчдоос дараахь зүйлийг шаардана:

               - Өөрийн эргэн тойронд байгаа техникийн бэрхшээлийг илрүүлж шийдлийг нь сэдэж олох;    

               - Техникийн шийдлийг гаргахад патентийн мэдээллийг ашиглаж түүнд иш татна.

Уралдаанд оролцох материалыг хавсралтад буй стандарт загварын дагуу ирүүлнэ. Оролцогчид өөрийн материалыг дугтуйнд хийж битүүмжлэн нэр, холбоо барих утас, цахим хаягаа тэмдэглэж ОӨГ-т хүргүүлнэ. Тогтоосон хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй.

5. Дүгнэх ба сонгон шалгаруулах.

Уралдаанд оролцох материалыг 2 үе шаттайгаар дүгнэнэ. Эхний үе шатанд оролцогчдоос бичгээр ирүүлсэн материалыг дүгнэж үүнээс 10 хүртэлх материалыг дараагийн шатны шалгаруулалтад оруулна. Хоёр дахь үе шатанд оролцогчдын аман танилцуулгыг дүгнэн тэргүүний 3 материалыг шалгаруулна.

1) Эхний шалгаруулалт

Ирүүлсэн бүх материалтай танилцаж 10 хүртэлх материалыг дараагийн шатанд сонгон шалгаруулна.

Эхний шалгаруулалтын дүнг сонгон шалгаруулах комиссийн гишүүдэд аман танилцуулга хийгдэхээс өмнө танилцуулна (дэлгэрэнгүйг доороос үзнэ үү).

Материал бүрийг дүгнэхдээ техникийн бэрхшээлийг хэрхэн судалж дүн шинжилгээ хийсэн (20%), инновацийн түвшин (30%), практикт ашиглагдах боломж (30%) болон патентийн мэдээллийг ашигласан байдал (20%) зэргийг авч үзнэ.

2) Эхний шалгаруулалтад тэнцсэн материалыг дүгнэх

Эхний шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг МУОӨГ-аас эрх зүйн болон техникийн зөвлөгөөгөө, түүнчлэн патентийн мэдээллийн эх сурвалжийг ашиглах удирдамж өгнө.  Ингэснээр оролцогчид шалгаруулалтад ирүүлсэн өөрсдийн материалыг сайжруулж аман танилцуулгад бэлтгэх боломжоо нэмэгдүүлнэ.

Шалгаруулалтад оролцогчид өөрсдийн эцсийн материалыг патентийн мэдээллийн талаарх зэрэг удирдамжийн дагуу бэлтгэн тогтоосон хугацаанд ирүүлнэ.

Оролцогч бүр ашигласан патентийн мэдээллийн холбоосыг заан хэрхэн ашигласан, хир үр ашигтай байсан тухай танилцуулна.

Эцсийн шалгаруулалтад оролцогч тус бүрт /багаар бол багийн нэг оролцогчид/ аман танилцуулгад бэлтгэх ажилд зориулан 100 ам. долларыг өгөх болно.

Оролцогчид өөрийн ирүүлсэн материалд үндэслэн аман танилцуулгыг бэлтгэнэ.

Оролцогч тус бүр өөрийн танилцуулгыг 15-20 минутанд багтаан хийх бөгөөд үүний дараагаар асуулт, хариултын хэсэг болно.

Тэргүүлсэн 3 материалыг аман танилцуулгын төгсгөлд зарлана.

Сонгох шалгаруулах комиссийн бүрэлдэхүүн нь 8 хүнээс бүрдэх бөгөөд үүнд патент, оновчтой технологийн асуудлаар мэргэшсэн хүмүүс болон бизнес төлөвлөлтийн мэргэжилтнүүд байна. Эцсийн шалгаруулалтын материалыг дүгнэхдээ мөн л бэрхшээлтэй асуудлын дүн шинжилгээ (20%), инновацийн түвшин (20%), практикт ашиглагдах боломж (40%) болон патентийн мэдээллийг ашигласан байдал (20%) зэргийг авч үзнэ.

6. Шагнал.

Эхний шалгаруулатад тэнцсэн оролцогчдод:

                 - ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ гардуулна

Эцсийн шалгарууллатын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод:

                 - ДОӨБ-ын медаль,

                 -  мөнгөн шагнал (US$1,250 – 1 дүгээр байр; US$750 – 2 дугаар байр; ба US$500 – 3 дугаар байр) гардуулж

                 -  ДОӨБ-ын дараах зайны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрх олгоно

                                 • DL 301 Patents
                                 • DL 318 Patent Information Search
                                 • DL 320 Basics of Patent Drafting

Шаардлага хангасан материал үгүй байх тохиолдолд шагнал олгохгүй байх эрх сонгон шалгаруулах комисст хадгалагдана.

7. Төгсгөлийн сургалт.

Аман танилцуулгын дараа оновчтой технологийг боловсруулах болон тэдгээрийг зах зээлийн эргэлтэд оруулах чиглэлээр нэг өдрийн сургалтыг зохион байгуулна. Оролцогчид ирээдүйтэй болон хэрэгтэй шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой болно.


IV. Холбогдох дүрэм.

1. Оюуны өмчийн асуудал:

 1) Өмчлөл.

Оролцогчид өөрийн шинэ бүтээлийн хувьд үндэсний хууль тогтоомжоор олгогдсон бүх эрхийг эдлэнэ.

2) Нууцлал болон нууцыг задлахгүй байх тохиролцоо.

Уг уралдааныг зохион байгуулахад оролцогч талууд, ялангуяа МУОӨГ, ДОӨБ болон сонгон шалгаруулах комиссын гишүүд нууцлал болон нууцыг задлахгүй байх тохиролцооны дагуу нууцыг хадгалах үүрэг хүлээнэ.


3) Шинэ бүтээлийг хамгаалах.

Оролцогчид өөрсдийн шинэ бүтээлийг үндэсний хууль тогтоомжийн дагуу хамгаалуулах арга хэмжээ авах асуудлыг хариуцна.

4) Зөрчил.

Патентийн тогтолцооны хүрээнд технологийн тухай мэдээллийг нийтэд түгээн дэлгэрүүлж бусдад шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх боломжийг олгодог тул оролцогчдын энэхүү боломжийг ашиглахыг бүрэн дэмжиж байгаа.  Хэдий тийм боловч судалгаа хийхдээ патентийн тогтолцооны хуулийг чанд сахиж патент эзэмшигчийн эрхийг хүндэтгэх шаардлагатай. Тиймээс патентаар хамгаалсан шинэ бүтээлийг ашиглахаар төлөвлөж байгаа тохиолдолд холбогдох зөвлөгөө авахыг уриалж байна.

2. Уралдаанд ирүүлсэн материалыг буцаах.

Оролцогчдод уралдаанд ирүүлсэн материалын хувийг өөртөө авч үлдэхийг зөвлөж байна. Уралдаанд ирүүлсэн материалын эх хувь болон цахим хэлбэрээр ирүүлсэн хувийн алийг нь ч буцаан олгохгүй.

Уралдааны дараа ямар ч материалыг буцаан олгохгүйг дахин анхаарна уу. Уралдаан дууссаны дараа бүх материалыг устгах болно.

3. Дүрэмд захирагдах.

Оролцогчийн уралдаанд оролцож байгааг дүрмийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4. Давуу болон халдашгүй эрх.

Энд болон үүнтэй холоотой аливаа мэдээлэлд тусгасан аливаа заалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1947 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Төрөлжсөн байгууллагуудын давуу эрх болон дархан байдлын талаарх Конвенцийн дагуу ДОӨБ-ын эдлэх давуу болон халдашгүй эрх, түүнчилэн Швейцарийн Холбооны зөвлөл, ДОӨБ-ын хооронд 1970 оны 12 дугаар сарын 9-нд байгуулсан ДОӨБ-ын эрх зүйн байдлыг тодорхойлсон хэлэлцээр болон мөн өдөр батлагдсан уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх Журамд заасныг хөндөхгүй.

5. Арбитрын шүүх.

Энэ уралдаан болон түүнтэй холбоотойгоор үүссэн аливаа маргаан, гомдол эсхүл шүүхийн заргыг эвээр шийдвэрлэснээс бусад тохиолдолд НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн  комисс (UNCITRAL)-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй арбитрын шүүхийн дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Томилох эрх бүхий албан тушаалтан нь Гааг дахь Байнгын ажиллагаатай арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга байна.
Нэг арбитрын шүүгчийг томилно.
Арбитрын шүүхийн үйл ажиллагааг явуулах газар нь Швейцарь улсын Женев хот байна.
Арбитрын үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэл нь англи хэл байна.
Маргааныг Швейцарийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

***

Хавсралт 1. [Уралдаанд ирүүлэх материалын стандарт загвар]


Уралдаанд ирүүлэх материалын тодорхойлолт

1. Нэр:

2. Техникийн салбар:

3. Суурь технологийн мэдээлэл:

4. Хураангуй:
            -Техникийн бэрхшээл
            -Шийдэл
            -Санал болгож байгаа шинэ бүтээлийн давуу тал, үр нөлөө

5.  Шинэ бүтээлийн тодорхойлолт:

6. Үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой байдал:

7. Ишлэлийн жагсаалт:
           -Патентийн баримт бичиг
           -Патентийн бус баримт бичиг

8. Зураг:


Хавсралт 2.  [Үнэлгээний тайлан]


ДОӨБ-д гаргах үнэлгээний тайлан ба сонгон шалгаруулах комисс

1. Оролцогч:

2. Тайлангийн хураангуй:

3. Ирүүлсэн бүтээлийн үндсэн онцлог:

4. Дэлгэрэнгүй үнэлгээ ба тайлбар:

                 -“Бэрхшээлийн дүн шинжилгээ” (20%)

                 -“Инновацийн түвшин” (30%)

                 -“Практикт хэрэгжүүлэх байдал” (30%)

                 -“Патентийн мэдээллийн ашиглалт” (20%)



Хавсралт 3.  [Аман танилцуулгын стандарт загвар]


“Инновацийн шийдэл - бидний амьдралд” аман танилцуулга

1. Дэвшүүлж буй асуудлын мөн чанар, цар хүрээ

2. Ашигласан техникийн шийдэл

3. Техникийн шийдлийг сэдэж олсон явц, ялангуяа техникийн асуудлыг шийдвэрлэх болон шийдлийг олоход патентийн мэдээллийг хэрхэн, ямар хэмжээнд ашигласан зэргийг тайлбарлана.

4. Практик хэрэглээ ба хүлээгдэж буй үр дүн

Хавсралт 4.  Аман танилцуулгын үнэлгээний хуудас


Аман танилцуулгын үнэлгээ:

1. Оролцогч:

2. Шүүгч:

3. Дэлгэрэнгүй үнэлгээ ба тайлбар:

                  -“Бэрхшээлийн дүн шинжилгээ” (20%)

                  -“Инновацийн түвшин” (20%)

                  -“Практикт хэрэглэх боломжтой байдал” (40%)

                  -“Патентийн мэдээллийн ашиглалт” (20%)

4. Үнэлгээний хураангуй:

5. Тайлбар:

 

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP