- Агуулгын шошго

Еншөөбү Бямбын Ринчен







                                                                                           








                                                                                         БАГА НАС
1905 оны (хөхөгчин могой) 11сарън 24-нд Сэлэнгэ аймаг, Хиагтын Наймаа хотын зүүнтээ, одоогийн Алтанбулаг хотод мэндэлсэн.

1906 онд (1 нас) хүрсний хойд жил Хараагийн Дар эхийн хувилгаан лам ирж Ринчендорж нэр оноожээ.

1912 онд (7 нас) долоотойдоо Билигсайхан гэдэг манж, монгол хэлтэй бичгийн хүнд шавь оржээ.

1914 онд (9 нас) Дээд шивээний орос сургуулиин бэлтгэл ангид орсон. 9 наснаас орос үлгэр домог орчуулж байжээ.

1917-1920 онд (12-15 нас) Зөвлөлтийн 2-р шатны сургууль төгсжээ.


  АРДЫН ХУВЬСГАЛ БА АРВАН ЗУРГААН НАС
1921 онд (16 нас) 3 сарын 1-нд Дээд Шивээд болсон Монгол Ардын намын анхдугаар их хурал эцэг Раднаажавын Дээд Шивээний байшинд болж төлөөлөгчдөд багшийнхаа захиснаар 3 хоног үйлчилжээ. Эрдэмтэн Ж.Цэвээн тэр хуралд оролцсон 26 хүний нэг байж. Хиагтын Наймаа хотноо гамин цэргийг Ардън журамт цэрэг дайлахыг үзэж, багшийгаа дагалдан хэл залгуулж явсан ажгуу. Багш Билигсайхан Ардын төр засгийн газраас байгуулсан Хязгаарын Яамны сайд болжээ. 1921 онд Алтанбулаг хотноо залуучуудын ХЗЭ үүр анх байгуулахаар Х.Чойбалсанг ирэхэд түүнд элссэн.

1921-1924 онд (16-19 нас) 4 сарын 15-нд багшийн дуудсанаар Алтанбулаг хотын Хязгаарън сайдын яаманд Хандтай хавсран тал бичээчээр ажиллав. Сайд багш Билигсайхан болон Сүхбаатар, Лосол, Хатанбаатар нартай хамт хэлмэрчээр явж, Барон Унгернийг (Одон уулын муухай зант) бариад хамт хоригдсон Бишрэлт гүн Сундуйг татан авах хэлэлцээнд орж, хэрхэн барьсныг сонсон Бароныг нүдээрээ харжээ.

Д.Сүхбаатар хүрээг чөлөөлөхөөр явахаас өмнө уулзан асууж, эмчийн мэргэжилтэй болъё хэмээхэд "Өвчинд орос Монгол өвчин гэж үгүй, Монгол бичиг, соёлын тухайд бидэнд өөрийн эрдэмтэн нэн хэрэгтэй байна" гэж их жанжин сануулан зөвлөжээ.

1923 онд (18 нас) түүний охин доктор Нямаа төрсөн.

1923 - 1926 Expeditions of P.К. Коzlov to Mongolia. Эрдэмтэн Олденбургийн оролцоотойгоор П.К.Козлов Монгол төвдийн шинжилгээний анги байгуулан ажилласан нь Судар бичгийн хүрээлэнд их тус хүргэжээ.

1924 онд БНУ-ыг тунхаглан байгуулсан..

  ДЭЭД СУРГУУЛЬ БА 8 АКАДЕМИЧ, ХОРИН НАС
1924-1927 онд (19-22 нас) Ардын засгаас илгээсэн 18 оюутны тоонд орж Ленинградын Дорно дахины хэлний хүрээлэнд оюутан болов. Төвд эвлэлийн үүртэй байсан.

1925 онд (20 нас) Оросын ШУА-н 200 жилийн ой болж http://www.pran.ru/eng/history/ түүнд тэр үеийн Засгийн газрын гишүүн, Гэгээрүүлэх Яамны зөвлөх, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн доктор, хүрээлэнгийн төвд бичгийн орчуулагч Шагж нар оролцсон. Ж.Цэвээн акедемиин ерөнхийлөгч Карпински, эрдэмтэн нарийн бичгийн дарга академич Олденбург нартай хэлэлцэж Монгол оюутнуудаас эрдэм шинжилгээний ажилтан бэлтгүүлэх хүсэлт тавьсанд 18 оюутнаас 4 хүнийг жинхэнэ дунд боловсролтойн тул сонгон Академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лабораторид хэл бичгийн хүрээлэнгийн монголч академич В.Я.Владимирцов, энэтхэг судлалч, академич С.Ольденбург (Олденбург), төвдч академич Ф.И.Шербатскои, дорно дахины түүхч академич В.В. Бартолд, түрэг хэлний профессор академич К.К.Юдахин, авиа зүйн тухайд академич Л.В.Щерба, хэл түүхийн мэргэжилтэн академич Н.Я.Марр, монголч академич С .А.Козин, нангиадач, академич Ж.М. Алексеев нарын 9 академичаар хичээлээс гадуур 3 жил тусгайлан хичээл заалган удирдуулжээ.

1926 онд (21 нас) гэргий Радна, охин Нямаа нар Германд байлаа. Жон Ридийн Ертөнцийг донсолгосон 10 өдөр номыг монголчилжээ.
  
СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭН. ЭРДЭМ НОМЫН АЖИЛ. 1927-1936.
1927-1936 онд (22 нас) 8-р сард Судар бичгийн хүрээлэнд оюутан, ажилтан, дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны судлал, утга зохиол , түүх судлал оролдсон. Монгол Ганжуурын гарчиг хийхийг даалгасан ч буруушаан зогсоожээ. Хийж байсан тэр гарчигийг хэвлүүлж өгөөгүй бөгөөд Унгарын академиас Л.Лигети-гээр хийлгэн 1943 онд хэвлүүлсэн.  8 сарын 9-нөөс эхлэн Лувсан хуурчаас Бодь мэргэн хаан туулийг бичин авч эхэлсэн. 1923 онд байгуулсан анхны дунд сургуульд газарзүйн багшийн ажлийг хийхийг Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Батхаан даалгажээ. Хүрээлэнд Д.Нацагдоржтой хамт ажиллаж байлаа.

1928 оноос (23 нас) бэлтгэж Б.Ишдорж багшаар орчуулуулсан Лункейвичийн Түмэн бодисын судлалын сурах бичгийг гаргах гэсэн боловч Рубакиний номоор сольсон.

1929 онд багшийн орны хүн олоод Судар бичгийн хүрээлэнд эргэн ирэхэд Гэгээрүүлэх Яамны сайдаар Б.Дугаржав ажиллаж байлаа. Дунд сургуулийн анхны захирал Б.Ишдорж, дараа нь Цэвэгжав, халааг нь Б.Ринчен авч захирал хийв.

1929 онд (24 нас) Төв хорооны Сурталын хэлтсээс Хувьсгалт уран зохиолын бүлгэм байгуулахад анхны 5 тэргүүлэгчийн нэгээр сонгогдсон. 14000 шад шүлэг бүхий "150 насыг насалсан хөгшин Луу мэргэн хаан" туулийг лам Дэндэвээс бичин авжээ.

1930 онд (25 нас) Залуучуудын Эвлэлээс хотын 3-р хорооны Намын үүрт гишүүн болсон ч Ж.Цэвээнийг шүтсэн гэж хөөгдсөн.

1931 онд (26 нас) Судар бичгийн хүрээлэн Шинжлэх ухааны хүрээлэн нэртэй болжээ.

1932 онд (27 нас) 9 настай охин Нямааг нь баруунтаны хүүхэд хэмээн пионероос хөөжээ. Хүү Барсболд нялх байлаа.

1934 онд  (29 нас Намын Төв хорооны Нарийн бичгийн дарга, Хүрээлэнгийн тэргүүлэгч гишүүн болсон Б.Элдэв-Очирыг КУТВ-д байхаас таних тул намаас хөөгдсөнөө хэлж дахин гишүүн болсон.

1936 онд (31 нас) Улсын хэвлэлийн төв газар шинээр байгуулагдаж. Шинжлэх ухааны хүрээлэнгээс тэнд эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилжээ.

  ШОРОНД 5 ЖИЛ. 1937-1942
1937-1942 оны (32 нас) 9-р сарън 10-нд Хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа хилс хэргийн учир шоронд орж 5 жил хоригдсон. Шоронд байхдаа франц хэл сурчээ.

1942 онд (37 нас) 4-р сарън 12-нд суллагдан "Үнэн" сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга. Сонины ажил 16 жил хийсэн.

  "ЦОГТ ТАЙЖ" КИНО
1943 онд Унгарын академиас Ганжуурън гарчигийг Л.Лигети-гээр хийлгэн хэвлүүлсэн

1945 онд (40 нас) Цогт тайж кинонд хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болгон Бэр цэцэг шүлгээ бичжээ. Их говийн зоригтон хүмүүс найруулалаа бичжээ.

1946 онд (41 нас) 2-р сард "Цогт тайж" киногоороо Төрийн шагнал хүртэж, шагналын мөнгөө Ленинградын ард түмэнд өргөжээ.

1946 онд (41 нас) 12-р сарън 12-нд МУИС-д багш. "Үнэн" сонинд "Зуун ямаанд жаран ухна" хэмээх алдартай өгүүлэлээ бичжээ.

  "ҮҮРИЙН ТУЯА" РОМАН
1947 онд "Үүрийн туяа" гурамсан романы "Манжийн талхинд" тэргүүн боть бичигдэв.

1948 онд (43 нас) 8-р сарън 28-нд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1951 онд (46 нас) "Үүрийн туяа" романы Тэргүүн боть "Манжийн талхинд роман хэвлэгдэв.

1952 онд (47 нас) 1-р сарын 1-нээс "Үнэн" сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга

1952 онд "Үүрийн туяа" романы 2-р боть "Гал усны гашуун зовлон" хэвлэгдэв.

1955 онд "Үүрийн туяа" романы 3-р боть Байлдаж олсон эрх чөлөө хэвлэгдэв.

  ДОКТОР. ХОРИОТОЙ ЗОХИОЛУУД
1956 онд (51 нас) Унгар улсын ШУА-д Монгол бичгийн хэлний зүй сэдвээр хэл шинэжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан. "Монгол бичгийн хэлний зүй" 4 боть номыг зохиов. Албан ёсны шүүмжлэгчээр Лигету.Л байв.

1957 онд (52 нас) Чихнээ чимэг болсон "Монгол хэл" шүлгээ бичжээ.

1958 онд (53 нас) Шинжлэх ухааны хүрээлэнд  Хэл зохиол судлах газрын захирал, ЭША. "Манай соёлын өвөөс" хэмээх хялбаршуулсан  номоо орос хэлээр гаргажээ. "Өмнө этгээдэд зорчсон тэмдэглэл" номоо бичжээ.

1959 онд (54 нас) Олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтэдийн анхдугаар их хурлыг санаачилан зохион байгуулалцаж. "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" номоо бичиж. "Бэр цэцэг" шүлгийн түүврээ хэвлүүлэв.

1959 онд (54 нас) 7 сарън 13-нд МАХН-н Төв хорооноос Б.Ринченгиин эдгээр зохиолууд дахь харш үзэл санааны тухай гэгч 251-р тогтоол гарсан

Д.Сэнгээ (1916-1959) "Далан настанд даруулга хэрэгтэй" хэмээх дайрал шүлэг бичиж үзэл нь национализм, биширдэг нь феодализм, ярьдаг нь архаизм гэжээ. Хэсэг хүмүүсийн өгүүлэл "Үнэн" сонинд гарч Ринченг цагаантны оргодол гэж нэрлэн эх орноосоо гарч явахыг шаардав. Д,Сэнгээ (1916-1959) аюулт өвчинд нэрвэгдэхэд өнөөх "анд найз нар" нь биш Б.Ринчен л үргэлж эргэж тойрч туслав. Төв хорооны бүгд хурал дээр Сэнгээ буруугаа хүлээв

1960 онд (55 нас) Эрдэмтэн Валтхер Хеиссиг эрхлэн Rinchen folklore Mongol хэмээх хүн судлалын маш чухал номыг нь Германд хэвлүүлэв. Ж.Цэвээний орос хэлээр орчуулсан Халх журам-г Улаанбаатар хотод хэвлүүлэв.

1961 онд (56 нас) ШУА-н жинхэнэ гишүүнээр сонгогдсон


  МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛНИЙ ЗҮЙ
1964-1967 онд (59-62 нас) Монгол бичгийн хэлний зүй номын 1,2,4 –р боть хэвлэгдсэн

1965 онд (60 нас0 3-р сард Монгол бичгийн хэлний зүй номын 3-р боть болох Хэлбэр судлал номын оршилоо бичин хэвлэлд шилжүүлэв.

1966 онд 3-р сард Монгол бичгийн хэлний зүй номын 3-р ботийг шатаажээ.



  ОЛОН УЛСЫН НЭР ХҮНД
1969 онд (64 нас) Герман улсад Алтайн судлалън ээлжит бага хуралд оролцов. Монголоор, германаар талархал хэлж, англиар уншин хүндлэгдэв.

1970 онд (65 нас) 2-р сарын 4-нд ШУА-н хүндэт гишүүнээр сонгогдсон

1970 онд (65 нас) 10-р сард Польш улсын шагнал хүртсэн. Унгарын академийн хүндэт гишүүн болжээ.

1975 онд (70 нас) Хангинъ Гомбожавын ойн баярт зориулан Mongolian studies, volume 2, p 5-24, бүтээлийн жагсаалт гаргасан нь 15 хуудас, 150 орчим нэр зүйл болжээ.


"ЭРДЭМТЭН ХҮНИЙ ӨНДӨР ҮҮРЭГ" НЭРГҮЙ ӨГҮҮЛЭЛ
1976 онд (71 нас) Намын амьдрал сэтгүүлийн 2-т /"Эрдэмтэн хүний өндөр үүрэг" нэртэй/ зохиогчийн нэргүй гүтгэн доромжилсон зүйл гарч Ю.Цэдэнбал, Л.И.Бръежневт захидал илгээсэн. Б.Ринчен бээр "Нэрээ нуусан тэр этгээд далан гуравны минь жил орохын босгон дээр замд минь хөндөлссөн сүүлчийн этгээд болох болтугай" гэжээ

1977 оны (72 нас) 3-р сарън 4-нд Улаанбаатар хотноо (73 жил орсон улаагчин могой) орчлонгийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнээс хэдхэн хоногиин өмнө охин Р.Индрадаа "Аав нь монголоо гэж яваад ийм боллоо доо" гэж хэлжээ.

  ЦАГААТГАЛ
1990 онд Намын амьдрал сэтгүүлийн 3-рт МАХН-н Төв Хорооны 1959 онъ 7 сарън 13-нъ 251-р тогтоол зэрэг хүчингүй болсон шийдвэр гаргажээ.

1990 онд "Билгуун Номч Бямбын Ринчен" номыг Г.Аким эмхлэн гаргав.

2005 онд Улсын үндэсний номын сангийн өмнө Б.Ринченгийн 8 метр өндөр хөшөөг  түүний ач хүү Дэнзэн нь урлан босгожээ.



Зүүсэн нэр минь ондоо боловч

Зөв утга нь нэгэн бус уу

Төрсөн бие минь ондоо боловч

Төв сэтгэлэг нь нэгэн бус уу. 
               
                                    Б.Ринчен


Ц.Шагдарсүрэн:

1961 онд ШУА-н жинхэнэ гишүүн, эрдэмтэн, зохиолч, орчуулагч, сурган хүмүүжүүлэгч сэтгүүлч тэрбээр Монгол хэл аялгуу, түүх, соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томъёо зэрэг монгол судлалын  бараг бүх салбараар эрдэм шинжилгээний зохиол бичсэн.
Үндэсний соёл, ертөнцийн боловсролд нүд нээж байж сэхээтэн хүн ард олныхоо ухааны есөн сүвийг нээхэд тус болж чадна. Тэгээд орчлонг нэг биш хэд хэдэн цонхоор харах юмсан. Үүний тулд Бага залуудаа махаа идэж, өвгөрч өтөлсөн хойноо шөлөө ууж суух сайхан шүү. Одоо л шамдаж үз гэж уриалж явдагсан.


Радна, Ринчен 3 охин, 1 хуутеи

1. Нямаа, Эрүүлийг хамгаалах Яамны сайд Тувааны эхнэр. 2 охин 1 хүүтэй, нүдний эмч, 1923онд төрсөн. 1932 онд баруунтны хүүхэд гээд сургуулиас хөөгдөж байв. Т.Цолмон, Т.Амина

2. Индра дунд охин, Жагварал сайдын эхнэр, Хөдөө аж ахуйн ухааны доктор. Ж.Хасболд

3. Хунгар хар Доржийн эхнэр,

4.Барсболд  ач Б.Дензен


Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр:
http://www.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=765

Их сургуулийн хөл ихтэй гудамнаа Монголын төлөө цохилсон халуун зүрхийг амьд мэтээр тээж хоёр давхар нэгэн байшин оршсоор. Энэ л байшингийн өвөр хананд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын Ринченгийн хүрэл хөрөг, түүний дор Еншөөбүү Бямбын Ринчен гэж хуучин монгол бичгээр бичсэний ард бас нэгэн хавтгай дээр
Аяа! мундашгүй эрдэм сурахад нас даан ч богино!
Аяа! Мунхагийн дунд суухад нас даан ч урт! гэсэн хоёр мөрт байх.

Он цагийн салхи хүлхэж үл арилгах энэ үгсийг уншин зогсоход тэр аугаа хүний амьдралын гүнд ганцхан хором ч атугай зочилмоор санагдан, сэтгэл шулуудахын сацуу амьд ахуйд нь учирсан бол... гэдэг хэтийдсэн бодолд автан нэгэнтээ ёсоллоо. Еншөөбүү Бямбын Ринчен 1905 онд Хиагтын нутагт Бул-сарай гэдэг газар төржээ. Тэрбээр долоон наснаасаа Монгол цагаан толгой заалгаж, есөн наснаасаа Орос хэлийг шамдан үзсэн байна. Б.Ринчен эхлээд дунд сургуульд суралцаж, дараа нь Ленинград хотын Дорно дахин судлалын институтийг дүүргэжээ. Эх орондоо ирээд дунд сургуулийн газарзүйн багшаас хөдөлмөрийнхөө гарааг эхлэн Судар бичгийн хүрээлэн, эрдэм шинжилгээний анги, үнэн сонин, МУИС, Улсын хэвлэлийн газар, ШУХүрээлэн улмаар БНМАУ-ын ШУАкадемид насан эцэслэтлээ ажилласан юм. Унгарын ШУА-ийн Хүндэт гишүүн(1970), Фино-Уйгор нийгэмлэгийн хүндэт профессор(1958) тэрбээр өөрийн нөр их хөдөлмөрөө ард түмэн, эх орныхоо тусын тулд зориулж төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, МЗЭ-ийн болон (1965) Төрийн шагнал(1944) тус тус хүртжээ. “Монгол хэлнүүдийг харьцуулсан түүхэн хэлний хэл зүй” бүтээлээрээ ШУ-ны доктор, “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ 1961 онд ШУА-ийн Академич, 1971 онд профессор цол хүртжээ. Тэрбээр зохиолч, орчуулагч, сэтгүүлч, судлаач, сурган хүмүүжүүлэгч аугаа их эрдэмтэн байсан юм. Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна


Нэрт эрдэмтний отгон шавь МУИС-ийн Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, Монгол хэл соёлын сургуулийн профессор Ц.Шагдарсүрэн багшийнхаа тухай ийн ярьж байна:
- Багш маань бага идрээсээ бие сэтгэлийн алжаалаа умартан ном эрдмээ буйлуулсан хүн. Тэгээд ч “Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна” гэж олонтаа захидагсан. Багштан цагийг хоосоор өнгөрөөдөггүй нөр хичээнгүй, хэдийдсэн ажилтай хүн. Тэгээд таван бие даасан мэргэжлээр туурвисан бүтээл нь тус тус таван хүний хийснээс чанарын хувьд ч тооны хувьд ч илүү байсан. Олон үзүүрт ажлыг хэд хэдэн машин дээр зэрэг сөөлжүүлэн хийдэг байсан нь алжаалы нь тайлдаг байсан төдийгүй, номоо хийж л байх нь түүний бие сэтгэлийн жаргал болдог байлаа. Юм бичихдээ ноорог навтарга хийж цаг цаас үрэхгүй, монгол болон орос, франц, англи, герман, польш чех зэрэг гадаад хэл дээр шууд л машин дээрээ эхэлдэг байсан. Өдөрт хийх ёстой гэсэн хэмжээ дамжаатай, нойр хоолоо хасан байж заавал гүйцээдэг зантай. Нэг жишээ хэлэхэд , Хөвсгөлд үүрийн урианхай руу үүрээр мориор гараад үдийн хойно 4-5 цагт хүрэхэд бид мэт нь моринд агсагдаад сууж ч чадахгүй ядраад байхад багш минь буусан гэртээ завилан суугаад бүрий болтол Чех хэлнээс орчуулга хийж төлөвлөсөн ажлаа дуусгаж байж билээ. Бороо хариулдаг хүн “Цув цээжинд буй” гэдэгчилэн багшийн маань цээжинд олон хэлний толь бичиг боть ботиороо бэлэн болохоор илүү дутуу юм авч явдаггүйсэн. үхсэн ч үнэнээр явсаар үх
- Багш Монгол улс, Монгол үндэстэн оршин тогтнохын утга учир нь хэмээн монгол хэл, монгол бичиг, монгол соёлоо эрхэмлэн дээдэлсээр нэгэн насыг туулсан. Тэглээ гээд Монголын төр зүтгэсэн хүндээ босго өндөр гэгчээр төрийн зүгээс сайн нэр дуулаагүй. Харин ч хувьсгалын эсэргүү, японы тагнуул, феодлын үеийг магтагч, үндэсний үзэлтэн, социалист Монголын хөгжлийг үгүйсгэгч, Орос Монголын найрамдлыг хялайн үзэгч нэрийг хүлээж 1937 оноос шоронд тамлуулж, сурсан эрдмийн ачаар цаазаар авуулах ялаа арван жилээр өөрчлүүлж, толгойдоо гансаар цохиулсан цоорхойтой, бугуйдаа төмөр утсаар эрүүлсний гялгар цагаан сорвитой 1942 онд суллагдаж, бас ч болоогүй насны эцэстээ угсаа гарал, ах дүүгээ гүтгүүлсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ. 1970 онд нэг сурвалжлагч “Таны үргэлж санаж явдаг ямар мэргэн үг байдаг вэ?” гэхэд “Чехийн Ян Хүсийн үхсэн ч үнэнчээр явсаар үх!”гэдэг үгийг үргэлж санаж явдаг гэж хариулж билээ”. Насан туршдаа энэ үгэндээ үнэнч явсан даа. “үнэнч шударгуу нь дайсныг, зусар бялдууч нь нөхрийг төрүүлдэг” нүгэлт орчлонд ясны эх оронч, жинхэнэ шударгуу байна гэдэг ямар зориг тэвчээр шаардсан арал шөрмөс заасан хэрэг вэ гэдгийг багшийн маань туулж өнгөрүүлсэн зам бэлхнээ харуулдаг. Ринчен багшийн улс орноо гэсэн сэтгэлгэ зөвхөн Монгол хэл бичгээр хязгаарлагдаж байгаагүй нийгмийн бүхий л салбартай холбоотой байлаа. Манагаар өглөө үхэх боловч өрсөж юмыг сур
Багштан “Өглөө манагаар үхэх боловч өрсөж юмыг сурахыг хичээ!” гэдэгсэн. Өөрөө ч энэ жишээгээ тувтан баримталсан. Шоронд байхдаа ялгадас асгаж яваад шатаах номын дотроос хувь учирлаар франц хэлний сурах бичиг олж өвөртлөөд франц хэл гаргууд сурсан билээ. Сүүлд бие чилээрхэнгүй байхдаа ч хятад хэлний ном үзсээр байсны нь би лавтай мэднэ. Багшийн маань захидаг “Залуудаа махаа идвэл өтөлсөн хойно шөл ууна” гэдэг үг цагийг дэмий хоосоор нөхцөөж, зугаа цэнгэлээс өөр алс хэтээ үл бодогч одоогийн олон залуусын чихээр ороод зогсохгүй тэдэнд сургамж болоосой гэж эрхгүй бодогдох юм. Хоол ч ихдэхээрээ хор болдог. Монголчуудын “Жаргал ихэдвэл зовлон болно” гэдэг гүн ухаан үүнтэй холбоотой. Ринчен гуай хөдөө томилолтоор явж байгаад нэгэн гуанзанд орж хоол захиалжээ. Гэтэл тамтаггүй шорвог хоол өгч гэнэ. Б.Ринчен гуай идэж л орхиж. Yйлчлэгч нь гүйж ирээд Ринчен гуай хоол амттай байна уу? гэж асуувал Ринчен гуай их л ёжтойгоор”үхсэн ч өмхийрхээргүй боллоо” гэсэн гэдэг. -Ринчен гуай үнэхээр бусдын ярьдаг шиг тийм ёжтой шооч хүн байсан юмуу?
-Олон нийтийн дунд Ри багшийг их ёжтой хүн байсан гэдэг ойлголт өргөн тархсан. Биеэ үгүйлдэггүй, боловсрол чадал сул, хий сурталжсан, цээж хөдөлгөдөг голцуу дундаас дээш албан тушаалын цөөнгүй хүмүүс дандаа хоосон албархаж дургүйг нь хүргэдэг байсан. Тэднийг цохиод авалтай биш дээ. Тэр үед ингэж л цэвэрхэн ичээж, боловсрол чадлы нь ойлгуулахаас өөр яах билээ. Түүнээс бус уулзаж учирсан хүн болгоныг үгээр гартааж мадлаад байдаггүй, ер энгийн, хэнд ч болов хүүхэд үүхэд гэлтгүй цөмтэй нь хүндэтгэж харьцдаг байсан даа.
Аугаа хүний тухай
өөрийн бодол
үнэн гайхам. үзтэл биширмээр ажгуу. Бямбын Ринчен сурах мэдэхийн үйлсийг амьдралынхаа нэгэн зорилго болгож, эх орноо эх орон шиг хэлтэй соёлтой, хилтэй нутагтай, гадагшаа нэртэй, дотогшоо хүндлэлтэй болгохын төлөө амьдарсан. Тэр олон зүрхээр амьдарч, олон үйл бүтээсэн. үндэсний уламжлал соёлыг хамгаалан хойч үедээ үлдээе хэмээн тэр зоригложээ. Магадгүй ухаант хүмүүн хойчийн нэгэн өдөр ийм цаг ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж болох. үнэхээр өөрийн бус өрөөлийн төлөө амьдарсан халуун сэтгэл байж.
Тэрбээр “Цогт тайж” кино зохиолоор БНМАУ-ын төрийн шагнал хүртэхдээ дагалдах мөнгөн шагналаа (1944) Фашист Германы үүсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн бол ЗХУ-ын зохиолчидтой хамтарч гаргасан “Детская Литература” сэтгүүлийн шагналаа Америкийн түрэмгийлэлд өртсөн Вьетнамын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн, гадаад улсад хэвлүүлсэн номынхоо шагналыг банкаар гуйвуулж ирэхэд ёсыг бодож өнгөний ганц дэвсгэртийг аваад Монгол улсынхаа хөгжлийн төлөө хандивладаг байсан гэдэг. Аугаа хүний сэтгэл аугаа л байх юм. Монгол улсын төрийн шагналт, профессор Д.Цэнд:
“Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг үгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нөгөөтэйгүүр энгүүн хүн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хүн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагүй мэдэж чадахаа зааж, хөдөөгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хүүхдэд ч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зүгээр цагийг өнгөрөөдөггүй байсан. Монголыг гадаадад таниулах, гадаадын сонгодог соёлыг манайдаа дэлгэрүүлэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг их. Манай Ринчен гуай бол Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский, Жан Жак Руссо нартай эн зэрэгцэхүйц аугаа сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Дөч хүрээд би сая тогтниюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу. Тэгвэл сэтгэлийн гайхамшиг сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр нь ачий нь магтан хариулюу.
Б.Ринчен
Тэр өөртөө ийн амлажээ. Тэгээд хожмоо үл мартагдах үгсийн цэцэрлэгч болж чадсан юм.
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтай
Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь хэмээн аугаа чадлыг нь магтан дуулж, бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарч зохиолч Николай Тихонов Ринчен гуайд бичсэн захидалдаа “...элчилгүй уудам Монгол нутгийн бүх өнгө, будаг, цэцгийн үнэр шингэсэн үнэхээрийн яруу сайхан шүлгүүдээ илгээснийг тань ихэд сонирхон үзлээ. ...Та уг нь тал нутгийн хээрийн агь ямар сайхан анхилуун үнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхилуун үнэрт миний толгой эргэж орхиод “Ариун сайхан сэтгэлт” малчин ардын аргамаг сайхан хүлэг зүүдэнд ороод амраахаа байлаа” хэмээн сэтгэлийн гүнээс магтан бичиж байжээ.
Тэрбээр Монгол хэлнийхээ гайхам сайхан хүч чадлаар эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа таниулан бишрүүлэхэд их гавъяа байгуулсан юм. Тэгээд ч “Өндөр гэгээн Занабазар харийнханд хорлогдсон, сэтгэлтэй хүнийхээ дүрээр Ногоон дарь эхийн ижилгүй баримлыг урласан домгийг өгүүллэг болгон бичээд, Өндөр гэгээний хосгүй энэ бүтээлийг анх удаа Леонардо Да Винчигийн “Жоканда”, Рафаэлийн “Эх дагины хөрөг”-тэй эн зэрэгцүүлж өргөсөн билээ. Шүхэр хийж сүмийн оройгоос буусан Буниа хүүгийн эмгэнэлтэйгээр амь үрэгдсэнийг нүдэнд үзэгдтэл дүрсэлсний цаанаас Германы Отто Лилиенталиас ч өмнө монголчууд шүхэр бүтээж байсан юм шүү гэсэн нэгэн омгорхол сэтгэлд нэвчин гарч ирээд байдаг билээ” хэмээн нэрт орчуулагч, эрдэмтэн Г.Аким дуу алдан бичсэн байдгийг санаж байна.

Авъяасыг олсоор хүлж болдоггүй
Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв. Энэ тухай номын хуудас сөхвөл: “Монголын Феодал ангийн төлөөлөгчийг шинжлэх ухааны эсрэг чиглэлээр үзүүлэхдээ Монголын ард түмний төлөө сэтгэл тавин тэмцэгч мэтээр гаргажээ. Цогт тайж бол эх орончийн үзлээр сэлэм далайсан дээдсийн төлөөлөгч юм “ хэмээн үнэн сонины 1950 оны №7-д Манай утга зохиол дахь националист үзлийн тухай өгүүлэлд их эрдэмтнийг уран бүтээлээр нь дамжуулан дарамталж байжээ.
МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1949,1959 оны тогтоолууд, Б.Ринчений уран бүтээлийн талаар сонин сэтгүүлд хэвлэгдсэн Г.Жамсранжав, Т.Пагва, Л.Мишиг ... нарын өгүүллэгүүд үүнийг гэрчлэн үлджээ. Тухайлбал “Далан настнуудад даруулга хэрэгтэй” шүлэгт
Баримталдаг үзлийг нь хэлбэл идеализм
Бахархдаг соёлыг нь үзвэл феодализм
Багтайгаа байхыг нь харвал социализм
Баримталдаг хэлийг нь ажвал архаизм гэж бичжээ. Гэвч их эрдэмтэн маань энэ бүхнийг тэсэн гарч, эрдэм номын ажлаа туурвисаар байв. Ийм хүнд дарамт шахалтын дунд, энэ аюумшигт байдалд эх орноо зүрхэндээ тээж өөдрөг явна гэдэг аугаа их сэтгэлийн тэнхээ, аугаа их тэсвэр хатуужил билээ.
Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа эх нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярласнаа хойно нь
“Ар монгол нутагтай эгээ адилхан, агь ханхалсан аргал олж өвөртлөөд
үдэш нь Дунай гэдэг их буудалдаа үнсний саванд утаа барин асаадаг боллоо
Багын дассан аргалын тэр утаа, бахтай таатай, агийн үнэрт нь хамар загатнанхан
Энхэр монгол тал нутгийн минь үнэр л энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа” хэмээн бахдан бичжээ. Түүний зохиол бүтээлийг унших бүр эх орноо хайрлах сэтгэл төрж, гайхамшигт түүх соёлоороо өөрийн эрхгүй бахдана. Чингис хаан, Ану хатан, Галдан бошгот, Өндөр гэгээн Занабазар, Хатанбаатар Магсаржав, Жанжин Сүхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хэлүүлж буй эх оронч, элгэн халуун үгс, зөвхөн эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун мөрүүдийг унших бүр таныг улмаа таних мэт боллоо. Энэ бүхний эцэст эргээд л өнөөх хоёр давхар цагаан байшин руугаа дахин нэг очмоор санагдав. Наран шингэх зүгтээ хазайж, амгалангийн цаг иржээ. Одоо бүх хүн амарч буй. Харин таны мэт их хүн, их үйлийг сэтгэн суугаа бизээ. Ар монголын дулаан салхи хацар нүүрийг илбэн таалах нь сэтгэлд нэн таатай. Зулай дээрээ алтан соёмбоо залсан, эрхэмсэг агаад хүндлэлтэй их эрдэмтний хүрэл хөрөг одоо амарлингуй болжээ. Нэг санахад өөрийн зохиолын баатрынх нь хэлдэг “Монгол улсын сэтгэл хүчин нэгтэй тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соёмботой энэ далбаагаа үүрд эрхэм болгож явагтүн! Цогт тайж үхэвч Монгол улс мөнх” гэсэн ариун үгсийг яг одоо эгц өөдөөс минь харж байгаад өөртөө итгэлтэй агаад элгэмсэгээр хэлэх шиг боллоо.
Энэ үед би зүрхнийхээ лугшилтыг мэдэрч, миний судсаар энэ мэт аугаа Монгол цус гүйж байгаа гэдгээр бахархан малгайгаа авч дахин нэг ёслоод салж ядан холдлоо. Одоо сэтгэл нэг л өег болжээ. Тэр зүг эргэн эргэн харахдаа би “Яг одооноос эхлэн эх орноо зүрхнээсээ хайрлаж, түүний төлөө сурч боловсорсон жинхэнэ иргэн нь байхын төлөө өөрийгөө зориулна” гэж өөртөө дахин дахин амлалаа. Маргааш дахиад л нар мандана... Энэ ТАНЫ зочлох газар болно.
Түшмэл, намайг яаж үздэг хамаагүй
Түмэн, намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай
Ховчин намайг яаж үздэг хамаагүй
Хотол олон яаж үздэг хамаатай
Бялдуучин зусарчин яаж үздэг хамаагүй
Билигтэн сэхээтэн яаж үздэг хамаатай.
Еншөөбүү Бямбын Ринчен
1965.01.08




---------------------------------------------------------------------------------------------------------------------------


Рэнцэндоржийн Ууганбаатар. "Капиталист намын тунхаг" ном





----------------------------------------------------------------------------------------------------------

Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн

Од хийморийн тоонон дээр

Хасаг халуун тулгын

Омог дөрвөн тотгон дээр

Хан Алтай-аавын

Онгон тэргүүн оргил дээр

Хатан Сэлэнгэ-ээжийн

Одод орчих мандал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Ганган улаан тэмээний

Зогдор дэвсэх тэшил дээр

Гантай мөнгөн хэтний

Зоо дэлдэх тээгэн дээр

Галбын халуун говийн

Хулан ангах ээрэм дээр

Гантиг чулуун хясааны

Янгир халих элгэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Хүж дурдан бүсний

Ташаа дарах нугалаан дээр

Хүрэл манан хөөрөгний

Даалин дарах наргиан дээр

Хүүшийн сүүдэр буусан

Уулын гацаа бууцан дээр

Хүннү дээдсийн тамгалсан

Улбаа гархин буурин дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Ширмэн төмөр дөрөөний

Шивээ зурах тавган дээр

Шижир алтан ээмэгний

Шигтгээ чимэх гархин дээр

Шинийн хоёрын саран

Хаяалж шингэх тэнгэр дээр

Шимийн нялх ногоо

Ханшилж задрах газар дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Аавын мөнгөн хазаарын

Найман цэнгийн товруун дээр

Азын алаг мэлхийний

Наян нэгэн шагайн дээр

Алиахан саарлын унага

Хөллөн тэнцэх нуга дээр

Ангирын хоёр дэгдээхэй

Хөвөн цэнгэх нууран дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Индэр улаан галын

Цац бадман дөлөн дээр

Ихэр хоёр загалын

Цацаг шанхан дэлэн дээр

Идэр гурван есийн

Цас чахрах цайдам дээр

Илд мөсөн голын

Цан хөөрөх гарман дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглана бичнэ би!

Бэлгийн цэнхэр хадагны

Хоёр гардах дэлгээс дээр

Бэхэн хар гэзэгний

Хосоор дарах сүлжээс дээр

Бэрийн домогт цэцгийн

Хорвоо уяраах дэлбээн дээр

Бэдэрт мөнгөн сарны

Хоймор унах туяаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Урсгал, татмал усны

Хөл алдах ёроол дээр

Ургамал, таримал модны

Хөрсөнд хавах ёзоор дээр

Уяран мэлмэрэх янагийн

Дурлал амилах харцан дээр

Уйлан мэндлэх үрийн

Дуулан орхих манцуй дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Ажнай сайн хүлгийн

Гал цахилах тууран дээр

Аагисан улаан хүдрийн

Ган царцах хайлш дээр

Амар түвшин жаргалтай

Ам бүлийн дансан дээр

 Алтан босго өлзийтэй

Айл бүхний үүдэн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Баяр найрын ширээний

Амт тансаг идээн дээр

Баян хангайд мөнхөрсөн

Арц, хуш, зээргэнэ дээр

Балтаар давтан ширээсэн

Анжисны торгон ирэн дээр

Багц дүүрэн ургасан

Атрын тарианы мөрөн дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Эвт айлын хаяа

Дархан хилийн дээсэн дээр

Энх тайваны харуул

Дайчин эрсийн тангараг дээр

Эрдэнэ зуугийн хэрэмний

Зуун найман суварга дээр

Энэ зууны өргөөний

Зуун түмэн цонхон дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Эрх чөлөөний зарлиг

Ардын үндсэн хууль дээр

Эх хэл соёлынхоо

Ад биш баян сан дээр

Эгнэтийн арга билэг

Алтан соёмбын гачил дээр

Эх нутгийн шорооны

Амиар солих ширхэг дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Аав ээжийн буянтай

Өлзийт цагаан хоймор дээр

Амин гарвалийн толботой

Өлгийт нялхсын өөжин дээр

Ардын журамт цэргийн

Өргөж ялсан туг дээр

Амьсгалаа бидэнд өгсөн

Өрлөг дээдсийн дурсгал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглаг бичнэ би!

Хан тэнгэрт сүмбэрлэсэн

Үйлдвэр уурхайн яндан дээр

Хаяа нийлэн сүндэрлэсэн

Үлгэрийн харшийн туурган дээр

Хангай, говь, талын

Үлэмжийни өв баялаг дээр

Халуун эх оронч бүхний

Үндэсний их бахархал дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Сав саваар саалийн

Харваж хүрэхгүй зэлэн дээр

Сая саяар сүргийн

Хатирч хүрэхгүй бэлчээр дээр

Сар нарны өртөөлд

Хагацаж болшгүй учрал дээр

Сайхан Монгол орноо

Хайрлаж ханашгүй ерөөл дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Өглөө бүрийн нарны

Асгаран буух цацрал дээр

Өвгийн морин хуурын

Аялгуу хослох утсан дээр

Өргөн цээж чөлөөтэй

Амьсгалж яваа агаар дээр

Өөрийн толгой мэдэлтэй

Амьдарч яваа заяан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Ухаа хонгорын жолоог

Захлан татсан талбай дээр

Ухаант жанжин Сүхбаатарын

Зарлан дуудсан тунхаг дээр

Улаанбаатар нийслэлийн

Заяа тэтгэх дээвэр дээр

Улсаа ачлан захирсан

Засаг төрийнхөө ордон дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Нүүрэнд нь гал бадарсан

Монгол эцгийн хийморь дээр

Нүнжгэнд нь нар гэрэлтсэн

Монгол эхийн сэтгэл дээр

Нүүдлийн өргөөнд нэгдсэн

Монгол аймгийн холбоон дээр

НҮБ-ын шилтгээнд заларсан

Монгол улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!

Эзэн сууж жаргасан

Их заяагаа сүсэглэж

Эх орон танынхаа

Ирээдүйн тааладд нийцүүлж

Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн

Итгэлийн сувд үгсээр

Эрх жаргалаа баталсан

Иргэн бүхний гараар

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!








-Сайн байна уу? Лондонд гар урлалын гутлын дэлхийн аврагын тэмцээнд амжилт гаргаж, улсынхаа нэрийг гаргаад ирсэнд тань баяр хүргэе. Тэмцээний талаар яриагаа эхлэе. Хэчнээн улсын шилдгүүдтэй өрсөлдөв? 
-Сайн, сайн байна уу? Баярлалаа. Лондонд болдог дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож, сонгодог төрөлд нь амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Азийн орнуудаас Япон улсын дөрвөн мастер болон Монгол улсаас би оролцсон. Харин Европын орнуудаас Англи, Итали, Франц, Швед, Герман гэх мэт олон орны дэлхийн топ шилдгүүд өрсөлдсөн. Нэгдүгээр байранд шалгарсан Герман мастерийн урласан гутал үнэхээр шилдэг нь байж чадсан. Тэрээр алдарт Викториан загвараар урласан байсан. Викториан стийл загварыг мэдэхгүй хүн бараг үгүй байх. XIX зууны, Виктория хатан хааны үеийн хатагтай, ноёдын хувцас, гутал загварын нэгэн үеийг тодорхойлдог бөгөөд дэлхийд, загварын ертөнцөд тамгалагдсан үе юм. Гэхдээ тэрбээр загвараа хүн өмсөхөөр урлаагүй байсан. Харин миний хувьд хүн өмсөж болохоор гутал хийсэн. Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсоноор дараа дараагийн тэмцээнүүдэд монголчууд оролцох, амжилт гаргах жимийг гаргаж чадлаа. 
 -Бүгд нэг ижил гутал хийж өрсөлдсөн үү? 
-Тийм ээ. Бүгд зүүн хөлийн, хар өнгийн,оксфорд загварын гутал хийж өрсөлдсөн. Миний хувьд гутлаа тэмцээний журмын дагуу хийж урлахдаа техниктээ түлхүү анхаарч ажилласан. Харин зарим орны гуталчид чөлөөтэй, задгай сэтгэн шаардлагаас зөрсөн тохиолдлууд ажиглагдсан. Тухайлбал, гутлынхаа улыг будах ёсгүй байтал улыг будаж, халим дүрсэлж, морины тах хийсэн гэх мэт дүрмийн бус хэлбэр загварууд олон байлаа. Би анхандаа мөн адил нарийн хадаасаар шивж зураг зурах гэж байсан ч тодорхой дүрэмтэй байсан болохоор дүрмийн дагуу хийсэн. Магадгүй нэг тийм ази сэтгэлгээний сайн, муу гэмээр тэгэх л ёстой гэсэн бол тэгж хийдэг зан чанар нөлөөлсөн болов уу. Мөн анхны удаагаа оролцож буй болохоор туршлага бага зэрэг дутагдсан гэж бодож байна. 
 -Тэмцээний чансааг сонирхмоор байна. Гуталчдын хувьд мэдээж олон жил гутал хийсэн, олон улсад танигдсан, удам дамжсан хүмүүс олон байсан байх. 
 -Гуталчдын нэг онцлог нь удам дамжсан, зуун дамжсан байдаг. Тэмцээний чанар үнэхээр өндөр зэрэгтэй юм билээ. Тэмцээнд 1800-аад оноос үйлдвэрлэл явуулж, аль хэдийнэ үйлдвэрлэл, бүх зүйл нь тогтсон гутлын үйлдвэрүүдийн төлөөллүүд олон байсан. Бидний хувьд мөн адил “euGo since 1934” гэдэг ч их учиртай. Миний өвөөгийн 1934 онд хэрэглэж байсан дээр үеийн Зингэр оёдлын машин, багаж, төхөөрөмж одоог хүртэл надад байдаг. Зарим багажууд бол маш эртнийх, би одоог хүртэл хэрэглэсээр байгаа. Тэмцээнийхээ гутлыг ч тэдгээр багажаар хийсэн. Өвөө маань Маршал Чойбалсан, Оросын сургагч нарын гутлыг хийдэг гуталчин хүн байсан. Цэдэнбал даргын гутлыг ч бас хийж байсан түүхтэй. Тэгэхээр энэ бол үүх түүх. Өвөөгийн маань хийж байсан арга барил, нарийн технологи, өвөрмөц зүйлс надад өв дамжин уламжлагдан ирсэн. Иймд бид ч мөн удам дагасан урлаачид гэдгээ харуулахаар танилцуулга видео бэлдэж зохион байгуулагчид руу явуулсан. Танилцуулгадаа монголчууд эртнээс өөрсдөө гутлаа урлаж ирсэн уламжлалтай, түүх соёлтой ард түмэн гэдгээ харуулахыг хичээсэн. Мөн тэмцээнд надаас өөр танилцуулгаа видеогоор илгээсэн хүн байгаагүй. Танилцуулгаа видеогоор өгсөн нь нэг талаараа их онцгой байж чадсан. Дэлхийн дайдыг эзэлж явсан монголчууд өнөөдөр ч аль ч талаараа өв уламжлалаа авч яваа, дэлхий хэмжээнд хийж чадна гэдгийг давхар харуулахыг хичээсэн дээ.
 -Таны танилцуулга видео маш өвөрмөц юм. Монгол ёс заншлаа шингээж өгсөн санагдлаа.
-Видео танилцуулгаа хийхийн тулд тусгайлан зориулж студи байгуулсан. Ерөнхийдөө Монгол ахуйгаа харуулсан гэр, бүтээлийг хийж буй тайз, хийж буй бүтээлийн онцлог,орчин цаг үетэй уялдаа холбоотой, байхыг илэрхийлэх гэж хичээсэн байгаа. Гар аргаар гутал урлах техникийн үйл явцыг нэг бүрчлэн нарийн харуулахыг зорьсон. Энэ нь бас учиртай. Монголчууд эрт дээр Хүннүгийн үеэс яг тухайн хүндээ зориулж гутал урладаг уламжлал байсан юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн юм.
-Барууны гутлын соёл хаашаа чиглэж байна вэ. Загвар эргэх холбоогоор эргэж байдаг гэдэг.
-Загвар удаандаа 20-25 жилээр эргэж байдаг. Гэхдээ үндсэн, гол дүрслэл нь хадгалагддаг. Түүн дээр тухайн цаг үеийн чимэг орж өгдөг. Түрүүн хэлсэнчлэн эхний байранд орсон Герман гуталчин Викториан үеийн загвараар урласан. Викториан үеийн загвар тэр чигтээ урлаг, гоо сайхан, уран зураг, архитектур гээд бүх л зүйлийг багтааж чадсан. Мөн Гётикийн үеийн загвар байна. Чех, Испанийн шөвгөр, урт оройтой барилгууд тэр загварын илрэл. Виктория хатан хааны үеийн загвар хамгийн сонгодог нь. Тэр үеийн загварын дүр төрх эргээд орж ирж байгаа.
-Таны хувьд мэдээж бүтээлийг нь биширдэг олон гутлын загвар зохион бүтээгчид дизайнерууд байдаг байх.
-Тийм, гэхдээ бишрэх гэдэг өөр Германы дизайнер Карл Лагерфельд гээд 84 настай гайхалтай дезайнер байна. Энэ хүн аль эртний Шанель, Фенди, Клоуи -н гэх мэт олон загварын ордонд ажиллаж байсан хүн. Гэтэл өнөөдөр яг л тэр үеийн өөрийн загвартаа үнэнч, дүр төрхөө гаргаад явж байна. Мөн Жимми Чүү гэж Малайз гаралтай зохион бүтээгч өнөөдөр ч гутлын загварын ертөнцийн шилдэг хүн.Түүнчлэн өнөөдөр эмэгтэй гутлын загварын салбарт хамгийн шилдэг байгаа нь одоо 72 настай Манола Бланик гэж Испани гаралтай хүн байна. Түүнчлэн Францын гутлын дизайнер Кристиан Любутон байна. Яагаад заавал насыг нь тодотгож хэлээд байгаа вэ гэхээр бид хэтэрхий эрт өөрсдийнхөө хүч чадлын үнэ цэнийг үнэлэхгүй, нас явчихлаа хэмээн бодож өөрсдийгөө голцгоож байна. Гэтэл бидний хийж чадах, бүтээх зүйлс маань дундрашгүй их, тэр тусмаа оюуны баялаг бүтээгчдийн уул уурхай яндашгүй гэдгийг л ойлгох нь чухал юм.
-Алдартай зохион бүтээгчид ямар нэг зүйлээрээ бусдаас ялгарснаар олонд танигдсан байдаг. Түүнтэй адил таны гутал юугаараа онцлог болох вэ?
-Миний хувьд сонгодог чиглэлдээ илүү дуртай. Классик буюу сонгодог төрөл гэдэг өөрөө ухаад баршгүй уурхай нэг төрөл мэт. Би гутлыг ихэвчлэн Good Year гэх Англи технологиор хийдэг. Энэ технологийг арай дөхүүлж тайлбарлавал рант уллагаатай гэсэн үг л дээ. Одоогоор жинхэнэ утгаар нь ийм технологиор ажиллаж буй үйлдвэр байхгүй. Удахгүй яг энэ технологиор хийдэг үйлдвэрийг Монголдоо нээхээр бэлдэж байна.
-Тэмцээндээ эргээд очиход, шүүгч нар хэр үнэн зөв шүүсэн гэж бодож байгаа вэ?
-Зөв сайхан шүүсэн гэж бодож байнаа. Техникийг харж шүүхээс гадна загварыг нилээд харах шиг боллоо. Нийт найман шүүгч байсан. Зарим шүүгчид нь миний таних хүмүүс ч байсан. Намайг Лондонд байхад ажиллаж байсан залуус шүүгчээр орсон байсан. Английн үе үеийн гүнж, хан хүү нарын гутлыг хийдэг “Жонн Лобб” хэмээх үндэсний, удам дамжиж ирсэн мастерууд ажилладаг урлан байдаг юм. Миний дараа ажиллаж байсан залуу гэхүүдээ. Бас Японы Фукуда хэмээх мастер шүүгчээр ажиллаж байсан. Тус бүрдээ гар урлалын гутлын талаар нарийн мэдлэгтэй чадварлаг хүмүүс шүүлт хийцгээсээн.
-Та энэ алдартай үйлдвэрт ажиллаж байсан юм уу?
-Тийм ээ. 2000-аад оны эхэн үе л дээ. Лондонд ажиллаж байгаад Монгол руугаа буцахын өмнө зургаан сар ажиллах завшаан тохиосон юм. Тус гутлын үйлдвэрийн удирдлагууд надад үндсэн ажилтнаар ажиллах хүсэлт тавьсан. Гэхдээ би сурсан мэдсэн бүх зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан байсан юм. Миний хувьд тухайн байгууллагад туршлага судлахаар л ажилласан даа.
 -Энэ гутал хийдэг ширээ тань их содон сонин юм. Хаана хийлгэсэн бэ. Угаасаа ийм загвартай байх ёстой байдаг уу?
 -Энэ тэмцээнд зориулж хэвлүүрийн зохион бүтээгчийн ширээг өөрөө загварыг нь гаргаж хийсэн. Анх би, ЗХУ-д хэвлүүрийн зохион бүтээгч зураач дизайнер мэргэжлээр төгссөн, Д.Ариунхүүд 1989 онд хадаг барьж шавь орж байлаа. Түүнд хэвлүүрийн зохион бүтээгч Ганбаатар, Намсрай нараас дамжиж ирсэн ширээ байсан бөгөөд маш энгийн мөртлөө эргономик сайтай ширээ байсан юм.Тухайн үедээ ийм ширээ хийнэ дээ гэж бодоод дараа нь Англиас англичуудын санааг нэмж зохиогоод 28 жилийн дараа долоо хоногт л хийсэндээ. Мөн мундаг дархчууд маань түмэн насан хээ сийлсэн ойл хутга урлаж өгсөн. Ер нь мастер хэвлүүрийн зохион бүтээгчид ийм л ширээн дээр хийдэг. Гэхдээ миний ширээ өөрийн онцлог зүйлтэй. Монголын ахмад инженерүүдийнхээ санааг оруулж өгснөөрөө ялгаатай.
 -Видеогоо хийхэд буюу гутлаа урлахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?
- Танилцуулга видеогоо долоо хоногт хийсэн. Эхэндээ Америкт хийх гэж байсан ч Монголдоо ирээд хийсэн нь дээр гэж шийдсэн юм. Энэ видеог хийхийн тулд тусгайлан Монгол арт студи хүртэл байгуулсан. Бичлэгтээ гутал хийхэд оролцох таван мэргэжлийг нэг дор багтаасан байгаа. Тухайлбал, хэвлүүрийн зохион бүтээгч, загвар зохион бүтээгч, оёдолчин, гутал татаж уллагч гэх мэт олон мэргэжлийг монгол мастер нэг дор хийж буйгаараа онцлог давуу талтай юм. Эхнээс нь эхлээд дуустал бүх зүйлээ хийдэг мастерууд байдаг. Гэхдээ тун цөөхөн. Ийм видео хийснээр мэргэжлийн сургуульд мэргэшихээр суралцаж буй залууст сургалтын бүтэн материал болж буйгаараа онцлог. Түүнчлэн үүнээс бас үлгэр дууриалал авч, санаа аван дэлхийд өөрсдийгөө сорих уран бүтээлч залууст маань урам зориг өгөх болов уу. Эцэст нь энэхүү нэр хүндтэй тэмцээнд улс орноо төлөөлөн оролцоход маань дэмжиж туслалцаа үзүүлсэн гэр бүл, найз нөхөд болон УИХ-ын эрхэм гишүүн С. Жавхланд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
 -Ярилцсанд баярлалаа. Удахгүй шинэ технологи бүхий шинэ үйлдвэрийн нээлтэд тань эргэн уулзахын ерөөл тавья.















-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ЁС ЗҮЙГ ЯРЬДАГ БИШ, МӨРДДӨГ…



Сүүлийн үед манайд ёс зүй ярих болов. Энэ нь муу зүйл биш л дээ. Хэрэв яриад байвал яриад дуусахгүй л дээ, энэ чинь. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа ярьж эхлээд одоо болтол дуусаагүй байгаа юмыг монголчууд одоо яриад ёс зүйтэй болно гэвэл ёстой гонжгор. Тэгвэл ярьсны хэрэггүй гэж байгаа юм уу ? гэж надаас асууна. Тэгвэл элдэв долоон онол ном чалчаад байлгүй зүгээр л хүн төрөлхтний нийтээр тогтоосон хийгээд тогтсон зарчмуудыг үг дуугүй дага, мөрд гэж хэлэх байна. Ингээд энэ тухай онол арга зүйн талаар бяцхан санаа өгүүлье.

Этик гэж…
Эртний грекийн ethos буюу ёс заншил хэмээх утгатай үгийг Аристотель анх зөв зан үйлийн тухай шинжлэх ухаан болгож томъёолсон юм. Тэр цагаас хойш этик философийн асуудал болсон бөгөөд одоо болтол үргэлжилж байна. Манайд ёс зүй хэмээн орчуулна.
Түүнээс хойш нийгмийн ухаан, нэн ялангуяа философиор оролдсон хүн болгон этикийн асуудлыг ямар нэг хэмжээгээр заавал хөнддөг жамтай бөгөөд хуультай болсон. Этикийн асуудлыг ямар нэг хэмжээгээр хөндөөгүй ганц ч том философич байдаггүй. Ингэлээ ч гэсэн этикийн маргаан хэзээ ч дуусдаггүй, одоо ч явагдаж байгаа.
Хүн төрөлхтний түүхэнд сэтгэж бодож олсон этикийн том онолуудыг тоочивч баршгүй. Гэхдээ хамгийн том систем болгож чадсанаар нь авч үзвэл этикийн хөгжлийг Аристотелийн этик, теологийн этик, Кантын этик, И.Бентам болон Ж.С.Миллийн утилитаризм, Ж.Дьюгийн прагматизм, Р.Хэарын түгээмэл прескриптивизм, Ю.Хабермасын дискурсив этик, хариуцлагын этик (Х.Йонес, Х.Ленк, Ю.Хабермас) гэсэн хэдхэн том шатанд хуваадаг.
Энэ бүгдийг “нийлүүлбэл” этикийн ердөө л 4 үндсэн суурь асуудал байдаг юм. Энэ нь: 1. Сайн, муугийн болон сайн үйлтэн, муу үйлтний шалгуурын асуудал, 2. амьдралын учир утга хийгээд хүний зорилго, ач холбогдлын асуудал, 3. хүсэл зоригийн эрх чөлөөний асуудал, 4. байвал зохих зүйл хийгээд түүнийг жам ёсны хүсэл аз жаргалтай хавсруулах асуудал болно. 
Өө, үхсэн хойноо, ийм “амархан” байсан юм уу ? гэж монгол баагийнууд бодож болох боловч эдгээрийн хариуг өнө эртнээс авахуулаад одоо болтол хүн төрөлхтөн бодож олж чадаагүйг онцлон дурдаж байна.
Этикийн үндсэн асуудлууд нь хүмүүн төрөлхтний өөрийнх нь мөн чанарын асуудлууд учраас түүнийг яриад байвал хэзээ ч дуусахгүй бөгөөд чухам ийм учраас философчдын сэтгэлгээний гол асуудал болдог юм. Философчид л том том системийг нь боловсруулсан болохоос энэ бол бүх хүний “мэддэг” асуудал байгаа юм. Ийм болохоор дурын хүн, түүний дотор монголчууд ч гэсэн этикийн асуудлаар бүрэн хэмжээний “лекц унших” чадвартай байдаг.
Уг асуудал хэтэрхий өргөн дэлгэр, гүн гүнзгий, ихээхэн зөрчилтэй учраас “жирийн” хүмүүс түүнийг ялган үзэх нэг сайхан арга бодож олсон юм. Энэ нь этикийг түвшнөөр нь ялган зааглаж үзэх болсон явдал юм.
Ухаандаа хүн яах гэж үүссэн бэ, сайн, эсвэл муу үйлийн мөн чанар юу вэ гэхчлэн том том асуудлуудыг нь мета этик гээд философчид, теологичид хийгээд энэ чиглэлийн эрдэмтдэд үлдээсэн юм. Тэд л энэ асуудлаар философдож ерөнхий онол номыг нь гаргаж байг, харин бид бол “арай доогуур” буюу энэ нийгмийнхээ асуудлаар оролдох ёстой. Яг ингэж хэн ч хэлээгүй боловч хөгжлийн явцад ийм түвшин тогтчихсон юм шиг байгаам. Тэгээд “үлдсэн этик” дээр нь маргалдах гэхээр бас л “томдоод” болж өгдөггүй. Учир нь дэлхийн янз бүрийн иргэншил, соёл, үндэстний этикүүд, тэр тухай сургаалиуд хоорондоо таарна гэж номонд хазгай аж. Ингээд үүний учрыг олж хужрыг тунгаадаг түвшнийг ялган салгаад аксиологи болон этика, бас социологи зэрэг тусгайлан судлах болжээ. Үүнийг шинжлэх ухааны түвшин гэнэ.
Ингэж будилан будилан хассаар байгаад арай гэж “өөрийн гэж болох” этик үлдэх ба үүнийг практик этик гэнэ. Харин энэн дээр бол буруу ч бай, зөв ч бай ямар ч хүн ярьж болдог юм шиг байгаа юм.
Харин мета түвшин, шинжлэх ухааны түвшин, практик түвшин гурвыг холивол ёстой бантан хутгана гэсэн үг, зөв сэтгэх гэсэн хүн бол “толгой нь хага үсэрнэ” гэсэн үг, ингэж ярьдаг хүмүүс өөрсдөө этикийн тухай ямар ч ойлголтгүй гэсэн үг, ингэснээр ямар ч үр дүнд хүрэхгүй гэсэн үг юм. 
Манайд яг одоо ийм үзэгдэл болж байна. Дурын Монгол хүн этикийн дурын асуудлаар “бөөлждөг” болж байна. Би монгол хүн этик ярих эрхгүй гэж байгаа юм биш. Харин этикийн бүх түвшинг холиод нэг дор ярьж тэнэглэж болохгүй л гэж хэлж байна.

Өрнө хийгээд дорнын этик
Этик бол тэнгэрт байдаг зүйл биш, харин түүнийг хүний нийгэм бий болгосон юм. Ийм ч учраас Өрнө болон Дорнын этик хийгээд түүний зарчмууд бие даасан байдлаар бие биенээсээ тусгай хөгжиж ирсэн юм. Эдгээрийг алийг нь илүү мундаг болох тухай асуудал хэрхэвч байж болохгүй. Учир нь уг этик тухайн нийгмээсээ гарч, нийгэмдээ нөлөөлж, түүнийг удирдан залдаг, түүнээс салгаж болшгүй мөн чанар юм. 
Ухаандаа Барууны хүний ухамсрын тулгуур болсон индивидуализм бол гүн гүнзгий соёл-түүхийн үндэс суурьтай. Барууны иргэншил Сэргэн мандалт, Дахин Сэргэлт, Соён гэгээрлийн үе шатыг дамжин хөгжиж ирэхдээ хүнийг бүх зүйлийн хэмжүүр болгосон юм. Чухамхүү хүн, түүний оюун ухаан, түүний рационал шинжийг энд хамгийн гол үнэт зүйл гэж үздэг. Барууны нийгэмд материаллаг дэвшлийн ойлголт цаг ямагт нэн чухал байсаар ирсэн юм. Баруунд зөвхөн хүний бүтээсэн зүйл л ач холбогдол бүхий байдаг. Үүний улмаас өсөн нэмэгдэх материаллаг сайн сайхан байдлын төлөө хүлээх хувийн хариуцлагын зарчим баруунд ноёрхож, материаллаг дэвшлийг нийгмийн зүгээс урамшуулж, хүндэтгэж байдаг. Энэ санааг барууны иргэншлийн тэргүүлэх шашин болсон протестантизм хамгийн анх хүлээн авсан юм. Ийм соёлд буй хүн ажил хийж, хувийн сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхийн тулд нийгмийн сайн сайхныг бүтээх ёстой. Чухам энд л барууны соёлын хамгийн ерөнхий үндэс орших бөгөөд эндээс л барууны хүний прагматизм, рационализм, өрсөлдөх чадвар зэрэг шинжүүд урган гардаг юм.
Чухам ийм болохоор нь энэ талаар хамгийн гүн гүнзгий судалгаа хийсэн Макс Веберийн “Протестант этик хийгээд капиталист үзэл санаа” бүтээлээс орчуулах эхлэл хийгээд байгаа юм. Гэтэл манайхан өөдөөс олон юм донгосч, элдвээр цэцэрхэх нь арай хэтэрч байна ш дээ. Хэрэв либерал капиталист зах зээл рүү явах гэж байгаа бол тэрнийхээ мөн чанар болсон этикийг мэдэх ёстой нь зүйн хэрэг. Гэтэл тэд намайг өөдөөс бараг гэмт хэрэгтэн гэж үзэж байна…
Харин Дорно дахин бол асар их соёлын өв сантай, этикийн арвин их баялагтай. Энд күнз, даосизм, буддизм зэрэг сургаалийн хүрээнд этикийн арвин баян өв сан хуримтлагдсан юм. Дорнын соёлд хүн хэзээ ч өөрийгөө ертөнцийн төвд тавьж байгаагүй, тэд сансрын зохицол, нийгмийн зохиролыг илүүд үздэг зарчимтай байсан. Дорнын соёлд хүний эрх биш, харин үүрэг нь хувь хүнийг бүрэн тодорхойлдог. Эндээс Дорно дахинд хамтач ёс, уламжлал хэвшмэл байдаг уламжлалтай.
Үүнээс уламжлан Өрнө, Дорнын хүмүүсийн ялгаа гарч ирдэг. Барууны хүмүүс материаллаг үнэт зүйлсийг эрхэмлэх бөгөөд юуны өмнө материал баялгийг эзэмших эрхээ олохыг эрхэмлэнэ. Тэдний хамгийн гол үнэт зүйл нь: өмч, баялаг, ая тух, эрх мэдэл, алдар нэр, ур чадвар, эсэн мэнд, хүч чадал, эрүүл мэнд, сэтгэл ханамж, ажил хэрэг, эрх зэрэг болдог. Гэтэл Дорнын хүмүүс оюун санааны үнэт зүйлсийг эрхэмлэх бөгөөд ёс суртахуун шашны зарчим баримталдаг. Тэдний хамгийн гол үнэт зүйл нь: хамтач ёс, бүлгийн эв нэгдэл, нийтлэгт үнэнч байх, ёс суртахуун, зохиролд тэмүүлэх зэрэг болно.
Энэ нь Өрнө, Дорнын хүмүүс өөр өөр ёс суртахуунтай, этиктэй гэсэн үг бөгөөд эдгээр нь өөр өөрийн нийгэмд тохирон хөгжиж ирсэн юм. Түүнээс биш аль нэгийг нь давуу буюу дутуу гэж үзэж болохгүй. Нэг талаас аль аль нь асар олон саад бэршээл дамжин хөгжсөөр өнөөг хүрсэн, нөгөө талаас бие биендээ уусан, дэвшилтэт чанараа харилцан солилцсоор ирсэн. Энэ үйл явц одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ бие биедээ бүрэн уусаад шингэсэн үг хараахан биш. Язгуур үндэс нь өөр болохоор цаашдаа ч тийм байх биз.
Хүн төрөлхтний асар их дэвшил хөгжлийн явцад протестант угшилтай барууны этикт суурилсан хүн төрөлхтний нийтлэг этик бүрэлдэн тогтсон юм. Энэ нь шинжлэх ухаан техник, технологийн дэвшил барууны үнэт зүйл зонхилсон Барууны иргэншил даян дэлхийд түгэн дэлгэрсэнтэй холбоотой. Базаж хэлбэл даяарчлалын этик нэгэнт тогтсон гэсэн хэрэг. Тодруулж хэлбэл түүнийг хэрэглэх зарчим, хэмжээ ерөнхийдөө тогтсон гэсэн хэрэг. Энэ нь барууны гаралтай этик хөгжсөөр яваад шинэ эрин үед даяар шинж чанартай болсон хэрэг юм.
Одоо манайх олон долоон онол ном донгосоод байлгүй энийг л шууд мөрдөх хэрэгтэй ш дээ…
Манайх…
Манай нүүдэлчдийн этикийг тусгайлан судалсан бүтээл нэн ховор. Улмаар монгол хүнийг тухайлан судалсан ажил бас л ховор. Хэдэн жилийн өмнө би “Монгол менталитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог” өгүүллүүд бичсэн нь яг этикийн асуудлыг судлаагүй ч монгол хүнийг онолын социологи, сэтгэл зүйн талаас тухайлан судлах оролдлого байсан юм. Зүй нь энэ судалгааг үргэлжлүүлбэл тун зүгээрсэн.
Ямар ч гэсэн монголчуудыг нэг их этиктэй ард түмэн гэж дэлхийн ямар ч судлаач үздэггүй. Би л лав тийм юмтай бараг таарч байгаагүй. Энэ нь тэдний этикийн үндсэн ойлголт хийгээд түүнийг “хэмжих” үзүүлэлт, шалгуур манайхтай огт тохирохгүй байсантай холбоотой нь эргэлзээгүй юм.
Тэгвэл бид этикгүй ард түмэн юм уу ? Этикгүй ард түмэн гэж байхгүй л дээ. Энэ асуудал аяндаа судалгааны нэн сонирхолтой сэдэв юм. Ямар ч гэсэн бид энэ Монгол нутагтаа “хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс шиг улс” гэж кинонд ярьдаг шиг өөрийн гэсэн этиктэй, ёс суртахуунтай яваад ирж. Харамсалтай нь үүнийг энэ хир нарийвчлан судлаагүй…
Ингээд ХХ зуун болоход хувьсгал ялж монголын нийгэмд асар их өөрчлөлт гарав. Энэ нь европын этикийн нэгэн төрөл, түүний ихээхэн том нэгэн салаа юм. К.Маркс анх 10 зүйл бүхий “Коммунистуудын ёс суртахууны дүрэм” (кодекс) гэдгийг бүр эрт гаргахдаа Библийн этикээс үндсэн санааг нь авсан гэвэл одооны хүмүүс заяа нь надад үнэмшихгүй. Гэхдээ энэ бол үнэн юм. Намайг шалгаад тулгаад үзсэн ч болно. Энэ бол европын этик үзэл санааны нэг л сурвалжтай гэдгийг бат нотолдог юм.
Этик энэ тэр гээд нэг сүрхий онол ном болдог боловч яг хүмүүсийн дагаж мөрдөх дүрэм журамд тулаад ирэхээрээ этик мөрдлөгүүд голдуу 10 байдаг нь гайхмаар. Библийн нүглийн тухай 10 сургааль, коммунистуудын 10 дүрэм, Буддын 10 хар нүгэл гэх мэт. Хүн битгий ал, хүрээ битгий тал, худал битгий хэл, хулгай битгий хий, хүнд тус болж бай, ахмадыг хүндэл, ажилсаг бай гэхчлэн энэ хэд л байдаг.
Үүнийг манай аваргууд юун амархан юм гэж бодож болохгүй л дээ. Хүн гээч энэ “хачин тэнэг” амьтныг ухаажуулах гээд Библи ч, коммунистууд ч, Будда ч хүчрэхгүй байгааг бид харж байна. Ингэхлээр хэн нэгэн монгол сэхээтэн этикийг “хялбар асуудал” хэмээн үзвэл ёстой лай л байна…
Манайд европ этикийн нэг том төрөл хамтач ёсны этик төлөвшиж эхлэж байтал 1990 оны хувьсгал гараад капиталист буюу протестант угшилтай этик рүү явах юм болов.
Ингээд дорнын нүүдлийн этик, европын хамтач этик, барууны капиталист этикийн дунд монгол хүн хавчуулагдах болов. Өөр хүн байсан бол үйл тамаа эдлэх ёстой атал монгол “хүн дураараа дургив, дунд чөмгөөрөө жиргэв”. Ингээд хүн биш, араатан шинжийг олов. “Нэг” этиктэй хүн ихээхэн зовч зүдэрч байж амьдралынхаа асуудлыг шийддэг байхад “гурван этиктэй” монгол хүн юу ч байхгүй хоосон үлдэх нь мэдээж хэрэг юм. Өнөө үеийн монгол хүн этик болгоныг “мэдээд” байдаг нь үүнтэй холбоотой.
Шинжлэх ухааны хэллэгээр бол монгол хүн эдүгээ үнэт зүйлс, эрхэмлэлийн системийн зөрчилд ороод байна. Толгой нь эргэсэн тэрбээр үзэгдсэн харагдсан номоо уншиж, үзэгдсэн харагдсан “хүн” болгоныг дуурайх гэж оролдовч энэ үйлдэл нь түүнийг улам их зөрчилд оруулж, улам мунхаг болгох бөлгөө. Үүнийх нь дээрээс төр засаг шиг ухаантай юманд нь этиктэй амьтан ганц ч байхгүй учраас нийгмийн оюун санааны амьдралыг хорь гаруй жил зөнд нь хаясан юм.
Үүний улмаас XXI зуунд Монгол хүний зэрлэгшил нэн хүчтэй явагдсан, үүнийг засаж залруулах оролдлого энэ хир хийгээгүй. Харин сүүлийн үеэс хэсэг сэтгүүлч залуус үүнийг анхааран зарим нэвтрүүлэг хийж эхэлж байгаа нь тун ч сайн, дэмжүүштэй хэрэг юм.
Этикгүй хүн бол араатнаас ялгаагүй бөгөөд ийм болгох ажлыг зориудын санаатайгаар хийсэн байж болох юм. Этикийн хамгийн “доод” хэсэг буюу прагматик этикийн яг хүмүүн харилцааны дүрэм журмыг этикет гэж ялган нэрлэдэг. Энэ бол хамгийн амархан, үзэгдэх, өнгөц хэсэг юм. Сүүлийн үед үүнийг этик гэж ойлгоод энийг л сурчихвал өөрийгөө соёлтой хүн гэж ойлгох болов. Тэгээд бусад хүнээс этик нэхэх болов. Мэдээж этикет хүний амьдралд чухал хэрэгтэй боловч түүнийг этикээр оруулах боломжгүй. Учир нь хэрэв цаана нь худал хэлэх, хулгай хийх мөн чанар байгаа бол түүнийг этикетээр халхлах халхавчлах боломжгүй. Харин монголчууд болохоор болно гэж бодоод байдаг нь гайхалтай. 
Үүний тод жишээ нь манай нийгэмд үлэмж дэлгэрээд буй тангараг өргөх ёслолууд болно. Монгол хүн 16 нас хүрээд иргэний андгай тангараг өргөнө, дараа нь дээд сургуульд элсээд оюутны тангараг өргөнө. Цаашаа бол Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, эмч, багш, хилчин, цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүх, прокурор, гааль татвар, мэргэжлийн хяналт гэхчлэн төрийн албаныхан ганц ч хүн үлдэхгүй тангараг өргөх. Лам нар бурхандаа, бөө нар Тэнгэртээ тангараг өргөдөг биз. Бараг л надаас бусад нь тангараг өргөдөг. Энэ учир тоймгүй олон андгай тангарагийн үр дүнд төр, нийгэм, хүмүүс маань хараал хүрсэн мэт яг эсрэгээр нь явж байна. Дэлхийн бүх хүн тангараг өргөсөн л бол яс биелүүлдэг бол одооны монголчууд албатай юм шиг тангараг өргөчихөөд бас л албатай юм шиг эсрэгээр нь үйлддэг заншилтай болсон байна. Нэгэн сайхан цагт монголын “за” гэсэн үг андгай тангараг байсан үе бий юм шүү дээ. Энэ нь монгол хүн этикгүй болсонтой шууд холбоотой. Мөн үүний үндсэн бөгөөд гол шалтгаан нь ийм нөхцөл байдлыг бий болгож, өөрөө түүнийг байнга төрүүлж, “шилдэг” үлгэр жишээ үзүүлж байгаа Монголын төр засаг мөн. 
Чухам эндээс л бид үлэмж зэрлэгшиж, араатан шиг болсон гэсэн дээрх дүгнэлт гарсан юм.
Уг нь этик бол соёл юм. Түүнийг хар багаасаа эзэмшиж сурсан байх ёстой. Тэрнээс ном үзээд мэддэг юм биш. Нөгөө талаас одоо монгол хүн гадаадад их явж, юм үзэж нүд тайлж байгаа учраас тэндэхийн этик зарчим, хэм хэмжээг мэдсэн, сурсан байх ёстой. Гэхдээ энэ бол зөвхөн харилцааны түвшний явдал, асуудлын өнгөн тал юм. Үүний цаана уг этикийн мөн чанар, хүний яс маханд шингэдэг үнэт зүйл, эрхэмлэл, соёл, хүмүүжил зэрэг бүхэл бүтэн тогтолцоо байдаг юм.
Энэ нь байхгүй учраас гадаадад байсан Монгол хүн Монголдоо ирэнгүүтээ “барууныхаа” этикийг тэр дор нь мартаж орхидог юм. Барууны этик ч юу байхав, хүн төрөлхтний нийтлэг этик байгаа юм…
Ямар ч гэсэн бүх этикийг хольчихоод удаан явбал бүгдээрээ араатан болно гэдэг нь дэндүү ойлгомжтой байна. Иймээс бид одоо сонголт хийх ёстой болж байна. Аль этикийг нь авах вэ ?
Энэ асуулт угаасаа харьцангуй юм. Харилцааны анхдагч түвшинд барууны гэгдэх түгээмэл этикийг үг дуугүй авч даган мөрдөх ёстой. Харин шинжлэх ухааны түвшинд бол сайтар судалсны үндсэн дээр язгуур монгол суртахууны эрхэмлэл, зарчим, хэм хэмжээг энэхүү түгээмэл этиктэй зохистой хослуулан үндэсний этик шинээр гарган авах ёстой. Харин мета түвшинд бол энэ бүхнээ бүх талаас нь үндэслэж өгөх ёстой. Харин үүнийг бол дурын хүн биш, мэргэжлийн хүн хийдэг юм.
Сүүлийн үед манайхан ёс зүйг анхаарч, ярьж эхэлж байгаа нь тун ч сайн хэрэг. Тэр ажилд нь тус нэмэр болох гэж л зарим асуудал хөндсөн энэ өгүүллийг бичсэн юм.
Уг нь задлаад дэлгэрүүлээд ярих юм бол их л олон зүйл ярьж болох. Харин нэг зүйл сануулахад доод түвшин нь дээд түвшингөөсөө мэдлэгийн эх сурвалжаа олж авдаг учраас этикийн практик түвшингөөс шинжлэх ухааны түвшин рүү, түүнээсээ мета түвшин рүү ойртохыг аль болох хичээвэл зохилтой. Харин түвшингүүдийг л хольж болохгүй.
Иймээс этиктэй болъё гэвэл ярьдаг биш, мөрддөг хүмүүсийг төрд шинээр гаргах хэрэгтэй. Аман дээрээ этик яриад ачир дээрээ яг эсрэгээр нь туудаг өнөөгийн төр ямар байгааг харж байгаа биз дээ…
Тангаргаа там болгочихоод этик ярьдаг хүмүүс ямар ч этикийн, улмаар ямар ч нийгэм, ямар ч төрийн дайсан байдаг бөгөөд тэдний ааш авир, зан араншин ямар байдгийг Та телевизээ залгаад л харж болно…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 21.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Аргентины эдийн засаг 100 жилээр ухрав



ikon.mn-ээс

   Аргентин Улс Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж авах хэлцлийг эхлүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт песогийн ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 25 орчим хувиар суларч, инфляцаа бууруулах зорилгоор Аргентины Төв банк сүүлийн хоёр долоо хоногт бодлогын хүүгээ гурван удаа нэмэгдүүлж, 40 хувьд хүргээд байгаа юм. Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макри “Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж авах хэлцлийг эхлүүлээд байна. Кристин Лагард тохиролцоонд хүрэхээр бидэнтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа.

Энэхүү санхүүгийн дэмжлэгийн тусламжтайгаар бид өнгөрсөнд гаргасан алдаагаа давталгүй, эдийн засгийн хямралаас сэргийлэх боломжтой болох юм” гэж мэдэгдээд буй. Аргентин Улс өмнө нь Олон улсын валютын сангаас санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж байсан. 2001 оноос хойш Аргентины песогийн ханш ам.долларын эсрэг 70 орчим хувиар суларч, Аргентины таван иргэн тутмын нэг нь ажилгүй болоод байгаа юм.

Аргентинчуудын олонх нь өмнө нь хэрэгжүүлж байсан Олон улсын валютын сангийн бодлогыг тус улсын 2001 оны санхүүгийн хямралыг даамжруулсан гэж үздэг. Иймд энэ удаагийн хямралын эсрэг Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжих нь эргэлзээ төрүүлж байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Зуун жилийн өмнө АНУ, Аргентин хоёр хөгжлийнхөө төвшнөөр бараг адилхан байжээ. Харин 200-аад жилийн өмнө аргентинчуудын хүн амын бодит орлого АНУ-ынхаас өндөр байсан гэх тооцоог Америкийн эдийн засагч Жон Костуорт хийсэн байдаг. XX зууны эхээр олон сая цагаадын хувьд Буэнос-Айрес уу эсвэл Нью-Йорк уу гэсэн сонголтын өмнө эргэлздэг байв.

Аргентины нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1913 онд 3.8 мянган ам.доллар (1990 оны олон улсын ам.долларын ханшаар) байв. Харин одоо бол АНУ, Аргентиныг эдийн засаг, хөгжлийн хувьд харьцуулна гэдэг тэнгэр газар мэт ялгаатай. АНУ их гүрэн болж, нэг хүнд ногдох орлого нь 53 мянган ам.доллараар хэмжигдэх болов. Харин Аргентин “serial defaulter” буюу байнгын дампуурагч гэсэн цол зүүх болжээ. XX зууны Аргентины эдийн засгийн хөгжлийн бүтэлгүйтлийн тодорхой шалтгааныг шууд нэрлэнэ гэдэг хүндрэлтэй. Гэхдээ гол шалтгаануудын нэг нь улс төрийн институцийн болон макро эдийн засгийн муу бодлого.

1990-ээд оны эхээр Аргентинд инфляц 5,000 хувьд хүрч байсан бөгөөд тухайн үед шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Карлос “Менем currency board” хэмээх бодлого явуулж валютын нөөцийн хэмжээг эргэлтэд байгаа мөнгөний хэмжээтэй тэнцүүлж, ам.доллар үндэсний мөнгөн тэмдэгт хоёрыг хүчээр ижил үнэтэй болгов. Эхэн үедээ энэ алхам амжилт олж инфляц зогсож эдийн засаг нь хөл дээрээ боссон бөгөөд дэлхий даяар Аргентины эдийн засгийн гайхамшгийн тухай шагших болов. Гэвч 1990-ээд оны сүүлчээр байдал дордов.

10-аад жилийн турш эдийн засаг цэцэглэж байна хэмээн ард түмнийг хуурсан нь ил гарч Аргентин гадаад өрөндөө дарагдсан юм. Тус улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 90 хувьд, харин улсын нийт гадаад өр ДНБ-ий 255 хувьд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, хөрөнгөө татахад хүргэсэн бөгөөд энэ нь өрийн хямралыг эхлүүлэх асаагуур болсон юм. Дээр нь Олон улсын валютын сан эхлээд баахан мөнгө зээлдүүлж байснаа гэнэтхэн зогсоож, бүр ч хүнд байдалд оруулсан. Мөн песогийн ам.доллартай харьцах ханшийг чөлөөлснөөр үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж дэлхийн түүхэн дэх хамгийн том буюу зууны дефольт болов.

Энэхүү хямрал 2001 онд тус улсын санхүүгийн системийг унагаж, өөрсдийн хүчээр хямралаас гарах гарцыг ерөнхийд нь үгүй хийсэн юм. Ингээд Латин Америкт хамгийн баян гэгдэж байсан орон нэг шөнийн дотор хоосров. Бүх үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж ханш нь 3-4 дахин унав. 2002 оны эхний улиралд үйлдвэрлэл 20 хувиар буурч, хүн амын 52 хувь нь ядуу болж хувирлаа. Худалдан авах ажиллагаа зөвхөн ам.доллараар явагдаж байсан ч ам.доллартай хүн тун цөөн байв. 2001 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2002 оны нэгдүгээр cap хүртэлх хугацаанд таван Ерөнхийлөгч солигдов. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж хулгай, дээрэм газар авлаа.

Олон улсын валютын сан песогоор гүйлгээ хийхийг зогсоож, зөвхөн ам.доллар ашиглахыг ятгаж эхлэв. Хувийн банкууд байгаа мөнгөө аван улс орноос гарч явах гэсэн нь гадагшаа гарах мөнгөний урсгалыг улам нэмэв. Тиймээс Засгийн газар бүх банкны тооцоог зарцаав. 2003 онд Нестор Киршнер Ерөнхийлөгч болж нэлээн ардчилсан бодлого явуулж эхэлсэн. Тэрбээр авлигатай дайн зарлаж олон арван төрийн өндөр албан тушаалтныг халав. Түүнчлэн Аргентинд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн АНУ, Олон улсын валютын санг янз бүрээр аргадаж байлаа.

ДАХИАД Л ЭХНЭЭСЭЭ...
Киршнер хоёр удаа сонгогдсон бөгөөд түүний үед Аргентины эдийн засаг хөл дээрээ босч чадсан юм. 2007 онд Ерөнхийлөгчөөр Киршнерийн эхнэр Кристина Киршнер сонгогдов. Улс оронд эдийн засгийн “гайхамшиг” дахин эхэлж 2001 оны үедээ буцаж ирлээ. Кристинагийн гол хийдэг ажил нь статистикийн тоо баримтаар тоглох. Засгийн газрын албан ёсны тайлангуудад инфляц доогуур гэж бичдэг ч Олон улсын валютын сангийн үзэж буйгаар тоо баримт, бодит амьдрал хоёр алд дэлэм зөрөх ажээ.

Тиймээс Олон улсын валютын сан худал мэдээлэл өгөхөө үргэлжлүүлбэл зээл егөхөө зогсооно гэж сүрдүүлэв. Кристина Ерөнхийлөгч болсноор хавтгайруулсан тэтгэмж тарааж эхэлсэн юм. Монголын Засгийн газрын өгдөг байсан хүүхдийн мөнгө, гэрлэсний мөнгө гээд төрөл бүрийн тэтгэмж энэ оронд ч байв. Үүнээс гадна Аргентинд хүүхдэд тариа хийсэн, сургуульд хүргэж өгсөн, хогтой уут ураагүй хүн төрөөс тэтгэмж авдаг. Гэр бүлээрээ төрийн мэдлийн зочид буудалд амрахад бараг л үнэгүй. 2012 онд Аргентины ДНБ гурван хувийн алдагдалтай гарав. Дотоодод мөнгө зээлэх хүн байхгүй.

Гаднаас мөнгө авах гэхээр хэтэрхий өндөр хүүтэйгээс гадна итгэж мөнгө зээлэх олон улсын байгууллага болон улс байхгүй болжээ. Гэвч Кристинагийн хувьд энэ асуудал биш байсан бөгөөд тэрбээр их хэмжээний мөнгө хэвлэж байв. Харин хэтэрхий их мөнгө хэвлэсний үр дүнд нь тус улс дахь мөнгөний хэмжээ 40 хувиар өсжээ. Хэдийгээр олон улсын байгууллагууд, банк санхүүгийн корпорациуд болон донор орнууд Аргентины гадаад өрийн 90 хувийг 2002-2005 оны хооронд тэглэсэн боловч, тус улсын Засгийн газрын гадаад дахь хөрөнгө болон аж ахуйн нэгжүүдийн дансны үлдэгдлийг хураасан нь эдийн засгаа сэргээж, хөгжүүлэх боломжийг хумьсан юм.

Аргентины өнгөрсөн хугацаанд зөвхөн санхүүгийн зах зээл дээр нийт 460 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө алдагдсан гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг бөгөөд өнөөг хүртэл өрийн хямралын үр дагаврын дарамт арилаагүй байна. Одоогийн байдлаар Аргентины 30-40 мянган иргэн гудамжинд хог түүж, хоёрдогч түүхий эдээр өл залгуулж байна. Бэлэн мөнгө дутагдахын улмаас бартераар эд зүйл наймаалдаг сүлжээ сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжжээ. Телевизийн сувгууд хямдыг нь бодож реалити шоу бэлдэж эфирийн цагаа дүүргэх болов. Боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлгийн олонх нь хаагдав.

Түүнчлэн олон улсын зээл ховордож, бондны зах зээлийн хаалга хаагдсан тул тус улсад зээл олгох орон ч ховордоод буй. Олон улсын үнэлгээний “Moody’s" агентлагийн тогтоосон зээлжих зэрэглэлээр Аргентин Улс хамгийн муу буюу “Саа1” ангилалд буй. Үүнээс гарч чадвал тус улс олон улсын зах зээлд дахин бонд гаргах боломж бүрдэх юм. Одоо тус улс Олон улсын валютын сан болон зуун жилийн өмнөх хүчтэй хөдөө аж ахуйн салбарын туршлагадаа найдах үлдэж байна. Өөрөөр хэлбэл юунаас эхэлсэн түүндээ буюу эдийн засгийн хувьд 1900 оны эхэн үе рүү буцан орж байна.

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP