- Агуулгын шошго

Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу эсвэл эх орныхоо эрдсийн баялгийг боловсруулж шинэ хямд унагаар өөрсдийгөө болоод бусдыг хангаж элбэг хангалуун амьдрах нь сонирхолтой юу?..
Нээрээ Монголчууд бидэнд бусдын хэрэглээд дуусгачихсан машин хэрэгтэй юу эсвэл ашигт малтмалыг ард түмэнд ашигтай болтол нь зохицуулсан хууль хэрэгтэй байна уу гэж үе үехэн боддог юм шүү. Гадаадын хөгжилтэй улс орнууд биднээс юугаараа илүү болоод амьдрал нь тийм элбэг хангалуун ард түмэнтэй болчихсон юм бэ гэдэг асуулт танд ч гэсэн байнга төрж л байдаг байлгүй. Чухам энэ лугаа бодол л жирийн техникийн хүн намайг шинэ ашигт малтмалын хууль хийхэд хүргэсэн бүлгээ. Ингээд зургаан сар бараг гэрээс гаралгүй сууж байж бүтээсэн хуулийн төслөө уншигч танд хүрнэ гэдэгт эргэлзэлгүй өргөн баримуй. Бултаар хэлэлцэн шүүгээд таалагдаж хэмээхүй хэвлэн нийтэлж түмний хүртээл, төрийн хууль болгож дагаж мөрдвөл миний эх орондоо иргэн нь болсны хувь бүтэж сэтгэлийн цэнгэл эдлэхээр байна. Болгоон толилоод бодол саналаа энэхүү цахим хуудаст буюу d.jamts@yahoo.com шууданд, эс бөгөөс (976)-99013026 утсанд илгээн ажил хэрэг болгохын төлөө нэг ба нилээд хэдэн алхамыг хамтдаа алхая гэж уриалья!



Хуулийн төсөл



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ



АШИГТ МАЛТМАЛ БА ТҮҮНИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУХАЙ


1. дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн Хуулинд газар ба түүний дээрх болон доорх баялаг нь Монголын ард түмний өмч байна гэж заасан заалтыг хэрэгжүүлж ашигт малтмалыг хөрс, ус, агаар, ургамал, ан амьтан, түүх археологийн ба бусад баялагт халгүй техник, технологиор олзворлон гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд борлуулаад хуримтлуулсан хөрөнгийг тус улсын иргэдэд тэгш хуваарилах, улмаар түүнийг хөгжлийн түлхүүр болгон хувиргаж ард түмний эрх ашигт үйлчлүүлэхэд оршино. Энэ өргөн далайцтай бизнесийн үйл ажиллагааг Монголын ард түмнийг төлөөлөн байнга хариуцан гүйцэтгэж байх зорилготой “Эрдэнэс Монгол”, “Баянмонгол” Ард түмний өмчит хувьцаат корпорациуд /цаашид “Корпорац” гэх/-ыг үүсгэн байгуулах, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, ашигт малтмалын орд газрыг эзэмших замаар хайгуул хийх, ашиглах, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлтийг явуулах, эцсийн болон бренд бүтээгдэхүүнүүдийг дотоодын ба гадаадын зах зээлд гаргах, хөрөнгө төвлөрүүлэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийг чанартай хийх, уг корпорациудын үйл ажиллагааг бусдаас хараат бусаар гагцхүү монголын ард түмэн өмчлөн эзэмшиж удирдан зохион байгуулах, тогтвортой ашигтай ажиллуулах, хянах, монгол улсын төр, засгаас тэдгээрийг бодлого, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаагаараа дэмжихтэй холбоотой цогц харилцаануудыг зохицуулахад оршино.

2. дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3. дугаар зүйл. Корпораци, түүний зорилго

3.1. Корпораци нь Монгол улсын иргэн бүрт алтан хувьцаа эзэмшүүлэн тэдний өмнө хариуцлага хүлээж, иргэдийн хяналт дор өндөр мэрэгжлийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээд мөн.

3.2. Корпорац нь арилжааны хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө нийт хөрөнгийнхөө 49 хүртэлх хувьд хариуцлага хүлээнэ.


3.3. Нийт хөрөнгийн хэмжээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хуулийн этгээдээр хагас жил бүр үнэлүүлнэ.

3.4. Корпорацийн зорилго нь үндэсний болон олон улсын хэмжээнд ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт, уул уурхай, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг явуулж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж, хувьцаа эзэмшигч бүрт ногдол ашгийг хүртээхэд оршино.

3.5. Корпораци нь дотоод болон гадаадын зах зээлд хувьцаа гаргах, салбар болон хамтарсан компани байгуулах замаар ашигт малтмалын уул уурхай, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн алтан болон арилжааны хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдол бүхий бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийж Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулна.

4. дүгээр зүйл. Корпорацийн үйл ажиллагааны үндсэн зарчим

4.1. Корпораци нь дотооддоо төр, засаг, намууд, шашин болон нийгмийн аливаа бүлэглэлээс, гадаадад бусад улс, үндэстэн дамнасан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улс төр, бизнес, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас хараат бус, бие даасан бизнесийн үйл ажиллагаа явуулах, алтан болон арилжааны хувьцаа эзэмшигчдийг үнэн зөв мэдээлэлээр хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн тэгш эрх, бизнесийн ашиг сонирхолыг хангах, ногдол ашгийг шударгаар хуваарилах, иргэний эрхийг хүндэтгэх үндсэн зарчмыг баримтална.

4.2. Корпорацаас хэрэгжүүлж буй төмөр, зэс, цайр, хөнгөн цагаан, алт, мөнгө зэрэг хар ба өнгөт металлын болон шил, газрын тос, хуванцар, нүүрс, байгалийн хий, уран, жонш зэрэг бүх газрын баялгийг гүн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, түүний дэд бүтцийг барьж байгуулах ажилд хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмж, багаж, материалын худалдааны болон бусад татварын хөнгөлөлтийг Корпорацийн гаргасан албан хүсэлтэд дурьдсан жагсаалтын дагуу УИХ, Засгийн газар шийдвэрлэнэ.

4.3. Корпорацийг болон түүний хэрэгжүүлж буй тухайн төсөл, хөтөлбөр, түүнд заагдсан ашигт малтмалын ордыг хувьчлахгүй, төр, засгийн мэдэлд авахгүй зөвхөн монголын ард түмний алтан хувьцаа эзэмшигчдийн өмч байна..

4.4. Ашигт малтмалд газрын тос, байгалийн хий, газрын ховор элементүүдийг хамруулан ойлгоно.

4.5. Нар, салхи, ус, цөмийн болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл, хөтөлбөрүүд нь энэхүү хуулийн зохицуулалтаар хэрэгжинэ.

4.6. Корпорацийн зээл, хувьцаа, бондоор төвлөрүүлсэн хөрөнгө нь ашигт малтмалын ордын тогтоогдсон нөөцийг оролцуулан хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан нийт хөрөнгийн 49%-иас ихгүй байна.

4.7. Тухайн төсөлд хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Засгийн газар зээлийн баталгааг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны шийдвэрээр баталгаажсан Корпорацийн хүсэлтээр хугацаатай гаргаж болно.

4.8. Корпорациас хэрэгжүүлэх Тухайн төслийг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны шийдвэрээр Корпорациас гаргасан хүсэлтээр Монгол Улсын УИХ, Засгийн газар хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулах ажлыг хамтран зохион байгуулах эрх нь нээлттэй.

4.9. Корпорац газар, ус, дэд бүтэц, байгалийн баялаг ашигласны төлбөрийг төсөл, хөтөлбөр бүр дээр тус бүрд нь тооцож төлнө.

4.10. Корпорац нь ашигт малтмалын орд бүр дээр нөөц, стратегийн болон эдийн засгийн ач холбогдолын үнэлгээ, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, бүтээгдхүүний борлуулалтын төслийг боловсруулан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас болон Улсын Их хурлаас дэмжсэн шийдвэр гаргуулснаар орд газрыг эзэмшин ашиглах зөвшөөрлийг авна.

4.11. Корпораци нь эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийг түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнээр хангах үүрэг хүлээнэ.

4.12. Корпораци нь байгаль орчинд халгүй техник, технологи хэрэглэж монгол орны байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байх, хамгаалах, сайжруулах үүрэгтэй. Үүний тулд Корпорациас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр бүр дээр “Байгаль орчны үнэлгээ”-г урьдчилан хийлгүүлж, хайгуул ашиглалтын явцад гарах бүх төрлийн нөлөөлөлийг урьдчилан сэргийлж, байгаль хамгаалалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг “Байгаль орчны үнэлгээ, үйл ажиллагааны явцад гарах үр сөрөг дагавар, түүнийг арилган нөхөн сэргээж, сайжруулах төлөвлөгөө”-г түүнд зарцуулах хөрөнгийн хамт төлөвлөн уг хөрөнгийг АЖБОЯ-ны Байгалийн нөхөн сэргээлтийн тусгай санд байршуулан гүйцэтгэх засаглалын харъяалах байгууллагаар хянуулан баталгаажуулж мөрдөх ба нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар гурвалсан гэрээний үндсэн дээр хийлгэхийг зөвшөөрнө. Байгаль орчны нөхөн сэргээлтийн Гэрээний биелэлтийг Корпорац гүйцэтгэх засаглалын харъяалах байгууллагад хариуцан тайлагнана..Байгалийн нөхөн сэргээлтийн эцсийн хариуцлагыг БОАЖЯ Улсын Их Хуралд хүлээж тайлагнан зөрчил гарсан тохиолдол бүрт шүүхийн журмаар шийдвэрлүүлж ажиллана..

4.13. Корпораци нь ашигт малтмал, эрдэс баялагийг олзворлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад түүх, археологийн ховор дурсгал, олдворыг хамгаалах зорилгоор археологийн урьдчилсан хайгуул, судалгааг Гүйцэтгэх засаглалын харъяалах байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулна. Корпорацийн тухайн орчинд хэрэгжүүлэх төслийн түүх, археологийн холбогдолтой дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг Корпорацийн хөрөнгөөр мэрэгжлийн байгууллага гэрээгээр хийх бөгөөд эцсийн хариуцлагыг Гүйцэтгэх засаглалын харъяалах байгууллага Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана.

4.14. Корпорациас зөвхөн өндөр технологиор эцсийн боловсруулалт хийгдэж олон улсын стандартын шаардлага хангасан бэлэн бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох зөвшөөрлийг Улсын Их хурлаас өгнө. Экспортод гарсан бүтээгдэхүүний тайланг бүтээгдэхүүн тус бүрээр Гаалийн байгууллага ба Корпорац тусдаа гаргаж Алтан хувьцаа эзэмшигчдийн холбоо, УИХ-д тайлагнана.

4.15. Корпорациас гадаад ба дотоодын зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнийг төрөл тус бүр дээр нь Татварын байгууллага ба Корпорац тус бүрдээ гаргаж хөндлөнгийн аудитаар баталгаажуулан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбоо, УИХ-д тайлагнана.

4.16. Корпорац бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын ордын ашиглалтаас олсон орлого, ашиг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тухайн улсын татварын байгууллагаар гаргуулж хөндлөнгийн аудитаар баталгаажуулан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбоо, УИХ-д тайлагнана.

4.17. Корпорацийн техник, тоног төхөөрөмж, технологийн материалын импортын зардлын хөнгөлөлт, экспортыг дэмжих, борлуулалтын дотоод зах зээлийг хамгаалах зорилгоор татварын уян хатан системийг авч хэрэгжүүлэх эрхийг Улсын Их Хурал эдэлнэ.

4.18. Монгол улсын төр, засаг, намуудаас төр, засаг, гадаадын болон хувийн байгууллагуудын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тусгайлсан хууль, эрх зүйн акт гаргаж Корпорацийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах, боловсон хүчнийг сонгох, томилох, халах ажиллагаанд оролцохыг хориглоно.


4.19. Корпорацийг зөвхөн Улсын Их Хурлаас алтан хувьцаа гаргах зөвшөөрөл авсан корпорацид нэгтгэх, худалдах шийдвэрийг уг корпорацийн Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурал гаргах эрхтэй.

4.20. Корпорацийн хөдөлмөрийн осол, аюулгүйн ажиллагааны шаардлагыг төсөл, хөтөлбөр бүр дээр Гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, батлуулан мөрдөж тайлагнах ба эцсийн хариуцлагыг хамтран хүлээнэ.

4.21. Корпорацийн мөнгөн хөрөнгийг байршуулах банк, хөрөнгийн бирж, хэмжээ, хугацаа, хэлбэрийг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооноос тогтоож өгнө.

4.22. Корпорацийн бүх эд хөрөнгө, үйл ажиллагаа, боловсон хүчин даатгал ба давхар даатгалд хамрагдсан байна.



5. дугаар зүйл. Корпорацийн эрхлэх үйл ажиллагаа

5.1. Корпораци дараах үйл ажиллагаа явуулна:

5.1.1. Корпорац Монголын ард түмний төлөөлөл болох Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооноос олгосон эрх, УИХ-ын шийдвэрийн үндсэн дээр Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын хайгуул, ашигт малтмалын ордын ашиглалтын лицензүүдийг эзэмших, Монголын ард түмнийг төлөөлөн бизнес гэрээ байгуулах, хэрэгжүүлэх онцгой эрхийг эзэмшинэ.

5.1.2. Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалтын төсөл, санал боловсруулах, ашигт малтмалын хайгуул хийх, ордын нөөц тогтоох, ашиглалтын технологийг боловсруулах, эдийн засгийн үр ашгийг тооцоолох, байгалийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг бие дааж болон бусадтай хамтран гүйцэтгэх;


5.1.3. Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших уул уурхайн олзворлох үйлвэрлэл эрхлэн явуулж баяжмал ба түүнтэй адилтгах бүтээгдэхүүн гарган авах; уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, гэрээний төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхлэнэ

5.1.4. Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших уул уурхайн баяжмал ба түүнтэй адилтгах бүтээгдэхүүнийг гүн боловсруулж хүнд ба хөнгөн, дунд, жижиг үйлдвэрлэлийн анхдагч түүхий эдийг гаргах үйлдвэрлэл эрхлэх буюу эрхлэх боломжийг бусдад гэрээгээр олгоно. Корпорац ашигт малтмалын ордыг ашиглах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах зориулалттай мэрэгжлийн төрөлжсөн охин компаниудаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа дамжуулан явуулна. Уг компаниуд Корпорациас төсөвлөсөн хөрөнгөөр зөвхөн гэрээгээр мэрэгжлийн ажил гүйцэтгэх, бусдаар гүйцэтгүүлэх эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Энэ гэрээг “Ашигт малтмалын ажил гүйцэтгэх ба гүйцэтгүүлэх тогтвортой байдлын гэрээ” хэмээн нэрийдэх бөгөөд гэрээнд төсөл хөтөлбөр, түүний судалгаа, эдийн засгийн үр ашгийн тооцоо, технологийн баримт бичгүүд, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтийн хөтөлбөр хавсаргагдан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурал, УИХ-аар батлагдсаны дараа хууль, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болно. Охин компаниуд ба гэрээгээр ажил гүйцэтгэгч байгууллагууд ашигт малтмалын ордыг эзэмших лицензийг эзэмшихгүй, тухайн төсөл хөтөлбөрт заагдсан ажлыг гүйцэтгэх хүрээнд бие даасан бизнесийн үйл ажиллагааг явуулахгүй, хөрөнгө төвлөрүүлэхгүй, борлуулалт хийхгүй. Төсөл, хөтөлбөрт заагдаагүй бизнес үйл ажиллагааг гэрээгээр ажил гүйцэтгэгч бие дааж чөлөөтэй эрхэлж болох боловч түүнээс гарах үр дагаварыг Корпорац хариуцахгүй. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэнд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүргийг хүлээнэ.

5.1.5. Монгол улсад бүртгэлтэй хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийг өөрийн орны эрдэс баялгийн түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнээр хангана.

5.1.6. Уул уурхайн ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын, боловсруулах үйлдвэрлэлийн болон байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж ашиглалт ба боловсруулалтын батлагдсан технологийн мөрдөлт, хугацаа, төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, Монгол улс, монголын ард түмний эдийн засгийн ашиг, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтэд гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, ноцтой зөрчигдсөн тохиолдолд гэрээ цуцлах, энэ хууль гарахаас өмнө олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг хураах, хүчингүй болгох саналыг боловсруулан Алтан хувьцаа эзэмшигчдийн хурал, УИХ-аар оруулан шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулна.

5.1.7. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, бүтээгдэхүүний гүн боловсруулалт, жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах, түүний хувьчлал, мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэгт хөндлөнгийн хяналт тавих ажилд тухайн чиглэлээр мэрэгжсэн төрийн бус байгууллагуудыг шалгарсан төсөл, хөтөлбөртэйгөөр гэрээний үндсэн дээр өргөнөөр татан оролцуулж Корпорацийн жилийн нийт ашгийн 1%-иар санхүүжүүлнэ. Энэ ажлыг Хяналтын зөвлөл зохион байгуулж Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд тайлагнана.

5.1.8. Монгол улсын болон бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын ордыг ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор дотоодын ба гадаадын санхүү, хөрөнгийн зах зээл, гадаад улс, олон улсын байгууллагуудаас хөрөнгийг татан төвлөрүүлэх, хөрөнгө оруулах үйл ажиллагааг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр эрхлэх;

5.1.9. Дотоод болон гадаад худалдааг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар батлагдсан төсвийн хүрээнд эрхэлж сар бүр тайлан гарган аудитаар баталгаажуулж ажиллана.

5.1.10. Хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхэлнэ.

5.2. Корпораци дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

5.2.1. Улс төр, шашны үйл ажиллагаа явуулах;

5.2.2. Улс төрийн нам эвсэл, хөдөлгөөн, шашны байгууллагад хандив өгөх;

5.2.3. Байгаль орчныг бүрэн хэмжээгээр нөхөн сэргээх боломжгүй технологи ашиглах;

5.2.4. Согтууруулах, мансууруулах бодисын үйлдвэрлэлийг явуулах, дэмжих.

6. дугаар зүйл. Корпорацитай харилцах төр, засаг, гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын харилцаа

6.1. Корпорацийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг эхлэн явуулахад нь төр, засгаас гадаад ба дотоод харилцаа, санхүү, эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ.

6.2. Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг тогтоож хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн Корпорацид олгоно.

6.3. Монгол улсын төр, засгаас ижил үйл ажиллагаа явуулах Корпорацийг олноор байгуулж хүч тарамдуулахгүй. Мөн ганцхан Корпорац байгуулж эрсдлийг дангаар нь үүрүүлэхгүй.

6.4. Монгол улсын төр, засгаас гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хамтарсан Корпорац байгуулахгүй, байгуулах зөвшөөрөл өгөхгүй..

6.5. Монгол улсын төр, засгаас хувийн өмчийн Корпорац байгуулахыг дэмжихгүй, зөвшөөрөхгүй.

6.6. Монгол Улсын Төр, Засгийн газар Корпорацийн үйл ажиллагааг дэмжиж стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг түшиглэн Корпорацийн байгуулсан уурхай, үйлдвэр бүрийг анх байгуулах үед нь тогтвортой байдлын гэрээг байгуулж татварын тодорхой хөнгөлөлтийг үзүүлнэ.

6.7. Монгол Улсын Засгийн газар Корпорацийн арилжааны хувьцааг худалдан авах, зарж борлуулах, барьцаалах зэргээр аж ахуй, бизнесийн үйл ажиллагааг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны зөвшөөрлөөр Корпорацтай байгуулсан гэрээний үндсэн дээр явуулж болно.

6.8. Корпорац төрд монгол улсын бусад аж ахуйн нэгжүүдийн адил татвар төлнө.

6.9. Монгол улсын төр, засаг нь корпорацийн үйл ажиллагааг дотоодын болон олон улсын харилцаагаараа байнга дэмжиж, сурталчилна. Бэлэн бүтээгдэхүүн борлуулах ажилд Засгийн газар Корпорацтай урьдчилан тохиролцсон нөхцөлтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж Монголын ард түмний эрх ашигт яв цав нийцсэн, бизнесийн ашигтай үйл ажиллагаа явуулж болно. Уг бизнес гэрээ нь Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр баталгаажсан тохиолдолд заагдсан хүрээнд бизнес үйл ажиллагаа явагдах харилцаа зөвшөөрөгдөж, хэрэгжиж эхэлнэ. Гэрээний биелэлтийг хянах үйл ажиллагааг Хяналтын зөвлөл хэрэгжүүлж Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд гэрээнд заагдсан хугацаанд тайлагнана.

6.10. Төр, засгаас бодлого, техник, технологийн оролцоогоор корпорацитай харьцана. Төр, засгаас гаргасан шийдвэр, бодлого нь Корпорацийн үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байвал Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр хүлээж авахгүй байх эрх эдэлнэ.

6.11. Монгол улсын болон бусад улс орнуудын төр, засаг Корпорацтай явуулах харилцаагаа хамтарсан баримт бичиг гаргаж, гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ. Гэрээ нь дотоодод УИХ-аар, гадаадад тухайн улсын парламентаар хэлэлцэгдэн батлагдсан байна. Уг гэрээ Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар батлагдсаны дараа Корпорацийн үйл ажиллагаанд хэрэгжих хүчин төгөлдөр баримт бичиг болж мөрдөгдөнө. Энэ зарчим олон улсын байгууллагатай харилцах харилцаанд ижил мөрдөгдөнө.

6.12. Корпорац нь газар өмчлөх эрхгүй. Зөвхөн тодорхой хугацаагаар үйл ажиллагаа явуулахад шаардлагатай газрыг Алтан хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрээр хугацаатай эзэмших эрх эдэлнэ.

6.13. Корпорац нь ашигт малтмалын ордыг ашиглалтгүйгээр шууд худалдах эрх эдлэхгүй. Зөвхөн ашигт малтмалын ашиглалт ба гүн боловсруулах үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор тухайн ордуудын нөөцийг тодорхой хугацаатайгаар барьцаалах эрхийг Алтан хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрээр олж авна..

6.14. Төр, засгаас ашигт малтмалыг эрэх хайх, ашиглах, гүн боловсруулах үйл ажиллагааг зөвхөн Корпорациар дамжуулан хэрэгжүүлнэ.

6.15. Монгол улсын ба бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын хайгуул, ордын мэдээлэлийн санг Монгол улсын төр, засаг болон Корпорац хамтран байгуулж ижил эрхтэйгээр ашиглана..

6.16. Төр, засгаас өндөр цалинтай ажлын байрыг олноор бий болгох зорилтыг корпорацид байнга тавьж байх бөгөөд монгол улсын иргэдийг удирдах, инженер техникийн болон технолог, худалдаа, шинжилгээ судалгааны ажилд түлхүү оролцуулах бодлогыг корпорац хэрэгжүүлнэ. Өндөр мэрэгжлийн удирдах болон инженер техникийн ажилтан, ажилчид бэлтгэхэд төр ба корпорац хамтран ажиллана.

6.17. Корпорацийн жилийн нийт ашгийн 5%-ийг шинжлэх ухааны нээлт, бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулах ажилд төсөвлөн зарцуулахдаа шалгарсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зарчмаар хэрэгжүүлнэ.

6.18. Монгол улсын урлагийн салбарын хөгжилд Корпорацийн жил бүрийн нийт ашгийн 1%-ийг зарцуулж Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд тайлагнана.

6.19. Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө Корпорацийн бүтээн цогцлоосон дэд бүтцийн болон нийгэм, соёлын зориулалттай барилга, байгууламж, зарцуулсан хөрөнгийг төрд төлөх татварт оролцуулан тооцуулах тухай хүсэлтийг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас жил бүр гаргаж Улсын Их Хурлаар шийдвэрлүүлнэ.

6.20. Корпорац нь энэ хуулинд тусгайлан зааснаас бусад бүх төрлийн харилцаанд монгол улсын бусад аж ахуйн нэгжийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

7. дугаар зүйл. Мэдээллийн нээлттэй байдал

7.1. Корпорацийн үйл ажиллагаа, санхүү, удирдлагатай холбоотой мэдээлэл олон нийтэд нээлттэй байна. Мэдээлэлийн цахим ба бичиг баримтын сан нь ашигт малтмалын ордуудын, төсөл хөтөлбөрийн судалгаа, хэрэгжилтийн, Корпорацийн үйл ажиллагааны, Алтан ба арилжааны хувьцаа эзэмшигчдийн гэсэн үндсэн хэсгүүдэд хуваагдаж байнга шинэчлэгдэн баяжигдаж байх ажлыг Удирдах зөвлөл Гүйцэтгэх захиралтай хамтран хэрэгжүүлж Хяналтын зөвлөл хянаж ажиллан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд тус бүрдээ тайлагнана. Мэдээлэлийн сангийн нууц байх шаардлагатай тухайн мэдээлэлийн ба баримт бичгийн нууцлах болсон шалтгаан, нууцлалын зэрэглэл, нууц байх шаардлагатай хугацааг Корпорацийн Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн хүсэлтээр Хяналтын зөвлөл тогтоож Алтан хувьцаа эзэмшигчдын холбооны хурлаар баталгаажуулан мөрдөнө. Архивыг Удирдах зөвлөл бүрдүүлж Хяналтын зөвлөл хариуцан ажиллана.

7.2. Корпораци нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, Корпорацийн удирдах байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол шийдвэр, тушаал болон бусад бичиг баримттай танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчдэд олгоно.

7.3. Корпорац нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн шаардлагыг хангасан санхүүгийн тайланг сар тутам нийтэд хэвлэлээр нээлттэй мэдээлэх үүрэгтэй. Хэрэгжилтийн хяналтыг Хяналтын зөвлөл хариуцан Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд тайлагнана. Санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаж нээлттэй тайлагнаагүй тохиолдолд Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөл шууд огцорсноор тооцож Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас томилогдсон ажлын хэсэг хөндлөнгийн аудитын шалгалтыг Корпорацд оруулж, дүгнэлтийг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд танилцуулан дараагийн шийдвэрийг гаргуулна.

7.4. Арилжааны хувьцааны томоохон багцыг эзэмшигчдэд Корпорацын талаар хангалттай мэдээлэл агуулсан гарын авлага, шинэ төсөл хөтөлбөрийн танилцуулгыг илгээх ажлыг Удирдах зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ. Интернетэд веб хуудсыг байнгын ажиллагаатай, мэдээлэл нь сар бүр шинэчлэгддэг, эргэх холбоотой, хувьцаа эзэмшигчдэд зориулсан хуудас нь түлхүүр үгээр нээгддэг байдлаар байрлуулж ажиллуула.

8. дугаар зүйл. Санхүүгийн тайлан

8.1. Корпорацийн санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого, зарлагын болон мөнгөн хөрөнгийн хөдлөлийн тайлан, тайлбар, тодруулгаас бүрдэнэ.

8.2. Корпорацийн санхүүгийн тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

8.2.1. Тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн ҮТА-аас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байх;

8.2.2. Санхүүгийн тайланг энэ хэсгийн 1-д заасны дагуу үнэн зөв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн огноог тэмдэглэж, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

8.2.3. Санхүүгийн тайланг улирал бүр олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байх.

9. дүгээр зүйл. Корпорацийн хувь нийлүүлсэн хөрөнгө

9.1.Корпорацийн балансанд тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн нийт дүнгээс арилжааны хувьцааны хөрөнгө болон өр төлбөрийг хасаж үлдсэн хэсгийг Корпорацийн өөрийн хөрөнгө буюу алтан хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө гэнэ.

9.2.Корпорацийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар тухай бүр шийдвэрлэнэ.

9.3.Корпорацийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51-ээс дээш хувийг Монгол Улсын иргэн бүрт ижил хэмжээтэйгээр алтан хувьцаагаар дамжуулан өмчлүүлнэ.

10. дугаар зүйл. Корпорацийн алтан хувьцаа ба арилжааны хувьцаа

10.1. Корпорацийн хөрөнгөөр баталгаажсан хувьцаа нь алтан ба арилжааны гэсэн хоёр төрөл байна. Корпорацийн алтан хувьцаа нь уг корпорац дахь Монгол улсын иргэний хөрөнгийг баталгаажуулсан, санал өгөх болон ногдол ашиг авах эрхийг гэрчилсэн нэрийн үнэт цаас болно. Нийт алтан хувьцаанд оногдох корпорацийн хөрөнгө нь корпорацийн бүх хөрөнгийн 51%-иас дээш байна. Корпорацийн нийт хөрөнгөнд эзэмшиж буй ордын нөөцийн хөндлөнгийн этгээдээр баталгаажуулсан зах зээлийн үнэлгээ орно.

10.2. Корпорацийн алтан хувьцааг зөвхөн Монгол улсын иргэн эзэмших эрхтэй. Корпорац бүрд монгол улсын иргэн алтан хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна.

10.3. Корпорацийн алтан хувьцааг Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин суугч, Монгол улсын бүх иргэнд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ.

10.4. Шинээр төрсөн Монгол улсын иргэнд нэмж алтан хувьцаа гарган олгоно. Алтан хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд түүний хувьцаа тухайн өдрөөр хүчингүй болж уг алтан хувьцаанд ноогдох үлдэгдлийг гэрээслэлд заасан хуулийн этгээдэд, гэрээслэл хийгдээгүй тохиолдолд хууль ёсны өв залгамжлагчид олгоно.

10.5. Корпорацийн алтан хувьцаа нь худалдах, арилжих, өв залгамжлуулах, барьцаалах зэрэг өмчийн харилцаанд орохгүй. Зөвхөн ноогдол ашиг авах, корпорацийн үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэгдэнэ.

10.6. Ашигт малтмалын ордуудыг ашиглах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд борлуулахад шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэхэд зориулж арилжааны хувьцааг гарган дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр арилжина. Монгол улстай хамтран ажиллаж, Монголын ард түмний өмчлөлийн ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бизнес үйл ажиллагаанаас ашиг олохыг сонирхсон гадаад улс орнууд, бүх төрлийн өмчлөлийн хуулийн этгээдүүд энэхүү хувьцаагаар дамжуулан хөрөнгөө оруулж ашгаа хүртэнэ. Корпорациас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зарцуулах өөрийн хөрөнгө хангалттай байгаа тохиолдолд арилжааны хувьцааг нэмж гарган алтан хувьцаанд ноогдох ашгийг бууруулахыг хориглоно. Корпорац гаргасан хувьцаагаа аль болох буцаан худалдаж авч арилжааны хувьцааны ханшийг өсгөх, арилжааны хувьцаа эзэмшигчдээс эдийн засгийн хараат байдлаа бууруулах арга хэмжээг жил бүр төлөвлөн Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар шийдвэрлүүлэн хэрэгжүүлнэ.

10.7. Корпорацийн арилжааны хувьцаанд ноогдох хөрөнгийн хэмжээ Корпорацийн нийт хөрөнгийн 49%-иас ихгүй байна.

10.8. Корпорацийн арилжааны хувьцаагаар төвлөрүүлсэн хөрөнгийг зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээрх ашигт малтмалын ордуудыг ашиглах, гүн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, түүнд шаардлагатай дэд бүтцийг байгуулах, бүтээн цогцлооход Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр дэмжигдэн батлагдсан төсвийн дагуу зарцуулж, нээлттэй тайлагнана.

10.9. Корпорацийн алтан ба арилжааны хувьцааны харьцах эквивалентийг санхүүгийн тайланг үндэслэн Алтан хувьцаа эзэмшигчидийн холбоо сар бүр нээлттэй зарлана.

10.10. Алтан хувьцааныхаа 10 хүртэлх жилийн ноогдол ашгийг барьцаалан алтан хувьцаа эзэмшигчид нь дангаараа ба хоршиж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах, ажлын байр бий болгохыг зөвшөөрнө. Уг зээлийн баталгааг Корпорац Засгийн газартай хамтран байгуулсан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тусгай сангийн хөрөнгийн хэмжээнд гаргана. Уг зээлийг бэлэн мөнгөөр гаргахгүй, “Түлхүүр хүлээж авах” зарчмаар тохиролцон Корпорац, Засгийн газар, алтан хувьцаа эзэмшин бизнес эрхлэгчийн эрх тэгш хамтран байгуулсан төслийн гурвалсан гэрээг хэрэгжүүлэх явцад бүтээн байгуулсан жижиг, дунд үйлдвэрлэлийн барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг барьцаалах аргаар олгоно. Энэхүү зээл бизнесийн даатгал ба давхар даатгалд хамрагдсан байна.

10.11. Корпорацийн илүүдэл хөрөнгөөр байгуулагдсан дээрх тусгай сангаас Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар дэмжигдсэн тусгай төсөл, хөтөлбөрүүдийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний газруудыг барьж байгуулан уг хөрөнгөөр баталгаажсан жижиг хувьцаат компаниудыг үүсгэн байгуулж алтан хувьцаа эзэмшигчдэд менежментийн хувьчлалаар эзэмшүүлэн, цаашид тэдэнд хувьчлах ажлыг Корпорац УИХ, Засгийн газартай жил бүр хамтран хэрэгжүүлнэ.

11. дүгээр зүйл. Алтан хувьцаа эзэмшигчдийн бүртгэл

11.1. Монгол улсын иргэн алтан хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, алтан хувьцааны гэрчилгээг гардан авснаар алтан хувьцаа эзэмшигч болно.

11.2. Алтан хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлийг Удирдах зөвлөл өрх айл бүрээр хаягийн хамт данслан хөтөлж явуулна. Хувь хүний бүртгэлийн нууцлалыг хангах зорилгоор веб хуудсанд тавигдсан уг бүртгэлийн мэдээлэлийн санд алтан хувьцаа эзэмшигчид өөрсдийн мэдээлэлийг хэрхэн бүртгэгдэн байршсан байдлыг хувийн нууц үг ашиглан нэвтэрч нээлттэй үзэж болохоор хийгдсэн байх шаардлагатай.

11.3. Алтан хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлийг сар бүр шинэчилж тооцоо, судалгааг бүх нийтэд ил байлгана.

11.4. Энэ хуулийн 10.3-д заасан монгол улсын иргэн дараахь баримтыг бүрдүүлж алтан хувьцаа эзэмшигчийн бүртгэлд бүртгүүлнэ. Үүнд:

11.4.1. Иргэний үнэмлэх/хүүхдийн төрсний гэрчилгээ/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

11.4.2. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн буюу түүнтэй адилтгах баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

11.4.3. Тухайн сум, хороонд оршин суугааг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

11.4.4. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.

11.4.5. Хүүхэд асран хүмүүжүүлэх улсын болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг асрамжийн байгууллагад хүмүүжиж байгаа бүтэн өнчин эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тогтоогдоогүй хүүхдийг тухайн байгууллагын тодорхойлолт.

12. дугаар зүйл. Алтан хувьцаа эзэмшигчдийн эрх, үүрэг

12.1. Алтан хувьцаа эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ. Үүнд:

12.1.1. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар санал өгөх;

12.1.2. Алтан хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчөөр сонгогдох;

12.1.3. Ногдол ашиг авах;

12.1.4. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах.

12.1.5. Алтан хувьцаа эзэмшигчид нь хувьцааны тооноос үл хамааран саналын нэг эрхтэй байна.

12.1.6. Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн эрхийг түүний өмнөөс Иргэний хуулийн дагуу хууль ёсны төлөөлөгч хэрэгжүүлнэ.

12.1.7. Алтан хувьцааныхаа ноогдол ашгаар арилжааны хувьцаа худалдан авч ашиг орлогоо нэмэгдүүлэх;

12.1.8. Алтан хувьцааны 5-10 жилийн орлогоо барьцаалан бизнес инкубаторын төсөл хөтөлбөрт дангаар болон хоршиж хамрагдан лизингээр үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын байр, тоног төхөөрөмж авч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

12.2. Алтан хувьцаа эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:

12.2.1. Өөрийгөө болон өөрийнхөө хууль ёсны хариуцлагад хамрагдах монгол улсын иргэний бичиг баримтыг бүрдүүлж алтан хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд бүртгүүлнэ.

12.2.2. Өөрийн болон өөрийнхөө хууль ёсны хариуцлагад харъяалагдах монгол улсын иргэний мэдээлэл мэдээлэлийн нэгдсэн санд орсон эсэхийг нягтлана.

12.2.3. Ноогдол ашгийн хуваарилалтад хяналт тавина.

12.2.4. Эх орны байгалийн унаган төрх алдагдахаас сэргийлэх, ашигт малтмалын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, хямгатай зөв ашиглах, гарсан зөрчил дутагдлыг арилгахад санаачилгатай оролцох үүрэгтэй.

12.2.5. Энэхүү хууль болон Корпорацийн дүрэм, тэдгээрийг дагалдан гарах эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтэнд хяналт тавин гарсан зөрчил дутагдлыг арилгахад өөрөө болон төлөөлөлөөрөө дамжуулан ажиллах үүрэгтэй.

12.2.6. Энэ хууль хэрэгжсэнээр Алтан хувьцаа эзэмшигч болох Монгол улсын иргэн танд олгогдох эдийн засгийн өргөн эрх чөлөөгөө улам батжуулахын тулд жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг өрхийн болон бусадтай хорших хэлбэрээр байгуулан импортыг орлох, экспортод тэнцэн олон улсын хэмжээнд төвөггүй борлогдох нэмүү өртөгийг бий болгодог бизнес эрхэлж амьжиргаагаа бусдын гар харалгүй бие дааж авч явах, элбэг хангалуун амьдрах, хойч үеэ сургаж хүмүүжүүлэн эрүүл чийрэг, эрдэм, дадлага төгс иргэдийг бэлтгэхэд Монгол улсын төр, засаг, Корпорацтай сэтгэл шулуудан, гар нийлж шударгаар хамтран ажиллаж, хөгжих үүрэгтэй.

13. дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах

13.1. Ногдол ашгийг жил бүр хуваарилна.

13.2. Ногдол ашиг хуваарилах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана. Удирдах зөвлөл нь ногдол ашиг хуваарилахдаа хувьцаа бүрт ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах, бүртгэлийн өдөр болон ногдол ашиг төлөх өдрийг тогтоож энэ тухай хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчдийн хуралд мэдэгдэнэ.

13.3. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигч бүрийн нэр дээр нээсэн нэрийн дансаар дамжуулан ижил хэмжээний ногдол ашиг бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилна.

13.3.1. Ногдол ашиг хуваарилах хугацаанд эрүүгийн ял эдэлж буй иргэдийн алтан ба арилжааны хувьцааны ногдол ашгийг түүний бусдад учруулсан хохиролыг төлөхөд зарцуулах шийдвэрийг шүүх гаргаж Шүүхийн шийдвэр биелүүлэх газар хэрэгжүүлнэ. Арилжааны хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулж болохгүй. Хохиролыг төлөөд үлдсэн хөрөнгийг тусгай дансанд хуримтлуулж суллагдсаны дараа олгоно

13.3.2. Тухайн жилийн 8 сараас илүү хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаагүй /гадаадад их дээд, дунд мэргэжлийн сургуульд суралцагсад болон тэдгээрийн гэр бүл, дипломат болон төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүл, шинээр төрсөн хүүхдэд үл хамаарна/ хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй..

13.4. Корпораци ногдол ашиг хуваарилах шийдвэрт ашгийг хуваарилах хугацааг тодорхойлох бөгөөд ногдол ашгийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Ногдол ашгаа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Алтан хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлээр корпорац алданги нэмж төлөх бөгөөд үүнээс шалтгаалан корпорацид учирсан хохирлыг Корпорацийн Гүйцэтгэх удирдлага хариуцна.

13.5. Корпораци дор дурдсан тохиолдолд ногдол ашиг хуваарилна. Үүнд:

13.5.1. Ногдол ашиг төлсний дараа Корпорац нь хэвийн үйл ажиллагаа явуулах санхүү, төлбөрийн чадвартай байх;

13.5.2. Ногдол ашиг хуваарилж төлсний дараа Корпорацийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 9.1-д заасан хэмжээнээс багагүй байх.

14. дүгээр зүйл. Корпорацийн удирдлага, зохион байгуулалт

14.1. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбоо

14.1.1. Корпорацийн нийт алтан хувьцаа эзэмшигчид алтан хувьцаа эзэмшигчдийн холбоогоор дамжуулан корпорацийн удирдлагад оролцож, хяналтыг хэрэгжүүлнэ.

14.1.2. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны удирдах байгууллага нь Холбооны Төлөөлөгчдийн Хурал байна.

14.1.3. Сум, дүүрэг бүрт алтан хувьцаа эзэмшигчдийн салбар холбоодыг байгуулна. Аймаг, хотын холбооны хурлын гишүүдийг тухайн сум, дүүргийн харъяа баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас тус бүр нэг гишүүн сонгож бүрдүүлнэ. Сум, дүүргийн холбооны гишүүд дундаасаа Холбооны төлөөлөгчдийн хурлын гишүүдийг ил санал хураалтын зарчмаар сонгоно. Сум, дүүргийн нийт хувьцаа эзэмшигчдийн тооноос хамаарч сонгох төлөөлөгчдийн тоо харилцан адилгүй байх бөгөөд тавин мянган хүн тутамд нэг төлөөлөгч байхаар тооцно.

14.1.4. Баг, хорооны иргэдийн нийтийн хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу явагдана.

14.1.5. Тухайн баг, хорооны хэд хэдэн иргэд нэгдэн Баг, хорооны иргэдийн нийтийн хуралд Корпорацитай холбоотой асуудлаар өөрсдийн өмнөөс санал өгөх эрхтэй төлөөлөгчийг томилон оролцуулж болно. Баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар Корпорацитай холбоотой асуудал хуралд оролцогч бүр өөрийн болон хууль ёсны төлөөлүүлэгч, итгэмжлэгдсэн төлөөлүүлэгчдийн эзэмшиж буй хувьцааны тоогоор саналын эрхтэй оролцоно.

14.1.6. Аймаг, хотын салбар холбоодын хурлыг тухайн аймаг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж хуралдуулна. Хурлаар салбар холбоодын тэргүүлэгчдийг сонгоно. Холбооны хурлыг хурлын тэргүүлэгчид зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн хурлын тэргүүлэгчдийн санаачилгаар ээлжит бус хурлыг хуралдуулж болно.

14.1.7. Аймаг, хотын салбар холбоодын хуралдаанд гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

14.1.8. Аймаг, хотын салбар холбоодын хуралдаан дараахь асуудлыг шийдвэрлэх эрхтэй:

14.1.9. Холбооны төлөөлөгчдийг сонгох;

14.1.10. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар өөрийн саналыг боловсруулж Холбооны төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх;

14.1.11. Холбооны төлөөлөгчдийн хурлаас салбар холбоодоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг хэлэлцэж санал явуулах.

14.1.12. Холбооны төлөөлөгчдийн анхдугаар хурлыг Монгол Улсын Их Хурал зохион байгуулж явуулах бөгөөд цаашид Корпорацийн Удирдах зөвлөл зохион байгуулна.

14.1.13. Корпорацийн Удирдах зөвлөл Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлыг хугацаанд нь хуралдуулаагүй тохиолдолд уг зөвлөлийг шууд татан буугдсанаар тооцож дараагийн хурлыг холбооны төлөөлөгчид 7 хоногийн дотор зарлан хуралдуулж шинэ Удирдах зөвлөлийг сонгон ажиллуулна.

14.1.14. Корпорацийн гүйцэтгэх захиралын санаачлагаар шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

14.1.15. Холбооны төлөөлөгчдийн хуралдаан жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Холбооны төлөөлөгчдийн хурал дараах асуудлыг шийдвэрлэнэ:

14.1.15.1. Холбооны дараагийн хурлын хугацаа, хэлэлцэх асуудлыг тогтооно

14.1.15.2. Удирдах зөвлөлийн зарим гишүүдийн хийх ажил, гүйцэтгэх үүргийг тогтоох

14.1.15.3. Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг томилох, чөлөөлөх

14.1.15.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох;

14.1.15.5. Корпорацийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэн санал өгөх;

14.1.15.6. Корпорацийн жилийн тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх;

14.1.15.7. Корпорацийн удирдлагын бүтэц, дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах;

14.1.15.8. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлууд.

14.1.15.9. Корпораци нь шаардлагатай тохиолдолд Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр Компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн байгуулагдаж, татан буугдана.
14.1.15.10. Корпорацийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан төр, засаг, олон улсын болон бусад зүтгэлтэн иргэдийг шагнаж урамшуулах


14.2. Удирдах зөвлөл

14.2.1. Корпорацийн байнгын удирдлагыг хэрэгжүүлэх байгууллага нь Удирдах зөвлөл байна.

14.2.2. Удирдах зөвлөл 27 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүнийг Хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас сонгоно. Удирдах зөвлөлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг, хариуцах ажлыг хугацаатайгаар төлөвлөж Хяналтын зөвлөлөөр зөвшөөрүүлсний үндсэн дээр Корпорацийн алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар хүн нэг бүр дээр хэлэлцүүлж батлан ажиллуулна.

14.2.3. Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

14.2.4. Удирдах зөвлөлийн бvрэлдэхvvнд улс төрийн болон төрийн жинхэнэ албаны ажилтан, нам, хөдөлгөөний удирдах албан тушаалтнууд орж vл болно.

14.2.5. Удирдах зөвлөлийн даргыг гишүүд дундаасаа нууц санал хураалт явуулах замаар гишvvдийн олонхийн саналаар сонгоно.

14.2.6. Удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:

14.2.6.1. Тухайн ажлыг хариуцах мэрэгжил, боловсрол, ажлын дадлага туршлагатай байна

14.2.6.2. Татварын болон бусад хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөргүй байх;

14.2.6.3. Ял шийтгэлгүй байх;

14.2.6.4. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь корпорацийг удирдахад харшлахгүй байх.

14.2.7. Удирдах зөвлөлийн дарга, гишvvн нас барах, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох, өөр ажилд томилогдох, хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчих болон бусад тохиолдолд Хяналтын зөвлөлийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө эгvvлэн татах саналыг холбооны хуралд гаргаж ажлын 14 хоногт шийдвэрлүүлнэ.

14.2.8. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.8.1. Хувьцаа эзэмшигчдийн холбооны болон холбооны төлөөлөгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

14.2.8.2. Хувьцаа эзэмшигчдийн холбооны төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй гишүүдийг тодорхойлох бүртгэлийн өдөр болон холбооны төлөөлөгчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;

14.2.8.3. Шинээр хувьцаа гаргах, хувьцааг энэ хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох;

14.2.8.4. Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;

14.2.8.5. Корпорацийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл тэдгээрт олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;

14.2.8.6. Корпорацийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах;

14.2.8.7. Ногдол ашгийн хэмжээ болон түүнийг төлөх журмыг тодорхойлох;

14.2.8.8. Дотоод хяналтын алба байгуулах

14.2.8.9. Удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах;

14.2.8.10. Корпорацийн салбар болон төлөөлөгчийн газрыг байгуулах

14.2.8.11. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөн явуулах;

14.2.8.12. Компанийн тухай хуулийн 11, 12 дугаар бүлэгт тодорхойлсон их хэмжээний хэлцэл болон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;

14.2.8.13. Энэ хууль болон корпорацийн дүрмээр тогтоосон бусад асуудлууд.

15. Гүйцэтгэх удирдлага

15.1. Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг багаар эсвэл дангаар хэрэгжүүлнэ.

15.2. Гүйцэтгэх захирал, түүний багийг Удирдах зөвлөлөөс олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах замаар тодруулж хяналтын зөвлөлийн зөвшөөрөлийг авсны үндсэн дээр холбооны хурлаар хэлэлцүүлж томилно. Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас боловсруулсан төслөөр нийт алтан хувьцаа эзэмшигчид хэлэлцэн саналаа ирүүлсний үндсэн дээр уг холбооны хурлаар хэлэлцэн баталж мөрдөнө

15.3. Гүйцэтгэх Захирал Удирдах зөвлөлтэй гэрээ байгуулж ажиллана. Гэрээний төсөл нь Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар дэмжигдсэний үндсэн дээр Удирдах зөвлөлд Гүйцэтгэх захирал, түүний багтай гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдоно. Гэрээний төсөл дэмжигдээгүй тохиолдолд дараагийн Гүйцэтгэх захиралыг сонгон шалгаруулах уралдааныг Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна. Дахин сонгон шалгаруулалтаар тодорсон Гүйцэтгэх захирал, түүний багийн гэрээний төсөл Алтан хувьцаа эзэмшигчдийн хурлаар дэмжигдсэн тохиолдолд өмнөх Удирдах зөвлөл татан буугдаж шинэ Удирдах зөвлөлийг сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж явуулсан ажлын хэсгээс томилон ажиллуулна.

15.4. Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг Гүйцэтгэх удирдлага хангуулна.

15.5. Гүйцэтгэх удирдлага дор дурьдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

15.5.1. Удирдах зөвлөлтэй байгуулсан, тухайн жилд корпорацийн үр ашгийн талаар төлөвлөсөн үзүүлэлтийг ханган биелүүлнэ;

15.5.2. Улсын Их Хурал, Засгийн газар, бусад улс, Олон улсын болон бизнесийн байгууллагуудтай Монгол улсын ба бусад улсын нутаг дэвсгэр дээр орших ашигт малтмалын хайгуул, ордыг дангаар ба хамтран ашиглах төсөл, хөтөлбөрүүдийн судалгаа, тооцоо, ТЭЗҮ, хууль эрх зүйн орчны болон удирдлага, хөрөнгө оруулалт, менежмент, маркетингийн төлөвлөгөө, боловсруулалтыг хийх, хэрэгжүүлэх, хугацаанд нь зарцуулсан хөрөнгийн хамт тайлагнах

15.5.3. Стратегийн ач холбогдолтой орд газруудын хайгуул, судалгаа, ашиглалт, нөөц тогтоолт хийх, хийлгэх талаар Улсын Их Хурлаас зөвшөөрөл авах

15.5.4. Ашигт малтмалын ордоор барьцаалан арилжааны хувьцаа гаргах зөвшөөрөлийг Улсын Их Хурлаас авах

15.5.5. Корпорацийн ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, ажил, амьдралд нь туслах хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна;

15.5.6. Ажлын явц, хэтийн төлөв, бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаар санал боловсруулж Удирдах зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэх;

15.5.7. Ноогдол ашиг хуваарилах санал боловсруулах

15.5.8. Энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана;

15.5.9. Төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;

15.5.10. Тогтоосон журмын дагуу Корпорацийн нэр дээр банкинд харилцах данс нээх;

15.5.11. Корпорацийг төлөөлж бусад байгууллагатай харилцах, хэлцэл хийх, гэрээ байгуулах;

15.5.12. Корпорацийн цалингийн сан, зардлын төсвийг үндэслэн мэргэжилтэн, удирдах ажилтны тооны харьцааг баримтлан, албан тушаалтны цалинг тогтоож батлах;




16. дугаар зүйл. Үйл ажиллагааны хяналт

16.1. Корпорацийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг Хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ. Хяналтын зөвлөлийн гишүүдийг Холбооны төлөөлөгчдийн хурал томилно. Хяналтын зөвлөл Холбооны төлөөлөгчдийн хуралд ажлаа тайлагнана.

16.2. Хяналтын зөвлөл 9 гишүүнтэй байна. Гишүүнийг 6 жилийн хугацаагаар Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаас томилно.

16.3. Хяналтын зөвлөлийн эрх үүрэг, үйл ажиллагаа явуулах журмыг Корпорацийн дүрмээр тогтооно.

16.4. Корпорацийн санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийх зорилгоор гэрээний үндсэн дээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитыг жил бүр Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлын шийдвэрээр хийлгэнэ.

16.5. Дотоод аудиторыг Хяналтын зөвлөл сонгож, түүнтэй гэрээ байгуулан ажиллуулна. Хөндлөнгийн аудитын шалгалтаар корпорацийн үйл ажиллагаанд гарсан зөрчлийг дотоод аудит хийсэн байгууллага давхар хариуцан гарсан хохиролын 20%-ыг төлнө.

17. дугаар зүйл. Корпорацийн дүрэм

17.1. Корпорацийн дүрмийг Хувьцаа эзэмшигчдийн холбооны төлөөлөгчдийн хурал батална.

17.2. Дүрэмд дараахь зүйлийг тусгасан байна. Үүнд:

17.2.1. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны төлөөлөгчдийн хурал, Удирдах зөвлөлийн хуралдааны дэг, шийдвэр хүчин төгөлдөр болох нөхцөл;

17.2.2. Ногдол ашиг хуваарилах нөхцөл, хугацаа;

17.2.3. Корпорацийн зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хэлтэс, албадуудын чиг үүрэг, охин компаниуд тэдгээрийн мэрэгшил, ажлын хуваарь, төсөл хөтөлбөр ба тэдгээрийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам

17.2.4. Хяналтын зөвлөлийн эрх, үүрэг, үйл ажиллагааны журам;

17.2.5. Дотоод хяналтын бүтэц зохион байгуулалт;

17.2.6. Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргүүлэх асуудал;

17.2.7. Тайлан гаргах хэлбэр, хугацаа, давтамж;

17.2.8. Корпорац, түүний ажилтны нэр хүндийг хамгаалах, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон асуудал, ажилтныг сонгон шалгаруулах ажилд томилох, халах журам.


18. дугаар зүйл. Корпорацийг улсын бүртгэлд бүртгүүлэх нь

18.1. Алтан хувьцаа эзэмшигчдийн холбооны хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, тэрхүү зөвлөлийн анхны хуралдааны шийдвэрээр 30 хоногийн дотор Удирдах зөвлөлийн дарга хариуцан Корпорацийг Монгол улсын Компанийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

19. дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох нөхцөлүүд

19.1. Энэхүү хуулийг Монгол улсын Улсын Их Хурлын 2009 оны ....дугаар сарын ....-ний өдрийн хуралдаанаар баталж хүчин төгөлдөр болгов.

19.2. Энэ хуулийг 2009 оны ... дугаар сарын ... -ны өдрийн Улаанбаатарын цагаар ...цагаас эхлэн нийтээр дагаж мөрдөнө.

19.3. Олон улсын болон дотоодын бүх харилцаанд энэ хуулийн монгол хэл дээрх эхийг хууль, бусад хэл дээрх орчуулгыг хуулбар хэмээн хэрэглэхээр тогтоов.

19.4. Энэ хууль батлагдан гарсантай холбогдуулан 2006 оны...дугаар сарын ...-ний өдөр батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийг 2008 оны ....дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай

19.5. Энэ хууль батлагдан гарсантай холбогдуулан 2008 оны...дугаар сарын ...-ний өдөр батлагдсан “Гэнэтийн ашгийн татварын тухай” хуулийг 2008 оны ....дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.





МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ







Related Posts by Categories



5 коммент.:

Jamts Dash комментирует...

Îâîî äîî

Ganzorig V. Han Ho'hii комментирует...

Сайн байна уу,
Миний блогоор зочилж санал сэтгэгдэлээ чөлөөтэй илэрхийлсэнд баярлалаа. Таны үеийн хүмүүсийн зовлон, жаргалыг би ойлгож явдгаас гадна залуус бидний эрих үе ирсэн гэдэгтэй ч санал нэг байгаа. Ямар ч байсан бидний хэсэг залуус өндөр цалин, байнгын хангамжаас татгалзан бүх эрсдлээ өөрсдөө үүрэн Монголд хөгжих ёстой бизнесүүдийг хөгжүүлэхээр зүтгэж буй.
Энэ хуулийн төслийг гүйлгэж харлаа. Гэхдээ би ерөнхий концепцтэй санал нийлэхгүй байна. Учир нь алтан хувьцаа, жил болгон ногдол ашиг хуваарилна, зүгээр явж байгаа, ямар ч оролцоогүй, энэ төсөлд нь ямар ч үүрэггүй, эрсдэл хүлээж шийдвэр гаргаагүй хүмүүст хувьцаа, мөнгө төгрөг өгнө гэдэг нь угаасаа бизнесийн хувьд боломжгүй. Борлуулалт, эрсдэл дээрээ хувь нийлүүлэгч жирийн ард түмэн ямар оролцоотой байх юм? Ихэвчлэн авах юмаа л хуульчлахаар зүтгэсэн бололтой, эргээд win win зарчмаар нөгөө талдаа ямар ашигтай байх нь жаахан бүрхэг байна. Яг энэ зарчмаар ажиллах, хөрөнгө оруулах бизнесменүүд нэг их олдохгүй байх гэж тааж байна. Буяны байгууллага л биш бол. Ялангуяа 4,3-р заалтыг бүр ч ойлгосонгүй. Өмчлөл, эрх үүрэг хэний талд гэж хэлэх гээд байсан бэ? Ард түмний төлөөлөл гэдэг үгний гаргалгаа нь юу бэ, яаж сонгогдох юм гэх мэт зүйлсийг илүү тодорхой болгох хэрэгтэй юм шиг санагдлаа. Мөн зарим нэг үг үсгийн алдаанууд мэр сэр байгааг засна биз ээ.

Jamts Dash комментирует...

Сайн уу? Ганкориг оо. Хуулийн төслийг маань уншсанд түмэнтэй баярлалаа. Таны хувьд энэ хуулийн төсөлд дурьдсан эрх зүйн ерийн хэдхэн ойлголтон дээр гацаж байгааг нь мэдэрлээ. Өмч, өмчийн эзэн, бизнесийн явцад хувьцааны багцаар дамжиж өмч шилжих процесс зэргийг сайн судлалдаа. Сэтгэлийн хөдлөлөөрөө шууд битгий хандал даа. Газар өмч мөн үү мөн. Монголын газар өмч мөн үү? Эсвэл монголынх болохоор өмч биш үү? Би 100% өмч мөн гэж үздэг учраас түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар хууль хийх гэж оролдоод байна шүү дээ. Чиний хашаанд ТҮЦ барихад л чи газрын төлбөр нэхэхээ мэднэ биз дээ. Монголын газрыг өмчлөгч нь хэн байвал оновчтой гэж та хүүхэддээ хэлж зааж сургаж хүн болгох вэ? Хэн нэгэн Жон уу, Бан овогт уу? Монголын ард түмэн мөн биз дээ. Тэгвэл Монголын ард түмэн өөрийн өмчлөгчийн эрхээ эдэлж 51%-иас дээш багцаа эргэлтэнд оруулалгүй хадгалж, 49 хүртэлх хувьд нь эрсдэл хүлээн бизнес эргэлтэнд оруулъя гэж тооцон хууль хийж байна. Өмчийн эзнийг бизнесийн оролцогч биш гэж хэлээд байгааг чинь харин би ойлгохгүй байна. Эсвэл ард түмэн бизнесийн өмчийн өмчлөгч субъект болж чадахгүй юу? Та нарын үзсэн номын хаана нь тэгэж бичээд байна аа. Чилийн ард түмэн яг энэ ойлголтыг мэдэрсэн, хийж чадсан учраас энэ хямралын үед хямраагүй ганц од нь болж байгааг мэдэхгүй байгаа юм уу? Bloomberg-ийг үзэл дээ. Бас хөрөнгө оруулагч, бизнесмен хоёр маш тусдаа субъектууд гэдгийг мэдэр. Бизнесменүүд хөрөнгө оруулдаг юм бол тэд үнэт цаас гаргаж тэрнийхээ ханш нь хэрхэн хэлбэлзэхийг харж зүрх нь зогсчих гэх хэрэг юу билээ? Өөрсдийн хөрөнгөөрөө бизнесээ хийгээд явж байвал барав. Өчнөөн тайлан гаргаж хөндлөнгийн аудитаар баталгаажуулах гэж хөрөнгө зарахгүй амар л байна биз дээ. Гэвч амьдрал тийм бус. Үйлдвэрлэгчид өөрсдийн хөрөнгөөр ихэвчлэн тоглодоггүй юм. Тэд биржээс босгосон хөрөнгөөрөө л оюун ухаанаа зарж бизнес хийдэг дээ. Win win зарчмыг мэдэж байгаа нь сайн хэрэг. Монголын ард түмэн нэг Win нь байх ёстой гэдгийг ойлгоход тийм хүнд байна уу? Яг одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол "No win" нь болчихоод байна даа найз минь. Арай ч дээ ийм зүйлийг ойлгохгүй энгийн эрх зүйн хичээлийг интернетээр заалгаж ч байх гэж дээ. Чи ч бас Монгол хүнийхээ хувьд Win байхыг хүсэхгүй байна гэж үү дээ? Ард түмний төлөөлөл гэдэг ойлголт бас л амьдрал дээр хөгжсөн бараг бүх орнуудад байгаа зүйл. Давхар танхимтай парламентийн нэг танхим нь хуулиа боловсруулж нөгөө танхим нь түүнийх нь хэрэгжилтийг төлөөлөлийн ардчилалаараа дамжуулан хянаж байдаг юм. Тийм газар авилгал бараг байдаггүй гэдгийг мэдэх үү?

Gantulga комментирует...

Сонирхолтой санаанууд байна.

Gantulga комментирует...

Сонирхолтой л, бодууштай санаанууд байна.

Ulaanbaatar time

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP