- Агуулгын шошго

Xөрөнгийн зах зээл

Цахим Өртөө
Цахим Өртөө
2009/02/19, Пүрэв - 20:47

В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com
Сүүлийн үед энэхүү нэр томъёог бараг толгойтой бүхэн моод юм шиг ярьж хэрэглэж байна. Ачир дээрээ яг нарийн гүнзгий мэдлэгтэй эрдэнэт хүмүүн тун чиг цөөхөн юм билээ. Хөрөнгийн зах зээл гэж ер нь юу юм бэ? Яагаад заавал Монголд хөгжих ёстой юм, одоо байгаа хөрөнгийн бирж нь яагаад нэр хүндгүй, олигтой ажиллахгүй байгаа юм гэдэг талаас нь зарим нэг мэргэжилтэнүүдтэй уулзсаны хүрээнд анхан шатны мэдэгдэхүүнээ та бүхэнтэй хуваалцъя юу хэмээх сэтгэлээ.
Өрх гэрээр авч үзвэл аав, ээж нь орлогоо олж гэр бүлээ тэжээн авч явдагтай адил улс орны нийт санхүүгийн зах зээлийн хувьд аав нь хөрөнгийн зах зээл буюу биржүүд, ээж нь мөнгөний зах зээл буюу банкууд байх учиртай юм шиг байгаа юм барууны стандартуудыг хараад байхад. Монголын одоо байгаа байдлыг зүйрлэн хэлбэл өрх толгойлсон, нэг их олон хүүхэдтэй хөөрхий ижийн зураг харагдаж байгаа биз? Өөрөөр хэлбэл арилжааны банкны систем тогтвортой болсон, эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж “Эхийн эрхт ёсон” тогтсон байгаагаас гадна бараг бүхий л бизнесүүд болон хувьд хүний амьдрал арилжааны банкуудаас шууд хараат болсон нь дэлхий даяар үргэлжилж буй алдарт хямралаар батлагдаж буй. Бензинийн үнэ өссөөн миний хүү гээд гэрийнхээ гаднаа зардаг сүүний үнээ нэмсэн эмээ, цементийн үнэ өссөөн хөө гээд аль 1980 онд баригдсан хуучин байрныхаа үнийг өсгөсөн хижээл насны залуу нарын энэхүү үнийн хөөрөгдлийг өндөр хөгжилтэй орнуудын товаарийн бирж, санхүүгийн хэрэгслүүдийн зарим нэг төрлүүд болох үүсмэл үнэт цаас зэргээр элбэгхээн зохицуулдаг юм билээ бусад улс оронд. Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн зах зээл дээрээс босгож олж буй эх үүсвэрийн дөнгөж 5 хүрэхгүй хувь л хөрөнгийн зах зээл дээрээс олдож үлдэж буй 95 гаруй хувь нь арилжааны банкуудыг дулдуйдан амьдарч байна. Нэг юмнаас хэт их хамааралтай байхын сөрөг талыг өнгөрсөн оны хавраас эхэлсэн банкуудын эх үүсвэрийн хомсдол, зээлийн хязгаарлалт, зээлийн хүүгийн өсөлт, валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт зэргээс та бүхэн бүгд яс махаараа мэдэрсэн буй заа. Дахин онцлоход, өнөөгийн нөхцөл байдалд зангарагтай, түшигтэй “аав”-ын үүрэг роль манай эдийн засаг, санхүүгийн зах зээлд үгүйлэгдэж буй гэж дүгнэгдэж байна.
Одоогийн хөрөнгийн биржийн ард иргэдийн дунд буй нэр хүнд, үйл ажиллагааны процедур, нууцлал, аюулгүй байдал зэргийг харахад “хойд эцэг” шиг жаахан жул харагдаад байдаг. Хүн муулж байгаа юм биш шүү, Содхүү гуайн хамаатан, садан, найз нар нь уншиж буй бол уучлаарай, гэхдээ нэгэн зүйл хэлэхэд Хөрөнгийн биржийн захирал Содхүү гуай нэг сарын өмнө Ийгл телевиз-д өгч байсан шууд ярилцлагадаа Америкийн “Жоу Донс” бирж гээд л “тууж” байна билээ. Уул нь миний хальт сонссоноор Доу Жонс (Dow Jones) гэдэг санаж байна. Угаасаа Монголд хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан мэргэшсэн боловсон хүчин, өндөр зэрэглэлийн мэргэжилтэнгүүд хаа хаанаа байхгүй байгаа нь нууц биш юмаа. Харин дутуу мэддэг юмаа ашиглан, эсвэл цуу яриа тараах замаар санхүүгийн луйвар хийдэг нөхдүүд нижгээд байдаг бололтой. Гэсэн хэдий ч улс орны хөгжлийг даган энэхүү салбар маань хүссэн хүсээгүй өсөн өндийж буйг дурдах ёстой.
2008 оны 12 сарын Монгол банкны Статистик мэдээгээр бол ажлын өдөр болгон 376 хувьцаат компанийн дөнгөж 50 компанийн үнэт цаасны арилжаа их, бага хэмжээгээр буюу сарын дундаж нь 740 сая төгрөг, өдрийн дундаж нь 37 сая төгрөг байжээ. Энэ нь 2008 оны оргил үе болох 5-р сарын 25,7 тэрбум төгрөгтэй харьцуулахад хэрхэн “хямарсан” нь ойлгогдох буй заа. Энэхүү дүнд Анодын 20 орчим тэрбум төгрөгийн арилжаа нь шууд нөлөөлсөн нь дамжиггүй. Нийт бүртгэлтэй үнэт цаасны тоо 2,9 тэрбум ширхэгт хүрч зах зээлийн үнэлгээ нь оны эцсээр 515 тэрбум (407 сая ам.доллар) төгрөгт хүрээд байгаа нь нэг бодлын том тоо юм биш мөртлөө зах зээлийн боломжтой нь харьцуулан том зургаар харахад үнэхээр чамлалттай тоо юм. 2007 оны 12-р сарын сүүлээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буюу market capitalization нь 726 тэрбум төгрөгт хүрч рекорд тогтоож байлаа. Түүнчлэн ТОП 20 индекс буюу арилжаалагдсан хувьцааны тоо, зах зээлийн үнийн нийлбэрээр үнэлэгдсэн топ 20 аж ахуйн нэгжийн нэгж хувьцааны үнэ 1998 оны 12-р сард 200 гаруй төгрөг байсан бол 2008 оны 12-р сард 5700 төгрөгт хүрээд байгааг дурдах нь зүйтэй байна. Уул нь ТОП 20 индексийг тодорхойлохдоо инфляцийг тодорхойлдог өргөн хэрэглээний барааны сагс шиг аргачлал хэрэглэх ёстой боловч яг одоогийн манай зарчим хувьцаат компаниудын бизнесийн төрөл бүрийн чиглэлийг хараахан тооцож оруулдаггүй гэж ойлгосон. Тэгэхээр энэ нь хир бодитой индекс вэ, энэхүү тоог ашиглаад хөрөнгө оруулагч нар шийдвэр гаргавал хир эрсдэлтэй вэ гэдэг том асуултын тэмдэг гарч ирж байна.
Одоогийн хөрөнгийн биржийн үйл ажиллагааны процедур нь нилээд олон шат дамжлагатай, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын хувьд олон улсын стандарт шаардлагыг хангаж чадахааргүй байна гэж надад ойлгогдсон. Жишээ нь; хувьцаа, бонд гэсэн бараг хоёрхон төрлийн л бүтээгдэхүүнтэй 18 жилийн турш “зууралдаж” буй байдал, хөрөнгө оруулагч буюу ямар нэгэн хувьцаа, үнэт цаасны багцуудыг худалдан авсан этгээд өөрт байгаа хувьцааны мэдээллээ шууд цахим хэлбэрээр харж, тогтмол хянах ямар ч боломжгүй, хувьцаа зарсан этгээд нь мөнгөө олж авах гэж хэдэн давхар шат дамжлага дамждаг, арилжаа хийхийн тулд заавал биеэрээ хөрөнгийн бирж буюу брокер, дилерийн компани дээрээ цаг, заваа хумслан очих хэрэгтэй болдог, компаниудын нийтэд гаргасан хувьцаа нь тэр болгон амжилттай зарагддаггүй, үхмэл буюу хөрвөх чадвар сул хөрөнгө болж буй байдал, арилжааны банкуудын сул буюу хязгаарлагдмал оролцоо, дэндүү идэвхгүй байдал, мэдээллийн хэт их төвлөрөл болон эрсдэл, мэдээлэл болон вирус флашаар хоорондоо зөөлцөж харилцаж буй байдал нь санаатай болон санамсаргүй алдаа гаргахгүй байхын үндэсгүйгээс гадна зах зээлд оролцогчид болох зарим нэгэн этгээдүүдийн этик болон “insider” мэдээлэл буюу дотоод мэдээлэл ашиглан зүй бусаар, шударга бус тоглолт хийх, бусдыг залилах, луйвардах боломж нээлттэй зэрэг нилээд проблемууд баймой. Арилжааны 16 банк байсаар байтал Зоос, Голомт гэсэн хоёрхон банк дээр биржийн арилжаанд оролцож буй бүхий л этгээдүүдийн мөнгөн хөрөнгө төвлөрч буй нь бас их “сонин”. Зээл, хадгаламжаараа өрсөлдөж “үхэлдэж” буй банкуудыг яагаад энэхүү хагас тэрбум ам.доллар эргэлдэж буй хөрөнгийн зах зээлийн дансууд байршуулах дээр “алалдуулж” болохгүй байгааг, энэ боломжийг банкууд харахыг хүсэхгүй байгааг гайхаж л суунам. Магадгүй эдгээр проблемууд нь энэ түвшиний асуудал хэт их улстөржсөн, дээрээс нь төрийн мэдлийн байгууллага болохоор тохиолдох “нигууртай”, үүрвэл “зохилтой” зовлон бэрхшээлүүд юм уу даа гэж мөхөс мань мэтэд ойлгогдож байнам.
Хөрөнгийн биржээр дамжин хөрөнгө босгох, эргэлтийн мөнгө олж авах компаниудын өөрсдийнх нь идэвх, ил тод байдал, бизнесийн холч ухаан, итгэл үнэмшил нь цэвэр ус мэт чухал. Харин түүнийг нь ойлгож, судалж, итгэж худалдаж авч буй хөрөнгө оруулагч нарын мэдлэг боловсрол, шударга тоглолт, идэвхтэй байдал нь цэнгэг агаар мэт хэрэгтэйг энд хэлэх нь илүүц буй заа. Мөнгөө халааснаасаа гаргаад хувьцаа авч буй хүн нэг бол хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олно, эсвэл ногдол ашиг авна гэсэн хоёр л зорилготой орох тул тэрнийхээ төлөө л тухайн компанийн гүйцэтгэх удирдлагыг шаардан ажиллуулах, хувь нийлүүлэгч нарын хуралд нь идэвхтэй оролцох зэргээр оруулсан хөрөнгийнхөө үр шимийг хүртэх бөлгөө.
Арилжааны банкуудын бараг ихэнх удирдлага хөрөнгийн зах зээл буюу биржийг мөнгөний зах зээл буюу арилжааны банкуудын өрсөлдөгч гэж харан, эсрэг тактик боловсруулан ажиллахыг хичээдэг нь нууц биш. Ийм ойлголттой хүмүүс нийт 2,6 триллион (2632 тэрбум буюу 2,6 их наяд) төгрөгийн зээлийн багц, иргэд, аж ахуйн нэгжүүдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу 601 тэрбум төгрөг бүхий харилцах дансны үлдэгдэл, 427 тэрбум төгрөгийн хугацаагүй хадгаламж, 907 тэрбум төгрөгийн хугацаатай хадгаламж, нийт 1,9 триллион (1935 тэрбум буюу 1,9 их наяд) төгрөгийг “харамлахгүй” байхын аргагүй юм (2008 оны 12-р сарын 31-ний байдлаарх банкуудын нэгдсэн мэдээгээр). Гэвч үнэндээ аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авахаасаа илүү хөрөнгийн бирж дээр хувьцаа, бонд гарган мөнгө босголоо ч гэсэн энэхүү мөнгө нь аль нэгэн арилжааны банкаар (одоогийн нөхцөлд Голомт эсвэл Зоос банк) дамжиж л таарна. Тэдгээр компаниуд гудсан дороо хадгалахгүй нь мэдээж. Эсрэгээрээ иргэд, аж ахуйн нэгжүүд илүүдэл хөрөнгөө банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулахаасаа илүү өндөр өгөөж харан хувьцаа, бонд хөрөнгийн зах зээлээс худалдан авлаа ч гэсэн тэрхүү мөнгө нь аль нэгэн аж ахуйн нэгжийн аль нэгэн “азтай” банкин дээр байгаа харилцах эсвэл хугацаагүй хадгаламжийн дансанд нь л орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл өрөөсөн халааснаасаа “хэлтэрсэн” чихрээ аваад нөгөө халаасандаа хийж байна гэсэн үг. Харин ч энэ тохиолдолд арилжааны банкууд хямд өртөгтэй эх үүсвэр цуглуулах илүү сайхан боломжтой болж байгаагаас гадна банкны системийн нийт бэлэн бус төлбөр тооцооны эргэлтийг эрс өсгөх бус уу?
Эдгээр сайхан сайхан боломжууд нь зөвхөн мөсөн уулын орой бөгөөд сонгодог утгаараа хөрөнгийн бирж хөгжөөд, нийтээрээ хэрэглээд заншвал бид тун удахгүй дэлхийн топ биржүүд болох Насдак, Евронэкст, Токио, Нью-Йорк, Лондон, Шанхай, Шинжэн, Хонг Конг, Өмнөд Солонгос, Сингапурийн хөрөнгийн биржүүдтэй ижил түвшинд биш юмаа гэхэд ижил стандартад хүрэх цаг ойрхон байнам.


RUNNING ON EMPTY

Saturday, 26 September 2009

“Harvard International Review” сэтгүүлийн 2009 оны 9-р сарын дугаарт “Running on empty; Mongolia’s economic crash” гэсэн гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Aaron Mattis бичсэн байна. Гарчигнаас нь авахуулаад бүхий л хэлсэн санаа, баримт нь үнэхээр анхаарал татмаар бичигджээ. Гол санаа нь Монгол Улсын гадаад өр эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд саяхан ОУВС-с авахаар болсон 229,2 сая ам.долларыг оролцуулбал улсын маань нийт өр 1 тэрбум ам.долларт дөхөж буйг дурдсан байна. ОУВС ийнхүү тусалж буйн шалтгааныг санхүүгийн хямралд нэрвэгдэн өндөр инфляци, төсвийн алдагдалд орж түүнийгээ нөхөхийн тулд өр зээлэнд баригдаад байгаа Монгол Улсын хөрвөх чадварыг түр хугацаанд дэмжиж хамгийн гол нь уул уурхайн салбараас ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг гадаад өр, зээлээ, түүн дотор ОУВС өөрийн өгсөн мөнгөө найдвартай буцааж авах том баталгаа гэж харж буй аж.

Ноолуур болон эрдэс бодисын дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс үүдэлтэй орлогыг ухаалаг зарцуулж чадаагүй “шоу”-даад үрсэнийг “Ноолуураа зарж гэнэт их мөнгө олж гэртээ агааржуулагч авсан малчин нь одоо агааржуулагчийнхаа лизингийг төлж барахгүй төдийгүй банкнаас нэмж зээл авч чадахгүй байна” гэсэн жишээгээр тайлбарласан байх аж. Гэсэн хэдий ч алдарт Оюу толгойн орд нь Монголын ДНБ-ийг гурав дахин нэмэгдүүлэх боломжтойг бататгаад зогсоогүй Таван толгойн нүүрсний ордыг мөн онцгойлон дурджээ.

Сонирхолтой нь одоогийн ерөнхийлөгчийн талаар “Elbegdorj has a long track record of populist rhetoric and well-documented suspicions of foreign businesses, both of which unnerve analysts and investors who wish to see the Oyu Tolgoi mining project and other deals approved as quickly as possible” гэсэн дүгнэлт хийсэн нь барууныханд хэрхэн ойлгогдож буйг хэлэхэд хэцүү юм. Хөдөө аж ахуй дээр суурилсан эдийн засгаас уул уурхай дээр суурилсан эдийн засаг руу шилжихэд тийм ч амархан байхгүйгээс гадна үр шимийг нь тэр дороо хүртэхгүйг анхааруулжээ. Монголчуудад хэлж буй гол мессежийг нь богино хугацаанд ДНБ-нээ эрс өсгөн азийн бар, арслан болохын гол аюул нь хэн ч таамаглаж чадахгүй үнийн уналт, санхүүгийн гэнэтийн хямрал байдаг. Иймээс ухаалаг хэрэглээ, хэмнэлттэй зарцуулалт байх ёстой шүү гэж би ойлгов.

“Running on empty” гэдэг нь англи хэлц үг агаад утга нь бензин нь дуусаад улаан гэрэл нь ассан машинаар явах гээд ухнатаад буйг зүйрлэсэн ёжлол аж.

Мөн түүнчлэн Business Monitor International-н 2009 оны 8-р сарын 31-нд гаргасан тайланд Монголын банкны сектор хүнд байдалд байгааг дурдаад энэхүү хүндрэлээс ойрын хугацаанд гарах хамгийн боломжит арга нь уул уурхайн салбар гэж тодотгосон байв. Алдарт уул уурхайн төслүүдийг даруй эхлүүлж чадвал 2010 оны дунд үеэс нь банкны салбар хэвийн байдал руугаа хэвийх хандлагатай болохыг дүгнэн бичжээ.

Машинаа таг зогсохоос нь өмнө та бид түлшний савандаа зээлээр ч болтугай түлш авч хийж хаазаа гишгэх цаг нь нэгэнт болжээ гэж дүгнэх байна. 

Алдарт Apple компанийг үүсгэн байгуулагч, Mac, iPhone зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдээр дэлхийг байлдан дагуулж буй Steve Jobs хэмээх энэхүү эрхмийн 2005 онд Stanford-ийн их сургууль дээр хэлсэн гурван түүхийн талаар та бүхэнтэй хуваалцмаар санагдав. Энэхүү эр их сургууль төгсөөгүйгээр барахгүй ундааны бөглөө цуглуулж өдрийн хоолны мөнгөө арай ядан олж явсан түүхтэй ч өдгөө хэрэв би сургуулийн мөр хөөж явсан бол өнөөдөр Мас компьютер энэ дэлхий дээр байхгүй байх байсан гэж бардам хэлж зогсоно.

Ер нь хэлэх гэж буй санаагаа хамгийн үр дүнтэй бусдад хүргэх арга бол болсон явдал, бодит түүх хэлбэрээр хүүрнэх гэж судлаачид үздэг юм билээ. Мань эр дараах гурван түүхийг дараах гурван гол санааг оюутнуудад хэлэхийн тулд хүүрнэсэн.

1.     Connecting with Dots. Тарчиг амьдралын эрхээр сургуулиа дундаас нь хаяж оюутны байранд найзынхаа өрөөний шалан дээр унтаж явахдаа мань эр нэгэнт сургуулиа хаяж байгаа юм чинь гээд заавал үзэх хичээлээ болиод (өөрийн зүрх сэтгэлээ сонгон эрх чөлөөтэй сонголт хийсэн) сонирхолтой хичээл сонгохоор шийдэн Каллиграфийн ангид орсон гэж байгаа юм. Чухам эндээс эхлэн одооний Apple, iPhone, Pixar-ийн гайхамшигтай загвар дизайн, анимэйшнийн гайхамшигүүд төрсөн ажээ. Энэхүү түүхээр хэлсэн гол санаа нь YOU HAVE TO SOMETHING TO TRUST буюу чи ямар нэгэн зүйлд итгэх ёстой. Тэр нь бурхан, өөрийн чинь хувь заяа ч юм уу юу байдаг юм падгүй. Чухам тэр чинь нь л чамайг хүсэл мөрөөдөлдөө хүрэх чинь замыг чинь заана. Амьдралын салаа замын уулзвар дээр ирэхэд чинь магадгүй зөв шийдвэр гаргахад чинь тусална.       
2.     Love and loss. Гараажиндаа Apple компанийн үүсгэн байгуулж байсан мань нэг л өдөр өөрийн гараар бий болгосон компаниасаа халагдсан гэж байгаа. Маш хүнд байдалд орж, юу хийхээ мэдэхгүй хэсэг явсаны эцэст өөрийнх нь үнэнхүү дуртай ажил бол яах аргагүй өмнө нь хийж байсан ажил юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ажилгүй байх хугацаандаа бүхнийг эргэцүүлэн бодсоны эцэст бүхнийг дахин шинээр эхлэхээр болж Next ба Pixar компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тун удалгүй Аpple компани Next компанийг худалдан авах санал тавьсанаар мань эр эргээд Apple компанид сенсаацтай ирсэн түүхтэй. Өдгөө Pixar дэлхийн хамгийн алдартай анимэйшн студио болсоныг та бүхэн харж байгаа. Энэхүү түүхээрээ мань эрийн хэлсэн гол санаа нь DO WHAT YOU LOVE буюу амьдрал чиний толгой руу тоосгоор хайр найргүй цохих үе зөндөө гарна. Энэ үед эхний түүх дээр хэлсэн шиг өөрийн итгэл, үнэмшилээ алдаж, орхиж болохгүй. Тийм учраас амжилтанд хүрэхийн тулд дуртай юмаа олж хий. Дуртай зүйлээ олоогүй бол олтлоо хай. KEEP LOOKING.  
3.     Death. Мань өглөө босоод толины өмнө өнөөдөр чиний энэ дэлхийд байх сүүлчийн өдөр байсан бол чи юу хийх вэ гэж өөрийгөө хурцалдаг аж. Харамсалтай нь мань эр эдгэшгүй өвчин буюу хорт хавдартай хэмээн оношлогдож үхлээ цаг, минут тоолон хүлээж суусан түүхтэй. Азаар эмч нар буруу онош тавьсан нь мэдэгдэж хоргүй хавдарыг нь мэс заслын аргаар авснаар та бид өнөөдөр iPhone хэрэглэж байгаа юм байна шүү. Энэхүү түүхээрээ хэлсэн гол санаа нь ямар хүн үхэхийг хүсддэггүй. Хэдий диваажинд бүх юм төгс төгөлдөр гэдэг ч диваажин руу явахын тулд одоо байгаа амьдралаа золин үхэх хүн байхгүй. Тиймээс цаг мөч бүрийг битгий дэмий үр, ямар нэгэн үзэл сурталд баригдан, хэн нэгнийг сохроор дагасан арчаагүй бууны нохой битгий бол гэж захиж байна. Энэхүү түүхийн гол мессэж нь STAY HUNGRY AND STAY FOOLISH.

Та бүхэн бүтэн бичлэгийг нь эндээс үзнэ үү.

Энэхүү эрхэмтэй төстэй ч гэх юм уу түүхтэй нэгэн Монгол залуугийн тухай мэдээлэл байдаг. Анхны эх сурвалжийг нь санахгүй байгаа тул хуулж авсан хэсгээ энд оруулав.

"Londongiin city-d odogoor TOP job-d 3 Mongol Ajilaj Baigaa. Mizuho grouped- Senior Dealer and Head of the Treasury Department- Ul*** baigaa... ... ... Edgeer zaluus Mongoliin money idej gadaadad amidarj baigagui, har ajil hiij baigagui. Uursdigaa surtachilj PR hiij baigagui. Gantshan Tolgoigoroo ajilaj odoo bugdingiinhan orlogon jildee hagas saya pound or euro shuu dee. Bonus oruulbal barag saya hureh baih shuu gehdee Ul*** last year bonusan 1.3 saya Pound bolson doo. City-d ajiladag Mongolchuudin TOP hundee.Tsaadah chin hoer jiliin umnu Erdenet ochij usuj tursun huuhdin asran humujuuleh gazartaa 120 myangan $ handivlasan yum bilee."




"Za yahav udaan bodsonii etsest Ul*** talaar bicheye gej bodloo. Yagaad gevel bi ter huuner unen baharhdag yum. Ul*** 39 jiliin umnu Uvurkhangai aimgiin hujirt sumand tursun yum bilee, 6 sartai baih dan aavan zudiin uer osgoj uhsen yum bilee tegeed eej taigee tsug 2 nastai baihdaa Erdenet hotod irsen yum. Haramsaltain 3 nastai baihadan eejen Erdenet uildvert aavaraas bolj burhan bolson yum. Baga nasaa ter chigeren huuhdin asran humujuleh gazart unguruj hentii aimgiin heliin zastavt 2 jil alba haasan gesen. Daraan erdenet uildvert mehanigchaar ajilaj baihdaa UB-d Yaponii tsasgiin gazriin tetgelegt shalgalt uguud tentsej Tokyo- hotod baih Waseda giin ikh surguild bank sankhuugin chegleler Bachelor hiisen yum daa. Waseda-d surj baihdaa money olohiin tuld nutag negt mongolchuudin adil aya ugaaj sonin taraaj amidarch baih uedee Yaponii top bank boloh Mizuho Corporate Bankind internship hiih bolomj oldson yum bilee tegeedl odoo Boltol mizuho grouped ajilaj bain daa. Mizuho grouped ajilaj baih daa Company haa zardlaar Anglid baih Aberdeen Universy-d MBA hiisen gesen daraan Tokyo-doo butsaj ireed Bankindaa ajilaj baihdan London-dah salbaryn Treasury Departmentiin udirdulahaar yavulsan yum bilee. tend ajilaj baihdaa odogiin Ehner *** (Japan Airlines ajiladag) tai taniltsaj gurvan jiliin daraan Kyoto-d hurimaa hiisen gesen. Ul***iin neg helsen yum tolgoinoos erosoo gardagui yum yuu gevel Erdenet ees UB-d Yaponii elchingiin shalgalt uguhiin tuld Nursnii vagon deer tulaichilj irsen yum bilee Harim odoo London-Tokyo hoorond Bankniihaa top managementei ga tsug private jet aar nisej baihav dee. Ingeed bodohleer hun eron tolgoigoo sain ajillulbal Mash hurdan amjiltand hurdeg yum bilee. Bas tsadah chin Gantsardahiin zovlong sain medne yuu gevel Waseda-g tugsuj baihdah hench bayar hurgeye gej baigagui, yamarch hamatan sadan baihgui, eej aav iren gej baihgui uneheer setgel uvdmuur yum bilee. Bas neg yum yuu gevel Waseda-d sur baihdaa mani nuhur Mongoliin Sangiin Yamand oroh gesen chin oruulagui yum bilee Bidnii tsoohon Mongolchuud iim shildeg bolson kadruuda ad uzej hahuuli ugsun idsen ulsuuda teeshen gargaj baidag unen haramsmaar. Nursnii vagond tulaichilj baisan hun odoo TOP bamkind top ajil hiij bain gej bodohoor unen baharhmaar baigaa bizdee. Yahav heden mongolchuud atarhaj bolno, muu helj bolno gehdee Banknii salbart ajildag bid nart Ul*** bol Mr. Hero yum ."


Аль аль түүх нь хүсэлт тэмүүлэл, тэрхүү хүсэл тэмүүлэлдээ хүрэх итгэл үнэмшил, тууштай байдал байгаад байна залуусаа. Ингэхэд та бүхэн бүгд өөрийн хүсэл тэмүүллээ тодорхойлж амжсан байгаа юу?

Wednesday, 4 November 2009


Viral marketing

Viral marketing хэмээх ойлголт байх аж. Хүргэж буй мессеж, мэдээлэл хүмүүсийн дунд вирус мэт тархана гэсэн утгатай юм уу даа барагцаалан орчуулбал. Ухаан нь дээр үеийн Монгол кинон дээр гардаг даа. Хүүхээ, тэнд эртүүд нэг тийм юм болж гэж улсууд цугаараа ярих юм. Аятайхан юм болсон дог шүү. Юу болсон юм бол, мэдээгүй биз айн?

Хүмүүсийн дунд ам дамжин яригдаж буй мэдээ, мэдээлэл бол яах аргагүй хамгийн хүчтэй зэвсэг юм. Компани болгоны маркетингийн менежер, захирлууд өөрсдийнхөө компанийг (мэдээж сайн талаараа) ийнхүү хүмүүсийн хооронд ам дамжин яригдаасай гэж мөрөөддөг. Энэхүү мөрөөдөл компанийн соёл, харилцагчид нартаа хүргэх үнэ цэнэтэй нийлэн компанийн эрхэм зорилгыг тодорхойлдог болов уу.

Дийлэнх Монгол компаниудын явуулж буй маркетингийн стратеги нь бид шилдэг, бид мундаг, бид цорын ганц гэсэн гол мессежийг баруун солгойгүй цацаж байгаа. Энэ мессеж хүмүүсийн чихэнд хүрч байгаа болохоос зүрхэнд нь хүрэхгүй байгаа гэж тааж байна. Хар ухаанаар бодоход Дорж эсвэл Дулмаа өөрийгөө би шилдэг нь шүү дээ, надаас өөр мундаг хүн энэ хавьд байхгүй дээ гээд чамтай уулзах болгондоо өөрийгөө магтаад байвал танд ямар сэтгэгдэл төрөх бол? Магадгүй хэдэн уулзалтын үеэр за шилдэгүүдийн нэг байж магадгүй гэж бодох боловч арван уулзалтын дараа ямар тэнэг залуу эсвэл хүүхэн бэ гэж хүмүүс дотроо эхэлж бодох өндөр магадлалтай. Ямар хүнийг сайн хүн, дажгүй хүн гэж та үнэлэх вэ? Хэлсэндээ хүрдэг, ажлаа чанартай хийдэг, түрэмгий биш энэ тэр гээд хэдэн гол үзүүлэлтүүд байх. Чухам тиймэрхүү хүмүүс л ам дамжин хүмүүсийн дунд яригдаж, барааг нь хараагүй хүн хүртэл тэр хүн их дажгүй хүн юм гэсэн хэмээн автоматаар эерэг төсөөлөлтэй болдог.

Яс юман дээр компанийн маркетинг чухамхүү ингэж явагдаж гэмээнэ бизнесийн салбарт тогтвортой ажиллаж, урт хугацаанд ашиг хийх ажгуу. Үүнийг л ухаан нь Viral marketing гээд байх шиг байгаа юм. Гэхдээ энэхүү үйл ажиллагаа нь энэ тос сайн тос, чи найзыгаа бодоод заавал авч нүүрэндээ түрх гэдэг сүлжээний бизнес биш. Хэдий тос зарж буй хүн тухайн тос, компанийг бусдад сурталчилж барааг нь зарж буй боловч зарсан барааны тоо, хувиар авч буй урамшуулал, бонустаа урамшин энэхүү ажлыг хийж буй. Үүгээрээ энэхүү Referral marketing нь Viral marketing-с ялгагдах аж.   

Сүүлийн үед зарим нэг компаниуд YouTube-ийг маркетингийн хэрэгсэлдээ өргөнөөр ашиглах болжээ. Үүний нэг гайхалтай жишээ нь BooneOakley хэмээх компани юм. Юу гэвэл уг компанийн вэбсайтаар ороход уламжлалт вэбсайт руу хандахгүй бөгөөд шууд YouTube дээр хийсэн компанийн танилцуулга руу орж байна. Энэ маркетингийн дараагийн түвшин мөн үү?

Сүүлийн үед компаниуд нийгмийн хариуцлага хэмээх их ярих болсон. Эдгээрийн дийлэнх нь үндсэн бизнес буюу бараа, үйлчилгээгээ чанартай үйлдвэрлэж, харилцагч нараа сэтгэл ханамжтай байлгаж чадаагүй, чадахгүй байгаа хирнээ хэт “глобаль” юм яриад, шал өмнөө юм хийгээд явах нь жаахан утгагүй л харагдах юм билээ. Английн T-Mobile хэмээх гар утасны компанийн энэ оны нэг сард цацагдсан нэгэн өвөрмөц реклам энэ байна. 

“Life’s for sharing” гэсэн уриатай хийгдсэн энэхүү арга хэмжээнд гурван зуу гаран хүмүүс оролцсон агаад метроны буудал дээр олон нийтийн дунд санамсаргүй байдлаар гэнэт хийсэн энэхүү арга хэмжээ нь нэг хэсэг хүмүүсийн дунд ам дамжин яригдсан бололтой. Хэсэг хугацаанд олон хүмүүсийг хөгжөөн, эерэг энерги бэлэглэсэн энэхүү “күүл” ажил нь бараг уг компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг гэж хэлэхэд болохгүй мэт.


Wednesday, 28 October 2009


Panasonic


Энэ долоо хоногт Panasonic компанийн Global Recruiter менежер нь хаа байсан Осака хотоос нисч ирж campus дээр компанийнхаа танилцуулга хийж, дадлага хийх, ажилд орох хүсэлт гаргасан оюутнуудын материалаас сонголт хийж байгаад групп ярилцлага хийгээд оройны онгоцоор буцав. Зуны амралтаар дадлага хийх санаа өвөрлөн хүсэлт явуулсан байсан нь ярилцлага хийх хүмүүсийн тоонд багтан анх удаа Япон компанийн ярилцлаганд орж үзэв. Энэхүү on campus recruitment нь энэ хичээлийн жилийн анхных бөгөөд маргаашнаас эхлэн Barclays Capital, UBS Securities гээд олон компаниудын хүний нөөцийн менежерүүд оюутнуудтай уулзахаар ирж буй. Япон хэлтэй бөгөөд японд ажиллахыг хүсч буй хүмүүст нилээд аятайхан боломж юм уул нь. Хамгийн сонирхолтой нь Frontier securities хэмээх Япон эзэнтэй Монголд хөрөнгө оруулалтын банк, төслийн санхүүжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн гүйцэтгэх захирал өөрөө ирж head hunting хийх болсон тухай мэдээлэл байлаа. 2 сарын өмнө МВА-ийн төгсөх ангийн Мексик ба Америк хоёр оюутан Монголд очиж энэхүү компани дээр дадлага хийсэн юм билээ. Өнөөдөр сургуулийнхаа Finance Club дээрээ нэгийг нь урьж Монгол хир байсан, ямар ажил хийсэн, ямар нөхцлөөр ажилласан тухай асууж ярилцав. Их сонирхолтой, бид нар өөрсдөө анзаардаггүй юмнуудыг хэлж байна билээ. Тэр талаар дараа тусад нь заваараа бичье.
Хичээлтэй байсан болохоор заваараа гүйгээд очтол Panasonic-ийн group interview аль хэдийн эхэлсэн байлаа. Сүмимасэн гэсээр ороод суув. Надаас гадна МВА-гийн 3 оюутан ярилцлаганд дуудагдсан байв. Цагаан цамц, хар “гонжоом”, тод өнгийн зангиа зүүж, үсээ гялалзтал нь гельдэн мөлчийтөл нь самнаж, гараа өвдөг дээрээ тавин номхон сууж байгаа тэднийгээ хараад so serious гэж гайхав. Эхнээсээ өөрийгөө танилцуулаад явж байгаа бололтой. Дундуур нь Япон менежер асуулт асуунгуут уралдаж гар өргөөд тав тув хийтэл хариулах нь нэг бодлын сүрдмээр, нөгөө бодлын инээд хүрээд болдоггүй. Учир нь яг “Man in Black” киноны эхний анги дээр Will Smith нөгөө газар ажилд орох гээд шалгаруулалтанд очиход цуг шалгуулахаар ирсэн гялалзсан залуус санагдаад. Хэдийгээр хариуцлагатай ярилцлага байсан ч гэсэн угаасаа дүр үзүүлээд, хэт их хичээгээд байгаа нь илт мэдрэгдэж байв. Би ч өөрийнхөөрөө байя гээд жаахан чөлөөтэй ярьсан боловч дотроо бас жаахан эмээж байв. Гэтэл харин мань менежер эр бүр чөлөөтэйгээр бидэнтэй хууч хөөрч эхлэв ээ.
Panasonic компани нь 1918 онд буюу дэлхийн 1-р дайны дараа Японы Осака хотноо Коносүкэ Мацушитагийн нөр их хөдөлмөрөөр үүсчээ. Саяханыг хүртэл Panasonic-ийн толгой компанийн нэр нь Мацүшита байсан бөгөөд 2008 оны 10-р сарын 1-с албан ёсоор Панасоник корпораци хэмээн нэрлэгдэх болсон байна. Учир нь Мацушита группын дотор Panasonic, National, бусад 3 өөр брэнд нэр бүхий бүтээгдэхүүн байдаг байсан агаад одоо бүгдийг нь Panasonic гэсэн малгай дор нэгтгэн 2018 он буюу 100 жилийнхээ ойгоор дэлхийн номер 1 электроникийн компани болохоор зорьж байгаа юм байна. Гадаад зах зээлээс гол борлуулалтын орлогоо олох стратеги барьж байгаад агаад тэр дундаа Ази, номхон далайн бүс гол зорилтот зах зээл нь байх аж. Учир нь Америк, Европын зах зээлийг Сони, Канон аль хэдийн эзэлсэн гэж байна лээ. Африк тив рүү чиглэх төлөвлөгөө байгаа гэхдээ тэр нь одоогоор маш нууц хэмээх тодотголтой төслийн хүрээнд байгаа гэж байлаа. Санхүүгийн хямралд өртсөн боловч алдагдал хүлээгээгүй тухай ярьж байх аж. Гэтэл ирэх долоо хоногт хэвлэгдэх Сони корпорацийн тайланг ихэнх шинжээчид алдагдалтай гарна гэж таамаглаж байгаа. Өмнөх улирлын тайлан нь бас алдагдалтай гарсан. Гэхдээ иймэрхүү компаниуд жилийн ашгийн голлох хувиа Зул сарын баярын урамшуулалт худалдаанаас хийдэг хандлагатай юм билээ. Өнөөдрийн байдлаар Панасоник корпораци нийт 300,000 орчим ажилчинтай, бараг 260 тэрбум иэнийн хөрөнгөтэй үндэстэн дамнасан корпораци болсон байна.
Япон менежерийн хэлж буйгаар Японы үндэстэн дамнасан том корпорациудын гол проблем нь хүний нөөц болоод байгаа аж. Тухайн шинэ зах зээл дээр шинэ салбар нээгээд ажиллах үед Япон хүмүүс очиж бүх гол албан тушаал дээр нь ажилладаг бөгөөд чадалтай, боловсролтой орон нутгийн залууст албан тушаал ахих, өсч дэвжих боломж олгодоггүй аж. Үүнээс болоод гадаад дахь салбарын гол менежерүүд нь 2-3 жилийн дараа ажлаа хаян гарч явах болсон аж. Үүнийг мань эр тайлбарлахдаа барууны компаниуд тухайн орон нутгийн онцлогт тааруулж ажиллаж чаддаг бол Японы компаниуд өөрийн системээ шууд тухайн газарт хүчээр нэвтрүүлэх гээд байдаг юм гэж дүгнэж байв. Япончууд өөрсдөө өөрсдийгөө өөрчилж чадахгүй. Та нар шиг олон улсын оюутнууд манайд орж ирж байж өөрчилнө энэ тэр гэж хөөргөж байв. Саяхан мань эр Sony, Toshiba, Toyota-гийн хүний нөөцийн менежерүүдтэй жаахан ууж суунгаа иймэрхүү зовлон жаргалаа ярилцсан гээд инээж байлаа. Монголд нээгдсэн Panasonic-ийн дэлгүүрийн талаар асуухад бараг ямар ч мэдээлэлгүй байв. Үүндээ нилээд тухгүй байгаа бололтой байн байн уучлалт эрэн, маргааш ажил дээрээ очоод Монголын талаар заавал судална гэж байв. Орон нутгийн зах зээл маш сонирхолтой байх юм. Жишээ нь Хятадууд угаалгын машиныг ногоогоо угаахдаа ашигладаг гэнэ. Тэрэнд нь тааруулсан загвар дээр Panasonic ажиллаж байгаа юм байна. Монголд зориулаад айраг бүлдэг машин хийвэл гэсэн чинь айн гээд л инээгээд байна билээ. Мөн зөөврийн буюу батарейгаар ажилладаг печь хийж гаргавал амжилтанд хүрэх болов уу гэж хааяа бодогддог юм. Хөдөө, гадаа зугаалахад амар байх байх.
Ер нь бол Японы компанийн соёл, заншил их хатуу, нэг хэвийн, баригдмал юм шиг санагдсан. Жишээ нь, ажлын цаг дууссан ч гэсэн дарга нь ажлын өрөөнөөсөө гараагүй бол бүх ажилчид гэртээ харина гэж байхгүй бөгөөд хүлээгээд л сууж байна. Гэхдээ үүнийг нь цаасан дээр дүрэмлэсэн юм байхгүй ч цэвэр этикийн асуудал болчихсон. Ангийнхаа Япон оюутнуудаас гэр бүлтэй хүн гараад явж болно биз дээ хийх ажлаа хийчихсэн, ажлын цаг дууссан байхад гэхэд “болно, гэхдээ чи бусдад оноо алдана, албан тушаал ахих боломжоо салхинд хийсгэнэ” гэж байгаа юм. Манай ангийн Япон оюутнууд 32-41 насных байх агаад Fuji Xerox, Mizuho банкинд доод тал нь 10 ажил ажиллаж буй хүмүүс юм. Энд улсад корпорацийн хүний нөөцийн бодлого нь Seniority систем буюу нас, албан тушаалын зиндаа дээр хэт их суурилсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд карьер хийнэ гэсэн ойлголт бараг байхгүй юм уу гэж хараад байгаа. Panasonic-ийн менежер хэлэхдээ дөнгөж бакалавраа хамгаалаад сургууль төгсөөд ажилд орж байгаа хүмүүс хамгийн бага цалин буюу сард 2,000 орчин ам.доллар авах агаад харин МВА хийсэн оюутнуудын хувьд дунд шатны менежерийн түвшингээс эхэлдэг гэж байв. Жинхэнэ менежерийн түвшинд очихийн тулд дор хаяж 30 нилээд гарч, 40 шүргэж байх ёстой агаад энэ үед сарын 10,000 орчим ам.долларын цалин авдаг гэнэ. За тэгээд газрын захирал, гүйцэтгэх захирал болно гэвэл 50, 60 наслахаас наашгүй юм байх. Энэ бол Япон компанийн соёл, үүнийг та нар сайн ойлгоорой хэмээн хичээнгүйлэн захих бөлгөө. Энэ насанд Монгол хүн тэтгэвэрт гарч байхад Япон хүний ажлын ид оргил үе нь байх юм. Япон улсын энэхүү хүний нөөц, уламжлалт корпорацийн соёлыг нь Ниссан корпорацийн гүйцэтгэх захирал ноён Carlos Ghosn хэмээх Ливан гаралтай эр эвдэн, үүгээрээ их нэртэй юм. Гэхдээ Япончуудын зүгээс асар их дарамт, шахалт амссан ч бараг дампуурах гэж байсан Ниссан корпорацийн тэр чигээр нь өөрчлөн барууны удирдлагын соёлыг нэвтрүүлснээрээ одоо ч түүний тухай зөв, бурууг нь шүүмжлэн ярилцах бөлгөө. Олон хүмүүс /мэдээж гадаадууд/ энэ эрхмийг Япон улсын хамгийн алдартай СЕО гэж ярих юм билээ.
Гадаад ажилчдаар цус сэлбэхгүй бол Panasonic 3-5 жилийн дараа маш хүнд байдалд орно гэж мань менежер эр таамаглалаа хэлж байх агаад сайн, чадвартай, Япон компанийн соёлыг өөрчлөх гадаад ажилчид асар их хэрэгтэй байна гээд байн байн хэлэхийг нь хараад цус гуйж байгаа вампир шиг санагдсаныг нуух юун. Чухам та нартай л цуг Viera-гийн дараагийн шинэ загварыг гаргамаар байна хэмээсээр биднийг сургуулийн VIP танхимаас үдсэн бөлгөө.




Related Posts by Categories



Ulaanbaatar time

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP