- Агуулгын шошго

           Т.Энхтайван: Газрын гүний дулааныг ашиглавал байгаль орчинд ч ээлтэй

Газрын гүний халаалттай барилга  байгууламж баригдсан тухай мэдээллийг сонссон хү­мүүс гэр хорооллын айлууд уг  технологийг ашиглавал Улаан­баатар утаанаас салчих юм биш байгаа даа хэмээн олзуур­хан сонирхож байна. Уг техно­логийн талаар ЭБЭХ-ий дэд сайд  Т.Энхтайвантай ярилц­лаа. Тэр­бээр газрын гүний дулааны ний­гэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.

-Та бүхэн саяхан газрын гү­ний халаалттай барилга ашиг­лалтад хүлээлгэн өгсөн. Яг үнэн­дээ эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд энэ нь  үнэм­шил муутай сонсогдоод байгаа л даа?

-Газрын гүний дулаан гэхээр манайхан Шаргалжуутын рашаан шиг 40-50 градусын халуун ус гарч ирээд халаачихна гэж ойлгоод байдаг. Зарим нь Төв аймагт  ду­лаан энергитэй газар байгаа учраас тэнд бариад байна уу гээд янз янзаар л ойлгож байх шиг байна. Гэтэл энэ технологи нь  Монгол орны төдийгүй дэлхийн бусад орны хаана нь ч ашиглах боломжтой юм. 2-3 метр өрөмдөөд л газар гэсгэлэн 8-10 градусын дулаан болдог. Ерөөсөө дэлхий ертөнц гэдэг маань өөрөө нэг бие, махбодь. Хүн төрөлхтөн л энэ Монгол, Хятад гээд цаасан дээр хил хязгаар тогтоочихоод байгаа бо­лохоос дэлхий ертөнц өөрөө нэг бие мах бодгаль. Тиймээс дэлхий ертөнц өөрөө нарнаас туссан энерги болоод газрын хөрсөнд шингэсэн хур тунадас, газрын гүний энергиэрээ дулаанаа тогт­мол барьж байдаг. Аль ч улс орны газрын хөрсийг 2-3 метр ухахад л  5-8 градусын дулаантай байдаг. Төв аймагт эхний барилгыг барь­сан гол шалтгаан нь хотод ойр гэдэг утгаар нь сонгосон. Энэ ажлыг эхлүүлэхтэй холбогдуулж бид өнгөрсөн жил Герман, Швей­царь улсад уг технологийг хэрхэн  ашиглаж байгааг танилцуулахаар Төв аймгийн удирдлагуудыг авч явсан. Учир нь амьдрал дээр ямар байгааг нь харуулахгүй бол ма­найхан огт ойлгохгүй байсан юм л даа. Жирийн иргэд битгий хэл Сангийн яам, УИХ хүртэл үүнийг  ойлгохгүй, хөрөнгө мөнгө төсөв төлөвлөгөөг нь танаж  батлах гэж цаг алдсан.

-Тэгэхээр орон оронд тохир­сон технологи гэж байхгүй гэсэн үг үү. Яг яаж халаах юм бэ?

-Газрын гүн дэх 5-8 градусын дулаан гэдэг бол дулааны  асар их нөөц. Энэ дулааныг дамжуулдаг тусгай  шингэн байх бөгөөд түүнийг тасралтгүй зөөдөг техник техноло­гийг л ашиглаж байна гэсэн үг.  Үлгэрлэж хэлэх юм бол энэ нь та бидний хамгийн сайн мэдэх хөр­гөгчний технологи. Өөрөөр хэлбэл хөргөлтийн эсрэг зарчмаар ажил­лаж байгаа гэж ойлгож болно. Хөргөгч нь дотор байгаа дулааныг тасалгаан дотор гаргаад дотроо хүйтэн орчныг бий болгодог. Тэг­вэл газрын гүний халаах төхөөрөмж нь газарт байгаа нөөц дулааныг орон байранд оруулахаар тусгай шингэ­нийг тасралтгүй зөөдөг л төхөө­рөмж. Герман улсын төрийн ордон нь газрын гүний дулааны насо­соор халдаг. Мөн Швейцарийг үзэсгэлэнтэй байгаль, тунгалаг агаартай гэж ярьдаг. Гэтэл тэнд­хийн бүх хотууд нь газрын гүний дулааны насосоор халдаг. Алс­лагд­сан фермерийн аж ахуй зэр­гээрээ тус улс  манайхтай төстэй. Ганц ялгаа нь тийшээ засмал зам болоод цахилгаан эрчим хүчний шугам очдог. Тэндхийн хүмүүс нь ямар ч утаа үйлдвэрлэхгүй газрын гүний дулаанаар хаусаа халаа­на. Тэнд цэвэр эрчим хүчний ашиг­лалт дээд түвшинд байдаг учраас бидний сайхан гэж яриад байдаг цэвэр агаар, хүний эрүүл мэндэд таатай орчин бүрдээд байгаа юм.

-Манайх гэхдээ Швейцарь биш шүү дээ. Өвөлдөө -40-50 хүрдэг. Энэ тохиолдолд газрын гүний дулаан алдагдахгүй юу?

-Тиймээ, Швейцарь болоод барууны орнуудад -15 градусаас  хэтрэхгүй. Манайд  одоо ч шөнөдөө  -40 градус  хүрч байна шүү дээ. Энэ технологид дулааны насосынхоо хүчин чадлыг л нэмэгдүүлж тавина. Жишээ нь, Швейцарьт 200 ам метр талбайтай дундаж хаусын халаал­тыг шийдэхдээ 100 метрийн гүн, 25-30 мм-ийн диамертэй хоёр цооног өрөмдөж гаргадаг бол Монголд дөрвөн цооног өрөмдөнө гэсэн үг. Бид энэ жил Төв аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 1100 ам метр барилгыг дулааны насосоор ха­лаах ажлыг эхлүүлээд байна.  Энэ ажлыг тойрогтоо эхлүүлэхэд ша­дар сайд М.Энхболд ихээхэн дэмж­лэг үзүүлсэн.  Саяхан цэцэрлэгийн барилгад дулааны насос суури­луулж 18-20 градусын дулаантай нэг сар гаруй хугацаанд хэвийн ажиллаж байна.

-Ийм маягаар шийдсэн бай­гууламж манайд өөр хаана байна?

-Бидний эхлүүлсэн ажлын хү­рээнд Төв аймгийн барилгаас гадна  өнгөрсөн жил манай Сэр­гээгдэх эрчим хүчний төв "Ster color" компанитай хамтран хувийн хауст туршсан. Зарим нэг компаниуд Хятадын технологи оруулж ирсэн гэж сонссон. Тэр нь яаж ажиллаж байгааг сайн мэдэхгүй. Бидний энэ техник, технологи чинь Герман Швейцарийнх.

-1100 ам метр талбайтай барилгын халаалтыг хэдий хэ­рийн зардлаар  суурилуулсан юм бол?

-Төв аймгийн цэцэрлэгийн ба­рилгын халаалтыг шийдэхэд 500 сая орчим төгрөг зарцуулсан. Гэх­дээ энэ ажлаар сум суурингийн сургууль цэцэрлэгийн халаалтыг шийдэж болох юм байна гэдэг нь харагдаж байгаа. Саяын барилга ашиглалтад орохоос өмнө тус цэцэрлэг сард 2-2.5 сая төгрөг дулааны зардалд  өгдөг байсан юм байна. Одоо ашиглалтад ороод нэг сар болоход цахилгааны зардал 400-500 мянган төгрөг гарч байна гэсэн. Тэгэхээр зардал 4-5 дахин багасч байна. Хөрөнгө оруулалтын зардлыг эс тооцвол ашиглалтын зардал 4-5 дахин багасч байна. Үүнээс гадна олон хүн цалинжуу­лах шаардлагагүй. Нэг сургуульд цахилгаанч, сан техникч хоёрын нэг нь л байхад хангалттай.

-Энэ технологийг олон дав­хар барилгад ашиглаж болох уу?

-Барилгын өндөр, нам ямар ч хамаагүй. Газрын гүний дулааны насосыг хүчин чадлыг нь нэмнэ, өрөмдөх нүхний тоо л өснө гэсэн үг. Жишээ нь, Төв аймгийн 1100  ам метр талбайтай цэцэрлэгийн барилгыг халаахын тулд тус бүр нь 100 метрийн гүнтэй 24 нүх өрөмд­сөн. Гол зардал энэ өрөмдлөгийн зардалд гараад байгаа юм. Ма­найд өрөмдлөгийн ханш метр нь зуун мянган  төгрөг гэж үзэхэд 240 сая төгрөг нь өрөмдлөгийн зардалд зарцуулагдаж байгаа юм. Хамгийн гол нь уг технологийг суурилуу­лахад анхны хөрөнгө оруулалт их  шаардагдах учраас тухайн байшин,  барилгыг барихдаа анхнаас нь ду­лаан алдахааргүй барих хэрэгтэй. Үүнийг цаашдаа сум суурин газарт суурилуулах зорилт тавин ажил­лаж байгаа. Үүнийг л би Монголын дулааны эрчим хүчинд хувьсгал болно гэж хэлээд байгаа юм. Ин­гэс­нээр сум суурин газрын уурын зуух гэдэг зүйл үеэ өнгөрөөнө.  Энэ техник технологийн хамгийн гол онцлог нь ажиллах хүч шаард­даггүй. Баталгаат хугацаа нь 15-20 жил. Германд очиж сургуулиудын тоног төхөөрөмжтэй танилцаж байхдаа манайхан "Төхөөрөмжийг суурилуулаад хэдэн жил болж байна" гэж асуухад 17 жил болж байна гэж байсан. Овор хэмжээний хувьд ч авсаархан. Жишээ нь  200 ам.метр талбай бүхий хаусыг ха­лаах дулааны насос нь томхон хөргөгч шиг л хэмжээтэй. Мөн орчин үеийн техник технологи учраас тохируулга сайтай. Тухайлбал, сумын төвийн Улаан булан байнга ашиглагддаггүй. Энэ тохиолдолд үзвэр, хуралгүй үедээ 0 градуст тохируулаад хөлдөөхгүй бага ца­хилгаан зараад байх боломжтой.

-Гэр хорооллын айл өрх  ашиг­лаж болох уу. Заавал бай­шин, хаус гэхээсээ илүүтэй Монгол гэрийн халаалтыг энэ маягаар шийдэж болох уу?

-Болохгүй юмгүй л дээ. 200 ам метр талбайтай хаус гэдэг нь  манайхаар бол чинээлэг айл. Харин нийтлэг өрх айл 5х8 харь­цаатай нэг давхар байшинтай. Энэ нь дунджаар 40 ам метр талбай болно. Үүнд 20 орчим сая төгрө­гийн хөрөнгө оруулалт хийхэд  газрын гүний дулааныг ашиглах боломжтой. Гэхдээ үүний анхдагч эх үүсвэр цахилгаан эрчим хүч. Хотоос зайдуу 200 ам метр бүхий талбайтай хаустай айл цахилгаан  халаагуур ашиглахад сарын төл­бөр нь саяас сая 200 мянган төгрөг гардаг. Гэтэл уг төхөө­рөм­жийг суурилуулснаар сардаа 250-300 мянган төгрөг цахилгаанд төлөх боломж бүрдэнэ гэсэн нэг судалгаа гарч байна. Эхний хө­рөнгө оруулалтыг л шийдчих юм бол цаашдаа ямар нэгэн асуу­далгүй, дээрээс нь байгаль орчинд  ашиг тустай юм. Бид эхний ээл­жинд 331 сум болоод аймгийн төвүүдийн Тамгын газар, цэцэрлэг сургууль, эмнэлгүүдийн халаалтыг уг тө­хөөрөмжөөр шийдэх зорилт тавиад байна. Хамгийн түрүүнд Төв айм­гийн Эрдэнэ сумын халаалтыг бүхлээр нь шийдэхээр төсвийг нь шийдүүлчихээд байгаа. Эрдэнэ сумыг сонгосон шалтгаан нь  нэгдү­гээрт, шинэ техник технологийг анхнаас нь зөв ашиглах, наладка тохируулга хийх, төвөөс удирдаж хянахад амар. Хоёрдугаарт, орон нутгийнханд нийслэлд ирээд буца­хад нь үзүүлэхэд ойрхон, зардал чирэгдэлгүйг нь бодолцсон. Ховд юм уу, Увсад барьчихвал бусад газрын хүмүүс тэр бүр тийшээ яваад үзэж танилцаад байх бо­ломжгүй учраас ойр газрыг эхний ээлжинд сонгосон. 

-Газрын гүний халаалтын нийгэмлэг манайд хэзээ бай­гуулагдсан юм бэ. Ер нь аль оронд энэ төхөөрөмжийг өргө­нөөр ашиглаж байна?

-Барууны орнуудад тухайлбал  ХБНГУ-д  шинээр баригдаж байгаа 10 барилгын долоог нь газрын гүнийн дулааны насос ашиглахаар зөвшөөрөл олгодог юм билээ. Бид 2008 онд Герман улсын Весманн компаний Швейцарь дахь үйлд­вэртэй танилцаад энэ техник тех­но­логийг Монголд оруулж  ирэхээр болсон.  Энэ хүрээнд Монголынхоо инженер техникчдийг Герман Швей­царьт сургалт явуулж танил­цуулсан. Өнгөрсөн өвөл Эрчим хүчний инженер техникчид Монго­лын газрын гүний дулааны насос­ны нийгэмлэг байгуулж намайг ерөнхийлөгчөөр сонгож ажиллуул­сан. АНУ-ын Оклохамагийн их сургууль дээр төвтэй олон улсын газрын гүний дулааны нийгэмлэг гэж  бий. Бидний төлөөлөгчид тэнд очиж энэ байгууллагад манайх    гишүүнээр элссэн. Тус байгуул­лагад гишүүнээр элссэнээр дэл­хийд эрэлттэй болж байгаа дээрх техник технологийн дэвшлийн талаар мэдээлэл, гарын авлага  солилцож байна. Мөн харилцан хамтран ажиллаж хүн сургаж бай­гаа. Өнгөр­сөн зун 10-аад инженер техникч­дийг Оклохомад аваачиж сургал­танд сургасан.

-Байгаль, цаг уурын өөрч­лөлт­тэй холбогдуулж байгальд хор­гүй цэвэр эрчим хүчний хэрэг­лээг дэлхий нийтээрээ дэмждэг болжээ?

-Нөхөн төлжих чадвартай бай­галийн сэргээгдэх эрчим хүчийг ашиглая гэдэг асуудал дэлхий нийтэд хурцаар тавигдаж байна. Ерөөсөө хүн төрөлхтний өөрийнх нь хөгжил бол эрчим хүчний хэрэг­лээ юм. Хэдий чинээ их эрчим хүчийг үйлдвэрлэнэ тэр хэмжээгээр хүн төрөлхтний хөгжлийг тодор­хой­лох эрин цаг үед бид амьдарч байна. Цаашдаа ч хүн төрөлхтний эрчим хүчний  хэрэглээ тасралтгүй хөгжинө. Байгалийн органик боди­сыг түлж, хүлэмжийн хий гаргаж,  байгаль орчноо бохирдуулдгийг өдгөө Киотогийн протоколоос эх­лээд дэлхий нийтээрээ шахалт үзүүлж, улмаар олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцууд байгуу­лагдсан. Үүнтэй холбоотойгоор  ХБНГУ,  Дани улсын санаачилгаар дэлхийн олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг шинээр байгуулагдаж манайх 14 дэх ги­шүүн орноор бүртгэгдсэн. Энэ дашрамд хэлэхэд Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агент­лагийг зохион байгуулах Бонн, Вашингтон, Египет, Абу-Дабигийн  олон улсын хуралд Засгийн газраа төлөөлж оролцож явахдаа энэ санааг олж мэргэжлийн нөхдийн хамт энэ санаачилга ажлыг эхлүүл­сэндээ баяртай байгаа. Энэ агент­лаг 2020 он гэхэд хүн төрөлхтөн нийт эрчим хүчнийхээ 20 хувийг СЭХ-ээс гаргах зорилт тавин ажил­лаж байна. Одоогийн байдлаар барууны зарим орнуудад сэргээг­дэх эрчим хүчний хэмжээ нь нийт  эрчим хүчнийхээ 20 хувиас илүү гарчихсан явж байна. Манай улсын хувьд өнөөдөр 3.5 хувьтай  байна.  Цаашдаа бид 2020-2025 онд дэл­хийн хэмжээний зорилтод хүрэхээр ажиллах болно.

 Д.ЦОГЗОЛМАА



Хөрсний дулаанаар агаарын бохирдлыг шийдэж болно 
vip76.mn     2010 оны 12-р сарын 06
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газар, "Мон-Угсралт" ХХК хамтран Төв аймгийн Зүүндэлгэр багийн сургууль, цэцэрлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн барилгуудыг хөрсний гүний дулаанаар халаах ажлыг улсын төсвөөр хийж байна. Эхний ээлжинд цэцэрлэгийн барилгын халаалтыг шийдэж, энэ сарын 3-ны өдөр хүлээлгэн өгсөн юм. Нээлтэд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дондог, Ш.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван зэрэг бусад төлөөлөгч оролцлоо. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ж.Осгонбаатар "Зүүндэлгэр багийн "Ирээдүй" цэцэрлэгийн газарт гүний дулааны насосыг суурилуулах ажил дууслаа. Энэ нь гүний дулааныг насосоор дамжуулж, дулааны эрчим хүч болгон ашиглах өртөг, технологийн ашиглалтын зардал бага төхөөрөмж юм. Цаашид орон нутаг, сум сууринд энэ технологийг ашиглах бүрэн боломжтойг туршилт харууллаа" гэж ярилаа. Цэцэрлэгийн барилга 1100 орчим м2 талбайтай бөгөөд 50-60 хүүхэд сургах хүчин чадалтай аж. Зуунмодын цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн дулаанд жилд 170 тн нүүрс зарцуулж, агаар мандлыг 150 гаруй кг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулж байжээ. Харин газрын дулааныг ашигласнаар энэ зардал 5-10 дахин буурна гэж үзэж байна.

ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван "Сэргээгдэх эрчим хүчний нэгэн эх үүсвэр болох газрын гүний дулааныг орон нутагт ашиглах анхны загвар бэлэн боллоо. Бид энэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх гэж сүүлийн хоёр жил шаргуу ажилласан. Аливаа байгууллага жилийн зардлын ихэнх хэсгийг халаалтад зарцуулдаг. Энэ байдлыг халж, газрын гүний дулаанаар Зүүндэлгэр багийн цэцэрлэгийг халааж эхэллээ" гэж ярьсан юм.

Дулааны насосны онцлог нь газрын хөрсний тодорхой хувьд жилийн турш оршдог дулааныг ашиглан, 34 квт дулаан гаргахын тулд 1 квт эрчим хүч хэрэглэх юм байна. Герман, Швейцарийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тус улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ. Анх 2007 онд Түлш эрчим хүчний яамны төлөөлөгчид, дээрх технологийг судлахаар Исланд руу явсан байна. Удалгүй "Монголын газрын гүний насосны нийгэмлэг"-ийг байгуулж, АНУ-ын Оклахамагийн Их сургуульд төвтэй "Олон улсын газрын гүний дулааны насосны нийгэмлэг"-т гишүүнээр элсэж, монголын инженер техникийг сурган бэлтгэх, ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Шадар сайд М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-2010 оны улсын Tөcвөөрэхний ээлжинд Зүүндэлгэр багийн "Ирээдүй"цэцэрлэгийнбарилгынхалаалтыг хөрсний дулаан ашиглан шийдвэрлэлээ, Үүний үр дун нь хэр байх бол?

-Халаалтын байгууламжийг бүхэлд нь шийдэх болоогүй байна. Нүүрс түлж, усан халаалтын зуухаар халаадаг уламжлалт арга нь ихээхэн хэмжээний нүүрс, шатахуун, зардал гаргаж, мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм уурын зуухны ашигт үйлийн коэффицент бага, шаталт муу, гар ажиллагаа ихтэй, хөдөлмөрлөх нөхцөл хангалтгүй зэрэг олон сул талтай. Энэ нь төр засгийн анхаарлыг ихээр татаж байгаа. Харин хөрсний дулааныг ашиглах аргыг өнөөдөр Европын хөгжилтэй улс орнууд нэлээд өргөн хэмжээгээр хэрэглэж байна. Дулааны     насосны гүйцэтгэлийн коэффицент 2.91 байгаа нь жилд 137 мянган квт эрчим хүч хэмнэх боломж юм. Энэ төхөөрөмж нь 15-20 жилийн хугацаанд ямар нэгэн засвар хийхгүйгээр, өөрөө шууд автоматаар дулаанаа тохируулдаг.
Цаашид үүнийг бусад орон нутагтхэрэгжүүлэх үү?

-Сум суурингийн халаалтад шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний гол үүсвэр болох газрын гүний дулааны насос ашиглах боломжийг судалж, төрөлх нутаг Төв аймагтаа анхны туршилтыг амжилттай хийлээ. Цаашид бусад аймаг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Тиймээс ирэх жил сумдын түвшинд туршиж үзэх нь зүйтэй гэж УИХ, Засгийн газар үзсэн.
-Тэгвэл ирэх оны улсын төсөвт сумдад дулааны насос нэвтрүүлэх зардлыг оруулсан гэсэн үг үү?

-2011 оны төсвөөр Төв аймгийн Эрдэнэ сумын байгууллагуудыг газрын халаалтын системээр бүрэн хангах ажлыг хийхээр төлөвлөж байна. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг орны хувьд газрын хөрсний дулааныг ашиглах нь их  ач  холбогдолтой.  Улсын төсвийн зардлын нэлээд хувийг дулааны зардал эзэлдэг.
-Газрын дулааныг ашиглах тоног төхөөрөмжийг суулгах мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэсэн бэ?

-Бид үүнийг европын хэд хэдэн оронд судласан. Суурилуулах бүх тоног төхөөрөмжийг Швейцарийн эрдэм шинжилгээний байгууллага, ХБНГУ-ын мэргэжилтнүүд, өнгөрсөн сард ирж тохируулсан гэлээ. "Ирээдүй"        цэцэрлэгт 100 метрийн гүнтэй, 24 цооног өрөмдөж, түүнд дулаан дамжуулах хуванцар хоолойнуудыг суулгаж, 90 квт-ын хүчин чадалтай дулааны насосыг суурилуулсан байна. Дээрх гурван байгууламжид дулааны насос суурилуулахын тулд 1.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат "Агаарын бохирдлын асуудал Зуунмод хот төдийгүй бусад аймаг, суманд тодорхой хэмжээгээр илрэх болсон. Энэ байдлаас гарах нэг арга нь газрын гүний дулаанаар барилгыг халаах асуудал юм. Энэ туршилтыг манай аймгаас эхлүүлж, дараа жил Эрдэнэ суманд үргэлжлүүлэх болсонд талархаж байна" гэж ярилаа
)))))))))))))))))))))))))))))))))))) xxxxxxxxxxxxxxxxx (((((((((((((((((((((((((((((((((((((((((

Geothermal heating for Mongolian customers


Related Posts by Categories



Ulaanbaatar time

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP