- Агуулгын шошго



 http://www.hunnu.mn/content/43382.htm






Уншигч таны харж байгаа энэ гутлыг монгол залуус хийсэн юм. Тодруулбал “Армон гутал” -ын үйлдвэр бүх төрлийн гутлыг гадна, дотногүй арьсаар үйлдвэрлэж байна. Үндэсний энэ үйлдвэр ирэх 8 сараас Орос руу гутлаа гаргахаар болжээ. Харин цаашдаа европын зах зээл дээр гаргах том зорилготой ажиллаж байна. Монголчууд та бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж монгол залуусын урласан гутлыг өмсөцгөөе. Монголчууд бид баялаг бүтээж чадаж байна. Энэ баялагаа харийн улс орон руу гаргах цаг ч болсон байна. Ингээд та бүхэнд тус үйлдвэрийн захирал Д.Гөлгөөгийн яриаг хүргэж байна.

Танай “Армон гутал” үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ ?

Үйл ажиллагаагаа явуулаад 7 жил болж байна. Анх зөвхөн захиалга авч гутал хийдэг байсан.  Хувь хүмүүс, ерөнхийдөө гадаадад амьдардаг монголчууд илүү их хийлгэдэг. Саяханаас санаадгүй байдлаар өөрийнхөө фейсбүүк дээр гуталуудаа тавьсанаас хойш олон нийт мэддэг болсон.  Тэгээд “Армон гутал”  гэдэг пэйж хуудас нээсэн.

Хичнээн оёдолчинтой вэ? жишээлбэл энэ валеринаг хэдий хугацаанд хийж дуусгах вэ ?

Манайд 10 хүн ажилладаг. Өдөрт 25 гутал хийдэг. Нэг гутал 4 хүний гар дамжиж гардаг.

Хүмүүс их хандаж байна уу ?

Одоо бол манайх маш их захиалгатай байна. Энэ долоо хоногт 100 орчим гутлын захиалгатай байна.

Танай гутлыг өмсөж үзсэн хүмүүс юу гэж хэлж байна. Жишээлбэл чанарын хувьд ?

Гар урлал гэдэг утгаараа эхлээд өмсөхөд эхний 3 хоногтоо зуузай нь жаахан хатуу байдаг. Тэгээд яваанд зөөлрөөд арьс нь сайн юм байна.Эвтэйхэн юм байна гэдэг. Чанарын хувьд сайн Хятад гутал 20 мянган төгрөг гээд байхад танай гутал гадна дотногүй арьсан хэрнээ 30 мянган төгрөг гэхэд маш сайн байна гэдэг. Би айхтар ашиг харж 30 мянга гэдэг үнийг гаргаагүй.

Загварын хувьд яаж шийдэж байна ?

Хүмүүс өөрсдөө загвараа өгөөд захиалж болно.  Бүх төрлийн гутал хийдэг ганцхан валерина биш. Гэхдээ одоо зуны улирал болчихсон болохоор валерина их хийж байна. Бид өөрсдөө загвараа гаргадаг. Цүнх ч бас хийдэг.

Д.Гөлгөө: Хүн болгон хятад гутал битгий өмсөөсэй


Хүн хүчээ нэмэх , үйл ажиллагаагаа арай өргөжүүлэх бодол байна уу ?

Ер нь бол тэлье гэж бодож байгаа. Хүн болгон Хятад гутал битгий өмсөөсэй гэж боддог. Монголд надтай адилхан  гутал хийдэг хүмүүс байдаг гэхдээ хамгийн доод тал 60 – 70 мянган төгрөг байдаг. Харин би бол тэгэж их ашиг ерөөсөө харахгүй байгаа.

Та гутал үйлдвэрлэлдээ ямар үүрэгтэй оролцдог юм бэ ?

Би захиалгаа авна, эсгүүрээ хийнэ.

Ажилчдын хувьд ямар хүмүүс вэ ?

Манай гэр бүлийн хүн байгаа бас манай нэг найз байгаа. Тэгээд бусад нь гутал оёж сурсан хүмүүс байдаг. Хүмүүс ажилд авахаар нэг жаахан юм сураад гутал оёдог болоод ирэхээрээ гараад явчихдаг. Тууштай ажиллах хүн олдохгүй нь хэцүү.

Гутал үйлдвэрлэх боломжтой боловсон хүчин хэр олон байдаг вэ ?

Ховор.

Та хаана гутал оёж сурсан бэ ?

Манай хүн бол өөрийнхөө хоббигоор сурсан. Тэгээд мэргэжлийн сургалтанд хамрагдаад хийдэг болсон. Харин би огт гутал гэж мэддэггүй байж байгаад нөхөртэйгээ суугаад гутал оёж сурсан.

Гутлын загварын каталоги байдаг уу ?

Өмнө нь хүмүүсийн захиалгаар зөвхөн нэг хувь гутал хийдэг байсан. Тэрийгээ маш чанартай гоё хийж өгдөг. Тэгээд огт загварыг нь авч үлддэггүй байсан болохоор каталоги байхгүй. Өмнө нь ганц хувь юм өмсье гэсэн чинээлэг хүмүүс гутал хийлгэдэг байсан. Одоо дундаж жирийн амьдралтай хүмүүсдээ зориулж гутал оёж байгаа. Би өөрөө огт Хятад гутал өмсөж үзээгүй.

Д.Гөлгөө: Нөхөр бид хоёр юу ч үгүй нийлсэн, одоо боломжийн сайхан амьдарч байна


Та хоёр  өөрсдийн гэсэн бизнестэй болоод хүмүүсийг ажлын байраар хангаж байгаагаараа хэр бахархдаг вэ ?

Бахархана ч гэж юу байхав. Амьдрал нь сайжраасай, болчихоосой, болгочих юмсан л гэж бодож байгаа. Бид хоёрын хувьд өнгөрсөн 2 жил гутал оёоогүй,  нөхөр ганцаараа ажиллаад би нисэхэд ажиллаж байсан. Өнгөрсөн 12 сараас эхлээд гутал оёж байна. Анх хоёулаа юу ч үгүй нийлсэн. Одоо боломжийн унаа тэрэгтэй, байр савтай болчихсон.

Та Хятад гутал ерөөсөө өмсөж байгаагүй гэсэн. Танай гутал Хятад гутлаас ямар давуу талтай вэ ?

Хамгийн гол нь чийг татдаггүй. Чийг татна гэдэг чинь хүний биед маш муу. Тийм болохоор хүмүүсийг ядахнаа эрүүл болох болов уу гэж боддог.

Амьдралын амт, амьдралын аз жаргал гэж таны бодлоор юу вэ ?

Өөрийнхөө хүсч байгаа юмыг хийх ёстой. Би маш том зорилго тавьж ажиллаж байгаа. Хүн өөртөө зорилготой байж түүнийхээ төлөө их зүйлийг хийх хэрэгтэй. Миний хувьд ойрын 4 – 5 жилийн дотор гутлаа Европын зах зээл дээр гаргах зорилготой байгаа. Энэ 9 дүгээр сараас эхлээд Орос руу гаргахаар бэлдэж байгаа. Өмнө нь хүмүүс монголд үйлдвэрлэсэн гутал гэхээр хийц муутай, өсгий салчихдаг гээд таагүй ойлголттой байдаг байсан. Бид хоёрын хувьд Европ стил , орчин үеийн хүмүүсийн өмсөж байгаа загварыг л гаргах гээд л хичээж байгаа.

Орчин үеийн загвар гэхээр залуучуудын өмсөж байгаа загварыг хараад л хийдэг байх тийм үү ?

Бид хоёр гадуур явж хардаг юм.Тэгээд би эхлээд өмсөж үздэг. Хөлд эвтэйхэн байна уу ? , ямар байна гээд.

Та хоёрыг өнөөдрийн амжилтад хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ ?

Тэвчээртэй байсны үр дүн байх. Тэрнээс биш гутал хийх амар зүйл биш. Шантарч байсан үе байгаа. Хоёулаа зэрэг гутал хийгээд яахав дээ. Чи өөр юм хий гээд би нисэхэд ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байсан чинь дарга, цэрэг нь солигдоод ажлаасаа гарсан. Бас цаг нарт баригдаж ажиллана гэдэг хэцүү юм билээ. Энд өөрийнхөөрөө байж чадаж байгаа болохоор өөр ажил хийе гэж бодохгүй байгаа. Үйлдвэрээ өргөжүүлж, монголын зах  зээлд тодорхой хэмжээний байр суурь эзэлье гэж бодож байгаа.

Техник тоног төхөөрөмжийн хувьд ямар байна ?

Одоохондоо яг өдөрт гаргаж байгаа 25 гутлынхаа хэмжээнд байгаа. Гутланд тийм ч их тоног төхөөрөмж хэрэггүй байдаг.Үнэхээр өдөрт 100 ширхэгийг ч юмуу үйлдвэрлэдэг болчихвол тоног төхөөрөмж хэрэгтэй болох байх.

Нэг гутал хийх дамжлага юунаас эхлэх вэ?

Эхлээд загвараа гаргана.  Дараа нь цаасан эсгүүрээ гаргана, арьсаа сонгоно, гутлаа эсгэнэ, оёдолчин гутлаа оёно, татлагачиндаа өгнө, дараа нь улладаг хүн аваад гутал бэлэн болно. Нэг гутал хийхэд ойролцоогоор 2 цаг шаардлагатай.

Үнийн хувьд яагаад ийм хямд байна. Арьсан л бол үнэ нь өсөөд явчихдаг ?

30 мянгын валерина 28 мянган төгрөгийн өртөгөөр босч байгаа. Хэрвээ ашиг харвал би багаар бодож 50 төгрөгөөр зарж болно. Хамгийн гол нь би ашиг ерөөсөө хараагүй. Хэдэн хүн ч болох нээ чийг татдаггүй, эрүүл гутал өмсөөсэй гэж бодож байгаа.

Цагаан сар, наадмаар монгол гутал хийдэг үү?

Хийдэг.  Хийсэн гутлаараа жилд хоёр удаа  “Монголд үйлдвэрлэв” гэж үзэсгэлэнд цагаан сарын үеэр бас 10 сард нэг үзэсгэлэнд ордог.

Таны мөрөөдөл европын зах зээлд гутлаа гаргах гэсэн. Тэгэхээр танай хийж байгаа гутал , европ гутал хоёрыг харьцуулахад ямар ялгаа харагдаж байна ?

Ялгаа байхгүй. Материалын хувьд л ялгаа гарах байх гэхдээ хийцийн хувьд огт ялгаагүй. Миний хувьд европын зах зээлд гутлаа гаргах боломж байгааг мэдэрчихсэн байгаа. 5 жилийн дараа ямар ч байсан энэ зорилгодоо хүрэх байх.

Гадаадын зах зээлд монгол жижиг дунд бизнес эрхлэгчид гарахад хүндрэлтэй зүйл юу байх шиг байна. Таны ажигласнаар ?

Аймар хүнд зүйл одоохондоо алга. Манай гутлыг Оросод амьдардаг нэг хүн авч яваад сайн чанартай гэдгийг нь мэдсэн хүмүүс Орос руу гутлаа гаргаач ээ гэж санал тавьсан. Тэгээд л 8 сараас эхлээд хийж эхлье гэж бодож байгаа.  Монгол арьс маш сайн гээд ойлгочихсон байна лээ. Үнэндээ монгол арьс сайн биш . Яг төгс боловсруулагдаагүй байдаг.  Бид нар Солонгосоос авч байгаа гэхдээ Орос  руу гаргахын тулд Хятадаас авах хэрэгтэй болох байх. Монголд байгаа арьс ямар сонголтгүй хэцүү байдаг. Тэгээд хятадад очоод өөрийнхөө хүссэнээр хийлгэе гэхээр дор хаяж 10 мянган ширхэгээр авах хэрэгтэй болдог. Тэгэхээр бид нарт их өртөгтэй тусаад байдаг.

Utas: 91915647 88085668
Hayag: Horoolliin duuhee tuviin urd 15 bair 1orts
У.Сэргэлэн

        

Related Posts by Categories



Ulaanbaatar time

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP