- Агуулгын шошго



Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүдийн цуврал лекцүүдийн ээлжит лекцийг Академич, нийгмийн шинжлэх ухааны доктор, профессор, Этүгэн дээд сургуулийн захирал С. Нямзагд “Эдийн засгийн хөгжлийн бодлогын зарим асуудалд” сэдвээр олон нийтэд зориулж 2012 оны 1 дүгээр сарын 9-ний 15.00 цагт Соёлын Төв Өргөөний II танхимд уншсан ба та бүхэндээ лекцийн хураангуйг толилуулж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗАРИМ АСУУДАЛД

Академич С.Нямзагд

Нэг. Хөгжлийн шинэ заагт

Бид эдийн засгийн өсөлтийн бодит байдлын хувьд ч, технологи болоод хүн ардын амьжиргааны түвшний ялгарлын хувьд ч хөгжлийн шинэ заагт тулж ирлээ. Шинэ заагт тулж ирсэн тухай энэ санааг хэрхэн ойлгож хүлээн авахаас бидний Монголын хөгжил, түүний ирээдүйн үнэ цэнэ хамаарахын учир энэ өгүүллийг тэрлэж байгаа билээ. Ингэх хэд хэдэн шалтгаан байх шиг.

Нэгдүгээрт, дэлхийн 100 гаруй орон ардчилал зах зээлийн системийг сонгож түүгээр замнаж байгаагаас гарын таван хуруунд багтах Япон, Өмнөд Солонгос, Тайвань гэх зэрэг цөөн орон л хөгжингүй орны түвшинд гарч ирлээ. Ийм сонголт хийсэн олон орон хөл дээрээ босч чадаагүйгээр барахгүй буурай хөгжилтэй орон хэвээр үлдэж хоцорч байна. Бид одоогийнхоо ийм замаар замнаад хөгжсөн орон болж чадах уу? Эсхүл “ардчилал” ярьдаг хөгжөөгүй орон хэвээр үлдэх үү? гэдгийг сонгоход шинэ заагийг ойлгохын утга учир нь оршиж байна.

Хоёрдугаарт, философийн хувьд аливаа улс орон нийгэмчилж, эсхүл хувьчилж хөрөнгө, мөнгөний урсгалаа идэвхжүүлж эдийн засгаа сэргээн хөгжүүлдэг нь нууц биш. Бид бүх өмчөө улсын болон хоршооллын өмч болгон нийгэмчлээд 70 жил хөгжсөн. Энэ үед хүн, мал нь эрүүлжиж, орчин цагийн үйлдвэрлэл бий болж нийгэмчлэхийн шинэ үнэ цэнийг мэдэрч, тэр үед Монголчууд “мяралзсан голыг бяраараа шуугиулаад” хэмээн дуулцгааж байлаа. Айл гэрт радио, цагаан ор, цагаан тогоо, шүдэнз гээд олон зүйл тэр үедээ гайхамшиг болж байсан. Гэвч нийгэмчлэлийн энэ их эрч хүч нь аажимдаа суларч хувь хүний үүсэл санаачлага, сонирхол хумигдаж, үүнээс улбаалан хөгжлийн хурд саарч, үндэсний эдийн засаг маань улам бүр өөрийгөө нөхөн тэтгэх чадваргүй болон доройтсоор 90 онтой хэрхэн золгосныг түүх гэрчилнэ. Үүний дараа Монголчууд бид ардчилсан сонголт хийж хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, эдийн засагт хувь хүний үүсэл санаачлага, идэвх чармайлтыг бий болгох, түүнийхээ үр дүнг хүртэх зорилгоор хувьчлалын процессыг эхлүүлэв. Үүний утга учир нь Монгол хүнээ өмчтэй болгож үндэсний эдийн засгаа эрчимжүүлэхэд оршиж байсан билээ. Төрийн эдийн засгийн бодлогын либералчлал, хувьчлалын үр дүнд олон хэвшлийн эдийн засаг бий болж, хөгжлийн хурд нэмэгдлээ. Энэ онд эдийн засгийн хөгжлийн хурдыг 8.5 хувиар өсгөхөөр парламент баталсан боловч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 20 хувьд хүрнэ, бид дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа орны тоонд орно гэсэн таамаглал дэвшүүлэх болов. Бас улсын төсвийн орлого 2012 онд 3 дахин өсөх төлөвтэйг тэмдэглэж байна. Энэ бүхэн бол нийгэмчлэлийн үр шимийг авч байсан хандлагаас хувьчлалын үр шимийг хүртэх чиглэлд эдийн засгийн хөгжлийн гольдрилыг сольж эдийн засгийн амьдралыг эрчимжүүлсэнтэй юуны өмнө холбогдоно. Эдийн засгийн боломж сайжирч байгаа энэхүү алтан боломжийг ашиглаж, хөгжлийн стратегийн гол асуудлаа шийдэх учиртай.

Гуравдугаарт, 1989 онд бидний хийж байсан судалгаагаар сэтгэлгээний тэргүүний хүмүүсийн олонхи нь капитализмыг биш, харин социализмаа сайжруулан хэрэглэнэ гэсэн бодолтой, хүн ардын төлөөлмөл судалгаагаар 50 хүрэхгүй хувь нь ардчилал зах зээлийн зарчмыг хүлээн зөвшөөрч байлаа. Эдүгээ Монголчууд бидний үнэмлэхүй олонхи нь ардчилал, зах зээлийн зарчмыг хүлээн зөвшөөрч, өмчтэй байж юм бүтээх, хүсэл мөрөөдөлтэй, тэр хирээрээ амьдралаа авч явах хандлагатай боллоо. Эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэрэглэгчид хир зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг хэрэглэгчдийн илтгэлийн индекс түүвэр судалгаагаар 3 дахин өссөнийг судлаачид тогтоосон байна. Энэ бол гүнзгий өөрчлөлт. Энэ өөрчлөлтийн үр шим нь хөгжлийн хурд нэмэгдэж байгаагаар илэрч байна. Гэвч зарчмын зүйл нь эдийн засгийн өсөлт хурдан байхад биш бид хөгжингүй орны зиндаанд багтаж, хүн ард нь чинээлэг хангалуун амьдрахад утга учир нь оршиж байгаа билээ.

Дөрөвдүгээрт, хөгжлийн хурд нэмэгдэж байгаа ч эдийн засгийн бүтэц өрөөсгөл, хөгжлийг өөрөөсөө гаргах чадваргүй хэвээр байна. Энэ нь юуны өмнө хөдөө аж ахуй, уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүн нийт экспортод 80 гаруй хувийг эзлэж байгаагаар тод томруун илэрч байна. Үүн дээр гадаадын хөрөнгө оруулагчдын Монголоос түүхий эдийг түүхийгээр нь зөөж, орлогын үндсэн хэсгийг өөртөө авсаар байх бодлого, санаархлыг нэмж үзвэл хөгжлийн шинэ заагт хэрхэн хөгжих тухай бид даацтай бодохоос аргагүй байна. Тавдугаарт, технологийн хөгжлийн үе шатаар бид хоцорсоор байна. Хөгжилтэй орнууд мэдээллийн, нано технологийн шинэ эрэмбийг сонгож, технологийн хөгжлийн V, VI шатанд ажиллаж байна. Бид мал аж ахуй, газрын эрдэс баялагаа боловсруулалгүй олзворлож нэг эрэмбэ өсгөж авахад л IV үеийн технологитой л зууралдаад явж байна. Аливаа улс орны хөгжил байгалын баялаг, түүний арвин их нөөцөөс хамаарахаасаа шинжлэх ухаан технологийн хөгжлийн бааз суурийг бий болгож, түүний өрсөлдөх чадварыг хангахаас л шалтгаална. Байгалын нөөц хэмжээтэй, олзворлож эхлэх мөчөөс эхлэн хорогдож хомсдоно. Тийм болохоор байгалын баялаг түүхий эддээ тулгуурлан хөгжлөө гарааны нөхцөл авах нь хэдийгээр бодитой боловч яваандаа мэдлэг, мэдээлэлд тулгуурласан эдийн засагт шилжих нь бидний хөгжлийн гол стратеги байх болно. Ийнхүү бид хөгжих хэрэгцээ, хөгжөөгүй бодит байдлын дунд амьдарч байна. тэгэхлээр бид яах ёстой вэ?

Хоёр. Бид яах ёстой вэ? Миний бодлоор бид эхлээд аж үйлдвэржилтийг хийх хэрэгтэй. Юуны өмнө аж үйлдвэржилтийн талаар төрөөс баримтлах бодлого, хандах арга зүйн зарчим, хэрэгжүүлэх механизм, гадаад дотоод хүчин зүйлсийг багтаасан шинэ тогтолцоог бий болгох учиртай. Ялангуяа эхний шатанд мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн аргаар боловсруулах явдлыг шинэ утгаар сэргээх, эрдэс баялагийн салбарын одоогийн хандлагыг шүүмжлэлтэй авч үзэж, ядахдаа нүүрсээ баяжуулж экспортлох, бензин, шатах тослох материалын хангамжийн өнөөгийн дорой түвшин, хараат байдлыг гэтэлтэл газрын тосны үйлдвэрлэлийг бий болгож, түүний олон талт бүтээгдэхүүнийг бий болгохын тулд химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, мөн металлург бас био болон нано технологийг шинэ шатанд хөгжүүлэх шаардлага гэж ойлгож болно. 100 мянган ажилгүйчүүдээ (ажил хүсч л байвал) ажилгүй хүнгүй болтол нь, гадаадад хараар ажиллаж буй олон Монголчуудаа ирж ажиллатал нь, бас гаднаас мэргэжилтэй ажиллах хүч Монголд ирж ажиллатал нь аж үйлдвэржилтийг өргөн цар хүрээтэй хийх хэрэгтэй байна. Үүнийг хэрэгжүүлж чадах эсэхээс улс орон хөгжсөн орны зиндаа руу шилжих эсэх нь шийдэгдэнэ.

Хоёр. Зөв хуваагдал. Ертөнц тэгш хэмтэй, нэг нэгдмэл зүйл учраас амьд байгалын зөв хуваагдлын зарчим эдийн засаг, нийгмийн системийн хувьд ч нэгэн адил хүчин төгөлдөр утгатай. Биологид амьтны бүрэлдэж тогтсон үр хөврөлийг лазераар тэгш хэмжээ 50:50 харьцаатай хуваахад тэдгээр нь хоёр бие даасан амьд биет болон хөгждөг. Дахин тэгш хэмтэй дөрвөн хэсэг болгон хуваахад дөрвөн амьд хэвийн өсөлттэй биет болон хөгждөгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Үүн лүгээ эдийн засгийн анатомын эд эсийн нэгж болсон өмч, тэгэхлээр орлого гагцхүү тэгш хэмтэй хуваагдсан нөхцөлд л эдийн засгийн хуваагдсан эд эс эрүүл зөв хөгжих бололцоотой. Гадаад, дотоод хөрөнгө оруулалтын нөхцөлд эдийн засагт томоохон объектын өмчлөл, хувьцаа, орлого тэгш хэмтэй 50:50 харьцаатай хуваагдсан нөхцөлд л системийн харьцаа, хуваагдсан хэсгүүдийн эрүүл хэвийн хөгжил хангагдана. Тийм болохоор Оюутолгойн загвар нь хөрөнгө оруулалтаа нөхсөний дараах орлогын хуваагдал хоёр талдаа 50:50 байхаас өөр аргагүй. Энэ бол улс төржилт биш бөгөөд уг системийн оршин тогтнох зарчим нь юм. Ийм хандлагаар өмч орлогын тэгш хуваагдахыг би зөв хуваагдал гээд байгаа юм. Уул уурхай дээрх өмч орлогын тэгш бус, зөв биш хуваагдал нь Монгол орон хөгжсөн орны зиндаа руу орох уу, эсхүл хөгжиж буй орон гэдэг категортоо үлдэж хоцрох уу гэдгийг шийдэх хөгжлийн зааг шугам юм. Ер нь цаашдаа стратегийн ордыг эзэмших, гадаадын хөрөнгө оруулалт Монголд зөвшөөрөх хэм хэмжээ нь хэн нэгэн албан тушаалтны эрх мэдэл биш, зөв хуваагдал бий болсон эсэхээс хамаарч байвал бидэнд нэн тустай буюу.

Гурав. Технократуудыг гаргаж ирье. Бид хөгжлийн шинэ заагт ирлээ. Үүнийг хэн хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэдэгт гол утга оршиж байх шиг. Буцалсан улс төрийн хөөсөөр улс орон хөгжихгүй бөгөөд бодит ажлыг хэдэн бор Монголчуудынхаа төлөө хийж чадах сэтгэл зүрхтэй технократууд л үүнийг шийдэж чадна. “Бүх аймгаа засмал замаар энэ дөрвөн жилд холбоно”, “Бүх сум, багийг цахилгаантай болгоно”, “Монгол улс газрын тосоо нэрж, өөрийн бензинтэй болгоно”, “Нэг тонн нь 4700 ам.доллар хүрдэг зэсийн баяжмалаа 14000 ам.доллароор үнэлэгддэг зэс утас болгоно”, “Одоо түүхийгээр нь гаргаж байгаа нүүрсээ коксжуулан 3 дахин өндөр үнээр гаргана” гэхчилэн олон олон зорилтыг өмнөө тавиад түүнийхээ төлөө цуцалтгүй явагч инженер, эдийн засагч, хуульч, технологич хүмүүс хөгжлийн төлөө дээд түвшиний удирдлагад гарах нь юу юунаас чухал болоод байна. Улсынхаа хөгжлийг, бас ядуурлыг нийгмийн үзэгдэл болохынх нь хувьд үгүй хийхийн тулд биш, гагцхүү гачигдах дутагдах юмгүй өндөр зиндаатай хүн болох гэж цагийн шалгуур даахгүй олон хүн улс төрд орж байна. Хэн нэгэн эрхэмийн сонгуульд зүтгэсний төлөө хуурамч диплом өвөртлөн төрд алба хашиж байгаа удирдлагын тэгэхлээр хүний нөөцийн хөгжлийн одоогийн хандлага улс орныг мухардалд хүрэхээс өөр юунд ч хүрэхгүй. Үүний оронд технократуудыг олноор гаргаж ирцгээе ээ.

Дөрөв. Нарны эдийн засаг дахь дохиололын тухайд. Анх 1843 онд Цюрихын одон оронч, Австрын эмийн санч Самуэл Хайнрих Швабэ нарны толбо (sunspot)-ыг дурандаж түүний тоо өөрчлөгдөх байдлыг судалсан. Шинжлэх ухаанд нарны гадаргын тодорхой хэсэг нарны туйлын солигдолтой холбоотойгоор хүчтэй соронзон идэвхжилээр хөрч, температур нь тухайн гадаргынхаа дунджаас бага болсон нөхцөлд хүйтэн хийн цагираг үүсдэг гэж үздэг бөгөөд энэ нь манай дэлхийн амьтан ургамлын системд эерэг, сөрөг янз бүрээр нөлөөлсөөр байна. Үүний үр дагаварыг зайлшгүй судлах шаардлагатай. Тэр бүү хэл зарим судлаачид улстөр, хөрөнгийн биржийн индексийг нарны идэвхжилтэй холбон судалсан явдал ч бий. Нарны толбошилтыг эдийн засагтай холбохыг оролдож хийсэн миний олон жилийн судалгаа (1749-2010) хоёр зүйлийг тоймлон хэлэх бололцоо олгож байна.

    Нэгдүгээрт, нарны толбошил 11 жил 2 сарын жижиг давтамжтай 22 жилийн хугацаатай цикллэг шинж чанар өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт нь манай гариг эрхэст хуурайших, эсхүл мөсөн далай хайлах, хур чийг их унах асуудлыг бүхэлд нь тодорхойлж байна. Хоёрдугаарт, тухайн жилийн өнгийг тодорхойлж байгаа ийм цикллэг байдал нь нүүдлийн мал ах ахуйтай манай орны макро эдийн засгийг мөн давтамжтай, мөчлөгтэй эрсдэл бүхий байдалтай болгож байна. Монголын түүхэнд тэмдэглэгдсэн онцгой ган, зудтай жилийн үзүүлэлтийг авч үзвэл:
    Зуд, гантай болон ердийн жилүүдийн толбожилт, идэвхжилийн харьцуулсан судалгаа /Вольфын тоогоор/

       Дээрх мэдээллийг графикаар дүрсэлбэл: Түүхэнд тэмдэглэгдсэн зудтай жилүүд
    Судалгаанаас үзэхэд нарны идэвхжил 12 сараас 2 сар хүртэл буурах, 2-4 сар хүртэл бууралт тогтворжих, 4-5 сар хүртэл сэргэлт, 5-6 сар хүртэл эргээд буурах, 6-8 сар хүртэл бууралт тогтворжих, 8-10 сар хүртэл сэргэн эргэж оргилдоо хүрэх, 10-11 сар хүртэл эргээд буурах, 11-12 сар хүртэл бууралт тогтворжих ерөнхий хэмнэл ажиглагдаж байв. Мөн энэ судалгаанаас үзэхэд ган, зудтай жилүүдэд Вольфын тоо ердийн үеийнхээс 12,9 дахин буурдаг нь ажиглагдав. Үүнийг дээрх графикаас ажиглаж болно. Нарны идэвхжилийн энэхүү дохиолол нь мал аж ахуй, газар тариаланд тодорхой үелэх хэмнэлтэйгээр нөлөөлдөг болох нь харагдаж байна. Нарны идэвжил 11 жил 2 сарын давтамжтай төдийгүй сар сараар өөрийн хэмнэлтэй байдаг бололтой. Мал ах ахуйн бүтээгдэхүүн түүний дотор малын мах, сүү боловсруулах үйлдвэр, түүнчлэн арьс шир ноос ноолуурын үйлдвэрлэлд дээрхи нөлөөлөл ул мөрөө гарцаагүй үлдээнэ. Нарны идэвхжил сулрах явдал 11,2 жилд ялангуяа 22 жилд 1 удаа тохиох нь гарцаагүй шинжтэй байгаа бөгөөд энэ үед эдийн засагт учруулсан хохирол хавьгүй их байгаа юм. 1944 оны зудад 705.8 мянган мал, 1967 оны зудад 620.1 мянган мал, 1978 онд 654.3 мянган мал, 1980-1981 онд 2428.2 мянган мал, 1990-1991 онд 363.5 мянган мал, 1999 оны зун нутгийн 60 орчим хувь гантай буюу гандуу байснаас 40-өөд мянган га-гийн ургац алдаж, өвөд зуд нүүрлэснээс том мал зүй бусын хохирол 2.6 саяд хүрч 90-ээд тэрбум төгрөгийн хохирол учирсан тухай Засгийн Газрын илтгэлд дурьдагджээ. Ийнхүү үндэсний эдийн засагт нарны идэвхжилтийн дохиолол өөрийн ул мөрөө үлдээсээр байна. Хамгийн ерөнхий байдлаар тэмдэглэхэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн түргэсгэх, удаашруулахад байгал цаг уур түүний дотор нарны идэвхжил их нөлөөтэй байдаг бололтой. Нарны толбошилт идэвхжил өндөр тогтвортой үед төв Азийн говь талд чийг унаж ногоо их ургадаг байна. Монголчуудын сэтгэлд хадгалагдан үлдсэн 1922, 1944 оны мичин жилийн зудны үед нарны идэвхжил буюу Вольфын тоо хамгийн бага /6 орчим/ байсан юм. Ингээд бодоход мал өсгөхийг нам засаг биш, нар түүний гүнд боловсрон илэрч байгаа толбошил голлон шийдэж байна уу гэж бодох юм. Ийм болохоор нарны идэвхжил онцгой буурсан жилүүдэд ган, зуд болох магадлал өндөр гэдгийг мэдэрч мал нядлах, мах бэлтгэх ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, тариа ялангуяа ус их шаарддаг хүнсний ногоо тариалахыг хязгаарлаж, бусад тохиромжтой жилд нь малаа өсгөж, атрын аянаа бодлогоор дэмжиж, үндэсний эдийн засаг түүний суурь салбар болсон хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн эрсдэлийг багасгах зориудын менежментийг хэрэгжүүлүүштэй.

Тав. Үндсэн хуулийн эдийн засгийн тухайд. Аливаа улс орон үндсэн хуульдаа эдийн засгийг яаж томъёолсон нь эдийн засаг тэгэхлээр улс орон хөгжих эсэхийг шийдэж байдаг гэж судлаачид үздэг. Монгол Улсын Үндсэн хуулинд “Олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, “Өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална”, “Төр ... эдийн засгийг хуулиар зохицуулна” гэж томъёолсон нь ханатай зөв боловч ажил хэргийн үүднээс хэтэрхий ерөнхий юм. Үнэндээ зах зээлийн зарчмыг авсан боловч үндсэн хуулиндаа эдийн засгийн гол асуудлаа нарийн тодруулаагүй олон оронд өнөөдөр ч гэсэн хөгжих аяс харагдахгүй байна. Харин төрийн оролцоог ухаалаг тусгаж хэрэгжүүлсэн Япон, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг хөгжлийн төлөвлөлттэй орнууд л баялаг хомс ч улс орноо хөгжсөн орны түвшинд аваачиж чадсан юм. Хөгжлийн өнөөгийн практик зах зээлийн түгээмэл зарчим, онолын хандлагыг эвдэхгүй байгаа ч зарим засвар хийх шаардлагатайг амьдрал бидэнд нэгэнт ойлгуулаад байна. Адам Смитийн “үл үзэгдэх” гараар зохицуулагдах эдийн засагт бас үзэгдэх гар байлгах шаардлагатайг амьдрал харуулсаар байна. Фридман эрх чөлөөг шууд өөрөө эдэлж, хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэх чадваргүй хүмүүсээс ямар ч нийгэм ангижрах бололцоогүй. Тэдгээр хүмүүсийг хамгаалах үүрэг төрд байна гэснийг онолын хүрээнд одоохондоо няцааж чадаагүй байна. Бид халамж, тэтгэлэг ядахдаа ийм утгаар байх учиртайг хэтрүүлэн бүх Монголчууддаа сард 21000 төгрөг олгодог болгож, үндсэн хуулийн эдийн засгийг сонгуулийн эдийн засаг болгоод байна. МУИС-д боловсрогдсон судалгаагаар бэлэн мөнгө тараах бодлогыг судалгаанд хамрагдсан өрхийн 39.2% нь зөв, 43.6% нь буруу, 17.2% нь мэдэхгүй гэж хариулсан байна. Үндсэн хуулинд тогтоох татварын тоо, түүний хил хязгаарыг тоймлон гаргаж өгөөгүйгээс 68 хувийн татвар гэхчилэнгийн шинэ татварын төрлийг бий болгож, эдийн засгийг эдийн засгийн бус аргаар хөгжихөд хүргэж байсан жишээ манайд бий. Эдийн засгийн хөгжилд төрийн үүргийг либералчилж, хязгаарлаж ирсэн бодлогыг дахин үнэлэх, хөгжиж буй орнууд дахь үндсэн хуулин дахь эдийн засгийн асуудлыг тухайн орны түүх уламжлал, онцлог, бусад цөөн тооны орнуудын хөгжсөн орон болон дэвшиж хөгжсөн туршлагыг харгалзан төрийн оролцооны шинэчилсэн үүрэг бүхий “эрүүл онол” үндэслэхийг сэтгэлгээний тэргүүний хэсгийнхэн оролдсоор байгаа билээ.

Дэлхийн томоохон эдийн засагчдын нэг Эрнандо Дэ Сото капиталын нууц номондоо Өрнөдийн ялгуулсан капитализм өөр газар өөдөлдөггүй учрыг тайлах гэж оролдсоныг бид лекц хэлбэрээр сонсцгоож байсан билээ. Бидний Монгол ч гэсэн хөгжлийн төлөвлөлттэй болж (өмнөх хуучин төлөвлөлт сэргээх тухай би яриагүй байна) илүү шахалттай хэлбэрээр эдийн засгийн шинэ бүтцүүдийг бий болгохоос өөр аргагүй. Үндсэн хуулинд тодорхойгүй орхигдсон хөгжлийн төлөвлөлт, төрийн санхүү, төсөв, мөнгөний бодлогын хил хязгаар, тэдгээрийн уялдаа холбоо харилцааны суурь зарчмыг тогтоолгүйгээр асуудлыг бүхэлд нь хууль тогтоогчдын мэдэлд шилжүүлсэн нь ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа төдийгүй хууль тогтоогчдыг дураар авирлах бололцоог олгов. Үндсэн хуулийн ийм бүрхэг байдлыг далимдуулан хууль тогтоогчид нэг тэрбум төгрөгийг өөрсдийн тойрогт зарцуулдаг болж, гүйцэтгэх засгийн эрх мэдлийн нэг хэсгийг булаан авсан билээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Их хурлын гишүүдийн тоог нэмэхэд биш, харин Үндсэн хуулийн эдийн засгийн томъёоллыг илүү тодорхой болгоход түүнийг хөгжил авчирагч томъёолол болгоход гол утга санаа оршиж байгаа билээ. Ганцхүү Үндсэн хуулийн эдийн засгийг шинэ тодорхой утгаар бий болгож байж макро эдийн засгийн тогтвортой хөгжил хангагдана. Монголчууд чинээлэг амьдралтай болох, Монгол Улс өндөр хөгжилтэй орон болох эсэх нь үүгээр нэгэн адил шийдвэрлэгдэнэ. Үндсэн хуульд дахин эдийн засагчлал хийж, шинэ аж үйлдвэржилтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэн, технологийн хөгжлийг V, VI эрэмбэд хүргэн, нарны болон экспортын гол бүтээгдэхүүний дохиоллыг стратегийн менежментийн арга хэрэгсэл болгох замаар уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас мэдээлэл, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих явдал хөгжлийн гол хандлага байх болов уу? хэмээн үзэж байна.

2012 оны 1 дүгээр сарын 9, Улаанбаатар хот




Харилцах хаяг

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
Ерөнхий сайд А.Амарын гудамж 1
Улаанбаатар хот 14200
Монгол улс
Ш/х 20A/34
Утас: 976-11-262247
Факс: 976-11-262247, 261993
E-mail: mas@mas.ac.mn

Related Posts by Categories



Ulaanbaatar time

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP