- Агуулгын шошго

Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА

2010-02-05 17:51
mongolnews.mn-ээс

Саяхныг хүртэл Монголд санхүүгийн үйлчилгээ гэдэг ойлголт банкны зээл, лизинг төдийгөөр хязгаарлагдаж байсан. Харин энэ нь зах зээлийн нийгэм төлөвшиж буй манай орны хувьд хангалттай үзүүлэлт биш. Дэлхийн олон оронд томоохон компаниас эхлээд хувь хүн төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, амьдралдаа ашигладаг туршлага бий. Энэ жишгийг “FSCo” групп Монголд нэвтрүүлэхээр амьдралын даатгалын “Нэйшнл лайф”, венчур хөрөнгө оруулалтын “Эн Ви Си”, диллер, брокер, андеррайтерийн “Эм Ай Би Жи” компаниудыг үүсгэн байгуулсан нь үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ талаар тус группийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Манай зарим бизнесмэн Монголын одоогийн санхүүгийн зах зээл дээр шинэ ажил эхлүүлэхэд эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл танайх яагаад энэ ажлыг хийх болов?

-Эрсдэлтэй гээд хойш суугаад байж болохгүй ажил. Хэчнээн эрсдэлтэй байгаа ч гэсэн Монголд нэн чухал хэрэгцээтэй байгаа энэ ажлыг хэн нэг нь хийх хэрэгтэй биз дээ. Эхний ээлжинд бид зах зээл өндөр хөгжсөн орнуудад байдаг санхүүгийн үйлчилгээнүүдээс Монголд байхгүй, чухал шаардлагатай хэлбэрийг нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилго тавиад, хоёр жилийн өмнөөс ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд гадаад, дотоодод хэлхээ холбоо тогтоож тохиролцоо хийх, хүмүүст санхүүгийн үйлчилгээ гэдгийг таниулах гээд мундахгүй их ажил амжуулсан. Энэ ажил амаргүй байсан. Иргэдийн санхүүгийн боловсролыг хөгжүүлж, үүнийгээ амьдралдаа ашиглаж сурахад нь туслах хэрэгтэй болсон юм. Тухайлбал, ирээдүйд учирч болох санхүүгийн хүндрэлээс сэргийлэх, хуримтлуулсан мөнгөө хаана, хэрхэн ашигтай байрлуулах арга замаа тодорхойлж чаддаг, шинэ ажил эхлэх, бизнес хийх гэж байгаа нэгэнд мөнгө, хөрөнгө босгоход нь тусалдаг санхүүгийн үйлчилгээ гэдэг зүйл байдгийг таниулах хэрэгтэй болсон.

-Харамсалтай нь, ямар нэг бизнес эрхлэх, төсөл хэрэгжүүлэх бодолтой явдаг хүмүүс санхүүгийг үйлчилгээний талаар нарийн ойлголт байдаггүй?

-Санхүүгийн үйлчилгээ гэхээр манай иргэд ихэнхдээ банк, хадгаламж зээлийн хоршооны хүрээнд ойлголттой байдаг. Дээр нь санхүүгийн түрээс буюу лизинг. Тэгвэл зах зээл өндөр хөгжсөн гаднын орнуудад хүн бүр санхүүгийн үйлчилгээг амьдралдаа ашиглаж болохуйц болтлоо боловсорч, төрөлжсөн байдаг. Энгийн үгээр хэлэхэд, энэ нь хөрөнгө, орлого, боловсрол, ажил алба хамаарахгүйгээр хүн бүрийн амьдралд ашиг тусаа үзүүлдэг. Тухайлбал, ирээдүйд нүүрлэх магадлалтай санхүүгийн хүндрэлийг энэ төрлийн үйлчилгээг ашиглан хохирол багатайгаар давах шийдлийг олж болно. Эсвэл бизнесийн ашигтай төсөл боловсруулчихаад мөнгөний гацаанд орсон нэгэнд шаардлагатай мөнгийг нь босгоход тусалж байна. Мөнгөний гацаанд орсон тохиолдолд өнөөдөр Монголд ямар боломж байна вэ гэхээр банкны үүд сахих, эсвэл төрийн түшмэдүүдийг царай алдан ар өврөөр нь гүйхээс өөр гарц үнэндээ байхгүй. Тэгвэл энэ дээр бусдын хөрөнгийг дайчлах, төслөө өөртөө төдийгүй өрөөлд ашигтай байлгаж, мөнгө босгох ажилд санхүүгийн үйлчилгээ ашиглаж болдог юм. Эсвэл цалингаасаа цуглуулсан, бизнесийн ашгаасаа хуримтлуулсан мөнгөө хаана, яаж ашигтай, найдвартай байдлаар байршуулж болох вэ, хэнээс ямар үйлчилгээ авах ёстой юм гэдгийг ч төвөггүй шийдэж болдог. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үйлчилгээ гэдэг маань зөвхөн томоохон бизнес эрхлэгчид, компаниудад зориулсан зүйл биш, нийгмийн эд эс болсон өрх бүрт, хувь хүн бүрт хүрэх үйлчилгээ. Дэлхий дахинд санхүүгийн үйлчилгээ гэдэг энэ зуунд үүссэн цоо шинэ зүйл биш, зах зээлийн замналаар олон жил явсан орнуудад хэдэн зуун жилийн турш хэрэгжээд, төлөвшөөд, тогтчихсон ойлголт. Харин эдгээрээс тун цөөн төрөл нь манайд нэвтэрсэн ч зарим нь төлөвшиж чадахгүй байна. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд манай хөрөнгийн болон банк, санхүүгийн зах зээл дээр болсон доргилтууд үүнийг нотолж байгаа. Зөвхөн “FSCo” групп дангаараа санхүүгийн үйлчилгээний бүх төрлийг Монголд оруулж ирнэ гэж зүтгэх боломжгүй. Нийгмээрээ, төр, иргэн, бизнесмэн, компаниуд гээд монголчууд бүгд хөдөлж, итгэж, дэмжиж хамтарч байж хийх ажил. Манай группийн хувьд эхний ээлжинд Монголд нэн шаардлагатай гурван төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх гээд ажиллаж байгаа.

-Ямар гурван үйлчилгээг Монголд хамгийн түрүүнд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэв?

-Эхнийх нь бидний нэрлэж заншсанаар амьдралын даатгал. Үүнийг анх сонссон хүн ямар ч байсан амьдралтай холбоотой урт хугацааны даатгал юм байна гэж ойлгоно. Дотроо амь нас, эрүүл мэнд, тэтгэвэр, хөдөлмөрийн чадвартай холбоотой гээд төрөлжүүлсэн бүтээгдэхүүн бий. Бүр тухайн айл өрхийн хэрэгцээг хангахад шаардлагатай хуримтлалыг бий болгох, үүний дотор орон сууцны хуримтлалын даатгал, боловсролын хуримтлалын даатгал гээд хүний амьдралд байдаг бүхий л хэрэгцээг хангах зориулалттай төрлүүд бий. Хоёр дахь нь, олон улсад “Investment banking” нэрээр төлөвшсөн үйлчилгээ. Үүнийг бид монгол руу “Төслийн санхүүжилтийг босгож өгөх үйлчилгээ” гэж буулгасан. Энэ төрлийн үйлчилгээг тодорхой төсөлтэй хүн, ирээдүйтэй төсөлтэй компани авч болно. Бид тухайн төсөлд хэрэгтэй хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөх юм. Жишээлбэл, 100 сая төгрөг хэрэгтэй байлаа гэхэд хувьцаа гаргах замаар хэчнээн төгрөг босгож болох нь вэ, хувиараа хөрөнгө оруулагчдаас хэдэн хувийг нь татах боломж байна, төрөөс хэрэгжүүлж буй төслөөс тодорхой хөрөнгө татаж болох нь үгүй юү, хэдийг нь банкнаас зээлэх вэ гэдгийг зохицуулж өгдөг цогц, нэлээн том хэмжээний үйлчилгээ гэж ойлгох хэрэгтэй. Гурав дахь нь, манайх өөрсдийн хэмжээнд таарсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Олон улсад венчур капитал гээд нэршсэн манай үйлчилгээнд өсөх ирээдүйтэй, үр хөврөлийнхөө шатанд явж байгаа компани, төслүүд хамрагдаж болох юм. Бид тухайн төслийн хамгийн эрсдэлтэй үед нь боломжийнхоо хэрээр хөрөнгө оруулалт хийгээд, эрсдэл нь буурсны дараа бусдын хөрөнгийг татаж, санхүүжилтийг шийдэж өгөх юм. Энэ үйлчилгээний хамгийн таатай нөхцөл нь бид эрсдэлийг нь үүрэлцэж, ашигтай ажиллах боломжтой болсон хойно тухайн төслөөс гардагт байгаа юм.

-Товчхондоо бол мөнгөний гацаанд орсон, ирээдүйтэй ашигтай төсөл, бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн үг үү?

-Энгийнээр хэлбэл мөн л дөө. Товчхондоо ингэж хэлж болох ч чимхлүүр ажилтай, нарийн үйлчилгээ гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. Анх сонсоход зөвхөн мөнгө, хөрөнгийн асуудал шиг санагдах ч яг үйлчилгээ үзүүлэх гэхээр манай дээр ирж байгаа төсөл, компаниуд дээр янз, янзын хүндрэлүүд гардаг. Тухайлбал, компанийн дүрэм гээд хоёрхон хуудас байж байдаг, захирал нь гээд мэргэжил, мэдлэг үл хамаарсан нэг хүн бүхнийг удирдахаар төлөвлөсөн, хамтран ажиллаж байгаа баг нь менежментийн мэргэжлийн хүмүүс биш ах, дүү хамаатан садан нь сууж байх жишээтэй. Тиймээс сонгосон зарим төсөл дээр мэргэжлийн менежментийн баг бүрдүүлэх, ялангуяа компанийн сайн засаглал тогтоох, бүр технологийн хайлт, тооцоо судалгааг нь хийх багц үйлчилгээ үзүүлэх болчихоод байгаа юм. Өнөөдөр Монголын санхүүгийн зах зээлийг хараад байхад төсөл босгох сонирхолтой, өөрийн гэсэн тодорхой төсөлтэй хувь хүн, компаниудад мөнгө хөрөнгө босгоё гэвэл төрийн зээл, дэмжлэгийг эс тооцвол боломж байхгүй гэж болно. Төрөөс төсөл хэлбэрээр, жишээлбэл өнгөрсөн жилийн дуулиантай жижиг дунд үйлдвэрийг дэмжих 30 тэрбум гэх маягаар үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ хүн бүр үүнээс хүртэж чадах уу гэхээр эргэлзээтэй. Тиймээс өөр гарц хайх хэрэгтэй болно доо. Зарим нь хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж хөрөнгө босгох ажил хийх гэж үзсэн. Нэг, хоёроос бусад нь амжилт ололгүй дампуурсан. Тэгэхээр банк руу очно, зээлтэй дүйцэх хэмжээний барьцаа нэхэж, баталгаа шаардана. Бүтэхгүй бол арга ядаад мөнгөтэй найз руугаа гүйнэ дээ. Өөр ямар ч боломж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд хэчнээн сайн төсөл хийж, ашигтай бизнес эхлүүлсэн ч үүнийгээ хэрэгжүүлэх бодит боломж хязгаарлагдмал байгаа юм. Үүнийг ажигласны үндсэн дээр хоёр жилийн өмнөөс венчур капитал үйлчилгээг эхэлүүлсэн. Энэ нь эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт гэсэн үг. Тухайн төсөл эрсдэл ихтэй байсан ч өгөөжтэй, өсөж дэвжих боломжтой, цаашид аваад явах менежментийг сайн багтай байх юм бол хэрэгжих бодит боломжийг нь олгох санхүүгийн үйлчилгээ юм. Хөрөнгө оруулалтын санхүүжилтэд IPO хийх, бонд гаргаж хөрөнгө босгох, цаашилбал том төслүүд дээр гаднын хөрөнгө оруулалтыг татах гэрээ хэлэлцээр ч хийж болно. Мөн гадаад, дотоодын зээлд зуучилж болно. Венчур капиталын үйлчилгээ 15 жилийн өмнө АНУ-д хүчээ авсан, сүүлийн үед Европт ихэд дэлгэрээд байгаа юм. Үүнийг бид монголчууддаа таниулж, хүргэхээр ажиллаж байна.

-Сайн төсөлтэй хүн, эсвэл ирээдүйд дэвжих боломжтой ч үр хөврөлийнхөө шатанд явж байгаа компаниудад тулгардаг хамгийн том бэрхшээл болох санхүү, хөрөнгийн асуудлыг нь шийдэж өгнө гэсэн үг үү?

-Манай венчур капиталын үйлчилгээг сонирхсон хүн хоёр шалгуурыг давах ёстой. Эхнийх нь богино хугацаанд дэвжих, ашигтай ажиллах боломжтой нөгөөх нь, тэр төслийг цааш хэрэгжүүлэх мэргэжлийн сайн баг бүрдүүлсэн байх ёстой. Тэгвэл бид хөрөнгө, санхүү босгох тал дээр туслана.Тодорхой хугацаанд хамтарч ажиллаад, ажлыг нь эхлүүлээд, үйлдвэрлэл бизнес нь тогтворжсоны дараа бид өөрсдийн хувиа буцаагаад эзэнд нь зарчих юм. Ингээд тэр хүн тогтворжсон бизнесээ толгой даан цааш авч явах болдог. Маш товчхоноор хэлэхэд, эрсдэлтэй үед нь ороод, хөл дээр нь босгочихоод буцаад гарна. Энэ зарчим хуваах, таллах дургүй монгол сэтгэлгээнд их нийцдэг бололтой юм билээ. Одоогоор бид барилгын салбар, сүүний үйлдвэр гээд хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллаж байна. Эдгээрээс гадна эрсдэл хүлээсэн төслүүд ч бий. Тухайлбал өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 10 саяын хөрөнгө оруулсан. Харамсалтай нь, эрт хүйтрэлтийн улмаас ургацаа алдсан. Венчур капитал үйлчилгээний онцлог давуу тал нь эрсдэл хүлээсэн нөхцөлд бид цаад хүнээс нэг ч төгрөг нэхэхгүй, төр засгаас ч хариуцлага шаардахгүй. Энэ төсөлд анх орохдоо л болзошгүй эрсдэлийг тооцож, мэдэж байсан учраас үр дүнг нь үг дуугүй хүлээсэн нь тэр.

-Танайх ашгийн төлөө ажилладаг байгууллага гэдэг нь нууц биш. Ийм зарчим бизнес эрхлэгчдэд таатай боловч танай байгууллагын хувьд аз сорьсон хэрэг биш үү?

-Тийм учраас бид төсөл сонгохдоо маш хариуцлагатай, няхуур ханддаг. Бид төсөл амжилттай хэрэгжвэл зохих хувиа авна. Тиймээс нэгэнт сонгосон бол үйл ажиллагаа нь жигдэрч, ашигтай ажиллах хүртэл хамтдаа зүтгэнэ дээ. Үүний дүнд цаад талдаа ч, бидэнд ч ашиг унана. Эрсдэлээ бол манайх хүлээнэ гэхээр их таатай үйлчилгээ юм. -Ийм өндөр шалгуурыг хүссэн хүн, байгууллага бүр давахгүй болов уу? -Хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Монголчууд менежментийн баг бүрдүүлэх дээр анзааргагүй ханддаг. Нэг бол ах, дүү нараа цуглуулчихна, эсвэл насаараа тэр салбарт тэргүүлсэн мэргэжилтэн, доктор, профессор байвал сайн гэж боддог. Зарим хүн “Би насаараа энэ салбарт ажилласан” гээд зүтгэчихнэ. Тийм үед “Та шилдэг мэргэжилтэн байж болно. Гэхдээ хүн эмчилнэ, эмнэлгийн дарга байна гэдэг тэс өөр ажил шүү дээ. Тэгэхээр та тухайн салбартаа ажиллаж байсан арвин туршлагатай шилдэг мэргэжилтэн байхаас гадна бизнес санхүүгийн мэдлэгтэй, технологио мэддэг, менежмент мэддэг байх шаардлагатай” гэж тайлбарладаг. Нөгөө нэг асуудал нь дутуу боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл. Харахад их сайхан график, зурагтай, өнгөтөөр хэвлэсэн хуудсууд бариад ирдэг. Гэтэл тэндээ төсөөллөө, өөрийнхөө харахыг хүссэн тоогоо бичээд ирсэн байх нь олон. Харин бидний шаарддаг техник, эдийн засгийн үндэслэл маань эн тэргүүнд төслийн эзнээс хараат бус байх ёстой, тэнд байгаа тоо, магадлал, дүгнэлт бүрийн төлөө хариуцлага хүлээх хөндлөнгийн хуулийн этгээдээр хийлгэх хэрэгтэй. Эцэст нь, тэнд бичигдсэн тоо, үг бүр бодит үндэслэлтэй байх гэсэн шалгуур тавьдаг. Энэ шаардлагыг хангаагүй улмаас маш олон төсөл дэмжигдэхгүй, хасагддаг юм.

-Өнгөрсөн хугацаанд венчур капитал үйлчилгээг сонирхсон хэчнээн төсөл, байгууллага танайд хандсан бэ? Одоогоор хэд нь танай “Эн Ви СИ” ХХК-ийн үйлчлүүлэгч болоод байна вэ?

-Хоёр жилийн хугацаанд 100- гаад төсөл ирсэн. Бид дотоод дүрэм журмаараа шалгахад ердөө 10-аад нь “боломжтой” гэж дүгнэгдсэн. Үүнээс тал нь л венчур капитал үйлчилгээ авах болзол хангасан. Одоогоор хөөсөн бетонон блокын “Пеноблок”, хүүхэд залууст зориулсан “Хүүхдийн ертөнц”, сүүний үйлдвэрийн “Жаргалан” гээд гурван төсөл дээр амжилттай ажиллаж байгаа. Харин бусад төслүүд анх тооцоолж байсан шигээ ашигтай, дэвшилттэй үр дүнд хүрээгүй учраас бид гарсан.

-100-гаас тав гэхээр маш бага үзүүлэлт. Үлдсэн 90 гаруй төсөл ямар учраас хасагдсан юм бол. Бодит боломжийг олгоно гэж яриад байгаа атлаа танайх дэндүү өндөр шалгуур тавиад байгаа юм биш үү?

-Би хэлсэн дээ. Энэ зүгээр нэг хөрөнгө босгох биш, маш нарийн, чимхлүүр ажил гэж. Бидний шалгуур өндөр байна уу гэвэл үгүй. Хамгийн эхний бүдрэх шалтгаан бол нөгөө дутуу боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл нь нийцэхгүй байна. Хоёрдугаарт, компанийн засаглал гэдэг зүйлийг манайхан ер ойшоохгүй байна. Төсөл бичсэн хүн захирлаасаа эхлээд бүгдийг нь би хийнэ гээд үзээд байдаг. Сайн баггүй бол амжилтын талаар ярих ч хэрэггүй. Дэмжигдэхгүй, хасагдаад байгаа гол шалтгаан ердөө л энэ хоёр.

-Бизнес хийх хүсэлтэй хүмүүс энэ маягаар санхүүгийн үйлчилгээ авч болох нь. Тэгвэл хувь хүн бүр санхүүгийн үйлчилгээг амьдралдаа ашиглаж, хэрэглэж болно гэсэн. Хүний орлого, хуримтлал, түрийвчин дэх мөнгөөр дамжуулан амьдралд нь ашиг тусаа өгөх үйлчилгээ гэхээр уншигчид сонирхох нь лавтай. Тухайлбал, даатгалын үйлчилгээг бид заавал даатгуулах нийгмийн даатгал, үр өгөөжийг нь тэр бүр мэдэрдэггүй эрүүл мэндийн даатгал төдийгөөр ойлгодог…

-Сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд монголчууд даатгалын үйлчилгээг өөрөөр ойлгодог болсныг хэлэх хэрэгтэй. Энэ ойлголтыг таниулах, төлөвшүүлэхэд сайн муугаар хэлэгдэж байдаг Нийгмийн даатгал, дээр нь хэд хэдэн хувийн даатгалын компани хувь нэмрээ оруулсан. Гэсэн ч даатгал гэхээр нэлээд маргаантай байдаг, зарим хүн энэ үйлчилгээнд гомдолтой явдаг юм байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж, олон талын хамааралтай байх нь ойлгомжтой. Манай нийгмийн даатгалын тогтолцооноос бусад салбар аль хэдийнэ зах зээлийн эдийн засаг руу ахисан байгаа юм. Харин нийгмийн даатгал нөгөө л төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнх шиг төр засгийн мэдэлд л байгаад байдаг. Хүн цалин, орлогоосоо тодорхой хувиа өгдөг. Тэр хуримтлал төрийн нэрийн дор ямар ч хяналтгүйгээр үрэгдэж, зарцуулагддаг. Нөгөөтэйгүүр, хуваарилах зарчим нь ч шударга биш. Жишээлбэл, албан хаагч Бат сар бүрийнхээ орлогын 10 хувийг нийгмийн даатгалд өгдөг бол малчин Дорж нэг ч удаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Гэтэл тэтгэвэрийн насанд хүрэхээрээ хоёулаа адил хэмжээний тэтгэвэр авдаг. Шударга биш биз дээ. Энэ бол хуучин нийгмийн тогтолцооны “адил, тэнцүү байх” гэсэн зарчим юм. Дээр нь, тэтгэвэр авдаг хүмүүс алгаа тосч гуйгаад төрөөс мөнгө аваад байгаа биш. Өмнө нь нийгмийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөнөөсөө буцааж авч байгаа юм. Өнөөдрийн тогтолцоо нийгмийн даатгал нэрээр хувь хүний орлогоос шууд авдаг хэрнээ эргүүлээд өгөхдөө төрийн халамж үзүүлж буй мэт ойлгуулаад, тэтгэвэр авч байгаа хүмүүс нь гуйж байж халамж хүртэж байгаа юм шиг харагддаг. Иймэрхүү тогтолцооны гажгаас болж даатгал гэдэг дэмий зүйл, ямар ч ашиггүй гэдэг ойлголттой хэсэг хүмүүс байна. Үүнийг бид залруулж, зөвөөр ойлгуулж, үр шим ашиг тусыг нь хүртэх боломжийг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа. Гаднын орнуудад даатгал алхам тутамд нь хэрэглэгддэг. Даатгалгүй бол эмнэлэгт үзүүлж, ажилд орж, нийгмийн бусад үйлчилгээг авч чадахгүй, бүр цаашлаад амьдрах эрхийг нь баталгаажуулдаг хамгийн том түлхүүр нь болчихоод байгаа. Америкт гэхэд л дүрэм зөрчдөг жолоочийн даатгалын төлбөр арай илүү байх жишээтэй. Энд, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа тэр хүн бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулах магадлал ихтэй учраас илүү төлбөр төлөх ёстой гэсэн мессеж явдаг. Монголд ийм хэвшлийг бий болгохын тулд ганц манай компани биш нийтээрээ, нийгмээрээ хөдөлж, даатгалын тогтолцоогоо хүчирхэгжүүлж, үйлчилгээг нь хүн болгонд хүргэдэг болгох хэрэгтэй юм.

-Энэ ажилд хүн бүрийн оролцоо чухал гэж байна. Хүмүүс ашиг тусыг нь ойлгосон үед дэмжинэ шүү дээ. Хадгаламж зээлийн хоршоодын будлиан, томоохон арилжааны банкуудын гэзэг дарсан дампуурлын золиос нь тэдэнд итгэж, сонгож үйлчлүүлсэн энгийн иргэд байсан. Ар араасаа гарсан банк, санхүүгийн салбарын энэ доргилтуудаас болж хүмүүс “Мөнгөө гудсан дороо хадгалах нь хамгийн аюулгүй” гэж бодох болж. Энэ нөхдүүд сайхан юм амлаж, ярьж хүмүүсээс хэдэн төгрөг цуглуулж аваад алга болдог гэсэн хардлага гарч байгаа биз дээ?

-Бүгд “Яагаад даатгалын секторт хувийн байгууллага орох сонирхолтой байгаа юм, та нар чинь буяны биш ашгийн төлөө ажилладаг хүмүүс шүү дээ?” гэж асуух нь лавтай. Үүнийг тайлбарлахын тулд дахиад л олон улсын туршлагыг ярина. Амьдралын даатгалын тогтолцоо олон улсад гурван төрлөөр явдаг. Нэг нь манайх шиг 100 хувь төрийн, хоёр дахь нь хувийн компаниуд, гурав дахь нь сайн дураараа хорших маягаар ажилладаг. Зөв тогтолцоог бүрдүүлж чадвал аль аль нь үр өгөөжтэй. Хамгийн гол нь ард нь маш сайн менежмент байх ёстой. Хадгаламж зээлийн хоршоод, том банкны дампуурлаас үүдээд монголчууд санхүүгийн үйлчилгээнд итгэхээ больж, болгоомжилдог болсон. Тэгвэл үүний гол алдаа нь хяналтын тогтолцоо байгаагүй. Төр ч, тухайн байгууллага ч, үйлчлүүлэгч ч ямар нэг хяналт тавиагүйн улмаас шил шилээ дарсан дампуурлууд болсон юм. Харин бидний хувьд энэ цоорхойг нөхөж, өндөр шалгууртай, хариуцлагатай, нээлттэй хяналтын тогтолцоог бий болгосон. Бид урт удаан хугацаанд ашигтай, тогтвортой ажиллахын тулд хэрэглэгчдийнхээ итгэлийг олох хяналтын шударга, хүчтэй тогтолцоог бүрдүүлэх шаардлага гарч байгаа. Хамгийн шударга, хүчтэй хяналт бол Санхүүгийн зохицуулах хороо ч биш, төр ч биш, ердөө үйлчлүүлэгч. Мөнгөө өгсөн хүн хянах нь чухал. Тиймээс бид энэ бололцоог бүрэн хангаж өгсөн, мөн хууль эрхийнхээ хүрээнд төрийн хяналтын байгууллагууд оролцоно. Эцэст нь хамгийн чухал хөндлөнгийн хяналт бол давхар даатгалын гэрээтэй дэлхийд тэргүүлэгч “Мюних Ре” компани. Бидний нэг том давуу тал бол давхар даатгал. Борлуулалтын орлого болон туршлагаараа дэлхийд тэргүүлдэг Германы “Мюних Ре” гэдэг давхар даатгалын компанитай гэрээ хэлцэлтэй ажилладаг. Манай компанийг байр сууриа бэхжүүлж, туршлагатай болтол эрсдэлээ 80/20 гэсэн харьцаатай үүрнэ гэсэн гэрээтэй. “Мюних Ре” 80 хувийг нь нөхөн төлж, үлдсэн хувийг нь бид гаргана гэсэн үг. Дэлхийн жишгээр даатгалын компаниуд давхар даатгагдсан, тэр нь бодитой байх ёстой. Манайд даатгуулсан хүн бүр компанийн талаарх мэдээллийг хүссэн үедээ авч болно, төлсөн мөнгөний урсгалаа хянаж, шалгаж болдгоороо бусдаас ялгаатай. Олон улсын жишгийг Монголдоо нэвтрүүлж байгаа юм. Манай эрсдэлийн 80 хувийг үүрч байгаа болохоор тэдний зүгээс өндөр шалгуур, шаардлага тавьдаг.

-Тэгвэл жирийн иргэн даатгалын ашиг тусыг амьдралдаа яаж мэдэрч болох вэ?

-Хоёр жилийн өмнө бид амьдралын даатгалын компаниа байгуулаад, анхны бүтээгдэхүүн буюу хугацаат даатгалын үйлчилгээгээ бэлэн болгоод тодорхой албан байгууллагуудад санал болгосон юм. Гэтэл хүмүүс янз бүр хүлээж авсан. Зарим нэг нь бүр уурлаж манай даатгалын мэргэжилтнийг “Нас барчихвал надад даатгал ямар хэрэгтэй юм, чи ер нь яасан муу ёрын юм яриад яваа нөхөр вэ?” гэж загнаж байсан удаатай. Тийм үед “Энэ муу ёр удсан хэрэг биш ээ. Та орлого олж, ар гэрийнхнийхээ амьдралыг баталгаажуулж байгаа хүн шүү дээ. Танд муу зүйл тохиолдохгүй бол хэн хэнд маань сайн. Гэхдээ гэнэтийн, золгүй явдал танд тохиолдох юм бол ард үлдэж байгаа хүмүүсийнхээ ирээдүйг баталгаажуулж, хамгаалах хэрэгтэй шүү дээ. Энэ бол гэр бүлээ хайрладаг хүний сонголт” гэж нэгбүрчлэн тайлбарлаж, таниулдаг байсан. Одоо бол өөр шүү. Амьдралын даатгал гэдэг үг хүмүүсийн чихэнд танил болж, үгийн санд нь суусан байна. Манай компанийн нэрийг таньдаг болж, даатгалын зарчим, нарийн ширийнийг мэддэг болж. Бидний санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн болгон төрөл, шинж чанараас хамаараад үр өгөөж, ашиг тус нь өөр. Дээр ярьсан хугацаатай даатгалаас гадна хуримтлалын даатгал гэж бий. Чадал тэнхээтэй байгаа үедээ орлого, зарлагаа сайн төлөвлөөд төдөн жилийн дараа хотын баруун дүүрэгт байршилтай гурван өрөө орон сууц авна гэх мэтээр зорилгоо тодорхойлоод мөнгөө тогтмол хугацаанд бага, багаар хийгээд байвал даатгалын компани зорилгыг тань биелүүлэхэд бодит хувь нэмрээ оруулна. Үүн дээр даатгалын том давуу тал ч бий. Товлосон хугацаандаа ямар нэг гэнэтийн эрсдэл (ажлаасаа халагдах, өвдөх …) гарвал бид нөхөн төлбөр болгож гэрээнийхээ дагуу үүргээ хүлээдэг. Олон улсад байдаг жишиг. Даатгалын ашиг тусыг энгийнээр тайлбарлая гэвэл өвчнөөр жишээ авч болно. Өвдлөө, наад зах нь тодорхой хугацаанд ажлаа хийхгүй учраас орлогогүй болно. Өвдсөн хүн зарлага гаргана аа даа. Цаашлаад амь насанд тулж, гадаад руу явж өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх болдог. Ийм үед манайхан “Монгол ах дүү нар минь туслаач” гээд хандивын данс нээж, хандивын тоглолт хийх гээд бадар барих арга сэддэг. Тэр бүр хэрэгцээтэй мөнгө нь хугацаандаа цугладаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэгвэл ийм байдалд орж, хэн надад хэдэн төгрөг хандивлах бол гэж амь нас, эрүүл мэндээ дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж байхын оронд эртхэн даатгал хийлгэсэн бол ийм асуудалд унахгүй. Өөрөөр хэлбэл, өрхийн болон хувь хүний санхүүгийн төлөвлөгөө гэдэг зүйл маш чухал юм. Зах зээлийн нийгэм гэдэг хүн болгоноос алхам тутмаа бодож, төлөвлөж амьдрахыг шаардана. Тэр дотроо өвчин тусвал яах билээ, адаглаад машинд шүргүүлчихвэл нөгөө жолоочтойгоо цуг хууль хяналтын байгууллагаар хөөцөлдөөд гүйх үү, эсвэл даатгалын компаниас эмчилгээний зардлаа аваад, бусад асуудлаа компанид даатгаж орхиод биеэ эмчлүүлэх үү гэдгээ л сонгоно гэсэн үг шүү дээ. Ерөнхийд нь ингэж тоймлож болох ч бүгдийг цөөн үгээр хэлж болохгүй юм. Тиймээс сонирхож байгаа хүмүүс манай мэргэжилтнүүдээс тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

-Тэгэхээр даатгал тэргүүтэй санхүүгийн үйлчилгээ гэдэг зөвхөн бизнес эрхэлж байгаа компаниуд, их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой яригдах зүйл биш. Ширээний ард хичээлээ хийгээд сууж байгаа оюутан, сурагчдад ч гэсэн хамаатай байх нь?

-Тэгэлгүй яахав. Бид хүүхдийн боловсролын даатгалын бүтээгдэхүүн зах зээлд гаргахад бэлэн болгоод байгаа. Энэ үйлчилгээг тухайлбал эмээ, өвөө нар сонгож, ачийнхаа сайхан ирээдүйд хувь нэмэр оруулах үүднээс боловсролд зориулж одооноос мөнгөө хуримтлуулж болно. Эсвэл албан байгууллага ажилтнуудынхаа үр хүүхдүүдэд зориулж боловсролын даатгал хийлгэж болно. Тэрнийхээ төлөө ажилтнуудынхаа өмнө хариуцлага хүлээж, ажилтандаа өндөр шаардлага тавих бололцоотой болох давуу талтай. Ингэхээр нэг талаасаа ажилтанд хэрэгтэй, нөгөө талаас ажил олгогчид ч хэрэгтэй сонирхлын зөв хослолыг бий болгож байгаа хэрэгсэл нь амьдралын даатгал болж байгаа юм.


“Ухаалаг хөрөнгө оруулагч” Бенжанин Грахам

“Хамгийн гол нь өөрийн гэсэн зарчмаа олж, судалгаа хийж, шийдвэр гаргах техникийг өөртөө бүрдүүл, түүндээ үнэнч бай”

Б. Грахам нь 1894 онд Лондон хотноо Германы цагаач Еврей гэр бүлд төржээ. Түүнийг балчир ахуйд гэрийнхэн нь АНУ-д шилжин суурьшсан байна. Тун удалгүй эцэг нь нас барж, Бенжамин хүүд хар бор ажил хийж гэр бүлээ тэжээх хүнд үүрэг ногджээ. Амьдрал нь хүнд байсан ч мэдлэг, боловсролыг чухалд тооцон сургуульд явж, шамдан суралцаж байв. Хожим хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө хураасаар дээд боловсрол эзэмших санхүүгийн нөөцтэй болж авсан байна. Хэрэв дэлхийн нэгдүгээр дайн гараагүй бол Бенжамин “Грахам” биш харин “Гроссбаум” гэсэн хуучин Герман овгоо хэвээр авч үлдэх байлаа. Гэвч нэгдүгээр дайны үеэр Германы эсрэг үзэл гаарч байсан Америк оронд Герман овгуудын ихэнх нь өөрчлөгдсөн юм. Тэрбээр шинжлэх ухаан, бизнесийн салбарт “тууштай байх” гэсэн үзлээрээ алдаршсан байлаа. Гэвч хувийн амьдрал нь өөрийг өгүүлнэ. Тэрээр гэр бүлийн хувьд туйлын тогтворгүйд тооцогдсон нэгэн байсан нь гурван удаа гэрлэж, салснаас нь харагддаг. Олон эхнэрүүдээс нь нийт 5 хүүхэд, 10 ач зээ нар байсан боловч тэднээс хэн нь ч түүний бизнест оролцох нь битгий хэл санхүү, биржийн талаар зөвлөгөө ч авч байсангүй гэх. 1949 онд тэрээр “Ухаалаг хөрөнгө оруулагч” хэмээх бүтээлээ туурвисан нь Цэнэ /Value/ -д тулгуурласан хөрөнгө оруулалтын онолын урсгалын эх үндэс болж өгсөн байна. “Үнийг нь төл, Цэнийг нь тунгаа” гэсэн хялбар уриагаар түүний онолын гол санааг илэрхийлж болмоор. Та хэн нэгний шаардсан үнийг төлж аливаа юмыг худалдаж авч таараа. Харин тэр зүйлээ хэр ашиглаж чадах эсэх тань цэнийг нь хэр зөв тодорхойлж чадсанаас л шалтгаална.

Санхүүгийн ертөнцөд хөл тавьсан түүх

Хорьтой байхдаа залуу Грахам Уолл Стрийт /АНУ ын Хөрөнгийн бирж/ -д самбар дээр хувьцааны үнийг шохойгоор бичдэг ажилд оржээ. Сониуч залуу маань тухайн үеэсээ л хувьцаат компаниудын тайлан балансыг шинжилж эхэлсэн ба энэ нь тухайн үедээ шинэ үзэгдэл байсан учир, мань эр тун удахгүй банк санхүүгийн ертөнцэд “нөлөөтэй” эрхмүүдийн анхаарлыг татаж, холбоо тогтоох замаа засчээ. 22 настайдаа тэрээр анхныхаа хөрөнгө оруулалтын пүүсийг байгуулж хөрөнгө оруулагч нарыг хайж эхэлсэн байна. Ер бусын аргаар шинжилгээ хийх чадвартай гэгдэх залуу эр хоромхон хугацаанд зуу зуун мянгаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. 1929 он гэхэд түүнд итгэж оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2,5 сая долларт хүрчихсэн байсан нь түүний нэрийг алдаршуулах нэг алхам боллоо. Богино хугацаанд толгой эргэм амжилтанд хүрсэн залуу эр тэр үедээ “хашир бурхинуудын” амжилтыг ч эвдэж байлаа.

Хямрал, дампуурал, сургамжууд

1929 онд АНУ ын үнэт цаасны зах зээлийн индекс 15 хувиар унажээ. Уолл Стрийт дэхь энэхүү биржийн хямрал Грахамыг ч тойрсонгүй. Зэгсэн алдагдал хүлээсэн боловч Грахам өөрийн шинжилгээний аргаар сонгосон хувьцаанууд нь бусад зээллэгүүдээс илүү болохыг баталж чадсан юм. Гучаад онд санхүүгийн зах зээл сэргэж эхлэхэд өөрийн номлолдоо үнэнч Грахам 100 % хувьцаанд хөрөнгө оруулалт хийв. Энэ нь алдаа байсан болохыг 1930 оны хоёр дахь их хямрал харуулж, санхүүгийн зах зээлийн индекс 1929 оныхоос илүү хүчтэй буюу 30% иар уналаа. Грахамын хөрөнгө оруулалтын сан нийт активийнхаа 50% ийг тус хямралаар тавиад туусан тул ихэнх хөрөнгө оруулагч нар нь мөнгөө татжээ. Ийнхүү богино хугацааны дотор санхүүгийн хувьд хоёр ч удаа дампуурч үзсэн нь эрсдлээс хамгаалах стратегид тулгуурласан хөрөнгө оруулалтын номлол боловсруулах сэдлийг Грахамд өгсөн бололтой. Тэрбээр судалгаа, шинжилгээ, багшлах ажилдаа илүү цаг зарцуулахыг эрхэмлэх болсон байв.

Цэнэд хөрөнгө оруулахуй /Value Investing/

1934 онд “Үнэт цаасыг шинжихүй” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн ба тхайн үед зөвхөн бонд болон зээллэгүүд нь л “найдвартай хөрөнгө оруулалт”, харин хувьцаа нь “аз сорьсон наймаа” гэж тооцогддог байлаа. Грахам уг бүтээлээрээ тухайн цагт ноёрхож байсан түгээмэл үзэлд няцаалт өгч, хувьцаа ч гэсэн өөрийн гэсэн суурь үнэтэй санхүүгийн хэрэгсэл гэдгийг баталж чаджээ. Улмаар 1949 онд “Ухаалаг хөрөнгө оруулагч” бүтээлээрээ үнэт цаасны зах зээл нь аз туршсан наймааны талбар биш гэдгийг харуулсан байдаг. Түүний шавь Уоррен Буффет /2005 оны байдлаар дэлхийд зөвхөн Билл Гейтсын дараа ордог тэрбумтан/ энэхүү бүтээлийг нь хөрөнгө оруулалтын талаар бичигдсэн хамгийн сайн ном гэж үнэлсэн байдаг. Грахамын гол санаа нь “Таны төлж буй үнэ болон олж авах цэнэ хоёрын чинь хооронд жийрэг /эрсдэлгүйн зааг буюу Margin of Safety/ байх ёстой”. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулж буй /хувьцааг нь худалдаж авч/ пүүсийн өөрийн, дотоод цэнэ нь тухайн үеийн зах зээлийн үнээс /хувьцааны үнэ/ өндөр байх ёстой. Тиймээс “байгаагаасаа” хямд үнэлэгдсэн пүүсийн хувьцааг л худалдан авах хэрэгтэй. Энэ санаагаа илүү баяжуулж хөрөнгө оруулагчдад зориулан тодорхой аргачлал боловсруулсан байна. Түүний хувьд хөрөнгө оруулалт нь урлаг биш харин математик тооцооллын нэгэн салбар байв. Тиймээс түүний боловсруулсан аргачлал нь энгийн, тодорхой зарчимд үндэслэсэн, барьцтай зэрэг давуу талтай гэж тооцогддог. Хөрөнгө оруулалт хийхээс өмнө сайн судал, шинжил, эрсдлийн түвшинг тодорхойл, үүний дараа хүлээгдэж буй ашиг үнэхээр боломжтой эсэхэд итгэлтэй болсон байх шаардлагатай. Грахам зөвхөн тухайн хувьцааны зах зээлийн үнэ бодит цэнээсээ /өртгөөсөө/ доогуур үед л худалдан авдаг байв. Энэ зарчмаа “Нэг Долларын төлөө 50 цент л төл” гэж илэрхийлдэг байжээ. Дараа нь зах зээл /бусад арилжаалагчид/ таны хөрөнгө оруулсан пүүсийн /хувьцааны/ жинхэнэ үнийг /цэнийг/ таних хүртэл хүлээх хэрэгтэй. Энэ санаагаа тэр өөрөө практик дээр баталж харуулсан байна. 1948 онд бүх хөрөнгийнхөө 25 хувийг “Жэйко” хэмээх даатгалын пүүсэд оруулсан бөгөөд 8 жилийн дараа энэ хөрөнгө оруулалтынх нь өгөөж 1635 % болсон гэдэг.

Түүний зөвлөсөн хувьцаа худалдан авахад анхаарах зүйлс:

-Нийт зах зээлд анхаарлаа хэт бүү хандуул. Зах зээл дээр ерөнхий үнийн түвшин өндөр байсан ч гэсэн хямд пүүсүүд олдох л болно.
-Аль нэг хувьцааны үнэ өслөө, буурлаа гэх бүрт тэр хувьцааг худалдаж авах хэрэггүй.
-Нэг ширхэг хувьцааг авахдаа хүртэл бүхэл бүтэн пүүс авч байгаа мэт хямгатай ханд. Хурдан ашгийн хойноос хэзээ ч бүү хөөцөлд. Хувьцааг нь насан туршдаа хадгалж чадна гэсэн компанидаа л хөрөнгө оруул.
-Цэнэ /болон өөрийн өртөг/ ийг эрэлхийл.
-Чанарт анхаар. Тухайн компаний ашиг олон жилийн туршид өссөөр байх болно гэсэн итгэлтэй үедээ л хувьцааг нь худалдан ав.
-Хувьцаа, зээллэгийг хольж багцаа бүрдүүл. Багцны тань дор хаяж 25 % чинь бэлэн мөнгө, бонд болон бусад зээллэгийн төрлүүд байх ёстой. Доод тал нь найман өөр хувьцаа эзэмшиж бай.
-Хамгийн чухал нь өөрөө сэтгэ, хүлээцтэй бай. Хамгийн их ашиг нь “шоовдор” гэгдэх хувьцаануудаас ирдэг бөгөөд үүний тулд дор хаяж таваас дээш жил хүлээх /дарах/ нь элбэг.
-Хувьцааны өгөөж нь зээллэгүүдийн дундаж өгөөжөөс даруй хоёр дахин их байх ёстой.
-Хувьцааны одоогийн үнэ/ашигийн харьцаа нь сүүлийн таван жилийнх нь хамгийн өндөр байсан үнэ/ашгийн харьцаанаас дор хаяж 40 % доогуур байх ёстой. Өөрөөр хэлбэл урьд нь ашигтай ажиллаж байсан ч одоохондоо тэр хэмжээндээ хүрч чадаагүй сул байгаа гэсэн үг.
-Ногдол ашгийн өгөөж нь санхүүгийн зах зээл дээрхи зээллэгүүдийн дундаж өгөөжийн 66 % тай тэнцүү буюу илүү байх.
-Хувьцааны зах зээлийн үнэ нь бүртгэлийн үнийхээ 66 % иас илүүгүй байх.
-Тухайн компаний хөрөнгийн зах зээл дээрхи нийт хувьцааны үнэ нь тухайн компаний эргэлтийн цэвэр хөрөнгийн 66 хувиас илүү байх ёстой.
-Өр зээлийн хэмжээ нь өөрийн хөрөнгөөс ихгүй байх.
-Эргэлтийн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрөөс хоёр дахин их байх.
-Нийт өр төлбөр нь тухайн пүүсийн эргэлтийн цэвэр хөрөнгийг хоёр дахин үржүүлснээс бага байх.
-Тухайн пүүсийн ашиг сүүлийн арван жилд дунджаар дор хаяж 7 % өссөн байх.
-Сүүлийн 10 жилд ашиг /5 хувиас илүү хэмжээгээр/ нь хоёроос илүү унаагүй байх.

Худалдах шалгуурууд

- Хувьцааны үнэ 50 % иас илүүтэйгээр өссөн бол
- Ногдол ашиг буурах юм уу, олгохгүй гэсэн мэдэгдэл гарвал
- Нэг хувьцаанд ногдох ашиг буурснаар хувьцааны зах зээлийн үнэ буурч эхэлбэл


_________________________________________________________________

erkhemee2.blogspot.com-оос

Брэнд бүтээх 22 зарчим

Аав охин хоёр болох Эл Райс (Al Ries) ба Лаура Райс (Laura Ries) нарын "Брэнд бүтээх 22 зарчим" (The 22 Immutable Laws of Branding) номыг эх хэлээрээ уншив дуусгав. Авууштай санаа, зөвлөмжүүд нилээд байсныг тэмдэглээд уг зарчимуудыг товч танилцуулахаар энд бичив. Уг номны гарчиг болон бас бус зүйлс нь интернэтэд бишгүй байсан тул хулгай гэж үзэхгүй хэмээн бүдүүн зүрхлэв. Энэ ном "ИнтерНом" номын их дэлгүүрт байсан ба эх монгол хэлнээ буулгаж өгсөн орчуулагчид уншигч олны өмнөөс талархая. Эрхэм баян эрдэм ном гэдэг билээ. Монголчуудын маань сэтгэл оюу гэгээн тунгалаг байх болтугай!

Брэнд гэж юу вэ?
Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой нэгэн санаа эсвэл зарчим

1. Өргөжих зарчим
The Law of Expansion
Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эсрэг хамааралтай байдаг.
Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулн имиджийг аюулд учруулдаг.

2. Төвлөрөх зарчим
The Law of Contraction
Зорилгоо нарийвчлан тодорхойлох нь брэндийг хүчирхэг болгоно.
Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хойноо бус амжилтанд хүрэхийн тулд юу хийснийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчлан тодорхойлох явдал юм. Зорилгоо нарийсга, брэндээ хязгаарла тэгсэн цагт амжилт ирнэ.

3. Таниулах зарчим
The Law of Publicity
Брэнд бий болгоход зар сурталчилгаанаас илүү таниулга чухал.
Ихэнхи компани брэндчилэх стратегиэ рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх стратегиэ таниулгаар эхлэх ёстойг мэддэггүй.

4. Рекламын зарчим
The Law of Advertising
Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын тулд рекламаар дэмжих шаардлага гардаг.
Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртөгийг нэмэгдүүлснээр "хашааны гадна" үлдээдэг.

5. Нэг үгээр илэрхийлэгдэх зарчим
The Law of Word
Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л үгээр илэрхийлэгдэн үлддэг.
Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт ирдэг.

6. Хоногшуулахын зарчим
The Law of Credentials
Өөрийгөө хэрэглэгчийн ухамсарт хэрхэн байрлуулах вэ? Жинхэнэ байна гэдэг ямар ч брэндийн амжилтын үндэс юм.

7. Чанарын зарчим
The Law of Quality
Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггүй.
Чанар зайлшгүй ба чадах чинээгээр сайжруулах хэрэгтэй. Гэвч брэнд бий болгоход дан ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлэх, мөн үнээ өндөр барих хэрэгтэй.

8. Бүтээгдэхүүний нэр төрлийн зарчим
The Law of the Category
Жинхэнэ Лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог.
Лидер нь брэндээ бус харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгээ анхаар.

9. Нэрний зарчим
The Law of the Name
Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь ганц нэрнээс өөр зүйл биш юм.
Брэнд гэдэг нь компаний мөн чанар юм. Компани, бүр цаашлавал улс орон оршин тогтнох эсэх нь брэнд бий болгож чадсан эсэхтэй холбоотой.

10. Брэндээ өргөжүүлэх зарчим
The Law of Extensions
Брэндийг баллах хамгийн амархан арга нь нэрийг нь бүх зүйлд ашиглах явдал юм.
Хэрэв зах зээлд эзлэх хувь чинь багасаж байвал, байгаа газартаа зогсоод өөр нэг брэндийг бүтээ! Байдал хэвэндээ бол брэндээ бэхжүүлэх арга хэмжээ ав!

11. Нөхөрлөлийн зарчим
The Law of Fellowship
Шинээр бүтээгдэхүүний нэр төрөл бий болгохын тулд бусад брэндүүдтэй хамрах хэрэгтэй.
Зах зээлийн 50 хувиас илүү хувьтай болохыг хүсвэл олон брэнд бий болго. Нэг брэндийн доор олон бүтээгдэхүүн бус харин олон брэнд бий болгох хэрэгтэй. (15-р зарчим буюу Ах дүүгийн зарчим)

12. Ерөнхий нэрний зарчим
The Law of the Generic
Амжилтанд хүрэхгүй байх хамгийн амархан арга нь брэндээ ерөнхий нэрээр нэрлэх.

13. Компаний зарчим
The Law of the Company
Брэнд бол брэнд, компани бол компани. Хоорондоо ялгаатай.
Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал нь компанийн нэр болон түүний үүрэг юм. Гэхдээ бол энэ асуудал шийдэгдсэн. Брэнд анхаарлын төвд байх ёстой. Компаний нэрийг ашиглах нь зайлшгүй бол ашигла. Гэхдээ маш ухаалаг байдлаар.

14. Доод брэндийн зарчим
Брэндчилэх амжилтыг дэд брэнд бүтээснээр устгадаг.
Зах зээлд нийцээгүй брэндчилэл амжилтанд хүрдэггүй. Дэд брэнд, мегабрэнд ойлголтууд нь хэрэглэгчээс гадуурх ойлголт. Хэрэглэгчийн хувьд юу ч илэрхийлдэггүй.
Хялбар сэтгэ. Хэрэглэгч шигээ сэтгэ. Тэгсэн цагт л брэнд чинь амжилтанд хүрнэ.

15. Ах дүүгийн зарчим
The Law of Siblings
Дараагийн брэндийг зах зээлд гаргахад хэзээ, хаана гэдэг нь маш чухал.
Ах дүүгий зарчимууд:
-Хоорондоо "зайтай" бүтээгдэхүүн сонгож ав.
-Бүтээгдэхүүний нэг давуу талыг сонгож ав.
-Брэндүүдийг хооронд нь ялгаж өг.
-Төстэй биш хоорондоо ялгаатай нэр өг.
-Шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байвал "дүүтэй" бол.
-Ах дүү брэндийг удирдлагыг компаний дээд удирдлага гартаа ав. Эс бөгөөс ялгарах утгаа алдана.

16. Хэлбэрийн зарчим
The Law of Shape
Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой.
Хүний нүдээр харахад тохиромжтой харьцаа нь 1нэгж өндөр х 2.25 нэгж өргөн

17. Өнгөний зарчим
The Law of Color
Өрсөлдөгчийн өнгөнөөс эсрэг өнгийг хэрэглэх нь тохиромжтой.
Сонгосон өнгөө тогтвортой хэрэглэх нь хэрэглэгчийн ой тойнд брэндийн байр суурийг тогтворжуулахад ихээхэн чухал үүрэгтэй.

18. Хил хязгаарын зарчим
The Law of Borders
Глобал брэндчилэлд саад үгүй. Брэндэд ямар ч хил хязгаар байх ёсгүй.
Аливаа брэндийн имидж өөрийн улс орны имиджтэй нийцэж байгаа цагт глобал брэнд болох боломжтой болдлог.

19. Өөртөө үнэнч байх зарчим
The Law of Consistency
Брэнд нэг шөнийн дотор бий болдоггүй. Амжилт хэдэн арван жилээр хэмжигдэх болохоос хэдхэн жилээр хэмжигддэггүй.
Брэндэд хязгаар байх ёстой. Үүнд л брэндийн утга учир оршино.

20. Өөрчлөлтийн зарчим
The Law of Change
Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой. Мөн өөрчлөлтийг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй.
Өөрчлөх нөхцөлүүдэд:
-Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол
-Брэндээ хамгийн доод түвшинд авчрахыг хүсвэл
-Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай бол брэндийг аажим аажмаар өөрчлөхөд саад байхгүй.

21. Мөнх бусын зарчим
The Law of Mortality
Ямар ч брэнд мөнх насалдаггүй. Зарим үед отенази хийх нь хамгийн зөв шийдвэр болдог.

22. Нэг имиджтэй байхын зарчим
The Law of Singularity
Брэндийн хамгийн гол шинж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино.



68 хувийн татварын хэрэгт Арбитрын шүүх цэг тавилаа

1 .5 тэрбум долларын нэхэмжлэлтэй заргыг шийдвэрлэхийн тулд Монгол улсын Засгийн газар 6 сая доллар зарцуулсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэллээ. Мөн өнгөрсөн хугацаанд Оросын талаас тохиролцох саналууд, тодорхой хэмжээний дарамт ирж байсан гэдгийг өнөөдөр хэлж байна.

ОХУ-иргэн С.В.Паушок болон түүний Алтандорнод Монгол ххк, Востокнефтьгаз ххк нь манай талаас Монгол улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний их мөнгийг нэхэмжилсэнээс 3 жил хагасын дараа Олон улсын Арбитрын шүүх энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэдэг мэдээллийг өчигдөр шөнийн 03.00 цагт АНУ-аас манайд ирүүлжээ.

Ялалтын тухай мэдээг ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, тус яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Г.Баясгалан, Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Дарга Т.Алтангэрэл болон, уг хэрэг дээр ажилласан АНУ-ын өмгөөлөгч Майкл Молан нарын хүмүүс дуулгалаа.

169 хуудас бүхий шүүхийн шийдвэр нь манай талд хэд хэдэн давуу талыг авчирч байгаа гэж Ц.Нямдорж сайд хэлж байна. Арбитрчид Монголын талыг дэмжин Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд хамаарах нэхэмжлэлийн шаардлага нь эрхзүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нь олон улсын эрхзүйд бүрэн нийцсэн гэсэн шийдвэр гаргажээ. Арбитрын бүрэлдэхүүн "сүүлийн жилүүдэд татвар нэмэгдсэнд гайхах зүйлгүй", "Монгол Улс нь уул уурхайн бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн цорын ганц орон биш гэсэн байна.

Тэгэхээр 68 хувийн татвараас үүдэлтэй эл маргаан манай талд ийнхүү шийдвэрлэгдлээ. Нөгөө талын тавьсан асуудал болгоны эсрэг Монголын талд ашигтай шийдвэр гарсан гэсэн мэдээллийг өгч байна.

Тэрчлэн 1.5 тэрбум долларын маргааныг шийдсэний зэрэгцээ, цаашид 68 хувийн татвар ногдуулсантай холбоотой асуудлаар ямар ч маргаан гарсан Монголын тал хариуцлага хүлээхгүй гэсэн шийдвэрийг Арбитрчид гаргажээ.

ХЗДХ-ийн Бодлогын Хэрэгжилтийн Газрын Дарга Т.Алтангэрэл эл маргааныг нааштай шийдвэрлүүлэх чиглэлээр 3 жил гаруй хугацаанд ажилласан. Өмгөөлөгч Майкл Молан Т.Алтангэрэлийн зүтгэлийг ихээр үнэлэх хэрэгтэй гэж байлаа. Ц.Нямдорж сайд ч Т.Алтангэрэл, Г.Баясгалан нар ихээхэн зүтгэл гаргаж ажилласан гэж хэлж байсан.

Эх сурвалж:

http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=20048


\"Боннын\" Т.Алтангэрэл: Ямар ч үед би монгол руугаа тэмүүлдэг

Боннын Алтангэрэл миний хэвлэлийн нэр

-Нутаг ус, бага насны тань дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Манай аав, ээж хоёр Архангайн хүмүүс. Би өөрөө Улаанбаатарт төрсөн. Жаахан байхдаа Архангай руу өвөөгийнх рүүгээ их явдаг байлаа. Би дээрээ нэг ахтай, айлын бага охин. Ах маань Германд шилжүүлэх төвд мэс засалчаар ажилладаг.

-Ингэхэд дунд сургуулиа хаана дүүргэв ээ?

- Сайншандын Орос сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Тэр үед аав, ээж Зүүнбаянд, ах бид хоёр Сайншандад сурдаг байв. Тэгээд амралтын өдрүүдээр л аав, ээжтэйгээ уулздаг байлаа. Нэг дэх өдөр эргээд, Сайншанд руугаа явах гэж том том нулимс дуслуулна даа. Тэгээд удалгүй манайх эргээд Улаанбаатарт шилжиж би 1994 онд нийслэлийн Орос гуравдугаар сургуулийг төгссөн.

-Багадаа ямар хүүхэд байв аа?

-Их л том хацартай хүүхэд байсан. Цэцэрлэгийн багш нар маань ангид орж ирээд миний хацрыг заавал хазах гэдэг байсныг сайн санаж байна. Багаасаа номонд их дуртай сониуч хүүхэд байлаа. Аав ээж хоёр маань чимээгүй байж байгаад юмыг түс тас хэлчихдэг хүүхэд байсан гэдэг юм. Үлгэрт дуртай бүх л орны үлгэрийг орос хэлээр уншсан даа. Тэр үеийн хүүхдүүд Оросын “Мурзылка”, “Миша” сэтгүүлүүдээр хүмүүжсэн.

-Өөрийг чинь Герман, Англид боловсрол эзэмшсэн гэдэг. Хоёр гурван хэлтэй гэж сонссон юм байна?

-10 жилийн сургуулиа дүүргээд Хүмүүнлэгийн их сургуулийн сэтгүүлч, орчуулагчийн ангийг төгссөн. Дараа нь Германд Боннын их сургууль, Ханноверийн их сургуульд хууль зүйн чиглэлээр тав гаруй жил суралцаж, эрх зүйн магистр цолтой төгсч байлаа. Мөн магистрийнхаа сургалтын хүрээнд Английн Дюрэмын их сургуульд жил гаруй хугацаанд суралцсан.

-Оюутан ахуйн дурсамжаасаа ярихгүй юу. Хэр нийтэч оюутан байв?

-Монголдоо Хүмүүнлэгийн их сургуульд сурч байсан, Герман, Англид байсан үеүүд өөр өөр л дөө. Хамгийн сэтгэлд хоногшсон, сонирхолтой, өөрийгөө их нээсэн нь Англид оюутан байх үе. Ер нь Англи надад их таалагддаг, өвөрмөц улс орон гэж боддог. Германд сурахад хүн их биеэ даасан, зарчимч, тэвчээртэй болдог юм шиг. Ер нь индивидуалист хүмүүжилтэй болгодог юм шиг. Харин Англид оюутнуудын нийтийн сонирхол, хамтын ажиллагааг их чухалчилдаг. Нийтэч арга хэмжээнүүдийг их зохион байгуулдаг байсан болохоор янз бүрийн улс орны олон найз нөхөдтэй болсон. Тэр хэмжээгээр бас дэлхийг таньдаг юм билээ. Монголд оюутан байхад шилжилтийн үе байсан. Багш нарыгаа хичээл орохыг л их хүлээж коридорт цагаа өнгөрүүлдэг байснаа санаж байна

-Өөрийг чинь оюутан байхаасаа л их идэвхтэй хүүхэд байсан гэх юм билээ. Германд байхдаа сэтгүүл гаргаж байсан гэдэг. Сурахын хажуугаар сэтгүүл гаргана гэдэг амаргүй биз?

-Оюүтан байна гэдэг жигүүрлэж тэмүүлэх үе юм шиг одоо санагдаж байна. Би л ганцаараа шинэчлэж, өөрчлөх юм шиг тийм их эрч хүч, омогшил байдаг гайхалтай нас. Европын эртний соёл, хөгжил дэвшлийн үр шимийг хараад үнэхээр их юм сурч, нээж, ухаарч, өөрийнхөө энэ мэдлэгээ Монголдоо хүргэхсэн гэсэн чин эрмэлзэлтэй дүүрэн байлаа. Хуулийн чиглэлээр барууны хэмжээнд хүрэхүйц “Legis” нэртэй мэргэжлийн сэтгүүлийг гаргах санаа анх төрж үүнийгээ хэрэгжүүлсэн. Хэдийгээр Германд амьдарч байсан ч гэсэн сэтгүүлээ гаргахын төлөө, хүмүүст шинэ мэдлэг мэдээлэл хүргэхийн төлөө зүтгэж ажилласан. Эндэх ажлыг ээж маань нугалдаг байв. Сэтгүүлийн маань дизайн болоод доторх агуулга, мэдээлэл нь шинэлэг болж чадсан гэж манай хуульчид дүгнэдэг. Сэтгүүлээ хоёр жил гаран гаргасан даа. Би хувьдаа одоогийн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн суурийг тавьсан юм болов уу гэж боддог.

-Боннын Алтангэрэл гэдгээр чинь хүмүүс их таних юм аа. Яаж яваад ийм нэртэй болчихов оо?

-Боннын гэдэг үгийг би ч өөрөө зохиогоогүй юм аа. Ер нь би их юм бодож эргэцүүлэх дуртай хүн л дээ. Хөгжилтэй орны онцлог нь юу юм бэ, хүмүүс нь яаж аж төрж, юу боддог юм гэдэг утгаар өдрийн тэмдэглэл их хөтөлдөг байлаа. Бас гэр лүүгээ урт урт захиа бичнэ. Германд байхад манайд ид шилжилтийн үе байсан, нийгэм бужигнасан, хөлөө олох гээд, эрх зүйн шинэ орчин дөнгөж бүрдээд. Хэгээд энэ үеийг Монголчууд хэрхэн туулах вэ, нийгмийн үнэт зүйл, хууль дээдлэх ёс, германы туршлага, даяаршил гээд өөртөө шинээр нээж, ухаарч байсан бүхнээ нийтлэл болгон бичиж “Өнөөдөр”,Өдрийн сонин, Цахим өртөө вебсайтуудад явуулдаг байлаа. Тухайн үед Ерөнхий сайд асан Р.Амаржаргал миний бичсэн нийтлэлийг өөрийнхөө веб сайтад тавихдаа, Боннын Алтангэрэл гэдэг нэрээр тавьсан байсан. Энэ нь надад таалагдаад түүнээс хойш Боннын Алтангэрэл гэдэг нэрээр материалаа өгдөг болсон. Уг нь Германаас Боннын их сургуулийн оюутан явуулж байна гэсэн утгаар л сонинд материалаа өгдөг байсан санаатай. Энэ нь яван явсаар хүмүүсийн дунд Боннын Алтангэрэл гээд л тогтчихсон. Хамгийн инээдтэй нь Германаас ирээд Алтантэрэл байна гээд танилууд уруугаа ярихаар зарим нь танихгүй ээ. Тэгэхээр нь Боннын Алтангэрэл байна гэхээр таньдаг байсан. Боннын гэхээр бас сонсголонтой байгаа биз дээ (инээв)

-Та хэд хэдэн шүлгийн түүвэр болон богино өгүүллэгийн номтой. Сүүлийн үед шинэ уран бүтээл туурвиж байна уу ?

-2001 онд анхныхаа “Тэнгэрийн эрэл” гэдэг шүлгийн номоо хэвлүүлж байлаа. Энэ онд хоёр дахь шүлгийн номоо гаргах гэж байна. Харин”Төгсөөгүй эхлээгүй” гэсэн богино өгүүллэгийн номоо 2005 онд хэвлүүлж гаргасан.


Ер нь нийтлэл бичиж эхэлсэн үеэс эхлээд богино өгүүллэг бичих санаанууд төрсөн юм. Богино өгүүллэг бичихдээ хүний тогтсон сэтгэлгээний баригдмал хэв загварыг эвдэе гэж бодсон. Хэвшмэл, хуучирсан, энгийн амьдрал дунд шинэ үйл явдал, шинэ ухаарал, гэгээн нээлт хийж буй хувь хүний амьдрал, хүмүүсийн тогтсон ойлголтоос гадна байгаа сэттэлд үзэгддэг, сэтгэлийн мөн чанартай гайхамшигийг өгүүлэх дуртай. Хүн илүү сайхан, гэгээлэг чанар луугаа ухаарч, ойртож, тэмтэрч буй тэр мөч, амьдралын шинэчлэл, сэтгэлийн эрч хүчийг гаргахыг хиг чээдэг, тухайн агшныг тэр чигээр нь задалж, үгээр буулгахыг зорьдог.


Миний шүлгүүдийг уншсан хүмүүст зуны намуухан үдэш Туул голын эрэг дээр зогсож байгаа шиг сэтгэгдэл төрөхгүй ээ гэж миний нэг танил хэлж билээ. Модерн, орчин үеийн хэмнэлтэй болохоор тийм байх. Хэрвээ миний шүлгүүд дуу болох юм бол альтернатив рок маягийн, Coldplay, Amy Winehouse-ын дуунууд шиг болох болов уу. Ирэх долдугаар сард шинэ шүлгийнхээ түүврийг гаргана. Би буддын гүн ухааныг судалж шүтэн биширдэг. Энэ нь ч миний уран бүтээлд тодорхой орон зай эзэлдэг. Ер нь би урлагийг илүү гоо, сайн сайхан зүйлийн төлөө бүтээх ёстой гэж боддог..


Хүмүүс танил тал, хээль хахуулиар асуудлыг шийлэх гэсэн эрмэлзэлтэй болчихсон нь харамсмаар…

-Сургуулиа төгссөн шинэхэн мэргэжилтнийг ХЗДХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилж байсан гэдэг. Залуу эмэгтэй хүний хувьд таныг маш олон ажилд гар бие оролцсон дайчин гэж хүмүүс үнэлдэг юм билээ?

-Сургуулиа 2004 онд төгсөж ирсэн. Тэгээд хууль зүйн дотоод хэргийн яаманд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга хэмээх албанд томилогдон ажилласан. 2007 оноос яамныхаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар дэвшин ажиллаж байна. Энэ хугацаанд энэ яамны ажил, нийгэмд хүлээсэн үүрэг зэрэг бүхий л асуудлаар шинэлэг байх, олон улсын жишигт нийцсэн байх, хүнд хүрэх талаар өөрийн чадах мэдэх бүхнээ дайчлан ажиллаж, санаагаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Би ажиддаа дургай. Олон улсын төслүүдийн үйл ажиллагаа, хууль сахиулах байгууллагуудын урт хугацааны хөгжлийн стратеги, төрийн байгууллагын үйлчилгээний стандарт 1 гээд хийсэн, хийж байгаа зүйлүүд бий. Энэ улсад иргэд аюулгүй орчинд, бие биендээ итгэж, бие биенээ хүндэтгэж амьдрах соёлыг манай яам бий болгох ёстой гэж боддог. Сэтгэлгээ өөрчлөгдөж байж бид гэмт хэрэггүй, хэрүүл зодоонгүй, хуулиа дээдэлдэг нийгэм болно.


Би өөрийгөө тооцдог. Яагаад вэ гэхээр Монгол Улсын Засгийн газартай холбоотой олон улсын гурван том маргаанд оролцсон. Марубений хэргийн давж заалдах шатны сүүл хэсэгт нь оролцож байсан. Мөн Италийн “Алстом Пауэр” компани манай “ТЭЦ-3″ цахилгаан станцтай хамтран ажиллах явцад үүссэн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөхөд оролцож амжилттай дуусгаж байлаа.

2007 оноос Олон улсын арбитрын хүрээнд “Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Алтны томоохон олборлогч компанитай холбоотой Засгийн газрын маргаанд дотоодын хуулийн зөвлөхөөр нъ ажиллаж саяхан Франкфурт хотод болсон шүүх хуралд суугаад ирсэн.

-”Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой хэрэг нэлээн дуулиан тарилаа. Энэ тухайд?

-Энэ хэрэг маргаан шийдвэрлэгдээгүй байна. Тийм учраас наана нь олон зүйл ярих хэрэггүй биз. Бид байр сууриа зохих ёсоор хамгаалж чадсан. Ер нь манай улсын нилээн чухал эдийн засаг, уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын асуудлыг хөндөж байгаа учраас энэ маргаан бидэнд их олон талаар ач холбогдолтой.

-Таныг Монгол Улсын Засгийн газартай холбоотой олон улсын маргаанд оролцсон гэдэг?

-Би өөрийгөө азтайд тооцдог. Яагаад вэ гэхээр Монгол Улсын Засгийн газартай холбоотой олон улсын гурван том маргаанд оролцсон. Марубений хэргийн давж заалдах шатны сүүл хэсэгт нь оролцож байсан. Мөн Италийн “Астампаур” компани манай “ТЭЦ-4″ компанитай хамтран ажиллах явцад үүссэн маргааныг шийдвэрлэхэд оролцож байлаа. Засгийн газрыг Олон улсын шүүхэд дуудагдаж байхад маргааныг шийдэхэд гар бие оролцож ялалтаар дуусч байсан түүх бий. 2007 оноос Олон улсын арбитрын хүрээнд “Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Алтны томоохон олборлогч компанитай холбоотой Засгийн газрын маргаанд дотоодын хуулийн зөвлөхөөр нь ажиллаж Франкфурт болсон шүүх хуралд суугаад ирлээ.

-ХЗДХЯ-ны гол чиг үүргийг зангидах газар нь таны удирдаж буй Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэдэг. Хууль сахиулах байгууллагыг илүү хүчирхэг болгох шаардлагатай байгаа. Энд танай газраас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Тиймээ. Хууль сахиулах салбарын асуудал манай газар дээр төвлөрч байдаг. Дотоодын аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах байгууллагуудыг нийгэмд илүү үр дүнтэй үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой зүйлүүдийг нь шинэчлэх, өөрчлөхөд анхаарах гол газар л даа. Хийсэн томоохон ажлуудаас дурдвал хууль сахиулах салбарын шинэчлэлийн хөгжлийн хөтөлбөр хэмээх томоохон баримт бичгийг боловсруулсан. Энэ хөтөлбөрийг анх санаачилж хи йлээ. Урт хугацааны шинэчлэлийн бодлогыг харсан хөтөлбөр болж чадсан гэж хувьдаа дүгнэж байна. Бодлогын гол санаа нь хууль сахиулах байгууллагууд буюу манай салбарын хүрээнд байгаа цагдаа, хил хамгаалах, гадаадын иргэн харъяатын асуудал, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, иргэний бүртгэл зэрэг байтууллагын үйл ажиллагаа иргэний оролцоонд тулгуурлаж иргэд аюулгүй орчныхоо төлөө хамтын хариуцлага хүлээнэ гэсэн үг.

Ингэснээр илүү хариуцлагатай нийгмийг бий болгоно гэсэн үг. Нөгөө талаар хууль сахиулах байгууллагыг илүү хүчирхэг болгох шаардлагатай байгаа. Ингэж байж бид Монгол улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах бололцоотой болно. Хүчний байгууллагуудыг хүчирхэг болгохын тулд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хоорондын уялдааг сайжруулахад мэдээллийн сүлжээг бий болгоход анхаарч байна. Уг нь манай улс харьцангуй хүн ам цөөтэй учраас аливаа шинэчлэлийг хийхэд амархан. Нөгөө талаараа хүн ам цөөтэйгөөсөө болоод хүн хүч, боловсон хүчний чадварлаг өрсөлдөөн дутмаг байдаг.


Иргэдийн амгалан тайван амьдрах, өөрийнхөө орчиндоо айх аюулгүй өглөөг угтах, оройд тайван харина гэдэг бол манай яамны гол чиг үүрэг мөн. Энэ бүхний төлөө ганцхан яам, эсвэл цагдаа биш иргэд өөрсдөө хамтран ажиллах ёстой гэж боддог. Бас нэг зүйлийг хэлэхэд манай хууль сахиулах байгууллагуудад үйлчилгээний стандарт мөрдөж эхэлсэн. Одоо цагдаа, хилийн ажилтан шийдвэр гүйцэтгэгч тантай эелдэг харьцана.

-Аливаа ажлыг удирдана гэдэг тухайн хүнээс их зүйл шаарддаг. Та ажилтнуудтайгаа ямар арга барилаар ажилладаг вэ?

-Газар хариуцаж байгаагийн хувьд хүмүүстэй харьцах харилцаан дээр анхаардаг. Би бол хүнтэй ярилцах, сонсох зарчмыг илүү баримталдаг. Ингэснээр тухайн хүнийг илүү нээж өгнө. Тэрнээс дарга гээд тэг, ингэ гээд байх нь утгагүй шүү дээ. Тухайн хүнийг нээж өгснөөр тэр ажилтан цаашаа хөгжинө гэж боддог.

-Хуулийн хэрэгжилт манай улсад үнэхээр муу. Хуулийг хэрэгжүүлэх талаар танай газраас дорвитой ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хууль хэрэгжихгүй байна гэдэг бол төвөгтэй асуудал. Үүнийг ерөнхий байдлаар нь үзэх юм бол хуулийг биелүүлэхгүй байх гэсэн сөрөг ухамсар нийгэмд тогтчихжээ. Жирийн иргэдээс гадна хууль тогтоож байгаа хүмүүсийн хүрээнд ч хуулиа мөрдөхгүй байна. Өнөөдөр хуулиас гадуур танил тал, хээль хахуулиар асуудлыг шийддэг нийтлэг зарчим нийгэмд илүүүйлчилж байна. Энэ нийгмийн үзэгдлийг засахад төвөгтэй л дээ. Үүнийг засаж залруулахын тулд хуулийг ямар ч нүх сүвгүй, хэрэгжүүлэхээс өөрцгүй болтол нь чамбай боловсруулах шаард-лагатай юм. Нөгөө талаараа хууль хэрэгжснээр нийгэмд ямар үр нөлөө үзүүлж байна вэ, хэрэгжилтийн түвшин ямар байна гэсэн амьд байнгын судалгаа байхгүйтэй холбоотой.Одооноос энэ судалгааг хийж эхэлж байна. Манай хуулийн эргэлтийн систем нь нэгдсэн хэмжээнд мэргэжлийн түвшинд хүрэхгүй байна л даа. Тогтолцооны хувьд гацааж байна. Харилцан уялдаж хяналт тавьж чадахгүй байгаа институцийн гажуудлууд ч бий. Үнэндээ бол хууль хэрэгжүүлэх эрмэлзлэл дээрээсээ эхлэх ёстой.

-Ингэхэд танай дээр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?

-Олон улсын байгууллагууд цагдаа хүчний байгууллагад тусламж үзүүлэх хүсэлгүй байдаг. Энэ нь цаад улсынх нь бодлоготой ч холбоотой. Тэр ч утгаараа донорын байгууллагууд тусламж төсөл хөтөл бөр хэрэгжүүлэх чиглэл рүү ордоггүй.


Дэлхийн банкнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагьш шинэчлэлд хандсан төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхлэх гэж байна. Төслийн хүрээнд бүх шийдвэр гүйцэтгэх байгууллагуудыг сүлжээгээр холбох, нэгдсэн мэдээллийн санг бий болгож мэдээллийг шуурхай солил цох нөхцлийг бүрдүүлэх юм.


Мөн “НҮБ-ын хууль зүйн үйлчилгээний хүртээмж” гэсэн томоохон төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд Соросын сан, Нээлттэй нийгэм форумтай хамтран өнгөрсөн онд бүх аймаг, нийслэлийн дүүргүүдэд эрхзүйн туслалцааны төвийг байгуулсан. Энэ төвийн гол зорилго нь төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, өмгөөлүүлэх боломжийг олгосон. Тиймээс хууль зүйн үйлчилгээний хүрээнд иргэдэд ойртсон томоохон алхам болсон гэж дүгнэж байна.

-Хууль зүйн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн чадвар, ёс зүйн асуудал төдийлөн хүмүүсийн санааид хүрэхгүй байгаа.Энэ тухайд?

-Судал гааны дүнгүүд болон хэвлэл мэдээллээр шүүмжилж байгаа байдл аас ажиглахад олон нийт хууль хяналтын байгууллагынханд итгэх итгэл нь муу байна. Энэ байдал хууль хяналтынхныг тодорхой хэмжээгээр дүгнэж байна. Үнэхээрийн хууль хяналтын байгууллагынхан иргэдээс үнэлэмжээ алдаад байгаа бол үүний цаана дутагдал байна гэсэн үг л дээ. Гэхдээ тэр аяараа хууль хяналтынхан шударга бус ёс зүйгээ алдаад байгаа хэрэг биш ээ. Энд олон жил ажилласан үнэхээр хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй шударга ёсыгтогтоох гэсэн гайхамшигтай хуульч, шүүгч, прокурор, цагдаа нар байгаа. Асуудалд шинжлэх ухаанч, эрх зүйт төрийн байр суурийг барихгүй байгаа явдал харагдаж байгаа нь нууц биш юм. Энэ нийтлэг сэтгэлгээ болжтөлөвшөөгүй байна. Иргэд бухимдаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зүйлүүд байна.

“Ядуу учраас ийм юм хийж байна” гэдэг зөвтгөл байх ёсгүй

-Манайд хүн худалдах гэмт хэрэг газар авч далд хэлбэрээр хөгжөөд байх шиг. Энд охид бүсгүйчүүд их өртөж байна гэх боллоо. Улсаа төлөөлж гадаадад энэ чиглэлийн хурал зөвлөлгөенд оролцож байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Зөвхөн хил дамнуулан худалдах ч биш дотоодод ч ийм хэрэг үйлдэгдэх болсон Бэлгийн мөлжлвшйн зорилгоор охид бүсгүйчүүдийг дарамталж эрх чөлөөнд нь маш бүдүүлэгээр халдаж байна. Барууны хүнээ дээдэлдэг орнуудад хүн худалдах гэмт хэргийг жигшүүртэйд тооцогддог. Нөгөөтэйгүүр манай охид эмэгтэйчүүд өөрсдөө мэдсэн хэрнээ л энэ гэмт хэрэгт өртөөд байгаа. Хэдийгээр бид энэ чиглэлээр олон төрлийн ажил явуулж байгаа ч гэсэн үүнийг хууль хяналтын байгууллага мэргэжлийн түвшинд авч үзэх зайлшгүй хэрэгцээ гарч ирж байна. Мөн олон улсын хэмжээнд гадаадын хууль хяналтын байтууллатуудтай хамтарч ажиллах шаардлагатай. Хамгийн гол нь иргэд өөрсдөө болгоомжилж, хүний наймаанд өртөхгүй байх талаасаа хамгаалалт хийх хэрэгтэй байна. “Мөнгөний төлөө аргаа бараад, ядуу учраас ийм юм хийж байна” гэдэг зөвтгөл байх ёсгүй. Мөнгөнөөсөө илүү доромжлол гэдгийг ухаарах хэрэгтэй л дээ. Үнэндээ олон улсын түвшинд Монгол улсыг ийм муухай гэмт хэрэгтэй орон гээд яригдахад хэцүү санагддаг. Хүний наймааны гэмт хэрэгтэй улс бол хамгийн ядарсан буурай орнууд л байдаг. Тийм учраас Монгол улс эндээс бүрэн ангижирч, боловсрол соёлтой, өөрийнхөө толгойгоороо мөнгөө олж амьдрах чиглэл рүү шилжмээр байна.

-Нийгэм тэр аяараа бухимдалтай болчихжээ. Эндээс үүдээд гэмт хэрэг ихсэж байна гэх болов?

-Үнэхээрийн манай нийгэмд ужиграад байгаа зүйл их байна. Наад захын соёл байхгүй байна шүү дээ. Гудамжаар явсан ч гэсэн жолооч нар хоорондоо их муухай бүдүүлэг харьцаж байна. Хүмүүс хоорондоо эв зүйгээрээ шийдэх асуудлыг хэрүүл маргаанаар төгсгөдөг болчихжээ. Нийгэм маань нийтдээ бухимдалтай бүдүүлэг байна. Сэтгэлийн янз бүрийн дарамт, хоорондын харилцаа, бие биеэ үл хүндэтгэсэн байдлаас болж гэмт хэргийн үүсвэр бий болоод байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүсээ эрүүл зөв сэтгэлгээтэй болгоход төр анхаарч тэр үрийг тархинд нь суулгах ёстой. Төр энд юу юунаас илүү анхаарлаа хандуулах ёстой гэж хувьдаа боддог. Ийм замбараагүй нийгэм бол цаашид улам доройтохын л шинж. Аргаа барсан хотоо бид яахаараа амьдрах ёстой гэж

-Нийслэлийн унаган иргэний хувьд хотынхоо хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Болдог бол нийслэлийг бүрэн өөрчилмөөр л санагддаг. Улаанбаатар шиг гоо сайхны үзэмжгүй, шамбааралдсан дэд бүтэц муутай хот Монгол улсын нүүр царай болж байгаад сэтгэл дундуур байдаг. Өнөөдөр амралтынхаа өдрүүдээр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, биеийн тамираар хичээллэх ямар ч орчин алга. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлье гэхээр баар цэнгээний газрууд, РС тоглоомоос өөр очих газар алга байна шүү дээ. Цэвэр мөнгөний зах зээлээр л тодорхойлогдсон хот болчихсон. Үнэндээ хүний эрүүл аж төрөх нөхцлийг түшиглэсэн хот босч чадаагүй. Үүнд нь би харамсдаг, Одоогийн хотыг өөрчлөхөд их мөнгө, цаг хугацаа шаардах нь мэдээж. Манай хотын хөгжил дотогшоо хумиад байхаас гадагшаагаа тэлэхгүй байна шүү дээ. Дэд бүтцийг нь хотынхоо зах руу гаргаж хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар дизайныг манайхан анхаарахгүй байна. Парисаар жишээ татахад эртний хот гэхэд ямар гоё дизайнтай дэд бүтцээ байгуулсан байна вэ. Парисын хувьд хуучин шинэ хотыг түүхэн уялдаагаар нь дизайны хувьд холбож хийсэн мундаг шийдсэн. Ийм юмыг л бид хиймээр байна. Аргаа барсан хотод бид яахаараа амьдрах ёстой гэж. Жижиг хүрээний асуудлыг гал унтраах маягаар аргацаагаад суугаад байх юм бол бид 100 жил өнгөрсөн ч бахь байдгаараа л байна. Шинэлэг зоригтой алхамыг хийснээр нийслэл маань хөгжинө. Шинэ монголын өнгө төрхийг бий болгох ажлуудыг хийхгүй байна. Бүх юмыг Улаанбаатар уруу чиглүүлээд бүсийн төвүүдэд тохирсон онцлогтой нь уялдуулан дагуул хотуудыг бий болгох хэрэгтэй байна. Орон нутаг руугаа төвлөрлийг бий болговол зүгээр санагддаг.

Наад зах нь гудамжаар яваад харахад л манай нийслэлийн өнгө хэцүүхэн байгаашүүдээ. Гадаадынханд манай нийслэл ямар ч замбараагүй л харагддаг байх.

-Улс орны хөгжлийг түргэтгэх гол хүчин зүйл нь юу юм бол?

- Ийм сайхан газар нутагт хоёр сая гаруй хүн амтай түүхэн ард түмэн ингэж амьдарна гэдэг арчаагүй байдлыг л харуулж буй хэрэг.


Жижигхэн аралд ямар ч байгалийн баялаггүй Сингапур улс яагаад хөгжсөн юм бэ гэхээр цэвэр хүмүүсийнхээ толгойд нь бүх юмыг хийж чадсан л байхгүй юу. Энэ улс эрүүл мэнд, боловсролын системээрээ дэлхийд тэргүүлж байна шүү дээ. Манайхан хүртэл англи хэлний курсээс эхлээд анхан шатны боловсролын сургуульд нь хүүхдүүдээ сургаж байна. Цөөхөн хүн амтай энэ улс зах зээлийн нийгэмд бусад орнуудтай яаж өрсөлдөж илүү гарч чадсан бэ гэхээр төрийн зөв бодлоготой байсных юм. Бүр эртнээс бэлдэж иргэд нь нэг зорилго, тэмүүлэлтэй болж чадсанаараа энэ улс хөгжсөн. Энэ нь гадныханы гайхамшигтай хөгжил гээд бишрээд байгаа хэрэг биш юм. Гадаадын улс орныг босгож чадсан тухайн төрийн ухааныг л яриад байгаа юм л даа. Энэ ухаан нь л манайд дутагдаж байна. Тэрнээс зам нь ийм сайхан орчин тийм гэх агуулгаар биш энэ бүхнийг бүтээхийн тулд төр нь ингэж ажиллаж, бодож сэтгэжээ гэдгийг л хэлээд байгаахэрэг.


Нөгөө талаар замбараагүй байдлаасаа болж Монгол Улс өөрсдийгөө хүчгүйдүүлж хөгжих боломжуудаа ухрааж байна. Нэг газраа л алхаад байна гэсэн үг шүү дээ. Улс төрийн хүрээнд ч тэр, төрийн байгууллагууд, иргэдийн дунд замбараагүй байдал газар авчихсан. Ямар нэгэн тууштай бодлогоор ангидаж нэг шугамаар явж чадахгүй байна. Нөгөө талаасаа зах зээлд орсноосоо хойш монголчууд нэлээн хувиа хичээсэн үзэлтэй болчихсон. Маш улс төржиж байна. Энэ жижигхэн оронд доройтуулах улс төр хэрэггүй. Тодорхой судалгаан дээр үндэслээд ажлаа хийсэн нь дээр биз дээ. Энд улс төрийн оролцоог багасгамаар байна. Нэг нь юм хийх гэхээр нөгөөх нь үгүйсгээд байвал яаж улс орон хөгжих билээ.

-Ингэхэд өөрөө хэдэн орноор явж үзэв?

-Ажил, сургууль гээд олон орноор явж үзлээ. Өмнөд Африкаас эхлээд Европын ихэнх орнууд Канад, Америк, Индонези,Тайланд, Сингапур, Япон, Солонгосоор явсан. Гадаад явна гэдэг бол хүний нүдийг тайлж бусад орнуудтай өөрсдийгөө жиших боломжийг нээж өгдөг. Болж өгвөл хүн гадагшаа явж нүд тайлах хэрэгтэй юм билээ. “Жилдээ нэг шинэ газраар явж үз” хэмээн Далай багш хүртэл сургасан байдаг. Хүний ухаан санаа зогсонги байдалд байж болохгүй. Дандаа урагшаа хөгжих ёстой. Үүний тулд шинэ мэдрэмж, шинэ ойлголт, харьцуулалт их чухал. Бид хаана яваад байна вэ гэдгийг бодох ёстой. Залуучуудаа болж өгвөл гадагшаа явах боломжийг бүү алдаарай л гэж хэлмээр байна.

-Залуу хүнийхээ хувьд өнөөгийн залуучуудад ямар үнэлгээг өгмөөр байна вэ?

-Хүн зорилго, тэмүүлэлтэй байж аливаад хүрнэ. Тэрнээс биш урсгалаараа яваад байвал юманд хүрэхгүй шүү дээ. Өнөөгийн нийгэмд залуучууд маань урсгалаараа яваад байна уу даа гэх эмзэглэл төрдөг. Түүнчлэн залуучууд маань хэлбэрийн араас их хөөцөлдөж байна. Өөрийгөө гоё авч явж явна гэдэг бол маш чухал л даа. Гэхдээ агуулгагүйгээр гоё байна гэдэг бол утгагүй шүү дээ. Баруунд бол хүний мэргэжил, ухааны цар хүрээ л хүнийг үнэлэх гол хэмжүүр нь болдог. Үнэхээрийн тэр хүн ухааны цар хүрээ, мэргэжлээрээ гайхамшигтай байж чадаж байна уу гэдгээрээ бусдад танигдана шүү дээ. Тийм учраас залуучуудыг ном их унших хэрэгтэй гэж хэлмээр байна. Орчин цагт ном унших ард хоцорсон, интернетээс мэдээлэл авчихдаг болсон гэж ярих болсон. Энэ бол буруу. Ямар ч хөгжилтэй орнуудад очиход юм бол жинхэнэ сэхээтэн, улс орноо авч явж байгаа хүмүүс нь ном их уншдаг юм билээ. Өдөр-жин бичгийн ажил хийсэн хүмүүс орой очоод ном уншиж байгаа харагддаг. Ер нь нийгмийг донсолгож байгаа номнуудаас гадна өөрийгөө хөгжүүлэх ном уншиж тархиа задлах хэрэгтэй. Түүнчлэн залуучуудад зориулсан тархины дасгалтай сэтгэх чадваруудыг дээшлүүлэх тоглоомуудыг гар утас, компьютерт суулгах боломжтой болчихсон байна. Үүнийг манай залуус сайн ашиглах хэрэгтэй байна. Бид Монгол гэсэн орчиндоо сэтгээд байх биш цар хүрээгээ өргөжүүлэх хэрэгтэй. Маш холыг харж өргөн хүрээнд сэтгэж, олон мэдээллийг уншиж байж улс орноо хөгжүүлнэ.
Нөгөө талаар манайхан нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй хайнга хандаж байна. Хүмүүст өөрийгөө л болгочихвол боллоо гэсэн хандлага нийтлэг байна л даа. Бид Монголынхоо төлөө нэг сэтгэлтэй санаа зовдог байвал Монгол Улс маань хөгжинө. Бид нэг нэгэндээ хайхрамжгүй хандаад байх хүн амтай улс биш шүү дээ. Цөөхөн хүн амтай бидний хувьддийлэнхнь биебиенээ таньдаг учраас аль болох хүнлэг хандах ёстой. Наад зах нь хүнтэй мэндлэхдээ инээмсэглэдэг, бие биенийхээ өмнө тулгарсан асуудлыг “алив би яаж туслах уу” гээд найрсагаар хандах хандлага бидэнд дутаад байна.

-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Ер нь бол буддын сургааль, ном зохиолуудыг байнга уншдаг. Заримдаа өөрийнхөө чиг шутамаа алдчих вий гэж айдаг. Ямагт хүн чанартай байхыг хичээдэг. Хүнлэг чанараа алдахгүй амьдралын асуудалд зөв чиглэлтэй хандах үүднээс буддын сургааль ном зохиолуудыг уншдаг юм. Саяхан би Герман хэл дээр Мингүр Ринбүчи хэмээх баруунд алдаршаад байгаа том ламтаны “Аз жаргалын эрэлд” гэсэн номыг уншсан. Энэ номыг уншаад “Тархины фитнесс” гэсэн нийтлэлийг сонинд бичсэн байгаа. Гол санаа нь хүн тархиныхаа маш бага хэсгийг ашигладаг. Хэрвээ хүн байнгын дасгал, бясалгал хийх юм бол хүний тархи илүү хөгжинө. Хүний тархи чийрэг болсноор аливаа бэрхшээлийг давах чадвартай болохоос гадна, муу бодлоосоо ангижирч гэгээлэг болдог юм байна гэсэн санаагаар бичсэн л дээ. Мөн мэргэжлийн болон шинэ мэдлэг мэдээлэл өгөх шинжлэх ухааны ном их уншдаг. Одоо Европын холбоог байгуулах суурийг тавьсан, хүйтэн дайныгдуусгахад хүчин зүтгэл гаргасан Германы нэрт улстөрч, Ерөнхий сайд асан Х.Шмитийн дурдатгалыг уншиж байна.

Зөв амьдрахын төлөө өөрийгөө хурцлаж байх ёстой

-Ингэхэд Алтангэрэл гэдэг хүн Монголынхоо юугаар нь бахархаж омопцдог вэ?

-Миний өвөг дээдэс олон нугачааг даван байж ийм дайтай улс, газар нутгийг үлдээснээр нь би бахархдаг. Хаана ч очсон Монгол гэр, ёс заншил ахуй байхгүй шүү дээ. Үүгээрээ бид бахархах хэрэгтэй. Монгол хүний ухаанаас цацарч байгаа тэр сайн сайхан бүхэн миний бахархал. Б.Лхагвасүрэн гуайн “Өнжүүлийн хөх чулуу” зохиолын баатар шиг амьдралын нарийн ухаантай монгол ахуй үнэртсэн хүмүүсээрээ би бахархдаг. Монгол улсаа хөгжүүлчих юмсан гээд эрч хүч сэтгэл зүрхээ зориулж яваа залуусаараа бас бахархаж омогшдогдоо.

-Сүүлийн үед хүн чанар гээгдлээ гээд ярих болжээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би үүнийг түр зуурын үзэгдэл байх гэж бодож байна. Нийгэм тэр аяараа замбараагүй байдалд орчихсон учраас хүмүүс яг юуг үнэлэх ёстой юм бэ гэдэг үнэлэмжээ алдчихаад байна л даа. Нийгэм маань нийтээрээ шударга, зөв хөгжлийн төлөө чиглэж байсан бол хүн чанар гээгдэхгүй л байсан болов уу. Төр нь алсыг харсан цогц бодлогоо гаргаад сум, аймаг, нийслэл, дүүрэгт үлгэр жишээчээр хэрэгжүүлэх юм бол монголчууд өөрчлөгдөжчадна. Одоо нийгэм бүхэлдээ замбараагүй, айдастай, амьдрах орчин маань баталгаагүй байгаа болохоор хүмүүсийн сэтгэл нээгдэж чадахгүй байна уу даа. Сэтгэлийн сайхан чанарыг нээж өгөх орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

-Та бясалгалаар хичээллэдэг үү?

-Бясалгалыг хүн бүр тодорхой төвшинд хийдэг гэж боддог. Монголчууд энэ чиглэл рүү орвол нийгэм маань цэвэрших байх гэж боддог. Бясалгал хийснээр муу муухай бодол сэтгэлгээнээсээ салж сөрөг талаас нь биш эерэгээр асуудалд ханддаг болдог.

Таныхаар амьдралын утга учир гэж юу вэ ?

- Амьтан ч хүнтэй адилхан үр төлөө үлдээдэг, тэднийхээ төлөө тэмцдэг. Гол нь хүн амьтнаас ялгаатай нь ухаарч чаддаг. Нөгөөтэйгүүр хүн өөрийгөө мөнх биш гэдгээ мэдээд хойд насандаа бэлтгэдэг шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зөв амьдраад насан эцэслэх. Хувь хүн болгон ямар ч нөхцөлд зөв амьдрахын төлөө хичээж өөрийгөө хурцалж байх ёстой юм шиг ээ. Зарим эмэгтэйчүүдийг харахад хүнтэй суу-гаад хүүхэд гаргаад нийгмээс тасарчихдаг. Нөгөө хийе бүтээе гэснээ орхидог тал бий. Үүнийг би маш буруу гэж боддог. Хүн гэдэг утгаараа ямарч хүн өөрийн гэсэн амьдралын зорилготой байх ёстой. Би энэ амьдралд юу хийхээр ирэв ээ гэдгээ ухамсарлах ёстой. Үхэлтэйгээ нүүр тулах үедээ харамсахгүйгээр амьсгал хураах ёстой. Өөрөөр хэлбэл оюун санаа сэтгэл зүрхээ хүмүүст зориулж чадсан уу? гэсэн асуултад “тиймээ” гэж хариулахын тулд хүн насан туршдаа өөрийнхөө алхамыг харж амьдрах ёстой юм болов уу гэж бодцог.

Би эцэг, эхдээ хэмжээлшгүй их өртэй

-Алтангэрэл гэж ямар хүн бэ. Та өөрийгөө тодорхойлооч?

-Хэцүүхэн асуулт байна шүү. Хүмүүс янз бүрээр л хэлэх байх л даа. Миний шүлгүүд намайг тодорхойлох байх. Ер нь өрөвч л хүн дээ би.

-Хүн ямар чиг шугамыг барих ёстой гэж та үздэг вэ?

-Ямар ч хүнд алдаа байхыг үгүйсгэхгүй гол нь алдаанаасаа зөв ухаарах хэрэгтэй. Зовлон бэрхшээл учирлаа гэхэд тэрнээсээ болоод гуниж гутраад бүхнийг утга учиргүй мэтээр харж болохгүй. Хүн сэтгэлийн тэнхээгээрээ бэрхшээлийг даван туулж хаттай байх ёстой гэж боддог. Миний хувьд зовлон бэрхшээлийг хүнд ухаарах боломж олгодог юм болов уу гэж ойлгодог. Зовлон бэрхшээл дундаас хүн шүдээ зуугаад гарах хэрэгтэй. Гарсных нь дараа илүү сайхан зүйлтэй учирна гэдгээ бодох ёстой юм болов уу

-Нөхөртэйгээ анх яаж танилцаж байв?

-АНУ-ын Элчин сайд асан Памила Слуц уулзуулсан гэж хэлж болно. Элчин сайдын өргөөнд үдийн зоогонд уригдаад очсон юм. Тэнд гадаад хэргийн болон бусад төрийн байгууллагуудаас хүмүүс ирсэн байсан. Тэр үеэр танилцаж байлаа. Нэрийн хуудсаа солилцоод их л албаны танилцсан даа. Тэгээд дараа нь эхнэр нөхөр болсон.

-Ингэхэд та хэр сайн эзэгтэй вэ?

-Гэрийн ажилд муу гэж хэлэхгүй ээ. Өөрөө жор зохиож хоол хийж хүмүүсийг дайлах дуртай. Юм индүүдэх л дургүйдээ.

-Ээж, аавдаа хэр цаг гаргадаг вэ?

-Тэдэндээ аль болох цаг гаргахыг хичээдэг. Миний хувьд аав, ээжийгээ өдөр бүр сэтгэлийг нь амар амгалан, дутагдах зүйлгүй байлгахсан гэж хэрэндээ мэрийдэг. Өдөртөө нэг утсаар ярьчихдаг. Долоо хоногтоо хоёр гурав очдог доо. Би эцэг, эхдээ хэмжээлшгүй их өртэй. Тийм ч учраас тэдэндээ би хязгааргүй хайртай. Миний байгаа оршихуй нь тэдний үргэлжлэл. Ер нь хүн эцэг, эхтэйгээ нандин учир холбоотой шүү дээ.

-Та хэр олон найз нөхөдтэй вэ?

-Найз нөхөд олон шүү. Би нэг найзалсан хүнтэйгээ их тууштай үнэнчээр найзалдаг. Олон сайхан хүмүүстэй найз нөхөд.

-Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ. Урлаг, спортоор хичээллэнэ биз?

-Скэйтээр гулгах их дуртай. Ямар сайндаа сургуулиа дөнгөж төгсөж ирээд Сүхбаатарын талбай дээр скэйтээр хүүхдүүдтэй зэрэгцээд тулгадаг байлаа шүү дээ. Гулгахад яагаад ч юм бэ гоё мэдрэмж төрдөг юм. Хөгжимд их дуртай альтарнетив рок маягийн хөгжим ихэвчлэн сонсдог доо. Өвөрмөц шинэлэг, сэтгэлгээтэй тийм хөгжим сонсдог. Дууг баримт кино шиг болгосон дуугаараа асуудлыг дэвшүүлж чадсан орчин үеийн модерн маягын Германы Х.Грюменмаэр гэдэг мундаг дуучин байдаг. Түүний дуунуудаас сонсох дуртай. Мөн монголынхоо сонгодог хөгжмийг сонсох дуртай. Н.Жанцанноров, Б. Шарав, М. Хангал гээд мундаг хөгжмийн зохиолчдын бүтээл аугаа шүү. Монголын зохиолчдын бүтээлийг гадаадынхантай харьцуулахад хийлд зориулсан хөгжмийн бүтээл үнэхээр ялгардаг. Цаанаасаа хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг.


Цаг зав гарвал нийтлэл бичих, шинэ ном унших, шүлэг бичдэг дээ. Аль болох байгаль дэлхийтэйгээ ойр байхыг хичээдэг. Хэдийгээр хотод төрсөн ч гэсэн хөдөөний ахуй амьдрал энгийн зүйлд их дуртай даа.

-Гоо сайхандаа цаг хэр гаргаж байна даа?

-Гоо сайхандаа бүр онцгойлж анхаардаггүй ээ. Ер нь бол боломжийн хэрээр чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг боддог. “Био терм”-ийн бүтээгдэхүүн илүү таардаг. Шанелийн К.Лагерфельд “Гоо сайхан жаахан өөдтэй, алдаатай байх тусмаа гоё байдаг” гэсэн үг надад таалагддаг.

- Хувцаслалтыг та ер юу гэж боддог вэ?

- Хувцас бол хүнийг олон янзын дүрд хувиргаж чаддаг. Тухайн хүнийг илтгэх нэрийн хуудас нь юм уу даа.


Ийнхуу бидний яриа өндөрлөсөн юм. “Эрдэмтэй хун даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг шиг эгэл даруу энэ бусгуй хийж бутээе гэсэн чин эрмэлзлэлээр жигуурлэж явна.

Б.АРИУНЗАЯА

эх сурвалж:

http://gangaraa.miniih.com/index.php/home/post/55

Related Posts by Categories



Ulaanbaatar time

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP