- Агуулгын шошго

Орос, хятад хоёр олон туйл байгуулахын 
төлөө нэг бодлоготой байгаа


МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Ж.Баясахтай ярилцлаа.

-Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их ху­рал өчигдөр эхэллээ. Арав гаруй хоног үр­гэлжлэх уг хурлаар ши­нэ удирдлагуудаа ба­тална. Өөр асуудлаар шийдэл гаргах болов уу. Авлига, хээл хахуу­лийн асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэл­цэх мэдээ байна. Ший­дэлд хүрэх болов уу?

-Коммунист намын их хурлын дараа Бүх Хята­дын ардын төлөөлөгч­дийн хурал эхэллээ. Энэ хурлаар Хятадын даргаа батлахаас гадна Засгийн газраа байгуулна, байн­гын хороодоо шинэ­чил­нэ. Авлига, хээл хахууль гэж ярьж байгаа. Гэхдээ энэ хурлаар ноцтой асуу­дал ярихгүй биз дээ.

-Өмнө нь энэ хурлын үеэр Бээжинд харуул хамгаалалтыг чангат­гаж, гол замуудыг хаа­даг байсан. Харин энэ удаад ВВС телевизээр хурлыг шууд дам­жуулж байна. Өөрчлөлт гарч байгаагийн илрэл үү?

-Өнгөц асуудал л даа. Үүнийг дагаад шууд өөрч­лөлт болно гэхэд хэцүү. Хятадын хувьд орон нутгийн сонгууль хийсэн цагт өөрчлөлт гарах байх.

-БНХАУ-ын даргаар шинээр томилогдсон Си Жинпин ямар бодлогоор ажиллах бол?

-Хятад бодлогоо зу­гуу­хан хэрэгжүүлдэг. Тий­мээс энэ улсын гадаад, дотоод бодлогод айхав­тар өөрчлөлт гарах­гүй. Гэхдээ БНХАУ-д гол ан­хаа­рах асуудал бол ав­лига. Мөн Хятадад эсэр­гүүцлийн хөдөлгөөн маш их гарч байна. Хятадад 1200 жагсаал хөдөлгөөн гарч байна хэмээн өрнө­дийн­­хөн бичиж байна. Нэг өдөрт л хэд, хэдэн удаа гардаг гэсэн үг. Их газрыг 14 хуваасны нэг­тэй тэнцэх том газар ну­таг, 54 үндэс­тэнтэй улсын хувьд зөр­чил барагдахгүй л дээ.

-Шинээр томи­логд­сон дарга эхний айлч­лалаа ОХУ-д хийхээр төлөвлөсөн нь ямар учир­тай бол?

-Аргагүй. Олон улсын харилцаанд ЗХУ задарс­наас хойш 2000 оны есдү­гээр 11-нийг хүртэл дэлхийд нэг туйлт систем үүссэн байлаа. Харин дэлхийн худалдааны тө­вийг бөмбөгдсөнөөс хойш энэ систем үгүй бол­сон. Орос, Хятад хоёр улс нэг туйл байлгахгүй, олон туйл бий болгоно гэсэн бодлоготой байгаа. Өөрөөр хэлбэл, Америк ноёрхлыг сааруулах бод­лого барьж байна. Тий­мээс энэ хоёр улс жинхэнэ стратегийн түншлэлтэй байгаа.

-Тэгвэл айлчлалаар олон туйлт бодлогын талаар яригдана гэсэн үг үү?

-Гол нь тэр. Амери­кийн нөлөөг яаж багасгах талаар ярих болов уу. Орос, Хятад хоёр цэрэг, зэвсгээ бие биедээ ху­далддаг. Тэр утгаа­раа сансрыг хамтран эзэм­шинэ гэдэг асуудал ярьж магадгүй. Хятад дэлхийн эрчим хүч, нүүрсний талыг нь хэрэглэдэг, том хэрэглэгч улс. Тиймээс ОХУ-ын түүхий эд Хята­дад хэрэгтэй байна. Харин Орост мөнгө нь хэрэгтэй. Үүнийгээ ярих байх.



Ер нь "АСЕН дээр нэмэх нь гурав" буюу Өмнөд Солонгос, Япон, Хятад гэдэг асуудал ярьж байгааг шийднэ. НАТО-г тэлж байгаа асуу­далд хоёр улс хоёулаа дургүй байгаа. Жишээлбэл, Украйнд НАТО-гийн цэрэг ороод ирвэл Орост хэцүү шүү дээ. Орост үймээд эхлэхэд Төв Засгийн газар нь дар­сан. Тэр үед БНХАУ ганц ч үг дуугараагүй. Үг дуугарвал ОХУ-ыг задрахыг зөвшөөрч байгаатай адил болно шүү дээ. Өөрөө олон үндэстэнтэй улс учраас БНХАУ Оростой нэг байр суурьтай бай­хаас аргагүй. Хятад үймээд эхэллээ гэхэд Орос хэзээ ч асуудалд орол­цохгүй. Энэ мэтээр Си Жинпиний айлчлалаар дэлхийн том бодлого яригдах болов уу. Өөрөөр хэлбэл,  БНХАУ-ын "Тав дахь үеийн удир­дагч" гол бодлогынхоо суурийг ОХУ-тай ойлголцоно гэж таамаг­лаж байна.

-Олон улсын харилцаанд ОХУ, БНХАУ нэг тал гэж ойлгож болох уу?

-Олон туйл байгуулахын төлөө нэг тал. Хоёулаа цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ги­шүүн улс. 2000 онд байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс. Тус нийгэмлэгийн дүрэмд "Өөр хоо­рон­доо харилцахыг нэгдүгээрт үзнэ" гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, гадагшаа харилцахаа хоёр­дугаарт тавих нь байна. Шан­хайн хамтын ажиллагааны бай­гуул­лага анхан­даа улс төрийн байгууллага бай­сан бол яваандаа эдийн засгийнх болж байна. Гэхдээ энэ байгуул­лага харьцангуй сул байгууллага л даа. Ерөөсөө татвар дээр тогтдог. Орос, Хятад хоёр улс хамгийн их татвар төлдөг. Тэр хэрээрээ Шанхайн хамтын ажил­ла­гааны байгууллагад дуу хоолой ихтэй, тэнд хоёр улсын бодлого явдаг.

-Манай улс тус нийгэмлэгийн ажиглагч байх аа?

-Орос, Хятадын хувьд манай улсыг гишүүнээр элсэхийг шахдаг. 70 жил нэг улсыг дагаад алдсан бид хоёр улсын аманд орж болох­гүй шүү дээ.

-Мөнхийн хоёр хөрш маань нэг тал руугаа харсан бодло­готой байхаар Монголд яаж нөлөөлөх бол?

-Энэ хоёр улс хатуурхвал манай улсад хэцүү. Тиймээс дэлхийн уур амьсгал, хүчний харьцаа ямар байгааг маш сайн мэдэж байх ёстой.

Манай улсын хувьд олон талт дипломат ажиллагааг чухалчлах хэрэгтэй. Манай улсын харилцаа ОХУ, БНХАУ гэсэн босоо тэнхлэ­гээр хөгжиж ирсэн. Харин энэ харилцаагаа хэвтээ тэнхлэгээр хөгжүүлж байж хүчний тэнцвэрт харьцаатай болно. Өөрөөр хэлбэл, баруун Европ, Европын холбоо, Ази Номхон далайн улсуудтай маш сайн харилцаатай байх ёстой. Үүнийг хоёр хөрш маань хориглож чадахгүй. Учир нь Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож топ арван орны нэг боллоо. Өнгөрсөн хуга­цаанд Монголын арми шинэчлэг­дэж олон улсын хэмжээнд хүрлээ.  Монголын гаргасан "Цөмийн зэв­сэг­гүй бүс нутаг" гэдэг нэр томъёо дэлхий дахины дэмжлэгийг хүлээ­лээ. Ард­чил­сан орнуудын хамтын нийгэм­лэгийн чуулган Монголд ирэх сард болох гэж байна. Тэгэ­хээр Монгол Улс ардчилсан орон гэж үнэлэгдэж байна. Дээр нь сайн засаглалтай гэж үнэлэгдэж байгаа зэрэг давуу тал олон байгаа. Тиймээс мөнхийн хоёр хөрштэй гэдгээ бодоод олон улсын харил­цааны хэвтээ тэнх­лэгээ хөгжүүлж улс гүрэн, үндэстэн дамнасан корпорациудтай харил­цах ёстой. Туйлширч огт болохгүй.

-Си Жинпин ОХУ-д айлчлах­даа манай улсад ирж магадгүй тухай мэдээ гарсан. Манай улсад хэзээ айлчлах бол?

-Уг нь манайд ирэх талаар мэдээ­лэл байсан ч больчих шиг боллоо. Бүх Хятадын Ардын Төлөө­лөгч­дийн Их Хурлын Байн­гын хорооны дарга ноён У Бангуо манай улсад айлчлах үеэр Си Жинпин ирэх, үгүй асуудал яригдах байх гэж хүлээж бай­сан. Гэхдээ ийм асуудал яригд­сан­гүй. Эсвэл манай­хан муу ажилла­сан байж таарах нь.

Си Жинпин Ху Жинтаогийн орлогч байхдаа гадаад дахь анхны айлчлалаа Монголоос эхэлж бай­сан түүхтэй. Ер нь Монголд их элэгтэй хүн. Аав, ээж нь бүх Хята­дын ардын чөлөөлөх армийн том зүтгэлтнүүд байсан. Энэ удаад айлчлалаа шууд Монголоос эхлэх нь том улсын бодлогод нийцэхгүй байсан байж магадгүй.

Тэрбээр БНХАУ-ын Шаньси мужид төрсөн. Монголд амьдарч байсан хятадуудын олонх нь Шаньси мужийнх байдаг. Шаньси  муж, тэдний хятад хэлийг манайд "луушир аялгуу" гэдэг бууз, банш, хуушуур зэрэг үг манай хэлэнд орсон байдаг.

Тэгэхээр Си Жинпинийг гарал, угсаагаараа Монголтой холбоотой гэж ч ярих нь бий.

-Шинэ удирдлагууд томилог­доод Хятад, Монгол хоёр улсын харилцаа, бодлого өөрчлөг­дөх­гүй байх л даа...

-Хятадууд хөршүүдээ баян, амгалан, сайн гэж гурав хуваадаг. Япон, Солонгос баян хөрш нь бол бид сайн хөршид нь багтаж явдаг. Тиймээс энэ улсын бодлогын хувьд манай статус сайн байна гэсэн үг. Хятад улс эрчим хүчний том хэрэг­лэгч тул манай нүүрсийг их сонир­хож буй. Манай түүхий эдэд сонир­холтой байна шүү дээ. Австрали, Индонезээс эрчим хүч авах уу, Монголоос нүүрс авах уу гэхэд ойлгомжтой байх.

Ер нь Хятадын бодлого солигд­доггүй. Зөөлөн, алсыг харсан бод­ло­го­той улс. Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Манай хоёр улсын харил­цаанд анхаармаар асуудал бий юу?

-Түүхэн асуудлаа нэг мөр бол­гох ёстой. "Хятадууд улсаа таван үндэстнээс бүтнэ. Түүний нэг нь монгол" гэж ярьж байна. Соёлын хувьсгалын үед Монголыг өөрийн­хөө газар нутаг гэж ярьдаг байсан. Манай их хааныг Хятадын үндэст­ний нэг хаан гэж ярих жишээтэй. Бид хэзээ ч Хятадын хэсэг бай­гаа­гүй. Энэ ойлголтыг нэг мөр болгох шаардлага байна.

-Хятад олон улсад эзлэх байр сууриа бэхжүүлсээр байгаа. Үүнийг ОХУ хэрхэн хүлээн авдаг бол?

-Хятад өөрийгөө хөгжиж байгаа орон гэж үздэг. Нийгмийн хөгжлийн чиг баримжаа нь хятад онцлогтой социализм байгуулах. Хятадын удирдагчид "ХХI зууны дунд үе болтол манай улсад энх тайвнаар зэрэгцэн оршихын төлөө байна" гэх энхтайванч, эерэг, сайн орчин хэрэгтэй гэдэг бодлоготой. Одоо БНХАУ Америкийн дараа буюу дэлхийн хоёрдугаарт жагсч байна. 2050 он гэхэд нэг номерын улс болох зорилготой байгаа биз. Гэхдээ одоогийнх шиг бослого хөдөлгөөн ихтэй байвал байдал өөрөөр эргэж мэднэ.

Орос Хятадыг хүлээн зөвшөө­рөхгүй гээд яах билээ.

-Ер нь бид өмнөд хөршийгөө яг хэдэн муж, аймаг, хошуутай гэдгийг нь тэр бүр мэддэггүй. Хятад судлаачийн хувьд энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гуаси-жуан,Өвөр Монголын Өөртөө засах орон, Синьжян-Уйгарын өөртөө засах орон, Төв­дийн өөртөө засах орон, Нинся-хотоны өөртөө засах орон зэрэг таван өөртөө засах оронтой. Мөн шууд харьяалагдах гурван хот, 22 мужтай.

Ийм улсад үндэсний бодлого чухал байхаас аргагүй. Гэхдээ үндэсний бодлого нь нэлээд уян болж ирсэн. 54 үндэстэнээс "Хань" үндэстнийхэн нэг, цөөн тооны үндэстэн нь хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг. Улсын ком­па­ниуд нь эдийн засгаа барьдаг. Эдийн засгийн гол салбарууддаа хувийн компани ажиллуулдаггүй. Гадагшаа гарах мөнгөнд асар том хяналт тавьдаг улс. Бэлнээр бол хоёр мянган ам.доллар авч гадаа­дад гарахыг зөвшөөрдөг. Бэлэн бусаар гаргасан мөнгөнд хатуу хяналт тавьдаг. Гэхдээ Хятадын эрх мэдэлтэй хүмүүс гадаадад их хэм­жээ­ний үл хөдлөх хөрөнгө худал­даж авсан байдаг. Бээжин хотын даргын хүү АНУ-аас Боинг онгоц ганцаараа хөлөглөж нутагтаа ца­гаан сараар ирсэн гэдэг яриа бай­даг.

-Хятадад эсэргүүцлийн хө­дөл­гөөн их гардаг талаар та ярьсан. Гэхдээ Өмнөд Монголд гардаг байсан хөдөлгөөн намж­мал болжээ. Манай улсын хувьд Өмнөд Монголтойгоо хэрхэн харилцах ёстой бол?

-Өвөр Монголд гэхэд бэлчээр талхалсан гэх шалтгаанаар хө­дөл­гөөн өрнөсөн шүү дээ. Түүний дараа Уудам гэдэг хүү гарч ирж, Хятадын телевизийнхнийг уйлуул­сан. Тэр хүү манай С.Жавхлангийн дууг дууллаа. Мөрөөдлийг нь асуу­хад "Надад ногоон өнгийн бэх хэрэгтэй байна. Түүгээр ертөнц дэлхийг будмаар байна" гэсэн. Эрүүл, ногоон дэлхийг хүсч бай­гаа­гаа илэрхийлсэн нь тэр. Тухайн үед Монгол хүүхэд ийм айхавтар сэтгэж байна гэж шуугисан шүү дээ. Зарим маань өвөр монголчуудыгаа нэг үндэстэн гэхийн оронд хятад гэх мэтээр дуудаад гомдоочих жишээ­тэй. Гэтэл жинхэнэ монголоо, бичиг үсгээ авч үлдсэн нь Өвөр монгол­чууд л байна шүү дээ.

Өвөр Монгол БНХАУ Монгол Улс хоёрыг холбож байгаа гүүр. Хоёр улсын харилцаанд Өвөр Монголын хүчин зүйл их. Гэхдээ энэ гүүрийг нээлттэй байлгах эсэ­хийг Бээжин тодорхойлдог. Өвөр Монголын бэлчээр муудаж, усны хомсдолд орж байгаа учраас мал өсөх нь тааруу байна. ӨМӨЗО-ны 25 сая хүний гурван сая нь монгол гэдэг. Өвөр Монголчууд нь дотроо монголоороо амьдарч буй малчин монгол байхын сацуу тариачин монгол гэж бас байна. Тариачин монгол нь арай хятад болсон юмуу даа гэж бодогддог. Харин малчин монгол нь монгол хэлэндээ сайн. Гэхдээ Хөх хотод байгаа монгол­чууд хүүхдээ сургуультай байл­гахын тулд хятад сургуульд өгдөг. Тэгэхээр монгол үндэстэн хэцүүдэж байна гэж ойл­го­хоор. Арай гайгүй монголоороо байгаа нь Хөх нуурын дээд монгол­чууд юм. Шин­жаны монголчууд ч баруун мон­голынхтой адил аялагаар ярьдаг. Ер нь өвөрмонголчууд л монгол бичгийг авч үлдсэн шүү дээ. Түүнч­лэн манай монгол дуу, хөгжим, уран зохиол их дэлгэрч байгаа бол саяхнаас урлагийн хүмүүс нь манай халх маягийн хувцас хунар өмсөх болжээ гэдэг нь надад ажиглагдаж байна. Мөн Одон телевиз их сай­хан цэвэр аялгатай ярьдаг болсон.

-Өмнөд Монгол хоёр улсын гүүр гэлээ. Тэгвэл БНХАУ тэр бүр Өмнөд Монголоор дамжуулж Монгол Улстай харилцдаг юм болов уу?

-Хоёр улсын албан ёсны харил­цаа Дипломат төлөөлөгчийн газ­раа­раа дамжина. Харин олон нийтийн дипломат харилцааг урлаг, соёл, шинжлэх ухаанынхан төлөөлж байна. Ер нь манай дуу хөгжим гэх мэт соёл Өвөр Мон­голд их дэлгэрээд ирэхээр хорих бод­лого барьж байна. Хурд хамт­лагийг гэхэд тэнд тоглолт хийл­гэхгүй байна шүү дээ. Тэр хэрээр өвөр монголчууд Монгол руу тэмүүлж байгаа. Гал голомт нь энд боло­хоор тэмүүлэхээс ч аргагүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP