- Агуулгын шошго

Манай орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг тал хээр, эмзэг эко системтэй говь нутаг эзэлдэг бөгөөд энэ бүсэд жилд 100 орчим мм тунадас унадаг. Усны нийт нөөцийн 20 хүрэхгүй хувь ногддог говь нутагт байгалийн чийгшил нэн дутмаг, хуурай уур амьсгал зонхилдог юм. Иймээс говь нутгийн хүн ам, бэлчээрийн аж ахуй, орон нутгийн жижиг үйлдвэрүүдийн ус хангамжийг үндсэндээ газар доорх усаар хангасаар ирсэн билээ.
Гэтэл өнөөдөр зэс молибден, алт, мөнгө, өндөр чанартай нүүрсний асар их нөөц бүхий Оюутолгой, Тавантолгойн орд газрууд нээгдэж, тэнд зам, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аж, үйлдвэр орон сууц, нийтийн аж ахуйн олон арван салбар цогцолбор баригдах гэж байна. Усны хэрэглээ асар өндөртэй эдгээр салбарын усан хангамжийг газрын гүний усаар хангана гэсэн урьдчилсан тооцоо гараад буй. Өмнөд говийн бүс нутгийн усан хангамжийн талаар Усны газрын Усны мониторингийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн М.Чойсүрэнтэй ярилцлаа.

-Монголын өмнөд говийн бүс нутагт стратегийн томоохон орд газрууд нээгдэж үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болоод байна. Түүнийг ашиглахад усны хэрэгцээ зайлшгүй гарна. Тэр их усны хэрэгцээг хангах нөөц говьд бий юу?
-Өмнөд говийн бүс нутаг гадаргын ус байхгүй. Зөвхөн гүний усаар асуудлыг шийднэ. Говийн бүс маань газрын гүний усаар ховорд тооцогддог. Томоохон ордуудаас усны асуудал хамгийн хурцаар тавигдах нь Тавантолгойн орд. Оюутолгой өөрийнхөө хүч хөрөнгөөр Гүний хоолойн ордыг нээсэн. Тэр орд нь 870 л/сек ашиглалтын нөөцтэй. Энэ нь өдөртөө 105 мянган тонн хүдэр боловсруулахад хүрнэ гэж үзэж байгаа. Дахиад 115 мянган тонн хүдэр боловсруулахад нэмэлт усны хэрэгцээ гарна. Уг нэмэлт хэрэгцээг Галбын говиос авах боломжтой гэсэн тооцоог Оюутолгой төслийнхөн гаргаад байгаа.

Гэтэл Тавантолгойн хэсэг усны ихээхэн дутагдалтай байна. Энержи Ресурс компани Цогтцэций сумаас 20 километрийн зайтай газар 117 л/сек усны нөөцтэй Наймантын ордыг илрүүлж ашиглалтын нөөцийг батлуулсан. Ухаа худаг уурхайн эхний ээлжийн усан хангамжийг Наймантын хөндийгөөс хангаж болохоор байна гэж үзэж байгаа.

Тэгвэл шинээр ашиглалтад орох “жижиг” Тавантолгойн ордыг ашиглахад усан хангамж шаардлагатай болно. Хамгийн эхэнд судлагдсан, ойр байгаа усны орд бол Балгасын улаан нуур. Мөн хэд хэдэн жижиг усны орд илрүүлсэн.

-Балгасын улаан нуурын ус маш цэнгэг. Угаас ус ховор говийн ийм цэнгэг усыг үйлдвэрлэлд ашиглах нь хэт тансагласан хэрэг болох байх?
-Говийн бүс нутаг цэнгэг ус ховортой. Балгасын улаан нуур нь нэлээд залуу буюу дөрөвдөгчийн галавын хурдсанд хуримтлагдсан, идэвхтэй солилцоо сайтай, Туул голын хөвөөнөөс уудаг ус шиг тийм гоё цэнгэг устай орд юм. Ийм цэнгэг усыг зөвхөн нүүрс угаахад ашиглачихвал даанч харамсалтай. Тавантолгойн ордыг түшиглэсэн томоохон хот суурин босох нь одоо хийгдэж эхлээд байгаа бүтээн байгуулалтаас тодорхой харагдаж байна. Олон хүнтэй том хот суурин босоход ундны усны асуудал тулгарна. Тэрхүү ундны усыг Балгасын улаан нуураас хангая. Үйлдвэрлэлд харин говийн хатуу, эрдэс ихтэй усыг хэрэглэе гэж төлөвлөж байна. Сүүлийн үед хүнсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу говийн бүсийн цэнгэг усны ордуудыг тусгай хамгаалалтад авах тухай яригдаж байна. Үүн дотор Балгасын улаан нуур орсон.

Эдгээр ордыг хамгаалах хүсэлтээ УИХ-д өргөн барихаар баримт бичгээ бүрдүүлээд байна. Тэгэхээр Балгасын улаан нуурыг ашиглах уу, үгүй юү гэдгийг УИХ шийдэх нь.

-Гүний усыг ашиглахаар газрын гадарга дээрх ургамал хатаж, булаг шанд ширгэх вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа. Энэ болгоомжлол хэр үндэслэлтэй вэ?
-Говийн нөхцөлд идэвхтэй солилцооны бүсэд байдаг, агаарын хур тундсаар шууд тэжээгддэг, өөрөө ууршиж газрын гадаргууд байгаа ургамалд шууд нөлөөлдөг уст үе 100 хүртэл метрийн гүнд байгаа. Тийм уст үеийг авч ашиглавал мэдээж дээдэх хөрс ургамалдаа нөлөөлнө. Харин түүнийг нь ургамал, хөрсөнд нөлөөлөхгүйгээр тохируулж ашиглах хэрэгтэй. Нэгэнт газрын гүний уснаас өөр нөөц говьд байхгүй болохоор байгаа юмаа зүй зохистой ашиглах шаардлагатай.

-Газрын гүний уснаас өөр эх үүсвэр байхгүй гээд гүний усаа хайр гамгүй ашиглаад байж болохгүй байх. Говийн хур тунадасыг хуримтлуулах далан, цөөрөм барих төлөвлөгөө бий юу?
-Сүүлийн үед агаарын хур тунадас үерийн усыг тодорхой хэмжээнд хуримтлуулах зорилгоор хөв цөөрөм барих газруудыг сонгон судалгаа хийж байгаа. Энэ нь томоохон усан хангамжид ашиглах боломжгүй бага хэмжээтэй. Харин мал аж ахуй, бэлчээрийн хэрэгцээнд ашиглаж болно.

-Орхон говь төсөл нэг хэсэг эрчимтэй яригдаад сүүлийн үед сураг тасарч байх шиг?
-Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Орхон гол дээр урсацын тохируулга хийгээд говь руу ус татах “Орхон говь” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа явж байна. Энэ төсөл бүтвэл Тавантолгойн орд хүртэл далд шугамаар ус татна. Манайхан гадаргын усыг татах туршлага байхгүй болохоор бүгдээрээ бие биенийгээ хардаад байна л даа. Орхон гол дээр нэг юм баривал Орхон тэр чигээрээ алга болчих юм шиг санаад байгаа. Ингэж бодох нь буруу. Тэртэй тэргүй гадагшаа урсаад явчихаж байгаа голыг өөрсөддөө ашигтайгаар хэрэглэх хэрэгтэй. Үүнийг ашиглах талаар олон улсын гэрээ конвенц, эрх нь бидэнд байна. Ус багатай газрууд руу татаж болно. Далан барьж болно.

Ер нь манай орон гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Манай орон ус ашиглалтын зохисгүй хэрэглээтэй байгаа. Нийт хэрэгцээнийхээ 80 хувийг газрын гүний усаар, 20 хувийг гадаргын усаар хангадаг. Гэтэл газрын гүний ус эргэж нөхөгдөхдөө асар олон жилийг зарцуулдаг. Гадны улсуудыг харахад гадаргын ба газрын гүний усны хэрэглээ нь тэнцүү, эсвэл гадаргын ус ашиглалт нь илүү байдаг. Манайх харин эсрэгээрээ байна.

-Оюутолгой компанийн илрүүлсэн Гүний хоолойн ус нь хэдэн жилийн нөөцтэй вэ?
-Өдөрт 105 мянган тонн хүдэр боловсруулахад 40 жил ашиглах усны нөөц Гүний хоолойд бий гэсэн тооцоо гарсан. Гэхдээ ашиглалтын явцад газрын доорх усны хяналт шинжилгээг тогтмол ажиллуулж, хэрэглээний явцад тооцоолсон хэмжээнээс хэр зэрэг зөрөх вэ гэдгийг хянаж тохируулна. 870л/секундээр ашиглаж байтал тооцоолсон хэмжээнээс илүү гарч, газар доорх нөөц багасвал бид усны хэрэглээг зогсоох боломжтой.

-Үйлдвэрлэлийн явцад усны хэрэглээний горимд хэрхэн хяналт тавих вэ?
-Ашиглалт явагдаж байгаа газрууд дээр орчин үеийн техникээр тоноглогдсон тусгай мониторингийн цооногууд байна. Цооногууд нь газрын доорх усны түвшин, чанарыг хэмждэг. Галбын говь болон Гүний хоолойд гүний ус хэмждэг, бүх мэдээллийг тооцдог мониторингийн 134 цооног ажиллаж байна. Тэдгээр цооногоос ирсэн мэдээллээр хэрэглээний түвшинг тодорхойлж болно.

-Замын-Үүд сум эдийн засгийн чөлөөт бүс болно гэж ярьсаар нэлээд хугацаа өнгөрч байна. Монголын хамгийн том хилийн боомт хотод усны асуудал нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Уух усаа бараг л Хятадаас авах нь холгүй байдаг. Замын-Үүдийн усны асуудлыг яаж шийдэх вэ?
-Замын-Үүдийг өргөжүүлэн тэлэхэд усны асуудал зайлшгүй тавигдана. Усны асуудлыг нь шийдэх хоёр арга байна. Нэг нь мэдээж газрын гүний ус. Судалгаагаар тогтоосон газрын гүний усны орд Замын-Үүдээс нэлээд хол байгаа. Хоёр дахь арга нь одоогоор зогсчихоод байгаа өнөөх алдарт “Хэрлэн говь” төсөл. Уг төслийг эргэж хараад, боломжтой бол шийдээд өгөх хэрэгтэй байна.

-Усны газраас нэмэлт судалгаа, хайгуул хийж байгаа юу?
-1990-ээд оны сүүлээс 2004 он хүртэл газрын доорх усны судалгаа бараг хийгдэж байгаагүй. 2004 онд Усны газар байгуулагдсанаас хойш унд ахуйн хэрэгцээнд зориулж усны судалгаа нэлээд хийлгэж байгаа. Төв суурин газрын усны нөөцийн ашиглалтын хугацаа дуусч байгаа. Үүнтэй холбоотой нэмэлт, дахин үнэлгээний судалгаа хийгдэж эхэлсэн. Мөн бусад усан хангамжаар гачигдсан сумдад судалгаа хийгдэж байгаа.

Одоогоор илрүүлээд байгаа газрын гүний усны судалгааг жагсаавал:
• Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 30 газрын доорх усны орд илрүүлсэн. Гурвантэс сумын нутагт орших Нарийн-Сухайт нүүрсний уурхай орчмын газар доорх усны нийт нөөц 8514 м3/хоног.
• Даланзадгад, Цогтцэций сумын ойр орчим, Тавантолгой нүүрсний ордын ойролцоох усны нийт нөөц 17611.32 м3/хоног.
• Баян-Овоо, Ханбогд сумын ойр орчим, Оюутолгой зэсийн ордын ойролцоох усны нийт нөөц 107135м3/хоног байна.
• Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 12 газрын доорх усны орд илрүүлсэн. Цагаан суварга зэсийн орд газрын орчмын усны нийт нөөц 25920 м3/хоног.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ойролцоох усны нийт нөөц 92000 м3/хоног байгаа юм.

О.Хосцэцэг

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP