- Агуулгын шошго

                  
Баялаг бүтээж байж л баян улс орон болно


 “Экологбус” ХХК-ийн Ерөнхий инженер Д.Жамцтай ярилцлаа. -Монгол улсад машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбар хөгжүүлэх боломж байна уу?
-Төмөр хийц, тоног төхөөрөмж, сэлбэг эд анги машин механизм худалдан авахад Монгол улс жил бүр 2-3 тэрбум америк долларыг гадагшаа урсгаж байгаа бөгөөд энэ том мөнгөний урсгалыг саармагжуулах, зогсоох боломж нь зөвхөн өндөр технологийн металлург, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг бий болгосноор бүрдэнэ. Ажлын байр олноор бий болгох, Монгол хүнийг чадваржуулах, техник технологи санхүүгийн харилцан уялдаатай жижиг, дунд, том үйлдвэрүүд бий болгох зах зээлийн багтаамж Монгол улсад эдүгээ бий болоод байна. Энэ том боломжоо хир ашиглахаас Монголчуудын шинэ зууны хөгжлийн зам тодорхойлогдоно.
-Цахилгаан тээвэр, Эрдү, Экобус зэрэг компаниуд Монгол улсад хөгжлийн шинэ гарц нээхээр ажиллаж байгаа нь үнэхээр талархууштай. Та бүгдийг төр засаг, ард иргэд хир дэмжиж байна вэ?
-Хүнд аж үйлдвэр буюу улс орны эдийн засгийн суурь салбарыг хөгжүүлэх нь Монголчуудын эдийн засгийн тусгаар тогтнолыг хангахад онцгой чухал үүрэгтэй гэдгийг ухаарч ойлгосон төр засгийн удирдлагууд дэмжиж байна. Ард иргэдийн зүгээс алхам тутамд баяр хүргэж урам зориг өгч байгаа нь Монгол инженерүүдийг улам идэвхи зүтгэлтэй ажиллахад нөлөөлж байна.
Экобус, Эрдү, Цахилгаан тээвэр компаний автобус, троллейбусны үйлдвэрийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдавга, Хотын дарга Э.Бат-Үүл, Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, иргэдийн төлөөлөгчид гээд түмэн олныхоо төлөө зүтгэнэ гэж төрийн алба хашиж байгаа олон дарга сайд нар ирж баяр хүргэн шууд дэмжинэ гэсэн урам зоригийг өгөөд байгаа.
-Сүүлийн үед танай Экобус компаний автобусны үнийг өндөр байна гэж шүүмжлэх юм. Энэ ямар учиртай юм вэ?
-Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах маш олон ажил орсны нэгэнд нийтийн тээврийг экологижуулах заалт байдаг бөгөөд хотын удирдлагын бодлогыг дэмжиж Монгол улсад анх удаа Euro-4 хөдөлгүүртэй порталь тэнхлэгтэй ухаалаг автобусыг бид үйлдвэрлэсэн.  Нийслэлийн тээвэр хөгжүүлэх Сангаас автобус худалдан авах саналыг 9-н орны 10-аад үйлдвэрлэгч компанинд тавихад Euro-3 хөдөлгүүртэй энгийн хийц бүхий тэнхлэгтэй 10 м урттай автобусыг 150 мянган ам.долларт нийлүүлэх санал тавьсан. Эдгээр автобуснуудын гааль, худалдааны татварыг тэглэх замаар Монгол улсад оруулж ирэх гэж байгаа нь дөнгөж эхлэлийн шатандаа явж буй үндэсний машинт үйлдвэрлэлийн компаниудыг шууд дампууруулах зорилго барьж байгаа юм шиг. Уг нь бүр эсрэгээр нь Монголд үйлдвэрлэх автобус, троллейбусны сэлбэг эд ангийн гааль худалдааны татварыг чөлөөлж Монголчуудаа дэмжих ёстой л доо.
Эрдү компаний Euro-3 хөдөлгүүртэй автобус-110 мянган ам.доллар Экобус компаний Euro-4 хөдөлгүүртэй автобус 150 мянган ам.доллараар зарахаар үнийн санал хүргүүлсэн байгаа.
Хэрвээ үндэсний машинт үйлдвэрлэлийн компаниудын үйлдвэрлэлд шаардлагатай сэлбэг эд ангийн гааль худалдааны татварыг хөнгөлсөн бол үнэ 10-15 хувиар буурна.
Мөн Euro-3, Euro-4 хөдөлгүүр хоорондын технологийн шийдлийн үнэ 10-15 мянган долларт байдаг бөгөөд гадны үйлдвэрлэгч нар бидэнтэй адил Euro-4 хөдөлгүүртэй автобус нийлүүлэх бол хамгийн багадаа 170 мянган ам.доллар болох дэлхийн жишиг үнэ байдаг. Үүн дээр гааль худалдааны татвар нэмбэл 190 мянган ам.доллар болно шүү дээ. Харин үндэсний үйлдвэрлээ дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдвэл Улаанбаатарын иргэдийн уушиганд хэрэгтэй Euro-4 хөдөлгүүртэй автобусыг 135 мянган ам.долларт багтаан Монгол аавын хүүхдүүд хийгээд өгөхөд бэлэн байна.
-Хир баргын хүмүүс ойлгодоггүй техник технологийн том төсөл хэрэгжүүлэхээр зориглон зүтгэж байгаа танай хамт олныг төр засгийн зүгээс дэмжин гэдэгт итгэлтэй байгаа юу?
-Монголчууд техник технологийн өндөр шийдэлтэй машин үйлдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг бий болгож чадсан манай хамт олон Монголчуудад хэрэгтэй хөгжлийн шинэ замаас ухрахгүй. Бидний гаргаж буй шинэ замаар олон Монголчууд явна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Төр засгийн бүх дарга нар ирж дэмжихээ илэрхийлсэн. Хэлсэн үгэндээ хүрч Монголчуудад хэрэгтэй хөгжлийн нүүдлийг хамт хийнэ гэдэгт итгэж байна.
Зарим нэг дарга нар албан тушаалтнууд Солонгосчуудын төлөө Солонгос автобус авахын төлөө маш ихээр идэвхийлэн тэмцэж бидний инженерүүдийн хийж байгаа автобус троллейбуснуудыг "төмөр амбаар хийлээ" гэж доромжилж байгаад их гомдох юм.
Манай хамт олон техник технологийн шийдлээс хамаарч 60-150 мянган ам.долларт багтааж олон төрлийн автобус үйлдвэрлэх ажлыг эхэлүүлж байна. Мөн үйлдвэрлэгч-банк-хэрэглэгч гэсэн санхүүгийн лизингийн гэрээгээр Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах боломжийг судалж байна.
-Нийтийн тээврийн салбарт хөгжил авч ирэх Монгол автобуснуудыг дэмжих олон нийтийн санал асуулга явуулж болох уу?
-Ер нь бол болно. Хотын дарга шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асуудаг шинэ санаачлага гаргасан. Энхтайваны өргөн чөлөө дээр 18 метрийн урттай автобус худалдан авч явуулна гээд байна лээ. Автобусны ашиглалтын зардал троллейбуснаас 10 дахин үнэтэй байдаг бөгөөд Монгол инженерүүдийн санаачилсан 18 метр урттай орчин үеийн дизиан хийцтэй троллейбусыг төв зам дээр явуулбал ард түмэнд ээлтэй хямд үнэ тарифтай агаар орчин бохирдуулдаггүй цахилгаан тээвэр хөгжихөд ихээхэн тустай. Худалдаа хийвэл цөөхөн хэдэн хүн хожих байх харин үйлдвэрлэл хөгжвөл улс үндэстэн хөгжинө.
Бидний татварын мөнгөөр Монголчуудаа дэмжихгүй гадны улс орны аж үйлдвэрийн салбарыг дэмжвэл түүхийн өмнө том гэмт хэрэгтэн болно шүү гэдгийг хэлье. 

       "ӨДРИЙН СОНИН" 2014.5.28






МЕТАЛЛУРГ, МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ


Test drive: Bus #3

 



 
Test drive: Bus #10

Видеонууд:

  1. https://www.youtube.com/watch?v=VOga0Zl3jq4
  2. https://www.youtube.com/watch?v=ubvWLCG4dXM
  3. https://www.youtube.com/watch?v=2JKJrhC9eaM&feature=youtu.be
  4. https://www.youtube.com/watch?v=QqlKwFCWsVM

-Металллург, машин үйлдвэрлэл гэж чухам яг юуг хэлээд байгаа юм бэ? Монгол улс, монголчуудад ямар хэрэгтэй юм бэ?
Өвөг дээдэс маань орчин үеийн монголчуудад юу үлдээсэн бэ гэдэг асуултыг би өөртөө дандаа тавьдаг юм. Тэргүүний машин үйлдвэрэгчдийн нэг японы өвөг дээдэс японы арлуудыг япончуудад үлдээсэн. Монголын өвөг дээдэс бидэнд дэлгэсэн тэрлэг шиг газар нутгийг бүх баялагтай нь үлдээсэн. Тэгэхээр эцэг өвгөдөөс өвлөж авсан зүйлийн талаар бид бусад ард түмнээс илүү гарна уу гэхээс дутуу гэж гомдоллох шалтгаан алга. Орчин үеийн аж үйлдвэржилт, бренд бүтээгдэхүүний дэлхий дамнасан ноёрхлыг судалж үзвэл материал түүхий эд ба түүнийг боловсруулах технологи гэсэн хоёр хүчин зүйл шийдвэрлэх нөлөөтэй байгаа нь харагддаг. Өнгөт ба хар металлург, машин, багаж тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эд, эрдэс баялгийн төрөл зүйл, нөөцөөрөө бид ямар ч үйлдвэрлэлийн гарын аяыг даах хангалттай боломж байгаа. Тиймээс түүхий эд байхгүйгээс бид нар үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй байна гэж ярих эрх алга. Түүхий эд, эрдэс баялгийг боловсруулах технолог бид нарт байхгүй байгаагаас үйлдвэрлэл хөгжихгүй байна уу? Би бол үгүй гэж хэлнэ. Бүх технолог нь бэлэн байснаас хөгжсөн улс орон гэж байдаг уу? Үгүй. Технологи, техникийн хөгжлийг зорилготой хөдөлмөрлөсөн хүмүүс, ард түмнүүд бий болгодог болохоос хар аяндаа өөрөө хэзээ ч бий болохгүй. Тэгэхээр хамтын зорилготой болох түүндээ хүрэхийн тулд сэтгэл нийлж, зориг гаргах шаардлага тулгардаг аж. Ард түмэн хамтын зорилготой, тухайн нэг чиглэлд амжилт гаргахад төрийн зохион байгуулах ур чадвар түүнийг гүйцэлдүүлэх сэтгэл хэрэгтэй. Чухам үүний тулд л ард иргэд бид төр, түүний бүтцийг санхүүжүүлж байдаг билээ. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар би энд дүн тавих гэж оролдохгүй, харин металлург, машин үйлдвэрлэл хөгжсөн улс орнууд бусдын гар харахааргүй болтлоо “тасарсан” хөгжилтэй болдгийг онцлон дурдъя. Тэгвэл үүний нууц нь юу юм бэ? Энэ бол түүхий эд, эрдэс баялгийг боловсруулах багаж, тоног төхөөрөмж, технологийг үүсгэн бүтээх явцдаа түүнийг гардан хэрэгжүүлдэг зохион бүтээгчид, дизайнерууд, инженерүүд, технологчид, худалдан борлуулагчид, дагалдах техникийн үйлчилгээг эрхлэгчдийн бүхэл бүтэн нэг зорилготой, хоорондоо маш нарийн шүтэлцээтэй “арми”-ийг бий болгодог. Дэлхийн 2-р дайны дараа Герман, Япон, Солонгос зэрэг одоогийн өндөр хөгжилд хүрсэн автомашин үйлдвэрлэгч орнууд үнс нурам болтлоо эвдэрч сүйдсэн эдийн засагтай хоногийн хоолоо ч яаж аргацаахаа мэдэхгүй хэцүү байдалтай үлдсэн. Тэд яаж богино хугацаанд хөл дээрээ босч дахин дэлхийд тэргүүлэгч их гүрнүүд болсон нууц нь өмнө дурьдсан аж үйлдвэрлэлийг эрхлэх аргад боловсорсон армиа дахин бий болгож чадсанд л байгаа хэрэг юм. Эндээс эргэж бодвол ард түмэн нэгдсэн зорилготой болж нэгтгэгдэн зангидагдах нь төр засгийн бодлоготой маш их хамааралтай болох нь ойлгогдоно. Төрөөс зөв бодлогоор дэмжихэд ямарч орон маш богино хугацаанд хөгжлөөрөө тэргүүлэгчид болж болдгийг сүүлд хөгжсөн азийн баруудын арвин туршлага ч нотолж байгаа.
-Та төрийн дэмжлэг гэж ярилаа. Чухам яаж дэмжвэл оновчтой юм бэ?
Би шууд тоочъё.
  1. Нэгдсэн зорилтыг тоймолж үечлэлүүдийг тодорхойлох, хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ, ард түмэнтэйгээ хамтран зохион байгуулах, хэрэгжилтийг дүгнэх
  2.  Өмчлөлийн хэлбэрүүдийг үл харгалзан тэгш оролцох боломжтой орчин үүсгэхийн тулд хууль, эрх зүйн орчинг бий болгох
  3. Гаргах бүтээгдэхүүнүүдийн боловсруулалтын төвшин, хэрэглэх багаж, тоног төхөөрөмж, арга, технологийг тодорхойлж судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход нь туслах
  4. Боломжийн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө босгоход нь дэмжлэг үзүүлэх
  5. Бүтээгдэхүүний гадаад, дотоод борлуулалтад туслах, худалдан авалт хийх, гадаад, дотоод захиалга олж өгөх
  6. Татварыг зөв үйлчлүүлэх
  7. Мэрэгжилтэн бэлтгэхэд оролцох
  8. Гэнэтийн өөрчлөлтөөр эдийн засгаа татаж унагахгүй байх/Бодлого, хууль эрх зүй, татвар, ханшны өөрчлөлт, тендер, гааль, лиценз зөвшөөрөл, хяналт шалгалт гм./
Эндээс ажвал зам тавих, цахилгаан станц, үйлдвэр барих, компани байгуулах, нүүрс зөөх, барилга барих гэх мэтчилэн аж ахуй-бизнесийн үйл ажиллагаа явуулах талаар ер дурьдагдахгүй байгаа нь анзаарагдаж байгаа байх.
-Автомашин үйлдвэрлэл маш их хөрөнгө оруулалт шаарддаг салбар гэж бодож байна. Бидэнд хөрөнгө мөнгөний бололцоо байгаа юу?
Орчин үеийн авто үйлдвэрлэгчид дан өөрийн хөрөнгөөр үйлдвэрлэл явуулахад хэцүү. Угаас тэгэхээ ч больсон. Автомашин үйлдвэрлэгчид дэлхийн хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө босгож бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулж байна. Бүтцийн хувьд ч маш өвөрмөгц нийлмэл шинж чанартай болсон. Би ганцхан жишээ дурьдъя. Шведийн СААБ автомашины үйлдвэр 2010 оноос үйл ажиллагаа нь догол дож санхүүгийн хүндрэлд орж эхэлсэн. Уг үйлдвэрийг татаж босгоход 1 тэрбум хүрэхгүй долларын хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Харин бид нар түүний талаас илүү хөрөнгийг яг тэр үед “21000”, “70000” гэх мэтчилэнгийн нэрээр нэрлээд хуваагаад тараачихсан. Энэ хөрөнгөөр Европд ажиллаж байгаа уг үйлдвэрийг худалдаж авч болох байлаа. Монголд олзворлосон төмрийн хүдэр, зэс, цайр, коксждог нүүрсээ Европ руу аваачаад өөрийн худалдаж авсан үйлдвэрт боловсруулан машин хийж тэнд нь борлуулбал ямар их боломжийг бид бий болгож чадах билээ дээ. Монголчууд Европд автомашины үйлдвэр худалдаж авлаа гэдэг мэдээлэл аль ч хөрөнгийн бирж дээр “монголын” гэх хаягтай хувьцаануудыг суга өсгөж манай улсыг зорих хөрөнгө оруулагчдын бүхэл бүтэн цувааг эхлүүлэх үүд хаалгыг нээх байсан гэдэгт би эргэлздэггүй. Түүнчлэн бид дотоодын зах зээлээ хичнээн голдог боловч нарийн судлаад үзвэл маш их мөнгө эргэлдэж байдаг. “Эргэлдэж” гэж хэлэх нь буруу л даа. Шууд гадагшаа урсаж байдаг гэж хэлбэл зохино. Зөвхөн автобусны дотоодын зах зээлийн багтаамжийг авч үзэхэд:
          Нийт автобусны тоо – 17910
    МУ-ын автобусны нийт паркийн 3%-ийг шинэчлэхэд жил бүр 537 ширхэг шинэ автобус шаардлагатай
        12 жилийн насжилтаар хязгаарлагддаг нийтийн тээврийн 1980 автобусыг жил тутам 8,33% шинэчлэхэд  хамгийн багадаа 165 ширхэг шинэ автобус шаардлагатай
          Зах зээлийн багтаамж нь тэгэхээр:
      165-537 автобус буюу 24,8 – 80,6 сая ам. доллар болно. Зөвхөн төрөл бүрийн тормозны наклад худалдаж авахад жил бүр 3,2 сая долларын хөрөнгөө гадагш нь өгч гадаадын үйлдвэрлэгчид хөрөнгө оруулагчдыг дэмжиж байна. Бид амьдрал хэцүү байна, долларын ханш өслөө гэж гомдоллоцгоодог, төр засаг ч интервенц хийнэ гэж байгаа бэлэн доллараа зах зээлд гаргаж зардаг ганцхан аргатай. Хомсдолтой байгаа зүйлээ хичнээн гадагш нь зарвал улам л хомсдох бус уу? гэж асууя. Ер нь үйлдвэрлэл хөгжсөн орнуудад дотоодын мөнгөнийх нь ханш унахаас айдаггүй харин ч өсөхөөс нь л айдаг эсрэг тогтолцоо үйлчлээд байгаа юм уу даа гэмээр байдалтай байдаг. Энэ бол үйлдвэрлэлээ хөгжүүлсний ач.
-Танай салбарын үйлдвэрлэгчид татвар ямар байгаасай гэж хүсдэг вэ?
  1.  Бодлого зарчим нь ойлгомжтой, тогтвортой.
  2.  Түүхий эд, материал, багаж, тоног төхөөрөмжийн импортын татвар бага байх, бүр тэглэсэн ч харамсах зүйл үгүй. Түүхий эд, эрдсийн баяжмалын экспортын татвар маш өндөр байвал сайн.
  3.  Бэлэн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээ, хүнсний барааны импортын татвар байнга нэмэгдэнэ гэдгийг урьдчилан зарлаж байнга нэмж байх
  4.  Дотоодод үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүнийг татварыг нь бодлогоор багасгаж, тэглэж байгаад ашиг орлого нь сайжирсан үед нь хэвийн хэмжээнд нь оруулж татвар авдаг байх, экспортод гаргаж байгаа өндөр технологоор боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнд маш бага татвар авдаг байх хэрэгтэй. 
  5. Ажиллагсдадаа өгч байгаа цалингийн нэмэгдэлийг нь татвараас чөлөөлөх
-Бид үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын талаар нилээд ярилцлаа. Одоо Экобус J 800T загварын автобусныхаа онцлогийн талаар дурьдана уу.
Мэдээж дотоодод мөрдөгдөж байгаа бүх стандарт, шаардлагуудыг хангасан сайн бүтээгдэхүүн болж чадсан. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тэнхлэгүүд, арлыг гаднаас, кузовыг өөрсдөө хийж угсралтын бүх ажлыг дотооддоо гүйцэтгэж байна. Хөдөлгүүр нь коммон рейл электрон удирдлагатай, Евро IV стандартын шаардлага хангасан, агаарыг бохирдуулдаггүй технологтой, маш бага “иддэг”. Хийн нумтай болохоор явдал маш зөөлөн, жолоочийн хөдөлмөрийг хөнгөвчлөхөд зориулагдсан хаалгануудын болон ухрахын өнгөт дэлгэцтэй хяналтын камер, хүчлүүртэй жолооны механизм, нам шалтай тухлаг саруул салон, хүчтэй дулаацуулгын систем, даацын дугуй, LED гэрлэн урсдаг хаяг, хуурайшуулагчтай хийн систем, хавчдаг тормоз гээд маш олон давуу талууд байгаа. Бид нийтийн тээврийн салбараас төрсөн автомашин үйлдвэрлэгч учраас нийтийн тээврийн хэрэглээнд тохиромжтой амьдрал дээр шалгагдсан хамгийн сүүлийн үеийн сайн технологуудыг энэ загвартаа бодит зүйл болгон хэрэгжүүлсэн.
-Үнийн талаар асууя. Арай үнэтэй байна гэж яриад байх юм.
Ирэх ойрын хугацаанд нийтийн тээврийн автобусанд баримтлах техникийн дэвшлийн харьцангуй дээд түвшинг тогтоохын төлөө манай үйлдвэрийн хамт олон Экобус J 800T загвараа гаргасан. Евро IV хөдөлгүүртэй автобусыг түүнтэй ижил хөдөлгүүртэй автобустай харьцуулж үнийг нь судалж үзээрэй. Tөмөр нум хэрэглэдэг автобусны зөвхөн нум, стремень, нумны втулканы эвдрэл, түүнийг засахад зарцуулдаг цаг хугацаа, хөдөлмөрийг мөнгөөр илэрхийлээд харьцуулж үзээрэй. Бид жижиг зүйлийг ч анхаарлынхаа гадна орхихыг хүсээгүй. Тормоз хийн системүүдийг холбосон хоолойнууд гэхэд л хуванцар биш зэс хоолойнууд угсрагдсан байгаа. Тэр бүхнийг зах зээлийн хамгийн боломжит бага үнээр үнэлсэн. Үнэ бүрдэхэд сэлбэг, тоног төхөөрөмжийн гаалийн татвар 15,5 % нөлөөлдөг, түүнийг бид ширхэг боолт худалдаж авахад ч төлж байгаа. Гэтэл гадны үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бэлэн автобусыг оруулж ирэхэд татварын хөнгөлөлттэй байгаа. Технологийн хувьд доогуур үзүүлэлттэй, гааль чөлөөлөгдсөн бүтээгдэхүүнийг өндөр технологтой, гаалиас хөнгөлөлт эдлээгүй бүтээгдэхүүнтэй битгий харьцуулаачээ. Төрөөс үүнийг бодлогоор зохицуулах арга хэмжээ авна гэдэгт бид итгэдэг. Мөн 50,0-100,0 мянган ам. долларын үнэтэй хямд автобусыг ч бид нийтийн зорчигч тээврийнхэндээ санал болгохоор ажиллаж байна. 209,000 орчим ам.долларын үнэтэй угсраа автобус хийх зорилт ч ойрын үеийн төлөвлөгөөнд орсон.
-Таны ярилцлагаас үзэхэд металлурги, машин үйлдвэрлэл чинь уг нь уул уурхайгаас илүү хөгжлийн түлхүүр юм биш үү?
Тийм гэж зоригтой хэлж болно. Учир нь төмрөө, зэсээ, шилээ, нүүрсээ гэх мэт монголд байдаг түүхий эд, эрдсүүдийг гүн боловсруулж, бусад үйлдвэрлэлд хэрэгтэй хагас бэлэн боловсруулсан бэлдэц, материалуудыг энэ салбар л бий болгодог. Бас бахь, алх, хадааснаас эхлээд металлург, машинт үйлдвэрлэл оролцоогүй тийм бүтээгдэхүүн, салбарыг нэрлэх боломжгүй. Маш олон үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хүмүүс биднийг дэмжиж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өгч, угсарч байгаа зарим эд ангиудыг үйлдвэрлэх боломжийг судалж байна. Энэ сайн эхлэл.
-Танд баярлалаа. Танай хамт олонд улам сайхан бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж олон сайхан залуучуудыг сургаж ажил амьдралтай байлгахын ерөөл өргөе!
Баярлалаа. Хамт олондоо, залуучууддаа уламжилнаа.

“Экобус” автобусны үйлдвэрийн Ерөнхий инженер Дашийн Жамц

2014 оны 5 дугаар сар 14

 

 



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP