- Агуулгын шошго




“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийн энэ удаагийн дугаарт “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Одсэрийг урьж ярилцлаа. Л.Одсэр. 99117271 

-Чинээлэг малчин бий болгох хөтөлбөр боловсруулсан гэж сонссон. Хөтөлбөрийг боловсруулах зорилго юу байв. Хүрэх үр дүн нь юу байх вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Би жил гаруйн өмнө “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ыг байгуулсан юм. Харин “Чинээлэг малчин” хөтөлбөрөө Монгол Улсын хэмжээнд ажиллаж, амьдарч байгаа 169 мянган малчин өрхөд хүргэхийн тулд боловсруулсан. Малчдын амьдрал, аж ахуйг сайжруулснаар улсын хөгжил цэгцэрнэ гэсэн үндсэн санааг агуулж байгаа. 2013-2016 оны хугацаанд би Говьсүмбэр аймагт Засаг даргаар ажиллаж байлаа. Тэр хугацаанд төв суурин газартаа бүтээн байгуулалтын ажил хийлээ. Хөдөө орон нутаг малчдад чиглэсэн төрийн бодлого нөгөө л хуучинсаг сэтгэлгээгээр явж байгаа нь худлаа биш. Аймаг орон нутаг, улсын бодлого ч нэг л хэвийн байлаа. 1990 оноос хойш гэж тооцвол 30 жил бид малчдын амьжиргааг сайжруулах төрийн бодлого гаргаж чадаагүй. Тиймээс 2015 оноос хойш малчдын амьдралыг хэрхэн сайжруулах, аж амьдралыг нь хэрхэн дээшлүүлж болох талаар судалгаа хийсэн. Малчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо. Гэтэл малчид яг өөрт нь юу хэрэгтэй байгаа, сум орон нутгийг хөгжүүлэх мөнгийг хаашаа чиглүүлбэл зүгээр вэ гэдэг талаар тодорхой санал гаргаж чадахгүй байсан. Тиймээс л судалгаа хийж үзээд энэ хөтөлбөрийг боловсруулсан. 

-Олон жил судалгаа хийж үзсэн гэлээ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын хөгжил гадны улс орнуудын энэ салбарын хөгжлийн яг аль түвшинд явж байна вэ?

-Гадны улс орнуудын хүн амын тав орчим хувь нь хөдөө аж ахуйн салбартаа ажилладаг. Гэтэл тэдгээр иргэд нь дэлхийн топ түвшний баян, чинээлэг амьдралтай хүмүүсийнтэй адилхан байдаг. Манай улсын тухайд хүн амын 20-30 хувь нь буюу сая орчим иргэн энэ салбарт ажиллаж байна. Гэтэл тэдний орлогыг тодорхойлоод үзэхээр дундаж түвшний орлоготой иргэдээс ч доогуур байна шүү дээ. Нүүдэлчин ахуйтайгаа зууралдсан, аль социализмын үеийн бодлогоор хөдөө аж ахуйн салбарыг удирдаж байгаа нь харагдаад байгаа юм. Малчдад амьжиргааны доод түвшнээр тодорхойлдог шиг албан ёсны орлого гэх зүйл алга. “Иргэн баян бол улс баян” гэж бүх улстөрчид ярьдаг. Гэтэл баян байх ёстой бүлэг нь амьжиргааны доод түвшний ч орлогогүй сууж байна. Энэхүү хөтөлбөрийг боловсруулсны дараа туршилт хийх 1-2 жил шаардлагатай байсан. Үр дүн гарсны дараа хэрэгжүүлж эхэлье гэж бодсон. Хөтөлбөрийг 21 аймагт хэрэгжүүлэх зорилго тавьж байгаа. Эхний удаа аймгийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд, мөн тэнд баг хамт олноо буюу малчдаа таньдаг учраас Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж байгаа. 

-Малчид хэрхэн хүлээж авч байх юм. Өөрөөр хэлбэл, та бүхний ажил хэрэг болгож байгаа энэ хөтөлбөрөөр бол малчин бүхэн бизнесмэн болно гэсэн үг биз дээ?

-Өмнө хэлсэнчлэн, Говьсүмбэр аймгаас эхлүүлээд “Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Манай ТББ-ын нэр нь “Чинээлэг малчин бойжуулах төв”. Өөрөөр хэлбэл, инкубатор төв буюу гарааны бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн үг. Монгол Улсад 169 мянган үйлдвэрлэгч ажиллаж байгаа. Бизнес эрхлэгчдэд бизнесээ эхлэхэд газар хэрэг болно, үл хөдлөх хөрөнгө, хүний нөөц, маркетинг, борлуулалт хийх гэх мэтээр маш олон шат дамжлагыг дамжиж байж, үр дүнд хүрдэг. Тэгэхээр төсөл нь хязгаарлагдмал зах зээлд амжилт олох нь юу л бол. Гэтэл малчин өрх бүхэн өнөөдөр үйлдвэрлэгч байгаа. Малаа ашиглан хүний хэрэгцээт зүйлийг зах зээлд борлуулдаг, тэндээс бага боловч ашиг олно. Өөрөөр хэлбэл, жил бүхэн урган гарч, буцаад борлуулалтад ордог баялагтай. Ингэхээр анхан шатны үйлдвэрлэгч, бизнесмэнүүд мөн байгаа биз. Гэтэл статистик тоонд ч тэд үйлдвэрлэл эрхлэгч гэдгээр ордоггүй. Малчин өрх л гэж тооцоод явдаг. Малчдад зах зээл нь байгаа, бэлчээр бол тэдний хувьд газар нь, өрхийн ам бүл өөрөө боловсон хүчин, малын хашаа хороо нь үл хөдлөх хөрөнгө, мал маллах ухаан нь мэргэжил боловсрол нь болчихдог. Үүнийгээ л олж харахгүй байгаа юм. Мал маллах арга ухаанд нь тулгуурлаад зөв зохион байгуулалт, зөв хувилбарыг л бий болгоод өгчих хэрэгтэй юм. Үүний төлөө манай хамт олон ажилладаг. Малчдын сэтгэлгээг өөрчлөх, мал маллах хандлагад нь өөрчлөлт гаргах гэж хичээгээд явж байна.

Малчдаас та бизнесмэн үү, малчин уу, үйлдвэрлэгч үү гэхээр өмнөөс нь үйлдвэрлэгч гэж хэлдэг. Та “Бүх малчдыг бизнесмэн болгохоор зорьж байгаа юм уу” гэж асуулаа. Зорьсон зүйл огт биш. Малчид 1990 оноос хойш л анхан шатны үйлдвэрлэл эрхэлдэг бизнесмэнүүд байхгүй юу. Ардын хувьсгалаас өмнө амь, амьжиргаагаа залгуулж, үйлдвэрлэлд бус хэрэглээндээ зарцуулдаг байлаа. Ардын хувьсгалын дараа төрийн мал малласан. Зах зээлд шилжсэнээс хойш үйлдвэрлэгч зах зээлд шилжсэн. Гэсэн ч хуучинсаг сэтгэлгээнээсээ салаагүйд учир нь байгаа юм. Ер нь үйлдвэрлэгч, бизнесмэн гэдгээ ойлгоод ирэхээр дагаад мал аж ахуйн салбарт эрэл хайгуул, инноваци бий болно. Дагаад мал аж ахуйн салбар ч хөгжих юм. Үүнийг л өөрчилж, бага зардлаар, бага хөдөлмөрөөр хамгийн үр ашигтай орлого олох аргыг зааж өгнө. Малчдад хөтөлбөрөө танилцуулаад явахаар шууд тооны машин гаргаж ирээд л тоо бодоод, олох ашгаа тооцоод эхэлж байгаа юм. Угтаа гарцаа олохгүй л яваад байсан гэсэн үг мөн байгаа биз. Малчдад чиглэсэн төрийн бодлого буруу байгаа учраас л арга ухаанаа олсонгүй энэ хүртэл явжээ, тэд. Малчдыг сум, аймаг, улсын сайн малчин гэх өргөмжлөл, жуух бичгийн төлөө өрсөлдүүлж, малын тоо толгойг өсгөхийн төлөө явсан болохоос чанарт огтхон ч анхаараагүй нь манай төрийн алдаа. Бэлчээрээ сүйтгэх бодлого л гаргасан гэсэн үг. Бэлчээрээ хэн их сүйтгэж, түүний төлөө хэн их амь, амьдралаа үрсэнд нь цаасан малгай өмсгөж, өргөмжлөл гардуулж, хамт зургаа авахуулан улс төрийн оноо авч ирлээ. Энд нь бүх малчид оролцож, өөрсдийн амьдралаа золиослоод явж байгааг худлаа гэж хэлэхгүй байх. 

-Хөтөлбөрийг хэрэг­жүүлсэн малчин Доржийн амьдралын бодит өртөг тухайлбал яаж нэмэгдэх юм? 

-Эхлээд малчид сэтгэлгээндээ өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Үүний төлөө ч бид ажиллаж байгаа. Хоёрдугаарт, мал маллах арга ажиллагаанд суурилсан бэлчээр, цаг уурт тохирсон бизнесийн хамгийн ашигтай хөтөлбөрийг “Хонь” дэд хөтөлбөрөөр танилцуулж байгаа юм. Гуравдугаарт, чанар чансаа, үүлдэр угсааг мэргэжлийн талаас нь судалж, зөв зохистой болгох талаар судалгаа хийгээд ажиллаж эхэлсэн. Тухайлбал, улсын хэмжээний дунджаас харвал нэг малчин айлын нийт сүргийн 35 орчим хувь нь хээлтэгч байгаа. 600 хонь, 600 ямаа, 50 үхэр, 100 адуутай нэг малчин айл байлаа гэж бодъё. Үүнээс хонин сүргийг нь ялгахаар 210 орчим хээлтэгч байна гэж тооцлоо. Үлдсэн нь буюу 390 нь төлөг, зусаг, эр хониноос бүрдэнэ. Ингээд эдгээр хонийг зах зээлд үнэ хүргэж борлуулахын тулд 4-5 жил хариулна. Олны жишгээр нэг хонийг хөлсөөр маллуулахад сарын 1000 төгрөг гэж тооцвол таван жилд нэг хонины хөлс нь 60 мянга болно. Мөн таван жилд худаг, ус, эм тариа, өвс тэжээл гэх мэтээр багадаа 100 гаруй мянган төгрөг зарцуулна. Ингээд нэг эр хонинд л таван жилийн хугацаанд 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Гэтэл эргээд зах зээлд борлуулахаар яг л нөгөө зарцуулсан мөнгөөрөө буюу 100-150 мянган төгрөгийн үнэ хүрнэ. Ингэхээр малчдад ашиг гэх зүйл огт байхгүй байгаа биз. Мөн цаг уурын нөхцөл байдал ган зуд, отор нүүдэл, бэлчээрийн хомсдол гэх мэтээр асар их эрсдэлийг малчид үүрдэг. Тэгэхээр малыг өсвөр насанд нь /хурга/ аль болох богино хугацаанд тарга хүч, авахуулж, бага хэмжээний зардал гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой юм. Энэ загварыг ч боловсруулаад гаргачихсан. Малчид олон малын хойноос хөөцөлдөх шаардлагагүй болно. Орлого ч эрс нэмэгдэж, зардал ч багасна. 

-Зах зээл нь байгаа гэж бодож байна уу. Монгол мал өөрөө давжаа, жижиг биетэй. Илүү нугаламтай хоньтой цөөхөн хэдхэн сум орон нутгийг тооцохгүй бол давжаа гэж эрдэмтэд дүгнэдэг. Энэ тохиолдолд гадны хэрэглэгчид тухайлбал сонголт хийх үү? 

-Монгол мал эхлээд усан тарга, махан тарга, өөхөн тарга авдаг байхгүй юу. Гэтэл борооны улирал нэг сараар хойшилчихлоо. Цөлжилт, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад усан, махан таргаа авч чадахгүй шууд өөхөн тарга аваад байгаа юм. Гэтэл гадна, дотны хэрэглэгчид холестрин ихтэй гээд өөхийг нь ялгаад хаячихдаг. Тэгэхээр хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өөр аргагүй болно. Хурганы махны зах зээл хангалттай байгаа. Иран, Араб зэрэг улс орнуудад экспортолж болно. Мөн ганц гадныхан ч гэхгүй дотоодын зах зээлдээ яагаад нийлүүлж болохгүй гэж. Гурван сая иргэн илүү чанартай, шимтэй мах хэрэглэдэг болно шүү дээ. Жил өнжөөгүй учраас өөхний гарц бага, уургийн агууламж өндөр байдаг. Энэ үйлдвэрлэлийг эрхлэхийн тулд зайлшгүй сайн чанарын эх сүрэг бэлдэх хэрэг гарна. Хээлтэгч эх сүргээ бэлтгэнэ гэсэн үг. Амьдын жин, нядлагын гарц, ноосны гарц, үржилд нь анхаарна. Хоёрдугаарт, эцэг малаа сонгох нь маш чухал. Малчдын нэг алдаа нь малынхаа үржил, слекцид огтхон ч анхаардаггүй. Хуцан хургаар хуц тавих, цус ойртуулах, ашиг шим үүлдэр угсааг анхаардаггүйгээс болж жил бүхэн давжаа болж, махны гарц буурч байгаа гэдэгт санал нийлж байна. Монгол Улс 31 сая хоньтой. Түүнийгээ 15 сая болгоод 10-15 сая хурганы мах гадаадад экспортлоход тэрбум орчим ам.доллар олох боломжтой. Энэ мөнгө уул уурхайн орлого шиг төсвийн цоорхой нөхөж, дарга нарын халаасаар дамжихгүй зөвхөн малчдын халаасанд орно гээд бод доо. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдийн ядуурал буурч, чинээлэг дундаж давхарга руу ороод ирэх юм.

Монгол омгийн 7-8 сартай нэг хурганы гулууз намар нядлахад 11-12 кг татдаг. Энэ нь олон улсын стандартад нийцдэггүй. Олон улсад 15 кг-аас дээш татаж байж шаардлага хангасан гэж үздэг. Тэгэхээр энэ стандартад нийцдэг махны гарц нь үзэмчин, барга хонинууд байдаг юм билээ. Тухайлбал, хурганы гулууз нь 7-8 сартайдаа 16-17 кг байдаг. Тиймээс өнгөрсөн хоёр жил туршилт, судалгаа хийх явцдаа Сүхбаатарын Эрдэнэцагаанаас барга хуц авч, энэ жил Говьсүмбэр аймгийн нийт малчдад тараасан. Ингэсний дараа хээлтүүлэх эх сүргээ бэлтгээд эхэлнэ. Эх сүргийнхээ 20 хувийг жил бүхэн сэлбээд явах боломжтой. Ийнхүү жилийн дараа л эхний хургаа өнөөдрийн дундаж ханшаар буюу кг-ыг нь 8500 төгрөгөөр зарах боломжтой юм. Нэг хурга 187 мянган төгрөг болно. Тэжээлийн зардлаа хасахад 170 мянга. Ийм байдлаар таван жилийн хугацаанд нэг эм хонь 850 мянган төгрөг өрхөд оруулаад, өөрөө амьд байна шүү дээ. Нэг малчин өрх 100 эм хониноос энэ байдлаар ашиг олно гэж тооцвол жилдээ 17 сая, таван жилд 85 сая төгрөг олно гэж бодож үзэх хэрэгтэй. Мэдээж ган, зуд зэрэг эрсдэлээ тооцсон ч жилийн орлого нь 50 сая төгрөг байна. Малчдын өөрсдийнх нь сонголт. 100, 200, 300 гээд ямар ч тоогоор эх сүргээ бэлтгэж болно шүү дээ. Мэдээж хурганыхаа тодорхой хувиар нь эх сүргээ сэлбэнэ, таван жил үр төлөө өгсөн эх хонио зарж борлуулах гэх мэтээр яваад байж болно. Хургыг шууд бэлчээрийн өвс идүүлэхгүй. Эхлээд тусгай тэжээлээр тэжээнэ. Ингээд 8-9 сарын дараа нядлаад борлуулна. Өвөрмонголд нутагшаад 10 гаруй жил болчихсон тэжээлийг дотоодын үйлдвэрт захиалга өгөөд үйлдвэрлээд эхэлчихсэн. ХААИС-ийн Биотехнологийн хүрээлэнтэй хамтраад монгол малд тохирсон тэжээлийг гаргаж авлаа. Тун удахгүй энэ талаар хэвлэлийн хурал хийнэ гэж бодож байгаа. 

-Дотоодын зах зээл нь жижигхэн, гадагшаа гаргах гэхээр элдвийн хүнд суртал, шударга бус өрсөлдөөн их байгаа. Амьдаар нь хонь гаргаж байсан нэг компаниа дулааны аргаар боловсруулж мах гаргаж байгаа хэсэг бүлэг компаниуд нь нэгдэж байгаад л дарж авах гэж улайрна. Ийм өрсөлдөөн дунд малчид шууд бизнес хийгээд ашиг олно гэхээр жаахан өрөөсгөл санагдаад байгаа юм? 

-Гурван ч Засгийн газрын Ерөнхий сайд БНХАУ-д очиж манай махыг худалдаж аваач гэж гуйж явсан шүү дээ. Арайхийж элдвийн шалгуураа багасгаад мах авч эхлэхээр нэг нөхөр гарч ирээд болиулж болохгүй юм. Нэг хэсэг нь буруу гэхээр төр нь давхиж очоод хаагаад байж болохгүй. Төр засгийн л буруу шийдвэр байсан. Махны үнэ өсчихлөө гэхээр дулааны аргаар боловсруулаад гаргаж байсан бизнесээ хүртэл зогсоож байгаад махны үнийг хүчээр буулгалаа. Ийм байж болохгүй. Хоёр үйлдвэрлэгч байхад нэг нь арай ядуу гээд хямдхан мах аваад нөгөөд нь өгөөд байж болохгүй биз дээ. Бид чөлөөт зах зээлийг сонгосон ард түмэн. Өмнө хэлсэнчлэн, нүүдэлчин ахуй соёлоо хадгалаад, бэлчээрийн мал аж ахуйдаа суурилж, мал маллах уламжлалт арга ухаанаа өөрчлөхгүйгээр хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн л зах зээлд нийлүүлнэ. Зах зээл нь өөрөө нээлттэй. Шууд өөрөө борлуулна гэхгүйгээр экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийх байдлаар бүтээгдэхүүнээ нийлүүлээд явж болно. Энэ асуудал биш. 

-Төр нь хүнээ биш малаа л боддог гэж шүүмжилдэг. Төрийн бодлогоор малчид олон л урамшуулал авч байгаа. Саяхан нэг бизнесмэн хүн хөдөөгүүр дүүрэн торго өмсөж, тосонд хөлбөрсөн баян малчид байна гэж хэлж байсан шүү дээ? 

-Хүндээ зориулсан хөтөлбөр байж болно. Өөрөө, өөрийнхөө хөдөлмөрийн үнэлэмжээр мөнгөө олж авдаг хөтөлбөр. Тэгэхийн тулд зах зээлийг нь нээлттэй бодлогоор дэмжих ёстой. Гэтэл төр нь багахан урамшуулал өгснөөр дэмжлэг болохгүй. Зах зээлийг нь бий болгож өгмөөр байна. Бизнес хийгээд ашиг олох орон зайг нь бий болгох нь төрийн ажил. Экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд худалдан авдаг зах зээлийг нь нээж өгнө гэсэн үг. Энэ их малаар, жил ирэх тусам бэлчээрээ сүйтгээд байхад л жилдээ нүдэнд харагдахгүйгээр 340 гаруй тэрбум төгрөгийг алддаг гэсэн судалгаа уншиж байсан юм. Ургамлын төрөл зүйлээр гэсэн үг. Энэ мөнгийг буцааж олохын тулд багадаа 5-6 жил шаардлагатай болно. Асар их хохирол. Үүнийг тооцохгүйгээр буруу бодлого хийж, улс төр явуулаад байвал улс орон сүйрнэ. 

-Ардын намын нэг амлалт нь 21 аймагт 100 үйлдвэр барих. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг шууд газар дээр нь аваад боловсруулаад өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод гадаад зах зээлд гаргая гэдэг. Тухайлбал, Говьсүмбэр аймагт ийм үйлдвэр хэд хэрэгтэй байна. Тэнд малчид бүтээгдэхүүнээ хүссэн үнээрээ өгч чадах уу? 

-Мал аж ахуйн түүхий эд үнэгүйдчихсэн. Ноос, ноолуур л борлуулагддаг. Хөнгөн үйлдвэрийн зах зээлд дэлхийн түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадаад зах зээлд гаргах боломж алга. Дотоодын зах зээлд ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүн борлуулсан ч хангалттай ашиг олдоггүй. Хүн амынх нь олонхи нь амьжиргааны түвшин доогуур улсад өртөг өндөртэй ноос, ноолууран бүтээгдэхүүн хэрэглээд байх хүн тийм ч олон биш. Угтаа дотоодын зах зээл өөрөө хязгаарлагдмал. Тэгээд ч үйлдвэрийн технологи, ноу хауг хөдөө орон нутагт сайн мэдэхгүй. Тэр талын мэргэжилтэн нийслэлд ч алга. Ажиллах хүч байхгүй байна. Тэгэхээр юунд зориулж барих, юу үйлдвэрлэж, түүнийгээ зарах гээд байгаа нь тодорхойгүй. Манай аймагт ноосны үйлдвэр байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа. Гэтэл одоо 100 гаруй хүн ажиллах ёстойгоос дөнгөж 20 орчим хүн ажиллаж, бүхэл бүтэн самнах цех сул зогсож байна. Энэ бол боловсон хүчин хангалтгүйг харуулж байгаа юм. Яах вэ, махаа нядлаад, үйлдвэрийн аргаар зах зээлд гаргаад эхэлбэл хөгжинө. Мах комбинат шиг хэдэн үйлдвэр байгуулагдаад ирвэл болоод л явчихна. Хэрэглэгч нь байна. Яаж бэлтгэхээ тооцоод, зах зээлд нийлүүлээд ирвэл ашиг олно. Дархан, Эрдэнэтэд хивс үйлдвэрлэж байна гэдэг. Дэлхийн зах зээлд гарч байгаа гэдэг ч өндөр ашигтай зүйл харагдахгүй байна шүү дээ. Бид энэ бүхнийг бүгдийг нь судалсан. Хамгийн ашигтай нь мах. Тиймээс л махаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гээд байна. Австрали хонины ноостой өрсөлдөж чадахгүй. Ямаа их үржүүлэхээр бэлчээр тахлагдах гэх мэтээр байгаль орчинд сөрөг нөлөө их бий. Энэ мэтээр маш олон зүйлийг судалж, энэ хөтөлбөрийг боловсруулсан юм. Алсдаа үр ашгаа өгөөд ирэхээр үхэр, адуу гэх мэтээр дэд хөтөлбөрүүд үргэлжлээд явна.



Ахмадууд тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжтой



Ахмадуудад тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломж байдаг аж. Энэ талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.

-Иргэд тэтгэвэрт гарс­наасаа хойш тогтоолгосон тэтгэврээ өөрчлөх боломж­той байдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх­гүй юу?
-Иргэд, даатгуулагчдын хувьд өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн гурван төрлийн тэтгэврийг тогтоолгодог. Тэтгэврийн эрхийн харилцаа үүсч, тэтгэвэр тогтоолгосноос хойш тогтоосон тэтгэврийг өөрчлөх хуулийн зохицуулалт байдаг. Тухайлбал, өндөр настны тэтгэвэр авч буй хүн ямар нэг байгууллагатай хөдөлмөрийн, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил тутамд анх удаа тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаасаа 1.5 хувиар анх тогтоолгосон тэтгэврээ нэмүүлэх боломж байдаг. Жишээлбэл, 500 мянган төгрөгийн дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон хүн аль нэг байгууллагад гэрээгээр ажилласан тохиолдолд жил тутамд 1.5 хувиар  тэтгэвэрээ нэмүүлэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл 500 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон хүн жил бүр 1.5 хувь буюу 15000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлнэ гэсэн үг.

-Тэтгэврээ өөрчлөн тог­тоолгохыг хүссэн иргэн хаана, хэнд хандах ёстой вэ?
-Тэтгэвэр авч буй хүн нийгмийн даатгалын дэвтрээ баталгаажуулаад өөрийн тэт­гэвэр авдаг харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ өргөдөл гаргах ёстой. Тэтгэвэр нэмэгдүүлэх өргөдөл гаргасан өдрөөс нэмэгдсэн тэтгэврээ аваад явдаг. Нийгмийн даатгалын байгууллага тухайн иргэний өргөдлийг хүлээж аваад 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Тухайн сарын 15-ны дотор өргөдлөө өгсөн тохиолдолд тухайн сараасаа эхлээд өөрчлөгдсөн тэтгэврийг авна. Харин тухайн сарын 15-наас хойш өгсөн бол дараа сарын 01-нээс өөрчлөгдсөн тэтгэврийг нь өгдөг.

-Тэтгэвэр нэмэгдүүлэх өргөдөл гаргахад тавигдах шаардлага байгаа юу? Нэмэлтээр  ямар бичиг баримт бүрдүүлэх шаард­лагатай вэ?
-Тэтгэвэр өөрчлөхтэй хол­боотой, шаардлагатай гэсэн бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Хэрвээ тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил­ласан тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн нь баталгаажсан байх ёстой. Мөн тахир дутуугийн тэтгэвэр авдаг хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь өөрчлөгдсөн тохиолдолд Эмнэлэг, хөдөлмөр магадлал комиссын акттай байх ёстой.

-Тэтгэврийн доод хэмжээг хэдэн төгрөгөөр тогтоосон бэ? Тэтгэвэр тогтоолгох на­санд ямар өөрчлөлт орсон бэ?
-Энэ оны хоёрдугаар сарын 01-нээс Засгийн газрын шийд­вэрээр бүрэн тэтгэв­рийн доод хэмжээг 280 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон. Нийт 393.5 мянган хүн нэмэгдэлд хамрагдсан байгаа. Мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ оноос тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлсэн. Гэхдээ 20 жил гурван сар шимтгэлээ төлсөн даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 насантайдаа тэтгэврээ тогтоолгох эрх нь нээлттэй байгаа.Тэтгэвэр нь даат­гуу­лагчийн авч байсан цалин хөлс, шимтгэл төлсөн хуга­цаанаас шууд хамааралтай. Тэгэхээр өндөр цалин авч байсан, олон жил шимтгэл төлсөн хүн өндөр тэтгэвэр авна. Харин цөөн жил ажиллаж бага цалин авсан хүний тэтгэвэр харьцангуй бага тогтоогддог. 

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP