- Агуулгын шошго


Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой 
төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй



Нүүрсний экспортын тээвэрт авто тээвэр ашиггүй юм байна гэдгийг маш олон хүмүүс, байгууллагууд туршиж үзсэн, ашиг муутай, байгаль орчинд ээлгүй, өрсөлдөх чадвар муутай болох нь нотлогдсон. Үүнийг дээр доргүй ойлгож эхэлсэн нь сайшаалтай.
Одоо төмөр замаар нүүрс тээвэрлэх тухай ид ярьцгааж байна. Бид төмөр замаар нүүрс тээвэрлэх талаар хангалттай туршлага хуримтлуулсан учраас эхнээс нь зөв, ирээдүйтэй тээвэр байлгах талаар бодлогын шинж чанартай хэд хэдэн зүйлийг мэдэж, хэрэгжүүлэх ёстой. 
  1. Улс орнууд төмөр зам тавихдаа хамгийн түрүүнд түүнийг бүс нутгийн хэмжээнд ашиглах ямар боломж байна гэдгийг судалдаг.Энэ нь төмөр замыг өндөр ачаалалтай ашиглаж нэгж ачаанд оногдох тээврийн зардлыг бууруулан эдийн засгийн ач холбогдлыг нь дээшлүүлэх боломж олгодог. Таван толгойгоос Гашуун сухайтын хилийн боомт хүртэл тавигдах төмөр замыг хойш нь үргэлжлүүлж алсдаа ОХУ-ын хил хүртэл баруун монголын нутаг дэвсгэрээр дамжуулан явуулах транзит замын эхлэл болгох хэрэгтэй юм.
  2. Замын техникийн байдал маш их ач холбогдолтой.Энэ нь төмөр замын суурь бүтэц, замын шулуусралт, өндрийн саадтай холбоотой зүйлүүд юм. Бага тойрогтой огцом олон  эргэлтүүд бүхий өндөр уул давааг хүчээр давуулан тавьсан замууд эдийн засгийн үр ашиггүй байдаг. Үүний учир нь галт тэрэгний дамжин өнгөрөх хурд саарч инерц багасдаг, нэгж зайг туулахад зарцуулдаг түлшний зардал өсч үрэлт нь маш ихэсдэг. Хугацаа маш их алдана. Эдгээр нь тээвэрлэж байгаа ачаа, зорчигч болгонд зардал болж тусдаг. Замаа барихдаа улирлын хамаарал, орон нутгийн цаг агаарын нөхцлийг сайн тооцохгүй бол цас, элсэнд боогдох, үерт автах зэрэг хүндрэл гарна. Энэ бүхэн манай улсын төмөр замын өрсөлдөх чадвар, нэр хүндэд халтай.
  3. Эсрэг урсгалыг хэрхэн зохицуулснаас төмөр замын тээврийн зардал, аюулгүй байдал ондоо үр дүн үзүүлдэг. Эсрэг урсгалтай замаар их хэмжээний өндөр нягтралтай ачааг тээснээр уул уурхайд урт хугацаандаа маш их ашиг олох боломжтой байдаг. Эсрэг урсгалтай хос төмөр замд замын өртөөнүүд дээр хийгддэг маш олон төрлийн хариуцлагатай ажлуудыг хөнгөвчилж заримыг нь огт хийх шаардлагагүй болно.
  4. Эсрэг урсгалтай хос төмөр замыг тавьснаар түүгээр цахилгаан чирэгч толгой явуулж хямд эрчим хүч ашиглах эхний нөхцөл бүрдэнэ. Тээх ачаа урсгал нь хангалттай байгаа л бол үүнийг ашигтай юу үгүй юу гэж хэлэлцэж суух нь илүүц зүйл. Олон улсад хангалттай туршигдаад дизель түлшний зардлыг 5-аас 10 дахин багасгаж өндөр ашигтай ажиллах боломж олгодог болох нь нотлогдсон. Энэ хэмжээгээр бид нүүрснийхээ үнийг хямдруулан урд хөршийн хойд бүс нутгийн зах зээлд хангалттай өрсөлдөж монополь тогтоох боломжтой. Үүнийг дурьдаж байгаа учир нь урт хугацаанд эдийн засгийн ямар ч хүндрэл учирсан үед ажралгүй давах, ашиг сайтай байлгах зорилготой юм.
  5. Бид төмөр замаар дизель хөдөлгүүртэй чирэгч толгой хэрэглэн нүүрс тээвэрлэж байгаа, тэр талаар туршлага бүхий улс. Төмөр замынхан ашиг муутай, ихэнх тохиолдолд алдагдалд оруулдаг тээвэр хэмээн дургүй байдаг билээ. Бид яг ийм тээврийг Таван толгойн болон бусад бүс нутгийн тээвэрт хэрэглэвэл гадаадаас импортоор авдаг дизель шатахууны хараат байдлаа улам л их болгож гадаадын шатахуун үйлдвэрлэгчдэд хамаг олсон валютаа өгөх байдалд дуртай ч дургүй ч орох болно. Энэ бидний олон арван үйлдвэр байгуулж ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх боломжийг алдагдуулж байдаг.
  6. Дизель хөдөлгүүр цахилгаан хөдөлгүүрээс харьцангуй их ашиглалтын зардалтай. Төрөл бүрийн импортын сэлбэг, хөдөлгүүрийн тос, засвар үйлчилгээ, улирлын хамаарал гээд дутагдалтай тал маш их бий. Зөвхөн хөдөлгүүрийн тосны зардал гэхэд л дургүй хүрмээр их валют зардаг шүү. Энэ бүхэн хэрэглэгчдийн нуруун дээр буудаг учраас бид үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэхээс өөр аргагүй болдог билээ.
  7. Цахилгаан чирэгч толгойнуудыг төмөр замын тээвэрт хэрэглэхэд цахилгаан дамжуулах шугам, цахилгаан хангамжийн дэд өртөөнүүдийг байгуулах хэрэгтэй болно. Мэдээж их хэмжээний хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Гэвч дээр дурьдсан олон зардлуудаа хямдруулж урт хугацаанд тогтвортой байнгын өндөр ашигтай ажиллая гэж бодож байгаа л бол үүнийг хийх хэрэгтэй. Зөв аргаар зөв зүйлийг хийхэд ашиг сайтай байдаг гэдгийг хангалттай мэддэг хоёр хөршүүд болон олон улсын хөрөнгө оруулагчдад тууштай бодлого баримталж ажиллахад энэ хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж болно.
  8. Олон улсын туршлагаас судалж байхад төмөр замын том бүтээн байгуулалтыг хийхэд олон улсын хөрөнгө оруулалтыг оруулах шилдэг арга болох хувьцаат компаний хэлбэрийг сонгож олон улсын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө төвлөрүүлэх аргыг хэрэглэвэл урт хугацааны хөрөнгө оруулалтыг хүүгүй, хугацаанд баригдахгүй их хэмжээний эх үүсвэрээр хангаж болно. Бонд, төсвийн хөрөнгө оруулалтаар ийм том бүтээн байгуулалтыг хийх нь хөгжлийн төвшин доогуур, дотоодын улс төр, хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа ийм үед дэндүү эрсдэл өндөртэй, удаан, төсөвт өндөр татвар төлдөг байгууллага, аж ахуйн нэгжүүдийнхээ ажилд чөдөр тушаа болж хугацаа сунжруулдаг заваан болхи арга юм.
  9. Төмөр замын цариг тойрсон асуудлыг шийдэх. Нарийн, өргөн хоёр цариг Монголын нутаг руу орж ирээд нэгээс нөгөөд шилжих шилжилт бол бэрхшээл биш харин бидэнд олдсон ховорхон боломж юм! Бид ачаа шилжүүлэн ачих, дугуй солих гэх мэт байнга үргэлжлэх маш их ажлыг хийх боломж. Ажил хийх боломж нь бизнес хийх, мөнгө олох боломж юм. Яг шилжилт хийгдэж байгаа тэр цэгийг эдийн засгийн чөлөөт бүс-хот болгож хятадын хилд ойрхон хийвэл бид өмнө нь бүтээн байгуулсан өргөн царигтай системээ ашиглах, хил хүртэл явах дотоодын ачаагаа шилжүүлэн ачихгүйгээр хүргэх боломжтой болно. Эхний ээлжинд ийм тохиромжтой цэг бол Таван толгойгоос Оюутолгой хүртэлх зурвас газар. Хилээс хол биш зайтай. Нүүрс, зэсийн асар их нөөц, цахилгаан станц, төмөр замын зангилаа, аж үйлдвэр-химийн үйлдвэрлэлийн цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах өргөн боломжтой юм. Энд энэхүү хотыг байгуулж нарийн болон өргөн төмөр замуудыг эсрэг урсгалтайгаар цахилгаан чирэгч толгой явах боломжтойгоор зохион байгуулбал сайн шийдэл болно. Нүүрсний тээврийн хувьд энд 2 өөр бүтээгдэхүүн тээх тухай яригдана. 1.Кокс, коксждог нүүрс. Төмөр замаар тээвэрлэхэд Ази, Европд хаана ч өрсөлдөж чадна. Овор бага үнэ өндөр тул тээврийн зардал харьцангуй хямд тусна. 2.Эрчим хүчний нүүрс өрсөлдөж чадахгүй. Түүнийг төмөр замаар хол тээвэрлэнэ гэж хийгдсэн төслүүд ихэвчлэн дампуурдаг. Эрчим хүчний нүүрсийг төмөр замаар биш харин "утсаар" тээвэрлэдэг. Цахилгаан болгоод дамжуулна гэсэн үг. Таван толгойд нүүрсээ угааж, ялгаад, коксыг экспортод болон дотоодын гангийн үйлдвэрт нийлүүлнэ, эрчим хүчний нүүрсийг тэнд нь Таван толгойн кокс-цахилгаан станцын цогцолборт цахилгаан болгож хувиргаад дотоодод болон гадаад руу экспортод гаргана гэж төлөвлөх хэрэгтэй. Эрчим хүчний нүүрсээ Таван толгойд цахилгаан болгож боловсруулснаар хаана ч хэрэглэж болох цахилгаан хэмээх эцсийн боловсруулалттай бүтээгдэхүүн бэлэн болж хотуудын утаа-агаарын бохирдол, Оюутолгойн цахилгааны хэрэгцээ,  гадаадаас авч байгаа импортын эрчим хүчний төлбөр, эрчим хүчний дутагдал, гачигдал, системийн хэт ачаалал бүгд эхний ээлжинд шийдэгдэж хөрөнгө хэмнэнэ, ашиг олно. Ярих биш хийж эхлэх хэрэгтэй байна. Одоогийн автомашинаар шороо хольц ихтэй өөр өөр бүтээгдэхүүнүүд болох учиртай нүүрсийг бүхлээр нь хар муйхраар хил давуулж тээвэрлээд хямд үнээр өгч байгаа байдал удаан үргэлжилбэл зах зээлд гологдоно. Олигтой ашиг ч олохгүй.
_____________________________________________________________________

 Орос, Хятадууд түрүүлсээр
ganaa.mn-ээс

Оросууд коксждог нүүрсний хамгийн том Эльгиний ордоо Хятадуудтай хамтран эзэмших бололтой. Энэ нь манайд тийм ч таатай асуудал биш юм. Ямар ч гэсэн энэ талаарх мэдээг хүргэж байна. Эльгиний орд газар манай Завханы яг хойно Тувагийн нутагт байдаг юм. Манай Таван Толгой хүнд байдалд орсон нь тодорхой байна. Гэхдээ сайн бодвол манайд гарц хийгээд боломж бий юм шүү.
Засгийн Газрын орлогч Аркадий Дворкович Эльгиний нүүрсний орд газрыг боловсруулах төсөлд “Мечелийн” багцаас худалдан авахыг хятадын компаниас урив. “Мечел” өөрийнхөө өрийг багасгахын тулд (хоёрдугаар сар гэхэд цэвэр өр нь 9 млрд $ байсан) он дуусахад Элгэний 49%-ийг 2,5-3 миллиард $-аар зарахыг хүсч байгаа юм. Энэ төслийг хятад, япон, солонгосууд сонирхож байсан боловч хөрөнгө оруулагчид зээлийн ихээхэн хөнгөлөлт (дисконт) шаардаж магадгүй гэж компани үзэж байсан юм гэж “Коммерсант” бичиж байна.
Аж үйлдвэрийн асуудал хариуцдаг Засгийн Газрын орлогч Аркадий Дворкович Эльгиний нүүрний орд газрыг боловруулахад “хятадын талыг” урьсан гэж Засгийн Газрын мэдээлэлд дурдсан байна. Энэ саналыг тэрээр 4 дүгээр сарын 9-нд болсон орос-хятадын засгийн газар хоорондын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссийн дарга нарын уулзалт дээр Хятадын Төрийн Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Жан Гаоли-д тавьжээ.
Игор Зюзины “Мечел”-д харъяалагддаг Эльгиний орд газар Орост томоохон нь бөгөөд ойролцоогоор 2 миллиард орчим коксждог нүүрстэй. “Мечел” түүнд 2,5 $ млрд (ойролцоогоор 2 млрд $ нь БАМ-ын төмөр зам барихад хийсэн), 3 дугаар сард “Эльгауголь” ХК-ийн (төслийн оператор бөгөөд лицензийн эзэн) 49%-ийн барьцаа болгож Гадаад Худалдааны Банкнаас (ВЭБ) 2,5 $ млрд-ын зээл авсан.
Эльга 2018 он гэхэд 9 сая тонн нүүрс олборлох ёстой. “Мечел” Эльга дахь хувиа бүр 2012 оноос зарахаа бодож эхэлсэн юм. Компанийн менежер хийгээд түшмэдүүдийн бодлоор чухамхүү энэ нь өрийн ачааллын учрыг олоход тус болох аж. 2 дугаар сард “Мечел-ийн цэвэр өр 9 млрд $ байсан ба энэ жил компани 1 млрд-ыг нь дарсан байх ёстой, гэхдээ кампани өөрөө ердөө л тэн хагасыг нь төлж чадна.
Төслийг хятадын Baosteel ба Shenhua сонирхож байгаа гэж сурвалжууд ярьж байна. “Мечел” Baosteel-д аль хэдийн нүүрс нийлүүлж, талууд 2015 оны 3 дугаар сар хүртэл гэрээ хийхээр бэлэн болж, оросын компани 1,2 сая тонн нүүрс нийлүүлэх болжээ.
Түүнээс гадна Эльгийн талаарх хэлэлцээг японы Mitsui, Sumitomo, JBIC, түүнчлэн солонгосын POSCO-той хийж байгаа гэж сурвалжууд мэдээлэв. Үйлдвэр Худалдааны Яамны тэргүүн Денис Мантуров 3 дугаар сарын сүүл гэхэд Эльгийн капитал хөрөнгө оруулагчидтайгаа хамт РФПИ буюу Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Санд орох хувилбар байгаа гэж хэлсэн байна.
“Өмнө нь бол гай зовлон дунд хаяхгүй гэж амлаж байсан бол одоо Засгийн Газарт “Мечел”-д туслах нэгдсэн байр суурь бий болсон” гэж Үйлдвэр Худалдааны Яамны тэргүүн мэдэгдсэн байна. Үүнийг Аркадий Дворковичийн санал баталж байна.
“Мечел”, ВЭБ, РФПИ-ийн аль аль нь тайлбар өгөхөөс татгалзжээ. Ноён Дворкович болон азийн компанийн төлөөлөгчидтэй холбоо барих боломж олдохгүй байна.
2012 онд “Мечел” Эльгийн 25%-ийг 1 млрд $-аар зарахаар төлөвлөж байсан. Гэхдээ компанийн төлөвлөгөө өөрчлөгдсөн, Moody’s-ын тоймд 2014 оны эцэс гэхэд “Мечел” төслийнхөө 49%-ийг 2-2,5 млрд $-аар зарах гэж байна, гэхдээ үүнд ВЭБ-ны дэмжлэг хэрэгтэй гэж компанийн менежментийг иш татан дурдсан байдаг. Энэ мэдээллийг “Мечел”-д ойрхон сурвалжууд баталдаг ба дээд боломж нь 3 млрд $ гэж нэмж үнэлсэн юм. Төслийн маркетинг 4 дүгээр сард эхэлнэ, хөрөнгө оруулагчидтай зургаагаас есөн сар хэлэлцээр хийнэ гэж өмнө нь эх сурвалжууд ярьж байсан юм.
RMG-ийн Андрей Третельников азийн компаниуд бол Эльгийн хамгийн зөв хамтрагчид, учир нь зөвхөн тээврийн талаасаа ч байгаа юм биш гэж тэр үзэж байгаа юм. Тэдний хувьд энэ нь олон арван жилийн нийлүүлэлтийг тооцсон стратегийн хөрөнгө оруулалт байж болох юм, иймээс тэд Эльгийн үнэлгээн дээр хэт их зээлийн хөнгөлөлт (дисконт) шаардахгүй, учир нь харьцуулах бусад шинэ төслүүд хамаагүй их үнэтэй гэж энэ аналитик үзэж байна.
Харин БКС-ын Олег Петропавловский үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм. Тэрээр: “Мечел”-ийн үнэлгээ нүүрсний урсгал үнээ хэт өсгөсөн. Яагаад гэвэл 2012 оноос хойш үнэ нь 1,5 дахин өссөн, тэгтэл коксждог нүүрсний үнэ төслийн тооцоогоор тонн нь 180$-оос 110$ болж буусан шүү дээ” гэж байгаа.
“Мечел” Эльгинээс гарсан РЖД-ын төмөр замын салаагаа 50-70 млрд рублээр зарна гэж ярьж байгаа, гэхдээ Сангийн яам ч, Засгийн Газар ч төсвийг ингэж үрэх хийгээд түрүүлж капиталжуулахыг төлөвлөөгүй юм.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP