- Агуулгын шошго



Д.Болор

Зууны мэдээ.мн

Төв банкнаас эдийн засагт хэрэгжүүлдэг мөн­гө­ний бодлого нь өөрөө шууд ажлын байр нэмэг­дүү­лэхгүй, шууд хөрөнгө оруу­лалт болж үйлдвэр­лэ­лийг сэргээхгүй.

Гэвч төр нь Төв банкаа захирдаг улс орнуудад үйлдвэрлэл хөг­жих, ажлын байр нэмэгдэх суурь нөхцлийг нь бүрдүү­лэгч анхдагч хүчин зүйл буюу эдийн засгийг хөг­жүү­лэх үндсэн хөшүүрэг, суурь нь болдог.


Сүүлийн жилүүдэд төг­рө­гийн гадаад валют­тай харьцах ханшийн тогт­воргүй байдал, байнгын өндөр инфляц, шатахууны үнийн өсөлт зэрэг Мон­голын эдийн засаг, биз­несийн салбар, цаашлаад ард иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг Мон­гол­банкнаас хэрэгжүүлж буй алдаатай мөнгөний бодлоготой холбон тайл­бар­лах, шүүмжлэх нь ихэс­сээр байна. Гэхдээ тэдгээр шүүмжлэл нь яг юу нь ямар алдаатай, юу нь яаж сөрөг нөлөө үзүү­лээд байгаагийн нарийн учир шалтгааныг тайлбар­ла­сан гаргалгаанд төдий­лөн үндэслээгүй, ерөнхий л хэлбэртэй өнөөдрийг хүрч ирлээ. Бодлогын хүү­гийн тухай ч багагүй яригд­­даг боловч энэ нь яг юу юм, юунд яаж нө­лөөлдөг юм гэдгийг бас л үндэс­­лэлтэй тайлбарлаж чаддаггүй.

Төвбанкны бодлогын хүү нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь арга хэрэгсэл. Банкуудын зээ­лийн хүүгийн түвшин ба зээ­лийн бодлогод нөлөө­лөх замаар эдийн засаг дахь мөнгөний эрэлт ний­лүү­лэлтийг зохицуулж бай­даг үндсэн хүчин зүй­лүү­дийн нэг нь энэ юм. Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжин хөг­жих гэж тэмүүлэн бу­дилж, мунгинаж буй ма­най улсын хувьд үйлдвэр­лэл, бизнесийн салбарын хөгжил, эдийн засгийн өнөөгийн ба ирээдүйн өсөл­тийг дагасан эрэлтийг хангах зөв мөнгөний ний­лүүлэлтийг хийх нь хам­гийн амин чухал бодлого байх ёстой. Гэтэл Монголбанк мөн­­гө хумих монетарист хатуу бод­логоо “тууштай” явуулж, эдийн засгийг дэмжих биш, царцаах үйл ажиллагааг хэ­рэг­жүүлсээр байна. Ялан­гуяа 2008 оны сүүлийн ха­гаст дэлхий нийтийг хамар­сан санхүү­гийн хямрал эхэл­сэн үеэс мөнгөний бодлогыг улам хатууруулж, бодлогын хүүг дэл­хийн аль ч улсад байхгүй, Геннисийн но­монд ч орохоор өндөр түв­шин (10 хувиас да­ваад удаж байна) -д хүргэж, улам бүр нэ­мэг­дүүлсээр ир­лээ. Үүндээ “Инф­­ляц өндөр байгаа уч­раас Төв­банкны бодлогын хүүг буу­руулж болохгүй” гэсэн баталгаа, нотолгоо, тайл­баргүй ганцхан шалтаг (шалтгаан биш) -ийг үндэслэл болгодог.

Мөнгө, санхүүгийн эх үүсвэр хангалттай хүрэл­цээ­тэй, бүр эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй улс орнуудад бодлогын хүү­гийн түвшинг 0,25-1,0 ху­виас хэтрэх­гүй­гээр тог­тоосон байдаг. Санхүү­гийн хям­ралын үед зарим улс оронд бодлогын хүүгээ бүр тэг­лэсэн туршлага ч бий. Гэтэл Мон­гол­банк­наас манайх шиг байнгын өндөр инф­ляцтай, байн­­гын мөнгөний хомс­дол­той эдийн засагт бодлогын хүүг буу­руулах болон мөн­гө­ний бод­логын бусад арга хэ­рэгслийг ашиг­лан мөн­гөний ний­лүү­лэлтийг нэ­мэгдүүлэн үйлд­вэрлэл, бизнесийн сал­барыг дэм­жих бодлого хэ­рэг­жүү­лэх ёстой. Гэтэл дан ганц Зас­гийн газрын төсвийн бод­ло­год бурууг тохон төр засаг, тү­мэн олныхоо эс­рэг үйл хий­сээр байгаа нь Мон­гол­банк­ны бодлогын үйл ажил­лагааг зайлшгүй анхаа­рал­даа авч, хянаж зохицуу­лах шаард­лагыг бий болгож байна.

Монголбанкнаас хэ­рэг­жүүлж буй мөнгөний бодло­гын алдаатай, буруу тал, эдийн засаг ба ний­гэмд үзүүлж буй сөрөг нө­лөө, тэд­гээрийг хэрхэн засч сайж­руу­лах, Төв­банкийг тогтол­цооных нь хувьд хэр­хэн зөв хэлбэрт оруулах талаар өө­рийн санал бодол, үндэс­лэ­лүү­­дийг өмнөх цув­рал нийт­лэлүүдээрээ хан­галт­тай гар­гаж тавьсан уч­раас энэ удаа зө­в­хөн бод­логын хүү­гийн ту­хай дэл­гэрүүлэн авч тайлбарлая.

БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ ЮУ ВЭ?

Зүй нь бол бодлогын хүү нь банк, санхүүгийн зах зээл дэх мөнгөний нийлүүлэл­тийн суурь хүү байдаг. Өө­рөөр хэл­бэл, аливаа улсын Төв­банк­­наас банк болон сан­хүү­гийн байгууллагуудад шаардла­гатай байгаа мөн­гөн хөрөн­гийн эх үүс­вэ­рийг санхүү­жүүлэхэд олго­дог зээлийн хүү юм. Банк, сан­хүүгийн бай­гуул­лагууд түүн дээр суурилан үйлд­вэрлэл, биз­несийн сал­барт чиглэсэн өөрийн зээлийн бодлого ба хүүг тодор­хойлж байдаг. Тиймээс ч “бодлогын хүү” хэмээн нэрлэгддэг нь зүй юм.

Гэтэл манай улсад:

Нэгд, эдийн засагт мөн­гө нийлүүлэх биш, харин эсрэгээр мөнгө та­тах буюу банк, санхүү­гийн тогтолцоо­гоор дам­жин эдийн засагт нийлүү­лэгдэн эргэлтэнд орж байх ёстой мөнгийг өндөр хүү зарлан Төвбанкны үнэт цаас худалдаж буй нэрэн дор үнэн хэрэгтээ хадга­ламж татан төвлөрүүлж, эдийн засгийн суурь бол­сон үйлдвэрлэл, бизне­сийн салбар дахь мөн­гө­ний хомсдолыг улам бүр ихэсгэж байна. Өөрөөр хэл­бэл, бодлогын хүү өн­дөр байх нь банкууд зээл олгохоосоо илүү тэдний хувьд ямар ч эрсдэлгүй “бизнес” болох Төвбанк­ны үнэт цаасанд түлхүү “хөрөнгө оруулалт” хийх сонирхлыг нэмэгдүүлдэг.

Монголбанк нэг долоо хоног (долоо хоног бүр), 12 долоо хоног (14 хоногт нэг удаа), 28 долоо хоног (сард нэг удаа)-ийн хуга­цаатай гурван төрлийн үнэт цаа­сыг арилждаг нь банкуу­даас төдий хуга­цаа­тай хад­галамж татан төвлөрүүлж буй үйл­дэл юм. Арил­жааны банкууд өөртөө та­тан төвлөрүүлсэн мөн­гийг эргэлтэд оруулж байдаг бол тэднээс ялгаа­тай нь Төв­банк тийм үйл ажил­лагаа явуулдаггүй. Монгол­банк­ны албан ёс­ны цахим хуудаст мэ­дээл­сэн тоо ба­римтаас үзэ­хэд өнгөрсөн онд Мон­голбанк 27’323,9 тэрбум төгрөгийн нэг долоо хо­ногтой үнэт цаас, 1’700,6 тэрбум төгрө­гийн 12 долоо хоногтой үнэт цаас, 198.0 тэрбум төг­рөгийн 28 долоо хоног­той үнэт цаас тус тус арил­жаалсан нь нийт дүн­гээр 29’222,5 тэрбум төгрөг бол­жээ. Энэ дүнг нэгтгэн тоо­цож үзвэл Монголбанк өнгөрсөн онд дунджаар 700.0 орчим тэрбум төгрө­гийг “ажил гүйцэтгүүлж” эргэл­тэнд оруулалгүйгээр өөрийн дансанд тогтмол байр­шуу­лан “түгжиж” бай­­­сан дүн харагдаж бай­на. Монгол­банкны цахим хуудас дахь банкуудын нэгдсэн тайлан тэнцэлд тусгасан дүнгээр оны эцэст Монголбанкны бан­куудад эргүүлэн төлөх үнэт цаасны өглөгийн дүн 879,8 тэрбум төгрөгт хүр­чээ. Үүн дээр банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмбэл “сейфэнд таг түг­жээ­тэй” байгаа мөн­гөний дүн нэг их наядыг давж гарна.

Хоёрт, Төвбанкны үнэт цаас нэрээр татан төвлө­рүүлсэн мөнгөндөө “бодло­гын өндөр хүү” төлж, Мон­гол Улсын сан­хүүгийн нөөц хөрөнгөөс маш их хэм­жээ­ний үргүй зардал гаргасаар байна. Дээр дурдсан тоо барим­таас тооцоолон үзэхэд 2011 онд Монголбанк үнэт цаас­ны хүүгийн төлбөрт ойролцоогоор 120 гаруй тэр­бум төгрөг зарцуулсан дүн гарч байна. (Энэ нийт­лэлд дурдагдаж байгаа тоон дүн­гүүдийг нарийн тооцоолон бодоогүй, ерөн­хий дүнг ха­руулах үүднээс Монгол­банкны албан ёсны цахим хуудаст мэ­дээлэгдсэн Төв­банкны үнэт цаасны арил­жааны статистик мэдээлэлд суурилан энгийн дундаж­лах аргаар хялбаршуулан гарга­сан тул бодит дүнгээс зө­рүүтэй байж болохыг анхаар­на уу.) Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 12,25 хувь байгаа нь зарласан суурь хүү бөгөөд долоо хоногийн хугацаа­тай үнэт цаасны хүү тогт­мол буюу зарлагдсан бод­логын хүүгээр тогтоогддог. Харин 12 ба 28 долоо хо­ногтой үнэт цаасны арил­жаа хүүгээр өрсөлдөх зарч­­маар явагддаг тул арил­­жааны явцад худал­дах үнэт цаасны дүн, бан­куу­дын тухайн цаг үе дэх нөөцийн хэмжээ, банкуу­даас ирүүлсэн үнэт цаас худалдан авах санал зэргээс хамааран бодит байдал дээр өөрчлөгдөж байдаг. Өнгөр­сөн оны мэдээллээс үзэхэд, үнэт цаасны хүү суурь дүн­гээсээ багасахаасаа илүү өсч бай­сан дүр зураг харагдаж байна. Зарласан хүүгээс хамгийн их багасч арил­жаа­лагдсан зөрүү 1,01 хувь бай­сан бол хамгийн их өссөн зө­рүү 4,0 хувь (16,25)-д хүрчээ. Мон­гол­банкны бодлогын ба үнэт цаасны хүү гээд байгаа нь угтаа нэг зүйл бөгөөд эх­нийх нь зарласан суурь хүү, хоёр дахь нь “арил­жаа­лагд­сан үнэт цаас” буюу “татан төв­лөрүүлсэн хадга­ламж”-ийн бодит хүү юм. Энд нэг зүйлийг тэм­дэг­­лэхэд, үнэт цаас арил­жаа­лах явцад хүүгээр өр­сөл­дөх нь уг нь хүүг буу­руу­лан өрсөлдөх зарчим байх ёстой атал бодит амьд­рал дээр хүүг өсгөх чиглэлд түлхүү явагддаг гаж зүй тогтол ажиглагдаж бай­гаа нь банкууд илүү ашиг олохын тулд үгсэн хуйвалд­даг байх өндөр магадлалтайг ха­руулж байна. Төвбанкны зарим ажилтан, албан ту­шаалтны оролцоо ч байхыг үгүйсгэх аргагүй.

Гуравт, бодлогын хүү нь банкуудын зээлийн хүүгийн түвшинд нөлөөл­дөг хүчин зүйл учраас түүнийг өндөр тогтоох нь зээлийн хүү буу­рах нөхц­лийг хааж, үйлд­вэрлэл, бизнесийн салбарт хийг­дэх бага хүүтэй, урт хуга­цаатай зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын до­тоод эх үүс­вэрийг хомс­дуулах үндсэн хүчин зүйл болж удаан хугацаанд хад­га­лагд­саар байна. Банкууд өндөр хүү­тэй Төвбанкны үнэт цаа­санд түлхүү мөнгө оруулс­наар зээл олгох санхүү­гийн эх үүсвэр нь багаса­хын зэрэгцээ нэ­гэнт эрэлт нь өндөр байгаа учраас хүүгээ өсгөх со­нирхол нь нэмэгддэг. Сүү­лийн үед банкууд зээ­лийн хүүгээ илт өсгөсөн нь үүний тод илрэл. Энэ нь гадаадын хөрөнгө оруу­лагч нарт давуу байдлыг бий болгож, Монгол Ул­сын эдийн засгийн голлох сал­барууд, ялангуяа то­моохон хөрөнгө оруулалт шаардагд­даг уул уурхай, дэд бүтцийн сал­барт да­вамгайлах, хянал­тандаа авах, цаашлаад бүрэн эзэг­нэх боломжийг бүр­дүүлж өгч байна. Зээ­лийн хүү өсөх нь зээлийн эрс­дэлийг нэмэг­дүүлдэг ба үүнийг банкны салбарын­хан зээлийн бод­логоо то­дорхойлохдоо зайлш­гүй ан­хаардаг. Эрсдэлийн удирд­лагын “stop loss” гэдэг аргач­лал ч бий. Жи­шээ нь зээл олгох зээлийн дээд ба доод хүүгийн хяз­гаарыг до­тооддоо тогтоо­сон байдаг. Өөрөөр хэл­бэл, дээд хэмжээ­нээс дав­сан хүүгээр зээл олговол олох ашиг нэмэгдэх бо­ловч зээлийн эрсдэл өсч, их хэмжээний алдагдал хүлээх магадлал өндөр болно. Харин доод хэм­жээнээс буулгавал ашиг­гүй. Гэтэл зээлийн хүү дээд хязгаарыг давж, зарим банкинд жилийн 30 хувиас ч илүү гарсан нь Мон­гол­банкны буруу бодлогоос гадна гадны давхар нөлөө, харийнхны Монголыг бү­хэлд нь эзэгнэх системтэй далд бодлогын нэг хэсэг нь ч байх магадлалтайг ха­руулж байна. Монголын 14 банк (эрх хүлээн авагч томилогд­сон хоёр банкийг оролцуу­лал­­гүйгээр)-ны тав нь гад­ныхны эзэмшил (бусад за­рим банкууд дахь гадныхны бага хувьтай оролцоог эс тоцвол)-д байдаг. Үүнээс гу­рав нь 100 хувийн гадны хө­рөнгө оруулалттай. Мэ­дээж, жи­жиг зээлийг эс тооц­вол, “тэнгэрт тулсан” өндөр хүү­тэй зээл авч эрс­дэлд орох нэг ч аж ахуйн нэгж, компани байхгүй. Тэгэ­хээр хүүгээ тийм өндөр хэмжээнд тогтоож байгаа нь банкууд үндсэндээ зээл олголтоо албан бусаар зогсоосон хэрэг. Тэд үү­нийгээ албан ёсоор зарлахгүй нь тодорхой.

Нийт зээл олголтын дүн жилээс жилд өсч бай­на хэ­мээн Монголбанкны удирд­лагууд тоо баримт дурдан түү­гээр халхавч болгон бод­ло­гын хүүг өс­гөх нь зээл ол­гол­­тод нө­лөөлөхгүй гэсэн тайл­­бар хийдэг. Зээлийн дүн өсч байгаа нь дангаараа нөх­цөл байдлыг бодитоор ха­руулахгүй. Түүнийг дараах гурван хүчин зүйлтэй зайлш­гүй холбон авч үзэж, дүг­нэлт хийх шаард­лагатай. Үүнд:

Нэгдүгээрт, гадны банк санхүүгийн байгуул­лагуу­даас дотоодын зах зээл буюу аж ахуйн нэгж компаниудад олгож байгаа зээл, хөрөнгө оруулалтын дүнтэй харьцуу­лах, энэ харьцаа хэрхэн өөрчлөг­дөж байгааг дүгнэх.

Хоёрдугаарт, дотоо­дын зээлийн хүү гадаадын зээлийн хүүтэй өрсөлдөж чадахуйц хэмжээнд буурч чадаж байгаа эсэх. Зээ­лийн хүүгийн түвшин зээ­лийн өсөлттэй урвуу ха­мааралтай учраас зээлийн хүүг бууруу­лах нь үйлд­вэрлэл, бизне­сийн салбар дахь мөнгөний ний­лүү­лэлтийг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл юм.

Гуравдугаарт, зээл ол­голтын өсч байгаа дүнг зээ­лийн эрэлтийн өсөлт­тэй харь­цуулах. Зээлийн өсөлтийн дүн зээлийн эрэл­тийн өсөлтөөс давж байгаа тохиолд эерэг, эс­рэг тохиолдолд сөрөг үзүү­лэлт гэдэг нь ойлгомжтой.

Дөрөвт, бодлогын хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байх, өндөр зээ­лийн хүү нь бараа бүтээг­дэхүүний өртөгт нөлөөлөн үнэ өсөх нэг үндсэн шалт­гаан болсоор байна. Өөрөөр хэлбэл, бод­логын өндөр хүү нь өөрөө инфляцийн тодор­хой хэс­гийг шууд бүр­дүүлж байгаа юм. Нөгөө талаас Монгол­банк хуу­лиар хүлээ­сэн үн­дэсний мөнгөн тэм­дэгт-төг­рө­гийн тогтвортой байдлыг хан­гах, инфля­цийг бууруу­лах үндсэн үүргээ биелүү­лэх­гүй байгаа нь банкуудад зээлийн хүү­гээ бууруулах нэг үндсэн нөх­цлийг үгүй болгож байна.

Дээр нь ихээхэн мөнгөн хөрөнгө бүхий бүлэг хүмүүс банкуудаар дамжуулан Монгол­банк­ны үнэт цаас худалдан авах замаар ашиг олж бай­гаа мэдээлэл ч бий. Энэ нь нэгдүгээрт, Мон­гол­банк­ны шийдвэр гаргах түвш­ний албан тушаалт­нууд­тай хуйвалддаг Төвбанк ба арилжааны банкийг орол­цуулсан гурвалсан холбоо бүхий нууц бүлэглэл бай­даг байж болзошгүйг гэр­чилж байна. Хоёрдугаарт, тийм бүлэглэл нь өөрс­дийн мөн­гөн хөрөнгийг “хөдөл­гөх” замаар банкуу­дын үйл ажиллагаанд нө­лөө­лөх, хяналтаа тогтоох, цаашлаад өөрсдийн амин хувийн аш­гийн төлөө Монголбанкны бодлогод нөлөөлөн нийт улс орны эрх ашигт сөрөг үр да­гаврыг үзүүлэх чадвартай байх нь тодорхой.

Энэ бүхэн нь Мон­гол­банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого болон Төвбанкны өнөөгийн тог­толцоо, тэр дундаа хариуц­лагын тогтолцоог зайлш­гүй эргэн харж, хуулийн хувьд ч, тогтолцооны хувьд ч зайлшгүй шинэч­лэл хийх ёстойг харуулж байна.

Эцэст нь эдийн засгийн өсөлтийн тухай хэдэн үг хэлэхэд, сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа тухай төр засгийн зүгээс их ярьж байна. Худалдааны эргэлт, орлогын дүн нэмэгдэж, эдийн засаг өсч байгаа нь мэдээж сайн зүйл. Гэвч энэ өсөлт дан ганц уул уурхайн салбарын бор­луулалттай холбоотой хөө­сөрсөн тоон өсөлт үү, үйлд­вэрлэл хөг­жиж, аж­лын байр нэмэгдэн ядуу­рал буурсан бодит чана­рын өсөлт үү гэдэгт дүн шин­жилгээ хийх шаард­ла­га­­тай. Үнэндээ эдийн зас­гийн энэ их өсөлт нь бай­галийн эрдэс баялгаа эц­сийн бүтээг­дэхүүн болгох­гүй­гээр түүхий эд хэлбэрээр нь гадагш ихээр худалдах болсонтой шууд холбоотой. Гэсэн хэрнээ гадаад худал­дааны тэнцэл нэмэх үзүү­лэлттэй гарч чадахгүй хэвээр л байгаа. Эндээс боловс­руу­лах үйлд­вэр дотооддоо бай­гуулан ашиглахгүйгээр сон­гуулиар гарахдаа ард түмэн­дээ өгсөн тооцоогүй “том амлалтууд”-аа биелүүлж, дараагийн сонгуульд дахин “ялах” бэлтгэлээ хангах явуургүй зорилгодоо хүрэ­хийн төлөө байгалийн баял­гаа шууд экспортод гаргаж, бусдын түүхий эдийн бэлт­гэн нийлүүлэгч болж байгаа, дийлэнх орд газраа гадны­ханд 100 хувь эзэмшүүлэн ашиглуулж байгаа, эрдэс баялгийг ашигласны да­раах байгалийн нөхөн сэр­гээлт хийхгүй байгаагаас учирч байгаа экологийн нөхөгдөшгүй гарз хохирол, “нинжа” хэмээх экологи болоод нийгэмд сөрөг үзэг­дэл болсон зүйлийг араасаа дагуулж байгаа зэрэг асууд­лыг орхин эдийн засгийн бодит үр өгөөж талаас нь нөхцөл байдлыг авч үзье. Газрын баялаг худалдсан орлого нэмэгдэхийн хэрээр эдийн засаг тоон үзүүлэл­тээрээ өсч байгаа боловч нөгөө талд нь бодит байдал­даа үйлдвэрлэл өссөн, байн­гын ажлын байр нэмэгдсэн, ядуурал буурсан зүйл тө­дийлөн алга. Асуудлын гол нь орж ирж байгаа орлогыг хэр үр дүнтэй зарцуулж байна, хөрөнгө оруулалт болгон ашиглаж чадаж бай­на уу гэдэгт оршиж байна. Засгийн газар уул уурхайн салбараас орж буй ашиг орлогыг эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруу­лалт хийн хөгжүү­лэхэд түлхүү ашиглахын оронд жилээс жилд төс­вийн тэлэлт хийж, иргэдэд бэлэн мөнгө тараа­гаад зог­сохгүй уул уурхайн сал­бараас ирээдүйд орж ирэх орлогыг зээл хэл­бэрээр түрүүлж аван үр ашиггүй зарцуулсаар бай­на. Сүү­лийн дөрөв хүрэх­гүй жи­лийн хугацаанд Монгол Улсын гадаад өр зээл эр­чимтэй нэмэгдэж, хэдий нь найман тэрбум ам.дол­лараас давлаа. Энэ их өр зээлийг юунд зарцуулсан бэ гэдэг асуулт зүй ёсоор ур­ган гарч байна. Нэг та­лаас үүнийг ард түмэн төр засгаасаа асууж, тай­лан тайлбар авах ч эрхтэй, нөгөө талаас төр засаг ч тайлагнах үүрэгтэй. Эдийн засгийн өсөлт гэж нэрлээд байгаа тэр тоон дүнгээс өр төлбөрөө хас­чихвал Монгол Улсын эдийн засаг өсч хөгжсөн зүйл огт харагдахгүй, харин ч урууд­сан дүн гарах нь тодорхой.

Б.ОЮУНБИЛЭГТ

Монголбанк Төв банкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны долдугаар сараас бодлогын хүү болгон зарласан. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүү өөрчлөгддөг . Тогтмол хүүтэй, арилжаалах хэмжээ нь хязгаарлалтгүй энэхүү үнэт цаасыг 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр Монголбанкнаас арилжаалдаг. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байсан. 2009 оны гуравдугаар сарын 9-ний өдөр мөнгөний бодлогын хүүг жилийн 14 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Харин 2009 оны 5, 6 болон 9 дүгээр сард Монголбанк бодлогын хүүгээ нийт гурван удаа бууруулж 10 хувьд хүргэсэн юм. Харин 2010 оны тавдугаар сард 11 хувь болгосон юм.  2015 оны 1-р сарын 15-нд Монгол Банк бодлогын хүүгээ 13 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай МБ ерөэхийлөгч Н.Золжаргал мэдэгдэл хийлээ. Орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувьд хэвээр хадгална хэмээв.

Д.Жамц

www.constitution.org

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP