- Агуулгын шошго

www.itoim.mn


Засгийн газар нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхийг эрүүл бодлого гэхгүй

Монголын банкны холбооны ерөнхийлөгч, эдийн засагч М.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бодит амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар илт багасч, олон компани цалингаа хугацаандаа тавьж чадахгүй, зарим нь цомхотгол хийж байна. Энийг эдийн засгийн хүндрэл нь хямрал болж гүнзгийрлээ гэж байна. Эдийн засагч хүний нүдээр харахад өнөөдөр үнэхээр хямрал нүүрэлчихсэн байна уу?

-Амьдрал дээр олон компани үйлдвэрлэл, борлуулалтаа бууруулж, ажилчдаа цомхотгож байгаа нь үнэн л дээ.Гэтэл онолоор яривал эдийн засаг уналттай байна гэж хэлэх боломжгүй. Учир нь олон улсын жишгээр бол хоёр улирал дараалан хасах үзүүлэлттэй буюу бууралттай гарах тохиолдолд эдийн засаг хямарч уналтад орлоо гэж үздэг. Энэ үүднээс статистик тоо харвал өнөөдөр манай эдийн засаг долоон хувийн өсөлтэй байгаа. Өсөлт үзүүлдэг салбаруудыг задалбал, гол нөлөө үзүүлдэг нүүрс, барилгын салбар уналттай яваа. Хөдөө аж ахуй, газар тариалан, худалдаа, зэс, газрын тосны олборлолт өсөлттэй байна. Эдгээр салбарын өсөлтийн дунжаар тооцож долоон хувь гэж гаргасан. Нийт эдийн засгийн долоон хувийн өсөлтийн таван нэгж хувийг уул уурхайн салбар эзэлж байгаагаас Оюутолгой, Эрднэнэт, Петроматад компанийн үйлдвэрлэл зонхилж нөлөөлж байна. Энэ гурван компани гадаадын хөрөнгө оруулалттай компани. Үлдсэн 1.8 нэгж хувийн өсөлт хөдөө аж ахуйд ногдож байгаа. Эдгээрээс бусад салбарт тодорхой хэмжээний өсөлт байгаа ч тэр нь улсын эдийн засагт нөлөө үзүүлэхээргүй байна гэсэн үг.

-Тэгээд долоон хувийн энэ өсөлт яагаад иргэдийн амьдралд эерэгээр мэдрэгдэж, гэрт нь орж, гарт нь баригдахгүй байна вэ ?

-Манай улс нийт эдийн засгийн өсөлтөө ДНБ-ий өсөлт гэдэг хэмжүүрээр тогтоодог. ДНБ-ий өсөлт дотор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гаднын хөрөнгө оруулалттай компаниудын бүтээгдэхүүний өсөлтийг ч тооцдог. Гэтэл гаднын эзэмшлийн компаниуд Монгол Улсад зөвхөн татвараа төлж, ногдол ашгаа эсвэл зээлийн төлбөрөө гадагшаа аваад гарчихдаг. Монголд үйлдвэрлэл явуулсан өсөлт нь цаасан дээр тэмдэглэл болж үлдээд, мөнгө нь гадагшаа гараад явчихдаг гэсэн үг. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалдахгүй байгаагийн шалтгаан ердөө л энэ. Зүй нь энгийнээр хэлбэл, мөнгө нь Монголдоо үлддэг, Монголдоо шингэдэг, Монголдоо эргэлддэг үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөө бодит өсөлт гэвэл илүү оновчтой юм. Тэр нь Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын өмчлөлтэй компаниудын бүтээгдэхүүнийг хэмждэг үзүүлэлт л дээ. Энэ тооцоог зайлшгүй гаргаж нийтэд тогтмол мэдээлдэг болох хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсын эдийн засгийн өсөлт бодитой болно, иргэдийнхээ бодит амьдралтай нийцсэн үзүүлэлт болно.Дотоодын компаниудын өмчлөлд байгаа үйлдвэр, үйлчилгээний газраас бий болгож байгаа нэмүү өртгийг хэмжсэнээр эдийн засгийн өсөлт иргэдэд наалдаж байгаа эсэх нь илүү тодорхой болно.

-Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, ам.долларын ханш чангарч бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Төв банк болон арилжааны банкуудын гадаад валютын нөөц шавхагдаж байгаа гэсэн мэдээлэл ч гарч байна. Банкуудтай ойрхон ажиллаж байгаагийн хувьд асуухад, манай улсын гадаад валютын нөөц хасах баланс руу орчихсон уу?

-Улсын гадаад валютын нөөц хэд байгааг Монголбанк мэдээлэх ёстой. Миний хувьд одоо яг хэд байгааг мэдэхгүй байна. Валютын нөөц эрс багасч байгаа нь бол ойлгомжтой байгаа. Манай улс валют олох үйлдвэрлэл явуулахгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа учраас багасахаас ч өөр яах билээ. Бид хамгийн амраар нь газраа ухаж ашигт малтмалаа урагшаа хойшоо гаргачихдаг байсан. Харин түүхий эдийн үнэ унахаар гадаад зах зээл руу борлуулах зүйлгүй болчихсон. Тэгсэн хэрнээ гаднаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, унадаг машинаа авсан хэвээр. Ингэж л гадаад худалдааны тэнцвэр алдагдсанаас болж валютын нөөц шавхагдаж байна. Дотоодынхоо үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлнэ гэж ярьдаг мөртлөө төсвөө тэлдэг. Гэтэл төсөв нь үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа шүү дээ. Үргүй зардал гаргадаг, санхүүжүүлсэн төслүүд нь үр ашиг муутай. Гэтэл богино болон дунд хугацаанд валютын орлого авчрах төсөл, үйлдвэрлэлийг дэмжсэн төсөл бараг алга. Үргэлж гал унтраах түр зуурын бодлого хэрэгжүүлж ирсний уршгаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж, эрсдэлтэй байдалд ороод байна.

        -Засгийн газар мөнгөгүй учраас арилжааны банкуудаас ам.долларын зээл авсан гэж сонссон. Энэ үнэн үү?

        -Засгийн газар Хөрөнгийн биржээр дамжуулж богино хугацааны бонд зарсан. Түүнийг арилжааны банкууд худалдаж авсан.

-100 тэрбум төгрөгтэй тэнцэх Засгийн газрын бонд гаргаснаас 10 тэрбумыг нь арилжаалсан гэж сонссон. Түүнийг нь арилжааны банкууд авсан юм уу?

-Тэгсэн. 15-16 хувийн өгөөжтэй гаргасан. Үүнийг бас зохимжгүй, эдийн засагтаа эерэг өгөөжгүй зүйл болсон гэж мэргэжилтний хувьд бодож байгаа. Засгийн газар нь банкны салбартайгаа, хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөхийг яавч эдийн засгийн эрүүл орчин, зөв шийдвэр гэхгүй. Төсвийн алдагдал, урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд банкуудад байгаа хадгаламжтай өрсөлдөж байна шүү дээ. Энэ нь хувийн хэвшлийнхнийг улам л боомилно.

-Хөрөнгийн биржийн зүгээс Засгийн газрын бондыг хаана ч байхгүй өгөөжтэй, эрсдэлгүй гэж тайлбарлаж байгаа шүү дээ. Таныхаар яагаад  зохимжгүй гэж?

-Хаана ч байхгүй өндөр өгөөжтэй гаргасан гэдэг нь үнэн. Гэхдээ бахархах зүйл биш. Харин ч аюулын дохио. Засгийн газар нь  өндөр үнэтэй хүү амалж хувийн хэвшилтэй уралдаж зах зээлээсээ мөнгө зээлж байна гэсэн үг шүү дээ.  Засгийн газар бонд гаргах нь ердийн үзэгдэл. Гэхдээ Засгийн газрын бонд хамгийн бага хүүтэй байх ёстой. Учир нь, Засгийн газрын бондыг хамгийн найдвартай, итгэлтэй санхүүгийн хэрэгсэл гэж үздэг нийтлэг жишиг дэлхийд тогтсон. Тиймээс хамгийн бага зардлаар зах зээлээс мөнгө зээлэх бүрэн боломжтой байдаг. Гэтэл бага зардлаар зээлэхгүй хамгийн өндөр зардлаар зээлж байгаа нь  Монгол Улсын төсөв ямар хүнд байдалд орсныг харуулж байгаа маш том дохио. Тэгэхээр бахархах зүйл огт биш байгаа биз дээ.

-Гэтэл дотооддоо бонд гаргаж мөнгө зээлэхээс өөр арга Засгийн газарт одоохондоо  байхгүй байгаа юм биш үү. Гаднаас мөнгө олох боломж Засгийн газарт байна уу?

-Мэдээж боломж хязгааргүй байгаа. Хамгийн гол нь шийдвэр гаргагчид гаргасан шийдвэрээ тогтвортой мөрддөг олон улсын нийтлэг жишгийг дагаж чадвал мөнгө дэлхий даяар хаа сайгүй байгаа. Итгэл даах чадвартай шийдвэр гаргах ёстой. Тэгж байж гаднаас мөнгө орж ирнэ. Монгол Улсын өөрийнх нь өгөгдөл асар том бололцоог агуулдаг. Гэтэл бид байгаа бодит оломжоо ашиглаж чадахгүй, дотроо хоорондоо үзэлцсэн “тамын тогооны үлгэр”-ээ л  үргэлжлүүлсээр байна.

-Улстөржилт, суудал хуваалт одоо бага зэрэг намжиж байх шиг байна?

-Намжаасай гэж бодож байна. Намжихгүй бол улс орон ангал руу унахад их ойрхон ирээд байна.

        -МАН засагт хамтарсан нь эдийн засаг болон хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч чадах болов уу. Учир нь, Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхэд Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хувьцаа өсч байсан шүү дээ?

        -Хамтарч ямар бодлого баримтлах вэ гэдгээс л хамаарна. Улс орныг хөгжүүлэхийн төлөө санаа нэгдэж нийтлэг эрх ашгаа хамгаалахаар хамтарч ажиллах болсон сайн хэрэг. Хоёр тийшээ хараад сууссанаас хамаагүй илүү. Харин цаашид ямар бодлого, ямар бодит алхам хийх хөтөлбөр чухал байна. Хөтөлбөр нь одоогоор тодорхойгүй байна даа. Хамтраад юу хийх гэж байгаагаа Засгийн газар ч, яах гэж, юу хийх гэж  засагт хамтарснаа МАН ч зарлаагүй байна л даа.

-Эдийн засгийн төлөвийг урьдчилан харах толь нь улсын нэгдсэн төсөв гэж ярьдаг. Ирэх оны төсвийг бүсээ чангалсан, зардлаа танасан гэж тодотгож байгаа ч орлого, зарлагын хэмжээг энэ оныхоос 17 хувиар өсгөж баталсан. Та ирэх оныг төсөв дээр ямар анализ хийж байгаа вэ?

-Өмнөх жилүүдэд төсвийн зарлагаа байнга өсгөж төлөвлөж байсан. Харин ирэх онд анх удаа бууруулсан. Энэ нь эдийн засгийн өсөлт саарч байгааг төсөвт хүлээн зөвшөөрсөн хэрэг. Энэ оны эхний арваннэгэн сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого 18 хувийн тасралтай явж байна. Үлдэж буй нэг сар хүрэхгүй хугацаанд энэ хандлага  хадгалагдана. Өөрөөр хэлбэл, оны эцэст төсвийн төлөвлөсөн орлого 20 орчим хувиар тасрана гэсэн үг. Ирэх онд эдийн засгийн өсөлт улам саарах учраас төсвийн зарлагыг өсгөж төлөвлөх ямар ч үндэслэл байхгүй болж байна. Тиймээс төсвийн орлогоо танахаас өөр арга зам байхгүй. Өнөөдрийн байдлаар төсвийн зардал ДНБ-д 35-40 гэсэн маш өндөр хувь эзэлж байна. Төсвийн зардал өсч байгаа нь  хувийн хэвшлийг хөгжүүлэхэд том саад болдог. Төрөөс бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа хамгийн том хэлбэр. Төсвөөс хамааралтай бизнес эдийн засагт давамгайлж буй үед төсвийн мөнгөөр бизнес хийх эрхийг хэдхэн том компани, эсвэл мэдээлэлд ойрхон байгаа хэсэг нь олж авдаг. Гэтэл бор зүрхээрээ ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид тендерт оролцож чадахгүй арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авах замаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнээ дотор нь ялгаварлаж, хоёр өөрөөр харилцдаг нөхцөл байдал бий болсон. Төсвөөс хувийн хэвшлийнхний бизнесийн  эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд шууд оролцож байгаа нь зах зээл дээр харилцан адилгүй, тэнцвэргүй байдал үүсгэж, өрсөлдөөнийг шударга бус болгодог гажуудал үүсгэж байна. Төрөөс хувийн хэвшлийг дэмжихдээ хөрөнгө оруулалтын урт хугацааны зээл олгох замаар дэмжвэлл олон улсын нийтлэг жишигт нийцнэ.

-Төсвийн орлого зарлагыг энэ оныхоос өсгөж баталсан учраас Төв банкны зүгээс мөнгөний бодлогоо чангатгахаас өөр аргагүй гэж байна. Тийм учраас бодлогын хүүгээ өсгөх байх. Ингэснээр иргэдийн арилжааны банкнаас авах зээлийн хүү ч дагаж өснө гэсэн. Ер нь төсөв, мөнгөний бодлогын уялдааг зөвхөн бодлогын хүүгээр зохицуулдаг энэ аргаа өөрчлөх болоогүй юу, өөр арга байхгүй юу?

-Төсөв томорч, эдийн засагт эзлэх хувь хэмжээ нь өсч, төсвийн алдагдал нэмэгдэж байгаа байдал зах зээлд шилжснээс хойшхи 25 жил үргэлжилж байна. Зах зээлд шилжихээс өмнө төсвийн алдагдлыг ЗХУ-ын тусламжаар нөхдөг байсан. Одоо ялгаа нь төсвийн алдагдлыг гадаад дотоодын бондын  зээлээр нөхөөд явж байна. Төсөв томорч алдагдал нь нэмэгдэхээр мөнгөний бодлогоороо зохицуулж бодлогын хүүг нэмдэг арга нь эцсийн дүндээ хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд хамгийн том саад болж байгаа. Учир нь, төсвөөс санхүүжиж байгаа төр, засгийн, яам тамгийн газар, агентлаг, нийтийн үйлчилгээний байгууллага, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэрэг, цагдаа, төвсийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээ энэ бүгд нь тэргүүн эгнээнд зогсч, харин жинхэнэ баялаг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийнхэн гадуурхагдаж, мөнгөний хязгаарлалтад ордог. Бодлогын хүүг өсгөсний хор уршиг ийм байдлаар илэрдэг. Улсын болон хувийн хэвшлийнхэн байгаа багахан мөнгөө цалин болгож, эргээд цалин нь хоол хүнс болдог. Гэтэл хоол хүнсээ ч, шатахуунаа ч урд, хойд хөршөөсөө авдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн олсон багахан орлогоо хоёр хөршийнхөө эдийн засгийг тэтгэхэд зориулсаар ирсэн. Тиймээс л манай улсын хөгжил дорвитой урагшлахгүй байна. Зүй нь улсын төсөв, алдагдлаа бага байлгаж мөнгөний бодлогын хүүгээ бууруулвал зээлийн хүү буурч дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ хөгжинө.

-Засгийн газар бүрдсэний дараа улсын төсөвт тодотгол хийнэ гэж ярьж байгаа. Юунд дээр анхаарч тодотгох шаардлага гэж үзэж байна вэ?

-Засгийн нүсэр бүтцийг цомхотгож багасгах хэрэгтэй. Үр ашиггүй, давхардсан олон яам, тамгын газарын агентлаг, хяналтын байгууллагууд байна. Монгол Улсын иргэний хэрэгцээг хангасан, эрэлт хэрэгцээнд нийцсэн төр засгийн үйлчилгээ л байна уу гэхээс бусдад саад тотгор болсон, үргүй зардал гаргасан ийм бүтэц байх шаардлагагүй. Үүнийг зоригтой халж өөрчлөх ёстой. Төсвийн багахан орлогодоо таарсан засгийн бүтэцтэй ажилладаг болох хэрэгтэй. Тийм цаг нь болсон. Олсон, олохдоо таарсан бүтцээр төрийн ажлыг хийдэг болохгүй хэрэгтэй. Олохоосоо хэд дахин ихийг зардаг төрийн данхар бүтэц одоо, ялангуяа эдийн засгийн хүндрэлийн энэ үед хэрэггүй.

-Ерөнхий сайд өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гаргах богино, дунд болон урт хугацаанд хийх ажлын жагсаалтыг гаргасан. Жишээ нь, энэ сард багтаан ОХУ-тай рублийн своп хэлцэл байгуулж, Оростой хийх гадаад худалдааг рублиэр хийдэг болно гэж үзэж байгаа. Хэрвээ ийм нөхцөл бүрдвэл нийт эдийн засагт ямар өөрчлөлт авчрах бол?

-Своп хэлцэл нь санхүүгийн салбарын эрсдэл, Засгийн газрын төлбөрийн чадварын хүндрэлийг  нэг хэсэгтээ намжаах арга хэрэгсэл мөн л дөө. Гэхдээ эрсдэл, өвчний суурь шалгааныг эдгээж чадахгүй. Рублиэр тооцож шатахуун авахын оронд бараа, бүтээгдэхүүн өгөх ёстой.  Эсвэл төгрөг. Өөрөөр хэлбэл, хүнээс юм авсныхаа хариуд буцаагаад юм өгөх зарчим үйлчилнэ. Тэгэхээр өгөх зүйлээ бод. Өгөх юмаа үйлдвэрлэх шаардлагатай. Эсвэл валютын орлогоо нэмэгдүүлж түүгээрээ төлбөр тооцоогоо хийх ёстой. Өнөөдөр своп хэлцэл хийж төлбөр тооцоогоо хийж байгаа юмшиг хэрнээ хэдэн жилийн дараа төлөх өр л нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр өрөө эргэж төлж чадах чадвартай эдийн засгаа маш түргэн босгох арга хэмжээг хамтарч авах ёстой.

- Оростой нэлээд нааштайгаар асуудлууд шийдэгдэж байна. Өмнө нь ярьж байсан гэрээ хэлэлцээр амьдрал дээр хэрэгжиж байна. Өнгөрсөн сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон нь сайн зүйл биз дээ?

-Тийм ээ. Мэдээж нааштай зүйлүүд бий. Визгүй зорчдог болсноор Монголын зах зээл бага ч гэсэн тэлэх боломжтой болж байна. ОХУ-аас жуулчид орж ирж байгаа нь Монгол Улс бүтээгдэхүүнээ зарах, борлуулах бололцоо бий болж байна гээд маш олон боломж нээгдэж байна. Үйлдвэрлэл өснө. Энэ нь нөгөө Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөд эергээр нөлөөлнө.

-Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгаа аврах хоёр толгой гэж зарим хүн ярих юм. Шийдлийн Засгийн газар эдгээр төсөл дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн ч хөрөнгө оруулагчид нааштай биш байх шиг байна. Ер нь хөрөнгө оруулалт татах боломж байна уу?

-Дахиад хэлэхэд боломж хязгааргүй.  Гол нь цаг хугацаа алдахгүй байх ёстой. Дэлхийн зах зээл дээр хөрөнгө мөнгө далай шиг их байна. Энэ их хөрөнгийг өөрийн улс руугаа оруулахын тулд дэлхийн даяар 200 улс өрсөлдөж байна шүү дээ. Энэ өрсөлдөөнд Монгол Улс бусдаас илүү найдвартай нөхцөл амалж, тохирсон хэлсэндээ байхгүй бол  хөрөнгө оруулалт татаж чадахгүй. Хоёрт, Тавантолгой, Оюутолгойг шидэт дэвүүр шиг бодож, бусад салбар, төсөл хөтөлбөрөө мартдаг. Энэ хоёр төсөл чухал боловч бусдыгаа мартаж болохгүй. Учир нь манай улсын амьдрал зөвхөн энэ хоёр төсөл дээр тогтохгүй. Амьдрал хамаагүй баялаг. Тиймээс бусад салбараа хөгжүүлж,  хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

-Эерэгээр харж үзье л дээ. Шийдлийн Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж, өмнөх ажлаа улстөржилгүйгээр шуурхай хийгээд явбал өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарч, иргэд нь цалингаараа амьдрах боломжтой юу?

-Ер нь манай улс дэлхий дээр байгаа цөөн хүн амтай жижиг орны нэг гэж их ярьдаг. Гэтэл дэлхий дээр манайхаас ч цөөн хүн амтай орон олон байна. Тэр орнуудын эдийн засаг манайхаас  тав, 10 дахин том. Учир нь жижиг улс үндэснүүдийн бодлого нь нэгдмэл байж чаддаг. Олон намтай ч  нийтлэг эрх ашгаа хамгаалахдаа нэг хүн шиг зогсч чаддаг бодлого явуулдаг. Тэгэхээр манай улсын шийдвэр гаргагчид ч нэгдмэл бодлого явуулах хууль эрх зүйн орчноо бий болгох хэрэгтэй байна. Өнөөгийн хууль эрх зүйн орчин, улс төр болон шийдвэр гаргаж байгаа бүтэц нь  тогтворгүй байдлыг бий болгох үндэс нь болоод байна уу гэж харж байгаа. Шийдвэр тогтворгүй байх эдийн засгийг хөгжүүлэх орчин тогтворгүй байх нөхцөлийг нь бүрдүүлсэн хууль эрх зүй, улс төрийн тогтолцоо байна. Үүнийг өөрчилж, гаргасан шийдвэртэй үнэнч явж чадвал Монгол Улс богино хугацаанд өндөр хөгжилтэй орон болж чадна.

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP