- Агуулгын шошго





 ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА (ДОӨБ)




УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА


I. Уралдаант шалгаруулалтын зорилго:

Техник, технологийн инноваци нь эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр хүч гэж өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн юм.  Шинэлэг технологи нь өдөр тутмын амьдралд бидний өмнө тулгарч байдаг техникийн бэрхшээлийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх боломжийг олгодог. Ийм технологийг “Appropriate Technology” (AT) буюу “Оновчтой технологи” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Технологийн инновацийг, түүнчлэн оновчтой технологийг бий болгоход патентийн баримт бичигт агуулагддаг мэдээллийг үндсэн эх сурвалж болгон ашигладаг. Шинэ технологийг боловсруулах боломжийг нэмэгдүүлэхийн тулд патентийн мэдээллийг системчилсэн байдлаар дүгнэн үзэж ашиглах хэрэгтэй байдаг.

 Энэхүү уралдаант шалгаруулалт нь өдөр тутмын амьдралд инновацийг бий болгохтой холбоотой нээлттэй өрсөлдөөн бөгөөд үндсэн зорилго нь бидний өмнө өдөр тутам тулгарч байдаг техникийн бэрхшээлтэй аливаа асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдлийг олохын тулд патентийн мэдээллийг ашиглаж сурахыг дэмжихэд оршино.

 Түүнчилэн олонтоо гарч байдаг техникийн бэрхшээлийг нэн ялангуяа манай орны нөхцөл байдалд тохируулан шийдвэрлэсэн инновациийн шийдлийг дэмжиж урамшуулна. Оролцогчид тодорхой нэг асуудлыг тодорхойлж оновчтой технологийг олох явцад патентийн мэдээллийг судлах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл шийдлийг бодож олохдоо патентийн мэдээллийг ашиглах нь энэ уралдааны үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм.

 Энэхүү уралдаант шалгаруулалтыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагч нь Монгол Улсын Оюуны өмчийн газар, дэмжигч байгууллага нь БНСУ-ын Оюуны өмчийн газар байна. Монгол Улсад зохион байгуулж байгаа уг уралдаанд Монгол Улсын иргэн болон байнгын оршин суугч оролцох эрхтэй юм.

II. Оролцогч байгууллагууд ба ажил үүргийн хуваарилалт:

Энэхүү уралдааныг дараах оролцогч байгууллагууд хамтран зохион байгуулна:

                     1) Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага
                         World Intellectual Property Organization (WIPO)
                         34, Chemin des Colombettes
                         P.O. Box 18
                         CH-1211 Geneva 20, Switzerland
                         www.wipo.int
                     2) Монгол Улсын Оюуны Өмчийн Газар (МУОӨГ)
                          Бага тойруу-49,
                          Улаанбаатар-46, Монгол Улс
                          www.ipom.mn                       

 МУОӨГ нь тус уралдааныг хамтран зохион байгуулах бөгөөд логистикийн ба техникийн дэмжлэгийг үзүүлнэ. Түүнчилэн, МУОӨГ нь хамтран зохион байгуулагчийн хувьд уралдаанд хамаарах шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд уралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авах, патентийн мэдээллийг ашиглах боломж олгох, уралдааны үеэр оролцогчдод туслалцаа үзүүлнэ.

                     3) БНСУ-ын Оюуны Өмчийн Газар (БНСУОӨГ)
                         The Korean Intellectual Property Office (KIPO)
                         Government Complex-Daejeon
                         139 Seonsa-ro
                         Seo-gu, Daejeon
                         Korea (302-701)
                         www.kipo.go.kr

 Уралдаан явуулах дүрэм, журмыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, МУ-ын Оюуны Өмчийн Газар, БНСУ-ын Оюуны Өмчийн Газраас боловсруулсан болно.

III. Уралдааны явц.

1. Уралдааны хуваарь.

2014 оны 4 сарын 1-25:  Олон нийтэд зар түгээх

2014 оны 5 сарын 15:  Оролцогчдод зориулсан “Патентийн мэдээллийг ашиглах” сэдэвт чиглүүлэх сургалт

2014 оны 9 сарын 15:  Уралдаанд оролцох материал хүлээн авах сүүлийн хугацаа

2014 оны 11 сарын 5-7:   Аман танилцуулга ба сургалт


2. Уралдаанд оролцоход тавигдах шаардлага.

Уралдаанд Монгол улсын иргэд болон байнгын оршин суугчид оролцох эрхтэй. Дараах хүмүүсийг уралдаанд оролцохыг уриалж байна:

          -оюутан

          -судлаач

          -зохион бүтээгч (оролцогчид уралдаанд дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой)

3. Чиглүүлэх сургалт.

Уралдаанд оролцох сонирхол бүхий хүмүүст зориулан бүтэн нэг өдрийн “Патентийн мэдээллийн чиглүүлэх сургалт” зохион байгуулж дэлгэрэнгүй удирдамж өгнө. Сургалтыг дараах сэдвээр явуулна:

          -патентийн мэдээлэл гэж юу вэ? (ил болгосон техникийн мэдээлэл, эрх зүйн мэдээлэл, бизнесийн мэдээлэл, ишлэл)

          -патентийн мэдээллийг хаанаас олж болох вэ? (үнэ төлбөргүй мэдээллийн сан)

          -тухайн техникийн талаарх мэдээллийг хэрхэн хайх вэ? (үндсэн зүйлийг тогтоох, түүнийг хайлтын асуулгад оруулах, хайлтын асуулгыг оновчтой тодорхойлох)

          -олж авсан патентийн мэдээллийг хэрхэн ашиглаж болох вэ?

          -патентийн баримт бичигт агуулсан техникийн мэдээллийг хэрхэн уншиж ойлгох вэ?

4. Уралдаанд оролцох материал ирүүлэх.

Оролцогчдоос дараахь зүйлийг шаардана:

               - Өөрийн эргэн тойронд байгаа техникийн бэрхшээлийг илрүүлж шийдлийг нь сэдэж олох;    

               - Техникийн шийдлийг гаргахад патентийн мэдээллийг ашиглаж түүнд иш татна.

Уралдаанд оролцох материалыг хавсралтад буй стандарт загварын дагуу ирүүлнэ. Оролцогчид өөрийн материалыг дугтуйнд хийж битүүмжлэн нэр, холбоо барих утас, цахим хаягаа тэмдэглэж ОӨГ-т хүргүүлнэ. Тогтоосон хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй.

5. Дүгнэх ба сонгон шалгаруулах.

Уралдаанд оролцох материалыг 2 үе шаттайгаар дүгнэнэ. Эхний үе шатанд оролцогчдоос бичгээр ирүүлсэн материалыг дүгнэж үүнээс 10 хүртэлх материалыг дараагийн шатны шалгаруулалтад оруулна. Хоёр дахь үе шатанд оролцогчдын аман танилцуулгыг дүгнэн тэргүүний 3 материалыг шалгаруулна.

1) Эхний шалгаруулалт

Ирүүлсэн бүх материалтай танилцаж 10 хүртэлх материалыг дараагийн шатанд сонгон шалгаруулна.

Эхний шалгаруулалтын дүнг сонгон шалгаруулах комиссийн гишүүдэд аман танилцуулга хийгдэхээс өмнө танилцуулна (дэлгэрэнгүйг доороос үзнэ үү).

Материал бүрийг дүгнэхдээ техникийн бэрхшээлийг хэрхэн судалж дүн шинжилгээ хийсэн (20%), инновацийн түвшин (30%), практикт ашиглагдах боломж (30%) болон патентийн мэдээллийг ашигласан байдал (20%) зэргийг авч үзнэ.

2) Эхний шалгаруулалтад тэнцсэн материалыг дүгнэх

Эхний шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг МУОӨГ-аас эрх зүйн болон техникийн зөвлөгөөгөө, түүнчлэн патентийн мэдээллийн эх сурвалжийг ашиглах удирдамж өгнө.  Ингэснээр оролцогчид шалгаруулалтад ирүүлсэн өөрсдийн материалыг сайжруулж аман танилцуулгад бэлтгэх боломжоо нэмэгдүүлнэ.

Шалгаруулалтад оролцогчид өөрсдийн эцсийн материалыг патентийн мэдээллийн талаарх зэрэг удирдамжийн дагуу бэлтгэн тогтоосон хугацаанд ирүүлнэ.

Оролцогч бүр ашигласан патентийн мэдээллийн холбоосыг заан хэрхэн ашигласан, хир үр ашигтай байсан тухай танилцуулна.

Эцсийн шалгаруулалтад оролцогч тус бүрт /багаар бол багийн нэг оролцогчид/ аман танилцуулгад бэлтгэх ажилд зориулан 100 ам. долларыг өгөх болно.

Оролцогчид өөрийн ирүүлсэн материалд үндэслэн аман танилцуулгыг бэлтгэнэ.

Оролцогч тус бүр өөрийн танилцуулгыг 15-20 минутанд багтаан хийх бөгөөд үүний дараагаар асуулт, хариултын хэсэг болно.

Тэргүүлсэн 3 материалыг аман танилцуулгын төгсгөлд зарлана.

Сонгох шалгаруулах комиссийн бүрэлдэхүүн нь 8 хүнээс бүрдэх бөгөөд үүнд патент, оновчтой технологийн асуудлаар мэргэшсэн хүмүүс болон бизнес төлөвлөлтийн мэргэжилтнүүд байна. Эцсийн шалгаруулалтын материалыг дүгнэхдээ мөн л бэрхшээлтэй асуудлын дүн шинжилгээ (20%), инновацийн түвшин (20%), практикт ашиглагдах боломж (40%) болон патентийн мэдээллийг ашигласан байдал (20%) зэргийг авч үзнэ.

6. Шагнал.

Эхний шалгаруулатад тэнцсэн оролцогчдод:

                 - ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ гардуулна

Эцсийн шалгарууллатын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод:

                 - ДОӨБ-ын медаль,

                 -  мөнгөн шагнал (US$1,250 – 1 дүгээр байр; US$750 – 2 дугаар байр; ба US$500 – 3 дугаар байр) гардуулж

                 -  ДОӨБ-ын дараах зайны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрх олгоно

                                 • DL 301 Patents
                                 • DL 318 Patent Information Search
                                 • DL 320 Basics of Patent Drafting

Шаардлага хангасан материал үгүй байх тохиолдолд шагнал олгохгүй байх эрх сонгон шалгаруулах комисст хадгалагдана.

7. Төгсгөлийн сургалт.

Аман танилцуулгын дараа оновчтой технологийг боловсруулах болон тэдгээрийг зах зээлийн эргэлтэд оруулах чиглэлээр нэг өдрийн сургалтыг зохион байгуулна. Оролцогчид ирээдүйтэй болон хэрэгтэй шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой болно.


IV. Холбогдох дүрэм.

1. Оюуны өмчийн асуудал:

 1) Өмчлөл.

Оролцогчид өөрийн шинэ бүтээлийн хувьд үндэсний хууль тогтоомжоор олгогдсон бүх эрхийг эдлэнэ.

2) Нууцлал болон нууцыг задлахгүй байх тохиролцоо.

Уг уралдааныг зохион байгуулахад оролцогч талууд, ялангуяа МУОӨГ, ДОӨБ болон сонгон шалгаруулах комиссын гишүүд нууцлал болон нууцыг задлахгүй байх тохиролцооны дагуу нууцыг хадгалах үүрэг хүлээнэ.


3) Шинэ бүтээлийг хамгаалах.

Оролцогчид өөрсдийн шинэ бүтээлийг үндэсний хууль тогтоомжийн дагуу хамгаалуулах арга хэмжээ авах асуудлыг хариуцна.

4) Зөрчил.

Патентийн тогтолцооны хүрээнд технологийн тухай мэдээллийг нийтэд түгээн дэлгэрүүлж бусдад шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх боломжийг олгодог тул оролцогчдын энэхүү боломжийг ашиглахыг бүрэн дэмжиж байгаа.  Хэдий тийм боловч судалгаа хийхдээ патентийн тогтолцооны хуулийг чанд сахиж патент эзэмшигчийн эрхийг хүндэтгэх шаардлагатай. Тиймээс патентаар хамгаалсан шинэ бүтээлийг ашиглахаар төлөвлөж байгаа тохиолдолд холбогдох зөвлөгөө авахыг уриалж байна.

2. Уралдаанд ирүүлсэн материалыг буцаах.

Оролцогчдод уралдаанд ирүүлсэн материалын хувийг өөртөө авч үлдэхийг зөвлөж байна. Уралдаанд ирүүлсэн материалын эх хувь болон цахим хэлбэрээр ирүүлсэн хувийн алийг нь ч буцаан олгохгүй.

Уралдааны дараа ямар ч материалыг буцаан олгохгүйг дахин анхаарна уу. Уралдаан дууссаны дараа бүх материалыг устгах болно.

3. Дүрэмд захирагдах.

Оролцогчийн уралдаанд оролцож байгааг дүрмийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4. Давуу болон халдашгүй эрх.

Энд болон үүнтэй холоотой аливаа мэдээлэлд тусгасан аливаа заалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1947 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Төрөлжсөн байгууллагуудын давуу эрх болон дархан байдлын талаарх Конвенцийн дагуу ДОӨБ-ын эдлэх давуу болон халдашгүй эрх, түүнчилэн Швейцарийн Холбооны зөвлөл, ДОӨБ-ын хооронд 1970 оны 12 дугаар сарын 9-нд байгуулсан ДОӨБ-ын эрх зүйн байдлыг тодорхойлсон хэлэлцээр болон мөн өдөр батлагдсан уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх Журамд заасныг хөндөхгүй.

5. Арбитрын шүүх.

Энэ уралдаан болон түүнтэй холбоотойгоор үүссэн аливаа маргаан, гомдол эсхүл шүүхийн заргыг эвээр шийдвэрлэснээс бусад тохиолдолд НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн  комисс (UNCITRAL)-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй арбитрын шүүхийн дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Томилох эрх бүхий албан тушаалтан нь Гааг дахь Байнгын ажиллагаатай арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга байна.
Нэг арбитрын шүүгчийг томилно.
Арбитрын шүүхийн үйл ажиллагааг явуулах газар нь Швейцарь улсын Женев хот байна.
Арбитрын үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэл нь англи хэл байна.
Маргааныг Швейцарийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

***

Хавсралт 1. [Уралдаанд ирүүлэх материалын стандарт загвар]


Уралдаанд ирүүлэх материалын тодорхойлолт

1. Нэр:

2. Техникийн салбар:

3. Суурь технологийн мэдээлэл:

4. Хураангуй:
            -Техникийн бэрхшээл
            -Шийдэл
            -Санал болгож байгаа шинэ бүтээлийн давуу тал, үр нөлөө

5.  Шинэ бүтээлийн тодорхойлолт:

6. Үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой байдал:

7. Ишлэлийн жагсаалт:
           -Патентийн баримт бичиг
           -Патентийн бус баримт бичиг

8. Зураг:


Хавсралт 2.  [Үнэлгээний тайлан]


ДОӨБ-д гаргах үнэлгээний тайлан ба сонгон шалгаруулах комисс

1. Оролцогч:

2. Тайлангийн хураангуй:

3. Ирүүлсэн бүтээлийн үндсэн онцлог:

4. Дэлгэрэнгүй үнэлгээ ба тайлбар:

                 -“Бэрхшээлийн дүн шинжилгээ” (20%)

                 -“Инновацийн түвшин” (30%)

                 -“Практикт хэрэгжүүлэх байдал” (30%)

                 -“Патентийн мэдээллийн ашиглалт” (20%)



Хавсралт 3.  [Аман танилцуулгын стандарт загвар]


“Инновацийн шийдэл - бидний амьдралд” аман танилцуулга

1. Дэвшүүлж буй асуудлын мөн чанар, цар хүрээ

2. Ашигласан техникийн шийдэл

3. Техникийн шийдлийг сэдэж олсон явц, ялангуяа техникийн асуудлыг шийдвэрлэх болон шийдлийг олоход патентийн мэдээллийг хэрхэн, ямар хэмжээнд ашигласан зэргийг тайлбарлана.

4. Практик хэрэглээ ба хүлээгдэж буй үр дүн

Хавсралт 4.  Аман танилцуулгын үнэлгээний хуудас


Аман танилцуулгын үнэлгээ:

1. Оролцогч:

2. Шүүгч:

3. Дэлгэрэнгүй үнэлгээ ба тайлбар:

                  -“Бэрхшээлийн дүн шинжилгээ” (20%)

                  -“Инновацийн түвшин” (20%)

                  -“Практикт хэрэглэх боломжтой байдал” (40%)

                  -“Патентийн мэдээллийн ашиглалт” (20%)

4. Үнэлгээний хураангуй:

5. Тайлбар:

 

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP